Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай дарга нар оросуудаас айсаар байгаад солиорчих вий дээ DNN.mn

Оросын халдан түрэмгийллийн эсрэг дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэсээр байна. Их 20-ийн уулзалт дээр В.Путинтэй уулзах улс орны удирдагчид олдохгүйд хүрэв. Үүнийг мэдэрсэн Путин Их-20-д оролцохоос татгалзав. Иймдээ хүртлээ дэлхийгээс тусгаарлагдаж, улс орнууд дөлөн зугтаж байгаа ОХУ руу Монголын Засгийн газар тэр чигээрээ шахуу, байнга очиж байгаа нь ямар учиртай юм бэ. Оросын зүгээс Украинд дайн өдөөж байгаа нь хүн төрөлхтний хувьд зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ илүүтэй ёс суртахууны дайн гэж харж байна. Үүнийг оюун санааны удирдагч болсон эрхмүүд, дэлхийд нөлөө бүхий бүх хүмүүс хэлж ярьж байна. Оростой ойр байгаа, тэдэнтэй харьцаж байгаа бүгдийг жигшин зэвүүцэх хандлага энэ дэлхий дээр өдөр хоног, цаг минутаар нэмэгдэж байна.

Удирдагчтай нь уулзахаас ч цэрвэх болсон ОХУ руу Монголын өнөөдрийн эрх баригчид өдөр шөнөгүй гүйлдэх болсон нь сүүлийн 30 жилд байгаагүй үйл явц. Манай дарга нар очоод оросуудтай ярьж буй сэдэв нь үнэхээр гунигтай. Монголоос эмэгтэй сансрын нисгэгч төрүүлнэ гэнэ үү. Манайх “Сансрын нисгэгч эмэгтэй” бэлдээд яах юм бэ. Өдөр хоногоор эдийн засаг нь, иргэдийнх нь амьдрал доройтож байгаа Монгол Улсыг тэр эмэгтэй аврах юм уу. Тэр эмэгтэй сансрын нисгэгчийг үзэхээр хэдэн арван сая жуулчин Монголд ирэх юм уу. Элон Маск тэр нисгэгч эмэгтэйг компанидаа урьж ажиллуулах юм уу…Ямар үр дүнтэйг хэлээд өгөх хүн байна уу. Энэ мэдээг хараад үнэндээ оросууд биднийг яасан муухай дооёолж байна вэ гэж бодогдох. Орост очих дуртай, цаадуул чинь шийдээд өгье гэж байгаа юм бол эрчим хүчний хараат байдлаас гарах Эгийн голын төслөө шийдүүлээч дээ. Ядаж эрчим хүчний үнэ тарифаа буулга гэсэн санал тавиач. Эрхүү мужийн эрчим хүчний хэрэглээний өчүүхэн хувьд ч манайх хүрэхгүй шүү дээ. Шийдье гэвэл оросуудад ганц минутын асуудал. Яагаад үүнийг ярихгүй, өөрсдийгөө доромжлуулаад яваа юм бэ. Ингэж доромжуулсан 70 жилийн түүх устаж үгүй болоод 30 гаруй жил болж байна гэж монголчууд ойлгож байгаа. Эсвэл үгүй юм уу…

Дэлхийд хань олдохгүй яваа оросуудад ийм цаг үеийг ашиглаад эрх баригчид та бүхэн “Бензин шатахууныхаа үнийг буулгаад өг” гэж хэлээч. Монгол Улс нь Оросоос нефтийн 98 хувийн хараат байдалд байсаар байна. Орос руу нэг тэрбум орчим долларыг жил бүр өгч байна. Улсын төсөв 20 их наяд гэж үзвэл түүний нэг их наядаас илүүг оросуудад өгч байна. Энэ тоог хагаслах хугаслах боломж эрэлхийлээч, Орост очиж үдийн цай уух болсон Монголын эрх баригчид аа.

Найман сарын өмнө оросууд Украинд халдан түрэмгийлсэн өдрөөс эхлэн Монгол Улс дайнтай холбоотой асуудал дээр түдгэлзэх саналтай явж ирсэн. НҮБ-ын чуулган дээрх Монголын түдгэлзэх санал өнөөдөр ч хэвээрээ. Үүнийг дэлхий нийт харж байгаа. Дэлхий өнөөдрийг хүртэл Монголыг ойлгож ирсэн. Хөрш зэргэлдээ, хөгжил буурай Монгол Улс нь нефть, эрчим хүчээрээ Оросын хараат, тийм болохоор түдгэлзэх санал өгөхгүй гээд яах ч билээ гэж. Энэ хэвээрээ нэг жилийн дараа бол харин дэлхий Монголыг ойлгохгүй. Ойлгохыг хүсэх ч үгүй. Яагаад гэвэл Монгол Улс нь энэ хугацаанд Оросын хараатаас гарах стратегийн хийгээд эдийн засгийн бие даасан бодлогоо хэрэгжүүлсэн байх ёстой гэж үзнэ. Оросын хараат байдлаас гарсан байх хугацаа гэж үзнэ. Дэлхийн жишиг өөрөө тэгж яваа. Европын холбоог хийн хоолойгоор тасалснаар өвлийн аман дээр хэцүүднэ гэж оросууд тооцсон. Хийн нийлүүлэлтээ тасалсан. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард хийн нөөцийн дүүргэлтээ тал хүрэхгүй байна хэмээн зарлаж байсан Герман улс сая 10 дугаар сард хийн нөөцийн дүүргэлт 84 хувьтай боллоо, Герман өвлийг асуудалгүй давна хэмээн зарлав. Улмаар өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Олаф Шольц “Араб, Африкийн улс орнуудтай амжилттай гэрээ хийж, хийн нөөцөө 100 хувь бүрдүүллээ, Оросоос авч байснаас илүү хямд хийг германчууд хэрэглэж эхэллээ. Орос бол эрчим хүчний найдвартай түнш байхаа больсон. Тийм болохоор улс орнууд Оросгүйгээр эрчим хүчийг авах, хийн нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой боллоо” хэмээн албан ёсоор мэдэгдэв.

ОХУ-аас хамааралтай байсан улс орнууд асуудлаа ийнхүү хоёрхон сарын дотор шийдэж эхэлээ. Гэтэл Монгол Улс өнгөрсөн найман сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүн өөр газраас авах ямар ч ажил хийсэнгүй. Юу ч хийсэнгүй, ямар ч оролдлого ард түмэнд

ажиглагдсангүй. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар ярихаас өөрөөр бодитой юу ч хийгдсэнгүй. Энэ бүхэн одоо ямар учиртай юм бэ. Оросоос өөр газраас бензин шатахуун оруулж ирэх ажлыг өнгөрсөн найман сарын хугацаанд хийх ёстой байсан юм. Гэвч тэгсэнгүй. Үнэнийг

хэлье, та нар оросуудын ямар барьцаанд байгаа болоод үүнийг хийхгүй байна вэ!!! Монгол Улсын Засгийн газар юугаараа ОХУ-д барьцаалагдсан байна вэ. Эрх баригчид, Их хурлын гишүүд юугаараа оросуудад барьцаалагдсан болоод ийм үхээнц, сул дорой, бусдын хараат, Орос гэж ярихаар намсхийдэг өвчтэй болчихсон байна вэ. Өнгөрсөн хугацаанд явагдсан сонгуулиудын санхүүжилт Оросоос хийгдсэн үү. Эсвэл Монголыг удирдаж байгаа хүмүүсийн томоохон гэмт үйлдлүүдийг оросууд мэдэж байна уу. Юу болчихоод Монголын эрх баригчид Орос руу өдөр шөнөгүй гүйлдээд, долоогоод байна вэ. Яагаад тэднээс үхтлээ айгаад байна. Энэ бүгд бодох ёстой асуудал, хөндөх сэдэв болчихоод байна.

