ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Тэрбээр тухайн үед МҮОНТВ–ийн шууд ярилцлагад орж, таван телевизийн сэтгүүлчийн асуултад хариулж байжээ.
Түрүүч нь
–Улс төрийн соёлын тухай та яриад өнгөрлөө. Парламент дахь тэнцвэртэй байдлын тухай, улстөрчдийн ёс зүйн талаар юу хэлэхийг хүсч байна вэ?
-Хуулийг нь чангалж өгөх ёстой. УИХ өөрсдийнхөө хариуцлага, соёлын тухай заалтуудыг хуульд оруулахдаа тун хойрго. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол яах вэ гэдэг асуудал Үндсэн хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар
байхгүй
болж хувирсан. Та нар намайг мэднэ. Би дээрээ долоон ахтай, айлын найм дахь хүүхэд. Хэрэв манай гэрт аав, ээж ёс журмыг тус тусад нь хэрэгжүүлсэн бол хамгийн бага нь гэдэг утгаараа би хохирох байсан байх. Гэвч тийм байгаагүй. Гэр бүлийн бүх гишүүд
ижил тэгш эрхтэй байсан. Аав, ээж хүүхдүүдтэйгээ ижил тэгш харьцдаг. Алдаа гаргавал адилхан шийтгэдэг байлаа.
Намайг
1994 онд хууль зөрчсөн гэдэг асуудлаар
хууль хяналтын байгууллагаас шалгаж байлаа. Тэгэхэд
тэр өдрөө би УИХ-ын дарга Н.Багабандид өргөдөл өгч
“Намайг хуулийн байгууллагаас шалгана гэсэн. УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэсэн. МАХН-ынхан үдээс хойш хуралдаад маш баяртайгаар намайг
чөлөөлөөд
явуулж байлаа. Маргааш нь би байцаалтад орж, 30 минут үг хэлээд л нэр төрөө цагаатгаад гарч ирсэн. Ер нь ямар ч даргыг хуулийн байгууллага дуудахад хувцсаа өмсөөд яваад оч. Тэгэхгүй “Би очихгүй” гээд яваад байвал өөрийгөө тойрсон харуулуудын тоог улам нэмэгдүүлээд байна шүү дээ. Эцэст нь хуулийн байгууллага араас чинь очно. Улс төрийн өндөр албан тушаалтнууд энэ тал дээр
соёлтой,
зөв хандах хэрэгтэй.
–Одоогийн УИХ, Засгийн газартай хэр хамтарч ажиллаж байгаа вэ. Та их олон хууль санаачилдаг боловч, зарим нь хэтэрхий удаад байгаа юм шиг санагддаг. Түүний нэг нь Ашигт малтмалын тухай хууль…
-Ерөнхий сайд байхад цуглаан жагсаал их болдог байлаа.
Одоо харин тайван болчихсон байна. Тэр үед газар нутгийн 46 хувийг лицензээр өгчихлөө гэдэг шүүмжлэл явдаг
байсан.
Үүнийг бодсоор байгаад Ерөнхийлөгч болохдоо хайгуулын лицензийг зогсооё гэсэн юм. Лиценз олгох хугацааг зогсоох шийдвэрийг гурван удаа сунгаж байна шүү дээ. Хамгийн сүүлд энэ хугацааг нэг мөр Ашигт малтмалын хууль гартал сунгая гэсэн боловч УИХ хэлэлцээд энэ оны арванхоёрудаар сарын
31-нийг хүртэл сунгасан. Би сая дээрх хугацааг Ашигт малтмалын хууль гартал сунгая гэлээ. Хамгийн гол нь лиценз
гэдэг хуудас цаасаар өөр хоорондоо мөнгө угаагаад байгаа явдлыг зогсоох ёстой. Лицензийг дагаад ямар ч ажлын байр алга, хөрөнгө оруулалт алга. Лицензийг гадаад руу гаргаж, баахан мөнгө угааж байна. Ашигт малтмалын хууль маш том хууль байгаа. Үүнийг дагаад Газрын хэвлийн тухай багц хууль яригдаж байна. Үүнтэй ноцолдсоор байгаад гурав, дөрвөн хуулийн төсөл оруулж ирж байна. Энэ төслүүдийг
вэб сайт дээр тавьчихсан байгаа. Хүмүүс үүнийг тойроод хэлэлцэг. Тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх гэж байгаа бол ард иргэдээс нь асуу. Иргэд эсэргүүцвэл хайгуулаа зогсоодог байх ёстой. Дээрээс нь хайгуул хийхийнхээ өмнө тэр суманд ямар ашиг өгөх юм, байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй байх юм гэдэг бүх тооцоо төлөвлөгөөгөө гаргасан байх ёстой. Энэ сургамжаар л явуулах гэж байна.
–Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар асууя. Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ төслийг хэлэлцээд унагалаа. Сэтгүүлч хүнийхээ хувьд энэ хуульд хэр анхаарсан бэ?
-Энэ хуулийг унасан гэж бодохгүй байна. Зүгээр хойшилсон болов уу. Энэ хуульд маш их анхаарал тавьсан.
Аль болох хэвлэлийн эрх чөлөөний байдлыг нь баталгаажуулж өгье. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой Эрүүгийн хуульд заасан хоёр заалтыг хүчингүй болгоё. Тэглээ гээд сэтгүүлчид дураараа авирлаж болохгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө ёс зүйн дүрэмтэй, түүнийг хариусан байгууллага нь алдаагаа залруулдаг болох хэрэгтэй. Сэтгүүлчийг заавал эрүүдэн шүүх хэрэггүй. Бусад оронд ийм л жишиг үйлчилдэг юм билээ. Ер нь төр эрхээ өгсөн шиг өгөөд үзэх хэрэгтэй. Тэгээд хариуцлагыг нь үүрүүлээд явъя гэж байгаа.
–Хариуцлагатай уул уурхайг судлах зорилгоор улстөрчид гадны улс орноор явдаг байлаа. Энэ хүмүүс өнөөдөр туршлагаа хаана хэрэгжүүлээд байна вэ?
-Оюу толгой үнэхээр том компани. Гэхдээ хувь хэмжээ ярьж
хөрөнгө
оруулагчдыг
үргээж байснаас тэднийг Ханбогд сумынхантай хэл амыг нь ололцуулъя. Цогтцэций сумынхантай хэл амаа ололц. Дараа нь Монголын нийгэмтэй хэл амаа ололц л доо. Юу хийх гээд байгаа юм. Монголын говьд урсч байгаа тэр ганц голыг хааж газар
ухах гээд байх шаардлага алга. Баялгийг нь ашиглавал ашигла. Гэхдээ байгаль орчноо нөхөн сэргээгээд, хот улсыг нь хөгжүүлээд өг. Үүнийг л бид хүсч байгаа. Ингэж байж л бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ.
Санхүүгийн
тал дээр тэртэй тэргүй Монгол төрд мэдэл байхгүй шүү дээ. Харин хийж байгаа ажлыг нь хянаад шаардлага тавиад сууж байх ёстой. Оюу толгойгоос шаардах ёстой зүйлээ жагсаачихаад шаардаад сууж байя. Оюу толгойн зөвлөлийнхнийг, ахмадуудаа, Засгийн газрынхныгаа
суулгаад
бүгдээрээ
ярилцъя.
Хоёр гурван өдөр байсан ч хамаагүй бүх юмаа ярья. Үнэхээр дэлхийд гуравт орох том төсөл юм бол хамаагүй, бүгдээрээ буруу зөвийг нь
ярья.
–Хойд аавдаа зодуулсан долоон настай хүүхдийн тухай нэг хэсэг яригдлаа. Таныг олон хүүхэдтэй болохоор өргөөд авчихдаггүй юм байх даа гэж ч ярьж байсан?
-Тэр хүүгийн тухай сонсолгүй яахав.
Манайх
21 хүүхэд өргөж авсан.
Өөрийнхөө
хүүхдүүдийг
нэмэхээр
25 хүүхэдтэй.
Яагаад ийм олон хүүхэд өргөж авсан бэ гэхээр би өөрөө олон хүүхэдтэй айлд өссөн болохоор олуулаа байя гэж боддог. Манай хоёр дахь хүүхэд 1989 онд төрж, гурав дахь нь 1999 онд гарсан. Энэ хооронд арван жил завсардсан байсан. Хувьсгал хийж явсан болохоор завгүй байж л дээ. Тэгээд гэнэт харсан чинь нэлээд хөгширчихсөн байлаа. Тиймээс олон хүүхэдтэй болох боломжгүй болчихсон байсан. Ингээд л хүүхэд өргөж авъя гэж шийдсэн. Тиймээс асрах газрын нэг ангийг аваад тохижуулж өгсөн. Хүүхдүүд өсөөд асрах газрынхаа сургуульд явтал их хэцүү болсон л доо. Тэгэхээр нь
хүүхдүүдийг өөр дээрээ аваад аав, ээжтэй нь холбогдсон. Ингээд есөн айлыг хашаа гэртэй болгоод
хүүхдүүдийг
нь буцааж өгсөн. Харин үнэхээр гэр оронгүй, гудамжинд байсан, аав, ээжгүй хүүхдүүд нь бидэнд үлдсэн. Үүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ.
Хоёр жилийн өмнө ч хоёр хүүхэд өргөж авлаа. Эхлээд нэг их олон бужигнасан хүүхэдтэй санагддаг байлаа. Гаднаас ирсэн хүмүүс ч “Яаж байдаг байна аа” гэж боддог байсан байх. Гэтэл хүүхдүүд өсөөд ирэхээр ямар ч дарамтгүй болдог юм байна. Нэг компани ирээд жилийнх нь сүүг өгчихдөг. Нэг компани хүүхдүүдийг чинь зөөдөг автобус өгье гэдэг. Тэр долоон настай хүүхдийг эмээ нь авсан байна лээ. Би боддог. Ер нь аятайхан амьдарч байгаа хүмүүс дор хаяж хоёр хүүхэд өргөж аваад амьдралд зөв хөл тавихад нь тусалдаг байгаасай гэж.
–Та хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг уу?
-Хамтдаа л байна шүү дээ. 11 охин, бусад нь банди шүү дээ.
–Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?
-Бүгдэд нь өөр өөр нэр өгсөн.
Аминаа,
Сүминаа
гэх зэргээр нэр өгсөн байдаг.
–Хүүхдүүдийнхээ гутлыг зэрэгцүүлээд тавьчихсан зургаа интернэтэд тавьчихсан байсныг харсан…
-Ам халсан учраас нэлээд ярьчихлаа. Ер нь бол манай гэр бүлийн хүн бид хоёр энэ тухайгаа гадуур нэг их ярьдаггүй. Зүгээр л бид ажлаа хийж байгаа шүү дээ. Хүнд тус хүргэлээ
гээд яриад байх дургүй. Телевизийнхэн манайд очоод зураг авъя л гэдэг юм. Сая твиттер дээр хүүхдүүдийнхээ гутлынх нь зургийг тавьсан юм.
Хүмүүс гайхаж байна лээ.
Хорин хэдэн хүүхдийн гутлыг зэрэгцүүлээд тавихаар 40- өөд гутал болно биз дээ.
