Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Арванхоёрдугаар сард төвийн ихэнх аймгаар цас ихтэй, хүйтэн байна DNN.mn

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна – updown.mn

Арванхоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Хур тунадасны хувьд баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага, төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгийн хувьд цас бага орох төлөвтэй байгаа боловч шөнөдөө илүү хүйтэн хонох магадлал өндөр.

Харин төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх тул малчид, иргэд өвөлжилтийн бэлтгэл байдалдаа онцгойлон анхаарахыг Цаг уурын байгууллагаас зөвлөв.

Түүнчлэн өнөөдөр /2022.11.28/ ихэнх нутгаар -20 хэмийг давж эрс хүйтэн байх бөгөөд өмнөх өдрүүдэд орсон цасны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар болон, явган зорчигчид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчоорой гэлээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Самарт явсан 16 настай охиныг уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.

Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг газарт очиж охиныг авчран ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Израиль улс руу зорчиж байгаа иргэдийн анхааралд DNN.mn

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ

Монгол Улс, Израиль улс хооронд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байдаг.

Гэсэн хэдий ч манай улсын иргэд богино хугацааны аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих, хугацаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, аяллын зорилго болон санхүүгийн баталгаагүй зэргээс шалтгаалан тус улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээс буцаагдах тохиолдол гарсаар байна.

Иймд, Израил улс руу богино хугацаатай зорчиж буй иргэд санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх, зочид буудлын захиалгыг баталгаажуулах, аяллын зорилго, төлөвлөгөөгөө нотлох, байх хугацааг хэтрүүлэхгүй байх, холбогдох хууль, журмыг баримтлахыг Консулын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Гоёл 2023” наадмын топ моделиор Б.Баярцацрал шалгарлаа DNN.mn

Тайлбар байхгүй.

33 дахь удаагийн “Гоёл 2023” наадам өнөөдөр Шангри Ла зочид буудалд болж, шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал шалгарлаа.Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр н.Ачтай нар тодорсон юм.Жил бүрийн загварын чиг хандлагыг тодорхойлдог тус наадам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хойшилсны эцэст ийнхүү зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийт 60 гаруй загвар өмсөгч шалгаран оролцож, шилдэг дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Засгийн газар дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Петрочайна”-тай өмнөх хэлэлцээрээ сэргээх ёстой DNN.mn

-Стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэг ч хоёроос доошгүй байж эрсдэл буурна-


Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай дизель түлшний асуудлаар ярилцлаа.


-Монгол орон даяар дизель түлш тасраад удаж байна. Хөдөө аж ахуй, уул уурхайн орны хувьд хамгийн өргөн хэрэглээ нь дизель түлш. Гэтэл хот хөдөөгүй хүнд байдалд орчихлоо. Ямар аргаар дизель түлштэй болох талаар энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд шууд асууя?

-Уг нь энэ дэлхий дээр түүхий нефтьгүй олон орнууд байдаг. Тэр орнууд хэд хэдэн нийтлэг аргуудаар шийддэг. Тодруулбал түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн энд тэндгүй боомт дээр байдаг. Иймд бензин, дизель түлш нийлүүлэх үүсвэрийг ядахдаа хоёроос доошгүй байлгавал худалдан авагч талд буюу Монгол Улсад ашигтай тусна. Нөгөө талаар зах зээлийн зарчмаар нийлүүлэлт дээр өрсөлдөөн бий болгоно гэсэн үг.

Өнөөдөр ийм байдалд хүрсэн нь олон шалтгаантай байгаа байх. Ажил хариуцаж байгаа хүмүүс нь сайн мэдэх болов уу. Минийхээр бол эрх баригчид маань нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэгчээ бас дахиад л ганцхан “Роснефть” болгочихсонтой холбоотой. Нөгөө талаас ОХУ дайны байдалтай байгаагаас дайны машин механизмд дизель их хэрэглэдэг тул дотоодод нь дизелийн эрэлт ихэссэн байх. Энэ эрсдэлийг урьдчилж хараагүй байж магадгүй. Бас Монгол Улсын бүхий л салбарыг гамшгийн байдалд оруулж байгаа томоохон хүчин зүйл болох улстөржилтөөр сонгуулийн дараа мэргэжлийн сайн хүмүүсийг халаад цүнх баригчид, сонгуулийн менежерүүдээ хариуцлагатай албан тушаалд томилсонтой шууд холбоотой.