Өнгөрсөн 30 жилд Монгол Улс ганцхан ОХУ-д л эдийн засгийн хоригтой явж ирлээ. Оросын талын татвар 40-70 хувийн босготой, ямар ч худалдаа наймааг тэдэнтэй хийж чадахгүй ардчиллын гэх 32 жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл алс холын Европ тивд Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан татваргүй 200 нэр төрлийн бараа нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх жишээтэй. Ийм хөрш гэж байдаг юм уу. Ядаж Сибирьт чинь эсгий гутлаа нийлүүлье гэхээр 60 хувийн босго тавьчихдаг. 60 хувийн татвар төлж оросуудад аваачиж зараад ямар ашиг олох юм бэ. Хэн ч хийхгүй худалдаа. Үүнийг л наад зах нь ОХУ-аас Монголд үзүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Бодит байдал ийм болохоор л оросуудтай Эмэгтэй сансрын нисгэгч биш Эсгий гутал нийлүүлэх гэрээ хийгээч, эрх баригчид аа гэж хэлээд байгаа юм. Монголын бүх бараанд татвараа тэглээд өг гэсэн хэлэлцээр хий. Ингэж байж бид оросуудтай найрсаг байна. Хөршүүд шиг байна.

Дайн эхэлснээр урьд урьдынхаас илүүтэй ихээр Орост айлчилж, далдганаж гүйх болсон нь, Монголын эрх баригчид тэдэнд ямар нээнтэгтэй юм гэсэн хар сэрийг төрүүлсээр байна. Энэ нээнтэг нь даамжирсаар, эцэстээ оросуудаас их айснаасаа болж солиорчих вий дээ, манай эрх баригчид гэх айдсыг төрүүлэх боллоо шүү. Ингэх магадлал харагдаж байна. Дайнтай байгаа Орост 1000 малчин аваачна, Артек зусланд нь монгол хүүхдүүдийг амраана, монгол эмэгтэйг сансрын нисгэгч болгоно ч гэх шиг. Солиоролд ч хязгаар байдгийг солиороход бэлэн болсон Монголын дарга нар одоо ойлгох цаг болжээ. Артек зуслан гэснээс Америкт хүүхдээ ганц сар байлгаж дэлхийг таниул, мянган малчин Орост аваачсанаас махны дэлхийн зах зээлийг хангадаг Австрали тивд долоо хоног аялуулж нүдийг нь нээлгэ, эмэгтэй сансрын нисгэгч оросоор бэлдүүлнэ гэж солиорч байхаар эсгий гутал, нэхий дээлээ Сибирийн тосгодод нийлүүлэх гэрээ байгуул. Оросуудаас айсаар одоо солиороход хүрч, ийм инээдтэй хүүхдийн яриа шиг юм хэлэлцэх болсныг чинь залруулахыг хичээлээ. “Айснаасаа айх” гэдэг ойлголт нь оросуудыг “Орос ах нар” гэж дуудах болтлоо уланд очсон соц нийгмийн үеэс эхтэй юм шүү гэдгийг эрх баригчдад бас сануулчихъя…

Б.Нямаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дизель түлш ШТС-уудаар тасарч, ченжүүд 4200 төгрөгөөр чөлөөтэй зарж байна DNN.mn

Улс даяар дизель түлшний хомсдолд ороод нэлээд хэд хонолоо. Зарим нутгаар бүр хязгаарлалттай, заримд нь өндөр үнээр олгож байгаа ч зүүн аймгууд руу бүр тасраад байна. Улаанбаатар хотын хэмжээнд ч алаг цоог байдлаар хязгаарлалттайгаар дизель түлшийг худалдаалж байна. “Тэс петролиум” ШТСууд дизель түлш хэвийн олгож байв. Харин “Сод Монгол”-ын ШТС-ууд бүгд хязгаарлалтад оржээ. ШТСын түлш олгодог хэсгээ улаан туузаар хааж, зөвхөн гэрээт байгууллагууддаа тодорхой хязгаартайгаар олгож байгааг түгээгч хэлж байв. Бусдаар бол энгийн иргэд түлш худалдан авах боломжгүй байна. Түгээгчээс учрыг нь лавлавал “Сүүлийн гурав хоногоос ийм байдалтай болсон. Цаашид хэзээ хэвийн болох эсэхийг мэдэхгүй” гэв. Тэгвэл Магнай трейд компани огт худалдаалахгүй байна. Улаанбаатар хотын зүүн чиглэлийн болон төвийн хэсгийн ШТС-уудаар явахад дизель түлшээр зогсохгүй А-92 бензинийг ч зарим нь олгохгүй байв. “Маргаашнаас хэвийн олгож эхэлнэ. Дизель түлш ирж байгаа” гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрладаг “МТ” ШТС-ын түгээгч өчигдөр ярилаа.

