Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өрхийн сарын дундаж зарлага 62 мянган төгрөгөөр өсчээ DNN.mn

Монгол Улсад нэг өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3 хувиар нэмэгдэж байжээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая төгрөг байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8 хувиар нэмэгджээ.

Энэ үзүүлэлтийг 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар тооцоолж үзжээ. Ингэхэд өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ. Харин нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0 хувь) мянган төгрөгөөр тус тус буурчээ. Эдгээр нь үнийн нөлөөллийг арилган тооцсон дүн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын хулгайчийг баривчилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “2 тооны үхэр хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 55 настай эрэгтэй “Б”-ийн 2 тооны үхрийг 43 настай эрэгтэй “С”-нь хулгайлсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймээс иргэн та мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн М.Чулуунцэцэг: Долларын ханш надад нөлөөлөөд сүйд болохгүй байх гэж боддог л байлаа. Гэтэл өдөр бүр худалдан авдаг талх, сүүний үнэ нэмэгдээд байна шүү дээ DNN.mn

Долларын ханш иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжиллаа. Өчигдөр 14:00 цагийн үед ‘’Бөмбөгөр’’ худалдааны төвийг зорив. Тэнд хүмүүсийн хөл хөдөлгөөн сийрэг худалдан авалт хийх иргэд багасчээ. Монголбанкны есдүгээр сарын 21-ний өдрийн валютын ханшаар ам.доллар 3265.77 төгрөгийн үнэтэй байна. Харин валют арилжааны Найман шарга төвд 3415 төгрөг хүрчээ. Энэ нь Монголбанкнаас зарласан ханшнаас 200 төгрөгөөр илүү үзүүлэлттэй байгаа юм. Ингээд “Бөмбөгөр” худалдааны төвд ахуйн бараа худалдаалагч О.Эрдэнэтуултай ярилцлаа.


-Долларын ханш өссөн нь таны худалдаанд нөлөөлж байна уу?

-Долларын ханш өссөн нь амьдралд маш их нөлөөлж байна. Урдаас бараагаа татахад хэцүү болж байгаа. Үнэ нь 20-30 хувиар өссөн тул хүмүүс худалдан авалт хийхэд хэцүү байна. Ирэх сараас мөн өснө гэсэн сураг дуулдаж байна шүү.

-Иргэдийн худалдан авалт буурсан уу?

-Урьд жилүүдийнхийг бодвол хамаагүй буурсан. Хичээлийн шинэ жилийн үеэр зах битүү хүнтэй байдаг бол энэ жил тэгсэнгүй, мэр сэр хүмүүс л цөөн үйлчлүүлэх боллоо.

-Та хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ. Ашиг олж чадаж байна уу?

-Бараа татан авалтаа ч хийж чадахгүй мөнгөгүй болоод байна. Иргэд ч ахуйн бараа барагтаа авахаа больчихлоо. Арай л гэж түрээсээ төлж байна. Лизингээ ч төлж чадахгүйд хүрээд амьдрал улам доошилсоор байна шүү.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Ар гэрээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Нөхөр төрийн албан хаагч. Урьд нь хоёр хүний цалингаар хангалттай болгодог л байлаа. Гэтэл өдөр ирэх тусам л юмны үнэ нэмэгдэж, бараа ирэх тоолонд нэмсээр байгаад өөрсдөө ч зарж байгаа барааныхаа үнийг мэдэхээ байхад хүрээд байна. Манайх ам бүл дөрвүүлээ. Бид хоёр хүний цалингаар арай гэж хүргэж байна. Хүргэж ч гэж хүрэхээ ч байлаа. Гэтэл ганц бие өрх толгойлсон ээж, аавууд хэрхэн болгож байгаа бол. Үнэндээ ханшийн зөрүү бараа материал бүрт тусч байна гэв.

Хуучин “Бөмбөгөр” худалдааны төвөөс гараад “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөр оров. Бас л худалдан авагчгүй, хөл хөдөлгөөн бага, худалдагчид хийх зүйлгүй утсаа оролдон сууцгаах аж.

Тус худалдааны төвийн бичиг хэргийн худалдагч Ц.Хэрлэн ярихдаа “Бараагаа татахад хүндрэлтэй байна. Барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хичээлийн шинэ жилийн үе өнгөрсөн болохоор худалдан авалт бага байна. Есдүгээр сарын 1-нээс өмнөх хэд хоногт овоо орлого ороод түрээсээ өгөөд боломжийн байсан. Одоо бол бичиг хэрэг худалдан авалт багассан. Ер нь хүмүүсийн худалдан авах чадвар бага болжээ. Гар дээр бэлэн мөнгөтэй хүмүүс ховор байна. Өрнөөс өр, зээлнээс зээлний хооронд л амьдарч байна. Энэ хэцүү байдлаас хэзээ гарах юм бол доо” гэв.


Ингээд тус төвөөр үйлчлүүлж байсан иргэн М.Чулуунцэцэгтэй ярилцлаа.


-Та юу худалдаж авав. Үнэ нь өөрчлөгдөж үү?

-Ахуйн бараа худалдан авч байна. Нойлын цаас, угаалгын нунтаг, саван зэрэг ахуйн барааны үнэ хоёр дахин нэмэгджээ. 1000 төгрөгөөр авдаг зүйлээ 1200 төгрөгөөр авлаа. Удирдлаганы жижиг батерей 2-3 сарын өмнө 1000 төгрөгөөр авч байсан юм, гэтэл одоо 1500 төгрөг гэж байх шив дээ.

-Та ямар ажил хийдэг вэ. Долларын өсөлт танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би бага ангийн багш мэргэжилтэй. Цалингаараа л амьдардаг. Доллар надад нөлөөлөөд сүйд болохгүй байх гэж боддог л байлаа. Гэтэл өдөр бүр худалдан авдаг талх, сүүний үнэ нь нэмэгдээд байх юм байна шүү дээ. Тэгэхээр тэр долларын өсөлт, үнийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал гээч нь юм болов уу л гэж бодох боллоо.

-Хэдэн жил багшилж байгаа вэ. Цалин нь амьдралд тань хүрэлцэж байна уу?

-Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Үнэндээ ганц хүний цалин гурван биед хүрэлцэхгүй байна шүү дээ. 11 жил багшиллаа. Энэ маягаар байвал ажил хийгээд ч хүүхдүүдээ тэжээж хүчрэхгүй модоо барих нь. Ингэж удаан тэсэхгүйгээс хойш хүүхдүүдээ ээждээ үлдээгээд Солонгос явж ажилладаг юм уу гэж бодох болсон доо гэв.

“Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөс гараад “Тэди” гар утас худалдааны төвийг зорив. Тэнд утас зардаг лангуунуудаар хүнгүй боловч засвар үйлчилгээнийх нь төвөөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Тэди” гар утас худалдааны төвийн лангуу түрээслэгч ярихдаа “Утасны үнэ өсөөгүй ч худалдан авалт бага байна. Долларын ханш өссөн нөлөөлөл нь одоохондоо мэдэгдэж буй юм алга. Гэхдээ хүмүүс утас авахаасаа илүү засуулахаар их ирдэг болсон. Өөрөө харсан биз дээ, утас зардаг лангуугаар хүнгүй хэрнээ засварын давхарт дүүрэн хүн байгаа биз дээ. Тэгэхээр утас авах чадваргүй нь шууд харагдаж байна л гэж бодоод байна” хэмээв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Д.Мөнхзул: Шатар төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг DNN.mn

Дэлхийн шатрын холбооны мастер, өсвөрийн дэлхийн хошой аварга Д.Мөнхзултай ярилцлаа.


-Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн хошой аварга болсонд нь баяр хүргэе. Тус тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Тухайн үед Монголын шатрын спортоос дэлхийн хошой аварга болж байсан хүн байхгүй учраас аварга болсондоо би маш их баярласан. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагааны өмнө Олон улсын мастер цолоо авч буйгаа мэдсэн. Олон улсын мастер цолыг гурван норм биелүүлэн рейтингээ өсгөж авдаг учраас тэрхүү цолоо авсандаа дэлхийн хошой аварга болж байгаа шигээ ихээр баярласан. Тус тэмцээнд 70 орны 620 тамирчин оролцсон. Өсвөрийн 16 хүртэлх насны 11 шилдэг тамирчинтай өрсөлдсөн. Миний хувьд хамгийн хүнд өрөг тавдугаар өрөг байсан. Бид хоёр эхнээсээ л өгөө аваатай явсаар дунд нь би жаахан илүүрхсэн ч савлагаатай тоглолт болж тэнцсэн. Тэмцээний онцлог гэвэл нэгдүгээр ширээнд тоглож байсан тамирчин Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад багийнхаа нэгдүгээр ширээнд тоглож мөнгөн медаль хүртсэн хүүхэд байсан. Тэр хүүхдийг дөрөвдүгээр өрөг дээрээ хоёр цагийн дотор хожсон. Тэмцээн Румын улсын нуур болон хар далайн эргийн голд байрладаг Мамаиа гэдэг газар зохион байгуулагдсан нь их таалагдсан. Тэр үед өглөөний цайгаа уучихаад, үргэлж далай руу явж далайгаас энерги авдаг байсан. Тэгээд дараагаар нь өргөө бэлддэг байсан.

-Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Анх аав, эгч хоёрыгоо гэртээ шатар тоглодог байсныг хараад шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Зургаан настай, үсгээ мэддэг байсан учраас хамгийн анх морины нүүдлийг “Г” үсэг шиг нүүдэг юм байна гэж мэдэж авсан. Ингээд үргэлжлүүлэн шатрын нүүдлүүдээ суралцаж эхэлсэн. Цэцэрлэгтээ даам мэддэг байсан учраас шатрыг бас сурахыг хүссэн юм.

-Энгийн шатрын тэмцээн есөн өргөөр тоглогддог. Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 өргөөр тоглогддог юм уу?

-Том тэмцээний өргүүд ер нь 11 өргөөр тоглогддог. 11 өрөг тоглосон учраас их ядардаг. 10, 11 дүгээр өргүүд маш чухал өргүүд болсон. Арван настай байхдаа Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үед есдүгээр өргийн дараа түрүүлж байсан ч сүүлийн 10, 11 өрөгтөө муу тоглоод медалиас мултарсан юм. Тиймээс 11 өрөг тоглох нь их чухал.

-Таны өмнө нь гаргаж байсан амжилтуудыг сонирхвол?

-Би 2014 болон 2022 онуудад Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль, 2017, 2018 онуудад Сурагчдын дэлхийн аварга өсвөрийн тэмцээнээс хоёр алтан медаль, 2015, 2019 онуудад Сурагчдын дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртэж байсан. Нийтдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгөн медальтай.

-Шатрын спортоор хичээллэж буй хүүхдүүд юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд сэтгэл зүйгээ сайн бэлдэж анхаарах хэрэгтэй. Мөн өөрийн эрүүл мэнд биедээ анхаарах хэрэгтэй. Би Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцож байх үед нэг өрөг дээр тоглолтдоо илүү байсан ч дунд үеэс бие өвдөж, хэцүү байдалд ороод өрөгтөө хожигдсон. Тэр үед багтаа муу тоглолт үзүүлсэн. Тоглолтдоо ч анхаарах хэцүү байсан учраас эрүүл мэнд чухал гэдгийг ухаарсан даа.

-Шатар тоглох нь хүүхдэд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж, хөгжүүлдэг вэ?

-Ер нь шатар тоглож буй хүүхдүүд шатраа, тоглолтоо их бодох хэрэгтэй гэдэг учраас тэвчээртэй сууж сурдаг. Миний хувьд ч багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч одоо сайн сууж чаддаг, тэвчээртэй байхад суралцсан. Ер нь нөгөө хүнээ бодож байх үед хоёр талдаа 1 цаг 30 минут гээд нийтдээ гурван цагийн хяналтад стандарт төрөл байдаг. Тиймээс өрсөлдөгчөө нүүдлээ бодож байх үед зарим хүүхдүүд босоод явж байх тохиолдол бий. Энэ үед тэвчээр хэрэгтэй. Мөн шатар тоглосноор 2-3 нүүдлийн дараахыг сайн хардаг, цаашдаа ч төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг. Шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож төсөөлдөг. Тиймээс оюун ухааныг задалж хөгжүүлдэг.

-Найман настайдаа дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзлыг хангаж байсан гэсэн. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Тийм, 2014 онд Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд дэд мастер болсон. Одоо 16 насандаа Дэлхийн аварга болж буй учраас мэргэжлийн гэж үзэн олон улсын мастер цол авч байгаа.

-Тэмцээн уралдаанд орохоосоо өмнө өөрийгөө хэрхэн зоригжуулж, сэтгэл зүйгээ удирддаг вэ?

-Би 2017 онд Албанид зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13 настайдаа оролцож байсан. Тус тэмцээнд оролцож байх үед миний дээр жагссан өндөр рейтингтэй охидтой тоглоход “За чадна аа, хичээгээд үзээрэй” гэж өөртөө хэлдэг байсан. Тухайн үед “Big Bang” хамтлагийг их сонсдог байсан. Тэмцээний үеэр тус хамтлагийн дуучин Дэсоны төрсөн өдөр болж байсан юм. Тиймээс энэ өдрийг сайн даваад гарна гэж бодоод ялсан.

-Өдөрт хэчнээн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ, бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Байнгын бэлтгэлтэй байдаг. Клубтээ долоо хоногт гурван өдөр, гурван цагаар хичээллэдэг. Өгсөн даалгаврыг хийж, бие даан хийх зүйлсээ хийдэг. 2019 оноос хойш “Гэгээн арвай” клубийн Их мастер Б.Гүндаваа багш дээр тасралтгүй бэлтгэл хийж байгаа.

-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Дараагийн тэмцээн гэвэл ирэх аравдугаар сард насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Цаашид их мастер болж, ирээдүйд өөрийн хүрч чадах хязгаар хүртэл явна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Манай улс дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдэх зэсийн экспортлогч улс болох боломжтой DNN.mn

Зэсийн хэрэгцээ хэрхэн нэмэгдэх талаар эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.


-Зэсийн зах зээл дажгүй байгаа. Зэсийн үнийн ирээдүйн талаар ямар таамгууд зонхилж байна вэ?

-Зэсийн зах зээлийн хувьд цаашид эрэлт буурах төлөвгүй байна. Техник, технологийн хөгжил нь өөрөө зэсийн эрэлтийг тогтмол нэмэгдүүлж байна. Нөгөө талд зэсийн ханш өссөнтэй холбоотойгоор дэлхийн олон оронд ажилчид цалингаа нэмэгдүүлэхээр зорьж бослого хийж, зэсийн нийлүүлэлт тасалдахад нөлөөлж байна.

-Оюу толгойн гүний уурхай, Цагаан суварга гээд зэсийн ордууд ашиглалтад орсноор Монгол энэ зах зээлд гол тоглогч болох боломжтой гэсэн мессэж байдаг. Бидэнд зэсийн зах зээлд голлох тоглогч болох боломж байна уу?

-Оюу толгой, Цагаан суваргаас гадна Хармагтай гэх мэт шинээр нөөц нь тогтоогдож байгаа дэлхийд нөөц болон агуулгын хэмжээгээр тэргүүлэх олон уурхай бий. Монголчууд жилд 400-450 мянган тонн зэс экспортолж дэлхийд эхний 20-д жагсаж байна. Одоогоор нөөц батлагдсан уурхайнууд богино хугацаанд ашиглалтад орж чадвал дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдэх зэсийн экспортлогч улс болох боломжтой. Мөн манай орны газарзүйн тогтоц болон байршлын хувьд хамгийн том хэрэглэгч улстай хиллэдэг гэдэг утгаараа давуу талтай.

-Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол Монгол Улс зэсийн зах зээлд ямаршуу байр суурь эзлэх бол?

-Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл манай зэсийн олборлолт 700-800 тоннд хүрч дэлхийн топ 10 улсын нэг болох юм.

-Цаашид зэсийн ордууд илрэх боломжууд нь Монголын хувьд ямар байдаг вэ?

-Өнөөдөр ч Монголд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгосоор байна. Эрдэнэт үйлдвэрийн нөөц 30 жилийн хугацаанд дуусах төлөвтэй байсан ч нэмэлт хайгуул хийвэл нөөц нь нэмэгдэж батлагдах боломжтой тухай геологичид ярьсаар байгаа. Зөвхөн Эрдэнэт, Оюу толгой бус цаашид ч нөөц нэмэгдэж батлагдах боломж асар их бий.

-Ирээдүйд эрэлт нь өсөх критикал менералуудад зэс онцгой байр эзэлдэг. Дээрээс нь газрын ховор элементүүд нэмэгдэж байгаа. Манайд ховор элементүүд хөгжих боломж нь ямар байдаг юм бол. Нөөцийн талаар ямар мэдээлэл байдаг вэ?

-Дэлхийд 143 сая тонн ховор металлын нөөц байдгаас гурван сая гаруй тонн нь Монгол Улсад байдаг гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдэй гэх мэт газрын ховор элементийн нөөц нь тогтоогдсон ордууд, 80 гаруй илэрцүүд илэрсэн. Ирээдүйн технологийн хөгжил дэвшлийн голлох цөм болох цахилгаан автомашины батерей, мотор, соронз, зэр зэвсэг, компьютер, линз гэх мэт бүхий л зүйлсэд ховор металлуудыг ашиглаж байна. Зөвхөн Лити хэмээх цахилгаан автомашины батерей хийхэд ашигладаг тус металлын ханш сүүлийн жил гаруй хугацаанд тав дахин өсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан луу өдөр DNN.mn

2022.9.24, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.24, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 06.41-18.47
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг ирэх сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ DNN.mn

Монголын хүннү рок “The Hu” хамтлагийнхан Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.

Тэд энэ сард “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтжээ.

Хамтлагийн залуус тоглолтоо Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Coachella” хөгжмийн наадамд оролцсон.

“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн “Youtube”-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

304910879_498075978990912_8469519846947185029_n
304920583_498075012324342_3167876615660056063_n
304963590_498075305657646_1253110569508986106_n
304967307_498075515657625_1098918422450489083_n
305040200_498075195657657_5574195678828266605_n
Categories
мэдээ нийгэм

Барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байна DNN.mn

Дорноговь аймагт сүүлийн 6 жилийн хугацаанд барилгын компанийн тоо 3 дахин нэмэгджээ. Олон хүнийг ажлын байраар хангадаг онцлогтой энэ салбарт мянга гаруй хүн ажиллаж байна.

1931 онд аймаг байгуулагдах үед аймгийн төвд хоёр цагаан байшин, хөдөөд сүм, хийдийн барилгуудаас өөр барилга байгаагүй.

Барилгажуулахын тулд гарын дүйтэй иргэд, лам нараас бүрдсэн хоршоо артель, хувийн пүүсийн ажилчдыг дайчлан анхны сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, холбоо болон төр захиргааны барилгуудыг барьж байсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан DNN.mn

Малчид, тариаланчид, хандланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2022 оны 09-р сарын 23-ны 20 цагаас 09-р сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 25, 27-нд нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна