Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Батзандан: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг болсон байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өчигдөр мэдээлэл хийлээ.


Тэрбээр “2019 оны нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд 50 мянган хүн МАНАН дэглэмийг устгаж, Монголоо шинэчилье гэсэн уриатай жагсаж байсан. МАНАН алга болж, устсан уу гэж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайханаас, Л.Болдоос бас Ж.Батзандан нараас асуух цаг болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар таван гишүүнтэй нийлж, М.Энхболдын бүлэглэлийг засаг төрөөс зайлуулж, Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан нөхдөд хариуцлага тооцуулж, оффшор хөрөнгийг оруулж ирж, шударга ёсыг тогтоохоор тэмцэж байсан цаг саяхан. Хамт тэмцэж байсан нөхдийн зарим нь том дарга болоод ярьж байсан зүйлээ мартсан байна. Хамт тэмцэж явсан нөхдөө шорон гяндангаар айлгадаг болсон байна. Батзандан чи хамаагүй юм яривал шоронгийн хаалга хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон байна. Бид том булчинтай, том дарга нараас айж байна. Гэхдээ Монголын ард түмэн юу хүсч байгааг том дарга нарт өдөр болгон сануулж, шаардахын тулд “Шинэ хувьсгал” хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор байгуулж байна. Монгол Улс сөрөг хүчингүй болоод олон жил боллоо. Сөрөг хүчний дуу хоолой дутагдсанаас болж эрх баригч нам атар онгон, зэрлэг болсон байна. Жаахан хатуу үг хэлэхээр “ална шүү” гээд мессэж явуулж байна. Одоо сөрөг хүчний дуу хоолойг “Шинэ хувьсгал” хөдөлгөөнөөр босгож ирнэ. Өчигдөр намайг хэвлэлийн хурал зарласны дараа шөнийн 24 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх дэд сайд, дотны анд, миний ах Авлигатай тэмцэх газар дээр баривчлагдаж байна гэж би сонссон. Та өнөөдөр Ж.Батзандангийн тусыг мартсан байж магадгүй. Мартаж болно. Гэхдээ өнөөдөр танаас нэг л зүйлийг хүсье. Шударга ёсыг тогтоохын төлөө бидэнтэй хамт явах уу. Бидэнтэй хүчээ нэгтгээч гэж бид танаас хүсч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 93 хувиар Сүхбаатар аймагт ялуулсан дотны анд нь миний ах Ж.Бат-Эрдэнэ. Тиймээс Ерөнхийлөгчид хандаж нэг юм хэлье. Дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорьдогоо одоо боль. Хүүхэдтэйгээ муудчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил аа, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөө. Таныг ядарч явахад би олон удаа тусалж явсан хүн шүү. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байхдаа өөрөө өөрийгөө тагнасан гэдэг хэрэгт холбогдчихоод явж байхад чинь таныг өмөөрч байлаа. Таны Засгийн газрыг огцруулаад Н.Номтойбаяр Ерөнхий сайд болох гээд орж ирэхэд М.Энхболдын бүлэглэл таныг унагах гээд дайрч байхад АН-ын гурван гишүүн таныг дэмжиж авч үлдэж байлаа. Монголоо өөрчлөхийн төлөө та яриад байсан баялгийн хувьсгалаа хийхийн төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж хүсч байна. Өөрийнхөө дэд сайд, найзыгаа шоронд хийнэ үү, шонд өлгөнө үү таны асуудал. Миний асуудал биш. Ж.Бат-Эрдэнэ та хоёрын паянг би маш сайн мэднэ. Би УИХ-ын гишүүн байхдаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга, тагнуулын дарга Б.Хурцыг ч хатуу шүүмжилдэг байсан. Хэн нь ч над руу мессэж бичиж дарамталдаггүй байсан шүү, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө. Та тэгэхээр тайван бай. Та гурван сая 500 мянган хүний Ерөнхийлөгч. Улсын эцэг шиг бай” гэв.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй яагаад муудалцах болов?

-У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж нарын суу залийг бид мэддэг болсон. Манай Ерөнхийлөгч сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг болсон байна лээ. Би тэр хүнийг ядарч явахад нь тусалж байсан хүний хувьд задарч явахад нь шанаа өгье гэж бодоод хатуу үг хэлсэн.

-Таны ах Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендерээс их хэмжээний мөнгө авлига авч, бусдад давуу байдал олгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-2018 оны тавдугаар сард Дархны замын тендер шалгаруулалт болсон. Тухайн үед Зам, тээвэр хөгжлийн сайд нь Б.Энх-Амгалан гишүүн байсан. Энэ хүмүүс Дарханы замын тендерийг зохион байгуулсан. Миний ах Ж.Бат-Эрдэнэ У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Улс төрийн ажил хийж байсан хүн. Улс төрийн ажилтан тендер сонгон шалгаруулалтад ордоггүй юм аа. Ж.Батзанданг яаж буруутгах уу гэж худал үнэн хэрэг зохиохоо боль. У.Хүрэлсүх бид хоёрыг муудалцуулахын тулд зохион байгуулж магадгүй. Би У.Хүрэлсүхтэй нүүр тулж уулзаагүй байна. Намайг Монголыг өөрчлөх судалгаа хийгээд ир гэж Австрали руу явуулсан. Би жил судлаад ирлээ. 2019 онд МАНАН-г устгана гэж биднийг жагсаж байхад 21 гэрийн 11 гэрийг нь Д.Амарбаясгалан барьж өгсөн.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Ариунболд жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Узбекистан улсын Ташкент хотод жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) аравдугаар сарын 6-13-нд болж байна.

Тус тэмцээний эхний өдөр манай улсаас дөрвөн бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн боллоо.

“Ташкент-2022”-т 82 улсын 571 тамирчин оролцож байна. Манай улсаас

  1. -60кг Э.Ариунболд
  2. -60кг Э.Сумьябазар
  3. -66кг Г.Хэрлэн
  4. -66кг Ё.Басхүү
  5. -48кг Б.Баасанхүү
  6. -48кг Г.Наранцэцэг
  7. -52кг Б.Хорлоодой
  8. 73кг Ц.Цогтбаатар
  9. 81кг Б.Эрдэнэбаяр
  10. 90кг Г.Алтанбагана
  11. -100кг Б.Гончигсүрэн
  12. +100кг О.Цэцэнцэнгэл
  13. 57кг Л.Энхрийлэн
  14. 57кг М.Ичинхорлоо
  15. 63кг Б.Ганхайч
  16. 70кг Ц.Энхчимэг
  17. -78кг Б.Эрдэнэт-Од
  18. +78кг А.Адьяасүрэн нар зодоглож байна.
Categories
мэдээ цаг-үе

Олон жил гацсан том төслүүд ирэх онд амь орох нь DNN.mn

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэнээр инфляци 10 хувьд хүрнэ гэж төсөөлжээ


УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийг хэлэлцэн батална. Өөрөөр хэлбэл Монгол Улс ирэх жил хэр орлоготой байх, олсон мөнгөөрөө юу хийх, ямар бүтээн байгуулалтууд шинээр босгох, эдийн засгаа хэрхэн өөд нь татах, энэ нь нийт иргэдийн амьдралд яаж нөлөөлөх зэрэг хамгийн чухал хуулиа батлах учиртай. Ковидын дараахь эдийн засгийн хямралтай зэргэцээд өрнөсөн дайн самууны сөрөг нөлөөг Монгол төдийгүй дэлхий нийтээр амсаж байна. Бүхий л улс орон бодлогын хүүгээ нэмж, мөнгөний урсгалаа хянаж багасгаж эхэлсэн энэ үед манайх ч ижил арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Монгол банк бодлогын хүүгээөнөөдрийн байдлаар 12 хувь болгон өсгөөд байгаа. Нийт улсын инфляци 14,4 хувьтай байгаа энэ үед өргөн барьсан төсөв эдийн засагт хэр үр өгөөжтэй байх бол гэж олон хүн сонирхон харж байна.

