Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Art week” үзэсгэлэн нээгдлээ DNN.mn

Монгол Улсын Соёлын яамны санаачлан хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ сарын 18-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд нээгдлээ.

“ART WEEK” үзэсгэлэн нийт 1200 метр квадрат талбайд 30 гаруй уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд тавигдаж, нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр туурвидаг үе үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож байна.

Үзэсгэлэнг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг нэгтгэсэн Монголын урчуудын эвлэлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий куратороор Урлаг судлалын ухааны доктор, профессор Ч.Болдбаатар, “Хөх Нар” орчин үеийн холбооны үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир нар ажилласан юм.

Өнгөрсөн жилийн “ART WEEK” үзэсгэлэн 2000 метр квадрат талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэж байсан бөгөөд үзэсгэлэнд оролцсон Ж.Мөнхцэцэг нь Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд 20 гаруй зөөлөн баримал болон дуу авианы бүтээлээрээ оролцож олон улсын урлаг судлаачдын анхаарлыг татаж байсан юм. Үүний жишгээр “ART WEEK” үзэсгэлэн нь өнөө цагийн Монголын дүрслэх урлагийн салбарын цар хүрээ, чиг хандлагыг илтгэн харуулах өвөрмөц үзэсгэлэн болж байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөө болон Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлж байна. Тэргүүлэх чиглэлд дүрслэх урлагийн салбар зүй ёсоор багтаж байгаа төдийгүй Дүрслэх урлагийн салбарынхан маань Засгийн газрын тогтоолоор дэлхийн нэр хүнд бүхий биенналь, үзэсгэлэнд Соёлын яамны дэмжлэгтэй оролцож эхэлсэн.

Энэ бол дүрслэх урлагийн салбарынхан маань соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох боломжтой гэдгийг батлан харуулж буй уран бүтээлч Та бүхний ур чадвартай салшгүй холбоотой гэдгийг хэлж, энэ ташрамд талархал илэрхийлье.

Соёлын яамнаас жил бүрийн 11-р сарыг Соёлын бүтээлч сарын аян болгож, соёлын салбарын боломж бололцоог сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийн соёлын хэрэгцээ, үйлчилгээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлдэг томоохон арга хэмжээ болж цар хүрээ нь өргөжин тэлж байна. Энэ дундаа “Аrt week” үзэсгэлэн нь дүрслэх урлагийн салбарын өнгө төрх, чиг хандлагыг илтгэн харуулахуйц хэмжээнд очихоор зорьж байгаа. Өнгөрсөн жил бид Монголд 100 гаруй уран бүтээлчийг хамруулан анх удаагаа том хэмжээний орон зайд дүрслэх урлагийн бүхий л төрлийг шингээсэн үзэсгэлэн гаргаж салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэй харуулж чадсан. Харин энэ жил нэн орчин үеийн урлагаар бүтээн туурвидаг, салбарынхаа төдийгүй улс орноо олон улсад сурталчилдаг, шилдэг уран бүтээлчдийн өвөрмөц шийдэл, олон утга санаа, үг хэллэг, илэрхийлэл бүхий бүтээлүүдээр орон зай, орчныг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын дүрслэх урлагийн салбарын ууган мэргэжлийн урлагийн байгууллага, Монголын Урчуудын Эвлэл, тус байгууллагын гишүүн уран бүтээлчид, уран сайхны зөвлөл, кураторын багт талархал илэрхийлэхийн ялдамд энэ жил тохиож буй түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе” гэлээ.

Энэ жилийн “ART WEEK” үзэсгэлэнгийн Ерөнхий куратор, уран бүтээлч Ч.Болдбаатар “Зураач, урлаг судлаач, МУИС-ийн урлаг судлалын профессор Ч.Болдбаатар Суриковын нэрэмжит Дүрслэх урлагийн академийг дүүргэж, Соёл Урлагийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2014 он хүртэл Дүрслэх урлагийн дээд сургууль, СУИС, МУИС-д профессор багшийн албыг хашсан. Герман, Япон, Хятадын музей, их дээд сургуулиудад симпозиумд оролцож олон тооны эрдмийн бүтээлүүд гаргасан.

