Олон улсын сувилагчдын өдөрт зориулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн сувилахуйн багийн хамт олныг онцолж байна.
Ерөнхий мэс заслын тасаг бол эмнэлэг дотроо томоохон тасагт тооцогддог. Ард иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, хамрах хүрээ, эмч сувилагчдын бүрэлдэхүүн гээд олон талаараа онцлогтой баг хамт олон. Энэ тасагт 2020 оны арваннэгдүгээр сараас урологи буюу бөөр, шээсний замын мэс заслын тасаг нээгджээ. Ингэснээр тус тасагт ерөнхий мэс заслын найман эмч, урологийн дөрвөн эмч 32 сувилагчтайгаар ажиллаж байна.
Ерөнхий мэс заслын тасгийг Төрийн шагналт, дэлхийн оюуны өмчийн алтан медальт анагаах ухааны докторант, клиникийн профессор тэргүүлэх зэргийн Ц.Лочин эмч удирддаг. Тэрээр Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбараас анх удаа энэ шагналаар шагнагдсан нь монгол эмчийн оюуны чансааг дэлхий дахинд таниулж, үнэлүүлсэн гайхам амжилт болсон билээ. Ц.Лочин эмч бол хэвлийн хөндийн мэс заслын үр дүнг сайжруулах чиглэлээр хэд хэдэн багаж, хэрэгсэл санаачлан бүтээж, мэс заслын практикт нэвтрүүлсэн гэдгээрээ салбарынхандаа үнэлэгдсэн эрхэм юм.
Ерөнхий мэс заслын тасагт ахлах сувилагч М.Гэрэлтуяа, Б.Оюун-Эрдэнэ, С.Цэндсүрэн, Б.Мөнхсайхан, Д.Наранчимэг, Ч.Батцэцэг, М.Нэргүй, Л.Жавзмаа, Т.Байгалмаа, Ү.Тэгшжаргал, Ч.Мөнхзаяа, Л.Оюунномин, Э.Алтанчимэг, Г.Пагма, Д.Ганчимэг, С.Дэлгэрмаа, Д.Хонгорзул, А.Өлзийгэрэл, Б.Ангараг, Б.Сумъяа, Б.Мөнгөнхундага, С.Даваадолгор, Г.Пүрэвсүрэн, Э.Даваасүрэн, Э.Сүрэн, Ц.Даваадамба, Г.Өлзийханд, Ц.Буянтогтох, Ц.Саранцэцэг, О.Ариунзаяа, Ж.Санжидмаа нарын сувилагчид мэс заслын өмнөх болон дараах, мэс заслын үеийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна.
Сувилагчийн ажил мэргэжил сайхан хийгээд хүнд. Өвчтөнтэй тулж харьцдаг эмнэлгийн гол хүн. Тэр дундаа мэс заслын тасгийн сувилагчид гэдэг дайны цагийн эгэл баатрууд л гэсэн үг. Тэдэнд амрах цаг, амсхийх чөлөө үгүй. Яаралтай тусламжийн хаалгаар хагалгааны заалттай хүн орж ирэхэд л мэс заслын тасгийнхан нирхийгээд зогсох цагийн хуваарьтай ажилладаг хамт олон билээ.
Ингээд Улсын гуравдугаар шатлалын тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн сувилагчдын төлөөлөлтэй хөөрөлдсөнөө хүргэе.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч М.Гэрэлтуяа: Эмчлүүлэгч маань эдгэрч баярласнаа илэрхийлээд гарах хамгийн сайхан үе
-Баярын мэнд хүргэе. Ажлын гараагаа эхэлж байсан түүхээс хуваалцаач?
-Баярлалаа. Би эрүүл мэндийн салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Архангай аймгийн Хашаат сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байлаа. Хашаат сумын эмнэлэгтээ 13 жил ажиллаад Улаанбаатар хотод шилжин ирж, өрхийн эмнэлэгт нэг жил ажилласан. Ингээд 2003 онд Гуравдугаар эмнэлэгт шалгалт өгч байсан. Биднийг орох үед маш чанга байлаа.
-Чанга гэдэг нь?
-Хоёр, гурван шалгалт өгөөд орсон. Шалгалтаа ч амжилттай өгсөн. Сувилахуйн албаны дарга маань намайг хөдөө орон нутагт олон жил ажилласан, маш чадвартай сувилагч орж ирлээ гэж өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байлаа. Өнөөдрийг хүртэл ерөнхий мэс заслын
тасагтаа ажилласаар байна.
