Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Эрдэнэт, Оюутолгой ордын ашиглалт, зэсийн боловсруулалтыг  нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.09.28/ болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар,
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны дүнгийн талаар зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. Хуралдааны талаар мэдээлэл өгнө.

Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцсэн ч олон нийтэд мэдээлэл өгч чадаагүй юм.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүлгэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа, дараагийн сайд хэн бэ DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын богино, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлт болон ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлэгт багтах хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажлын байранд дадлагажуулж, мэргэжил олгох асуудлыг шинээр томилогдсон сайд, яамны удирдлагууд олон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр Д.Сарангэрэл сайд яамны мэргэжилтнүүдийн бэлдэж өгсөн мэргэжлийн гэх тодотголтой “Ул айл” хэмээх үгийг хэрэглэснээрээ нийгмийн дургүйцлийг хүргэсэн. Улмаар өчигдөр олон нийтийн шүүмжлэлийн дагуу зарим улс төрийн байгууллага, иргэдийн зүгээс Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардаж жагсаал зохион байгуулсан. Үүнийг Ерөнхий сайд харгалзан үзээд Д.Сарангэрэл сайдыг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргаж, огцрууллаа. Нийгмийн шүүмжлэлийг тусгаж, Засгийн газартаа хариуцлага тооцож чадлаа гэж харах нийгмийн хэсэг бүлэг байх ч сошиал орчин дахь зарим шүүмжлэлийн дагуу Төрийн сайдыг огцрууллаа гэх нь ч байна. Юутай ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын давхар дээлтэй сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлаа өглөө. Харин дараагийн сайд болох амбицтай улстөрчид эрх баригч намд цөөнгүй бий. Хэн сайд болох вэ гэдгийг намын бүлэг, удирдах зөвлөлөөрөө хуралдаж шийдэх нь тодорхой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар дараагийн сайдын суудалд давхар дээлтэй сайд очно гэх мэдээлэл байна. Мөн албан бус мэдээллээр сайдын суудалд сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүдийн нэг нь очно гэх яриа ч улс төрийн намуудын дунд хүчтэй явагдаж байна. Харин эрх баригч намд тус яамыг хариуцаад явах сонирхолтой, УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүд дарааллаа хүлээн зогсож байгаа нь тодорхой. Тэр дундаа УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон эмэгтэй гишүүд цөөнгүй бий. Тухайлбал, дараагийн сайдад суух боломжтой хоёроос дээш сонгогдсон эмэгтэй гишүүдээс Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, С.Одонтуяа нар байна. Үүнээс сөрөг хүчний ганц гишүүн нь С.Одонтуяа. Сөрөг хүчин дотоод дахь асуудлаа одоог болтол шийдээгүй. Үүнээс нь болоод УИХ дахь АН-ын гишүүд хоёр биш, бүр гурав хуваагдчихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Иймд нэгдсэн сөрөг хүчний бодлого алдагдсан гэсэн үг. Тиймээс намын үзэл бодол, үйл ажиллагаанаас үл хамаарч сайдад амбицлах сөрөг хүчний гишүүд цөөнгүй бий. Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Тэр болтол тус яамыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болов. Юутай ч эдийн засгийн хямралтай энэ үед Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай ажиллах арга хэмжээг авах нь тодорхой. Тиймээс ирэх долоо хоногт дараагийн сайдыг шууд томилох нь зайлшгүй юм. Харин хэн сайд болох вэ гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсныг илтгэх үгс DNN.mn

Эрх баригч МАН төрийн эрхэнд гараад зургаан жил боллоо. Амьдрал сайжирсангүй. Харин тэд л өөрсдөө амьдралаас тасарч байна. Энэ тэдний ойлголт, үзэл бодол, хэлсэн үгээр нь нотлогдсоор байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн Н.Учрал “НӨАТ-ын буцаалтыг хүлээдэг, түүгээрээ амьдралаа залгуулдаг маш олон айл бий” хэмээн хэлж байлаа. Гэвч яг үнэндээ НӨАТ-ын буцаалтаараа амьдрах нь байтугай ямар ч худалдан авалт хийж чадахгүй, НӨАТ-ын буцаалт авдаггүй, авсан ч арван мянгаас хэтрэхгүй айл өрхүүд олон бий. Харин гишүүний өөрийнх нь НӨАТ-ын буцаалт нэг айлын сарын амьжиргааг залгуулчих хэмжээний мөнгө байдаг юм болов уу. Тиймээс өөрийнхөөрөө сэтгэж, хэмжээлж ярьсан нь тэр байх. Тэрээр ингэж л амьдралаас тасарч. Одоо бүр ч тасрах байх. Учир нь, тэр одоо сайд болсон. Уг нь гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа сайд хүн УИХ-ын гишүүдээс ч илүү иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг. Зөвхөн тойрог, бус томоор харж асуудал шийддэг, санал дэвшүүлдэг байх учиртай. Харамсалтай нь ийм биш байна. Иргэдийн амьдралыг хамгийн сайн мэдэж, ядарсныг тэтгэх төрийн хайр халамжийн бодлогыг иргэдэд хүргэх үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл амьдралын баталгаажих түвшнээс доогуурх айл өрхүүдээ улны айл хэмээн доромжлов. Үүнийхээ ч шанг хүртэж сайдын суудлаасаа огцорлоо. Тэрээр “Мэдээлэл хийхдээ болгоомжгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг улны айл гэж орчуулдаг гэсэн. Гэхдээ олон хүнийг гомдоосон бол уучлалт гуйж байна. Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа” гэх нь тэр. Иргэдийнхээ ядуу зүдүү байдлыг үл ойшоодог, бараг доог тохуу хийдэг сайд түүгээр дуусахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Самранд явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг. Хөнгөн бэртвэл бараг аз гэж тооцож болно. Хүнд бэртэл нь өндөр, нас баралт нь бүр өндөр” гэсэн юм. Энэ бол хүн үнэмшихээргүй статистик. Гэхдээ иргэд амьдралаа залгуулахын тулд эрсдэлтэй ч, бүр хуулиар хатуу хориглосон ч самранд явж байгаа. Энэ бол аминаасаа уйдсан, эсвэл хууль зөрчихийн тулд яваад байгаа хэрэг биш шүү дээ, Б.Бат-Эрдэнэ сайд аа. Иргэдийн амьдрал ийм л хэцүү байна.

Энэ мэтээр эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсныг батлах үгс тэдний амнаас урссаар л байна. Тэд ард түмнээ бөөс хуурс шиг харж, шавхруу долоож амьдрах ёстой гэж боддоггүй байлтай. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөж ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж үзэж байгаа дэм гэж ойлгож байгаа” хэмээн УИХ-ын индэр дээрээс хээв нэг хэлж суусан. Угтаа бол тэтгэвэр гэдэг төрөөс өгч буй дэм бус тухайн иргэн насаараа ажиллаж, хөдөлмөрлөх насандаа төлсөн НДШ-ийн хуримтлалаа тэтгэвэр хэлбэрээр буцааж авч байгаа явдал юм. Ийнхүү иргэдээ элдэв янзаар дорд үздэг эрх баригчид сүүлдээ бүр бурхан болоочдыг ад үзэж эхэллээ. Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцахаар томилогдсон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг. Тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг” гэв. Сүүлд гэхэд л Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд төрийн албан хаагчдыг “даргын зарц” хэмээн дуудав. Тэрбээр, “Чи ямар олон зарцтай байна. Би чамаас олон зарцтай мөртлөө бүгдийг ойлгоод, өөр дээрээ хариуцлагаа аваад эрхээ ч эдэлж байна, үүргээ ч биелүүлээд явж байна. Чи дарга хийвэл хийсэн шиг хий” гэв.

Мөн чанартаа УИХ-ын гишүүд, дарга, сайд ч жирийн л нэг иргэн. Гэтэл манайд дарга, сайд болоод ирэхээрээ өөрсдийгөө тусгай төрөлтөн гэж үздэг болчихоод байх юм. Сав л хийвэл энэ мэтээр ард түмнээ дорд үздэг, амьдралаас тасарсан, хариуцсан ажлынхаа тооцоо судалгааг мэдэхгүй, “мэдлэггүй” гишүүд, сайд нарыг эргүүлэн татвал таарна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч байна. Нийгэм, олон нийтийн дэмжлэггүй, хүний эрхийн мэдрэмжгүй тэднийг ингэхээс өөр яалтай билээ.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх сарын 12-нд явагдана DNN.mn

Мобикомоос авсан НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг боллоо | Peak News

НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар болсныг Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ удаагийн тохирлыг 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаар явуулна гэдгийг сануулж байв.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

3 орон таарвал 40,000 төгрөг

4 орон таарвал 60,000 төгрөг

5 орон таарвал 100,000 төгрөг

6 орон таарвал 500,000 төгрөг

7 орон таарвал 5,000,000 төгрөг

8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний Сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болжээ. Ингэхийн тулд “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэх юм байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

С.Будням: Дотооддоо инновацийн салбаруудаа зөв сонгож хөгжүүлбэл валют олж чадна DNN.mn

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухаан доктор С.Буднямтай ярилцлаа.


-Эдийн засаг хүнд байгааг цар тахал болон ковидтой холбон тайлбарлаж байгаа, төр засгийн зүгээс. Цаашид бидэнд мөнгө олох ямар боломжууд байна вэ?

-Гадны нэмүү өртөг бүтээдэг улс руу бид түүхий эдээ өгдөг. Жишээлбэл, ашигт малтмал байна. Уул уурхайгаас өөр мөнгө олох боломжуудаа эрэлхийлэх ёстой. Шийдвэр гаргагчид эдийн засгаа солонгоруулна гэж байнга ярьсаар ирсэн. Тэгэхээр хөгжлийн бодлогодоо юун түрүүнд монгол хүн гэж хэн бэ гэдгийг харуулах ямар салбар байгаагаа чиг шугамаа болгож, хөгжүүлэх ёстой. Монгол хүнийг насан туршид нь тэжээж ирсэн уламжлалт нүүдлийн аж ахуйгаа түшиглэн мөнгө олох боломж бий. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол органик гэдэг утгаар гадныхан их сонирхоно. Иймээс энэ салбарт хамгийн түрүүнд орчин үеийн ямар л технологи байна тэр бүгдийг нэвтрүүлэх ёстой. Ингэж чадвал бид хүнсний асуудлаа дотооддоо бүрэн шийдэж болохоор байгаа юм. Малаас гарах бүхий л түүхий эдийг орчин үеийн технологиор дэлхийн жишигт хүртэл боловсруулж, нэмүү өртөг шингээх бүрэн бололцоотой. Инновацийн хэд хэдэн гол чиглэлүүдийг сонгож аваад кластер үүсгэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ашигладаг, түүхий эдийг боловсруулдаг энэ салбар дахь бүгдийг уяж өгөх нь чухал. Ингэж дотооддоо инновацийн шинэчлэх салбаруудыг зөв сонголт хийвэл гаднаас валют олж чадна. Нүүрстэй адил гэсэн үг. Өнөөдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр савлахад яадаг билээ дээ. Тэгэхээр бидний өөрсдийн бүтээсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэ орвол доллар татах том боломж

-Гадны өндөр технологиудыг Монголын хөрсөнд нутагшуулахад юуг анхаарах ёстой вэ?

-Нэгдүгээрт, кластер гаргах хэрэгтэй. Өөрийнхөө эдийн засгийг солонгоруулахад боловсруулах үйлдвэрийн салбаруудаа дэмжих ёстой. Тэднийг зангидаж байгаа нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар байна. Хөдөө аж ахуй гэхээр хүнсний үйлдвэр нь сэргээд ирнэ. Дээрээс нь малаа үүлдэржүүлэх хэрэгтэй. Ингэх юм бол хөнгөн үйлдвэрийн салбарууд бас сэрнэ. Ийм маягаар эдийн засгийнхааа бүтцийг балансжуулмаар байгаа юм. Салбарын холбоосыг технологиор л дамжуулах ёстой. Нэмүү өртөг шингээсэн оюуны багтаамжтай технологи оруулж ирэхийг хэлээд байна л даа. Долоо, найман салбарыг санхүүжүүлбэл бусдыгаа өөд нь татна. Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 зэрэг хөгжлийн хөтөлбөрүүд дэвшүүлсэн. Эдгээр бодлогын баримт бичгээ боловсруулахдаа хүртэл гадна байгаа технологийн хөгжлийг эргэж харах ёстой. Шинжлэх ухаан, технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байна шүү дээ. Тэгэхээр мөнгө олоход шинэ технологи юу юунаас чухал.

-Энэ тал дээр манайд ямар байна вэ?

-Хоёр дутагтал байгаа. Нэгдүгээрт, хувийн хэвшлийн салбарууд шинжлэх ухааныг хүлээж авах мэдрэмж муутай байна. Жижиг, дунд үйлдвэрүүд анх зах зээлд суралцаж эхлэхдээ голдуу бартераар солих юм уу, гадны хэрэгцээгүй болсон хуучин технологи авчирдаг байсан. Хоёрдугаарт, бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийнхөө салбарын хөгжлийг харахдаа шинжлэх ухаан,шинэ технологи хэрэгтэй гэдэг мэдрэмж байхгүй. Барууны орнуудын үндэстэн дамнасан том компаниуд бол өөрийнхөө дэргэдээ мотиваци центртэй байдаг. Тухайн салбарын хөгжлийг ойрын хэдэн жилд ямар технологи суулгах уу, юуг эзэмшиж нэвтрүүлбэл дэлхийд байр сууриа өргөтгөх үү гэдэгт тусгайлан бодлого гаргадаг. Түүнээс биш манайх шиг бүх юмыг төр хариуцахаар мөнгө нь ч байхгүй. Нөгөө талаар манай бизнес эрхлэгчид орчин үеийн бизнесийн хөгжлийг бага мэдэрч байна.

-Төрийн зүгээс юу хийх ёстой юм бэ?

-Ерөөсөө төр зохицуулах ёстой. Бизнесийнхэнтэй зөв харьцаж, тэднийг соёлжуулахад анхаарна. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 жилд их, дээд сургуулиуд, Шинжлэх ухааны академийн судалгаа хийдэг хүрээлэнгүүд төрийн бодлогын хараанаас гадуур явж ирсэн. Тэд ямар ч шинэчлэл хийж чадалгүй, боловсрол ч гэж боловсрол алга. Шинжлэх ухаан ч гэж авах юмгүй болов. Тэднийг буруутгах ч аргагүй. Боловсролын систем бүхэлдээ оюутны төлбөр дээр буусан учраас чанар нь муудсан шалтгаан ийм юм. Одоо төрийн зүгээс боловсролын салбартаа анхаарах нь хөгжлийн том хөшүүрэг болно. Эрх чөлөөг шинжлэх ухаан боловсролын салбар олгодог. Түүгээр дамжиж хөгжил бий болно. 21 дүгээр зуунд өрсөлдөөн оюуны салбарт явна. Манай хүмүүс өндөр боловсролтой, чанартай бүтээгч байх юм бол хэн ч, хаана ч амьдрах чөлөөтэй болчихлоо. Ингэснээр дэлхийн хөгжилд нэмэр болно гэсэн үг.

-Эдийн засгийг тэлэхэд гадны хөрөнгө оруулалт юу юунаас чухал. Манайх яавал тэднийг татаж чадах вэ?

-Уул уурхайгаас гадна валют татах салбараа олчих юм бол гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Гадны хөрөнгөгүйгээр хөгжсөн улс гэж хаана ч байгхгүй. Шинэчлэл хийсэн орон дотроос Япон, Сингапур, Финлянд, Тайваньд ажиллах хүчин хэрэггүй байсан юм байна. Хүмүүс нь боловсролтой байсан учраас. Шинэчлэл хийх гэж байгаа бодлогыг хүлээж аваад технологийг нь маш хурдан эзэмшиж чадсан болохоор хөгжсөн. Ер нь эдийн засгаа шинэчилсэн дэлхийн түүх бол 20-25 жилийн хугацаанд он оноор нь хөрөнгөтэй, хүрэх зорилттой нь нарийн тодорхойлсон байдаг юм. Ялангуяа БНСУ-ын хөгжил ингэж явсан. Төр нь бизнесийнхэн болон иргэдтэйгээ хамтарсан байгаа юм. Тэдний хөгжилд иргэдийн дэмжлэг маш чухал байв. Ерөнхийлөгч Пак иргэддээ хандан “Та нар өөрөө өөрсдөө өөрчлөгдөөд хөгжицгөө” гэдэг лоозон дэвшүүлсэн нь ард түмэнд хүрсэн. Өмнөд Солонгосын жижигхэн хошууг хачин сайхан болгосон. Усан онгоцны Бусон боомтыг хөгжүүлэхэд том компанийн захирлуудаа дуудаад “Та нар энд хөрөнгө оруул” гээд бизнесийн эрх чөлөөг нь өгсөн. Тэр боомт дорхноо босоод ирсэн. Бусоны боомт байхгүй байхад Германы Хамбург маш ашигтай байсан. Гэтэл Бусон боомт ажиллаж эхэлснээр тэдний орлого багассан. Ийм л нүүр царайтай бизнесийг Монгол олох хэрэгтэй. Үүн дээр төр засгийн зүгээс анхаарах ёстой. Сая шинээр байгуулагдсан хоёрыг яамны хувьд салбар хоорондын холбоосыг яаж нягтруулах уу, ямар кластеруудыг хаана, хаана гаргах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Баруун аймагт, Сэлэнгэд ямар кластер байх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэх юм бол жигд хөгжил ирнэ. Одоо Улаанбаатарт төвлөрөл нэмэгдэж, хөдөө орон нутагт хүртээмж тааруу байна шүү дээ. Амьралын ялгаа асар их. Хэрэв бүсчилсэн хөгжлийн бодлогоо бүхэлд нь зангидаж, “Алсын хараа-2050” мэт хөтөлбөрөө эргэж хараад, Шинэ сэргэлтийн бодлогодоо ч тодорхой хөрөнгөөр нь уяад, аль аль салбарт яаж мөнгө хаях вэ гэдгээ яам хийх ёстой. Технологийн эрин зуунд үндэсний цахим платформыг салбар яам нь бий болгох нь нэн түрүүнд хийх ажил. Төрийн бичиг цаас гэлтгүй яамдын гаргаж ирсэн нэгдмэл салбар дундын холбоосын хөтөлбөр цахим платформ дээр хамгийн хямд явах ёстой. Цахим эдийн засгийн гол онцлог энэ. Улсын хэмжээний бүх өгөгдлүүд нэгдсэн тавцан дээр бүрэлдээд хоорондоо харилцан солилцох бололцоотой. Өндөр мэргэжилтэй хүмүүсээ сайн бэлдэх юм бол маш амархан хийчих ажил. Тиймээс их, дээд сургуулиуд өөрийнхөө сургалтын программыг өндөр түвшинд аваачаад, эдийн засийн баялаг бүтээдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх ёстой. Дэлхийн жишгээр их сургууль төвлөрсөн, мэдлэг үйлдвэрлэдэг кластер болохыг хэлж байгаа юм.

-Бид дэлхийд өрсөлдөх брэнд үйлдвэрлэнэ гэж ярихаасаа урьдаар хоёр хөрш рүүгээ экспортолдог орон баймаар байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Эхний байдлаар хоёр хөршийн сонирхол бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байна. Түүхийгээр нь биш, боловсруулсан байдлаар авах туйлын их сонирхолтой. Энэ хоёр бол идэж дуусахгүй. Харин манайхан хангахад анхаарах ёстой. Юун түрүүнд бид хэрэглээний барааны хувьд импортын хамаарлыг багасгах хэрэгтэй. Боловсроуулах үйлдвэрүүддээ бодлого гаргамаар байна.

Хүнсний, хөнгөн үйлдвэрийг кластеруудыг газар нутгийнхаа географикийн байршлаар хаана бололцотой байгааг тодорхойлох ёстой. Эхлээд дотоодоосоо мөнгө олдог салбаруудыг ол, эсвэл тэр салбарууд дээрээ гаднаас хөрөнгө татах хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэболд: Бид Ардчилсан намынхаа ах нараас ёс зүй, хүн чанар, дүрэм журам, хуулийг шаардаж байна DNN.mn

-ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ГЭДЭГ ХАРИУГ АТГ-ААС ӨГСӨН-


Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа. Тус холбооны залуучууд Ардчилсан намын лидерүүд болох С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэрэг бодитой эсэх талаар АТГаас мэдээлэл авах зорилгоор суулт хийж буй юм.


-Ардчилсан намын дотоод асуудал шийдэгдэхгүй удаж байна. Ер нь энэ байдлаараа ирэх сонгуульд нэгдмэл байдлаар оролцож чадах уу. Залуучуудын зүгээс намын маргаанд ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх сонгууль гэлтгүй энэ жилдээ багтаж нэн яаралтай, хүчтэй сөрөг хүчнийхээ байр суурь дээр шилжих шаардлагатай байгаа. Эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд бид маш хурдан сөрөг хүчнийхээ байр суурь дээр очих шаардлагатай. Ардчилсан намын дотоодод үүссэн энэхүү нөхцөл байдал нь дангаараа бидний дотоод асуудал биш ээ. Энэ хагарал бол томоохон улс төрийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бүлэглэлүүдийн ашиг сонирхлын үндсэн дээр боссон асуудал. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах зорилгоор ардчилсан намд тамга хувилж өгсөн, хоёр талд нь яс хаясан эрх баригчдаас үүдэлтэй, маргаан. Ардчилсан нам дотроо учраа олохгүй байгаа мэт харагдуулах энэхүү нөхцөлийг дээрээс шидсэн том чулуу гэж харж байгаа.

-Та бүхэн АТГ-ын гадаа цөөнгүй хоног суулт хийж байна. Тавьж байгаа гол шаардлага нь юу юм бэ. Та бүхэн юуны төлөө суулт хийгээд байна вэ?

-Хэвлэл мэдээллээр явдаг улстөрчтэй холбоотой үнэн худал нь мэдэгддэггүй маш олон асуудал байна. Энэ олон хэрэг яг шүүх, прокурор, АТГ-ын шатандаа ямар түвшинд явж байгаа талаарх бодит үнэнг олохыг зорьж байна. Тухайлбал, тамганы асуудалтай буюу хоёр талд Ардчилсан намыг удирдаад байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэргүүдийн үнэн зөвийг тодорхой болгож өгөхийг л хүсээд байгаа юм. Өнөөдөр хувь хүмүүсийн нэр төрд халдах байдлаар 200 мянган гишүүнтэй Ардчилсан намыг туйлдуулж, бүтцийн хувьд энэ байгууллагыг ажилгүй болгох улс төрийн маш нарийн ажил явагдаж байна. Тиймээс бид хамгийн түрүүнд учраа олохын тулд дээрх хоёр лидертэй холбогдох хэрэг, дуулиан шуугиан хууль хүчний байгууллага дээр ямар түвшиндээ явагдаж байгаа вэ гэдгийг мэдэхийг л хүссэн. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байна. Мэдээж шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутан гэж яллаж болохгүй. Гэтэл нийгэмд хууль хүчний байгууллагууд зарим хэргийг царцаах, зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хэрэг зохиомлоор бий болгодог зэрэг хардалт маш их байдаг. Тиймээс бидний зүгээс нэр бүхий зарим улстөрчдөд үнэхээр зохиомол хэрэг үүсгээд явдаг уу, эсвэл хэргийг нь царцаагаад улс төрийн тохиролцоо болгодог систем бодитой байдаг эсэхийг тодруулж, мэдээлэл өгөхийг л шаардаж байна.

-Намынхаа хоёр лидерийн хэргийг хууль хүчний байгууллагаас тодруулчихлаа гэхэд энэ нь намыг нэгтгэх гарц байж чадах уу?

-Үүнийг хийснээрээ бид ардчилсан нам ёс зүйтэй, өөрсдийнхөө дотоод асуудлыг цэгцлэх, хоорондоо нэгдэж эвлэрэх орон зайг бий болгож байгаа юм. Бидний үйл ажиллагааг зарим нь намын нэр хүндийг унагааж байгаа, намыг муухай харагдуулж байгаа үйлдэл гэж шүүмжилж байна. Өнөөгийн нийгэмд Ардчилсан нам хангалттай муухай харагддагаа харагдчихсан, зөрчилддөгөө зөрчилдчихсөн. Тиймээс шинэ эрин үеийг авчрахын төлөө улаан шугам татаад урдах асуудлаа шийдээд урагшаа явах нь манай намын дотоод эрх ашиг. Мөн Монгол Улсын хүчтэй сөрөг хүчин байх том эрх ашиг, цаашлаад ардчилал, хүний эрх, парламент тогтолцоог хамгаалах суурь юм. Ардчилсан нам бол хүний халаасанд тамга болж хэвтдэг институци биш ээ. Манай нам бол 200 гаруй мянган гишүүний итгэл үнэмшил, 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын төлөө шинэчлэлийг хийж ирсэн нам.

-Ардчилсан залуучуудын холбооны ерөнхий чиг үүрэг нь юу юм. Намдаа үйлчилдэг байгууллага юм уу?

-Манай холбоо нэгдүгээрт, намын дэргэдэх бүтцийн байгууллага. Хоёрдугаарт, залуучуудад ардчиллын үзэл баримтлал, боловсролыг түгээх, ардчилсан үзэл санааг бэхжүүлэх, хамгаалах, баруун төвийн үзэл буюу халамж хавтгайрсан биш хувийн хэвшлийг болон хүний эрх, эрх чөлөөг дэмждэг байгууллага. Нөгөөтэйгүүр энэ нам дотоодод үүссэн маргаантай асуудлаа шийдээд хоорондоо учраа олчих байх гэж итгэн бид хангалттай хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам нэгдэх ёстой гэж “Нэгд” хэмээх аяныг хүртэл санаачилж явуулсан. Угтаа ардчилсан намын ах нарыг хоорондоо нэгдэх боломжийг байнга бүрдүүлж ирсэн. Гэвч эдгээр хүмүүс Ардчилсан намын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг хуваах, устгах ажлыг улс орон даяар явуулж эхэлсэн. Тиймээс бид Ардчилсан намынхаа ах нараасаа ёс зүй, хүн чанар, дүрэм журам, хуулийг шаардаж байна.

-Та тамганы асуудалтай байгаа гэлээ. Гэтэл С.Эрдэнэ тэргүүтэй ардчилсан намынхан чинь тамганы асуудал байхгүй, шүүхээр эцэслэгдчихсэн зүйл гэдгээ мэдэгдээд байгаа шүү дээ?

-Шүүхээс эцэслэгдсэн шийдвэр гараагүй байгаа. Нэгдүгээрт, нам гэдэг тамга биш итгэл үнэмшлийн байгууллага. Ардчилсан намын анхан болон дунд шатандаа хагарч хуваагдаагүй. Харин ч дийлэнх олонхоороо нэг талдаа байгаа. Үүнийг зориудаар хагаралдуулах эрх ашиг МАН-д нийцэж байсан учраас иргэний бүртгэл, хууль, шүүхийн байгууллагаар дамжуулж, энэ намыг зохиомлоор хуваах ажлыг хийсэн. Жирийн гишүүдийн хувьд Ардчилсан нам огт хуваагдаагүй. Гагцхүү Ардын намын өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажил нь өөрөө Ардчилсан намыг хуваагдуулсан мэт харагдуулах. Тиймээс гол асуудал бол дундаа учраа олох хэрэгтэй. Аль болох туйлширч болохгүй. Ардчилсан намын маргаантай асуудал цөөнгүй хугацааг өнгөрүүлсэн ч аль аль талдаа буулт хийгээд нэгдэх орон зайд ороод ирвэл энэ асуудлыг маш хурдан шийдчихнэ. Үүний төлөө бид АТГ-ын гадаа дөрөв дэх өдрөө суулт хийж байна. Бид хэн нэгнийг яллаад өгөөч гэж хүсээгүй. Бодит үнэн мэдээллийг л хүссэн.

-Дөрөв, таван хоног суулт хийж байна гэлээ. АТГ-аас ямар хариу өгч байна вэ?

-АТГ-аас бидэнд албан бичиг өгсөн. АТГ-аас С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, Х.Баттулгад холбогдох хэрэг одоогоор шалгагдаагүй байна гэсэн хариуг албан бичгээр өгсөн. Харин хэргийн талаарх тодорхой мэдээллийг өгөх боломжгүй хэмээн тайлбар хэлсэн. Ямартаа ч С.Эрдэнэ гэх хүнийг шалгаж байгаа, харин Х.Баттулга гэх хүнд холбогдох хэрэг байхгүй болох талаар Нийслэлийн Прокурорын газраас хариу тайлбар албан бичиг ирсэн. Цаашид бид ёс зүйн зөрчилгүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдолгүй лидерүүдээ дэмжиж, хүчтэй сөрөг хүчний байр сууриа богино хугацаанд сэргээхийн төлөө ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 28, Буд гариг. Билгийн тооллын 3, салхины эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6:47 цагт мандан, 18:39 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын
Эрдмийн их сургуулийн
зөвлөх профессор, шинжлэх
ухаан доктор С.Будням “Дотооддоо инновацийн
салбаруудаа зөв сонгож
хөгжүүлбэл валют олж чадна” гэснийг V
нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Философийн ухааны
доктор, профессор
Б.Батчулуун “УИХ-ын гишүүн, сайд
дарга боллоо гээд хүний эрх нь
ихэсчихдэг ч юм биш” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг
огцрууллаа, дараагийн сайд хэн бэ.

Гэр бүл судлаач Б.Өнөбилгүүн “Гэр
бүлээс хамааралтай стресстэж буй
өсвөр насныхны 30 хувь нь сэтгэцийн
өөрчлөлттэй байна” хэмээв.

Хуульч
Б.Баяраа “Улсын дээд шүүх хуулийн
суурь зарчим, үнэт зүйлсийнхээ эсрэг
тайлбар гаргасан”
хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Туялзуур сэлэмчдийн “Намрын сорил” тэмцээн ням гаригт болно DNN.mn

Epee Coaching 101 by Laszlo Jakab | CoachTube

Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ны 2022-2023-оны улирлын тэмцээний нэг болох насанд хүрэгчдийн С-зэрэглэлийн “Намрын сорил” тэмцээн 10 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо болно.