–Хүүхдийг гадныхан их өргөж авдаг юм билээ. Энэ нь их асуудал болох юм…
-Бид гадагшаа хүүхдээ үрчлүүлмээргүй байгаа юм. Манай мөнгөтэй хүмүүс морь худалдаж аваад байх юм. Харин асрамжийн газрын нэг ангийг аваад тэр хүүхдүүдийг 20 нас хүртэл нь анхааралдаа авчихад болохгүй юм байхгүй. Тэр бол аз жаргал болно шүү. Манайх чинь орой гэртээ “Тэр тавын шүд уналаа, тэр гахайн хавдар туслаа,
эмнэлэгт
хэвтлээ,
тэр муу дүн авлаа, тэр хальтирч уналаа” гээд л яриад бужигналдаж гарна шүү дээ.
Зовлонтой амьдралд төрсөн хүүхдүүд учраас суурь өвчинтэй байх
зэрэг асуудал гардаг л юм. Гэхдээ хүүхдүүд өсөөд сайхан л болдог юм билээ.
–Есүгэний өдрийг та гаргасан. Ер нь ард түмний өдөр гэж байдаггүй. Тэгэхээр энэ сайхан зүйл болсон л доо?
-Ийм
зүйл дээр үнэлэмжийн тухай ярих ёстой.
Хүний амь нас хохирлоо гэхэд нэг байгууллага хохирлыг нь үнэлээд дуусдаг.
Гэтэл төрийн байгууллага яадаг ч үгүй хоцордог. Гэтэл аюулгүй байдлыг хянадаг төрийн байгууллагын ажил хангалтгүй байна. Төр эхлээд өөрийгөө засах ёстой. Юм хийж байгаа хүмүүс рүү дайраад өмч рүү нь халдаад байхаа урьтал болгомооргүй байна. Гэр бүлийн сэдэв рүү орох гэсэн юм. Хүн ямар нөхцөлд аз жаргалтай байх вэ. Эхлээд хүүхэдтэй болох нь аз жаргал. Дараа нь тодорхой хэмжээний орлоготой байх хэрэгтэй. Тийм учраас хүүхдийн мөнгийг бий болгож байна. Цалинтай оюутан хариуцлагатай байна гэдэг үүднээс оюутны цалинг бий болгож байна. Боловсрол руу оруулах хөрөнгө оруулалтаа сайн зарцуулах
хэрэгтэй
байна. Сая ахмадуудын асуудлыг аятайхан шийдчихлээ. 1990 оноос ажилласан жил тасарсан хүмүүсийн асуудлыг шийдэж, нийгмийн даатгалыг нөхөн тооцдог боллоо. Хүүхэд нь мөнгөтэй, оюутан нь цалинтай, ахмад нь тэтгэвэртэй. Гай таараад хүүхэд нь хэрэг төвөгт орвол тэр нь шударгаар шийдэгдчихдэг, заавал нэг орон шоронд оруулаад байхгүйгээр шийтгэдэг ийм л шударга нийгмийг бүтээхийн төлөө бид ажиллаж байна.
Аливаа гэм буруутныг Ерөнхийлөгч өөрийнхөө хүслээр шоронд хийгээд байгаа юм биш. Зүгээр л хуульд тэгээд биччихсэн байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хатуухан үзье. Харин санамсаргүй үйлдсэн гэмт хэргийг заавал шоронд оруулах хэлбэрээр шийтгэдэг байхаа больё. Ядуу хүний хүүхэд, баян тарган, дарга нарын хүүхэд ч гэм хийсэн л
бол адилхан шийтгүүлдэг зарчим руу шилжье гэж байгаа юм. Энэ л ажлыг хийх гэж бид гарч ирсэн юм.
–Ирэх зургадугаар сард монголчууд бид Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг сая баталлаа. Та сонгуульд нэр дэвших үү?