Ч.Болдбаатар 1981 оноос уран бүтээлээ туурвиж, АНУ, Япон, Хятад, Франц, Герман, Солонгос, Орос, Польш, Украйн, Австри болон бусад оронд уран бүтээлээ толилуулж тэр цагаас хойш орчин үеийн урлагт ихээхэн сонирхолтой болж, өдгөө залуу уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэнгийн куратораар ажиллаж байна” гэв.

Ерөнхий куратор, уран бүтээлч Ё.Далх-Очир

Ё.Далх-Очир 1990-ээд оноос эхлэн инстолляц, лэнд арт, перфоманс зэрэг дүрслэх урлагийн шинэ хэлбэрүүдийг ашиглан бүтээл туурвиж байгаа. Түүний “Бохир гол” лэнд арт инстолляц нь байгаль орчны бохирдлын тухай хөндөж танилцуулсан бол “Street art” перфоманс үзүүлбэр нь хотын гудамжаар холхилдох хүмүүсийн харилцаа, гудамжнаас олдсон элдэв зүйл, хог хаягдал хүмүүст ямар онцгой мэдрэмж өгөхийг харуулахыг зорьжээ.

Тэрбээр 1980 оны дундаас хойш одоог хүртэл үе үеийн модерн болон орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд орчин үеийн урлагийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар яваа анхдагчдын нэг.

Далх-Очир нь 2002 онд “ХӨХ НАР” контемпорари урлагийн төвийг үүсгэн байгуулж, төвийн тэргүүн, куратораар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Галын аюулаас 4 хүүхдийн амь насыг аварсан 103-ын эмч, жолооч нарыг шагнав DNN.mn

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан билээ.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзан “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа.

Тэд тухайн өдрийн 22.00 цагийн орчимд ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсныг хараад жолооч Э.Бямба-Эрдэнэ хашаа давж орон, галыг шуурхай унтраасан. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь тэд яаралтай тусламж үзүүлсэн юм. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул түргэний машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөн, дараагийн дуудлагадаа явсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хоолонд хордсон нэг ангийн сурагчдын 7 нь эмнэлэгт эмчлүүлж байна DNN.mn

Өнгөрсөн баасан гаригт Налайх дүүргийн хоёр дугаар хороо, “Голомт” цогцолбор сургуульд 10 дугаар ангийн 20 сурагч хордсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 17-ны орой 17 цагийн орчимд онцгой байдлын хэлтэст 5 сурагч хордсон гэх дуудлагыг 11 сарын 18-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний Аврах бригадын химийн бүлгийн алба хаагчид очиж, хичээлийн танхим, болон агуулахад хэмжилт хийхэд химийн бодис илрээгүй аж.

Тус Хөгжлийн төвд хичээллэж байсан 20 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэнээс 13 хүүхэд эмнэлгээс гарч, 7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ж.Борын нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Очирхүү арслан түрүүллээ DNN.mn

Улсын харцага Жамцын Борын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Баттогтохын Очирхүү түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, ЗХ-ний 016-р бригад, “Алтан жолоо групп”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Дархан ус суваг” ХХК, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Очирбат, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Шүрт булаг ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарлаа.

7 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Б.Баянмөнх, Б.Өсөхбаяр нар үлдэв.
Дараагийн барилдаан 11-р сарын 26-нд Монгол бахархал болон Улс тунхагласны өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг 11-р сарын 24, 25-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улс нийт 6300 тонн мах экспортолжээ DNN.mn

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллээр Монгол Улс энэ оны арваннэгдүгээр сарын 17-ний байдлаар нийт 6300 тонн мах экспортолжээ. Үүнээс адууны мах 2.9 мянга, хонь, ямааны мах 3.4 мянган тонн аж.