Ер нь дээр үеэс л гурав дахь хөршүүдийн Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн дунд ОХУ-ын Элчингийн хүн “Монголыг манайх нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр замын тээвэр гурваар байдалд оруулж чадна” гэж ярьсан гэх аман яриа байдаг. Энэ үнэний ортой. Ер нь дэлхийн хэмжээнд стратегийн бүтээгдэхүүнд ордог шатахуун бензин гэх мэт бараан дээр хоёр орны дарга нар сайн найз нар учраас утсаар яриад шийдчихнэ гэдэг арга барил найдвартай биш байх. Байнга дарамттай. Тийм л учраас нефтьгүй орнууд зах зээлийн болон бизнесийн зарчмаар энэ асуудлыг шийддэг бололтой юм.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед бас түлш шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүсэх эрсдэлд тулж байсан гашуун туршлага бий. Ямартаа ч үнийг нь тогтвортой барьж шийдвэрлэж байсан санагдаж байна. Өнөөдөр ч харж болох шийдлүүд хэрэгжүүлж байсан байдаг шүү дээ?

-Бид хийх ёстой ажлаа хийсэн санаатай.Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй бусад орны туршлагыг уйгагүй судалсан юм. Хомсдол үүсгэж байгаагүй. Ийм бүтээгдэхүүн дээр нэгдүгээрт хомсдол үүсгэхгүй байх, хоёрдугаарт, зах зээлийн үнээр бензинийг авах, гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд нөлөөлдөг тул аль болох урт хугацаанд тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал байдаг. Уг нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад хуулиараа стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний үнэд иргэдийнхээ амьжиргааны өртгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зохицуулалт хийх үүрэгтэй. Нефтьгүй ардчилсан, хөгжилтэй орнууд ч адилхан байдаг юм билээ.Энэ хуулийн орчин хэвээрээ байгаа болов уу. Одоо ч бас сайн мэдэхгүй байна. Шалтгаан нь зарим үед Засгийн газар болон Засгийн газрын төлөөний хүн бензиний үнийг чөлөөлсөн гэж ярих. Би мулгуу болохоор энэ байдлыг сайн ойлгоогүй байж магадгүй шүү.Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийн өсөлт хэцүү байсан. Бензиний үнийг өсгөхгүйн тулд Онцгой албан татвар, гаалийн татварыг бууруулна, дагуулаад л “Роснефть”-ийн бүтээгдэхүүний хилийн үнэ, мөн экспортын татвар нь нэмэгдэнэ. Гэхдээ энэ байдлыг манай баг давж чадсан.

-Ярилцлагын эхэнд та стратегийн ийм бүтээгдэхүүн дээр улс орон хоёроос дээш нийлүүлэгчтэй байх ёстой гэлээ. Яг л энэ асуудал өнөөдөр тулгарчихлаа шүү дээ. Ганц эх сурвалжаас хараат байснаас ямар нөхцөлд хүрэв. Япон, Казахстан, Хятад, Солонгос гээд гуравдагч хөршүүдээс импортлох боломжтой гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Таныхаар ямар боломжийг харж байна вэ?

-Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь дээр болов уу. Ер нь нефтийн бүтээгдэхүүн дээр хомсдол үүсгэх нь маш хариуцлагагүй байдал. Энэ үед яам, агентлаг хариуцлага хүлээдэг нь олон улсын жишиг. Бензиний хомсдол нь эдийн засгийн бүх үйл ажиллагаанд нөлөөлдөг хор уршиг ихтэй учир Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний нөөцийн хугацаа нэг сар байсныг дахин уртасгаж хоёр сар болгож байсан. Хэрэглээ ихтэй Япон, Солонгос зэрэг орнууд бараг зургаан сарын нөөцтэй байсан санагдаж байна. Тэд нефть хямд үед нь нөөцөө түүхий нефтиэр бүрдүүлдэг. Шалтгаан нь түүхий эд нь бүтээгдэхүүнээсээ ууршилт багатай байдагтай холбоотой.Тэгээд нефть боловсруулах хувийн хэвшлийн олон үйлдвэртээ боловсруулаад явчихдаг юм билээ.