-Би цэргийн үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Тэгэхээр нэг талаар сургуулийн сурагчтай адил. Хичээлийн даалгавраа сайн хийгээд явах ёстой. Түүнээс биш сонгууль хэзээ болох бол, түүнд
дэвших үү, үгүй юу гэдгээ цаг хугацаанд нь шийдэх байх. Надад дүн тавьдаг дарга нар бол ард түмэн. Ерөнхийлөгч болоод хийе гэвэл ажил зөндөө байна. Нөгөө талд жирийн иргэн байгаад гэр бүл, байгаль орчинд тус хүргэх ажил ч их байна. Зүгээр л хийх ёстой ажлаа сайн хийгээд ард иргэдэд тулгамдаж байгаа зүйл олон байна. Төмөр зам салбайгаад уналаа. Төмөр замаасаа болж Монголын эдийн засаг нурах гээд байна. Улаанбаатар хотод цахилгаан станц барилаа гэхэд нүүрсээ яаж оруулж ирэх нь асуудал болчихсон байна. ОХУ-д яваад байгаа вагоны дундаж хурд 67 км цаг байна. Гэтэл манай вагоны хурд
37 км цаг байна. Бидний ахмад үе их зүйл хийжээ, хөөрхий. Гэтэл одоо
тэр бүх зүйлийн эдэлгээ, цаг хугацаа нь дуусчихаж.
Сууриар
нь өөрчлөх цаг болчихжээ. Монголчууд бүтээн байгуулалт хийх гэхээр өр тавиад байна. Тэгэхээр бусадтай
хамтраад
нэг ам.доллараа өсгөөд цаашаа явах юмсан гэж бодож байна.
–Та Ерөнхийлөгч болсон анхны шинэ оныг архигүйгээр тэмдэглэн өнгөрүүлье гээд сүү өргөж байлаа. Энэ уриалга нэлээд үр дүнгээ өгсөн шинжтэй харагдаж байна…
-Айлын өрхийн тэргүүн гэр бүлийн гишүүд,
ард иргэдээсээ гарч байгаа сайн саналыг хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй. Үнэндээ архитай холбоотой зүйл миний амлалтад байгаагүй.
Энэ талаар хууль, зарлиг гаргасан юм байхгүй. Зүгээр л бид ярьж байгаад архи гэдэг юм үнэхээр хэтэрлээ, энэ буруу соёл боллоо. Айлд очиход архиар дайлдаг, архиар бэлэг барьдаг боллоо. Үүнийг өөрчилье гэсэн үүднээс уриалга гаргасан. Эхэндээ хүмүүс жаахан жиг жуг гэж ярьж байгаад сүүлдээ хурим найраа архигүй хийдэг болжээ. Үүнээс болж хүлээн авалтын зардал хоёр дахин хэмнэгдсэн гэнэ лээ.
Хүлээн авалтын цаг ч тавин хувиар богиноссон гэсэн.
Архи уугаад л согтоод
шүлсээ гоожуулаад сунжраад суухаа больсон. Идэх уух юмаа уугаад баярын бичгээ солилцоод гараад явдаг болсон байхгүй юу. Архинаас хамгийн их хохирдог хүмүүс эмэгтэйчүүд, хүүхдүүд. Тиймээс санаа зовоосон бүх зүйлийг сайн судалж байгаад хууль болгох хэрэгтэй байна.
–Энэ жил он солигдох мөчид та яах вэ?
-Сүүгээ л барьж мэндчилгээ дэвшүүлнэ” гэв.
Тэрээр ярилцлагын төгсгөлд “Нийт телевиз үзэгч, радио сонсогчдодоо баярлалаа. Өнөөдөр сэтгэл өвдөж,
санаа зовсон зүйл та бүхэнд байсан байж магадгүй. Энэ үед нь та бүхэнтэй хамт байж, бие биедээ сэтгэлийн дэм өглөө. Ер нь Монголын ирээдүй аятайхан харагдаж байгаа, сайхан болно. Бид урагшаа явах болно. 21-ний өдрийн маргаашнаас эхлээд хүн болгон эх дэлхийгээ, гэр бүлээ хайрласан, хууль журмаа хүндэтгэсэн, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэх болно. Бид ийм улс орон болно. Монголын цаг ирж байгаа” гэж хэлье гэсэн юм.