Мөн хүн амын хаврын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, мах бэлтгэгч дөрвөн аж ахуйн нэгжид Хаан, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 46 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Түүнчлэн аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв халхын уртын дуу эртний хийд Эрдэнэзууг хөглөв DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Төв халхын уртын дууны сайхан нь шуранхайдаа оршдог гэх нь бий. “Хангайн уртын дуу говийнхоос өөр. Хангайн хүн өндөр газар гарч байж уудам орон зайг эзэгнэдэг. Яг тэрэнтэйгээ адилхан хамгийн өндөр аялгуут хэсэг нь дууныхаа эхэнд таарна. Харин говийн уртын дуу бол намуухан явна. Говийн уудам тал тэр тал дээр байгаа жижигхэн манхан, уул толгод шиг ерөнхийдөө өндөр хадаахгүй гэсэн үг… Уртын дуу бол газар зүйн байршилтай маш их холбоотой” гэж нэгэн судлаач онцолсон байдаг. Төв халхын уртын дууны нутаг нь Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган аймаг гэдэг. Энэ жил Өвөрхангай аймагт Төв халхын уртын дууны анхдугаар наадам боллоо. Тодруулж хэлбэл Хархорин сумын нутагт түүх өгүүлэн сүндэрлэх Эрдэнэзуу хийд дээр төв халхын уртын дуучид хоолойны чадлаараа уралдаж хуучны хийдийг уртын дууны шуранхайгаар хөглөсөн юм. Эрдэнэ зуу хийд дээр зохион байгуулсан нь цаанаа учиртай аж. Уртын дуу бол биет бус өв, сүм хийд бол биет өв. Айзам, бэсрэг уртын дууны язгуурыг Төв халхын уртын дуу хэмээдэг. Эрдэнэзуу гэхэд л хэдэн зууны түүхтэй биет соёлын өв язгуураараа оршин буй хуучны хийд. Байгаагаараа оршин байгаа цөөхөн хийдийн нэг. Энэ хоёрын хослолыг харуулах зорилгоор задгай талыг биш Эрдэнэзууг сонгожээ.

Төв халхын уртын дууны наадмын нээлт гэхэд л цаг хэртэй үргэлжилсэн. Бөртэ Чоно, Гоо маралтайгаа тэнгэрээс буун ирж буй агшин гадны жуулчдын сонирхлыг ихэд татсан бололтой, өөр зуураа гайхан шагших нь дуулдав. Бөртэ чонын улих дууныг залган шуранхай хадах нь нээлтийн оргил үеийн нэг байж чадсан. Уртын дуу чонын улилтаас үүссэн гэх домгийн бэлгэдэл гэж зохион байгуулагчид нь хожим тайлбарласан юм. Шуранхай хадах агшинд Буддын шашныг Монголд гурав дахь удаагаа дэлгэрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Өндөр гэгээн Занабазарын өвөө Автай сайн хаан морилон ирж эзэн Чингэсийн үеийн төрийн их дуун “Эртний сайхан”-ыг эгшиглүүлэхийг зарлигдав. Цамын бүжиг, Автай сайн хааны баатруудын бүжиг ч сүрлэг сайхан болсон. Үг, үйлдэл бүр нь түүх өгүүлж, бэлгэдэл агуулсан Төв халхын уртын дууны анхдугаар наадмын нээлтийг үзсэн хүн бүр гүн сэтгэгдэлтэй байгаа нь илт.

Энэ сарын 21-нд болсон Төв халхын уртын дууны анхдугаар наадам жил бүр зохион байгуулагдах юм билээ. Наадамд орон нутгаас болон салбарын байгууллагаас нэлээд анхаарал тавьсан нь оролцогчдоос нь тодорхой байв. Төв халхын уртын дууны анхдугаар наадмын нээлтийн ажиллагаанд гэхэд ССАЖЯ-ны Соёлын биет бус өвийн хэлтсийн дарга н.Жаргалсайхан, Францын Элчин сайд Ив Дэлунэ, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх ССАЖГ-ын дарга Д.Түмэнжаргал, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд, Засаг дарга Л.Энхбат, Эрдэнэзуу музейн дарга Н.Төмөрбаатар нар иржээ. Наадмыг зохион байгуулагчид нь ССАЖЯ,Өвөрхангай аймгийн ЗДТГ, Эрдэнэ-Зуу музей.

Тэд Төв халхын уртын дууны анхдугаар наадмыг зохион байгуулах болсон шалтгаанаа “Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа наадам. Монголын ард түмний хэдэн зуунаар дуулагдан хойч үед өвлөгдөн үлдсэн биет бус өв болох уртын дуу, түүний дотор төв халхын уртын дууны аялгуу, хөг, дэгийн уламжлалыг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх нь бидний гол зорилго. Мэдээж Монгол уртын дууны гайхамшгийг гадаадын жуулчдад сурталчлах том зорилго ч бий” гэж байлаа.

