Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, хоёр урсгал замыг нээлээ DNN.mn

ВИДЕО: Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний ХОЁР ЭГНЭЭ замыг  өнөөдөр бүрэн нээлээ | iSee.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр эгнээ болох 204.11 км замыг өнөөдөр бүрэн нээж байна.

Тодруулбал, Багц-2 хэсгийн 45.5 км зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр бүрэн нээсэн бол үлдсэн хэсэг болох Багц-4 хэсгийн 20 гаруй км замд орж буй төмөр замын гарам, тэмдэг тэмдэглэгээг өнгөрсөн хоёр өдөрт хийснээр ийнхүү зорчих хэсгийг бүрэн нээх боломж бүрдэж байна.

“Нийт төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 2023 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ авто зам бүрэн ашиглалтад орно” гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдэгдлээ.

Ийнхүү Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн гурван Засгийн газар, зургаан сайдын нүүр үзсэний эцэст Дарханы замын хуулсан хоёр эгнээг 6 жил орчмын дараа бүрэн нээж байна. Энэ хугацаанд ЗТХ-ийн сайдаар ажилласан хүмүүс.

  1. Д.Ганбат
  2. Сайд Ж.Бат-Эрдэнэ
  3. Я.Содбаатар
  4. Б.Энх-Амгалан
  5. Л.Халтар
  6. Б.Бямбацогт
Categories
гадаад мэдээ

Кадыров хохирлоо хүлээн зөвшөөрөв DNN.mn

Украины фронтод хүлээсэн хохирлынхоо талаар Чеченийн удирдагч Рамзан Кадыров хүлээн зөвшөөрсөн нь ховор тохиолдол болов. “Энэ долоо хоногийн эхээр Херсон мужид тулалдаж байгаа Чеченийн нэг хороо их бууны цохилтод өртлөө. Манай 23 дайчин алагдаж, 58 хүн шархдсан байна” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ. Энэ нь нэг өдрийн дотор амссан томоохон хохирол болохыг Кадыров онцолсон байна. Украины арми энэ долоо хоногийн эхээр Херсонд байлдаж буй Чеченийн хороог их бууны галын дэмжлэгтэй байрлалаас нь ухраасан тухай мэдээлж байсан юм. ОХУ-ын эрх баригчид Украинд амссан хохирлынхоо талаар тоо баримтыг зарлахгүй байгаагаас Кадыровын энэ мэдэгдэл ховор үйлдэлд тооцогдож байна. Кадыров нь Украины дайныг эхнээс нь талархан дэмжиж байсан хүмүүсийн нэг юм. Гэхдээ тэр сүүлийн үед Оросын армийн удирдлагуудын урагшгүй байдлыг хатуу шүүмжлэгч болоод байгаа. Украины фронтод илүү хатуу харгис байлдааны тактик хэрэглэхийг, бүр цөмийн зэвсэг хэрэглэхийг хүртэл тэр Оросын эрх баригчдад уриалж байжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Бүх төрлийн тээврийн орлого 151.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Экономика ЕС сможет вернуть «довирусные» показатели не ранее, чем через два  года

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр энэ оны эхний 9 сард 39.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (3 хувь) сая тонноор нэмэгдлээ.

Үүнд авто тээврээр тээсэн ачаа 37.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бүх төрлийн тээврээр энэ оны эхний 9 сард 116.5 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 58.7 (2 дахин) сая хүнээр нэмэгдсэн байна. Зорчигчдын тоо нэмэгдэхэд авто тээврээр зорчигчид 56.3 (97.8 хувь) сая хүнээр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа энэ оны 3 дугаар улиралд өмнөх улирлынхаас 5.9 (48.1 хувь) сая тонноор, зорчигч 18.8 (65.5 хувь) сая хүнээр нэмэгдлээ.

Бүх төрлийн тээврийн орлого энэ оны эхний 9 сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 342.7 (33.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд агаарын тээврийн орлого 211.6 (2.8 дахин) тэрбум, авто замын тээврийн орлого 204.8 (65.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Бүх төрлийн тээврийн орлого энэ оны 3 дугаар улиралд өмнөх улирлынхаас 151.9 (33.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Л.Бат-Очир: БНСУ дахь лаборатори руу бөхчүүдийн нэрс явдаггүй. Зөвхөн код л очно. Нэрс нь хар жагсаалтад орох боломжгүй DNN.mn

Үндэсний бөхийн допингийн шинжилгээ тойрсон олон асуудал бий. Тив дэлхийн зэрэглэлийн тэмцээнүүдийн шинжилгээний хариу өдөртөө гардаг бол баяр наадамд шөвгөрсөн бөхүүдийн шинжилгээний хариу хоёр сар орчмын дараа гардаг нь араасаа асар их хардлага дагуулдаг. Өөр нэг ноцтой асуудал нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрс Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA) ын хар жагсаалтад бүртгэгдээгүй байгаа юм. Үүнээс үзэхэд наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шээсийг дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх нэрийн дор мөнгө угаах ажиллагаа явж байх магадлал байгаа юм.

