Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоглоомын Цэцийг даруйхан татан буулгах хэрэгтэй байна DNN.mn

Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа. Ардчиллын амин сүнсийг хамгаалагч байгууллага ч гэж хэлж болно. Тэр утгаараа Цэц нь Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр, зарлиг, олон улсын гэрээ контракт зэрэгт хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагуудын гаргасан шийдвэр, хууль тогтоомжууд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргаж, маргааныг шийдвэрлэдэг онцгой субьект юм. Тиймээс “Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр бий” гэсэн зүйрлэлийг зүгээр ч нэг оноогоогүй байх.

Харамсалтай нь, Үндсэн хуулийн Цэц юу ч хийхээс сийхгүй болжээ. Ямар ч хамаагүй шийдвэр гаргаж мэдэхээр байгууллага болж хувирсан байна. Нэг өглөө сэрэхэд Монгол Улсад хаант засаглал зарлахад бэлэн юм байна гэдгийг хамгийн сүүлийн шийдвэр нь нотолчихлоо. Ер нь Цэцийн урьд хожид гаргаж байсан хуумгай, эрх баригчдын захиалгаар гаргасан шийдвэр олон бий. Жишээлбэл, сонгууль дөхөхөөр л тогтолцоог өөрчилдөг буруу зуршилтай. Түүх санацгаая. УИХ-ын 2012 оны сонгууль болохоос гурван сарын өмнө буюу гуравдугаар сарын 2-ны өдөр Цэц сонгуулийн тогтолцоог холимог болгож шийдвэрлэсэн. Тухайн үед МАХН-ын Э.Эрдэнэжамъяан нарын хүмүүс Цэцэд гомдол гаргаснаар сонгуулийн системийг ийн өөрчилсөн байдаг. Энэ сонгуулиар АН олонх болж, МАХН 10 суудал авч байв. Дараа нь 2016 оны сонгуулиас хоёрхон сарын өмнө дахиад л сонгуулийн тогтолцоогоо өөрчилчихөв. Тухайн үед Цэц “Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Ингэснээр 2016 оны сонгуулийг мажоратор тогтолцоогоор явуулав. АН засгийн эрхэнд байсан үе. Гэвч эрх баригч хүчний тооцоолол биелээгүй. Тэр сонгуулиар МАН 65 суудал авч байлаа. Цэц ингэж УИХ-ын сонгуулийн системийг улс төрийн нөлөөлөлд автаж дахин, дахин өөрчилснөөс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөн л эрх баригч хүчинд үйлчлэв. Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Цэцийн дүгнэлт МАН-ын нэр дэвшигчдэд ашигтай болж хувирсан юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. ҮХНӨ-өөр Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа нэр дэвшинэ гэж заасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ийм өгүүлбэр байгаагүй. Хуулийн энэ гаргалгаагаар Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой байв. Ингээд ҮХЦ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжийг хааж чадсан. Ингээд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй.

Ерөөсөө Цэц гэдэг байгууллага Үндсэн хуулиа манах эрхэм үүргээ умартаж, улстөрчдийн, эрх мэдэлтнүүдийн гар хөл болж ирсний балаг үүгээр дуусахгүй. Сая дахиад л ҮХНӨ оруулах эрх баригчдын захиалгыг гүйцэлдүүлчихлээ. МАН-ын гар хөл гэгддэг ХҮН намын дарга Х.Доржхандын гаргасан гомдлыг Цэц хүлээн авахаар барахгүй Үндсэн хуулиа буруутгав. Цэц дээр дурдсан 2012, 2016 оны дүгнэлтүүдээ хүчингүй болсонд тооцлоо. Ингэснээр сонгуулийн тогтолцоог УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчлөх тэр боломж үүсэв. Энэ тухай Х.Доржханд гишүүн “Сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох эсэх түүхэн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, цэг тавилаа” гэж ихэд додигор мэдэгдсэн нь саяхан. Их хурлын гишүүдийн тоог нэмж, тэдний хэд нь ч давхар дээлтэй байж болно гэж Цэц шийдчихлээ. Дээрээс нь сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх замыг зассан Цэцийн дүгнэлттэй зэрэгцээд Их хурал ээлжит бусаар чуулж, Үндсэн хуулийг өөрчлөх шийдвэрээ гялс баталчихлаа. Анхнаасаа өөрсдөө захиалсан юм болохоор ярсхийтэл дэмжинэ лээ. Уг нь 2019 оны ҮХНӨ нь Үндсэн хуультай нийцэж байна уу гэдэг асуудлыг Цэц зөвхөн процессын талаас нь хянах ёстой. Улмаар ҮХНӨ оруулах журмын тухай хуулиа баримталсан эсэхэд дүгнэлтээ гаргах үүрэгтэй. Харин агуулга нь зөв, буруу болсон гэдгийг хянах нь дэндүү том толгой гаргасан үйлдэл. Үндсэн хуулийн “эх баригч” Б.Чимэд гуайн хэлснээр Үндсэн хууль бол алганд багтсан эх орон яах аргагүй мөн. Тэгэхээр Үндсэн хуульд хэн дуртай нь гар хүрвэл улсаараа тоглож байгаатай адил болохыг хашир улстөрчид сануулсаар байгаа. Гэтэл Үндсэн хуулиа буруушааж, алх цохиод суудаг Цэцтэй улс дэлхийд манайхаас өөр алга. Цэцийн энэ үйлдлийг гадныхан хүндрүүлж ойлгох юм бол ордны эргэлт маягийн юм хийж байна гэж харахаар.

Төрийн залгамж чанар нь үйл хэргийн туршлагаар өвлөгддөг. Аль ч нам, улс төрийн хүчин төрийн эрхэнд гарсан бай урьд урьдынхаа засгийн гаргасан шийдвэрүүдийг эргэж хардаг практик бий. Үүнийг парламент мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч УИХ-ын гишүүд нь дор бүрнээ сайд болчих санаатай тэр тухай ам ангайсангүй. Яг үнэн хэрэгтээ гишүүн болгон сайд болох санаатай учраас Цэцийн шийдвэрийг нүдээ аниад дагаж байна. Энэ удаадаа Цэцийн шийдвэрийг буцааж болохгүй гэдэг байдлаар ҮХНӨ-ийг зүтгүүлж байх шиг байна. Одоо энэ нь дүүрсэн хэрэг гэж бодож болох ч дахиж ийм үйлдлийг давтмааргүй байна. Үүний гайгаар Цэц ямар ч шийдвэр гаргаж болдог гэсэн буруу дэг жаяг Монголын улс төрд үлдэх аюултай. Ийм улбаатай Цэцийн гишүүдийг яг энэ үйлдэл дээр нь бүрэн бүрэлдэхүүнээр цэвэрлэх хэрэгтэй. Уржигдар ээлжит бус чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлав. Дараа дараагийн Цэцийн гишүүдийг дахин ийм шийдвэр гаргуулахгүйн тулд даруй түгжиж, хазаарлахгүй бол эд нараас ямар ч шийдвэр гарч мэдэхээр болчихлоо. Тэгэхээр Цэцийн гишүүдийг 100 хувь солих саналаа Их хурал ээлжит бусдаа гаргачихаад буумаар байна.

Ер нь Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага муу бүхэнтэй нэр холбогдож ирсэн. Улс төрийн хамаг булхайг гүйцэлдүүлэгч гэдгээ хэд хэдэн удаагийн шийдвэрээрээ зарлачихлаа. Орон гүрэн дамжсан бөгс бөөрний хэрэгт хутгалдаж, Монгол Улсыг шившгийн хөндий рүү чирч байсан гээд тоочвол асуудал их бий. Мэдээж Цэцийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг үгүйсгэхгүй. Өндөр боловсролтой, Үндсэн хуулиар мэргэшсэн залуусаар цус сэлбэсэн ч гаргаж байгаа шийдвэр нь дандаа эрх мэдэлтнүүдийн талд байсаар байх юм. Цэцэд очсон залуу үеийнхэн тэнд уусаад байлгүй бугшсан үзэл, нөлөөлөлд автдаг хандлагыг өөрчилж, мэдлэг чадвараа илэрхийлдэг болох хэрэгтэй байна шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн бүртгэл ирэх сарын 5-наас эхэлнэ DNN.mn

Хүүхдийн урлан бүтээх төв 2022-2023 оны дугуйлангийн элсэлтээ зарлаж байна. Тус төвийн бүх дугуйлан үнэ төлбөргүй бөгөөд есдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд бүртгэнэ.

Хүүхдээ бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, цээж зурагтай ирнэ үү гэж тус төвөөс мэдээллээ.

д/д Дугуйлан Багшийн нэр Онцлог
1 Гар урлалын анхан шатны анги Ц.Дуламсүрэн ЕБС-ын 2-5 ангийн сурагчид хамрагдана.
2 Уран зургийн анхан шатны Уран зургийн анги Б.Нарангэрэл ЕБС-ын 2-5 ангийн сурагчид хамрагдана.
3 Монгол зураг Н.Мөнхтуул ЕБС-ын 2-12 ангийн сурагчид хамрагдана.
4 Уран зураг М.Энхбаяр, Ш.Баатардалай, Д.Ганболд ЕБС-ын 2-12 ангийн сурагчид хамрагдана.
5 Хүүхэлдэй бэлэг дурсгал С.Оюунсайхан, А.Үржинханд ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
6 Хүүхэлдэй бэлэг дурсгалын анхан шат Б.Булгантуяа ЕБС-ын 2-4 ангийн сурагчид хамрагдана.
7 Сүрлэн наамал Р.Энхбаяр ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
8 Сүрлэн сүлжмэл, гар урлалын анхан шат Б.Нарантунгалаг ЕБС-ын 2-5 ангийн сурагчид хамрагдана.
9 Сүрлэн сүлжмэл Г.Туяа ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
10 Уран сийлбэр Б.Батцоож ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
11 Уран хайчилбар Т.Ганхуяг ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
11 Арьсан урлал Э.Бямбасүрэн ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
13 Уран баримал Т.Даваасамбуу ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
14 Уран баримлын анхан шат Б.Ичинхорлоо ЕБС-ын 2-5 ангийн сурагчид хамрагдана
15 Үндэсний уламжлалт уран хатгамал С.Ганцэцэг ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
16 Монгол хувцас загвар Г.Гэрэлмаа ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
17 Чимэглэлийн уран зураг Н.Баатарцог ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
18 Барилгын макет, дизайн Б.Ханхай ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
19 Монгол Уран бичлэг Д.Ганбаатар ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.
20 Монгол Уран бичлэгийн анхан шат Д.Дуламсүрэн ЕБС-ын 5-8 ангийн сурагчид хамрагдана.
21 Хувцас загвар Б.Ариунгэрэл ЕБС-ын 5-12 ангийн сурагчид хамрагдана.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.08.29/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг мэдээлж байна.

15.00

· “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/

· Бусад

“Их Хуралдай” танхим

17.00

· “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

· Бусад

19.00

· Бусад

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ламжав: Үндсэн хуулийг хянах эрх Цэцэд Үндсэн хуулиар олгогдоогүй DNN.mn

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй гэж эцэг хуульд бий. Гэтэл Цэцээс Засгийн газрын хэдэн ч сайд давхар дээлтэй байж болох тухай тогтоол гаргалаа. Уг үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулиас бусад дотоодын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох энэ талаар эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх Үндсэн хуулиар Цэцэд олгогдсон. Гэтэл Цэц “УИХ-ын таваас олон гишүүн Засгийн газарт давхардан ажиллаж болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосугай гэсэн тогтоол гаргав.

Цэц өөрийгөө Үндсэн хуулийг хянах эрхтэй мэт үзсэн том алдаа гаргалаа.Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн төсөлд УИХ Цэцийн саналыг хүсэхэд ямар ч хариу ирүүлээгүй байж ийнхүү аашилсан нь Үндсэн хуульт байгууллыг хамгаалах баталгаа болсон Цэцийг гутаав.

ИХЦэцийг буруутгаж байгаа боловч уг тогтоолыг УИХхянах эрхгүй гэж арга ядсан байдалтай харагдсан. Тэгээд нэг мэргэн арга олох шиг боллоо. Цэцтэй холбоотой хуулиудад “Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг Цэц хянахгүй” гэсэн агуулгатай заалт орууллаа. Энэ хэр зэрэг хуулийн үндэслэлтэй вэ?

-Цэцийн тогтоолыг хянах эрхгүй нь үнэн. Гэвч энэ бол Цэцийн хууль ёсны тогтоолд хамаарахыг мартаж болохгүй.

УИХ үүнийг “мартсан”. Өчигдөр (наймдугаар сарын 24-нд) яаран сандран баталсан эдгээр заалтыг би Цэцийг гуйх хууль (ЦГХ) гэж товчлон ярья. УИХ-ын даргын зүгээс хуулийн академич Амарсанаа, Нарангэрэл хоёрын зөвлөгөөг дагая хэмээн мэдэгдсэнээр “хууль зүйн тулгуур олоогүй” гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно; Цэцийн тогтоолд Монгол Улсын хуулийн этгээд, байгууллага албан тушаалтан захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалтууд бол өмнө хэлсний нэгэн адил Цэцийн хууль ёсны шийдвэрт хамаарна. УИХ үүнийг “мартсан” учраас ЦГХ батлав. Цэц зөвхөн Үндсэн хуульд захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Иймээс Цэц тогтоолынхоо хууль ёсны гэдэгт итгэл төгс байгаа бол ЦГХ-ийг дагаж мөрдөхгүй байх нь хуульд нийцнэ. ЦГХ-иар УИХ Цэцийн тогтоолыг хүлээн зөвшөөрөөд, харин дахиж ийм юм бүү хийгээрэй гэж гуйлаа. Цэц, УИХ хоёр муур, хулгана болон тоглосоор алхах гишгэх бүрдээ Үндсэн хуулийн зөрчилд унаж байна.