Төв халхын уртын дууны анхдугаар наадамд Өвөрхангай, Архангай, Орхон, Булган аймгуудаас 16 уртын дууч оролцсон юм. Наадам 18-35, 36-55, 56-аас дээш гэсэн гурван насны ангиллаар хоёр үе шаттай явагдлаа. Дуучид эхний шатанд мартагдсан буюу нутгийн онцлогийг харуулсан нэг дуу, өөрийн урын сангаас нэг дууг сонгон дуулж өрсөлдсөн бол хоёрдугаар шатны шалгаруулалтад айзам уртын дуу дуулж өрсөлдөв.

Эхний шатны учир агуулгыг Өвөрхангай аймгийн ССАЖГ-ын Соёл, аялал жуулчлалын албаны дарга Л.Пүрэвлхам “Эхний шатанд мартагдсан, нутгийн онцлогийг харуулсан дуу дуулуулж байгаа нь нарийн учиртай. Өвөрхангайд гэхэд л зөвхөн Нарийнтээлд дуулагддаг Соёг хөх бор, Улаан торгон дээл гэх мэт дуунууд бий. Булганы өөр нэг суманд гэхэд л Монголын хаана ч дуулагддаггүй дуу байх жишээний. Төв халхын уртын дуу даяарчлагдсан. Уяхан замбуутивийн наранг гэхэд л Норовбанзад гуайн шуранхайгаар хүн бүр дуулж байна. Уртын дууг язгуураар нь авч үлдэх учиртай. Наадмын нэгдүгээр шатны зорилго бол ерөөсөө энэ. Яг газар нутагтаа язгуураараа үлдсэн, зөвхөн тэнд дуулагддаг дууг нутагтаа дэлгэрүүлэх, авч үлдэх зорилготой. Нарийн тээлд гэхэд Соёг хөх борыг дуулдаг цөөхөн хөгшин үлдсэн. Тэр их өвийг бүртгэлжлүүлж авч үлдэж байгаа нь том хэрэг. Хүн бүрийн мэддэг дуулдаг дуу бол онцлоггүй, даяарчлагдчихсан гэсэн үг. Онцлогоо авч үлдэх нь чухал байгаа” гэж ярив. Наадмын эхний шатанд хоёр дуу дуулуулж байгаа нь тухайн дуучны хоолойны чадлыг шалгаж буй хэрэг гэнэ.

Төв халхын уртын дууны наадмыг сонирхсон нутгийн хөгшчүүл “Ойрд сонсоогүй сайхан юм сонслоо. Зуугийн үүдэнд дуулах ч өөр байна шүү” хэмээн өөр зуураа ярилцан ам сайтай байв. Зарим нь бүр нулимс унаган сонсоно лээ.

Наадамд Өвөрхангайн дуучид өнгөтэй байлаа. Үзэгчид дундаас “Манай аймгаас Лхамжав, Түвшинжаргал гээд мундаг улс төрсөн шүү, Шаргын уснаас уусан хүн ч сайхан дуулдаг гэж үнэн юм аа” гэсэн бахадсан үг хэлэх хүн цөөнгүй байв. Сонирхуулж хэлэхэд эдний аймгийнхан нутгаасаа төрсөн алдарт уртын дууч, гавьяат жүжигчин С.Сумъяагийнхаа нэрэмжит уртын дууны наадмыг зохиогоод арав гаруй жил болсон гэнэ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэ наадамд дунджаар 50 орчим хүн оролцдог гэхээр уртын дуугаараа гайхагдахаас аргагүй аймаг ажээ. С.Сумъяа Төв халхын уртын дууны анхдугаар наадмын шүүгчээр ажилласан юм.

Залуу насны ангиллын тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын уртын дуучин Н.Цэцэгсүрэн шалгарсан. Харин удаах байрт Архангай аймгийн уртын дуучин С.Нарантуяа орсон юм. Гуравдугаар байрын эзнээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уртын дуучин Б.Заяахүү тодорсон бол тусгай байрт Орхон аймгийн уртын дуучин н.Отгонцэцэг шалгарлаа. Дунд насны ангиллын эхний байрын шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын уртын дуучин н.Дүгэрсүрэн авсан бол хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин Д.Цэвэлсүрэн орлоо. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уртын дуучин н.Мөнхбат гуравдугаар байрт шалгарсан юм. Тусгай байранд Орхон аймгийн уртын дуучин Оюундарь орлоо.