Спортын их эмч Л.Бат-Очиртой ярилцлаа. Түүний тухайд өнгөрсөн жилүүдэд баяр наадмын допингийн шинжилгээнд гардаж ажиллаж байсан юм.


-Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний үйл явц хөшигний ард явдаг нь нийгэмд хардалт дагуулах юм. Энэ шинжилгээг авах үйл явц ил тод, нээлттэй байж болдоггүй юм уу?

-Манайх WADA-ийн гишүүн орон. Шинжилгээ авахдаа WADA-ийн л дүрмийг баримтална. Дүрэмдээ бол нээлттэй явуулах боломжгүй талаар заасан байдаг. Допингийн шинжилгээ өгөх хүн хянагч эмчийн хамт өрөөнд ороод л зориулалтын саванд шээнэ. Үүнийгээ A, Б гэсэн хоёр саванд хувааж хийдэг. Шинжилгээнд “А” савтай шээсийг явуулна. Харин шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа тохиолдолд “Б” савтай шээсийг шинжилгээнд явуулдаг. Бөхчүүдийн шинжилгээг энэ журмаар л авдаг.

-Тамирчин олон улсын итгэмжлэгдсэн лабораторид допингийн шинжилгээнд хамрагдаад бүдэрсэн тохиолдолд нэр нь хар жагсаалтад ордог шүү дээ. Үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээнд бүдэрдэг ч нэрс нь хар жагсаалтад орохүй юм. Ер нь бөхчүүдийн допингийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийдэг юм уу?

-Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн хар жагсаалтыг та анзаарсан бол зөвхөн олимп, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээний үеэр допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчдын нэрс бий. Өөрөөр хэлбэл, тэр олон тамирчин шинжилгээнд бүдэрч байхад нэг бүрчлэн нэрсийг нь хар жагсаалтад оруулдаггүй. Жүдо, чөлөөт, бокс, биатлон гэх мэт их спортын тамирчид бүдэрсэн тохиолдолд хар жагсаалтад оруулна. Мөн үндэсний бөхчүүд допингийн шинжилгээнд хамрагдахад овог, нэр нь БНСУ дахь лаборатори руу явдаггүй. Зөвхөн код л очдог. Тухайн кодны нэг нь лаборатори луу очоод нэг хувь нь тухайн тамирчинд үлддэг. Хариугаа авахдаа кодоо тулгана. Тиймээс допингийн шинжилгээнд бүдэрлээ гээд л овог, нэрийг нь хар жагсаалтад оруулах боломжгүй.

-Бөхчүүдийн допингийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийдэг талаар та онцолж байна. Тэгвэл энэ олон бөхчүүд допингийн шинжилгээнд бүдэрч байхад WADA яагаад огт тоохгүй байна вэ. Допингийн хэрэглээ хавтгайрсан гэх шалтгаанаар олон улсын тэмцээнээс бандуулах эрсдэл ойрхон байгаа юм биш үү?

-WADA өөрөө улс орнуудын үндэсний спортыг нэг их тоодоггүй юм. Их спорт л гэхээс үндэсний спортод огт ач холбогдол өгдөггүй. Энд тодорхой жишээ татаад ярья л даа. АНУ-ын үндэсний спорт бол сагсан бөмбөг. Дэлхийн хамгийн том лиг тэнд байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд тэндээс допингийн шинжилгээ авсангүй. Тамирчид “нисч” байна шүү дээ. Тамирчдынх нь статистик үзүүлэлтүүд ч эрс өссөн. Допингийн нөлөөгөөр тэр. Үүнийг WADA огт тоодоггүй. Үр дүнд “NBA”-ын үзэгчид хэд дахин нэмэгдсэн үзүүлэлт харагддаг. Шууд хэлэхэд, допинг гэж зүйлийн тунг нь тааруулж хэрэглэж байна гэх юм уу даа. Мөн энд Японы үндэсний спорт сумо бөхийг дурдаж болно. Допингийн хэрэглээ нээлттэй байдаг. Тийм байхад WADA манай хэдхэн бөхчүүдийн асуудалд анхаарал хандуулж нэрсийг нь хар жагсаалтад оруулж, олон улсын тэмцээнээс бандана гэж хэзээ ч байхгүй. Харин манайхнаас жүдо болон чөлөөт бөхийн тамирчид ингэж олноор допингийн шинжилгээнд бүдэрвэл асуудал үүснэ. Оросуудын араас орно л гэсэн үг. Тэдний хувьд зохион байгуулалттайгаар допинг хэрэглэсэн нь тогтоогдож олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан шүү дээ. Допингийн шинжилгээнд гардаж ажилладаг эмчийн хувьд онцлоход, манай их спортын тамирчид допингийн зөрчилд тэр бүр холбогдоод байдаггүй юм шүү.

-Бөхчүүдийн шинжилгээг захын эмнэлэгт хийлгэсэн нэр зүүгээд л мөнгө угааж, бөхчүүдийн нэр төрд халдаад байдаг юм биш үү?

-Захын хувийн эмнэлэгт ийм шинжилгээ хийх боломж байхгүй шүү дээ.Бөхчүүдийн шинжилгээний хариуг та анзаарвал албан ёсны зөвшөөрөлтэй эмчийн гарын үсэг, тамга тэмдэг ч байгаа. Тэрнээс биш дурын лаборатори руу явуулаад тийм хариу авах ямар ч боломжгүй.

-Таны ярианаас үндэсний бөхөд допингийн шинжилгээ хэрэггүй гэж ойлголоо. Зохистой хэрэглээ байх нь зөв гэж та хэлж байна уу?

-Яг тийм ч биш л дээ. Өнөөдрийн нөхцөл байдалд хэрэглээг нь чөлөөтэй орхичихвол хэдхэн бөхийн эрүүл мэнд ойрын арван жилд л сүйрнэ. Зохистой хэрэглэх мэдлэг, мэдээлэл тэдэнд байхгүй. Хамаагүй хэрэглээд л эрүүл мэндээ устгах эрсдэлтэй. Цаашдаа нэмэлт бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнд нэвтрүүлбэл үндэсний бөх илүү олон хүний сонирхол татна. Илүү ширүүн өрсөлдөөн гарна. Харин адуу, малд хэрэглэдэг амь тариа хамаагүй тунгаар хэрэглээд байвал хэдхэн жилийн дотор л бөхчүүд маань эрүүл мэндээрээ хохироод дуусна гэв. Бид дээрх асуудлаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас тодруулга авахаар хандсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хаалгыг нь тогшиж чихэр гуйсан 9 настай охиныг өшиглөсөн 56 настай эрэгтэйг шалгаж байна DNN.mn

Сүнсний баяр болж байгаатай холбоотойгоор бага насны хүүхэд чихэр цуглуулах зорилгоор айлын хаалга тогшиход биед нь халдсан бичлэг цахим сүлжээнд тараад байна.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнгөрсөн Бямба гараг буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага бүртгэгдсэн.

Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс есөн настай охин “Halloween”-ий баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд DNN.mn

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн хилээр гарах журамд  өөрчлөлт орлоо | News.MN

Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд болсон эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол улсаас БНСУ-д суух ЭСЯ-наас дараах уриалгыг гаргажээ.

2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо.
Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.
Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгээ хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт гүүр нурж, 78 хүн нас баржээ DNN.mn

Энэтхэгт гүүр нурж, 78 хүн нас барав | News.MN

Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужид өчигдөр /2022.10.30/ 18:40 цагийн орчимд явган хүний гүүр нуржээ.

Гүүрийг хэдхэн хоногийн өмнө засварласан бөгөөд ослын улмаас Макчу голд олон зуун хүн живж, 78 хүн амиа алджээ.

Гүүр яагаад нурсан нь тодорхойгүй байгаа ч Дивали баярыг тохиолдуулан тус хэсэгт амралтын өдрүүдээр хөл хөдөлгөөн ихтэй байсан гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Наранцогт: Хөрөнгө оруулагчид Монголыг Украин, Шри-Ланкаас илүү эрсдэлтэй, төлбөрийн чадваргүй гэж үзээгүй DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогттой ярилцлаа.


-Ирэх оны төсвийн талаар ярилцлагаа эхэлье. Ирэх оны төсвийн төсөл дээр нийт эдийн засгийнхаа 35 хувь дээр орлого бүрдүүлж, 40 хувийг нь санхүүжүүлэхээр тусгасан байна. Энэ нь төрийн данхар бүтцийг хэвээр хадгалах, төсвийн хэмнэлтийн бодлогоосоо гажиж байгааг харуулж байна гэх зүйл яригдаж байна.

-“Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д нэгдсэн төсвийн алдагдлын хязгаарыг 2023 онд ДНБ-ий 3.6 хувь, 2024 онд 2.8 хувь, 2025 оноос хоёр хувьтай тэнцэх хэмжээнд байхаар тодорхойлж тусгасан. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөлдөө алдагдлыг хуульчилсан 3.6 хувиас 2.8 хувь болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх зэргээр төсвийг аль болох тэлэхгүй байхтөсвийн хатууруулсан бодлого агуулагдсан төсөв гэж ойлгож болно.Төсвийн орлогын тухайд 19.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.9 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцохдоо Засгийн газраас экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, хил боомт, ачаа тээвэр, логистикийг сайжруулах,төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг ил тод болгож хяналтын зөв тогтолцоог нэвтрүүлэх, ашигт малтмалын экспортын бүртгэлийг сайжруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн үр дүнд далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлого тэр хэрээр нэмэгдэх боломжтой гэж тооцсон.

-Эдийн засгийн өсөлтийг ирэх онд цар тахлаас өмнөх жилүүдийн дундажтай ойролцоо буюу таван хувь байхаар тооцсон байна. Мөн гол бүтээгдэхүүнүүдийн экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх зорилт тавьсан тухай мэдэгдсэн. Эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг уул уурхай цар тахлын өмнөх түвшинд хүрч чадах уу?

-Гадаад орчин, олон улсын геополитик тодорхой бус байдал их байгаа хэдий ч Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. Экспортын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, уг зорилт хангагдсанаар уул уурхайн салбар 2023 онд 14-15 хувиар өсөж, уул уурхай дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарууд сэргэнэ гэж тооцоолол хийгдсэн байгаа юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомт дээрх болон хил хүртэлх дэд бүтцийг өргөтгөх ажлууд амжилттай хийгдсэнээс гадна цар тахлын халдвар хамгааллын дэглэмд нийцүүлж экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, Гашуунсухайт боомт дээр 2021 оны аравдугаар сард чингэлэг тээврийн терминал байгуулж, 2022 оны тавдугаар сараас жолоочгүй автомат удирдлагатай тээврийг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. Шивээхүрэн боомт дээр мөн чингэлэг тээврийн терминал болон автомат удирдлагатай тээвэр байгуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр нь дээр дурдсан цар тахлын халдвар хамгааллын дэглэмд нийцүүлж хүний шууд хавьтал үүсгэхгүйгээр экспортлох боломжийг бий болгож байгаа юм. Түүнчлэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх гарцын тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах, ухаалаг гарцын системийг ашиглалтад оруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Ингэснээр хилээр нэвтрэх үйл ажиллагаа түргэн шуурхай болохын зэрэгцээ төрийн давхардсан хяналт, шалгалт буурах сайн үр дүн гарна.

-Валютын нөөцийг нэмэгдүүлж, макро эдийн засгаа тогтворжуулахад ямар ажлууд хийгдэх вэ?

-Гадаад валютын улсын албан нөөц есдүгээр сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 1.6 тэрбум ам.доллараар буурсан. Засгийн газраас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд богино, дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдсан цогц арга хэмжээнүүд хэрэгжсэнээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа сайжирч, баялгийг олон улсын зах зээлийн үнээр худалдах, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримт бүртгэгдэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт гаалийн бүрдүүлэлтэд автоматаар хийгддэг тогтолцооны шинэчлэл хийгдэх юм. Түүнчлэн төрийн өмчит уул уурхайн олборлолт, борлуулалт хийдэг компаниудыг нөөц боломжоо дайчилж ажлаа зөв зохион байгуулах замаар богино хугацаанд валютын бодит орлого төвлөрүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг байгуулагдаж тодорхой ажлууд хийгдэж эхлээд байна. Макро эдийн засгийг тогтворжуулах тухай та асуулаа. Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдээ төсвийн төсөлтэйгөө хамт танилцуулсан. Төсөлд тусгагдсан төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс эхлээд бусад бодлогын багц арга хэмжээнүүд нь бүгд л эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэн. Өмнө дурдсанчлан Төсвийн бодлогын хүрээнд 2023 оны төсөвт шинээр хөрөнгө оруулалт тусгахгүй, төсвийн алдагдлыг хуульд зааснаас бууруулж төсвийн бодлогыг хатууруулсан. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах хүрээнд мөнгөний бодлогыг чангаруулсан, цаашид төв банкнаас санхүүжүүлдэг төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай байгаа бөгөөд валютын ханшийг зах зээлийн зөв зарчмаар тогтоох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн үнэ цэнийг хадгалах, банкны салбарын реформыг оновчтой зохион байгуулж ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах шаардлага байна.

