Categories
мэдээ нийгэм цаг-үе

КОВИД-19: Халдварын 34 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн ковидын халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 34 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 17 нь Улаанбаатарт
  • 17 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982.157 болов.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 76 хүн эдгэрсэн бол одоогоор 1,067 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Сархинагийн ач тус DNN.mn

Малын дотор дайвар түүхий эдээс эрүүл мэндийн хувьд хамгийн ач холбогдолтой нь сархинаг юм. Малын идсэн өвс тэжээлийн хамгийн шимт хэсэг сархинагийн олон салбангуудын дунд нөөцлөгддөг бөгөөд биологийн идэвхт бодис хамгийн их агуулдаг ажээ.

Тодруулбал, салбангуудын гадарга дээрх хөхлөгүүдэд олон төрлийн фермент, бэлчээрийн ургамлын амьд хүч, түүний нэгдлүүд, амин дэм, эрдэс, биологийн идэвхт бодисууд ихээр агуулагддаг байна.

Сархинагийг хөхүүл эх хүнсэндээ хэрэглэхэд хөхний сүү нэмэгддэг, чихрийн шижинтэй хүнд ч хамгийн сайн хүнс тэжээл гэж мэргэжлийн хүмүүс зөвлөдөг.

Түүнээс гадна нойр булчирхайн өвчнийг эмчилдэг нь уламжлалт анагаах ухаанаар батлагдсан байдаг.

Учир нь фермент, уураг (коллаген) агуулдаг тул нойр булчирхайн өвчилсөн хэсгийг сэргээж нөхөн төлжүүлэх өндөр чадвартай байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын суурин 79, түр нэг цэг ажиллана DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 79, түр нэг цэгт 80 багийн 331 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил:

зураг

зураг
зураг
зураг
зураг
зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар түншлэл – 2022” үзэсгэлэн яармагт гадаадын 70 гаруй компани оролцоно DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл – 2022” олон улсын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцон, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистикийн салбарын бүтээгдэхүүн зэргийг дэлгэх юм.

Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байна. Иймд импортлогч аж ахуйн нэгжүүд түнш байгууллага хайж буй бол уг үзэсгэлэн яармагт оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор үзэж танилцан, түншлэх боломжтой. Та бүхэн 77277070 /4/, 99036193, 90006950 утсаар болон exhibition@mongolchamber.mn цахим шуудангаар холбогдон мэдээлэл аваарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны есдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын 2,334 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 263 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 31, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Мөнгө угаах 2, Авлигын, Эрүү шүүлт тулгах, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус бүр нэгийг шүүхэд шилжүүлжээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монполимет”, “МАК”-ийн зах зээлийг урд хөршид өгсөн нь Монголын автономит төрийг 100 жилийн өмнө өөрсдөө устгасантай ижил үйлдэл шүү DNN.mn

Засгийн газрын уржигдрын хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан импортын цементийн татварыг 2022 он дуустал тэглэж байгааг мэдэгдэв. Импортын бүтээгдэхүүнд найр тавьж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчийнхээ үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж байна гэж үзэгсэд цөөнгүй байна. Гэхдээ их даруухнаар. Байр сууриа илэрхийлэгч талууд бүгдээрээ ноомой, хүлцэнгүй, яг үнэнийг хэлчихвэл өөртөө гай тарьчих болов уу гэсэн айдастай. Өнөөдрийн цагийн өнгө, цөвүүн байдал юм даа. Цаанаа үнэн байдал яг ямар байгааг хэлье.

Яахаараа уржигдар орой Монгол Улсын Засгийн Газар “Цементийн импортын татварыг тэглэх” асуудал хэлэлцэж байхад, зэрэгцээд урд хөршөөс цемент ачигдаж байдаг юм. Монголын төр ийм шийдвэр гаргана, бид ашгаа эхлүүлж байя гээд Монголын Засгийн Газрын бүх шийдвэрийг урьдчилан мэдэж байдаг гэсэн үг үү. Захиалсан юм шиг. Урд хөршид 200 мянга байгаа цементийг энд оруулж ирээд 600 мянгад ченжүүддээ өгөхөд хангалттай ашиг. Гэхдээ 600 мянгад өгч тэнэглэхгүй байх аа, ордон, яам, төрийн бүтцэд шигдсэн луйварчид бодлогоор улам өсгөөд 800 мянгад хүргэх зам руугаа явж байгаа байх.