Ахмад насны ангиллыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уртын дуучин Р.Цэрэндэгд тэргүүлсэн бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын уртын дуучин н.Гаваа удаалсан юм. Харин гуравдугаар байрт Булган аймгийн уртын дуучин Сандагдорж, тусгай байранд Архангай аймгийн уртын дуучин Долгорсүрэн нар орлоо. Шагналт байр эзэлсэн уртын дуучдад Францын элчин сайд Ив Дэлунэ тусгай шагнал гардуулав.

Төв халхын уртын дууг алдаршуулах зорилготой энэ наадамд аймаг бүрээс залуу, дунд, ахмад наснаас тус бүр нэг нэг хүн оролцох боломжтой юм билээ.

Аялгууг хоолой, цээж, гэдэс гээд гурван гүнээс гаргадаг уртын дууг ЮНЕСКО соёлын өвийн жагсаалтдаа бүртгэж авсан билээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уртын дуунаас шуранхайны сайхнаараа онцгойрдог Төв халхын уртын дууны анхдугаар наадам Өвөрхангай аймагт ийнхүү амжилттай болж өндөрлөлөө. Төв халхын алдартай дуучдын үргэлжлэл болсон олон сайн дуучин цаашдаа энэ наадмаас төрөх бизээ. Дараа жил болох Төв халхын уртын дууны наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал болох гэнэ. Энэ наадмыг жилээс жилд өргөжүүлж, Төв халхын уртын дууг аялал жуулчлалын нэг том брэнд болгоно гэсэн зорилго Өвөрхангайчуудад байгаа юм билээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

УИХ-ын гишүүд: Нүүрсний хулгайгаар УИХ нээлттэй, хяналтын сонсгол явуулах ёстой DNN.mn

-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛТЭЙ ТУЛГАХАД Л НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БОДИТОЙ ЭСЭХ НЬ ГАРААД ИРНЭ ГЭВ –

Нүүрс борлуулалт, тээвэрлэлт, орлогын асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Товчхондоо нүүрсний хулгай өнөөгийн эдийн засгийн хямралын гол шалтгаан болоод буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ, энэ асуудлыг олон нийтэд ил болгож, зарим нэг улстөрчдийн хууль бус үйлдлийг шалгуулсны дараа буюу нүүрсний хулгайг зогсоосноор Монгол Улсын эдийн засаг хоёр дахин өснө гэж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улстөрчдийн нэрийг хэлж, тэдгээр хүмүүст анхааруулга өгч байсан билээ. Нөгөөтэйгүүр нүүрсний орлого буцаад Монгол Улс руу орж ирэхгүй Хятадад барилгын материал болж байгаа нь ам.долларын урсгалыг гадагшлуулах, валютын нөөцийн хомсдолд хүргэсэн гол шалтгаан гэж эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн нүүрсний хулгайн асуудалд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа нэр бүхий улстөрчид холбогдсон нь эхнээсээ ил болсоор. Нүүрстэй холбоотой улстөрчдийн асуудлыг эрх баригчид дотоод зодоондоо ашиглаж байна гэх шүүмжлэлийг сөрөг хүчин болох АНын гишүүдээс ил тод хэлдэг. УИХ нээлттэй сонсгол явуулахын тулд УИХын есөөс дээш гишүүн санаачилж гарын үсэг зурснаар боломж бүрддэг. Тэгвэл нүүрсний хулгайн асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх үү, үүнийг гишүүд дэмжиж байгаа эсэх асуудлаар УИХын гишүүдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Дөрвөн төрлийн хулгай байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ. Хариултыг энэ сард багтан УИХ-ын чуулганы танхимд нээлттэйгээр өгөхийг мөн шаардсан. Нүүрсний хулгайгаар УИХ-ын Хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулахаар санаачилж ажиллаж байна. Дөрвөн хулгайг товчхон хэлье. Нэгдүгээрт, оффтейк гэрээ. “Эрдэнэс Таван толгой” компанийн борлуулалтын 20 хувь нь оффтейк гэрээгээр хийгджээ. Энэ нь нүүрсний уурхайн ам нөхцөлөөр буюу зах зээлийн үнээс 10-20 хувь хямд нөхцөлөөр гэрээ байгуулаад, компаниудад өгдөг. Тэдгээр нь цаашаа Хятадын худалдан авагчдад өсгөж зардаг. Ирэх жилийн төсөвт 36 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан. Хэрэв энэ бүх нүүрсийг “Эрдэнэс Таван толгой” дангаараа гаргадаг байсан бол зах зээлийн үнээс 10 хувь хямд гэвэл 360 сая ам.доллар, 20 хувь гэж үзвэл 720 сая ам.долларын алдагдал үүсэхээр байгаа.

Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал. Гуравдугаарт, нүүрсний тээврийн бизнес. Дөрөвдүгээрт, төмөр замын хулгай. “Эрдэнэс Таван толгойн”-н эх үүсвэрээр санхүүжилтийг хямд нүүрсээр авч, түүнийг нууцлаад, төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийш, урагш. Гэтэл урагшаа тавьж буй төмөр замын санхүүжилт нь зүүн тийш тавьснаасаа 3-4 дахин өндөр байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Мөн хулгайн дараа хариуцлагын маш олон асуудал яригдана. Ерөнхийлөгч байсан, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд байсан гээд маш олон хүн холбогдсон байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Нээлттэй сонсгол гэснээс Хяналтын түр хороо байгуулж шалгах хэрэгтэй байх. Нэг тонн хүрэн нүүрс 1000 ам.доллар давчихаад байхад кокожсон нүүрсээ 120 ам.доллараар зараад буй нь анхаарал татаад байгаа юм. Энэ асуудалтай холбоотой ганц, хоёр зүйл бий. Удахгүй олон нийтэд баримттай хэлнэ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -УИХ энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг миний хувьд бүрэн дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: -Нүүрсний хулгай бодитой эсэхийг хууль, хяналтын байгууллага эхлээд шалгаж тогтоох ёстой. Ер нь бол манай гаалийн байгууллага гаргасан нүүрсний хэмжээгээ Хятадын гаалийн байгууллагын бүртгэлтэй тулгахад л бодитой эсэх нь гараад ирнэ. Хөрш хоёр улсын гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг нь хилээр нэвтрэх бүх төрлийн буюу мал амьтан, ургамал тэдгээрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг хянаж шалгах, бүртгэх үүрэгтэй. Ийм байдаг тул гарсан нүүрсний статистиктэй тулгаж үзэхэд л болно. Энэ бол энгийн локиг шүү дээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Нүүрсний хулгайгаар УИХ нээлттэй сонсгол хийх нь зөв. Үүнийг би дэмжиж байна. Энэ асуудал нийгэмд хүлээлт, эргэлзээ төрүүлсэн. Тиймээс нээлттэй мэдээллийг хүргэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Үүнийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Мэдээж нүүрсний хулгайг цэгцлэх ёстой. Дахин ийм боломж гаргахгүй байх эрх зүйн шинэчлэл болоод бусад асуудлыг ярих шаардлагатай. Миний хувьд нүүрсний хулгайн асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулахыг зуун хувь дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Нээлттэй сонсгол явуулахыг дэмжих битгий хэл би бүр зохион байгуулах хүн шүү дээ. Тиймээс энэ асуудалд УИХ-ын гишүүд болоод холбогдох албан тушаалтнууд, бусад бүх хүнийг оролцоосой, дэмжээсэй гэж хэлье.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага бүрэн шалгаж дуусаагүй.

Одоохондоо шалгалтын ажил ид явагдаж байна уу даа л гэж харж байгаа. УИХ-ын түр хороо мөн энэ асуудлыг шалгаж байна. Бүрэн шалгаж дуусаад нээлттэй сонсголыг УИХ-ын түр хорооноос зохион байгуулж хийнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганзориг: Цалингаараа “амь зууж” байгаа иргэд зээл төлөөд эхэлбэл ядуурлын ангалд унахаар байна DNN.mn

СБД-ийн 8 дугаар хорооны иргэн Г.Ганзоригтой ярилцлаа.


-Цар тахлаас үүдэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг он дуустал сунгасан. Үнийн өсөлт өндөр, иргэдийн орлого сайнгүй байгаа энэ үед ипотекийн зээл төлөх хугацааг сунгах эсэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

– Манайх ам бүл зургуулаа. 2-13 насны дөрвөн хүүхэдтэй. Цар тахлаас үүдэн ипотекийн зээлийн хугацааг он дуустал сунгасан Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан. Үнэхээр цаг үеэ олсон шийдвэр байсан. Миний хувьд хувийн компанид борлуулагчаар ажилладаг. Сардаа сайн ажиллавал 800.000-1.000.000 төгрөгийн цалин авдаг. Өнгөрсөн хугацаанд ганц хүний орлогоор л амьдарлаа болгож байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа болохоор сардаа хоёр хувааж авдаг орлогоо амьдралдаа хүргэхийн тулд хэмнэж болох ямар л зардал байна бүгдийг нь хэмнэж байгаа. Гэтэл он дуусгаад ипотекийн зээлийн эргэн төлөлтөө төлж эхлэхээр болвол яаж амьдрах талаар төсөөлөлд буухгүй л байна. Манай улсын болоод дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед ипотекийн зээлийг дахин хагас жилээр ч болов сунгах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Хагас жилийн дараа гэхэд эдийн засгийн нөхцөл байдал сайжрах дүр зураг байна уу?

-Хэдийгээр би мэргэжлийн эдийн засагч, судлаач хүн биш боловч зургаан сарын дараа нөхцөл байдал одоогийнхоосоо дээрдсэн дүр зурагтай байх болов уу хэмээн итгэж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засагч, судлаачид ч мөн тэгж ярьж байхыг хэд хэдэн удаа сонссон. Ялангуяа манайх шиг өвлийн улиралд өртөг, зарлага өндөр байдаг орны хувьд хавар, зун ойртох тусам иргэдийн эдийн засгийн байдал сайжирдаг. Тийм учраас хагас жилийн дараанаас ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөөд явахад асуудал үүсэхгүй байх. Түүнчлэн манай эхнэр гурван сарын дараа ажилдаа орохоор төлөвлөсөн байгаа. Тиймээс гэр бүлийн хоёр хүн ажилтай, орлоготой байвал нэгнийхээ цалингаа өдөр тутмын хэрэглээндээ зарцуулж, нөгөөгөөрөө зээлээ төлөөд явах бүрэн боломжтой болох юм.

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөсөө хамаарч дараагийн зээлээ санхүүжүүлдэг. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дараалал их байгаа энэ үед дахин зээл төлөх хугацаагаа сунгах талаар ярьж байгаа нь хэтэрхий амиа хичээсэн үйлдэл болох юм биш үү?

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөрөө санхүүжиж дараагийн хүнд зээл олгох боломж нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг маш сайн ойлгож байгаа. Зарим талаараа өөрөө зээл авч байранд орчихоод бусдынхаа боломжийг хааж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа. Хэрэв боломж бололцоо маань болдог бол нэг өдрийн өмнө ч болов ипотекийн зээлээ төлж дуусгахыг л хүснэ.

Зээлийн төлөх хугацааг хойшлуулж байгаа нь үнэн боловч төлөх ёстой зээлийн хэмжээ тэр чигээрээ л байгаа. Ингээд бодохоор ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж байгаа нь өнөө маргаашаа аргацаасан, өөрсдийгөө тайвшруулсан ч үйлдэл байж болох ч одоогоор үүнээс өөр ямар ч арга алга байна шүү дээ. Үнэхээр иргэдийнхээ ажилтай, орлоготой амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд хадгалж чадсан бол асуудалд гарц шийдэл байж болох байлаа.

Гэтэл цалингаараа амьдрах биш “амь зууж” байгаа иргэд зээл төлөөд эхэлбэл ядуурлын ангалд унахаар байна. Нийтээрээ, нийгмээрээ ийм эрсдэлд өртөж, халамж горилогчдын тоог нэмэгдүүлж байснаас дахин хэдэн сар ч болов эдийн засгийн нөхцөл байдал сайжирч ипотекийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөөрөө амь зуух боломжтой болох хүртэл хүлээхэд буруудах зүйлгүй байх.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин үхэр өдөр DNN.mn

2022.11.20, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.11.20, Ням гараг
  • Наран ургах шингэх: 08.05-17.10
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Онон, Улз, Туул голын хөндийгөөр -26…-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.