-Хоёр академичийн зөвлөгөөнөөс илүү хууль зүйн тулгуур байсан юм гэж үү?

-Байсан. ТҮР ХОРОО байгуулах тухай Үндсэн хуулийн заалт. Энэ заалт 2019 оны өөрчлөлтөөр орсон. Хороог УИХ-ын сонирхлын зөрчилгүй гишүүдээр байгуулах;Цэцийн гишүүдийг байцаах; ийнхүү байцаахдаа шүүх; АТГ, ТТГ зэрэг мэргэжлийн байгууллагаас тусламж авах; хорооны илтгэлийг үндэслэн УИХ Цэцийг биш гишүүдийг нь эгүүлэн татах хүртэл шийдвэр гаргах гарц одоо ч байна.

-ТҮР ХОРОО байгуулах нь хоёр академичийн зөвлөгөөнөөс юугаараа илүү хуулийн үндэслэлтэй юм бэ?

-Үндсэн хуулийнхаа хүчийг хэрэглэж байгаа учир хэн ч маргах аргагүй хууль зүйн үндэслэлтэй. Энэ хүчийг ашиглан Үндсэн хуулийн хямралд хүргэж буй энэ хуйвалдааныг таслан зогсоохыг танай сониноор дамжуулан ҮАБЗ-өөс шаардаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.8.29, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.29, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 06.06-19.41
  • Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрчим хүчний сайд үнэнийг хэлээд байх шиг, энэ өвөл “хөлдчихгүй” байгаа” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Хил гааль,
боомтуудын нээлттэй
байдал цаашид сайжирч,
ачаа барааны эргэлт илүү
нэмэгдэх хандлагатай байна”хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Танайд өнжье “Олон нуурын зусланд
өнжсөн тэмдэглэл” I-V нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрчим хүчний сайд үнэнийг хэлээд байх шиг, энэ өвөл “хөлдчихгүй” байгаа” хэмээн өгүүллээ.

ХХААХҮЯ-ны Газар
тариалангийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга Д.ЕсөнЭрдэнэ “Гурилын эрэлт нийлүүлэлттэй холбоотой
үнэд бага зэрэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй”
гэлээ.

УБТЗ-ын тээвэр
зохион байгуулалтын
албаны дарга С.Батдөл “Иргэд ачаа бараагаа авахад санхүүгийн хүндрэл тулгарч,
ачаатай чингэлгийн гацалт үүсээд байна” гэв.

Лоттеридела
Монголи” ХХК-ийн үүсгэн
байгуулагч, гүйцэтгэх
захирал Д.Мөнхцэцэг “Засгийн газраас
НӨАТ-ын сугалааг дахин
явуулахаар шийдвэрлэсэн нь
буруу, хууль бус үйлдэл” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна DNN`.mn

Энэ оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд 272 мянган иргэн хамрагджээ.

Давхардсан тоогоор өвчлөлийн 136 мянган тохиолдол бүртгэгдсэнээс дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, зүрх судас, шээс бэлгийн зам, амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн 89 хувийг эзэлж байна.

Бүх насны ангилалд 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ. Иймд хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба өдөрт 60-70 согтуу жолоочийг илрүүлж байна DNN.mn


Зам, тээврийн ослын шалтгааны дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй байдаг. Өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39348 зөрчлийг цагдаагийн албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Харин он гарсаар эхний 7 сарын байдлаар 33398 согтуугаар машин барьсан жолоочийг саатуулжээ.


Categories
мэдээ нийгэм

Улсын аварга шалгаруулах “Дөл-2022” тэмцээний аваргууд тодорлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү цогцолбор тэмцээний тэргүүн байрт Э.Өсөхбаяр тасгийн захирагч, Б.Дэлгэрмаа дасгалжуулагчтай нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасаг, дэд байрт С.Энхбаяр тасгийн захирагч, Б.Батцог дасгалжуулагчтай нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хар сүлд” тасаг, гутгаар байрт А.Ганбаяр тасгийн захирагч, Ч.Гаваа дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” тасаг, тусгай байрт З.Төгөлдөр тасгийн захирагч, Т.Ганболд дасгалжуулагчтай нийслэлийн Багануур дүүргийн “Соёмбо” тасаг, Ж.Төгсжаргал тасгийн захирагч, А.Мөнхсувд дасгалжуулагчтай нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасаг тус тус шалгарлаа.