Categories
гадаад мэдээ

Путины шийдвэрийг оросууд болон олон улс хэрхэн хүлээж авав DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, дэлхий нийтийг атомын бөмбөгөөр заналхийлсэн нь тэрээр суудлаа хамгаалахын тулд өөрийн улсыг тэр чигт нь “золигт гаргаж” байгааг хүн болгонд батлан харуулсан явдал болов. Хамгийн гол нь Путин ОХУ-ын байлдах чадвартай 200 мянган цэргийг Украинд довтлон устгуулж, армиа байлдах чадваргүй болгосноос атомын бөмбөг хэрэглэхээс өөр аргагүй боллоо гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн явдал болсон билээ. Мөн буйдан дээрээ тухлан Украины дайныг харж байсан орос иргэдийн гэрт дайн дайран орж,тэд дайнтай улаан нүүрээрээ шууд тулж байгаа нь тодорхой болсон юм.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины эсрэг дайны хэсэгчилсэн дайчилгаа зарласан энэ сарын 21-ний лхагва гаригт ОХУ-аас онгоц нисэх боломжтой хөрш зэргэлдээ Армен, Гүрж, Азербайжан, Казахстан улс руу чиглэсэн бүх шууд нислэгүүдийн тийз хоромхон зуур зарагдаж дууссан гэдгийг нисэх онгоцны тийз захиалах “Aviasales” портал мэдээлэв.

“Путиныг өөрийг нь окопонд!”, “Дайн хэрэггүй!”, “Хүүхдүүддээ амь насыг нь үлдээ!” гэсэн уриатай залуучуудын “Хавар” хөдөлгөөний уриалгаар Москва, Санкт-Петербург болон Оросын бусад хотуудын гудамжинд иргэд Путины шийдвэрийг эсэргүүцэн жагсаж, өчигдрийн байдлаар Оросын 30 хотод 1400 хүн баривчлагдсаны ихэнх нь буюу 565 нь Санкт-Петербургийн иргэд байсан гэж “OVD-Info” мэдээлэв.

“ОХУ-ын иргэд болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бид бүх нийтийн болон хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин манай улсын эрчүүд болох бидний ах дүүс, хөвгүүд, эр нөхөр, аав, өвөө нарыг бие махбодын аюулд учруулах шийдвэр зарлах хууль зүйн болон ёс суртахууны ямар ч эрх байхгүй”гэж “Change.org” вэб сайтад бичсэн ОХУ-ын “Зөөлөн хүч” хөдөлгөөнөөс эхлүүлсэн өргөдөл өчигдрийн байдлаар аль хэдийнэ 230.000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Би Путиныг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэхгүй байна. Дэлхий нийт түүнд ийм зэвсэг ашиглахыг зөвшөөрнө гэдэгт би итгэхгүй байна” гэж “Bild” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж Путины сүрдүүлэгт автахгүй байхыг уриалжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байж хөрш зэргэлдээ улс руу халдаж, тусгаар тогтносон улсыг газрын зургаас арилгахыг оролдсон ОХУ НҮБ-ын дүрмийн үндсэн заалтуудыг ичгүүр сонжуургүй зөрчсөн” гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр мэдэгдэв. Цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн Москвагийн сүрдүүлгийг тэрбээр “хариуцлагагүй” гэж нэрлэжээ. “Цөмийн дайнд ялж болохгүй учир хэзээ ч хэрэглэж болохгүй” гэж Байден хэлээд Путин “биднийг заналхийлж байна” гэж мэдэгдсэн ч үнэндээ өнөөдөр хэн ч Орос улсыг атомын бөмбөгөөр заналхийлээгүй байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн Украин хэрэггүй гэж хэлтэл нь энэ улсад үзүүлэх дэмжлэгээ АНУ-ын зүгээс үргэлжлүүлэх болно гэдгийг батлан илэрхийлэв.

ХБНГУ-ын Сангийн сайд Кристиан Линднер Владимир Путин хэсэгчлэн дайчлах тухай мэдэгдсэнийг “сул дорой байдлын шинж” гэж нэрлэв. “Украиныг энэ алхмаар айлгахгүй. Түүнээс гадна биднийг ч бас айлгаж чадахгүй. Урт удаан энх тайван, эрх чөлөөний төлөө бид Оростой удаан хугацааны зөрчилдөөнтэй байх ёстой нь тодорхой боллоо. Тиймээс бид холбоотон болон түншүүдтэйгээ Украины тэмцэлд хэрхэн тусалж болох талаар яаралтай ярилцах хэрэгтэй” гэж Линднер “DW”-д өгсөн ярилцлагадаа хэлэв.

Английн ерөнхий сайд Лиз Трасс, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар өчигдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр уулзсан гэж ЕХ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тэд ОХУ-ын Украин дахь үйл ажиллагааг эрс буруушааж, Путин хэсэгчлэн дайчилгаа зарласан нь Орос хөрш зэргэлдээх улс руу довтлох ажиллагаа бүтэлгүйтэж байгаагийн шинж гэдэгт тэд санал нэгджээ. Талууд “Украины ард түмний эр зоригийг хүлээн зөвшөөрч, Украины тэмцэлд шаардлагатай хугацаанд нь үргэлжлүүлэн дэмжих хамтын амлалтаа баталгаажуулж байгааг онцлон тэмдэглэв” гэж “CNN” мэдэгдэв.

ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррел Оросын удирдагч Владимир Путиныг Украины дайнтай холбогдуулан цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлснээрээ дэлхийн энх тайванд аюул учруулж байна гэж буруутгажээ. “Путин хуурамч санал асуулга явуулах, хэсэгчилсэн цэрэг дайчлах, цөмийн зэвсгээр шантаажилж байгаагаа зарласан нь хурцадмал байдлыг улам сэдрээж буй явдал юм. Хүн бүрт бодит аюул заналхийлэл болж буй цөмийн зэвсгийн заналхийллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гээд Боррел олон улсын хамтын нийгэмлэгт хандан “Путины үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдэх хэрэгтэй болсныг уриалав” гэж “BBC” мэдэгдэв.

Ерөнхийлөгч Владимир Путин Орост хэсэгчлэн дайчлах тухай зарлиг гаргасан ч Украины дайнд ялахгүй гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдээд, Оросын удирдагч цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлснийг “аюултай, бодлогогүй яриа” гэж нэрлэжээ. Столтенберг “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа Путины энэхүү шийдвэр нь “дайн түүний төлөвлөгөөний дагуу явахгүй байгаа”-г баталсан “том дүгнэлт” болсон гэж мэдэгдсэн байна. “Цэргийн тоог нэмэгдүүлснээр мөргөлдөөн хурцадна. Энэ нь украинчууд ч, оросуудын дунд ч илүү их зовлон зүдгүүр, олон хүний амь эрсдэх гол нөхцөл болно” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн аж.

Германы канцлер Олаф Шольц Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, ОХУ-д эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт бүх нийтийн санал асуулга явуулах гэж байгааг “цөхөрсөн үйлдэл” гэж нэрлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Шольц “Орос улс гэмт хэрэг болсон энэ дайнд ялж чадахгүй, Владимир Путины гаргасан шийдвэр нөхцөл байдлыг улам дордуулна” гэж мэдэгджээ. Канцлер,“Путин анхнаасаа украинчуудын эсэргүүцэн тэмцэх эр зориг, Киевийн холбоотнуудын эв нэгдэл, шийдэмгий байдлыг бүрэн дутуу үнэлсэн” гэж мэдэгдсэн байна.

Энэ бүхэн Украинаас эзэлж авсан мужуудад бусад улс огт хүлээн зөвшөөрөхгүй, бүх нийтийн “санал асуулга” гээчийг явуулж, эдгээр нутгийг ОХУ-ын нутаг дэвсгэр хэмээн Думаар шийдвэр гаргуулж, Оросын энэ нутагт халдах аваас атомын бөмбөг хэрэглэнэ хэмээн заналхийлэх гэсэн В.Путины санааг баруунд хэн ч тоохгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ийнхүү В.Путин атомын бөмбөг хэрэглэх гэвэл АНУ, Английн цөмийн цохилтод түрүүлж өртөн ОХУ устаж, Оросын олон арван сая иргэдийн амь нас үрэгдэх нь ойлгомжтой болов. Путины үгээр Оросын иргэд эрчүүдээ Украины дайнд явуулахгүй гэдэг нь ч тодорхой байна. Энэ нь путинчууд барууны улсууд төдийгүй өөрийн иргэдийн жинхэнэ дайсан болж, ганцаардан “буланд шахагдах” нөхцөл бүрэн бүрдэн Оросын авлигажсан, дарангуйллын харгис дэгдэм устана гэдэг нь цаг хугацааны асуудал болсон гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

36.3 мянган тонн улаанбуудай хураагаад байна DNN.mn

Булганы улаан буудай чанарын үзүүлэлт сайтай гарчээ | Peak News

Улсын хэмжээнд 2022 онд 378.1 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 588.5 мянган га-д тариалалт хийсэн юм.

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Улсын хэмжээнд таван их, дээд сургууль ЗХЖШ-ийн 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав марафон” ням гаригт болно DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” есдүгээр сарын 25-ны 11:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн талбайд болно.