-Энэ тасагтаа багагүй хугацаанд ажиллажээ. Бахархах зүйл их л байдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Тасгаараа маш их бахархаж явдаг. 1923 онд Жанжин Сүхбаатарын тушаалаар цэргийн эмнэлэг байгуулагдаж, түүн дотроо мэс заслын тусламж үйлчилгээг алдарт П.Н.Шастин эмч үзүүлж эхэлсэн түүхтэй. Энэ суурин дээр манай эмнэлэг байгуулагдсан. Ингэж суурь тавигдсан эмнэлгийнхээ мэс заслын тасагт нэр хүндтэй ажиллана гэдэг бахархал байлгүй яахав.
Одоо манай тасаг ерөнхий мэс заслын 30 ор, урологийн 10 ортойгоор хэвлийн хөндий болон үрэвсэлт буглаат өвчнүүд, ясны үрэвсэлт өвчнүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг.
-Ерөнхий мэс заслын тасагт ажиллах нь бусад тасгаасаа онцлог биз?
-Ачаалал ихтэй, эргэлт хурдантай. Дотор болон бусад мэс заслын тасгууд бол хуваарийн дагуу өвчтөнүүдээ авдаг. Манайд бол яаралтайгаар, шатлал ахьсан, төлөвлөгөөт гээд олон төрлийн мэс заслууд авдаг учраас дотор ажиллаж байгаа эмч сувилагчид 24 цагийн бэлэн байдалтай ажилладаг шүү дээ. Сүүлийн үед шатлал ахиж орж ирэх тохиолдол улам нэмэгдэж байгаа. Ялангуяа бөөрний чулуу, давсагны чулуу авах, түрүү булчирхайн хагалгаа их хийж байна
-Сувилагч мэргэжлийн бахархал юунд байдаг вэ?
-Сувилагч хүн бол тухайн эмчлүүлэгчийн хамгийн ойр дотны хүн нь байдаг. Зөвхөн асаргаа сувилгаа хийхээс гадна сэтгэл зүйч, зөвлөгч, багш болж байдаг. Ингэхээр олон талын өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг.
Хамгийн жаргалтай үе гэвэл эмчлүүлэгч маань эдгэрч баярласнаа илэрхийлээд гарах. Манай тасгийн онцлог ч тэр, хоол боловсруулах замын мэс заслууд ордог учраас хүний идэж ууж байгаа өтгөн шингэн бүх зүйлтэй нь ноцолддог. Тэр утгаараа мэс заслын дараа өвчтөний өтгөн гарахад л тасгаараа баярлацгаана шүү дээ. Мэдээж ядрах үе байлгүй яахав. Ялангуяа сувилагчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Ар гэрт асуудал гарах нь бий. Ачаалал ихтэй болохоор заримдаа ар гэрээ мартаад л ажиллана. Орой ээлжээ солилцсоны дараа л санах жишээтэй.
-Ар гарийн асуудал бага л байх нь чухал юм байна?
-Тийм ээ. Ядаж л нийгмийн талын асуудал нь бага байгаасай гэж хүсдэг. Орон сууцны асуудлыг боломжтой байдлаар шийдээд өгчихдөг бол сувилагчдад хамгийн том дэмжлэг. Залуу сувилагчдад үр хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь авах асуудал их л тулгамдаж харагддаг. Олон жил ажиллачихсан бид ч бас учиртай болсон доо. Учиртай ч гэж дээ, дөжирчихсөн гэх үү дээ. Хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн хуралд оролцож байсангүй. Ганц удаа явж очиход “… маань ээжтэй байсан хэрэг үү” гэж багш нь асууж байсан шүү. Ингэж л бид ажилладаг юм.
-Та бүхний ачааллыг бууруулах ажлууд эмнэлгийн зүгээс хийгдэж байна уу?
-Манай эмнэлэг улсын хэмжээнд сувилагчийн орон тооны дутагдал багатай эмнэлэгт ордог. Энэ нь манай захиргаа, удирдлагын багийнхны үйл ажиллагаатай холбоотой. Сувилдагчдынхаа нийгмийн асуудал, өсөн дэвжих, сургах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг.