-“Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээх гэдэг бодох л шийдэл байна. Ер нь үеийн үед үүсдэг нефтийн хараат байдлаас Монгол Улс бүрэн ангижрах боломж байна уу?

-Нэгд, хамгийн найдвартай арга нь нефть боловсруулах үйлдвэртэй болох л чухал шүү дээ. Энэ үйлдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед барьж эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил нь явагдаж байгаа гэж ойлгосон. Тэгээд хямд үед нь түүхий нефтиэр хангалттай бүрдүүлэх учиртай. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг дуусгаж, төр хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барих саналыг ҮАБЗ-д оруулсан боловч түүхий эдээ хэрхэн бүрдүүлэх дээр асуудал гарч, дэмжигдээгүй зогссон түүхтэй. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай түүхий нефтийн хэмжээ нь “Петрочайна”-гийн олборлон экспортолж байгаа түүхий нефтийн хэмжээнээс бараг хоёр дахин илүү тул энэ түүхий нефтийг хаанаас авах вэ? гэдэг асуудал гарсан. Байршил нөхцөл байдлыг бодоход дахиад л “Роснефть” компаниас авах гарц байсан. Өөр хувилбарууд ч байж болох талтай. Иймээс ҮАБЗ нефтийн бүтээгдэхүүн дээрээ “Роснефть”-ээс хамааралтай, дахиад түүхий нефтьнээс хамааралтай болсноор давхар дарамт үүсэх нь тодорхой юм байна гэж үзсэн. Харин хувийн хэвшилтэйгээ хамтарч үйлдвэр барихыг дэмжсэн. Ийм үйлдвэрүүд 100 хувь төрийн өмчийнх болохоор үйл ажиллагааны болон нэгж бүтээгдэхүүний өртөг зардал өндөр тусдаг.

Дээр нь энэ салбарт технологийн дэвшил хурдацтай явагддаг учир хоцрогдчихдог, тогтвортой сайн, шинэлэг менежмэнт шаардлагатай байдаг. Өнөөгийн байдлаас харахад манайд бол шахаа хийсээр байгаад дампууруулчихаж магадгүй. Эсвэл амьдралдаа компани авч явж үзээгүй, туршлагагүй цүнхчин аваачаад тавьчихвал тэгээд бараг дуусна даа. Жишээлбэл, одоо манайх гадны орны зээл болон, төсвийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг барьж байх шиг байна.Энэ нь яваандаа томоохон скандал үүсгэж магадгүй. Иймээс ашиглалтад орохоос нь өмнө энэ үйлдвэрийн эзэн төрийн өмчийн компанийн 50 хувийн хувьцааг дотоод, гадаадын хувийн хэвшилд зараад тэднийг оруулчихвал маш сайн явах тал бий. Үүгээр дамжаад түүхий эдийн асуудлыг дарамт багатай шийдэх боломж ч гарч магадгүй. Тэр тусмаа гурав дахь хөршийн нефть боловсруулах салбарын томоохон хөрөнгө оруулагчийг оруулж чадвал илүү сайн байх талтай.

-Нефть боловсруулах үйлдвэрийг төр хувийн хэвшил хамтарч авч явах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Өмнөх агуулгаа үргэлжлүүлээд дуусгая. Хоёрт, стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэгч нь хоёроос доошгүй байж эрсдэл буурна. Үүний тулд худалдан авагч нь байнга эдгээр нийлүүлэгчдээсээ тодорхой харьцаагаар сайн нөхцөлийг уралдуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авна гэсэн үг. Нэгийг нь хаячихаад ганцхан нийлүүлэгчтэй сайжирч явж байгаад нөгөөдөхдөө дарамтлуулахаараа нөгөө хаясан нийлүүлэгчээ гуйж гувшина гэдэг бол зарчимгүй ажил хэрэг юм. Голсон юм голд орж, шилсэн юм шилд ордог гэдэг байх аа.