Марафоны 1500, 5000 метр, элит 21 км-ын зайд 12-17, 18-34, 35-44, 45-49 насны тамирчид өрсөлдөх боломжтой бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд Т-11 буюу бүрэн хараагүй 1500 метр, Т-12 буюу сул хараатай 5000 метр, Т-46 буюу гарын тайралттай 5000 метр, Т-53, 54 буюу тэргэнцэртэй 1500 метр, Т-37, 38 буюу саажилттай 1500 метрийн зайн уралдаанд 16-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй иргэд оролцох боломжтой.

“Дүнжингарав марафон”-ы бүртгэлийг Спортын төв ордны нэгдүгээр давхарын 25 тоот өрөөнд есдүгээр сарын 19-24-ны 17:00 цаг хүртэл бүртгэж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар түншлэл – 2022” үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл – 2022” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр нээлтээ хийлээ.

Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэн оролцож байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Д.Батбаяр: Өдөр шөнөгүй машинтай орос иргэд цувж орж ирсээр байна DNN.mn

ОХУ-аас ард иргэд нь дүрвэж, Монгол руу ирж байна гэх мэдээлэл нийгэмд тархсан. Уг мэдээллийн дагуу сурвалжиллаа.

ОХУ-тай автозамаар холбогдсон Алтанбулаг боомтоор өдөрт хэдэн зуугаараа оросууд орж ирж байна гэх мэдээлэл бий учраас тэнд ажиллаж амьдардаг иргэн Д.Батбаяраас дараахь тодруулгыг авлаа.

-Орос иргэд олноороо орж ирж байгаа гэсэн үнэн үү?

-Өдөр шөнөгүй машинтай иргэд цувж орж ирсээр байна. Одоо ч цуваа нь багасаагүй, оочер гэж тамтгаа алдаад байна.

-Дандаа залуучууд нь ирж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-Тийм. Ихэвчлэн идэр насны залуус ирж байна. Цаанаасаа бол залуучуудаа гаргахгүй гэсэн юм байна лээ.

-Одоо наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Хилийн цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. Өчигдөр (2022 оны есдүгээр сарын 21)-ийн Путины хийсэн мэдэгдлээс хойш наашаа орж ирэх цуваа эрс ихэссэн. Манайхаас хүлээж аваад оруулаад байгаа юм байна лээ. Гол нь зарлан ирсэн залуучуудыг бичиг баримттай нь тулгаж байгаад буцаагаад байгаа гэсэн. Бусдаар өөр шаардлага тавихгүй хүлээн авч байгаа юм билээ гэв.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хил хамгаалах ерөнхий газрын хариуцсан асуудал.

Тайлбар байхгүй.

Хууль зүйн сайд бас мэдэгдэл гаргасан байна лээ” гэх хариуг өгөв. Ингээд Хууль зүйн сайдын мэдэгдлийг хүргэе.

-ОХУ-д залуучуудыг цэрэгт дайчилна гэсэн мэдэгдэл гарснаас хойш Монгол руу орж ирэх орос иргэд нэмэгдлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн байна. Үүн дотор Монгол Улсын иргэд 15, ОХУ-аас 74, бусад орны гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хилийн гаалийн бүсэд нэг машиныг шалгаж оруулах хугацаа нь 8-10 минут. Өөрөөр хэлбэл, автозамын боомт учраас автомашинд хилийн үзлэг шалгалт хийгээд тухайн зорчигчийн гадаад паспорт, виз, нөхцөл байдлыг шалгаж үзээд штамп дараад оруулах хугацаа. 12:00 цагийн үед Хиагт орчимд машины битүү цуваа байна гэдэг мэдээлэл сошиал орчинд тархсан. Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомтын орчим оочерлож байгаа машины тоо. Нөгөө хэсэг нь хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын орчимд оочерлож байгаа машины тоо байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт орчимд оочерлож байгаа машины тоо 60 орчим байна. Өчигдөр, өнөөдрийн хувьд монгол тал руугаа зорчигчийн тоо ихэссэн дүн мэдээтэй байгаа. Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урьд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Хилийн наана 30 машины цуваа үүссэн. Нэг хүнд зарцуулах цагийг би түрүүн хэллээ. Ингээд цаг зарцуулж байгаа учраас цуваа үүссэн гэх тайлбарыг өгөв.

Харин Хил хамгаалах ерөнхий газраас дараахь тайлбарыг гаргасан байна. “Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж ирсэн бол өчигдөр ОХУ-аас 261 иргэн орж ирсэн байна. Харин Монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байна” гэжээ.

Энэ талаар ОХУ руу зорчоод ирж буй иргэн Г.Мягмардорж дараахь мэдээллийг өгөв.

-Та хэзээ Монгол Улсаас ОХУ руу гарсан бэ?

-Би энэ сарын 19-ний өдөр ОХУ руу гарсан, өнөөдөр (өчигдөр) эргэн ирж байна.

Тайлбар байхгүй.

-Алтанбулаг боомтоор гарсан уу. Таныг гарах үед хилийн боомтод авто машины цуваа үүссэн байсан уу?

-Үгүй. Наашаа цаашаа ямар ч цуваа үүсээгүй хэвийн байсан.

-Одоо урт цуваа үүссэн, Монгол руу орж ирэх орос иргэд ихэссэн гэх мэдээлэл байна. Наана чинь яг ямар байдалтай байна вэ?

-Би 15:00 цагт ирж зогссон. Энд маш урт цуваа үүсчээ. Дандаа орос иргэд орохоор оочерлож байх шиг байна. Монгол хүмүүс ховор байна. Дотоодын иргэн болохоор урдуур оруулах боломжтой болов уу гээд асуухаар хүн буугаад явсан.

-Ямар учиртай дугаарлаад байгааг та мэдэж чадав уу?

-Ерөнхийлөгч нь залуусыгаа цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарснаас хойш л дайныг хүсэхгүй байгаа залуус нь дүрвэж эхлээд байгаа юм байна лээ. Хагас хугас орос хэлтэй болохоор жаахан ярилцаж үзсэн. Ер нь л залуучууд нь дайнд явж байснаас нөхцөл байдал намжтал гадны улс руу дүрвэх тухай ярьж байна лээ.

Тайлбар байхгүй.

-Ихэнх нь залуу хүмүүс байна гэсэн мэдээлэл байгаа юм. Тантай таарсан хүмүүс залуучууд ихэвчлэн байна уу?

-Тийм, дандаа л залуус. Ямар л залуу хүн дайн хүсэхэв дээ. Тайван орныг зорьж байгаа нь илхэн байна.

-Яг одоо наана чинь ойролцоогоор хэдэн машины цуваа үүсээд авто байгаа барагцаа байна уу?

-Маш урт цуваа байна шүү дээ. Бараг 1 км хүрэх байх аа. Завсаргүй машины цуваа үүсчээ. Энэ олон оросууд Монгол руу орно гэхээр бас айдас хүрч байна шүү гэв.

Тайлбар байхгүй.


ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар Улаан-Үд хотноо оршин суух иргэнээс дараахь зүйлийг тодрууллаа.


-ОХУ-аас Монгол руу орос иргэд их дүрвэж байна гэсэн мэдээлэл байна л даа. Таны зүгээс мэдсэн сонссон зүйл бий юү?

-Надад яг өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Гэхдээ фэйсбүүкээс харсан. Түүнээс яг ойр хавийн хүмүүсээс явсан хүн байхгүй.

-Танай наагуур чинь нөхцөл байдал хэр байна вэ?

-Одоогоор 300 мянган цэрэг татна гээд татаад эхэлчихсэн. Сая хоёр автобус хүн хөдөө аймгаас авчирсан гэж сонслоо, өөр мэдсэн зүйл алга. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, Путин хоёр мэдэгдэл хийчихсэн байгаа. Тэр мэдэгдэлдээ 60 хүртэлх насны хүмүүсийг авна. 35-40 насных тийм мэргэжилтэй, 40 насныхан тийм мэргэжилтэй байх ёстой гэсэн ангилал тогтоочихсон. Мөн эмчийн мэргэжилтэй 60 хүртэлх насны хүмүүсийг татах юм байна лээ.

-Таны ойр тойрны хүмүүст зарлан дуудах хуудас ирсэн тохиолдол байгаа юу?

-Одоохондоо миний таньдаг хүмүүс дотор тийм зарлан дуудах хуудас ирсэн хүн байхгүй. Сая манай таньдаг хүн манай энд зарлан дуудах хуудас авсан хоёр автобус хүн ирсэн гэж ярьж байна. Гэхдээ тэр нь ангилалтай. Сурч байгаа оюутнуудыг авахгүй. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийг авахгүй. Цэргийн алба хаасан бэлтгэл офицерууд, цэргийн алба дүйцүүлж хаасан хүмүүсийг эхэлж авна гэсэн яриа байгаа. Ерөнхийлөгч ч энэ талаар хэлсэн. Тэр нь бас насны ангилалтай. Эхний удаадаа 300 мянган цэрэг авна гээд тодорхой мэдэгдэл хийчихсэн. Манай ажлынхны хүүхдүүд нь гэрээт цэргийн алба хаадаг болохоор одоохондоо зарлан дуудах хуудас аваагүй л гэж байна. Хамт ажилладаг хүний маань хүүхдийг анх цэрэгт татаад аваад явсан нь өнгөрсөн наймдугаар сард амь үрэгдсэн гэх мэдээлэл ирсэн байна лээ. Тэр хүн одоо ажилдаа ирэхгүй байгаа болохоор өөр мэдсэн дуулсан зүйлгүй л байна гэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар мэдээлэл хийнэ DNN.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт: “Баавгай дагаад байна” гэж хэлээд холбоо тасарсан иргэнийг аймгийн төвөөс олсон DNN.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Алтанбулаг сумын зааг Тарвагатай багийн нутаг Хадай гэх газарт намаржиж буй айлын туслах малчин есдүгээр сарын 12-ны 13:00 цагийн үед сураггүй болсон тухай дуудлага сумын Онцгой байдлын газарт иржээ. Улмаар цагдаа, онцгой байдлын алба хаагчид, нутгийн малчид, ар гэрийнхэн нь хамтран эрэн хайх ажиллагааг долоо хоногийн хугацаанд явуулсан ч олоогүй байна. Тэгвэл тухайн иргэн болох 38 настай М-ийг Сэлэнгэ аймгийн төвөөс олжээ. Түүний тухайд хариулж явсан ямаа нь мод руу ороход дагаж орсон байдаг. Улмаар богино долгионы станцаар “Ойрхон баавгай дагаад байна” гэж хэлээд холбоо тасарсан байна.

Хэргийн талаар Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогтоос тодрууллаа.

-Алтанбулаг сумын нутаг Хадай гэх газраас туслах малчин сураггүй алга болсон талаарх мэдээлэл гарсан. Та бүхэн олсон гэв үү?

-Тийм ээ. Сураггүй алга болсон талаарх мэдээллийг есдүгээр сарын 12-ны өдөр хүлээж авсан. Эхний ээлжинд малчид болон хадланд гарч байсан иргэд хамтарч хайсан юм билээ. Улмаар цаг агаар муудаж хайх ажиллагааг зогсоосон. Ингээд Онцгой байдлын алба хаагчид болон цагдаа нарын хамтарсан баг эрэн хайх ажиллагааг явуулж энэ сарын 19-ний өдөр эсэн мэнд олдсон.

-Сураггүй алга болсон иргэнийг баавгай дагаад байсан гэх мэдээлэл байна лээ.

-Ойрхон дагасан эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч гэрийн эзэндээ богино долгионы станцаар баавгай дагаж байгаа талаар хэлсэн байна лээ. Ингээд л холбоо тасарсан.

-Тухайн иргэнийг та бүхэн хаанаас олов. Долоо хоногийн хугацаанд хайсан юм байна шүү дээ. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна уу?

-Сэлэнгэ аймгийн төвөөс олсон. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна лээ. Ер нь худлаа ярьж дуудлага өгсөн гэж ойлгосон. Намрын их ажлын үеэр ийм нөхцөл байдал үүсгэж хүмүүст төвөг удсанд нь харамсаж байгаа. “Баавгай дагаад байна” гэж хэлээд л аймгийн төв рүү явчихсан юм шиг байна лээ. Тэгэхэд л бид хүн хүч зараад хайгаад байдаг. Ийм байж таарахгүй биз дээ. Холбогдох байгууллага нь хариуцлага тооцох байх.

-Өнгөрсөн жилүүдэд баавгай суурин газар луу орж ирэх тохиолдол нэг бус удаа гарсан. Тэр дундаа танайхтай хил залгадаг Хүдэр сумын нутагт. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жилийн тухайд тийм нөхцөл байдал ажиглагдаагүй. Тайван байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ховд аймгийн Мөст сумын малчин Ж.Давааням: Тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна DNN.mn

МӨСТ, ЦЭЦЭГ СУМДАД ТАРВАГАН ТАХАЛ ТУССАН ХОЁР ХҮНИЙ НЭГ НЬ НАС БАРЖЭЭ


Баруун аймгуудад тэр дундаа Ховд аймгийн Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумдад тарваган тахал гарсан гэх мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Тодруулбал, Ховд аймгийн Үенч суманд тарваган тахал туссан иргэдийн долоо нь нас барсан гэх мэдээлэл цахим сүлжээ, сайтуудаар шуугьж байна. Энэхүү мэдээлэл үнэн эсэх, бодит байдал дээр тахлын нөлөөлөл ямар байгааг ийн сурвалжиллаа.


Бид эхлээд Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмч Б.Ууганбаяраас тодруулсан юм.


-Тарваган тахлын тохиолдол танай суманд цөөнгүй бүртгэгдэж, зарим нь нас барсан гэх мэдээлэл байна. Яг ямар байдалтай байгаа талаар та бодитой тайлбар өгөхгүй юү?

-Тийм ташаа мэдээлэл харагдсан. Үнэндээ манай суманд тарваган тахлын тохиолдол одоог хүртэл бүртэгдээгүй байна. Гэхдээ манай зуслангийн бүс нутаг бол тарваган тахлын голомтын бүс гэж явдаг л даа. Саяхан тэрхүү бүс нутагт аймгийн төвөөс Зоонозын өвчин судлалын хүмүүс ирж ажиллаад шинжилгээ судалгаа хийгээд буцсан. Энэхүү судалгааны дүн, тайлбар ч гарсан. Тухайлбал, манай сумын Харигант хэмээх газар тахлын нян өндөр байна, илэрсэн гэсэн. Ер нь манай сум тарваган тахлын идэвхтэй бүсэд хамаардаг. Тиймээс жил бүр энэ чигийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Манай иргэд ч тахлаас урьдчилан сэргийлэх арга зөвлөмжүүдийг сайн мөрддөг. Тиймээс сүүлийн гурван жил манай сумаас тахал туссан тохиолдол илрээгүй.

-Тахал үүсгэгч нян байна гэсэн үг үү. Танай сумаас энэ дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Тийм, манайхаас тахлаас урьдчилан сэргийлэх болон тухайн газрыг ариутгах, иргэдэд мэдээлэл өгөх чигийн ажлуудыг шуурхай хийж байна. Бидний авсан мэдээллээр аймгийн төвд болон Цэцэг, Мөст сумдад нэг, нэг тохиолдол илэрсэн гэсэн.

-Танай сум ер нь хичнээн хүн амтай вэ. Тохиолдол илэрлээ гэхэд тусгаарлах, хавьтлуудыг нь тогтоох боломж ямар байдаг вэ?

-Манай сум Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх үзүүр гэсэн таван багийн нийт 1033 өрхөд 4506 хүн амьдардаг. Баг тус бүрд яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албан хаагчид болон малын эмч нар ажилладаг. Тохиолдол илэрлээ гэхэд эдгээр албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, өвчтөнг тусгаарлан эмчилж, явсан маршрут, ойртсон хүн бүрийг төвөггүй тодорхойлдог. Ер нь бол өмнө тахал гарч байсан учраас энэ чигийн мэдээлэл болон сэргийлэх арга туршлагууд багаггүй бий.

-Тахал гарлаа гэхэд эмч, мэргэжилтнүүд нь өөрсдөө тахал тусчих эрсдэлтэй гээд эмчилгээ, зөвлөгөө өгдөггүй, зугтдаг гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой юу?

-Тийм зүйл юу гэж байх вэ. Яахав зарим залуу эмч, туршлага дутаж, өвчтөнөөсөө айх, цэрвэх тохиолдол байна. Гэхдээ сумын эмч бүр тийм биш үү дээ. Ямар ч өвчтөн байсан улаан гараараа л эмчлэх гэж, туслах гэж үзнэ.


Ч.БАЯР: СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ


СУМАНД ТАХЛААС АЙГААД ТАРВАГА АГНАДАГ ХҮНГҮЙ БОЛСОН

Тус сумын хоёрдугаар багийн малчин Ч.Баяраас тодрууллаа. Тэрбээр “Ер нь манай сум тахлын голомттой. Үүнийг хүн болгон л мэддэг. Сумын хашир анчид л газар усаа мэдэж ганц нэг тарвага унагаадаг байх. Бусад иргэд бол тарвага алж идэхээ байсан. Харин нэг зүйл бий. Манай нутгийн хүн ч гэлээ олон жилийн өмнө нутгаасаа явсан, хотод суурьшсан хүмүүс хаяа нэг нутагтаа ирэхдээ тарвага хөөцөлдөж, хавх зэргээр агнадаг. Түүнээсээ болоод голомттой газраас тарвага агначихсан явдал цөөнгүй бий. Үүнээс болоод зарим нь тахал авчихсан удаа ч бий. Сүүлийн хоёр, гурван жил манай суманд тарвага агнадаг хүн байхгүй болсон. Учир нь бүгд тахлаас айдаг болсон. Агнахгүй болохоороо тоо толгой нь эрс өсч, гэрийн нохой, хээрийн боохой энд тэндгүй тарвага зуугаад хаячихдаг болсон. Түүнээс нь болоод тахал гараад байгааг үгүйсгэхгүй. Ер нь тарвагын тоо толгой бэлчээрийн даацад ч гэсэн нөлөөлж байна. Үлийн цагаан оготно, хулгана гэдэг шиг тарвага ч гэсэн мэрэгч амьтан. Өвсний үндэс иддэг учраас бэлчээрийн ургамал, цөлжилтөд нөлөөлж байгаа болов уу гэж санах юм” хэмээв.

Үргэлжлүүлээд бид Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн байгууллага болон нутгийн иргэдээс тодрууллаа. Тус сумаас нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн гэв.


Б.СОЛОНГО: ТАХАЛ ТУССАН ИРГЭН ШАЛБАРСАН ГАРААРАА ТУХАЙН ТАРВАГАНЫ ГЭДСИЙГ НЬ ГАРГАЖ БАЙГААД НЯНГИЙН ХАЛДВАР АВСАН


Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Солонгоос тодрууллаа.


-Танай сумаас тахлын тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна. Тухайн иргэний ойрын хавьтал болон сум орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нэг тохиолдол илэрсэн нь үнэн. Улмаар сумын удирдлагууд болон онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хорио цээрийн дэглэм тогтоочихсон байгаа. Тухайн халдвар авсан иргэнээ бид эмчилж байна. Одоогоор биеийн байдал нь сайн байгаа.

-Тухайн халдвар авсан иргэний талаар товчхон мэдээлэл өгөх боломжтой юу?

-Манай сумын Баян-Овоо багийн иргэн Г гэдэг хүн байгаа. Одоо 47 настай эрэгтэй хүн. Энэ хүн арав хоногийн өмнө тарвага хавхаар агнаж, гэдсийг нь гаргах үедээ халдвар авсан байна лээ.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн гараа шалбарчихсан байхдаа тахалтай тарваганы гэдсийг гаргасан гэсэн үг. Түүнээс болоод тахлын нян шархтай гараар нь дамжсан байсан. Одоо эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь сайжирч байна.

-Тухайн иргэн агнасан тарвагаа гэртээ ч юм уу авчирч бусад хүмүүстэй хамт идсэн байх боломжтой шүү дээ.

-Тэр агнасан тарвагаа бусдад болон өөрөө идээгүй. Яагаад гэвэл гэдсийг нь гаргаж байхдаа эцэнхий, тарган биш болохоор нь хаячихсан юм билээ. Ер нь манай аймаг, манай сум энэ жил гантай болсон. Тиймээс мал, ан амьтан сайн тарга тэвээрэг авч чадаагүй байгаа. Үүнээс болоод тарвага мэтийн мэрэгч амьтад өвчлөл үүсэх нянд өртөж байна. Тахал гарч байгаа бас нэг шалтгаан энэ болж байна. Зоонозын өвчин судлалын хүмүүс ирээд ойрын хавьтлуудыг нь судлаад буцсан. Тахал туссан хүний ойрын хавьталд орсон 11 хүн гэж тогтоосон. Тэдгээр иргэдийг ажигллаж, биеийн байдлыг нь анхааралтай чагнаж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн зовуурь болон тахлын эхний шинж тэмдэг илрээгүй байна.


ХАВХААР ТАРВАГА АГНАЖ, ЧАНАЖ ИДСЭНИЙ ДАРАА ХАЛУУРАХ, ГҮЙЛГЭХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ, АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЭМЧЛҮҮЛСЭН БОЛОВЧ НАС БАРЖЭЭ


Ховд аймагт илэрсэн хоёр дахь тохиолдол нь Мөст сумын иргэн юм. Харамсалтай нь уг тахал авсан иргэн аймгийн төвийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаад нас барсан аж. Тодруулбал, Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн “С” нь энэ сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хйисэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэл зүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байгаа гэв. Мөн тус багийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тул 72 цагийн хязгаарлалтын дэглэм тогтоосон хэмээн албаныхан мэдээлэл өглөө.


Тус суманд өнгөрсөн жил тарваган тахлын таван тохиолдол илэрснээс хоёр хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ жилийн тухайд тахал ямар байгаа талаар нутгийн малчин Ж.Даваанямаас тодрууллаа.


-Танай нутгаас тарваган тахлын тохиолдол жил бүр л илэрдэг. Энэ жилийн тухайд хэдэн хүн тахал тусав. Яагаад тахлын голомт их байгаад байна вэ?

-Манай суманд нэг тохиолдол бүртгэгдлээ гэж сонссон. Харамсалтай нь аймагт очоод нас барсан гэсэн. Талийгаач залуугийн аав нь хүүгээ аваад аймгийн төв орсон. Гэтэл эмчилгээ хийгдэхгүй байсаар байгаад хүү нь өнгөрсөн гэж дуулдсан. Яагаад эмчилгээ хийгээгүй вэ гэдгийг сайн мэдэхгүй л юм. Одоо аав нь энд тусгаарлагдчихсан байж байна. Хавьтагчид нь гайгүй байх шиг байна. Манай хүү бас тэр талийгаач залуутай хамт тухайн тарваганаас нь идсэн. Нэг нь нас барчихсан гэж сонсоод бид ч гэсэн хүүгээ аваад аймгийн эмнэлэг орж эмчлүүлсэн. Ямар нэгэн хүнд зовуурь илрээгүй болохоор өнөөдөр гэртээ ирчихээд байж байна. Энэ сарын 15-нд Б.Бат-Өлзий зааны баяр болсон. Тэр баяраар олон хүн тарвага агнаж, энд тэндгүй тарваганы боодог, чанасан мах идсэн гэсэн. Үүнийг нь мэдсэн сумын удирдлагууд, аймгийн төвийн холбогдох хүмүүс ирээд агнасан тарвагуудыг нь шалгаж устгаад, тарваганы мах идсэн хүмүүсийг тусгаарлалтад оруулсан. Долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод өчигдөр дууслаа. Тэр идэж уусан хүмүүс нь гайгүй байна гэцгээж байна лээ.

-Айл өрхүүдээр орж, нэгжлэг хийж байна уу. Танай сумаас тарвага их хэмжээгээр хадгалсан тохиолдол илэрсэн үү. Энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Манай сумын өрхүүдээр орж нэгжлэг хийсэн. Гурван айлаас тарваганы хөлдөөсөн мах илрүүллээ гэж сонсогдсон. Нэг айлаас нь хэдэн ширхэг мах гарч ирснийг нь зарлаагүй. Хураалаа, устгалаа, сэрэмжтэй байгаарай л гэж хэлсэн. Манайх сумын төвд байдаггүй, хөдөө байдаг болохоор хүмүүсийн ярьсан, хэлснээр л мэдээ сонсох юм.

-Тахал гараад байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Хамгийн гол шалтгаан нь тарваганы тоо толгой их байна. Мөн энэ жил гантай байгаа болохоор тарвага эцэнхий өвчлөлд өртөх нь өндөр байна уу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, тарвага элбэгшсэн, гантай жил учраас тахал гарах эрсдэл их байна гэж ойлгож байгаа. Малаа хариулаад явж байхдаа тарвагатай олон л тааралдаж байна. Холоос ч ганц нэг дурандаж харж байна. Ингээд хараад ажиглахаар тарвага огт таргалаагүй, хар толгойлоогүй их сулбагар, нүхнээсээ хол явж идээшилж байгаа нь харагддаг шүү. Тарвага элбэг болсон учраас манай нохой өдөр болгон л нэг тарвага зуугаад ирдэг болсон. Тахал ихтэй болохоор тэр тарвагыг нь бушуухан шатаагаад л хаячихдаг. Сүүлдээ нохойгоо хөөж явуулахаас өөр аргагүй болчихоод гэрийнхээ ойролцоо ойртуулахгүй хөөгөөд л байна. Ер нь тарваганы тоо толгойг багасгах чигийн ажил хийдэггүй юм болов уу л гэж бодох юм. Тэгэхгүй болохоор нохой, шувуу зууж ирээд хаяанд хаячих юм. Нөгөө хаясан тарваганд нь хүүхэд, багачууд хүрээд айлгаад байх юм. Тиймээс энэ тарвагыг зориуд ажил болгож тоо толгойг нь цөөрүүлэх арга хэмжээ авахгүй бол болохгүй л санагдаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө DNN.mn

ТАНИЛЦ: Ням гарагт нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд орох өөрчлөлтүүд


Есдүгээр сарын 25-нд буюу Ням гарагт зохион байгуулах автомашингүй өдрөөр томоохон зах худалдааны төвийг 7.00-18.00 цагийн хооронд хаахаас гадна нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө.


Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөх юм. Их тойруугаар явах автобусны чиглэлд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой аж.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа буюу Их тойруугийн гудамжаар явах бол урдуураа буюу Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Харин хойноос урагш, урдаас хойш явдаг босоо чиглэл Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18.00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ. Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус түр хугацаанд зогсохыг анхааруулж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээж, шийдвэрлүүлэх боломжтой DNN.mn

Нийгмийн даатгал гэж юу вэ?

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна.

Тухайлбал

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
  • Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
  • Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
  • Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээг иргэн та дараах системээс авах боломжтой юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn болон e-mongolia аппликэйшн (Үйлчилгээнүүд – Нийгмийн хамгаалал Даатгал)

Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон “нийгмийн даатгал” аппликэйшн