Цементийн импортын татварыг тэглэснээр 600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянгад бууна гэсэн худлаа ярианд итгээд яахав. Монголд нэгэнт л үнэ нь өсчихсөн бол хэзээ ч бууж байсан түүхгүй. Ийм худал, зорилтот мэдээллийн цаана бүх луйвар явагддаг. “Монполимет”, “МАК”-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Харин төрийн өмчийн Хөтөл юуны учир жинхэнэ хэрэгцээт улирлаар засварт ордог юм. Зөвхөн Хөтөлийн цемент тасалдсанаас дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж чадахгүйд хүрлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан нь албан ёсоор мэдэгдлээ шүү дээ. Зөвхөн энэ хэдэн үг, мэдээллийн логикийг та бүхэн хар даа. Үнэхээр дайн, тахал, геополитик, хил гааль, хоёр хөршийн хамааралтай, Монголоос огт шалтгаалахгүйгээр цемент тасалдав уу. Хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл явагдав уу. Ченжийн систем ноёлоод эхлэв үү.

Үндэсний үйлдвэрүүдээ татан буулгаж байгаа төр засаг дахь ноёрхогчдын үйлдэл нь 100 жилийн өмнө Монголын автономит засаглалыг татан буулгасан түүхийг сануулаад, бүр зүйрлэмээр болоод байх юм. Тухайн үеийн Богдын засагт байсан ноёд түшмэд хэсэг бүлэг хүмүүс хэлэлцэхдээ, “Энэ муу Их шавийнхан зөвхөн баяжаад ханахгүй нь. Эднийг ингэж хагартал баяжуулж байснаас төвөг зүгээр автономит засгаа татан буулгаад Да Жунтанд дагаар орчихъё” гэсэн үнэхээр арчаагүй хор найруулга. Ингээд хэдэн эрх мэдэлтэн Богд хаант Монгол Улсын автономит засаглалыг татан буулгаж, улмаар хятадуудад дагаар орсон шившигт түүхийн бичил хувилбар явагдах шиг санагдлаа. Бод доо, болоод байгаа, бүр бүх хүчин чадлаараа ажиллаж дотоодын зах зээлд нийлүүлж байгаа үндэсний хоёр том үйлдвэрлэгч “Монполимет”, “МАК” хоёрынхаа зах зээлийг булааж Хятад улсын үйлдвэрлэгчдэд найр тавьж өгч байгаа нь ямар учиртай юм бэ. Энийг ингэж их түүхээр нь зүйрлэн сануулахаас өөр арга алга байна. Жижиг сэдэв ерөөсөө биш.

Тахалтай, дайнтай энэ он жилүүдэд хоёр хөрш хилээ хаахад Монгол Улс ямар байдалд орж байгааг харж байна. Юу ч дотооддоо үйлдвэрлэдэггүй ард түмэн балрах юм байна. Бензин, эрчим хүч хойноос шууд хараат. Тэдний зүгээс энэ хоёр стратегийн нийлүүлэлтийг сануулахад эндээ сэхүүн монголчууд ивануудын өмнө гөлөг болох жишээтэй. Яах юм, гэрэл цахилгаангүй, бензин шатахуунгүй XXI зууны Монгол болчихвол хүннү сүннүгийн үеэсээ юуны ялгарах юм. Урд хөрш хилээ хааж, нээгээд биднээр наадаж байна. Хаах тоолонд хашгирч, нээх тоолонд нь нэг их баярласан ард түмэн. Ийм л хөөрхөн нөхдүүд дээ гээд цонхны цаанаас инээлдээд сууж байна. Их хөршүүдийн ийм л тохуурхал дунд бидний монголчууд яаж ийж байгаад тус бүрдээ нэг сая тоннын хүчин чадалтай хоёр том цементийн үйлдвэртэй болсон. Энэ бол Монголдоо том дэвшил. Өөр юу байгаа юм. Энэ хоёр цементийнхээ үйлдвэрийн хүчинд хэдэн арван барилга байшин, орон сууц ашиглалтад орж, зам талбай тавигдаж байна. Хөгжиж байгаа юм шиг харагдаж байна. Тэгж яривал наад цементээр барьсан барилга орон сууцуудыг гадаадад ажиллаж байгаа монголчуудын явуулсан мөнгөөр худалдан авч байгаа юм. Их эрүүл мөнгөний систем үйлчилж байгаа эдийн засгийн урсгал. Салбарлаад бизнесийн олон том жижиг харьцаа цементийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд эргэлдэж байгаа. Хэнээс ч юу ч гуйхгүйгээр болоод, зөв юм руугаа явж байгаа цементийн үйлдвэрлэлээ ийнхүү төр засгаас нь устгах шийдвэр гаргасан нь хүнд үед Монголын автономитыг устгасан 100 жилийн өмнөх түүхтэй жишин зүйрлэхээс өөр арга алга. Том түүхтэй жишлээ гэж битгий үзээрэй. Түүх давтагдвал хошин шог болдог, эсвэл гуниг харуусал болдог гэсэн үг бий.

“Монполимет”-ын зүгээс үйлдвэрлэсэн цементээ хотод, зах зээлд хүргэж чадахгүй байна. Вагон, төмөр зам олдохгүй байна гэх. Энэ асуудлыг их томоор харж, шогшрох хэрэг байх ч үгүй. “Монполимет”-ынхны зүгээс Монголын төмөр замын ачаааны вагоны 70 хувийг хяналтандаа аваад бараг 20 жил болж байгаа “Болд төмөр ерөө”-гийн босстой л хэл амаа ололцох асуудал шүү дээ. Цаад бодит үнэн ийм энгийн, бас хөгийн. Гэтэл ард түмэн даяараа, төр засаг тэр чигээрээ, Их хурлын гишүүд, дарга нар нийтээрээ том том, хүнд хүнд юм яриад л… Дэргэд чинь сууж байгаа Б.Дэлгэрсайхан бүх учрыг мэднэ, та нарыг дотроо шоолоод, инээгээд л сууж байгаа шүү дээ.

Ингэж дотоодын том хоёр үйлдвэрийнхээ зах зээлийг урд хөршид найр тавьж, улмаар устгаж, хөршөөс буцаад хараат болгон ашиг хийх нь хэнд ашигтай вэ. Гадныхны гар хөл болсон манай зарим нэг ашиг харагчдын, гадны мөнгийг угаадаг төр дэх луйварчдад л ашигтай.

Импортын татварыг ингэж л тэглэхгүй бол Дарханы зам энэ намар ашиглалтад орохгүй нь гээд мэдэгдэж байгаа Сангийн сайд юу ч мэдэхгүй, юуны ч учрыг ойлгохгүй байна гэдэгт хэзээ ч итгэхгүй. Тэгж яривал өнөөдөр Монголын цементийн зах зээлийг булаан авч байгаа урд хөршийн хэдэн компаниас болж Дарханы зам чинь дампуурсныг бүгд мэднэ. Тэдэнтэй төр засаг дахь хэн хэн сүлбэлдэж, үйлдсэнийг түмэн олон мэднэ. Бүгд логиктой. Энэ бүх эх захгүй мэт, учир тойм нь олдохгүй мэт /уг нь хамгийн тодорхой учир шалтгаантай луйврын схем/ хэрэг явдлын гол эздийг АТГ-аас шалгаж байна л гэх. Гэтэл УИХ дахь хамгийн нөлөөтэй байнгын хорооны дарга болчихсоныг нь ард түмэн мэдээгүй явж байх жишээтэй. Хөөе нөхөд өө, УИХ дахь Гадаад бодлого, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга гэдэг чинь төрийн гурван өндөрлөгөөс дутуугүй халдашгүй дархан эрхтэй байдаг юм шүү дээ. Их гарын “эд”-ийн ийм том албан тушаалд хэдхэн хоногийн өмнө сэм очиж дархлагдсаныг мэдэрсэн сэтгүүлч ч алга.

Ийм л нөхдүүд тарвалзаж буй байшингаас, орчноос энэ хэрийн эх орноо самарсан, өнөөдрийн өчүүхэн хүндрэлийг далимдуулан, төр засгийн хэмжээнд луйврын замаа засч байгаа учир шалтгааныг цагаан ард түмэн минь даанч нэг ойлгохгүй юм даа.

Цементийн асуудал Монголд хүндэрсээн. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн. Тийм болохоор Дарханы зам бас хүндэрсэн. Яг нэг сарын дараа Дарханы замын нэг урсгалыг ашиглалтад өгөх байтал цемент байдаггүй шүү. Урд хөршөөс хямд цемент оруулж ирэхээс өөр арга алга… Өнөөдрийн тайлбар ийм энгийн. Яг л ийм процесс 100 жилийн өмнөх Монголын түүхэнд байсан нь монголчуудын ёс суртахуун өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүйн тод жишээ. Технологийн дэвшил тэнгэрт гартал өөр болсон. Харин монгол хүний ёс суртахуун сайжраагүй юм байна. 1919 онд Цэцэн хан аймгийн сурвалжит ноён, түүхт хүн Доржпалам Богдын төрд ямар нөлөөтэй байж автономитыг устгалцаад Бээжинд очиж бүглээ. Түүх уншдагууд нь мэднэ. Түүний үйлдэл өнөөдрийн том даргатай ердөөсөө ялгарах юмгүй. Өнөөдрийн нөхөр үнэнд гүйцэгдвэл Сентоза арал, цаашлаад Хавай, Хайнань руу дүрвэх байх. Энэ бүгдийн эцсийн үр дүн нь Монгол Улс, Монголын ард түмэн л аймшигтай хохирдог. Хөршүүдийн эрхшээлд үеийн үед явах замыг засч байгаа л шившигт үйлдэл юм даа…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Өнөөдөр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг яаж салгах вэ гэдэг улс төрийн уралдаан явагдаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– С.БАЯРЦОГТОД АН-ЫН ДАРГА БОЛОХ БОЛОМЖ НЬ БҮРЭН НЭЭЛТТЭЙ –


-Олон улсын ардчиллын өдрөөр танай намын залуучууд намын байрны хаалгыг нь эвдэлж орж ирээд танд шаардлага хүргүүллээ. Ямар шаардлага ирүүлэв, яагаад ингэж хүчээр орж, тань руу дайрах болов оо?

-Олон улсын тэмдэглэлт энэ өдөр манай намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал болж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байлаа. Эдгээр дайрч орж ирсэн нөхдүүд зориуд энэ өдрийг сонгож, ҮБХ-ны хуралдааныг тасалдуулах арга хэмжээ авлаа. Удахгүй болох Ардчилсан залуучуудын холбооны чуулганыг тасалдуулах, нийгэмд зориудаар сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйл явдал болж өнгөрлөө. Миний хувьд Ардчилсан намд 32 жил явлаа. Энэ хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг намын залуучуудаа бүгдийг нь танина. Гэтэл шаардлага барьж орж ирсэн залуучууд дунд миний таних гурван залуу л байлаа. Бусад нь дандаа бадриун, булчинлаг, өндөр залуучууд байна. Тэднийг бол ёстой танихгүй юм билээ. н.Эрдэнэболд гэх залууг би санал оруулж өөрөө Ардчилсан залуучуудын холбооны (АЗХ) даргаар тавьж байлаа. Амгаланбаатарыг мөн адил намын даргын хувьд дэмжээд АЗХ-ны дэд ерөнхийлөгч болгож байв. Эдгээр залуучууд үл мэдэх залуучуудтай хамт дайрч орж ирсэн. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг. Үнэхээр энэ намын төлөө санаа сэтгэл нь зовж байдаг бол яагаад ингэж балмад, танхай үйлдэл гаргаж, бусдыг хэл амаар дайрч доромжилж байж шаардлага гэх зүйлээ танилцуулдаг юм. Энэ залуучууд ирээдүйд улс орны эрх ашгийн төлөө дуугарч, улс төрд манлайлах шинэ үеийн лидерүүд гэж өөрсдийгөө харж байгаа. Тийм байж “ам дор хагархай” гэдэг шиг хараал хэлж бусдыг доромжилж, ёс бус үйлдэл гаргаж, байгууллагын өмчийг сүйтгэлээ. Үүнийг зүй ёсны асуудал гэж би огт харахгүй. Хэн ч гэм буруутай байж болно, хэн ч алдаж болно. Гэхдээ эдгээр залуучуудын гэм буруу, алдааг би ярихгүй, зөвхөн гаргаж байгаа үйлдэл, хандлагыг нь хэлж байна. Тиймээс ямар залуучууд ямар хандлагаар дайрч байна, цаад зорилго нь юу байна гэдгийг нийгэм тодорхой харчихаж байгаа юм. Зүй бусаар шаардлага ирүүлсэн ч гэлээ шаардлагыг нь хүлээн авч хариу тайлбар, байр сууриа илэрхийлсэн.

-АЗХ-ноос тамгатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа одоог хүртэл АН-ын тамга Ц.Туваанд байгаа гэж мэдэгдсэн. Та тамганы асуудал АН-д огт байхгүй гэдэг шүү дээ. Үүнд тодорхой тайлбар хэлэхгүй юү?

-Эдгээр нөхдүүд нэгдүгээрт шүүхийн шийдвэрийг тайлбарлах ямар ч эрх зүйн эрх байхгүй. Хоёрдугаарт, хэний талд үйлчилж, хэний гар хөл болж байгаагаа эдгээр мэдэгдэл, шаардлага тавьж буй ёс бус үйлдлээрээ нийгэмд тодорхой харуулж байна. Тамганы асуудал гэж Ардчилсан намд юу ч байхгүй. Энэ асуудал бүх шатны шүүхээр эцэслэгдэж шийдвэрлэгдчихсэн. Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд надад байгаа тамгыг хүчингүй болгож, өөрсдөдөө байгаа тамгыг хүчинтэй болгож өгөх хүсэлтээ шүүхэд нэхэмжилсэн. Шүүх энэхүү асуудлаар нь хуралдаж шийдвэр гаргасан. Гарагасан шийдвэр нь Ц.Тувааны хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдсэн Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд байгаа тамга хүчин төгөлдөр, харин Ц.Туваанд байгаа тамга хүчингүй гэсэн шийдвэрийг гаргасан. Улмаар Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд шүүхэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх мөн адил шийдвэр гаргаснаар дахиж давж заалдах эрхгүйгээр энэхүү асуудлыг нэг талд гаргаж шийдсэн. Ингээд тамганы асуудал аль өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас эцэслэгдэж шийдвэрлэсэн.

-Намын даргын бүртгэл дээр мөн адил асуудал яригдаж байсан. Одоо энэ асуудал ч гэсэн маргаангүй болсон уу?

-Улсын дээд шүүхийн 01 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолтой холбоотой гомдол, ямар нэгэн маргаан өнөөдрийг хүртэл Дээд шүүхэд очоогүй. Очих үндэслэл ч байхгүй. Уг тогтоолыг үндэслээд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон гэрчилгээ өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ л байна. Улсын дээд шүүхийн цахим сайт дээр гарч байгаа мэдээлэл олон нийтэд хүргэх үүрэгтэй л сайт. Аливаа цахим мэдээллийн сайт дээрх байгаа мэдээлэл нь цаасан эх хувьтайгаа ижил байна гэсэн хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл, цаасан эх хувийг үндэслэж цахим сайтад тавина гэсэн үг. Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайтын шүүгч Сонинбаяр гэх нөхөр ямар ч шүүхийн тогтоол гаргаагүй, цаасан эх хувьгүй мэдээллийг оруулсан. Тэр нь С.Эрдэнийн нэрийг хасч, Ц.Тувааны нэрийг байршуулсугай гээд л цохчихсон. Ийм эрх тэр Сонинбаяр шүүгчид байхгүй. Улмаар энэхүү үйлдэлдээ хариуцлага хүлээж, ажлаа өгөөд тэтгэвэртээ гарсан шүү дээ. Цахим мэдээллийн сайт дээр гарч байгаа мэдээллийг өөрчлөхийн тулд Улсын дээд шүүхийн тогтоолыг өөрчлөх ёстой. Улмаар Улсын бүртгэлийн гэрчилгээ өөрчлөгдөж байж сая мэдээлэл нь орох учиртай. Гэтэл ийм зүйл болоогүй. Өнөөдөр С.Эрдэнийг юу гэж гүтгэх, яаж харлуулах нь хамаагүй. Хууль бол хуулиараа л явна.

-Тамга, гэрчилгээ, дүрэм гээд бүгд эрх зүйн хувьд таны удирдаж байгаа намд хүчин төгөлдөр болсон юм бол одоо та намын даргын суудлаа тавьж өгөх болсон юм биш үү. Ц.Туваантай хийсэн маргаан шийдэгдчихлээ шүү дээ. Тамга танд очлоо. Одоо дараагийн удирдлагыг гаргаж ирэх цаг болоогүй юу?

-Олон улсын нөхцөл байдал, улс орнуудын геополитикийн асуудал зэргээс хамаараад, гадаад дотоодын хүчин зүйлсээс шалтгаалж Монгол Улсад ардчилал маш эмзэг байна. Тэр дотроо Ардчилсан намын хувь заяа маш эмзэг байна. Өнөөдөр ардчиллыг нухчин дарах гэсэн, ардчиллын сүлд, тулгуур багана болсон Ардчилсан намыг устгах гэсэн ийм гадна, дотны захиалгатай улс төрийн хүчирхэг үйл ажиллагаа явагдаж байна. Улс төр гадарладаг хүн болгон энэ үйл явцыг мэдэрч, мэдэж байгаа. Яг ийм нөхцөлд маш том үүрэг хариуцлага миний нуруун дээр явж байна. Тэр утгаараа би сэтгэлийн хөөрлөөрөө хэн нэгэн хүнд энэ намыг өгчих эрх надад алга. Би 26-хан насандаа энэ ардчилсан хувьсгалд орсон. Одоо би 59 настай. Гучин жилийн миний хөдөлмөр, ололт амжилт, сайн муу зүйлийг бусдын хөдөлмөр зүтгэлийг устгах эрх хэнд ч байхгүй. ШХАБ-ын газрын зургийг хараарай. Ардчилсан тодотголтой ганцхан цэг байдаг нь Монгол Улс шүү. С.Эрдэнэ гэх бул хар чулуу энд суугаад байгаа учраас Ардчилсан намаар дураараа тоглож болохгүй л байгаа байхгүй юу. Би байгаа цагт энэ намаар хэн нэгнийг тоглуулахгүй. Тиймээс С.Эрдэнээг ямар ч үнэ цэнээр хамаагүй зайлуулах ёстой гэсэн үйл ажиллагаа их хийгдэж байна. Өнөөдөр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг яаж салгах уу гэдэг улс төрийн уралдаан явагдаж байна. Ийм цаг үед би хэнд итгэх вэ. Миний дэмжиж, итгэж байсан залуучуудын тэн хагас нь Оросын тавиулын талд орчихсон л явж байна. Тиймээс энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Би өгөхгүй гээгүй. Өгнө гэдгээ аль эрт зарлачихсан байгаа.

Өгөхдөө энэ намын шинэ дүрмээр шинэчлэлт, зохион байгуулалтыг хийнэ. Энэ шинэ дүрмийнхээ хүрээнд манай нам парламентын дэргэдэх сүүдрийн парламент байгуулахаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байгаа.

