Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn

Энэ жилийн ЭЕШ-ыг тойрсон асуудал үргэлжилсээр байна. Шалгалтын хэрэгсэл дутсан, хичээлийн агуулга хүндэрсэн, гар утас, ухаалаг цагтай орсон зэрэг зохион байгуулалтын олон асуудал яригдаж байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн төгсөгчид нэлээд хичээл дээр сүүл мушгисан нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас уржигдар хэвлэлийн бага хурал зарлаж, Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээлийн сургалтыг сайжруулах зорилгоор ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад монгол хэлний хичээл заахаар болсон шийдвэрийг танилцуулсан.

Тэгвэл энэ асуудлаар болон ЭЕШ-ын талаар иргэн М.Рысбек өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, дараах мэдээллийг хийв. Тэрээр “Казах хүүхдүүд ЭЕШ дээрээ маш муу дүн авсан нь анхны удаа биш. Жил бүр иймэрхүү асуудал гардаг. Үүний шалтгаан сурах бичгийн хангамж маш муутай холбоотой. Ахлах ангийн сурагчдын 30-35 хувь нь л сурах бичигтэй. Мөн сурах бичгийн агуулга чанарын хувьд муу гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Дээрээс нь Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээл зааж байгаа нийт багш нарын 70 хувь нь МУБИС, Ховдын Багшийн их сургууль, Казахстанд суралцаад ирж байгаа ч монгол хэлний боловсрол, мэдлэг чадварын хувьд тун хангалтгүй.

Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн сургуулиудад монгол хэлний хичээл долоо хоногт 5-7 цаг ордог бол казах хэл нь 1-2 цаг л ордог. Цаг нь хангалттай байгаа ч үр дүн муу байна. Энэ нь олон жилийн турш үндэсний цөөнхийн боловсролын асуудал дээр салбарын яам, төрийн тодорхой хэмжээний зөв бодлого барьж ирээгүйтэй холбоотой.

Нэгэнт сургалтын чанар муу учраас цаг нэмээд ч үр дүнгүй. Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн Боловсролын салбар авлигад идэгдчихсэн. Багшаар ажилд орж байгаа хүмүүс монгол хэл мэдэх, мэдэхгүй, хаана төгссөнөөс үл хамаарч авлига өгсөн хүн л ажилд ордог. Энэ систем нь хүүхдүүдийг монгол хэл ч үгүй, казах хэл ч үгүй болгож байна.

Гэтэл одоо бүр зургаан настай хүүхдэд нэгдүгээр ангиас нь монгол хэл зааж эхлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яам ярьж эхэллээ. Үүнийг эсэргүүцэж байна. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл гэдэг гадаад хэл гэсэн үг. Гадаад хэл үзэж эхлэх чадамж нь зургаан настай хүүхдийн хувьд байхгүй. Учир нь олон соёлт ард түмэн зэрэгцэн орших асуудал дээр урт хугацаандаа маш муу үр дагаврыг авчирна. Монгол хүүхдүүд хүртэл нэгдүгээр ангиасаа гадаад хэл үздэггүй шүү дээ. Тэр битгий хэл үндэсний цөөнхийн хэлийг хамгаалах олон улсын хэд хэдэн тунхаг бичиг байдаг. НҮБ-ын Хүний эрхийн консулын экспертийн хэвлэн гаргасан номонд нэг хэлийг хэтэрхий сурталчлах нь нийгмийн тогтворгүй байдлын шалтгаан болно гэж тэмдэглэсэн байдаг. Нөгөө талаар энэ асуудалд хүний эрх ч яригдаж таарна.

Жишээ нь, БНХАУ гэхэд хуульдаа бүх хэл тэгш эрхтэй гэж заасан. Норвеги улс гэхэд 1-14 нас хүртлээ тухайн хүүхэд ямар хэлээр сурахыг аав ээж нь шийддэг. Харин 14-өөс дээш настай болох үед өөрөө шийдэхээр хуульчилсан. Гэтэл манайд үүсч байгаа энэ асуудал үндэсний цөөнхийн хэл соёл, ёс заншилд тодорхой хэмжээгээр эрсдэл учруулж байна. Өнгөрсөн жил гэхэд Өмнөд Монголд сургуулийн бүх хичээлийг хятад хэл дээр үзэж эхэлнэ гэхэд бүгд тэмцсэн. Бид ч бас тэмцэнэ. Учир нь Л.Энх-Амгалан сайд зургаан настай хүүхдэд хэл зааж эхлэхийг шинжлэх ухаанч байдлаар шийдвэр гаргасан уу, үндэслэлийг нь сайн тайлбарлахыг шаардаж байна. Монгол хэлний цаг багадаагүй байна. Гол нь өөрсдөөс нь шалтгаалсан зохион байгуулалт, зөв бодлого, зөв систем байхгүйгээс л ийм байдалд хүрч байгаа юм.

Түүнээс биш казах иргэд монгол хэл сурах дургүйдээ, монголчуудад дургүйдээ хэлж байгаа юм биш. Харин ч зарим монгол хүмүүсээс илүү эх оронч сэтгэлгээтэй хүмүүс олон байдаг” гэв.


М.Рысбекээс үргэлжлүүлэн зарим зүйлийг тодрууллаа.


-Баян-Өлгийн сурагчид ЭЕШ-аа ямар түвшинд өгсөн байна вэ?

-Цахим хуудаст тавигдсан физикийн дүнг нэгтгэсэн жагсаалтыг харахад манай аймаг нэлээд доогуур байсан. Тэгэхээс ч аргагүй. Монгол хэл сураагүй юм чинь. Багш нарын ур чадвар, сурах бичгийн хүртээмжгүй байдлаас болж сураагүй учраас хүүхдүүд бусад хичээлийн агуулгыг ойлгохгүй байх аргагүй шүү дээ. Тиймээс ЭЕШ-д доогуур байх үндэслэл болчихож байгаа юм.

-ЭЕШ зохион байгуулалтын алдаанууд гарсан талаар баримтууд яригдсаар байгаа. Гэтэл хүүхдүүд, эцэг эхчүүдийг буруутгаад байгааг анзаарсан болов уу?

-Эцэг эхчүүд, хүүхдүүдэд ямар буруу байх юм бэ. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулдаг. Харин сургуульд нь юу зааж байна, ямар сурах бичгээр хангаж байна гэдэг дээр нөлөөлөх чадамжгүй. Улсаас л олгож байгаа сурах бичиг, хөтөлбөрийн дагуу хүүхдүүд сурч байгаа шүү дээ. Ийм байхад хүүхэд, эцэг эхчүүдийг буруутгах боломжгүй. Дээр би хэллээ. Ахлах ангийн хүүхдүүдийн 30 хувь нь л сурах бичгийн хүртээмжтэй байна. Ийм байхад нийт хүүхдийн 30 хувь нь л гайгүй дүн авах боломжтой гэсэн үг. Үлдсэн 70 хувь нь хичээл дээр унах магадлалтай. Тэнд монгол хүүхэд байсан ч унах нь. Тэгэхээр үүн дээр ЭЕШ зохион байгуулж байгаа Боловсролын үнэлгээний төв, Боловсрол шинжлэх ухааны яам, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Монголын төр хүүхдийнхээ боловсролд маш хариуцлагагүй хандаж байна.

-Баян-Өлгий аймгийн Боловсролын салбарт авлига гаарсан гэлээ. Үүнд хэн хяналт тавьж, зохицуулах ёстой юм бэ?

-Мэдээж Боловсрол, шинжлэх ухааны яам. Баян-Өлгий аймгийн удирдлагууд, Боловсролын газраас эхлээд авлигад автчихсан нь нууц биш болсон. Багш нар нь мэдлэг ур чадвар тааруу. Тиймээс л ЭЕШ-ыг зөв зохион байгуулалттай, үр дүнтэй хийчихэж чадахгүй байна шүү дээ. Боловсон хүчний асуудал үнэхэээр хүнд байгаа. Хамаатан садан, хэн авлига өгснийг оруулсаар ирсний гор нь өнөөдөр ингэж гарч байгаа юм.

-Ер нь энэ байдал хүүхдэдээ хайргүй, ирээдүйн боловсон хүчнээ чанартай бэлдье гэсэн сэтгэлгүйн илрэл юм биш үү?

-Яг тийм. Монгол Улсын боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө хангалттай. Гол нь тэнд таны хэлдгээр сэтгэлгүй л ажиллаад байгаа юм. Харин ч эсрэгээрээ энэ салбар авлигадаа живж байна. Энэ салбар өөрөө авлигад идэгдээд, боловсон хүчингүй болчихсон, бодлогууд нь хүүхдийн аль үед ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь алдагдчихсан. Нөгөө л хүүхдэдээ ээлгүй байгаагийн жишээ.

Гэтэл хүүхэд гэдэг энэ улс орны хамгийн гол баялаг. Ирээдүйн Монгол Улсыг өөрчлөх гол түлхүүр. Тийм ч учраас хүүхдийн аль насанд боловсролын ямар хөрөнгө оруулалт хийх талаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагууд олон судалгаа бий. Гэтэл Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тийм судалгаан дээр үндэслэсэн шийдвэр гаргаж, урт хугацаанд ажилладаг гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас тэд хариуцлага хүлээх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс Япон Улсын Ибараки аймгийн захиргааны Гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын төвийн дарга Ю.Янагибаши, ерөнхий зохицуулагч Т.Ёшизава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улс Япон Улсад тусгай ур чадвартай ажилтан илгээж эхлээд гурван жил болж байна. Энэ хугацаанд асрахуй, нисэх онгоцны засвар үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын салбарт тусгай ур чадвартай 80 гаруй ажилтан илгээжээ.

Уулзалтаар Япон Улсын Ибараки аймгийн захиргааны гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын талаар хатагтай Ю.Янагибаши танилцуулж, талууд Монгол Улсаас зорих ур чадвартай ажилтанд илүү таатай нөхцөл бүрдүүлэх боломж, ур чадварын шалгалт авах салбарын тоог нэмэгдүүлэх, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллах талаар санал солилцлоо.Энэ үеэр ур чадвартай ажилтан илгээх болон хүлээн авахад хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Гадаадын ажиллах хүч, хүний нөөцийн бодлого зохицуулалтын төвийн дарга Ю.Янагибаши нар гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ цаг-үе

Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар өнөөдөр болон маргааш хэлэлцэх асуудлын товыг гаргажээ.

-“Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

-Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийн явцын талаар

-Бусад

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Пүрэв, баасан гаригийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
  • Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсох товтой байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn


-Хөдөө явахдаа приусыг өндөрлөж үйлдвэрийн стандартыг нь алдагдуулж хэрхэвч болохгүй-


Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнтэй ярилцлаа.


-Амралт аяллын үе эхэлжээ. Орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байх шиг. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослууд ч ар араасаа гарч байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-“Ковид-19”-ийн хөл хорио цуцлагдлаа. Хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан иргэдийн хөдөлгөөн хөдөө орон нутаг руу чиглэж байна. Орон нутгийн замын ачаалал ч илэрхий нэмэгдлээ. Иргэдийн тухайд уул овооны тахилга болоод орон нутгийн наадмаа зорьж байна. Энэхүү хөдөлгөөнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ” гэх аяныг улсын хэмжээнд зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь статистик тоон мэдээллээс харахад 4593 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 42489 иргэн гэмтэж бэртсэн байгаа юм. Дээрх тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд амралт аяллын гурван сарын хугацаанд ТЦА-аас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ зохион байгуулахгүй бол 250-300 хүн зам тээврийн ослоор нас барах магадлал харагдаж байгаа юм.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх, тэр дундаа гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийж байгаатай холбоотой байна л даа. Саяхан л гэхэд Өвөрхангай аймагт “Land cruiser prado 70” маркийн тээврийн хэрэгсэл “Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхэд нь зүүн гар тийш эргэж таарсан. Ингээд тухайн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж “Land 200” нь онхолдож ослын улмаас гурван хүн нас барсан. Өөр нэг шалтгаан нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдлгөөнд оролцож байна. Сая Улаанбаатараас Өмнөговь аймаг руу ачаа тээвэрлэж явсан том оврын тээрийн хэрэгсэл эвдэрч Дундговь аймгийн нутагт замын зорчих хэсэгт зогссон байхад нь Harri­er маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас таван хүн газар дээрээ нас барсан. Том оврын тээврийн хэрэгсэл үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын зорчих хэсэгт зогсохдоо ослын гурвалжин тэмдэгт байршуулаагүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдтай явсан Harrier маркийн автомашин ослын тэмдэг байршуулаагүй том оврын тээврийн хэрэгслийн доогуур орж олон хүний амь нас хохирсон.

Үүнээс гадна жолооч нар орон нутгийн замд нойр дутуу явж байна. Дорнод аймагт бэр гуйгаад буцах замдаа өөдөөс гарч ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гурван хүн газар дээрээ нас барсан. Гурван хүүхэд өнчрөөд хоцорч байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн өөдөөс гарч ирсэн машины жолооч хэсэгхэн хугацаанд л зүүрмэглэсэн. Ингээд л халз мөргөлдсөн байна лээ. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ ядарсан бол зогсох хэсгүүдэд тодорхой хугацаанд унтаж амраад хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд таныг учирч болох эрсдэлээс сэргийлдэг.

Өөр нэг шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн жолооч этгээд согтууруулах ундаа хэрэглэчихээд жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэх тохиолдол гарч байна.

Сая Баянхонгор аймагт овооны наадамд оролцоод буцах замдаа жолооч нь согтууруулах ундаа хэрэглэж 16 настай хүүхдэд жолоо шилжүүлсэн байдаг. Насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцож явахдаа онхолдож хоёр хүн нас барсан. Энэ мэт жишээ өдөр тутам шахуу тохиолдож байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ аянг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хянаж байгаа. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх постер самбаруудыг байршууллаа. Үүнээс гадна хэвлэл мэдээлийн хэрэгслүүдтэй хамтарч нөлөөллийн ажил зохион байгуулж ажиллаж байна.

-“Аажуу явбал аяндаа хүрнэ” гэх нэрний талаар тордуулмаар байна л даа.Дүрмийн дагуу л хөдөлгөөнд оролцоход заавал “Аажуу яв” гэж шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Хэт удаан явахыг замын хөдөлгөөний дүрэмд хориглодог биз дээ. Нөгөө талдаа шатахууны үнэ тэнгэрт хадсан ийм цаг үед холын замд удаан явах нь иргэдийн эдийн засагт хохиролтой санагдах юм.

-Нэрний тухайд олон санал гарсан л даа. “Аажуу” гэх энгийн ярианы хэллэг хүмүүст ойрхон байх болов уу л гэж зөвлөлдөөд сонгосон. Албаны хатуу хэллэг хүнд тэр бүр хүрэхээ больсон шүү дээ. Энгийн хэллэг бол хүний чихэнд ойр тусна. Энд нэг зүйлийг онцлоход, замын хөдөлгөөний дүрмийн дагуу л оролцохыг шаардаж байгаа юм. Жолооч, зорчигчдыг аюул ослоос урьдчилан сэргийлэх үүргийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа юм шүү.

-Налайхын замд олон жолооч торгуулдаг. Хурд хэтрүүллээ гээд л шууд торгуулийн хуудас бичээд оноо хасдаг. Улаанбаатараас Налайх хүртэлх замыг хотын гаднах хөдөлгөөн гэж үзэх үү. Тухайн замд ямар хурдтай хөдөлгөөнд оролцох вэ?

-Замын хөдөлгөөний дүрмээр суурингийн доторх хөдөлгөөнд 60 км цагийн хурдтай явах ёстой. Налайхын Оргил худалдааны төвийн наад талаар Улаанбаатар Налайх зааглагддаг. Тэр хүртэлх хэсгийг суурийнгийн доторх зам гэж ойлгоно. Налайх өнгөрсөн гэх тэмдэгтээс цааш дараагийн суурин хүртэл 80 км цагийн хурдтай явна. Багануур эхэллээ гэх тэмдэгтээс цааш 60 км цагийн хурдтай явна гэсэн үг. Тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг зам арчлалтын компаниуд хариуцах ёстой. Зарим нэг газарт тэмдэг алга болсон байж болно. Гэхдээ суурин руу дөхөж байгаа бол хурдаа сааруулж 60 км цагийн хурдтай л явах ёстой. Жолооч нарын зүгээс орон нутгийн замын хурдыг 100 км цаг болгоё гэх саналыг нийгмийн сүлжээнд гаргадаг. Үүнийг боломжгүй гэж үзэж байгаа.

-Яагаад?

-Техникийн үзүүлэлтийн тухайд болж байна. Нөгөө талд замын нөхцөл байдал болохгүй байгаа юм. Орон нутгийн зам гурван метрийн л өргөнтэй байдаг. Хамгийн багадаа 3.5 метрийн өргөн байж л цагт 100 км цаг хурдалж болно. Өнөөдрийнх шиг нөхцөлтэй замаар хурдтай зорчиход зам тээврийн осол гарах эрсдэл өндөр. Энд нэг зүйлийг онцлоход, орон нутгийн замд тээвийн хэрэгсэл онхолдох осол түгээмэл гардаг. Тэр дундаа приус маркийн тээврийн хэрэгслүүд. Шалтгааныг нь судлаад үзэхэд пириус маркийн тээврийн хэрэгсэлд өндөрлөгөө хийдэг. Үйлдвэрийн стандарт алдагдсан тээврийн хэрэгсэл орон нутгийн замд хурдлахад багахан хэмжээний эргэлтэд л замын хажуу руу шидэгдэх өндөр эрсдэлтэй. Хөдөө явахдаа приусыг өндөрлөж үйлдвэрийн стандартыг нь алдагдуулж хэрхэвч болохгүй.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил хэвийн үзэгдэл болжээ. Нэг шөнийн дотор л 500 гаруй согтуу жолооч илэрч байна. Энэ юутай холбоотой вэ. Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин сул байна уу. Эсвэл өөр хүчин зүйл байна уу?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь эрх зүйн орчинтой шууд холбоотой. Бид үүнийг Зөрчлийн тухай хуульд оруулахдаа торгуулийн санкцыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан юм. Хөдөлмөрийн хөлс өсөхөд торгууль дагаад өсч байх ёстой гэж үзсэн. Одоо 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгоод өнгөрч байна. Энэ нь өнөөдрийн хөдөлмөрийн хөлстэй уялдахгүй, согтуугаар жолоо барьсан хүнд нөлөөлөхгүй байна л даа. Бусад улс орнуудад хөдөлмөрийн хөлсөөр нь хэмждэг. Та таван сая төгрөгийн цалин авдаг байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол таван сая төгрөгөөр торгуулна. Дээрээс нь жолоодох эрхийг нь тав хүртэлх жилийн хугацаагаар хасдаг. Мөн согтуугаар унаж замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг нь ч хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, таны тээврийн хэрэгслийг өөр хүн барьж замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн үг. Энэ мэтээр бусад улс орнуудын жишиг манайд нэвтэрч байж л жолооч нарын ухамсарт нөлөөлнө. Эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Согтуугаар жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцоно гэдэг нүдээ боочихоод хутга бариад явж байгаа алуурчинтай яг адилхан. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцоход гарч байгаа үр дагавар санамсаргүй мэт харагдавч согтуурчихаад жолооны хүрдний ард сууж байгаа нь санаатай үйлдэл мөн.

-Жолооч нар хот дотор гол төлөв ямар зөрчил гаргаж байна вэ. Өдөрт хэдэн зөрчил бүртгэгдэж байна вэ?

-Улаанбаатарт бэлэн бусаар нэлээн зөрчил ногдуулдаг. Өдөрт л 5000-6000 зөрчилд арга хэмжээ авч байна. Үүнийг задлаад харахад жолооч нарын түгээмэл гаргадаг зөрчил нь дуртай газраа тээврийн хэрэгслээ үлдээдэг. Хоёрдугаарт, нэгдүгээр эгнээгээр зорчдог. Мөн улаан гэрлээр дайрдаг түгээмэл үзэгдэл бий. Энэ гэрлээр л амжиж орохгүй бол амьдрал нь сүйрчих гээд байгаа юм шиг хандлага гаргадаг. Үүнээс шалтгаалж зам тээврийн осол гаргах тохиолдол бий. Үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцдог. Дээрх зөрчлүүд л торгуулийн дийлэнхийг эзэлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн DNN.mn

– Үндсэн хуулийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уржигдар уулзсан-


УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд тойргийн иргэддээ танилцуулаад ирлээ. Иргэд нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Дийлэнх нь дэмжиж байна. Учир нь өнөөдөр амьдрал хэцүү байна. Тиймээс өөрчлөх нь зүйтэй. Нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр ҮХНӨ-ийг хийх боломжтой. Эдийн засаг, амьдрал сайжирч чадна. Тэр дундаа ирээдүйн 20, 30 жилийн нийгэм өөрчлөгдөж чадна гэвэл үүнийг дэмжье гэсэн байр суурьтай байна. Тодорхой асуудлуудаар иргэдийн байр суурь хуваагдаж байна. Тухайлбал, цаазын ялтай холбоотой асуудалд хоёр хүний нэг нь цаазын ялыг устгах нь зүйтэй гэж байхад нөгөөх нь харин ч байлгах нь зүйтэй гэж байна. Түүнчлэн сүлдийг өөрчилж модон морь биш, амьд морь болгох нь зүйтэй гэсэн хэсэг байна. Зарим нь сүлд, соёмбо гэх нь зохимжгүй байна. Гал, сараа дээдэлдэг соёмбыг цаашид аваад явах нь зүйтэй гэсэн саналтай иргэд ч байна. Сонгуулийн пропорциональ тогтолцоог иргэдийн дийлэнх нь дэмжиж байна. Учир нь өмнөх сонгуулиудаар санал их гээгдсэн. Дэмжсэн хувь гарч ирэхгүй байна. УИХ-д хэт их нэг намын давамгайлал бий болчихлоо. Тиймээс цаашид аль болох иргэдийн санал гээгддэггүй, намуудын тэнцвэр хангагдсан, хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй. Үүний тулд пропорциональ системийг дэмжиж байна гэж байна.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг иргэдэд тайлбарлаж, мэдээлэл өгсний дараа дэмжихээ илэрхийлж байна. Монгол Улс цаашид тусгаар улс байх уу, эдийн засгийн хараат бус бодлого явуулж чадах уу, гадаад орчин эрсдэлтэй байгаа энэ тохиолдолд парламентыг бэхжүүлэхийн тулд гишүүдийн тоог өсгөх нь зүйтэй гэдэгт иргэд нэгдэж байна. Хуйвалдаан, хулгай хийж байгаа асуудал нь парламентын цөөн гишүүдээс шалтгаалж байгаа юм гэдэг мэдээллийг авсны дараа иргэд ойлгож дэмжиж байна.

Харин өөрчлөлт хийвэл хийсэн шиг зоригтой хийх хэрэгтэй. Тэгэхгүй нэг өөрчлөлт оруулчихаад хоёр, гурван жилийн дараа дахин өөрчлөх нь буруу. Гуравхан жилийн өмнө өөрчлөлт хийсэн. Одоо өөрчлөх юу байгаа юм бэ гэж асууж байгаа иргэд ч олон байна. Учрыг нь хэлж, үндэслэлийг нь танилцуулахаар иргэд их сайн хүлээж авч байна. Энэ цаг мөчид парламентаа бэхжүүлэх, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал, хоёр хөршийн бодлогыг сөрдөг парламентын тогтолцоо чухал гэдгийг иргэд ойлгож дэмжиж байна. Гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс гадна парламентын гишүүн Засгийн газарт ажилладаг байх асуудлыг ярьж танилцууллаа. Энэ гурав холбоотой асуудал л даа. Парламентын гишүүдийн тоог өсгөсөн тохиолдолд давхар дээл өмсгөх эрхийг нь нээж болох юм байна гэсэн байдлаар иргэдэд танилцуулсан. Иргэд үүнийг ойлгож хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл, 150-152 гишүүнтэй байх ёстой гэж судлаачид ярьж байна. Тэгвэл энэ тохиолдолд 10-15 гишүүн давхар дээлтэй байж болно. Энэ бол парламентын засаглалд байдаг зүйл гэсэн байдлаар тайлбарлахад ойлгож байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар, салбарын яам бодлогоо хамгаалахад УИХ-ын гишүүн байж байж гишүүдэд илүү ойлгуулах нь хялбар байна.

Гишүүн биш сайд нар орж ирэхээр шүүмжлүүлсээр байгаад таарч байна. Эрх барьж байгаа нам Засгийн газраа өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тиймээс Засгийн газрын бодлого явдаггүй. Оруулж ирэх, яаралтай шийдэх реформуудаа зоригтой парламентад оруулж ирэхгүй цаг алдаж байна. Оруулж ирснийгээ тайлбарлаж, хамгаалж чадахгүй байна.

-Давхар дээлийг нэмэхийн тулд л ҮХНӨ оруулах гээд байна хэмээн улс төрийн тодорхой хүрээнийхэн ярьж байгаа шүү дээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Ийм хардлага бий. Т.Доржханд гишүүдийн тоог өсгөж, пропорциональ элемент оруулж, давхар дээл углах гээд байна. Ар талд чинь Ц.Элбэгдорж мэтийн нөхдүүд байна уу, үгүй юү гэж зарим гишүүд шууд асууж байна лээ. МАН-ын өмнөөс давхар дээлний асуудлыг яриад байна уу ч гэж асууж байна. Үүнд тов тодорхой хариулт хэлэхэд, өнөөдрийн Засгийн газар хоёр жилийн дараа дүнгээ тавиулна. Парламент ч ялгаагүй. Тиймээс аливаа зүйлийг бид өнөөдрөөр харж, өнөөдөрт зориулж болохгүй. Зарчмаа барьж алс хэтээ харж тогтолцооны зөв өөрчлөлт хийх ёстой. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт ямар нэгэн нам, аль нэг хувь хүн, эсвэл эрх мэдэлтэй хүмүүст биш, Монгол Улс цаашид хөгжихөд, цаашид ардчиллаа хамгаалж явахад нэн шаардлагатай зөв зохицуулалт гэж харж байгаа. Дэвшилтэт үзэлтэй, судалгаа хийдэг олон хүн энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа. Хардах эрх нь байлгүй л яах вэ. Хэрвээ МАН ганцхан давхар дээлийн асуудлыг өөрчилж бусад асуудлыг орхигдуулбал Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг босгож ирсэн гишүүний хувьд, УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд бид үүнийг эрс эсэргүүцнэ. Иргэдэд холбогдох мэдээллийг өгөх болно.

-Нэг нам хэт олонх, сөрөг хүчний төлөөлөл сул, хангалтгүй байгаа ийм нөхцөлд ҮХНӨ оруулбал алдаа гардаг юм биш үү. 2019 оны өөрчлөлт ч үүнийг гэрчлээд байгаа юм биш үү?

-Өнөөдрийн асуудал хүнээсээ шалтгаалаад байна уу, тогтолцооноосоо шалтгаалаад байна уу. УИХ-ын гишүүнээр хоёр жил ажиллалаа. УИХ-д ямар ч хүн ажилласан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Т.Доржхандаар сольсон ч гэсэн айхавтар өөрчлөлт гарахгүй. Учир нь тогтолцоо болохгүй байна. 30 жилийн үр дүнг бүгд харлаа. Монгол Улс жил бүр алдагдалтай төсөв баталдаг. Өр өрийн таазандаа тулсан. Хөрөнгө оруулалт байхгүй. Эдийн засаг арван жил гацсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй. Хөгжлийн санхүүжилтээ хийж чаддаггүй. Бүтээн байгуулалт, борлуулалт, дэд бүтцийнхээ санхүүжилтийг хийж чаддаггүй. Энэ байдал бол өнөөдрийн тогтолцооны гажиг мөн. Тиймээс засах хэрэгтэй. Олон нам орж ирсний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэгт би итгэлгүй байна. Одоогийн тогтолцоо бол нэг намын систем. Саяхныг хүртэл хоёр намын системтэй байлаа. Гэтэл нэг намын системтэй болчихлоо. Мажоратор тогтолцоогоор явбал нэг намын систем рүү улам бүр орох гээд байна. Ингэвэл нэгдүгээрт, ардчилал байхгүй болно. Хоёрдугаарт, иргэд сонгуулиа өгсөн ч санал нь гээгдээд байвал сонгуульд оролцохоо болино. Ингээд сонгуулийн ирц хүрэхээ байчихна. Нөхөн сонгуулиар бүгд үүнийг харлаа. Иргэд сонгуульд идэвхтэй оролцохоо байчихвал ардчилсан нийгэм байхгүй болно. Авторитор нийгэм үүсэх боломжтой болно. Эрсдэл нь энэ учраас Монгол Улсынхаа эрх ашгийг харж асуудалд хандаач ээ, ялангуяа ийм байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс. Өнөөдөр нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн. Орон нутгийн сонгуулийг харж байгаа биз дээ. Дахиад л нэг нам ялж байна. Учир нь ажилтай, орлоготой байхын тулд хүн бүр энэ нам руу ороод байна. Эдийн засаг хүндрээд ирэхээр ийм дэглэм үүсдэг. Нийгэм ядуураад ирэхээр ингэдэг. Өнөөдөр төсвийн хоёр төгрөг тутмын нэг нь халамж руу орж байна. Сайн сургууль төгссөн залуучууд МАН-д гишүүнээр элсэж байна. Танай намын үзэл баримтлал таалагдаж байна. Гэхдээ… гээд маш прагматик байдлаар шийдвэрээ гаргаж МАН руу орж байна. Өнөөдөр яалт ч үгүй нэг намын системд орчихсон. Үүнийг задалж ардчиллаа хамгаалж үлдэх юм уу, үгүй юү. Үлдэнэ гэвэл тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй. Үгүй бол нэг намтайгаа дуусахаар болчихлоо. АН ирэх сонгуулиар олон санал авна гэж би итгэхгүй байна. Тэд дотроо учраа олох нь зүйтэй байх. Ардын намыг 100 жилийн түүхтэй л гээд байна. Социалист системийн бүтцээ аваад үлдчихсэн энэ намыг бүх нам нийлж байж л дарж авна шүү дээ. Мажоратор тогтолцооны сул тал энэ. Сүүлийн сонгуулиар ХҮН нам 20 хувийн санал авсан. пропорциональ систем ороод ирвэл ХҮН намын 20 хувийн төлөөлөл парламентад суух боломжтой болно. Бусад намын төлөөлөл суух боломжтой болно. Үр дүнд нь нийгмийн бухимдал, стресс талбай дээр биш парламентад орж энерги нь задарна. Төр тогтвортой байх, нийгэм цэгцтэй байх үндэс нь парламентын тогтолцоо, пропорциональ систем юм.

-Ардын их хурал байгуулж байгаад Үндсэн хуульд нэмэлт оруулбал хэл ам гарахгүй юм биш үү ч гэх хэсэг байна?

-Энэ саналыг би хувьдаа дэмжихгүй байна. Хоёр танхимтай парламент байгуулах, эсвэл хяналт шалгалтын ардын түр хороо байгуулах уу. Энэ хүмүүсийг хаанаас бүрдүүлж, яаж сонгох юм бэ. Энэ нь парламентаа хянадаг байх юм бол парламентын дээр гэсэн үг байлгүй. Монгол Улс 1992 онд парламентын Бүгд найрамдах улс гээд тунхаглачихсан. Нэг танхимтай. Парламент нь ард түмнээ төлөөлж төрөө байгуулж, түүндээ хяналт тавьдаг энэ бүтэц парламент шүү дээ. Үүнийг сайжруулж, бэхжүүлье. Ингэхийн тулд Үндсэн хуулийн зүйл заалтыг сайжруулъя гэж байгаа болохоос цоо шинэ Үндсэн хууль хийчихье гээгүй.

-Та саяхан Ерөнхийлөгчтэй нууцаар уулзсан юм билээ…

-Ерөнхийлөгчтэй УИХ-ын гишүүн, ХҮН намын даргын хувьд уулзаж асуудлаа ярьдаг.

-Саяхан Их тэнгэрт уулзсан юм биш үү. Нууц уулзалт гэхээр олон нийтийн сонирхлыг их татаж байх шиг байна. Та бүхэн ямар асуудлаар санал солилцов. Хэзээ уулзав?

-Өчигдөр (уржигдар) би очиж уулзсан. УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрог дээр иргэд дэмжиж байна, Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргалаа. Тиймээс цаашид үүнийг дэмжиж явуулахад Ерөнхийлөгчийн хувьд та дэмжиж өгөөч гэсэн агуулгаар уулзалт хийж байгаа. Би Ерөнхийлөгчтэй ч уулзаж байгаа. Ерөнхий сайдтай ч уулзаж байгаа. Мөн УИХ-ын дарга, гишүүдтэйгээ ч уулзаж байгаа. Энэ бол нууж хаагаад байх зүйл биш. Конрад Аденауэр сангийн хурал дээр сууж байхад Цэц дээр асуудал гарсан. Ерөнхийлөгчид уулзах санал хүргүүлсэн. Цаг нь давхацчихлаа гээд хэлсэн. Үүнийг нууц болгоод бичиж, ярьж. Тийм зүйл байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 30, Бархасбадь гариг. Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 4:56 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Иргэн М.Рысбек “Монгол Улсын баялаг болсон
хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа
Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Манай намын хувьд
Ерөнхийлөгчийг ард түмнээсээ
сонгодог байх нь зүйтэй гэж үзсэн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Үндсэн хуульд улс төрийн бодитой
өөрчлөлтүүдийг хийж өгснөөр Монголын төр
томоор хардаг, сэтгэдэг болно” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Хятад иргэн “Эрээнд өргөн хэрэглээний барааны үнэ
сүүлийн хоёр жил өсөөгүй, хэвээрээ байгаа” гэснийг “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

Улсын хоёрдугаар
төв эмнэлгийн ерөнхий
мэс заслын эмч Б.Онон “Ходоод булчинлаг
эрхтэн учир амархан
урагдаж, цоордоггүй” гэлээ.

Элсэлтийн ерөнхий
шалгалтад гурван
хичээлд 800, хоёр хичээлд
749 оноо авсан сурагч Т.Тэнгиснамуун “ЭЕШ-д хүссэн оноогоо
авсандаа их баяртай байна” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