Тэгвэл эдийн засагчид, мэргэжлийн аналитикчид 2023 оны төсвийг “тун боломжийн”гэж дүгнэж эхэлжээ. Ингэж дүгнэхэд хүргэсэн гол гол бодлогын арга хэмжээнүүд юу байв гэдгийг онцолж харья.

  • 2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцжээ. Өмнөх жилээс 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьжээ.

2. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ.

3. Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.

4. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд хэрэгжинэ.

5. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэнэ.

6. 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% дуусна.

7. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

8. Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг бууруулна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө.

9. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө.

10. УБ хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-с чөлөөлнө.

11. Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ.

12. Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно.

2023 оны улсын төсөв өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц, буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэж Засгийн газар үзжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа DNN.mn

МАН-ын залуучууд засгийн эрх барьж байна. Энэ улс орныг бүхэлд нь захирч байна. Хүн бүхэн тэдэнд бөхөлзөж байгаа биз. Ийм байхад намынхаа эмээ өвөө нарт яасан ч эрдүү, бярдуу байх юм бэ. Наад Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн… бүгдээрээ ажил амьдрал туулсан, ач зээгээ үзсэн, төр засгийн ачааны хүндээс үүрэлцсэн хүмүүс шүү дээ. Ийм хүмүүс МАН-д олон бий.

Сая ажлын танилцуулга дээрээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл яамныхаа мэргэжилтэн, газар хэлтсийн дарга нарын бэлдсэн илтгэлийг уншлаа. Түүн дотор нь “Улны айл өрх” гэсэн үг явж байж. Тэр яамныхан иргэдийг тэгж нэрлэдэг юм байна. Хаалганы цаана төрийнхөн ард түмнээ ямар дорд үздэгийн тод жишээ. Далд хэлдэг ярьдаг, доромжилдог тэр үг хэллэгийг нь Д.Сарангэрэл сайд ил болгосон нь тэр. Харин тэр үгэн дээр нь МАН-ын дүү нар ямар айхавтар тоглолт хийв ээ. Ард түмэн ч үнэндээ тэр үгийг анзаарах сэхээгүй, амьдрахын төлөө зүтгэж явна. Харин тэдэн рүү, масс руу гар утсаар нь дамжуулан хүчээр хүргэдэг технологио МАН-ын эрх баригч дүү нар ганган хэрэгжүүллээ. Ач зээгээ үзсэн, ажил амьдрал туулсан Д.Сарангэрэл авхайд эрэлхүү, бяралхуу л хандлаа. Хэзээ байтлаа хэлсэн ганц үгийнх нь төлөө сайдыг ХЭГ-ын дарга үсэрч гарч ирээд 24 цагийн дотор огцруулсан мэдэгдэл хийж байлаа. Монголын төр засгийн түүхэнд гайхамшигтай хурдан огцруулалт боллоо. Эмээ гэж хэлсэнд Д.Сарангэрэл сайд эмзэглэж байгаа бол уучлаарай. Гэхдээ эмээ болчихсон бүсгүй таныг намын залуус чинь дээрэлхэж байна гэж би харж байна. Эр бяраа гаргалаа гэж үзэж байна. Д.Сарангэрэлийн оронд П.Анужин сайд байсан бол ингэж эрдүү, бярдуу хандах уу. Их аятайхан хандах байх. Ядаж эр хүний нүдээр ширтэж, эргэж мэдэгдлээ хянах байх. Ер нь бол МАН-ын эрх баригч дүү нар эмээ нарыг хүн гэж үзэхээ байгаад хоёр дахь сонгууль дээрээ явж байна. Өмнөх УИХ-д гишүүн байсан М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Оюундарь… бүх эмээ нараа тэд жийсэн. Бүр сонгуульд нэр дэвшүүлэх саналыг нь ч асуулгүйгээр эрдүү бярдуу хандсан. Сүүлчийн үлдэгдэл эмээ болох Д.Сарангэрэлд осолдохгүй НАМЭХ-ны Ерөнхийлөгчийнх нь хувьд ХНХ-ын сайдаар томилсон ч, нэр зүүж 10 хонуулаад хусдаг байна шүү. Тэгэхээр өнөөдрийн Их хурлын гишүүн энэ хэдэн эмэгтэйд хандаж хэлэхэд их улс төрд хэдэн жил оршин тогтноё гэвэл эмээ болохгүй байхыг хичээгээрэй гэж хэлэх ёстой юм уу, хаашаа юм. Эмээ л болчих юм бол эрдүү бярдуу зангаа намын залуус чинь харинчиг нэг үзүүлэх нь. Тэдэнд хэрэггүй хүмүүс боллоо гэсэн үг. Ганц Их хурлын гишүүний тухайд ч биш юм. Сая Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг хэрхэн дээрэлхэж байгааг харав уу. Тэр бүсгүйн 55 нас хүрсэн нь, МАН-ын дүү нарын чадалд хүрэхгүй нь түүний буруу юм уу. Цагтаа эдгээр эмэгтэйчүүд нь та нар шигийг байтугай Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хүндлэлийг хүлээж явсан юм.

МАН-ын өвөө нарт тэдний хандлага бас буруу байна. Цаст уулын цагаан арслан цагаа болохоор талын шоргоолжинд бариулна гэдэг үг Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн… гээд өнөөдөр төрд зүтгэж байх бүх ахмадуудад, өвөө нарт таарах үг болж. Улс төрд үхэхээс бусдыг үзсэн Ц.Нямдоржийг МАН-ын дүү нар ийм хүнд цаг үед халуун тогоо бариулан ашиглалаа. Тэгээд “Одоо чиний хэрэггүй” гэсэн шиг хөөж явуулав. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралын сүүлийн 30 жилийн түүхэн гэрч, оролцогч, хамгийн том дата бааз болсон Ц.Нямдорж яагаад та нарын дунд байж болдоггүй юм. Эрдүү бярдуу, эрэлхүү дээрэлхүү байхад чинь саад болоод байна уу. Эмээ өвөө нараа хамгаалаад байна уу. Яг үнэндээ Ц.Нямдорж шиг хууль мэддэг, хууль хүчнийхнийг хазаарладаг улстөрч өнөөдөртөө байхгүй шүү.

Д.Хаянхярвааг хүнийх нь хувьд ямар төвөгтэй байдалд МАН-ын дүү нар оруулав. Миеэгийн хүн гэдгээр нь хөөсөн байх. Гэхдээ зүгээр л “Та одоо яв” гэхэд Хаян эрхбиш ойлгох, мэдрээд явчих байсан байлгүй дээ. Ингээд явуулчих хүнийг гүйцэтгэх ажиллагааны “бай” болгож, үр хүүхдээр нь оролдож, цахилгаан гавтай сар жилээр нь шаналган зовоож, бах таваа хангах шаардлага юу байсан юм бэ. Д.Хаянхярваад дэндүү эрдүү бөгөөд бярдуу хандлаа. Намынх нь нэгэн залуу том дарга өглөө утасдаж “Та орой гэхэд нэг нөхрийн гадаадад сурах сургуулийнх нь урьдчилгаа болох 10 мянган доллар бэлэн болгоотох” гэдэг. Өнөө болдоггүй бор өвгөн Д.Хаянхярваа нь юун ч гэнэн юм, улс төрд өчнөөн удсаны хэрэггүй, хуурай дүү рүүгээ залгаад гялс аваад ир гэжээ. Үүнийг нь анаж байсан гүйцэтгэх ажилтнууд авчирч, өгч байгаа үйлдэл дээр нь камертай орчих жишээтэй. Тэр бичлэг, зургаа гэрлийн хурдаар нийгэмд цацчихаж байгаа юм. Ингээд хөөрхий өвөө “Хүүхдүүдийг минь зүгээр орхичих, би авлига авсан гэж хүлээе” л болсон. Иймэрхүү юм нүдэн дээр л болох юм байна шүү дээ. Тэр болгоныг ярьж хөөрч, бичиж нийтлэхээс залхаж байна шүү дээ. Ингээд л УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан, намдаа басчиг нөлөөтэй өвгөнийг намынхаа 30 дугаар Их хурлын өмнө, Миеэгийн фракцийг босгох нь гэдэг хардлагаар будаа болгож, ажил ч үгүй болгон, намынхаа бусад өвөө нарт сургамж болголоо. МАН-ын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг болох Х.Бадамсүрэнг бас буланд шахлаа. Түүнийг Эрдэнэтээс хөөж гаргангуутаа хамгийн хүнд нөхцөлтэй яамны Төрийн нарийн бичгийн даргаар шахаж, настай хүнийг дооёолдог нь өөдгүй хэрэг. 60-тай хүн байтугай 50-тай хэд нь сөхрөх шахдаг хүнд ажил бол Төрийн нарийнууд шүү дээ. Энэ мэтээр өвөө нараа МАН-ын залуус зүгээр суулгахгүй байна. Эрдүү бярдуу хандаж, төр рүү хошуу дүрэх гэсэн бүгдийг алах нь. Шууд гэрийн мухар руу нь цөлж байна. Ийм нас тэдэнд ирэхгүй юм шиг харгис байна.

Ямар ч цаг үед Монголын төрд ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээ явж ирсэн. Хэзээ ч Монголын төрөөс яваагүй, явбал төр засаг дэнжигнэх тийм алтан хэлхээс. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс эхлээд 1940-1950 он хүртэлх Оросын шахалт, дарамт дор Монголын төрд Г.Бумцэнд гэж өвгөн партизан УБХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанд хадаастай юм шиг сууж төрийн тамгыг сахисан. 1960 оноос Ж.Самбуу гэж өвгөн АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр тэгвэл хэн гэгч өвгөн Монголын төрд овойгоод сууж байна вэ. Өнөөдөр Тэргүүн шадар сайдын албыг бий болгож УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг томилж яагаад болохгүй гэж. Г.Бумцэнд, Ж.Самбуу гуай нар бол тухайн үеийн залуухан удирдагч нартаа юу хийхийг нь биш, харин юу хийж болохгүйг нь хэлж, сануулаад сууж байдаг байсан юм билээ.

Ийм Монгол төрийн мэргэн өвөө нар өнөөдөр байхгүй байгаа учраас эрх баригч МАН-ын дүү нар заримдаа айл гэр болон тоглочих гээд байх шиг харагдах юм. Амьдрал үзсэн, ажлын ард гарч сурсан, сайн мууг их сонссон, тэвчээр хатуужлын туйлууд МАН-д уг нь олон бий дээ. Тэд өнөөдрийн улс төрд оролцоотой байсан бол валютынхаа нөөцийг шавхтал долларын хяналтаа алдах байсан уу, Хятадын хил гааль хаагдах байсан уу, Таван толгойн орд арай эрт эрүүл эдийн засаг болох байсан уу… гээд харамсах зүйлс байна. Өвөө нар мөнгө босгож чадахгүй байж болно. Харин үнэн үгийг бол та нарт яг л хэлнэ. Үнэн үг хэлж байгаа хүн шиг үнэ цэнэтэй хүн амьдралд байдаггүй юм даа. Эцэст нь эрх баригч МАН-ын дүү нартаа хэлэхэд, та нарын зүгээс болж бүтэж байгаа юм шиг ганц л зүйл байна. Тэр бол та нарын пиар л юм даа, пиарыг л айхавтар хийх юм даа…

Categories
мэдээ цаг-үе

Ургац хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Ургац хураалт | News.MN

Ургац хураалт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбуудайн хураалт 42.1 хувьтай байна. Түүнчлэн:

  • төмс 85.9 хувь,
  • хүнсний ногооны хураалт 72.2 хувьтай, малын тэжээл 25.6 хувьтай,
  • тосны ургамал 20 гаруй хувьтай тус тус үргэлжилж байна.

Улсын хэмжээнд энэ онд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 588.5 мянган га-д тариалалт хийсэн юм.

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байв.

