Categories
мэдээ цаг-үе

Ковидын 51 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Hình ảnh Yếu Tố Vector Covid 19 Png đỏ PNG , Hô Hấp, Viêm Phổi, Chăm Sóc  Sức Khỏe PNG và Vector với nền trong suốt để tải xuống miễn phí

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусын халдварын 51 тохиолдол батлагджээ. Үүний 25 нь Улаанбаатарт, 26 нь Өмнөговьд аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 983 845 боллоо.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 3 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 54 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Мөн хугацаанд 61 хүн эдгэсэн бол 176 хүн хяналтад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батмөнх: Халхын гол руугаа явах гээд чемоданаа бэлдээд сууж байна даа DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын эрүүлийг хамгаалахын болон соёлын тэргүүний ажилтан, ахмад дайчин, бэлтгэл хошууч Гончигийн Батмөнхтэй уулзаж хөөрөлдлөө.


-Та хоёр дайнд оролцсон хүн. Цэрэг армитай амьдралаа холбосон түүхээ хуучлаач?

-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул. Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуунд 1923 онд ард Гончигийн гуравдахь хүү болж төрсөн хүн дээ. Одоо 92 нас хүрч байна. Манайх мал малын захтай, тэмээнээс бусад малтай айл байлаа. Гэтэл 1932 оны усан бичин жилийн зуднаар ээж минь цасан шуурганд малтайгаа уруудаж алга болоод аав гурав дөрөв хоног үхэр адуугаа хайж яваад ололгүй унасан морьтойгоо ирсэн. Ингэж хүн малаа зэрэг алдаад манайх гэдэг айл ядруухан аж төрөх боллоо. Аав минь гэнэн томоогүй дүү бид хоёрыг аргадаж “Ээж нь хонио туугаад хүрээд ирнэ. Ээжийгээ битгий их санаарай” гэхэд тэр өвөл, хаваржингаа тэнгэрийн хаяаны зүг нүдээ хөхөртөл ширтэж өнждөгсөн. Тэр жил зуданд үхсэн малынхаа махаар л голоо зогоож байсан. Аав минь заримдаа хоёр хүүгээ ганц моринд сундлуулан хөтлөөд айлаас гуйлга гуйдаг сан. 1933 онд Зотолхаан суманд хүн малын тооллого боллоо. Энэ тооллого чинь одоо архивт байдаг улсын хэмжээний анхны тооллого байгаа юм. Миний дүүг Г.Доржпалам гэдэг. Ингээд 1937 оны гал үхэр жилийн хавар манайх Дорнод аймгийн төв Матадын наймдугаар дивизийн дарга нартай уулзан дивизийн халуун ус, угаалгын эрхлэгч, аргал түгээгч зэрэг ажил хийх болж, улмаар дүүг маань хөгжмийн салаанд сурагчаар оруулсан. Хөгжмийн салаан дарга нь ахмад Гомбосүрэн, хөгжмийн жагсаалын дарга ахлагч Санжаа гэдэг хүн байлаа. Дашдорж гэдэг хүн хөгжим заадаг байсан. Би аавд нэмэр болохын хажуугаар Дашдондог гэдэг хүнээр гэрээрээ хөгжмийн дадлага, ноот заалгасаар шалгалтаа өгч тэнцсэнээр армитай амьдрал минь холбогдож эхэлсэн дээ.

-Халхын голын байлдаанд та яаж оролцов?

-Японы эзлэн түрэмгийлэгчид 1935 оноос манай улсын хил рүү өнгөлзөх болж, 1939 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 31 хүртэл гучин есөн удаа хилийн халдлага хийсэн байдаг. 1939 оны тавдугаар сарын 11-нд байлдаан эхэлсэн. Есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл байлдаан үргэлжилсэн юм. Энэ дайнд Доржпалам дүү маань Чойн Дугаржавын 23 дугаар морьт хороотой оролцсон. Би Нянтайсүрэн хурандаагийн Матадын наймдугаар дивизийн хамт тавдугаар сарын 14-нд Халх голын зүг хөдөлж, 16-ны бага үдийн алдад доод Баянцагааны орчимд хүрч араас ирэх хүн хүчийг хүлээв. Ингээд морин тэрэгэн дээрхи хээрийн халуун тогоотой хоолоо идээд хөдлөхөөр завдан байтал Халхын голын зүгээс улаан таван хошуутай гурван онгоц нисэн ирлээ. Дивизийн штабаас агаарын дохио өгсөн ч улаан таван хошуутай онгоц байсан учраас түгшүүрийн дохиог буулгасан байлаа. Ингээд морь тэмээгээ идэшлүүлж байтал нөгөө онгоцнууд Буйр нуурын зүг нисээд явчихлаа. Удалгүй Буйраас эргэж ирүүтээ дээгүүр пулёметоор шүршчихлээ. Бидний зарим нь дөрвөн дугуйтай тачанкан доогуураа орж нуугдсан ч долоон хүн хөнгөн шархтаж, есөн морь үхлээ. Пулёметын суманд сийчүүлсэн шилбээ тасдуулсан морь чинь их өрөвдөлтэй. Эзнээ харж янцгаагаад, босч ирэх гээд нүд нь дүрлэгнээд ёстой харуушгүй юм чинь тэр билээ. Мал эмнэлгийн эмч дэслэгч ирээд хоёр морийг үзээд буугаа шууд сугалж аваад хулхинд нь тулгаад буудчихсан. Эзэн цэргүүд нь “Малын эмч гэсэн чинь малын эрлэг” байна гэж уйлаад эмээлээ үүрээд явж байсан.

-За ингээд дарийн утаа үнэрлээд эхэллээ. Дайсантай нүүр тулан тулалдаж эхлэв үү?

-Агаарын довтолгоо өнгөрсний дараа цэргийн дарга нарын гэр бүлийнхнийг мэргэжилтэй мэргэжилгүйгээр нь ялгалаа. Арван найм есөн хүүхэн байна. Нянтайсүрэн дарга надад эднийг болоод хөнгөн шархтнуудыг дивизийн ар тал руу хүргэх үүрэг хүлээлгэлээ. Эр хүн болж дайнд оролцоно гэж сэтгэл шулуудан явсан надад энэ бол урам хугалсан шийдвэр байлаа. Цэргийн хүн тушаалаар байдаг хойно яалтай билээ. Галын шугам дээрээс буцлаа. Дивизийн ар талд байлдаж яваа дарга нарын гэр орныг харах, цэргийн казарм сахихаас гадна зав чөлөөгөөрөө дивизийн эмнэлэг дээр очиж шархтнуудын шарх сорвийг цэвэрлэж тусална. Цэргүүдийн ар гэрт захиа бичиж өгнө. Эмчлүүлэгсдэд дуу дуулж, шүлэг уншиж, хөгжим тоглож өгөх зэргээр ажил мундахгүй. Аравдугаар сар хүртэл иймэрхүү ажил хийсэн дээ. Халхын голын галын шугамаас хөнгөн шархтнуудыг Баянтүмэний эмнэлэг рүү, хүнд өвчтнүүдийг Чита хот руу онгоцоор ачаад аваад явна. Чита руу явсан шархтнууд дийлэнх нь бурхан болсон доо.

-Та Монголын Улаан загалмайн нийгэмлигийн анхны гишүүн гэсэн үү?

-1939 оны зургадугаар сард Дорнод аймаг тэр чигээрээ МУЗН-ийн анхны гишүүн болцгоосон. Зүүн дөрвөн аймаг тэр чигээрээ л хамрагдсан.

-Шархтсан цэргүүдийг авч явахад хэцүү юу?

-Хөнгөн шархтай цэргүүдийн сэтгэлийг нь дээш татаад байхад гайгүй ээ. Шог шүлэг уншихаар инээнэ.

-Ямар шүлэг уншдаг байв?

-Манай дүү болохоор “Бүрхэг манан, саруул туяа” гэдэг гамингийн тухай шүлэг уншдаг байсан. Би болохоор “Манжгогийн үнэн чанар” гэдэг шүлэг уншина.

“Манай нутгийн жигүүрт

Манжуур нутгийн тэртээд

Буун дуу гарахыг

Ажин сонсож мэдвээс

Дайн байлдаан үүсэхийг

Дарийн утаа үнэртэж

Хэзээний үхсэн манжийн угсаа

Хэдхэн тооны феодалын баячууд

Хэргээ барж, шороо үмхэнэ” гээд уншихаар цэргүүд хөхрөөд сүйд болно шүү дээ.

-Таныг алдарт жанжин Георгий Константинович Жуковтой дайны талбарт уулзаж явсан тухай “Улаан-Од” сонины эрхлэгч Да.Дамдиндорж гуайн бичсэн нийтлэл байдаг байх аа?

-1939 оны зургадугаар сарын эхээр байлдаанд шархтсан цэрэг дайчдыг авахаар Халх голын районд байсан дивизийнхээ фронтын ар талын эмнэлэгт хүрч очоод байлаа. Шархтан байгаагүй учир бид арагш буцаагүй байсан юм. Манай дарга Ц.Хургаа Говь-Алтайн цэрэг Соном бид хоёрыг тэмээнд хөллөсөн халуун тогоогоор усанд явж ирэхийг тушаалаа. Худаг дээр очиж усаа авч байтал гэнэт ард талд машины дуу гардаг юм. Эргэн харвал жижиг тэрэгнээс нэг бүдүүн орос дөрвөн ч цэрэг хувцастай залуугийн хамт буугаад ирлээ. Манай дивизийг асууж байгаа бололтой. Орос хэл мэдэхгүй болохоор дэмий л гараараа заалаа. Тэд бидний ховоо хувингийн уснаас нэлээд залгилж, гадуураа гэр бүхий дашмагт уснаас хийгээд машиндаа тавьчихаад буцаж ирлээ. Тэгснээ худгийн баруун өмнө талын бут дэрсэнд шүдэнзний хайрцаг өлгөж тогтоогоод хоёр орос дарга тус б үр хоёр буудсан ч оносонгүй, хоорондоо л шуугилдацгааж байна. Тэгэхээр нь би өөрийнхөө буугаар буудъя гэж дохьсонд хэлмэрч бололтой хүн миний хэлснийг даргадаа нэвтрүүлсэнд инээмсэглэн толгой дохив. Би гар буугаараа буудаад шүдэнзний хайрцгийг оночлоо. Тэгтэл бүдүүн орос дарга надад баяр хүргэж арван төгрөгөөр шагнахад хичнээн их баярлаж байсан гэж санана. Хожим мэдэхнээ намайг шагнасан тэр хүн ЗХУ-ын улаан армийн цэргийн алдарт жанжин Г.К.Жуков байсан. Надад бэлэглэсэн хорин дөрвөн оны анхны цаасан тэр арван төгрөг одоо Монгол цэргийн музейд байдаг юм. Жуков жанжны штабын байр Хамар даваанд байсан шүү дээ. ЗХУ-ын цэргийн дээд зөвлөл тавдугаар сарын 31-нд хуралдаад Жуковоор Халхын голын байлдааныг удирдуулах шийдвэрийг гаргаж зургадугаар сарын 6-ны өдөр шууд онгоцоор буугаад явж байхдаа надтай худаг дээр таарсан юм билээ.

-Та байлдааны талбараас шархтан зөөж явсан биз?

-Долдугаар сарын 4-ний өдөр ангийн холбоочин окопонд шархдаад байхад нь суган доогуур нь дэмнэж тэврээд явж байтал японы онгоц бөмбөг хаяж бид хоёр шороонд булагдан уналаа. Арай л бидний дээр хаячихаагүй хэрэг. Япон нисгэгчид ёстой муухай улайрсан туучийнууд байсан юм. Бөөн хүчин дээр хаядаг цэргийн тактик байхгүй, нэг хүн ч байсан пулёметоор шүршиж байдаг, нэг морьтой хүн ч явж байсан бөмбөг хаяж байдаг ёстой муухай амьтад. Азаар бөмбөг яг бид хоёрын урд талд туссан. Булагдсан шорооноосоо гарч ч амжаагүй байтал бөмбөгөн цув, төмөр малгайтай хоёр хүн ирсэн. Тэгэхнээ тэд оросын агаарын их бууны 135дугаар ангийн цэргүүд байсан. Төмөр каск чинь 39 онд манай цэрэгт байгаагүй юм шүү дээ.

-Зүгээр л цэргийн малгайтайгаа байлдаж байсан хэрэг үү?

-1945 оны байлдаанд л манайхан төмөр малгайтай байлдсан. Монголчууд 1939 онд зүгээр л притек малгайтайгаа, завсраар нь цэцэг навч, захиа махиагаа хавчуулаад явдаг байсан. Бид иймэрхүү л байдалтай байлдаж явсан даа. Япон чинь есдүгээр сарын 16-нд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан мөртлөө 22-нд Зургадугаар дивизийн Пунцаг даргын арван дайчны долоон морийг барьж байсан жолооч цэргийн хамт устгасан юм шүү дээ. Японы тэр муу хөх онгоц гарч ирэх болгондоо заавал хэрэг тарьдаг туучий байсан юм. Халх голын дайн ингэж дөрвөн сар тав хоног буюу 125 хоног байлдсан юм даа.

-Та Халхын голын байлдааны бүх тэгш ойд оролцов уу?

-Далан жилээс бусад бүх ойд оролцож байна. Энэ жил таван хүн л Халхын гол руу явах юм уу даа. Энэ дайнд нийт хорин есөн мянган хүн оролцсон гэдэг юм. Одоо үлдээд байгаа нь гучин нэгэн хүн байгаа юм уу даа. Түрдэг тэрэгэн дээр нэлээд хүн байдаг гэсэн. Ах нь одоо Халхын гол руугаа явах гээд хувцсаа хийх чемодан энэ тэр авах гээд завгүй л байна даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан” музейд Төрийн есөн хөлт цагаан тугийг заллаа DNN.mn

Түүх, соёлын 10 400 орчим дурсгалыг дэлгэх “Чингис хаан” музейн нээлтээс шууд дамжуулан хүргэж байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гарган, музейд залж буй.

Өнөөдрөөс иргэдэд үүдээ нээж байгаа “Чингис хаан” хаад, язгууртны музей:

  • 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй,
  • насанд хүрэгчдэд 30 мянга,
  • оюутанд 15 мянга, г
  • эр бүлд 20 мянган төгрөгөөр үйлчлэх аж.

“Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2,000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей” гэдгийг музейн захирал, академич С.Чулуун өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тодотгож байлаа. Музей маргаашнаас иргэдэд үйлчилж эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага аравдугаар сарын 20-ноос эхэлнэ DNN.mn

Мэдээ.МН

2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-ныг дуустал явагдана, зарлан дуудах мэдэгдлийг илгээсэн хэмээн нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.

Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага дараах байруудад зохион байгуулагдана.

  1. Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  3. Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  5. Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  6. Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд
  7. Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд
  8. Багануур дүүрэгт “Гүн галуутай” цогцолбор сургууль
  9. Багахангай дүүрэгт “Хангай” цогцолбор сургуулийн байранд цэрэг татлага явагдах юм байна.

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэйг албаныхан хэллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Улсын төсвийн хөрөнгийг өөрсдийн халааснаас гаргаж байгаа юм шиг хуваарилдгаа болих хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ 2023 оны төсөв хэлэлцэж байна. Таны хувьд Булган аймагт маш бага төсөв тавьж байгаа талаар шүүмжилсэн. Б.Жавхлан сайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд заасны дагуу аймгуудад төсөв төсөвлөсөн гээд байгаа. Яг ямар зүйл заалтын дагуу аймгуудын төсвийг хуваарилав?

-Би Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн ямар зүйл заалтын дагуу оруулж ирж байгаа талаарх хариултыг л Б.Жавхлан сайдаас нэхээд байгаа юм. Гэтэл хуулийнхаа дагуу явж байна гэсэн бүдэг бадаг л хариулт өгсөн. Үндсэндээ улсын төсвөөс хөрөнгө оруулалт оруулж байгаа. Энэ нь цэцэрлэг, сургууль, нийгмийн чиглэлийн барилга байгууламж гэх мэт. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтад зориулж Булган аймагт 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс гадна улсын төсөвт орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг аймаг бүрт өгч байгаа. Аймаг бүрийн санхүүжилтийг харахад 2023 онд Булган, Сүхбаатар аймаг дээр найман тэрбум төгрөг, бусад нь өндөр төсөвтэй байна. Орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас Баян-Өлгий, Булган аймагт бага, бусад аймагт өндөр төсөвтэй байх жишээтэй. Энэ дүнг бусад аймгуудтай харьцуулаад үзэхэд манай аймагтай ойролцоо хүн амтай, ойролцоо нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос бүсчилсэн байдлаараа алслал нь адилхан аймгийг харахад төсвийн хувьд нэлээд зөрүү гарч ирж байна. Орон нутгийн төсвийн санхүүжилтийг аймгуудад харилцан адилгүй тусгасан байна. Зарим аймаг нь хоёр дахин илүү төсөвтэй байх жишээтэй. Өнгөрсөн жил мөн адил үүнийгээ эргэн хараач ээ гэж хэлж л байсан. Гэтэл энэ жил өмнөх шигээ л орж ирж байна. Ингэж төсвийг хуваарилж болохгүй. Яагаад ийм байна гэхээр янз бүрийн үзүүлэлт, хууль ярьдаг. Их хуралд орж ирснээсээ хойш Булганд тавигддаг төсвийг тодорхой хэмжээнд нэмүүлсээр ирсэн. Гэхдээ тун хангалтгүй байсаар өдийг хүрч байна.

-Эдийн засаг хөгжлийн сайд ч төсөв хуваарилалтад анхаарах хэрэгтэй болов уу?

-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулж байхад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр С.Бямбацогт гишүүн бид хэд Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь, томоор нь хардаг институцитэй болох хэрэгтэй гэж үзэн Эдийн Засгийн хөгжлийн яамтай байх ёстой гэдгийг тусгасан. Сангийн яамыг тусдаа явах нь зүйтэй гэж үзсэн. Энэ маш зөв зүйтэй яам байгуулагдсан. Том төслүүдээ хэрхэн санхүүжүүлж удирдах вэ гэдгийг энэ яам бодлогоор шийднэ. Жишээ нь, урд хөршид Үндэсний хөгжил шимтгэлийн хороо гэж байдаг. Үндэсний хөгжил шимтгэлийн хороо нь улсынхаа хөгжлийг салбар салбараар нь урт хугацаанд тодорхойлчихдог. Үндэсний хөгжил шимтгэлийн хорооны сайд нь богино хугацаанд чанартай маш сайн ажиллах л үүрэгтэй очдог. Гэтэл манайд нэг нь сайд болохоороо өмнөх Сайдын ажлыг үгүйсгэдэг. Цоо шинэ зүйл гаргаж ирдэг. Улс орны хөгжлийг асуудлын эхэнд тавьж анзаарч харахгүй байна. Жавхлан сайдтай төсвөөс өмнө уулзахад “Яг үнэндээ Ж.Бат-Эрдэнэ гишүүн ээ танай аймаг Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Завхан гэх аймгууд үнэндээ хаягдчихсан юм байна” гэж хэлж л байсан. Хоёрдугаарт, манай аймгийн хажууд улсын томоохон “Эрдэнэт” үйлдвэр байна. Булган аймагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Аль боломж бололцоотой нь Эрдэнэт рүү, эсвэл Улаанбаатар руу шилждэг. Нэг хэсэг Төв аймаг тийм байлаа ш дээ. Хаягдчихаад байсан. Үүнийг л больё гээд байгаа юм. Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд хаана юм хаягдаад байна тэрийг нь нөхөж байх ёстой. Улсын төсвийн хөрөнгийг өөрсдийн халааснаас гаргаж байгаа юм шиг хуваарилдгаа болих хэрэгтэй. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг тэгш авах эрхтэй. Яагаад зарим аймагт нь бага төсөв суулгаад бусдад нь өндөр төсөв суулгачихдаг юм. Энэ талаасаа хуулиа эргэн харах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан.

-Энэ жилийн төсвийг та ерөнхийд нь яаж харж байна?

-2023 оны улсын төсөв төсвийн реформ хийсэн төсөв орж ирж байна. Улсыг томоор нь харах ёстой. Улс орон жигд хөгжих ёстой. Ерөнхий сайд Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог халж, цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ гэсэн. Олон төсөл хөтөлбөрүүдийг больё гэж байгаа юм байна. Гуравдугаарт, төсвөө нэг сайн цэвэрлээд номонд нь оруулаад авъя гэдэгтэй бол миний хувьд санал нэг байгаа. Гагцхүү үнэхээр шинэчлэлээ хийе гэж байгаа бол зайлшгүй засах зүйл төсөв дээр харагдаж байна.

-Тухайлбал?

-Улаанбаатар хотын түгжрэлд зориулж төсөв тавигдах гэж байх шиг байна. Ноднин жил түгжрэлд зориулж 420 тэрбум төгрөг тавигдсан. 420 тэрбум төгрөгийн 300 гаруй тэрбумыг нь түгжрэлд зарцуулсан гэх мэдээлэл бий. Хэрвээ тийм бол энэ жил дахиж 420 тэрбумыг бус 300 гаруйг тэрбум төгрөгийг төсөвт суулгавал зохилтой. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулъя гэж байгаа бол орон нутагт амьдарч буй иргэд ч яг л ижилхэн хэмжээний үйлчилгээ авч амьдрах ёстой. Булган аймагт авто замын төсөл, сумдын халуун усны барилга гээд нэн хэрэгцээтэй олон төсөл үргэлжилнэ. Халуун усны барилга барих гэлээ гэж хэвлэлээр шүүмжлээд байсан. Халуун усны газар нь угаалгын газар, үсчин гээд цогц үйлчилгээний төв байх юм. Энэ маань малчдад, сумын иргэдэд хэрэгтэй. Аймаг, сумдад байгаа халуун усны газар гэж муурын байшинг л юм байдаг. Халуун усчгүй сумд олон байна. Хөдөөд хүрэх үйлчилгээг бид хаячихаад байна.

Categories
мэдээ нийгэм

Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ DNN.mn

Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийнЦагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар самар түүхээр явсан найман иргэний нэг нь сураггүй алга болжээ. Иргэн Ө өнгөрөгч есдүгээр сарын 30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас энэ сарын 6-ны 12:20 цаг хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг 10.10-ны өдрийн 07:30 цагаас 17:00 цаг хүртэл Оргих багийн Гурван шар гэдэг газраас баруун зүгт Нарангийн даваа гэдэг газар хүртэл 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоожээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Аливааг зөвхөн эрчүүд манлайлах ёсгүй DNN.mn

Орчин цагийн хүн хоорондын харилцаанд эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хүн гэх ганц логикоор асуудалд ханддаг болсон талаарх судалгаа дэлхий нийтэд шуугьж байна. Зарим оронд энэ судалгааг үндэслээд төрийн бүтэцдээ өөрчлөлт оруулаад эхэлжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манайхаар бол жендерийн эрх тэгш байдал аж.

Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь өндөр хөгжиж буй улс орнуудын төрийн бүтэц, нийгмийн хандлагаар тухайн улсын хөгжиж, урагшилж байгааг нь тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нийгэм нь эрх тэгш байх зарчмыг хэт шүтдэг, хүйсийн гадуурхлыг тэвчдэггүй үзэл бодолтой, аливаа ажил мэргэжил, үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тавь, тавин хувийн оролцоог хангадаг төрийн бодлоготой орон өндөр хөгжсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр жендерийн мэдрэмжгүй, аливаад зөвхөн эрчүүд манлайлах ёстой гэсэн хандлагатай улс орны хөгжил удаашралтай, гаргаж буй төрийн шийдвэр бодлого нь эргэж буцсан, хэтэрхий нэг талыг барьсан, хатуу байдаг нь дээрх судалгаагаар батлагджээ. Манайд улс орны хөгжил, бодлогыг тодорхойлох төрийн дээд байгууллагуудын буюу гишүүд, сайд, төрийн өндөр албан тушаалтнуудын үнэмлэхүй олонхыг эрчүүд бүрдүүлж байна. Тиймээс дэлхий нийтийн зөв хандлага, хөгжлийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүйсийн эрх тэгш байдлыг бодитой хангах цаг нь иржээ гэдгийг жендер, хүний эрхийн байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай аж. Ер нь аливаа зүйлийг эрчүүд дангаараа манлайлах ёстой гэсэн хандлагаасаа салах хэрэгтэйг энэхүү судалгаа харуулж буй юм.

Асуудалд бодитоор хандаж, төрийн зөв бодлого, шийдвэрийг гаргуулахын тулд хүйсийн эрх тэгш байдлыг төрийн бүх шатанд хангаж ажилласнаар улс орны хөгжил, хууль дээдлэх, хүний эрхийг баталгаажуулахад эрс ахиц гардаг болохыг дээрх судалгаа нотлон харуулав.

Энэ утгаараа УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж, хүйсийн эрх тэгш байдлыг арилгасан цагт л Монгол Улсын бодит үсрэнгүй хөгжлийн тухай болоод зөв төрийн бодлогыг ярих болж таарч байна.

Categories
мэдээ цаг-үе

“Чингис хаан” музей нийт хүн амынхаа 5 хувиас жилд 4,5 тэрбум төгрөгийн орлого олно DNN.mn

Тайлбар байхгүй.

“Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлт өнөөдөр болно. Чингис хаан музейн зөвхөн нэг давхар Монголын үндэсний музейгээс долоо дахин том талбайтай. Музейн үзмэрийн тайлбарыг монгол бичиг, кирилл үсгээр хослуулан бичжээ. Ингэхдээ анх удаа лазер ашигласан бөгөөд угааж, арчиж болдгоороо онцлог. Доод хэсэгт байрлах QR кодыг уншуулснаар гадаад таван хэл дээр тайлбарыг уншиж, сонсох боломжтой.

Хэнтий аймгийн Биндэр уулын ойр байдаг алдарт Рашаан хадан дээр дүрсэлсэн эртний монгол аймгуудын 368 тамгыг нэг бүрчлэн хананд байрлуулжээ. Түүнээс гадна 20 тонн жинтэй Рашаан хаднаас хэв авч, чулууны хуулбарыг олонд сонирхуулахаар байрлуулсан байв. Нэг үзмэрийн хувьд үзэгчдэд хүргэхийн өмнө 23 шат дамжлагыг дамждаг гэдгийг музейн захирал онцлов.

Санкт-Петербург хот дахь “ Эрмитаж” музейд хадгалагдаж буй Чингисийн чулууны бичиг, алтан ордны хаад язгууртнуудын түүхэн ховор захидал, Японы их сургуульд хадгалагдаж буй Чингис хааны нэртэй алтан гэрэгэ, Юань улсын Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбар гээд өмнө нь дэлгэж байгаагүй ховор үзмэрийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр байрлуулжээ.

Тэр дунд Японд хадгалагдаж байсан Юань улсын Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбарыг Монголын талд хуулж өгснөөс 28 хоногийн дараа хосгүй үнэт дурсгалын бүртгэлд орж, дахин хуулбарлах боломжгүй болсон байна. Ийнхүү гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбоотой зайлшгүй шаардагдах үзмэрүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хуулбарласан ховор, сонин түүхийн үзмэрүүд олны хүртээл болоход бэлэн болсон нь энэ.

“Чингис хаан” музейн захирал С.Чулуун: -“Чингис хаан” музейг байгуулах шийдвэрийг одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2019 оны долдугаар сард гарсан байдаг. Үндсэндээ гурван жил гурван сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлж, үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж, зохион байгуулах гэсэн үе шаттай ажиллалаа. “Чингис хаан” музей анхны төрт улс байгуулсан Хүннүгээс эхлэн Монголын их эзэнт гүрний Их Монгол улс, Юань улс, Чингис хааны угсаатны хаад язгууртнуудын түүхийг харуулснаараа онцлог.

Энэ музей нь нийт 11 мянга гаруй үзмэртэй. Үзмэр бүрдүүлэлтийн хувьд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэн, их дээд сургуулиуд, Соёлын үндэсний өвийн төв зэрэг газруудын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалаас бүрдүүлсэн.

“Чингис хаан” музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.

Музей бол хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, мөнгөөр үнэлж болшгүй соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгож, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлдэг бол хоёрдугаарт, эдийн засгийг солонгоруулж, соёлын аялал жуулчлалыг бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Чингис хаан” музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Бидний тооцооллоор нэг жилд нийт хүн амынхаа тавхан хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого олж чадна.

Энэ музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийг зарцуулна. Мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэ төлбөргүй үзнэ. Харин насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой аж.

Соёлын дэд сайд М.Батбаяр: -Монгол Улсын төрийн шийдвэр гурван жилийн өмнө гарч, 2020 оны улсын төсөвт Соёлын сайдын багцад хөрөнгө хуваарилж, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд шав тавих ёслол болсон. Цар тахлын амаргүй нөхцөлд барилга угсралтын ажлыг хийсэн ч 1.6 жилийн хугацаанд барьж, 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улсын комисс хүлээн авсан. Түүнээс хойш үзүүлэг дэглэлтийн ажлыг хийж, өнөөдөр үзэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна. Музей түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалахаас гадна олон талт арга хэмжээг зохион байгуулах ёстой. Өнөөдөр ийм зохион байгуулалттай олон улсын стандартад нийцсэн музей үүдээ нээх гэж байна.

Энэ барилгыг үндэстний мэргэжилтнүүд барьж, зураг төслийг нь нэртэй архитекторч Д.Балдан гэж хүн ажилласан. Музейн дээд давхрын орон зайд Чингис хааны алтадмал баримлыг байрлуулна. Монгол Улсад анх удаагаа хийж буй энэ баримал нь 28 метрийн өндөртэй байна.

Энэ барилгыг урлагийн бүтээлээр чимэглэсэн гэдгээрээ онцлог. Нийтдээ 200 гаруй уран бүтээлчид таван багц ажлыг хийсэн. Музейн орой хэсэгт 5.8 метр өндөртэй алтан шонхор байрлуулсан бол музейн хаалга уран дархны хийц агуулсан, алтадмал, эрдэнийн чулуу шигтгэсэн гээд дангаараа цогт бүтээл болж буй. Мөн барилгын хоёр талд 748 Монголын эртний овог аймгуудын тамгыг байрлуулж, уран барилгад шингээсэн томоохон хэмжээний бүтээн байгуулалт юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Самар түүгч иргэн Д.Дагвадорж: Самар сайн түүж чадвал жилийнхээ хэрэглээний мөнгийг олдог DNN.mn

Минжийн хангай Уртын даваанд самар түүж яваа иргэнтэй ярилцлаа.


-Минжийн заставын уртын даваа гэдэг газар байрласан байгаа гэсэн үү. Одоо яг хаана байгаа вэ. Нүүж шилждэг үү?

-Тийм ээ. Улиастайн Урт руу явж байна.

-Орчин нөхцөлд ямар байна вэ. Ямар сууцанд байрладаг юм бэ?

-Байгалийнхаа модоор рам зангидаж босгоод, цэнхэр гялгар уутаар ороон нөмрөөд, урц шиг зүйл хийгээд дотор нь байрладаг.

-Түлш түлээ, хоол ундаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Хол хэдэн хүн явахаар байна, ойр хэдэн хүн явахаар байна гэдгээ харж байгаад хол явахаар болбол 200, 300 гэх зэргээр хүнийхээ тоогоор мөнгөө гаргаад хоол хүнсээ бэлдээд, бүх зүйлээ базаагаад явдаг.

-Одоо танай отогт хэдэн хүн байгаа вэ?

-Манай отог одоо тавуулаа явж байгаа. Базааж ирсэн хүнс хэрэглээ дуусвал хот руу орно. Гэхдээ хоол хүнс ер нь хангалттай байдаг. Хамгийн гол нь байгальд ургасан зүйлээ хэр хэмжээтэй авах вэ, яаж авах вэ гээд ургац хэр байгаагаас л шалтгаалж бид хоол хүнсээ базаадаг.

-Хэрэглээний зүйл дуусахад ойрхноос авдаг газар байдаг уу. Сумын төв аймгийн төв зэрэг газраас авах уу?

-Байхгүй. Яахав наашаа ирэх унаа байвал хааяа захидаг.

-Хоол хүнсээ дуусахаар санасан нормондоо хүрэлгүй буух тохиолдол байдаг уу?

-Хоол хүнс дуусвал тухайн түүсэн зүйлээсээ бага зэрэг борлуулж хоол хүнсээ базааж авдаг.

-Тэгэхээр наад хавьд чинь хоол хүнс зардаг газар байхгүй гэсэн үг үү. Дамлаад ч болтугай зардаг газар байхгүй юу?

-Байхгүй. Хэрэв хүнс дуусвал хот руу явна. Эсвэл хотоос ирж байгаа хүн байвал захина. Энд ямар ч дамын наймаа байхгүй.

-Танай байрлаж байгаа газар Улаанбаатар хотоос хэдэн км зайтай вэ?

-Нэг талдаа 40 км явдаг. Ирэх очихын 80 км. Ойрхон болохоор хүнс дуусвал өөрсдөө явчихдаг.

-Өдөрт хэдэн кг самар түүж, цайруулдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар самар ховор байгаа болохоор таван хүн өдөрт дунджаар 10кг самар түүдэг. Их ургасан үед таван хүн 50кг самар ч түүх тохиолдол бий. Одоогоор олдоц ховордсон учраас 10кг самар түүж байна. Самрын ургалт маш багассан.

-Цаг агаарын байдал хэр байгаа вэ. Цас хэр орсон байна вэ?

-Өглөө, оройдоо бага зэрэг сэрүүхэн нимгэн цастай байна. Ийшээ бол дөрвөн дугуй мааждаг мосттой машинаар л ирдэг. Мааждаг л бол бүх машин гарна.

-Та нарын байрлаж байгаа газарт өөр хэдэн отог хэр хол зайд байрлаж байна вэ?

-Ер нь энд хүний хөл тасардаггүй. Зарим нь явж байхад зөрөөд их ирдэг. Энэ жилийн хувьд самар их ховордсон байгаа учраас отгууд хол хол байрлаж байна. Өглөө бүр уулын бэлээс дээшээ орой руу нь өгсдөг.

-Самар түүх зөвшөөрөл авдаг уу. Татвар төлөх үү, хууль эрх зүйн байдлаа яаж хангадаг вэ?

-Яахав, таарах улсуудтайгаа таардаг. Таардаггүй хүмүүстэйгээ таардаггүй л юм билээ. Тэгэхээр заавал тусгай зөвшөөрөл авдаггүй. Ерөнхийдөө таардаггүй болохоор чигээрээ л явчихдаг юм. Таараад энэ тэрээ гэвэл яахав нэхсэн мөнгийг өгчихнө. Гарч байгаа хүмүүстэй бол нэг их юм ярьдаггүй юм билээ. Бууж байгаа хүмүүсээс л авах ёстой юмаа авна барина гэдэг л юм байна лээ. Хоосон явж байгаа болохоор нэг их элдэв янз болоод байдаггүй юм билээ. Дээшилж байгаа хүмүүст бол тамхи татахдаа болгоомжтой байгаарай. Асаасан гал түүдгээ унтрааж байгаарай. Хог хаягдлаа цэвэрлэж янзлаарай л гэж хэлдэг юм байна лээ.

-Ан амьтад хэр элбэг байна вэ. Зэрлэг амьтан таарч байна уу?

-Хүн их бөөгнөрөхөөр ан амьтад нь алс л явчихдаг. Хүний үнэр, галын үнэрээр дүрвээд алсуур явдаг. Ойр хавиар зэрлэг амьтан байхгүй. Шөнө болохоор харин гүйдэл энэ тэр нь таардаг юм уу, урдуур хойгуур явдаг л юм. Чоно ульж байгаа сонсогддог. Бор гөрөөс хажууд ирж орилно. Айхавтар аюултай зүйл бол байдаггүй. Хол тайга руугаа ямар байдаг юм гэхээс зах газраа гайгүй дээ.

-Уртын давааныхаа гүн рүү ордог уу. Тайга руугаа орж байсан уу?

-Тайга руу ордоггүй. Уртын давааны энгэрээр л байрладаг. Сүлжээтэй байна гэдэг нь ойрхон л байрлаж байгаа юм. 40-50 км гэдэг чинь ойрхон газар 100 км-ээс дээш л хол шүү дээ.

-Тэр гүн рүү нь хүмүүс ордог уу?

-Оролгүй яахав. Хүн тасардаггүй.

-Гүн рүүгээ самрын олдоц их үү?

-Арай илүү байлгүй яахав. Тэр гүн рүү хүн болгон ороод байхгүй. Машин болгон гараад байхгүй. Их гүн рүүгээ давирхайны цавуулаг чанар нь их байдаг юм уу, унадаггүй. Наагуур болохоор давирхайны цавуулаг чанар бага байдаг юм уу, хүмүүс ойр ойрхон ирж тогшоод, утаа энэ тэрээс болдог юм уу хурдан унадаг. Тайга руугаа болохоор барагтаа унаж өгдөггүй юм билээ.

-Борлуулалтаа яаж хийдэг вэ. Бөөнөөр нь өгдөг үү, нэгжийн үнээр тооцдог уу?

-Борлуулалтаа кг нь тооцож өгдөг. Одоо кг нь 10 мянгатай байгаа. Машин тэрэг муутай нааш цааш явахад бэрхшээлтэй бол ууландаа өгчихнө. Машин тэрэг гайгүй асуудал гарахгүй бол хот руу оруулаад уулны үнээсээ 1000-1500 төгрөгийн илүү үнээр зардаг. Ихэвчлэн ченжүүдэд өгдөг. Хятад ченжүүд их авдаг. Үнэ цохиж авна.

-Самарт яваад ууланд гарсан хүмүүс өвдвөл яадаг вэ. Эм тан авч явдаг уу, эмчид үзүүлэх шаардлага тулгарвал яах вэ?

-Айхавтар өвдөж хавдаад байхгүй. Ойр зуурын эм тан авч явалгүй яахав. Гэрээсээ хол удаан хугацаагаар яваа улсууд. Эм эмнэлгийн хэрэгслээ авч явна. Өөрийнхөө болгоомжгүй байдлаас болоод гэмтэл бэртэл авчихгүй л бол өвдөж зовоод байх нь гайгүй дээ.

-Хэдээс хэдэн насныхан ихэвчлэн самарт явдаг вэ. Залуучууд их байдаг уу?

-Залуу хөгшингүй бүгд л явна. Тэд эд гэсэн нас байхгүй. Залуучууд нь урин дулаан үед нь явчихаад хүйтрээд ирэхээр явахаа больчихдог. Ерөнхийдөө дунд эргэм насныхан л хүйтрээд ирэхээр ихэвчлэн үлддэг. Яваад сурчихсан туршлагатай болчихдог юм шиг байна лээ.

-Өөрсдийгөө дээрэм тонуулаас хэрхэн хамгаалдаг вэ?

-Тийм зүйл гайгүй дээ. Нэг их гараад байхгүй. Жаахан юм ховордсон үед л бие биенийхээ боргоцой, цайр руу дайрах зүйлүүд мэр сэр гарна. Хүн бүл цөөтэй отогт тиймэрхүү магадлал бас байдаг юм билээ. Одоогоор манай отог тиймэрхүү зүйл үзээгүй байна. Яахав, хааяа түүгээд тавьчихсан боргоцой аваад явчихсан үе байдаг л юм.

-Та Байгаль орчны сайдын хэлсэн үгийг сонссон уу. Самарт явсан 10 хүн тутмын найм нь нас бардаг гэж хэлсэн дээ?

-Сонсолгүй яахав.

-Ямар утас барьдаг вэ. Сүлжээ хэр байна. Хоорондоо холбоо хэрхэн барьдаг вэ?

-Яг отогтоо бол сүлжээтэй. Ойрхон газар утсаараа холбогддог. Хол газар сүлжээ байхгүй. Богино долгионоор 5 км дотроо тэнд явна, энд явна. Энд тийм байна. Тэнд тийм байна гэх мэт мэдээллээ өгдөг.

-Утсаа яаж цэнэглэдэг вэ?

-Хүн бүр повер банктай. Түүнийгээ хот руу орохдоо дүүргэж цэнэглээд ирнэ. Цэнэг нь дууссан нь далд хийгээд нөгөөдүүлийнхийгээ хэрэглэх гэх мэтээр утсаа цэнэглэнэ дээ. Энд ямар тог залгуур байх биш.

-Танай отог хамгийн анх хэзээ наанаа очив. Одоогоор яг хэдий хугацааг өнгөрүүлээд байна вэ?

-Тэнгэр хангай байгаль дэлхийгээсээ шалтгаална шүү дээ. Цас их ороод хүйтэрвэл хүн буухаа л бодно шүү дээ. Тэнгэр хангай дулаахан налайгаад байвал олз арвин олохын төлөө байгаад л байна.

-Түүсэн самрынхаа мөнгөөр хэдий хугацааны хэрэглээгээ хангах мөнгөтэй болдог вэ. Нэг жил, нэг сарын ч юм уу хэрэгцээгээ хангаж чаддаг уу?

-Болох үедээ болно. Болохгүй үедээ болохгүй. Самар арвин жил сайн явж чадвал жилийнхээ хэрэгцээг хангалттай болгох мөнгөтэй болно. Олз тааруу олдоц бага бол юун ашиг зардлаа ч нөхөж чадахгүй үе гарна шүү дээ.

-Та өөрөө самарт яваад хэдэн жил болж байгаа вэ?

-Самарт яваад гурван жил л болох гэж байна даа.

-Самарт явж байгаа хүмүүс мод их гэмтээдэг гэсэн?

-Мод ч айхавтар гэмтээсэн юм байдаггүй л юм билээ. Бидний ойр орчмын мод лав тэгж гэмтсэн харагдаагүй.

-Мод гэмтээж байгаадаа эмзэглэдэг үү?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Байгаль хангайнхаа хишгийг авч байж аль болох гэмтээхгүй эрүүлээр авахыг бодно шүү дээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 11:30-13:00 цагийн хооронд хаана DNN.mn

“Чингис хаан” музейн нээлт өнөөдөр /2022.10.11/ болохтой холбоотойгоор 11:30-13:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг хаана хэмээн ТЦА мэдээлэв.

Тиймээс энэ үеэр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Өөрөөр хэлбэл Төрийн ордны баруун талд байрлах шинэ музейн орчмын уулзварын хөдөлгөөнийг хаах нь. Музейн нээлтэд төр засгийн удирдлагууд оролцох бөгөөд есөн хөлт цагаан тугийг түр залах юм байна.