Дизель түлшний худалдаа Улаанбаатар хотод ийм байгаа бол орон нутагт бүр дорджээ. Баруун аймгуудад гэхэд Баян-Өлгий аймаг Ник Петровис литр тутмыг нь 4000 төгрөгөөр худалдаалж байгаа бол хувийн колонкууд 4200 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Хомсдол үүсээгүй ч үнэ өндөр байгаа талаар орон нутгийн иргэд хэлж байв. Зүүн аймгуудын хувьд дизель түлш хомсдолтой, зарим газраараа тасраад байгаа нь идэш ууш бэлтгэлийн үеэр нэлээд хүндрэл учруулж байгааг иргэд дуулгаж байна.

Дорнод аймагт гэхэд хязгаарлалттайгаар олгож байгаа бол Хэнтий аймгийн хэмжээнд бараг тасарчээ. Хэнтийн Биндэр, Батширээт, Дадал гэсэн арын сумдаар тасраад нэлээд удаж байгаа мэдээлэл байна. Энэ тухай орон нутгийн бизнесмэн хэлэхдээ “Дизель түлш бол хөдөө орон нутгийн иргэдийн шатахууны гол хэрэглээ. Малчид, тээвэрчид дизель түлшээр л ажил амьдралаа залгуулж байгаа. Одоогийн цаг үе бол бүр ноцтой үе шүү дээ. Зүүн аймгуудаас баруун болон төвийн аймгууд хадлан тэжээлээ татаж дуусгадаг үе. Бас дээр нь идэшний мах бэлтгэлийн оргил үе. Гэтэл ийм үеэр түлш тасарчихаж байгаа нь малчдад маш хохиролтой байна” гэж байлаа.

Дизель түлш хомсодсон шалтгаан нь хүйтэрсэнтэй холбоотой гэгдэж байна. Зуны түлшийг өвлийн улиралд хэрэглэх боломжгүй учраас ийнхүү хомсдол үүсэх нөхцөл болсон тухай яригдаж байна. Хуучин үед зуны түлшин дээр бензин холиод өвөл хэрэглэдэг байсан бол сүүлийн үед тусгай бодис хольдог болсон юм байна. Тэр бодисыг авто захууд болон Өгөөмөр, Да хүрээ, Сутай захууд дээр иргэд зардаг аж.

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны талаар гаргасан хамгийн сүүлийн мэдээлэлд “Улсын хэмжээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дизель түлш 34114 тн үлдэгдэлтэй буюу 13 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна” гэж байв. Гэвч зах зээл дээр нөөц тасраад багагүй хугацаа өнгөрчээ. Дизель түлшний хомсдолын талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Нийслэл болон орон нутаг дахь ШТС-уудаар дизель түлш ийнхүү хомсдолтой байхад хувь иргэд худалдаалах явдал гаарч байна. “Өвлийн дизель түлш зарна” гэсэн зарууд цахим хуудсаар нэг байна. Холбогдож үзвэл “Хаана, хэдэн тонноор хүргэх вэ. Литр тутам нь 4200-4400 төгрөг” гэсэн мэдээллийг өгч байлаа. Мөн зар тавиад өдөртөө зарагдаад дууссан талаар ч иргэд дуулгаж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар бар өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 21, Сумъяа гариг. Билгийн тооллын 28, тэргүүн дагуул одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8:07 цагт мандан, 17:09 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар -27…-32 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +1…+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Их наядаар нь идэхгүй бол ичдэг болж дээ МАН-ынхан” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Дизель түлш ШТС-уудаар
тасарч, ченжүүд 4200
төгрөгөөр чөлөөтэй зарж
байна” талаарх сурвалжилгыг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хуульч Б.Мэргэн “Төрийн албанд
олон жил бугшсан нэг
асуудал бол зөвхөн тухайн
хүнд зориулсан шаардлагыг
нэмж оруулдаг явдал” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Их наядаар нь идэхгүй бол
ичдэг болж дээ МАН-ынхан” хэмээн өгүүллээ.

“Алтан дорнод
Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:
Нийгэм
мунхаг
мэдэмхий
байгаа цагт
төр засаг ч
адилхан л
байна” гэснийг I болон “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Эрүүгийн цагдаагийн
албаны Кибер гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтсийн
ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөн “Шинэ жилийн
захиалга нэрээр урьдчилгаа
төлбөр авч иргэдийг залилах
гэмт хэрэг түгээмэл гарч байна” гэлээ.

Гэмтэл согог судлалын
үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согог судлалын тасгийн их эмчЭ.Ниндэвдэмбэрэл “Ул хавтгайрах эмгэгээс
сэргийлэхийн тулд хүүхдийг
шалан дээр хөл нүцгэн
явуулахгүй байх хэрэгтэй” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийтийн байранд гал гарчээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд өнөөдөр /2022.11.20/ нийтийн байр шатсан байна. Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 11.47 цагт ирж, гал сөнөөгчид хэргийн газарт очиж, ажиллахад байшингийн дээвэр, тааз, үүд хэсэгт гал дүрэлзэж байсан бөгөөд бүрэн унтраажээ.

Нийтийн байранд долоон айл оршин суудаг аж. Галд хүний амь нас эрсдээгүй. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хийлч Ч.Дэлгэрцэцэг бие даасан тоглолтоо хийнэ DNN.mn

Хийлч Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 29, 30-нд “Degi 22: Music Visual Concert” бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийхээр болжээ. Түүний энэ удаагийн тоглолтод 22 жилийн туршид бүтээсэн гайхамшигт бүтээлүүд нь эгшиглэгдэх юм.

Тэрбээр 2000 онд “Хэнтийн өндөр ууланд” цомог, 2006 онд “Үлэмжийн чанар” цомог, 2006 онд “Deegii concert in UB” CD, DVD, 2011 онд “Гайхмаараа”, “Амьдрал” зэрэг цомгуудаа гаргасан байдаг. Харин анхны бие даасан тоглолтоо 2006 онд “Degi concert” нэртэйгээр хийсэн бол 2008 онд “Хийлийн эгшиг”, 2009 онд “Монголын тал нутаг”, 2011 онд “Гайхмаараа”, 2013 онд дуучин А.Уянгатай хамтран “Full moon affair”, 2013 онд “Шинэ жилийн шоу тоглолт” нэртэйгээр, 2016 онд 6 дахь бие даасан тоглолтоо “Чайковскийн үдэш” нэртэйгээр тус, тус толилуулж байжээ.

Categories
мэдээ спорт

Б.Хулан жюү жицүгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо үргэлжилж буй жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ягаан бүсний -70 кг-ын жинд барилдсан ОУХМ Батбаатарын Хулан мөнгөн медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг баасан гаригийг архигүй өдөр болгоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт тусгагдсан архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хорт зуршлаас ангид байж шинэ үеийг төлөвшүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас “Намайг алгас” нөлөөллийн аяныг эхлүүлсэн.

Сар гаруй хугацаанд үргэлжлэх энэхүү аяныг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрчимжүүлж архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар долоо хоног бүрийн баасан гаргийг архигүй өдөр болгох саналыг дэвшүүлж хамтран ажиллах хүсэлт өгсөн аж.Уулзалтад оролцсон ААНБ-ын төлөөлөл дэмжин ажиллахаа илэрхийлж нөлөөллийн аянд амжилт хүслээ.

Мөн “Намайг алгас” нөлөөллийн аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газар өсвөр насны хүүхэд, оюутан залууст хорт зуршлаас хэрхэн татгалзах, зөв зохистой хэрэглээг хэрхэн бий болгох талаар насанд хүрэгчдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим контент бэлтгэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Хөлдөөж хадгалсан хоол хүнсийг хэрхэн гэсгээх вэ DNN.mn

Хөлдөөж хадгалсан хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээх нь буруу бөгөөд хоол хүнсийг хөргөгчинд, эсвэл хүйтэн усанд хийж гэсгээх нь бичил биетэн үржихээс сэргийлдэг байна.

hool Хөлдөөж хадгалсан хоол хүнсийг хэрхэн гэсгээх вэ

Иймд өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэхийн тулд “Аюулгүй хоол хүнсний таван түлхүүр” зарчмыг баримтлахыг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс уриалж байна.

-Цэвэр байлгах

-Чанаж болгосон хоол хүнсийг түүхий хүнснээс тусгаарлах

-Гүйцэд чанаж болгох

-Зохих температурт зөв хадгалах

-Баталгаат ундны ус, хүнсний түүхий эдийг сонгох