-Та намын даргаа С.Баярцогтод өгөх үү. Нам дотроо С.Баярцогтыг намын даргад зүтгүүлж байгаа асуудал бий юу. Ер нь намын дарга болох боломж бий юү, энэ хүнд…

-Албан ёсоор намын удирдлагын түвшинд ийм асуудал яригдаагүй. С.Баярцогт манай намын гишүүн мөн үү гэвэл мөн. Манай Үндэсний бодлогын хорооны гишүүн. С.Баярцогтод намын дарга болох боломж бүрэн нээлттэй. С.Баярцогт ч гэлтгүй Ардчилсан намын гишүүн хэнд ч намын дарга болох боломж бий. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг бид эхлүүлж байна. Эрх баригчдын үйл ажиллагаанд бид гудамжнаас хий хоосон орлих биш яг адилхан бүтэц бий болгож, параллель бодлого уралдуулъя гэж байгаа юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн үр дүнд зөв хүн намын даргаар сонгогдох боломжтой болно гэж харж байгаа.

-Нам гэдэг бол төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага эрх зүйн хүрээнд албан үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Энэхүү хууль зүйн шаардлагыг таны удирдаж буй нам хангасан юм байж. Гэтэл нөгөө талын нөхдүүд чинь Их хурлын түвшинд ч тэр, бусад албан байгууллагуудын хүрээнд ч тэр үйл ажиллагаа явуулсаар байгааг та юу гэж харж байна. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн чиг үүргийг хэрэгжүүлээд явж байна шүү дээ?

-Бүлэгтэй холбоотой асуудлаар бид Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэчихсэн явж байгаа. Цаашдаа энэ асуудал хэлэлцэгдээд нэг шийдвэр гарна. УИХ-ын дарга чуулганы хуралд эрх зүйн чадамжгүй бүлгийн даргыг тодруулж, зарласан. Яагаад ингэж зарлав. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжүүлэхэд долоон гишүүний кноп дутчихсан, эрх баригчдад. Харин тэрхүү долоон гишүүний кнопын нөхөөсөнд манай намын зургаан гишүүн орж байж Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдсэн. Эдгээр нөхөөсөнд орсон зургаан гишүүнийг бид намаасаа хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг манай намын зургаан гишүүн дэмжсэнээрээ эрх баригчдыг хэлэх үгтэй болгочихож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам ч гэсэн оролцсон биз дээ. Өөрчлөлтийг үндэсний хоёр том хийгээ биз дээ гэж эрх баригчид одоо ярина. Нийт зургаан гишүүнийг Ардчилсан намаас хассан учир манай нам одоо УИХ-д бүлэгтэй болох боломжгүй болчихож байгаа юм. УИХ-ын тухай хуулинд УИХ-д наймаас дээш суудалтай нам бүлэг байгууулж болно гэж заасан байдаг. Болно гэдэг бол бүлэг байгуулахгүй ч байж болно гэсэн үг. Энэ байдлаа УИХ-ын даргад албан ёсоор хэлсэн. Ардчилсан нам бүлэг байгуулах боломжгүй болчихлоо, тиймээс УИХ-д байгаа таван гишүүний оролцоотой зөвлөл байгуулъя гэдгээ уламжилсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хөх луу өдөр DNN.mn

2022.9.19, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.19, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 05.52-19.59
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан, хур тунадас орохгүй DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ардчилсан намыг эвлэрүүлэх алга урвуулахын дайны амархан” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Хятад ченжүүд
хууль зөрчин монгол
хүний нэрээр самар
экспортолдгийг таслан
зогсоох гэтэл ийм
маргаан үүссэн” хэмээн ярьсныг “Өөрөөс нь” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Барилгын материалын томоохон захуудад цемент
шуудайгаараа 33-35 мянга, тонн нь 680-700
мянган төгрөгийн ханштай байна.

УИХ-ын гишүүн
асан, эдийн засагч С.Дэмбэрэл “Монголбанкинд гадаад валютын нөөцөө
хянах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм учраас нөөц
өдрөөс өдөрт багасч байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан намыг эвлэрүүлэх
алга урвуулахын дайны амархан” хэмээн өгүүллээ.

Дэлхийн мэдээ: Владимир Путин, Си Жиньпин нарын уулзалт юу илэрхийлэв.

Иргэн С.Самдан “Засгийн газар “Буянт-Ухаа”-д цахиурын хөндий
байгуулна гэж оросуудын бүтэлгүйтсэн төслийг яг давтаж байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