Гуравт, санхүүгийн аргачлалууд буюу бирж дээр ирээдүйд авах бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, үнийг урьдчилж тохирох санхүүгийн fitures болон биржээр дамжуулж бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдэлийг бууруулах, мөн даатгал ашиглах Hedging зэрэг үүсмэл хэрэгслүүдийг ашиглах ёстой. Мөн төр,хувийн хэвшлийн хамтарсан сангаар дамжуулж нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гээд зөндөө хувилбарууд байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Намын бүлгүүд хуралдана DNN.mn

Намын бүлгүүд хуралдана

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын танхимд, АН-ын бүлэг 10.00 цагаас Их эзэн Чингис хаан танхимд хуралдана.

Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийнэ DNN.mn

Найрсаг хөршийн нөхөрлөлөө өвлүүлж, эрин үеийн яруу түүхийг хамтдаа бичье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж байна.

Өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн хоёр улсын тэргүүн хатагтай нарын уулзалт болно.

Ташрамд дурдахад, Монгол Улс болон БНХАУ 1949 оны аравдугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Үүний дараа онд Улаанбаатар болон Бээжин хотод тус тус Элчин сайдаа яамаа байгуулж байв.

1994 онд хоёр улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлд “Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заажээ.

Харин 2014 оны наймдугаар сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон ю

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дөрвөн их наяд төгрөг босгож, метро ч барих боломжтой DNN.mn

Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Та хаагуур, юу хийж явна вэ. Сэлэнгийн жижиг аж ахуйтайгаа л “ноцолдож” явна уу?

-Сэлэнгийн Зүүнбүрэн суманд амьдарч байна. Үхрийн ферм байгуулж бизнес хийх гэж үзлээ. М.Зоригт хүртэл манайд очиж “Бидний цөөхөн монголчууд” нэвтрүүлэгтээ оролцуулж ярилцлага хийснийг олон хүн үзэж. Гэхдээ үхрийн ферм гэдэг чинь ярихад амархан, хийхэд хэцүү ажил юм билээ. Нийслэл хүү малчин болох ч амаргүй байлаа. Дийлэхээ болиод үхэрнүүдээ зарж нэг юм “санаа амарсан”. Ашгүй, эхнэр, охин хоёр маань йогийн багш нар байж таараад нөгөө фермээ йогийн кемп болгоод, түүнийгээ хардаг “хаминдаагийн” ажил хийж байна даа. Ном уншиж, нийтлэл бичих завтай, харин сайхан ажил юм аа.

Эрх чөлөөний цочролын тухай ном бичиж эхэлж байснаа явсаар олон түмэн өөрөө дарангуйлал руу тэмүүлдэг болохыг ойлгож, одоо энэ тухай ном бичих санаатай нухаж байна. Ер нь хүн чинь эрх чөлөө, дарангуйллын хооронд савлаж байдаг амьтан бололтой. Өөртөө эрх чөлөөг хүсэх атлаа бусдад бол чанга гар хүсэн алцганаж явдаг амьтан аж.

-Та хууль хяналтын байгууллагаар яваад байгаа асуудлынхаа талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Би шоронгоос гараад зөндөө мэдээлэл өгсөн л дөө. Өөрөө үзээгүй бололтой. Хачин шүү. Хүмүүс хэн нэгнийг гүтгэхэд сенсацилахдаа сайн атлаа няцаалтыг нь сонирхож тоодог ч үгүй юм. Нэгэнт асуусан болохоор чинь хариулъя л даа.

Дөрвөн сар шоронд суугаад Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, дөрөвдүгээр сард шүүх болсон. Шүүх хурал нээлттэй болсон тул шүүх хурлын заал дүүрэн оролцож ажиглагчаар суусан. Намайг хэрхэн нотолгоогүй хэрэгт хууль бусаар холбогдуулсныг хараад шүүгч нар төдийгүй тэнд сууж байсан хүмүүс бүгд л гайхаж сүүлдээ тэсгэлээ барж дуу алдацгааж байсан. Тэнд сэтгүүлчид ч цөөнгүй харагдсан. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа мэдээг нь хүмүүс нэг их сонирхохгүй байна лээ. Харин прокурор шүүхийн тогтоолын дагуу хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон. Ардын яриагаар хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн үг.

-Та “Түгжрэлийг шийдэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний газар доогуур метро барих, хотын дундуур тавьсан төмөр замыг хос болгох асуудлыг яаралтай эргэж сэргээх ёстой. Хувийн хэвшилд хариуцуулбал 2-3 жилийн дотор хийчихнэ” гэж жиргэсэн. Үүний бүх тооцооллыг яриад өгөхгүй юү?

-Намайг хотын дарга болохоос өмнө метро барих урьдчилсан судалгаа Монголын засгийн хүсэлтээр Жайка байгууллага хийгээд урьдчилсан ТЭЗҮ-ийн тайлангаа гаргачихсан байсан. Жайкагийн судалгаа маш чамбай судалгаа болсон байсан. Хамгийн хачирхалтай инээдэмтэй, егөөтэй нь багагүй хэмжээний төлбөр төлсөн тэр том судалгааны ажлыг нөгөө захиалга өгсөн Засгийн газар нь тоож ч хараагүй. Хараагүйгээр барахгүй, БРТ гэх мэтийн шал өөр тээврийн хэрэгслийн тухай яриад яваад өгсөн юм билээ. Ер нь манай төр засгийн байгууллагууд баахан судалгаа захиалчихаад түүнийгээ “ор тас мартчихдаг” нь донор байгууллагуудыг цочирдуулж, гайхшилыг нь бардаг. Би хотын дарга болоод Жайкагийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн тайланг уншаад Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэх нэг гол шийдэл нь метро болохыг сая ойлгосон.

Энхтайваны өргөн чөлөөний дагуу газар дээгүүр давхих трамвай, БРТ мэтийн бусад хэрэгсэл түгжрэлийг бүр тэг зогсолт болгох аюултай юм. Хөндлөн гарсан замуудаа бүгдийг хаасан том хаалт болж хувирана.

Жайкагийн судалгааны сонирхолтой нь Улаанбаатар хот маань Энхтайваны өргөн чөлөө хэмээх ганц тэнхлэг рүү сунасан хот байв.

Бодоод үз дээ! Энхтайваны өргөн чөлөөний дагуу эмнэлэг, их дээд сургууль, төрийн захиргааны байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, их дэлгүүрүүд, захууд гээд л хүн амд чухал хэрэгцээтэй бараг бүгд бий. Дээрээс нь Улаанбаатар хотын цаг агаар метронд зориулсан мэт өндөр хэлбэлзэлтэй байж таарсан. Ер нь л Энхтайваны өргөн чөлөө бол метронд зориулсан мэт өргөн чөлөө аж!

-Метро баривал ТЭЗҮ-ийг нь хэрхэн хийвэл зүгээр вэ?

-Жайкагийн эхлүүлсэн үйл ажиллагааг яаралтай дахин сэргээх хэрэгтэй. Тоо баримт мэтийн олон зүйл өөрчлөгдсөн учраас өмнөх судалгаа, тооцооллуудыг шинэчлэх багагүй ажил хийгдэх ёстой болно. Цаг хугацаа алдсаны төлбөрөө төлөхөөс өөр аргагүй. Дээрээс нь метро барих ажлыг баталгаатай болгох эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Хотын даргын дур зоргоор төсөл гацдаг байдлыг дахин гаргуулахгүй байх хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх хэрэгтэй. Улстөрчдийн “идээ уугаа”-аас хол байлгах нь зүйтэй.

Жайкагийн урьдчилсан төлөвлөгөөний тайланд төр ,хувийн түгшлэлээр хийх нь зүйтэй гэсэн санал тусгагдсан байсан.

-Метро барилаа гэхэд бид зардлаа дийлэх юм уу. Бөөн өр алдагдалд орчих асуудал үүсэх юм биш биз?

-Уг нь метро бол сая орчим хүн амтай,нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянга орчим доллартай тэнцэх хотод ашигтай ажилладаг гэсэн тоооцоо тухайн үед жишиг болдог байсан. Гэхдээ, жишээ нь Америкийн хотууд төлөвлөлтөөсөө болоод их хүн амтай, орлоготой ч гэсэн метро нь ашиггүй ажилладаг явдал байдаг. Харин манай хотын нягтрал ихтэй орон сууцны хороолллоос, мөн эрс тэс уур амьсгалаас болоод метро ашигтай байх магадлалтай гэсэн тооцоо гарч байсан.

-Метрог улирал харгалзахгүй барих боломжтой юу. Зохион байгуулалтыг яаж хийвэл 2-3 жилийн дотор барина гэж та харж байгаа вэ?

-Үнэндээ Жайкагийн тооцоогоор дөрвөн жилд барьж дуусгах тооцоотой. Гэхдээ сайтар бэлдэж чадвал манай хувийн хэвшлийнхэн хурд ихтэй гэдгээ олон удаа харуулсан. Гадныхан ч үүнийг бас анзаарсан байдаг. Намайг хотын дарга байхад Монголын замын компаниуд ямар хурдан зам тавьж чадаж байгааг гадныхан хараад гайхаж байсан юм шүү. Бид өөрсдийгөө үндэслэлгүй доош хийх өвчтэй л дээ. Сайн харах юм бол нөхцөл нь саадгүй бүрдсэн манай компаниуд бүтээмж өндөртэй. Манай барилгын компаниудыг хар л даа. Өвлийн урт улирал гээд бэрхшээлтэй атлаа дулаан орны барилгатай уралдаж хороолол босгож байна шүү дээ. Одоо оросуудыг хол хаяад, хятадуудтай бүтээмжээрээ өрсөлдөж байна. Тийм учраас ажил эхлэх зөвшөөрөл хурдан өгөгдвөл манайхан тэр хэрээрээ л хурдан хийж гүйцэтгэнэ.

Метро барихад онцлог нь улирал харгалзахгүй, газрын гүнд хийгдэх учраас! Тэр битгий гол шинэ технологиор хийгдэх учраас бид унтаж байхад ч чимээ гарахгүй хийгдэнэ гэж Японы мэрэгжилтнүүд надад хэлж байсан юм.

-Хувийн хэвшилд хариуцуулаад бариулах боломжтой гэлээ. Гэтэл Монголд метро барих хэмжээний хувийн хэвшил байгаа юм уу?

-Оюу толгой хэмээх дэлхийд ховорхон уурхайн газар доорх байгууламжийн дотоод хонгилыг манай компаниуд доторлогоо хийж гүйцэтгэж байна даа.

-Хотын асуудлыг шийдэх том төслүүдийн санаа, ТЭЗҮ нь байгаа ч хөрөнгө дээрээ гацчихаад байх шиг байна. Үүний гарцыг та хэрхэн харж байна. Бид мөнгө яаж босгох вэ?

-Япончуудтай хамтарч хийсэн төсөлд мөнгө амархан босдог. Япон бол хөрөнгө оруулагчдыг дууддаг “том дуудагч” юм гэдгийг бид хаа хаанаа ойлгож, үүнийг нь ашиглах цаг болсон..

-Улаанбаатар хот түүхэндээ анх удаа 420 тэрбум төгрөгийн төсөв зарцуулах эрхтэй болсон. Энэ мөнгийг та яаж зарцуулах ёстой гэж бодож байна. Олон ажил руу орж цалгардаж байхаар зорилтот нэг төсөл хэрэгжүүлэх ёстой юу?

-Энэ эх үүсвэрийг төсвийн хуулийн дагуу зөв менежмэнт хийвэл дор хаяж дөрвөн их наяд төгрөг одоо босгож метро ч барих боломжтой. Үүнийг Ерөнхий сайд ч ойлгохгүй юм. Сангийн сайд ч ойлгохгүй юм. Хотын дарга бол бүр ч ухаарахгүй байна. Хотын мэдэлд уурхай байна гэнэ, түүнийгээ барьцаалж зээл авна ч гэх шиг тэс хөдлөнгийн зүйл ярьж байх юм. Уурхайгаар барьцаалж өөр төсөлд зээл өгдөг ганцхан л улсын банк бий. Тэр Хятадын банк!

Зах зээлийн цэвэр эдийн засгийн зарчмаар бол уурхайгаар барьцаалж уурхайн бизнест л зээл өгнө шүү дээ! Хятадын төрийн банкууд л улс төрийн зорилгоор уурхайгаар барьцаалж сургууль, эмнэлэг, спортын ордон зэрэгт зээл өгч Африкийн орнуудыг дампууруулж байгаа. Хятадын банкууд өөрсдөө ч дампуурч эхэлж байх шиг байна даа!

-Хот хариуцсан сайдтай болсон. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хотын даргаа ажил хийж чадахгүй байна гээд хусчихаж чадахгүй болохоор нь ийм шинэ арга нэвтрүүлж үзсэн юм байлгүй. Бидний үед Засгийн газар нь хотоо дэмжих бус, харин хот нь Засгийн газраа дэмжээд болоод л байсан даа.

-Та Хотын даргатай уулзаад байх шиг харагддаг. Д.Сумъяабазар даргад ямар зөвлөгөө өгч байна?

-Төсвийн хуулиа л сайн ойлго, бас мэдэхгүйгээ мэддэг бай, даруухан хэрэглээтэй бол гэж зөвлөх байна. Би хотын дарга байхдаа юу ч мэдэхгүйгээ мэдэж, гадны төслийнхнийг эрээ цээргүй даган гүйж шпиргалк их авдаг байсны ачаар овоо юм сурч, ойлгож, мэдэж авсан. Мэдэхгүйгээсээ ичих хэрэггүй. Бас хотын дарга нь даруухан хэрэглэгээтэй байхад иргэд нь их дуртай байдаг юм. Төсвөө сайн ойлгож харвал хэрэгтэй мөнгө олдохоор байгаа шүү! Монголын нийт хадгаламж, мөнгөний эргэлтийн 80 гаруй хувь нийслэлд байгаа.

-Тантай ярилцаж байгаагийнх АН-ын эв нэгдлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Залуучуудад АН-ыг нь даатгаад орхиж болохгүй юу?

-Шүүхээр дарга бүртгэгдвэл манай асуудал шийдэгчих юм л даа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг л биелүүлэх хэрэгтэй. Өөр юм байхгүй. Тухайн үед М.Тулгат, О.Цогтгэрэл хоёр тохироод л Их хурлаа хамт хийгээд шүүхийн шийдвэр биелүүлчихсэн бол өдийд манай залуус ард түмнээ манлайлчихсан ялалт өөд явж байх байсан юм. Ард түмэн бараг л нийтээрээ манай намыг дэмжихээр болчихоод байна.

Сүүлийн 30 гаруй жил манай сонгогчид, МАН гэдэг живхээ норчихоор нь АН гэдэг хуурай живхээр солиод, тэр нь норчихвол эргээд хатаасан МАН гэдэг живхээ хийдэг байсан юм. Манай ард түмэн ардчиллыг ингэж ашиглаад сурчихсан. Өдгөө МАН гэдэг живх нь шал нойтон болчихоод хайраад болохгүй байна шүү дээ!

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 28, Сумъяа гариг. Билгийн тооллын 5, яруу эгшигт одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8:16 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -27 хэм хүйтэн, ялимгүй цас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -28…-30 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -40…-45 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32…-37 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -25…-30 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -28…-33 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -28…-30 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.