Categories
мэдээ цаг-үе

“Чингис хаан” музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ DNN.mn

Чингис хаан музей: Тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь  бэлгэдэл бодсон хэрэг юм | Zaag.MN

Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдсан “Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 11-ний Мягмар гарагт нээгдэж, иргэд үзэх боломжтой болох нь.

Түүх, соёлын 10,400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна.

“Уг музей байгуулагдаж буй нь таван үндсэн ач холбогдолтой.

  1. Монголын төрт ёсны түүхийг цогцоор нь харуулах
  2. Соёлын өвийг стандарт, аюулгүйн шаардлага хангасан нөхцөлд хадгалах
  3. Бүх насны монголчууд төдийгүй монгол туургатан, бүс нутаг дэлхий дахины хүмүүсийг татах, тэдэнд Монголын түүхийн үнэн зөв мэдээлэл өгөх
  4. Эдийн засгийн хувьд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой болж буй
  5. Монголчууд өөрсдөө том бүтээн байгуулалт хийж чаддагийг харуулсан жишээ болж байгаа юм” хэмээн музейн захирал С.Чулуун МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа онцлов.

Хамгийн сүүлд музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар хямралын ирмэгт ирлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн 2023 оны төсвийн тухай хуульд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-2020 онд Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэддээ ээлтэй, хүндрэл чирэгдэлгүй, өвчнөөс болж ядууралд хүргэхгүй нөгөө талаас эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд бидний олон жил хүсэн хүлээсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг, авсан цалин нь амьдралд хүрдэг байх тийм тогтолцооны эхлэлийг тавьсан.

Монголбанкны албан ёсны цахим сайтад байршсанаар 2021 онд инфляци 9-10 хувь байжээ. Харин 2022 онд 15-16 хувьтай байна. Долларын ханш бодит байдал дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн. Эмнэлгүүдийн худалдан авдаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бүгд инфляциа дагаад өссөн байтал Засгийн газраас эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг 2022 оны төсөвтэй адил оруулж ирсэнд харамсаж байна.

-Эдийн засаг хүнд байгаа болохоор хэмнэлтийн горимд шилжиж ажиллах ёстой гэсэн зарчмаар төсвөө боловсруулсан юм биш үү?

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сард баталсан 01 дугаартай тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний тарифын хэмжээг тооцож оруулж ирсэн нь инфляци, долларын өсөлт, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тарианы өсөлтийг тооцоогүй байгаа юм. Уг тогтоолын 3.1.1-д зааснаар албан ёсны статистикаар инфляцийн сүүлийн хоёр жилийн нийлбэр 10 хувиас давсан, 3.1.3-д зааснаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн хоёр жилийн дотор 20-иос дээш хувиар өссөн тохиолдолд тусламж үйлчилгээний суурь тарифыг заавал шинэчилнэ гэж баталсан. Гэтэл эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг тооцохдоо өөрөө өөрийнхөө баталсан тогтоолыг зөрчиж, тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг инфляци, долларын ханшийн өөрчлөлт, багаж хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэйгөө уялдуулан нэмэгдүүлж шинэчилж, эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг бодитой тооцож оруулж ирээгүй. Үүнд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүний хувьд сэтгэл тун дундуур байна.

-Улсын төсөвт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ингэж тусгаснаар нийгэмд ямар үр дагавартай байх вэ?

-Энэ бүхний цаана иргэд хохирно. Хэдэн сараар эмнэлэгт үзүүлж буй иргэдэд хамгийн хүндээр тусна. Яагаад гэвэл тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээний зардал нь олгож буй зардалдаа хүрэхгүй болохоор эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дургүй болно, оочер дараалал бүр нэмэгдэнэ. Эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүйд хүрнэ. Өдрөөс өдөрт юмны үнэ өсч байхад авдаг цалин хөлс нь амьдралд хүрэхгүй байхаар манай салбарын олон хүн мэргэжлээ орхиж, өөр ажил төрөл хийж, зарим нь гадагшаа явж байгаа нь бодит үнэн.

-Ирэх онд эрүүл мэндийн салбар хүнд байдалтай нүүр тулгарна гэж та хэлээд байна уу?

-Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифыг шинэчилж, 2023 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол тийм байдалтай нүүр тулна. УИХ-аас 2023 онд баталсан Эрүүл мэндийн даатгалын хуулийн 14.9.12-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь тусламж үйлчилгээний өртгийн жинг батлахдаа орон тооны бус техникийн хорооны мэргэшсэн шинжээч, судлаач нараар бодитой тооцоо хийлгэж дүгнэлт, зөвлөмжид нь үндэслэн шийдвэр гаргана гэж хуульчлан баталсан. Гэтэл УИХ-аас баталсан хуулийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2.1-д заасан Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэсэн заалтыг зөрчиж байна.

-Энэ онд эхлүүлсэн эрт илрүүлэгт 60.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин ирэх онд энэ дүн яаж өөрчлөгдөх вэ?

-УИХ-аас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад миний бие эрт илрүүлэх, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлэх талаар оруулж өгсөн. Үүнд 2022 оны төсөвт 60.8 тэрбум төгрөгийг төсөвлөж өгсөн. Гэтэл 2023 оны Улсын төсвийн төсөлд тусгайлан санхүүжилт тавигдаагүй байна.

Эрүүл мэндийн сайдаас асуухад 100 тэрбум төгрөг төлөвлөсөн боловч Сангийн яам хасч хуучин төсвөөр нь оруулж ирсэн байна гэж хэллээ.

-Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй эмийн талаар их гомдоллох юм билээ?

-Бид хөнгөлөлттэй эмийг хүндрэлгүй, иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалж, үнийг нь даасан шиг даадаг болгохоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэтэл хэрэгжүүлэхдээ хүндрэлтэй болгож байгаад харамсаж байна. Иргэдийн зүгээс ч хөнгөлөлттэй эмийн талаар маш их гомдолтой байна. Хөнгөлөлттэй эмийн үнэ маш их өссөн, авдаг тэтгэвэр тэтгэмж нь эм аваад л дуусдаг, хөнгөлөлттэй эмийг бичүүлэхэд төвөгтэй болсон гэж иргэд маань хэлж байна. Эрүүл мэндийн яам иргэдээ сонсож, батлагдсан хууль тогтоомжийг хүндрэл учруулахгүйгээр хэрэгжүүлэх шаардлагатай.

-Нийгэмд элэгний Д вирусийн эм нэлээд хүлээлт дагуулдаг. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-УИХ-аас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний Д вирустэй иргэдээ эмчлэх тухай тусгасан. Энэ ажил хоёр жил огт хэрэгжээгүй учраас энэ хавар миний бие Эрүүл мэндийн сайдаас асуулга асууж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Асуулгад Эрүүл мэндийн сайд удахгүй вирусийн эмийн судалгаа дуусна, эмийн компанитай олон удаагийн уулзалт хийж нааштай байгаа гэх мэдээлэл өгч байсан. Гэтэл өнөөдөр энэ ажил урагшлаагүй байна. “Элэг бүтэн монгол” хөтөлбөр тусгайлан төсөвт суух ёстой. Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудаа, ард иргэдээ сонсож ажиллах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Харагчин могой өдөр DNN.nm

2022.10.7, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.7, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 06.59-18.21
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө цас орж, явган шуурга шуурна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Иргэд “Зогсоолоо
шийдээгүй барилгын
компаниуд байрныхаа
үнийг бууруулах нь зүйтэй” гэснийг “Өдрийн сурвалжилга” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбар
хямралын ирмэгт ирлээ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү
бөгөөд бярдуу байх юм аа” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
сөрөг хүчний шүүмжлэлд маш эмзэг
болсон байна” хэмээн ярилаа.

Монголчууд КК паркаас суллагдахын тулд
өөр хохирогчдыг хуурч аваачсан байж
болзошгүй байна.

Сэтгэл зүйч Б.Баярцэнгэл “Хүмүүс амархан залилуулж
буй нь боловсролгүй, сэтгэл зүйн
асуудалтай байгааг илтгэнэ” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