Энэ жилийн хувьд гэхэд эмнэлгээс санаачлан сувилагчдын ачааллыг бууруулах зорилгоор сувилахуйгаар төгсөж байгаа оюутнуудыг урьж эмнэлгийн үйл ажиллгаатай танилцуулах ажлыг зохион байгуулсан. Тэдгээр оюутнуудаас төгсөөд манай эмнэлэгт ажиллах хүсэлтэй оюутнуудтай гэрээ байгуулсан. Төгсөлтийн шалгалт болон лицензийн шалгалтаа өгсний дараа лиценз гартал туслах сувилагчаар цалинтай ажиллуулж байгаа. Лиценз нь гарсны дараа үндсэн сувилагчаар ажиллуулах зэргээр сувилагчдын орон тоог нөхсөн, шинэ залуу боловсон хүчнийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж байгаад урамшиж байгаа.
-Маш үр өгөөжтэй үйл ажиллагаа байна шүү. Ер нь сувилагчийн нэг өдөр яаж өнгөрдөг юм бэ. Ялангуяа мэс заслийн тасаг, эрчимт эмчилгээний тасгийнхан?
-Өдөржингөө зогсоо зайгүй явсаар л таардаг шүү дээ. Ажлын цагтаа ажил нь амжина гэж ховор. Цагийн тариагаа хийнэ. Яаралтай шинжилгээ авна. Үйлчлүүлэгчээ хагалгаанд хүргэнэ, хагалгаанаас буцааж авна. Хагалгаанаас гарч ирсэн хүний эмчилгээг эмийн сангаас авч авна. Дахиад шинээр хүн хэвтэхэд хүлээж авна. Бүх хүнийхээ амин үзүүлэлтийг үзнэ. Цагийн тариагаа хийнэ гээд л үргэлжилнэ. Үндсэн ажлын цаг 8:20-16:20 байдаг хэдий ч бичиг баримт хөтөлсөөр оройн 19, 20 цаг хүрчихдэг. Олон янзын ааш араншинтай хүмүүс үйлчлүүлнэ шүү дээ. Хамгийн гол нь ард олон маань сувилагчийн ажлын ойлгоосой гэж л хүсдэг.
Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч С.Цэндсүрэн: Улсын эмнэлгүүдэд сэтгэл зүйч ажиллуулдаг бол өвчтөн эдгэрэхэд маш дэмтэй
-Олон улсын сувилагчдын баярын мэнд дэвшүүлье. Та энэ тасагтаа олон жил ажилласан сувилагч байх аа?
-Баярлалаа. 1998 оноос өнөөдрийг хүртэл энэ тасагтаа ажиллаж байна даа.
-Сувилагч болох мөрөөдөлтэй хүүхэд байв уу?
-Багадаа бие өвдөж эмнэлгээс салдаггүй байсан маань сувилагч болоход нөлөөлсөн дөө. Наймдугаар ангиа төгсөөд эх баригчийн ангид элссэн юм. Гэхдээ нэг ч өдөр эх баригчаараа ажиллаагүй, сувилагч болсон. Өвөрхангай аймагт 1991 оноос эхлээд сувилагчаар ажиллаж байгаад, 1998 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж эхэлсэн.
-Энэ олон жил мэс заслын тасагтаа ажиллаж байгаа хүний хувьд сувилагч мэргэжлийн жаргал зовлон, энэ тасгийн түүхийн нэгээхэн хэсгийг хамгийн сайн мэдэх нь дээ, та?
-Сувилагч мэргэжил хэцүүдээ хэцүү, сайхандаа сайхан. Манайх бусад тасгуудыг бодвол харьцангуй масс ихтэй. Эмч, сувилагч ч олонтой.
Манайх эрчимт эмчилгээний тасаг дөрвөн ортой. Бүгд л хүнд хүмүүс ирнэ шүү дээ. Өөрөө хоолоо бариад идчихдэг, өндийгөөд суучихдаг хүн ирэхгүй. Эмчилгээнийхээ явцад хоног хоногоор бие нь сайжраад энгийн тасагт шилжиж байхад зарим нь муудна, яалт ч үгүй хүндэрсээр нас барах тохиолдол гарна. Тэр бүрт ар гэрийнхэнтэй нь зовлон гунигийг нь хуваалцах хэрэгтэй болно.
-Эрчимт эмчилгээний тасгаас “Хүнээ аваарай, энгийн тасаг рүү шилжүүлж байна” гэдэг үг л ид шидийн мэт үг байдаг даа?
-Тэгэлгүй яахав. Өглөө бүр эмч тэр үгийг хэзээ надад хэлэх бол гэж өвчтөнүүд хүлээж байдаг. Бид ч ялгаагүй
-Хүндхэн үе гарна биз?
-Ар гэр, ах дүүс муутай хүмүүс л их хэцүү. Харж хандах, асрах хүн ирэхгүй. Ирлээ гэхэд ганц нэг л хүн харагдана. Биеийн байдал нь хүндрээд байдаг, өвчнийх нь тавилан ойлгомжтой болчихсон хүмүүст их хэцүү. Өөрсдөд нь ч тэр, бидэнд ч тэр. Тийм өвчтөнүүдээ харахад л сэтгэл их өвддөг.
-Ер нь сэтгэл зүй гэдэг их чухал зүйл. Сэтгэлээрээ өвдөж, эдгэрдэг гэдэг?
-Миний бодлоор улсын том эмнэлгүүдэд сэтгэл зүй ажиллуулдаг баймаар санагддаг. Ялангуяа хагалгааны өмнөх болон дараа өвчтөнүүдэд сэтгэл зүй янз бүр болж байдаг. Бид хэчнээн хэлж байгаа ч мэргэжлийн хүнийг гүйцэхгүй шүү дээ. Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд ойлгуулах өөр.
-Сувилагчдын ажлын ачаалал ч их бололтой?
-Ганц манай эмнэлгээр тогтохгүй улс орон даяар сувилагчийн хомсдолд орчихоод байна. Залуус ачаалаа даахгүй шантраад гарчихдаг. Ялангуяа ковидын үед их байлаа. Миний хувьд залуучуудаасаа нэг их дутахгүй, чирэгдэхгүй ажиллахыг хичээдэг.
Эрчим эмчилгээний тасгийн сувилагч Б.Мөнгөнхундага: Сувилагчийн ажил бол буянтай ажил
-Баярын мэнд хүргэе. Баярын өдрийн ажил хэрхэн эхэлснээ хуваалцаач?
-Баярлалаа. Өглөө ажлынхаа үүдээр орж ирээд л шок болсон. Залуу эмч нар маань хоёр эгнээ болоод зогсчихсон алга ташаад баяр хүргээд л, дуу хөгжимтэй угтсан. Олон хүн харж сандраад бөөн юм боллоо. (инээв).
-Өөрийгөө танилцуулаач. Хэр хугацаанд ажиллаж байна вэ?
-Би 2013 онд Энэрэл анагаах ухааны дээд сургуульд элсэж 2017 онд төгсөөд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2021 оны гуравдугаар сараас Гуравдугаар эмнэлэгт энэ тасагтаа ажиллаж байна.
-Хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт ажилладаг гэсэн. Нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг вэ?
-Өглөө хаалгаар орж ирээд л ажил оволзож эхэлнэ. Ээлжээ хүлээлцээд хагалгаанд ороод бууж ирж байгаа хүмүүсээ хоёр цагийн турш биеийн байдал, амин үзүүлэлтийг хянана. Гуурсуудтай орж ирсэн бол түүгээр гарч байгаа шингэн ямар байна, катетертай бол шээсний өнгө нь ямар байна гэж харна. Унтуулгын дараах сэрэх явцад хүн бүр харилцан адилгүй сэрнэ. Гайгүй тайван сэрэх хүн байхад орилж хашгирдаг, ууралж загнадаг хүмүүс ч байдаг.
-Таныхаар сувилагчийн ажил мэргэжлийн сайхан тал юу вэ?
-Ээж маань насаараа сувилагч хийгээд тэтгэвэрт гарсан хүн бий. Тэгэхээр би үе дамжсан сувилагч. Сувилагчийн ажлыг буянтай ажил гэж боддог. Анх сургуулиа төгсөөд ажиллаж эхэлж байхдаа “Яагаад би сувилагч болчихов оо” гэж гайхаж байлаа. Одоо бодоход өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг илааршуулаад, эрүүл саруул болгож байгаа учраас тэр хүмүүсийн маань буян буцаад над дээр ч юм уу, үр хүүхдэд минь ирдэг байх гэж боддог. Тиймдээ ч өнөөдөр хүртэл ажиллахад үр хүүхэд маань өвдөж хавдах нь бага, ар гэр маань тайван байгаад улам билэгшээдэг.
Ер нь бидний ахмад үеийнхэнд бүх зүйлийг өөрөө хийдэг, хэцүү үе байсан. Одоо бидний ашиглаж хэрэглэж байгаа бүхий л эм тариа, эмнэлгийн хэрэгслүүд сайжирч, автоматжиж байна шүү дээ. Тэгэхээр өөрөө хичээж ажиллавал хэцүү зүйл байхгүй гэж боддог гэв.