-Засгийн газрын гадаад бондын хүү 35 хувь хүрчихсэн байна. Гэтэл дайнтай байгаа Украин 25, дампуурлаа зарласан Шри-Ланк улс 23 хувийн хүүтэй байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Манай улсын гадаад валютын орох урсгал буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж, гадаад валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон талаарх мэдээ нийтлэгдсэнтэй холбоотойгоор бондын зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ огцом буурч, өгөөж нэмэгдсэн. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар энэ онд төлөгдөх Чингис бондын өгөөж 39 хувь, ирэх онд төлөгдөх Гэрэгэ бондын өгөөж 20 хувь байна. Эдгээр бондуудын өгөөжийн түвшин таны хэлсэн Украин болон Шри-Ланк улсуудын ирэх онуудад эргэн төлөгдөх бондтой харьцуулахад өндөр биш. Украин улсын хувьд дайны нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын 20 орчим тэрбум ам.долларын гадаад бондын эзэмшигчдийн дийлэнх буюу 75 хувь нь Украин улсыг хоёр жилийн хугацаанд төлбөрийн үүргээс чөлөөлөхөөр шийдвэрлээд байгаа юм. Блүүмбергийн 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн мэдээллээр Украин улсын 2035 он хүртэл эргэн төлөгдөх хуваарьтай олон улсын зах зээлд гаргасан бүх бондуудын хамгийн бага өгөөжтэй нь 2027 онд төлөгдөх 30 хувийн өгөөжтэй бонд байгаа бол хамгийн өндөр нь энэ онд эргэн төлөгдөх хуваарьтай 857 хувийн өгөөжтэй бонд байна. Шри-Ланк улсын хувьд ирэх онд төлөгдөх Засгийн газрын бондын өгөөж 746 хувь байгаа бөгөөд тус улсын 2030 он хүртэлх эргэн төлөгдөх бүх бондуудаас хамгийн бага өгөөжтэй нь 2030 онд төлөгдөх 40 хувийн өгөөжтэй байна. Харин манай улсын 2027 болон 2031 онд эргэн төлөгдөх Сенчири бондуудын өгөөж тус тус 13 болон 11 хувь байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг Украин болон Шри-Ланк улсуудаас илүү эрсдэлтэй, төлбөрийн чадваргүй гэж үзээгүй гэсэн үг. Цаашид үнэлгээ хийдэг олон улсын байгууллагуудад эдийн засгийн нөхцөл байдлаа зөв ойлгуулах замаар зээлжих зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдээ бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

-Манай улс өнөөдрийн байдлаар 6.4 их наядын өртэй байна. Өрийн талаар мэдээлэл өгөөч?

-Өрийн тухай товч мэдээлэл өгье. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг 2022 онд ДНБ-ий 70 хувь, 2023 онд 65 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нэрлэсэн дүнгээр 30.1 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 53.0 хувьтай тэнцэж байна. Засгийн газраас ирэх оны төсвийн нийт орлогыг 2022 оны төлөвлөсөн дүнгээс 20 орчим хувиар нэмэгдүүлж 19.6 их наяд төгрөгт байхаар тооцоолсон.

-2023 оны төсөв ирэх жилийн эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд туйлын сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагчид ярьж байна. Үүнд та хариулт өгөөч?

-Эсрэгээрээ. Төсвийн төсөлд төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр тодорхой, цогц арга хэмжээнүүдийг тусгаснаараа онцлогтой болсон. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэгдсэн гэж ойлгож болно. Давтан хэлэхэд, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлснээр 2023 онд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэх, инфляцийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийг сэргээх зорилготой ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

E-Police аппликейшнаар илгээсэн зөрчлүүдэд хариуцлага тооцов DNN.mn

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад аюул, осолтой байдал үүсгэж хөдөлгөөнд оролцсон жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо.

Иргэн та Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E_Police гар утасны аппликейшныг ашиглан илгээх боломжтой.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхт халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Categories
мэдээ цаг-үе

НОБГ: 294 автомашиныг татан гаргаж, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд гал түймрийн 36, аврах ажиллагааны 27, нийт 63 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 865 сая төгрөгийн өмч хөрөнгө авран, цасанд боогдож суусан 294 автомашин, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

2022 он гарсаар 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1527, ой хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 182 нийт 1715 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 21.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт нутгаар цас орж зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан иргэд та бүхэн Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