Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний хуваарь DNN.mn

“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болно.

Уг тэмцээнийг Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо, Монголын Жүдо Бөхийн Холбооноос хамтран зохион байгуулж байна. Энэхүү спортын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байдаг.

Тэмцээний хуваарийг танилцуулж байна.

  • Баасан гарагт 17:00 цагт шигшээ
  • Бямба гарагт 12:30 цагт урьдчилсан шат, 16:30 цагт нээлтийн ёслол, шигшээ
  • Ням гараг 12:30 цагт урьдчилсан шат, 17:00 цагт шигшээ
зураг

Монголд анх удаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд 30 орны 159 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 265 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ. Үүнд, жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Нидерланд Казахстан, Узбекистаны баг хүчтэй бүрэлдэхүүнээ илгээгээд байгаа талаар мэдээлсэн байдаг.

Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “Миний бие 73 кг-ын жинд жингээ тэргүүлж барилдана. “Улаанбаатар их дуулга” нь 2024 оны олимпын оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлог. Оноо цуглуулж, жагсаалтын эхний 22 тамирчин олимпод орох эрхээ авдаг. Энэ бол олон хүнд боломж олгох тэмцээн. Хэн олон оноо авсан, амжилттай барилдсан нь олимпын оноо авна. Иймээс монголчуудыгаа өргөн бүрэлдэхүүнээр ирж, Монголын тамирчдаа дэмжээрэй” гэлээ.

Тэмцээнд оролцох дэлхийн шилдгүүдийг танилцуулбал,

  • Японоос олимпын аварга Таканори Нагасэ /-81 кг/
  • Дэлхийн аварга Цүкаса Ёшида /-57 кг/
  • Ай Шишимэ /-52 кг/
  • Мами Үмэки /-78 кг/
  • Португалын цорын ганц дэлхийн аварга Хорхе Фонсека /-100 кг/
  • Тайваний цорын ганц олимпын мөнгөн медальт Ян Юү-Вэй /-60 кг/
  • Германы шигшээд дэлхийн аварга Анна-Мария Вагнер, Узбекистаны олимпын хүрэл медальт Давлат Бобонов /-90кг/
  • Израйлаас дэлхийн аварга Саги Муки /-81 кг/
  • Нидерландаас дэлхийн аварга Ноел Ван Т Энд /-90 кг/
  • ОХУ-ын дэлхийн аварга Яго Абулазе жин өгсөн -66 килограммд өрсөлдөхөөр манай улсад ирээд байна.

Монгол Улсын шигшээ баг:

-60 кг: Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Б.Сүхбат

-66 кг: Ё.Басхүү, Б.Нармандах, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ

-73 кг: Ц.Цогтбаатар, Л.Анхзаяа, Г.Одбаяр, О.Уранбаяр

-81 кг: Г.Болор-Очир, Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, Т.Рэнцэндорж

-90 кг: Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, Д.Мөнхтулга

-100 кг: Б.Гончигсүрэн, О.Хангал, Б.Сумъяабаяр, Д.Нямхүү

+100 кг: О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал, А.Арман, У.Балжинням

-48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Т.Ариунзаяа, Б.Ойдовчимэд

-52 кг: Б.Хорлоодой, Э.Номинтуяа, М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од

-57 кг: Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, О.Оюунчимэг, М.Ичинхорлоо

-63 кг: Б.Ганхайч, Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, Л.Дэлгэрмаа

-70 кг: Ц.Энхчимэг, М.Даваасүрэн, Ц.Мөнхтуяа, Б.Ганзаяа

-78 кг: Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, Б.Хонгорзул, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, М.Ууганжаргал, Э.Жаргалмаа

Тэмцээний шагналын сан 154,000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5,000, мөнгөн медаль 3,000, хүрэл медальтан 1,500 еврогийн шагнал авна.
Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганцмод боомтоор AGV буюу соронзон зам, автомат удирдлагатай тээвэрлэгчээр нүүрс зөөнө DNN.mn

Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж буй. Улмаар өнөөдөр AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Ийнхүү автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 метрийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтжээ. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгах юм байна.

Иймд ирэх Даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар хэлэлцээ хийж байгаа аж.

Нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай юм байна. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар хар тамхи, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 5 хүн амиа алджээ DNN.mn

Хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой, жоргүй олгогдох эмийг гар аргаар найруулан судсаар тарьснаас үүдэн амь насаа алдаж, үе мөч, гар хуруугаа тайруулах тохиолдол нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

зураг

Эх сурвалж: ЦЕГ

Он гарсаар эхний зургаан сарын байдлаар л гэхэд хар тамхи эсвэл хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг хэтрүүлэн хэрэглэж, хордлогод орон 17-30 насны таван хүн амиа алджээ.

Шалтгаан нөхцөлийг нь тодруулахад эмийг зохисгүй хэрэглэж, тун хэмжээг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн байна.

Иймд эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн 50 хувийн буцаалт маргаашнаас иргэдийн дансанд орж эхэлнэ DNN.mn

Засгийн газраас баталсан журмын дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалинтай иргэдийн НДШ-ийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгохоор болсон.

Нийгмийн даатгал төлөгч иргэдийн тавдугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг 6-р сарын 25-наас буюу маргаашнаас эхэлж дансанд нь шилжүүлнэ. Эл буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн аюулт үзэгдлийн давтамж манай улсад сүүлийн 20 жилд 2 дахин нэмэгджээ DNN.mn

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурж, баталгаажуулснаар 2022-2026 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Үүнд:

  1. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  2. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжиж ажиллах;
  3. Байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
  4. Олон улсын арга хэмжээнд хамтран оролцох, хамтран зохион байгуулах;

Хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг дэлхий дахинаа чухалчлан үзэж, олон улсын хамтарсан хүчин чармайлт гаргаж буй энэ чухал цаг үед төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, хот болон хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээнд онцгойлон анхаарч байназураг

Хамтын ажиллагааны талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол орон нь газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог болоод эдийн засгийн салбарууд нь цаг агаар, уур амьсгалаас ихээхэн хараат байдгаас шалтгаалан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор ордог. Тийм ч учраас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд бид үндэсний хэмжээнд онцгойлон анхаарч, Шинэ сэргэлт, ногоон хөгжлийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулснаар үндэсний хэмжээний эдгээр зорилтуудаа биелүүлэх, НҮБ-ын “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдэд цаашид “Рио Тинто” компанитай хамтран ажиллахаар болж байна” гэж онцолсон юм.

“Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулж буй энэхүү хамтын ажиллагаа нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэсэн манай компанийн зорилттой сайтар нийцэж байгаа юм. “Рио Тинто” компани одоогоор дэлхийн 35 улсад үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд өөрийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2050 он гэхэд тэглэнэ гэсэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Тиймээс бид хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын арга туршлага, технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, Монгол орныхоо тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулан ажиллах шинэ үүд хаалга нээгдэж байгаад таатай байна” гэв.

зураг

БОАЖЯ

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хийгдэх ажлуудын төлөвлөлт, хэрэгжилтийг ханган ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон өргөн цар хүрээнд 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр оруулах давхар үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхийг зорих юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2025 он хүртэл дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхийг зорьж, энэхүү чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй цогц шийдлүүдийг тодорхойлоход хамтран ажиллахаар боллоо. Энэххүү арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нар оролцов.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86°С-ээр дулаарсан байдаг бол манай орны хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь 2.5 дахин өндөр байна. Монгол Улсад хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 36253 төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө DNN.mn

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр /2022.06.23/ эхэллээ. Энэ жил 36253 төгсөгч шалгалт өгч, их, дээд сургууль элсэн суралцахаар бүртгүүлсэн байна.

Улсын хэмжээнд 49 төвд Англи хэл, Түүхийн хичээлийн шалгалтыг зохион байгуулж, дүн оноог шууд танилцууллаа.

Төгсөгчид шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарьтайгаа танхимд ирэх шаардлагатайг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Краны тулгуурыг налуу газарт байршуулсан зөрчлийг таслан зогсоов DNN.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт, налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, улмаар өргөх байгууламжийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нөлөөлөх явдал гарсаар байна.

Иймд өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул, ослоос урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна.

Үүнд:

  1. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг аюулгүй ашиглах дүрэм болон салбарын бусад хууль эрх зүйн актуудыг мөрдөж, хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах;
  2. Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч нь өргөх байгууламжийг ажиллагаанд оруулахын өмнө үзлэг, шалгалт, засвар, тохируулга, туршилтын ажлыг хийж туршилтад тэнцсэн үед акт үйлдэж, техникийн паспортад тэмдэглэл хөтөлж ашиглах;
  3. Өргөх байгууламжийн ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийж бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах;
  4. Мэргэжлийн хяналтын байгууллагын баталсан хяналтын хуудсаар дотооддоо үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;
  5. Өргөх байгууламжаар паспортад заасан даацаас хэтрэхээргүй ачааг өргөх буюу шилжүүлэх;
  6. Техникийн ээлжит магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа хийх;
  7. Ажилтнуудыг өргөх байгууламжийн ашиглалттай холбоотой хууль, дүрэм, бусад эрх зүйн акт баримт, холбогдох бусад мэдээллээр хангаж, сургалт зохион байгуулах;
  8. Бүрэн бүтэн байдал хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, ашиглалт хариуцагч нарыг томилсон тушаал, засвар хийсэн байдал, техникийн магадлалыг /дугаар, он, сар, өдөр/ паспорт дээр бичиж гарын үсгээр баталгаажуулах;
  9. Өргөх байгууламжийн ба түүний эд анги, элементүүдийг шинэчлэн өөрчлөх, засварлах, угсралтын ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, мэргэшсэн ажилтантай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, стандарт, техникийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх;
  10. Өргөх байгууламжийг эзэмшигч, ашиглагч байгууллага нь түүнийг ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас авч ажиллах;
  11. Угсралт, засвар үйлчилгээний явцад металл хийц, механик зангилаа, редуктор, ган татлага, дэгээ, чиглүүлэгч дамар, хүрд, тоормосны үзлэг хийж, арилгаж болохгүй гэмтэл илэрсэн үед ажиллуулахгүй байх;
  12. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д заасны дагуу мэргэжлийн боловсон хүчин бүхий дотоод хяналтын нэгж, ажилтныг ажиллуулж, ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааврыг боловсруулж батлан, хэрэгжилтийг хангуулж ажиллах;

Мэргэжлийн хяналтын байгууллага дөрөвдүгээр сараас эхлэн барилга угсралтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдал хангагдаагүй, холбогдох зөвшөөрөлгүй зэрэг нийт 78 барилга угсралтын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоогоод байна.

Эх сурвалж: МХЕГ


Categories
мэдээ нийгэм

Алтайн гудамжны уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана DNN.mn

Сүхбаатар дүүрэг, Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 30-ны 06:00 цаг хүртэл Алтайн гудамжны уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлан асфальтбетон хучилтын ажил хийх гэж байна.

Иймд жолооч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ DNN.mn

Сүхбаатар аймагт энэ сарын 21-ны өдөр зургаан настай хүү мориноос унаж газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт сумын харъяат унаач хүү, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоёрдугаар багийн нутагт болсон уралдааны үеэр мориноос унаж энджээ. Улмаар эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна.

Мөн уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унаж хөнгөн бэртэл авчээ. Иймд баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд морины уралдаан, үсэргээнд оролцохдоо уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээн эхэллээ DNN.mn

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээн өнөөдөр нийслэлийн “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д эхэллээ. Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд 30 орны 279 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж буй. Монголын багаас дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү тэргүүтэй 20 бөх өнөөдөр хүч ур чадвараа сорин барилдах юм. Тус тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ.

Өнөөдрийн тэмцээний хуваарь:

  • 12:30 – Урьдчилсан барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг
  • 17:00 – Финалын барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг