Сүүлийн үед хүүхдүүдийн дунд халуурах, суулгах, бөөлжих шинж тэмдэгтэй гэдэсний халдварт өвчин их байгаа талаар эцэг эхчүүд цахим орчинд нийтэлж байна. Энэ талаар сурвалжлахаар ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорилоо.
Улсын эмнэлгийн хүүхдийн тасагт ор хүрэлцэхээ байж өвдсөн хүүхдүүдийн аав ээж коридорт хөнжил дэвсгэрээ засаж ор сулрахыг хүлээн хүүхдээ сахидаг болоод удаж байгаа. Ханиад томуу ихтэй үед энэ мэт энгийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Харин сургууль цэцэрлэгийн хичээл эхлэх дөхсөн энэ үед улсын эмнэлгийн хүүхдийн тасагт очиход ор хүрэлцээтэй, эл хульхан, ханиад томууны улиралд битүү хүнтэй байдаг коридор хоосон, эмчлүүлж буй хүүхдүүд л ганц нэгээрээ тоглон харьцангуй тайван байлаа. Ялангуяа өвлийн улиралд ачаалал ихтэй, өрөө тасалгааны хүрэлцээ багатай төдийгүй коридортоо ч зайгүй байдаг хүүхдийн тасаг цэлгэр саруулхан, ачаалал багатай байгаа нь хүүхдүүдийн өвчлөл, ханиад харьцангуй бага буйг илтгэнэ. Хүүхдээ хөхүүлэн сууж буй нэгэн ээжээс эмнэлэгт дахин хүүхэд хүлээж авах сул ор байгаа эсэхийг асуухад “Дахиад хүүхэд ирэхэд оруулах сул хэд хэдэн ор харагдсан. Бид хоёр маргааш гарна. Манай дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасаг эмчилгээ сайтай. Хүү маань бөөлжиж халуураад байхаар нь өрхийн эмнэлэгтээ үзүүлтэл Дүүргийн эмнэлэгт үзүүлэхийг сануулсан юм. Шууд энд ирээд яаралтай тусламжид үзүүлтэл хэвтэхийг зөвлөсөн. Долоо хоног эмчлүүлээд (өнөөдөр) гарах гэж байна. Бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний халдварт өвчин их байгааг эмч нар хэлж байна лээ” гэсэн юм. ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Ч.Оюунсүрэн ярихдаа “Одоогоор манай эмнэлгийн ачаалал бага байна. Сургууль, цэцэрлэг ороод томуу, томуу төст өвчний ид үед бид том хүний тасгаа нэг тал руу нь шахаж хүүхэд авдаг. Мөн мэс заслын эмнэлгээ өргөтгөн гурван давхар болгож, хүүхдийн ороо нэмсэн. Томуугийн ид үед хангалттай хүрэлцэхгүй дахин 30 хүүхэд нэмж авах хүчин чадалтай болсон” гэв.
Харин дээрх шалтгаанаар ХӨСҮТ-д иргэд хэр их хандаж байгааг мэдээллийн албанаас тодруулав. ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Дэлгэрмаа ярихдаа “Хүүхдүүдийн дунд гэдэс өвдөх, халуурах, суулгах шинж тэмдэгтэй халдварт өвчин их гарч байна. Энэхүү шалтгаанаар зөвхөн хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн иргэд ч их ирж байна. Хүмүүсийн дунд тус халдвар ахуйн болон агаар дуслын замаар их тархаж байна. Иргэд ч шинж тэмдэг илрэхээр шууд өрхийн эмнэлэг болон эмнэлгийн байгууллагад хандахгүй дур мэдэн эм ууж, хүүхдүүддээ ч өөрийн тавьсан оношоор эм өгч байна. Дээрх шинж тэмдэг илэрвэл заавал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Өөрсдөө дур мэдэн эм ууж хүндэрсэн хойноо эмнэлэгт ирж байгаа нь эрсдэлтэй алхам” хэмээв.
Хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Хүүхдүүдийн дунд гэдэсний халдварт өвчин их байгаа нь олон хүүхдүүд цугларахад эрсдэл үүсгэх магадлалтай юм. Тиймээс энэ талаар Боловсролын ерөнхий газрын хэвлэлийн ажилтан н.Насанжаргалаас тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед хүүхдүүдийн дунд ахуйн замаар халдварладаг гэдэсний өвчлөл их байна. Та бүхэн хүүхдүүдийн эрүүл ахуйн тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайх ЭМЯ болон БСШУ-ны яамтай хамтран эрүүл мэндийн зөвлөмж гаргадаг. Хичээл сургууль эхлэхээр уг зөвлөмжөө дахин шинэчлэн батална. Одоогоор ЭМЯ-наас ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Цар тахлын үе бүрэн дуусаагүй энэ үед хорио цээрийн үед баримталж байсан эрүүл ахуйн дэглэмээ чанд сахин ажиллахыг сургуулиудад сануулж байгаа. Анги бүрт гар ариутгагч болон ус цэвэршүүлэгч байлгахыг шаардаж байгаа.
-Хичээл хуучин горимоороо анги хуваагдахгүй орно гэсэн. Тэгэхээр урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, багш нарт ямар нэгэн байдлаар сургалт, таниулга хийх үү?
-Бага ангийнхан үдийн хоолоо ангидаа иддэг. Тэгэхээр бага ангийн багш нарт ялангуяа зөвлөмж зөвлөгөөг аль болох хүртээмжтэй өгөхийг хичээн ажиллана. Хичээл сургууль орсны дараа багш нарт цар тахлын үед ажиллаж байсан горимоороо эрүүл ахуйн шаардлагыг сайн хангаж ажиллахыг зөвлөнө. Сургуулиудын цахим хаяг болон эцэг эхчүүдийн цахим хаягаар сургалт сурталчилгаа, мэдээллийг сургууль бүр байнга өгч ажиллаж байдаг. Тэр уламжлалаа ч энэ жил үргэлжлүүлэх байх гэв.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдийн дунд их гарч байгаа гэдэсний халдварт өвчний талаар тодруулсан юм. НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа ярихдаа “ДЭМБ-ын үзүүлэлтээс 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын 1-3 дугаар байрт амьсгалын замын эмгэгүүд ордог. Харин суулгалт өвчний хувьд хүүхдийн өвчний цогц менежмэнт Засгийн газраас хэрэгжүүлсний үр дүнд буурсан. Хурц суулгалт өвчнөөр хүүхдүүд эндэхээ больсон. Гэвч энэ төрлийн өвчнөөс иргэд урьдчилан сэргийлж ариун цэврийг чанд сахих хэрэгтэй. Өөрсдөдөө дур мэдэн онош тавьж, эм ууж хүндрүүлж байгаа нь эмнэлгийн байгууллагад ачаалал нэмж байна. Тиймээс аль болох ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн л бол шууд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Тэгэхгүй өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг хүмүүс их болжээ. Энэ нь та бидний ухамсрын асуудал шүү дээ. Өвдсөн л бол хүнд, хөнгөн гэхгүй эмчид ханддаг болмоор байна” хэмээв.