Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

М.Энхцэцэг: Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа DNN.mn

Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцох үеэрээ монгол дизайнер М.Энхцэцэгийн урласан даашинзаар гоёсон нь онцлох үйл явдал байв. Бид дизайнер М.Энхцэцэгтэй ярилцлаа. Энэ цагийн Холливудын оддын хувцсыг урлаж буй тэрбээр “Stella Mc­Cartney” брэндийн оёдлын мастераар ажилладаг юм.


-Тантай холбогдох гэж нэлээн цаг зарлаа, завгүй байдаг бололтой. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ярилцлагад урьсанд баярлалаа. Энд ковидын нөхцөл байдал намжихтай зэрэгцээд хуримын хувцасны захиалгад дарагдлаа. Ойрын хэдэн өдөр чөлөөт цаг бараг гарсангүй. Удахгүй эх орондоо очихоор төлөвлөсөн. Бичиг баримт хөөцөлдөхөөс өгсүүлээд цаг зав бага байлаа. Өнөөдөр өөртөө зориулж цаг гаргаад амарч байна. Энэ салбарт ажилладаг хүмүүсийн нэг өдөр ер нь их завгүй өнгөрдөг. Англи, Америк, Франц, Герман зэрэг орнуудад загварын шоу болдог. Үүнтэй холбоотойгоор жилд дөрвөн удаа шинэ загвар гаргадаг гэсэн үг л дээ. Загварын шоу дөхсөн өдрүүдэд үүр цайтал суух тохиолдол ч бий.

-Саяхан болсон ёслолын үйл ажиллагааны үеэр Английн гүнж Кэтрин Миддлтон монгол эмэгтэйн урласан даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татлаа. Гүнгийн авхайн хувцсыг оёход хэдий хугацаа зарцуулав?

-Хоёр долоо хоногийн хугацаа зарцуулсан. Өндөр зэрэглэлийн хүн учраас өөрийн биеэр уулзаж биеийн хэмжээг нь авах боломжгүй. Стилистээр нь дамжуулж харьцсан учир бага зэргийн бэрхшээл гарсан. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагаанд зориулсан даашинз учраас төгс бүтээл шаардана. Хоёр удаа бүтэн оёж, дөрвөн удаагийн засвар хийсэн. Жаахан хэмжээ зөрөхөд л дахин оёх шаардлага гардаг. Биеийнх нь хэмжээг аваад урлаж байгаа ч бүсэлхийнээс нь ч юм уу бага хэмжээгээр танах зэрэг ажиллагаа орно. Өөрөө уулзаад биеийнх нь хэмжээг авсан бол тэгж их хугацаа орохгүй л дээ. Харуул хамгаалалт нь өндөр учраас тийм боломж байдаггүй юм билээ. Хэд хэдэн удаагийн жижиг засвар хийгээд л улаан, ягаан өнгийн даашинз бэлэн болсон. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагааны гол дүр миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа. Их зүйл бодогдсон шүү. Энд хэлний бэлтгэлд сурахаар ирээд зарим газруудад туршлагагүй гэх шалтгаанаар гологдож байсан үе минь нүдэнд харагдаж байлаа.

-Монгол эмэгтэйн урласан даашинзыг хараад олон ч хүний сэтгэл хөдөлсөн байх. Та Лондонд очоод хэдэн жил болж байна вэ. “Stella McCartney”-д ажилд орсон түүх сонин байна л даа.

-Би 1998 онд хэлний бэлтгэлд сурахаар Лондонд ирж байсан. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж сургалтын төлбөрөө олно. Ингээд “University of Art London college of fashion”-д гурван жил загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Төгсөөд ажилд ороход ажлын туршлага хардаг юм билээ. Би сурахын хажуугаар цагийн ажил хийж байсан учраас туршлага хуримтлуулж амжаагүй юм. Хамт сурч байсан оюутнууд маань түрээсийн төлбөрт санаа зовохгүй, нутагтаа байгаа учир ажилд ороод яваад өгсөн. Миний хувьд ажлын туршлага байхгүй гэх үндэслэлээр хэд хэдэн газруудад гологдож байлаа. Тэгээд бүр багаас нь эхлэхээр шийдэж оёдолчноор ажилд орсон. Оёдолчноор ажиллаж байгаад зэрэглэл ахина гэж төлөвлөсөн юм. Энэ хугацаанд хэд хэдэн газарт агентаар ажилласан. Дэлхийн алдартай брэндийн ЗОЛБАЯР

стиль, технологиудыг мэдээд авчихсан. Цааш ахихад том туршлага болсон шүү.

-“Stella McCartney” брэнд таныг онцолж итгэл хүлээлгэсэн шалтгаан юу байв?

-Гараасаа төгс бүтээл гаргахыг зорьдог байлаа. Ямар ч ажлыг хүний нүд хуурсан байдлаар гүйцэтгэдэггүй. Том брэндийн зүгээс надад итгэл хүлээлгэсэн гол шалтгаан энэ байх. Монголчууд ийм хандлагатай байдаг. Онцлог нь гэж ойлгодог юм. Ийм ч учраас дэлхийн олон улс орнуудад монгол залуусын ур чадвар, оюуны бүтээл гайхагддаг болов уу.

-“Stella McCartney”-д орсноос хойш Холливудын оддын хувцас урлаж эхэлсэн үү?

-Энэ ажилдаа ороод найман жил болжээ. Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Stella бол “Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин нь. Өөрөө алдартай дуучин учраас компанийнхаа маркетинг, сурталчилгаа зэргийг хийчихдэг юм. Холливудын жүжигчидтэй ойрхон байдаг учраас тэд манайхаар тогтмол үйлчлүүлнэ. Оскарын кино наадам дөхсөн өдрүүдэд амсхийх завгүй ажилладаг. Энд нэг зүйлийг онцлоход, бид багаараа ажилладаг юм шүү.

-Хувцас урлахад багийн ажиллагаа чухал байх…

-Тийм, хамгийн чухал нь багийн ажиллагаа. Дөрвөн хүн нэг бүтээл дээр ажиллалаа гэхэд нэг толгойтой юм шиг ажиллахыг шаарддаг. Зарим үед олон цагаар ажиллана. Тиймээс янз бүрийн араншин гаргаад байж болохгүй. Тэвчээртэй байх хэрэгтэй. Бүх зүйлээрээ л нэгдмэл байж үр дүнд хүрнэ. Энэ зуунд даавууны технологи өндөр хөгжиж, олон төрлийн даавуу гарч улам их авьяас шаардаж байна. Жишээ нь, даавуутай яаж харьцах, даавуугаа мэдрэх, загвар, даавуу хоёр хоорондоо зохицох гэх мэт олон асуудал гардаг. Үргэлж шинийг сэтгэж байхыг л шаардаж байна.

-Ковидын үед та юу хийв. Өөрийн нэрийн брэндээ гаргасан гэсэн үү?

-Ковидын үед гэрээсээ ажилласан. Ачаалал ч багатай байлаа. Чөлөө завыг ашиглаад “Enka Coulture” гэх нэрийн брэндээ гаргаж амжлаа. Энэ миний багын мөрөөдөл л дөө. Ямартаа ч эхний алхмаа хийсэн. Одоогоор бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалдаг.

-Таны брэндийн загварын онцлог юу вэ. Монгол эмэгтэйчүүд хэр их сонирхож байх юм?

-Баяр ёслолд өмсөх гоёмсог даашинз, энгийн үед өмсөх чөлөөт, оффист өмсөх зориулалттай хувцас хийдэг. Мөн гоёлын даашинзыг захиалгаар урлаж байгаа. Цаашид монгол үндэснийхээ хатгамлыг европ стиль рүү оруулах, Монголдоо өөрийн жижиг үйлдвэрээ нээх төлөвлөгөөтэй байна. Англиас Монгол руу нийлүүлэхэд арай үнэтэй тусах юм. Хүүхдүүд минь ч том болсон учраас тогтмол Монгол руу очиж байхаар төлөвлөсөн. “DIOR”, “Channel” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн технологийг мэднэ. Энэ бүхнийг монгол залуустайгаа хамтарч ажиллаад туршлагаа хуваалцъя гэж боддог. Ерөнхийдөө чанартай хувцсыг боломжийн үнээр монгол эмэгтэйчүүддээ нийлүүлэхийг л зорьж байна. Удахгүй нутагтаа очно доо.

-Сүүлд нь тодруулахад дэлхийн загварын чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор худалдан авах чадвар тааруу болж байна. Үүнийг дагаад хувцасны чанарт ч асуудал бий болж байгаа юм. Нэг, хоёр угаагаад л чанар нь алдагдана. Үүнийг зогсоохын тулд байгальд ээлтэй, эко даавуугаар удаан эдэлгээтэй хувцас бүтээхэд чиглэж байгаа юм. Хямд, чанаргүй хувцасны хаягдал байгаль орчныг асар их бохирдуулж байна л даа. Дэлхийн загварын чиг хандлага үүний эсрэг л чиглэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Сэргэлэн: Шинэ хуульд донорын насыг 21 болгосон нь чухал өөрчлөлт байлаа DNN.mn

Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэнтэй Донорын тухай хуулийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. Энэ удаагийн хуульд тусгагдсан онцлох зүйл заалтууд юу байна вэ?

-Донорын тухай хууль нийгмийнхээ хөгжлийг дагаад өөрчлөгдөж байх учиртай. Манай улсад анх 2000 онд Донорын тухай хууль батлагдаж, эрхтний донор, цусны донорыг нэг хуулиар хуульчилсан. Ингээд 2012 болон 2016 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдсэн.Энэ бүхнийг харьцуулаад үзэхэд 2000 онд батлагдсан хуульд эрхтний донорыг зөвхөн цусан төрлөөс нь авах заалт тусгаж өгсөн.

Тэгвэл 2012 оны шинэчилсэн найруулгаар ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд хэмээн өөрчилж оруусан нь дэвшил байсан. Учир нь ганцхан цусан төрөл гээд заачихаар эхнэр, нөхрүүдийн хамаатнуудаас хэн нэгэн нь эд, эрхтний амьд донор болох боломж нь хязгаарлагдмал байсан.Мөн Донорын тухай хуульд оруулсан 2016 оны шинэчилсэн өөрчлөлтөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах агентлаг байгуулсан. Харин энэ удаа яагаад дахин хууль өөрчлөх шаардлага гарсан гэхээр 2016 оны шинэчилсэн найруулгаар амьд донорын насыг 25 байхаар заасан. Уг нь тухайн үед ажлын хэсгээс донорын насыг 21 байхаар санал оруулсан байдаг. Гэвч 21 настай иргэн бие даан шийдвэр гаргахад хүндрэлтэй, ямар нэгэн байдлаар хэн нэгний дарамт, шахалтад орох магадлалтай гэх мэт шалтгаануудаас үүдэн 25 нас болгосон.

Гэтэл 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд уг заалтаас үүдэн олон хүний амь нас эрсэдсэн. Учир нь аав ээждээ 21 настай хүүхэд нь эд эрхтний донор болох боломжгүй болж эцэг эхээ алдаж байна. Мөн сүүлийн жилүүдэд төрөлхийн цөсний замын гажигтай хүүхдүүд маш их төрж байна. Тэдний эцэг эхчүүд ихэвчлэн 25 нас хүрээгүй байдаг учраас төрсөн хүүхэддээ донор болох боломжгүйн улмаас бяцхан хүүхдүүд амь насаа алдах эрсдэл гарч байна. Тиймээс энэ удаагийн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар донор болох насыг 21 байхаар өөрчилсөн. Энэ бол маш чухал заалт л даа.

-Мэргэжлийн ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал хандуулсан гэдгийг зарим эрдэмтэд хэлж байсан. Яг ямар асуудлууд тусгагдсан бэ?

-Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа эмнэлгүүдэд хийгдэх тусам ёс зүйн чухал асуудал хөндөгддөг. Гэтэл ёс зүйн асуудлын хэм хэмжээг зохицуулах байгууллага байдаггүй. Ёс зүйн асуудал гарсан тохиолдолд тухайн эмнэлэг тус бүр асуудлыг авч хэлэлцдэг. Тэгвэл уг асуудлыг нэгдсэн журмаар авч хэлэлцдэг нэгдсэн нэг байгууллага зайлшгүй байх ёстой. Тиймээс Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлагдах, тусдаа бие даасан эрхтэй Ёс зүйн хороо байгуулахаар энэ удаагийн шинэчилсэн найруулгад тусгасан. Тус хороо ямар үүрэгтэй вэ гэхээр эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа багуудын үйл ажиллагаа нэг талаас системийн дагуу зөв явагдаж байгаа эсэхийг өөрөөр хэлбэл, эрхтний наймаа явагдаж байгаа эсэхийг хянах юм. Нөгөө талаас иргэдээс ямар нэгэн байдлаар санал, гомдол гаргасан тохиолдолд тухайн хамт олон ёс зүйн хэм хэмжээгээ баримтлан ажилласан эсэхэд хяналт тавих юм. Тухайлбал, Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал ном журмынхаа дагуу явагдаж байгаа эсэх, цахим бүртгэлд бүртгэгдсэн дарааллын дагуу байгаа эсэхийг хянах Албан ёсны сахилгын хороог мөн байгуулсан. Энэ удаагийн баталсан Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ёс зүйн хорооны асуудлууд, донорын насыг 21 болгосон нь чухал өөрчлөлт байлаа.

-Тэгвэл энэ удаагийн шинэчилсэн найруулгаар батлагдаж чадаагүй хасагдсан зүйл заалт юу байна вэ?

-Маш чухал заалт Донорын тухай хуульд оруулахаар хэлэлцэж байсан. Тэр заалт юу байсан гэхээр тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын хандив олгох тухай заалт байсан. Өөрөөр хэлбэл, тархины үхэлтэй өвчтөн ямар нэг эрхтний донор болсон тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардал болгож нэг сая төгрөг олгох тухай заалт байсан юм. Харамсалтай нь тус заалт Нийгмийн бодлогын байнгын хороон дээр дэмжигдсэнгүй. Уг нь ХНХ-ын сайд А.Ариунзаяа уг заалтыг дэмжсэн боловч тус байнгын хорооноос “Нийгмийн даатгалын сан тухайн төсвийг нуруун дээрээ үүрч дийлэхгүй” гэсэн байр сууринаас хандсан. Үнэндээ энэ мөнгө дийлж, давшгүй их хэмжээний мөнгө бол биш л дээ. Жилд 20 сая ч төгрөг зарцуулагдахгүй.

-Та бүхэн хагалгааг гардаж хийдэг хүмүүс. Жилдээ хичнээн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлдэг юм бол?

-Бид 10 жилийн турш элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. Энэ хугацаанд тархины үхэлтэй найман донороос элэг шилжүүлэн суулгасан байна. Тиймээс энэ дүнгээс жилд хичнээн хүн уг хандивт хамрагдах боломжтой вэ гэдэг баримжаа авч болох байх.

Гэтэл донор болсон тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардал болгож нэг сая төгрөг олгох тухай уг зүйл заалтыг хассанд маш их харамсалтай, гомдолтой байгаа. Учир нь дээр дурдсан, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохыг зөвшөөрсөн найман гэр бүлд бид 100 төгрөг ч өгч чадаагүй. Бид уулзах ч эрхгүй байдаг. Үнэндээ хий дэмий баярлалаа гэх үгийг хэлэхээс өөр ямар ч зохицуулалт байдаггүй. Угтаа хэдэн арван сая төгрөг биш, ганцхан сая төгрөгийн багахан хэмжээний хандив өгөх энэхүү зохицуулалт батлагдчихсан бол тархины үхэлтэй донорын олдоцыг их биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд ч болов нэмэгдүүлэх байсан.

Донорын тоо нэмэгдвэл түүнийг дагаад олон хүний амь нас аврагдах боломжтой.

-Иргэдийн дунд донорын талаарх ойлголт хэр байна вэ. Талийгаачийн биеийг хөнддөггүй гэх мэт уламжлалт сэтгэлгээнээсээ салж, асуудалд илүү шинжлэх ухаанчаар хандаж чадаж байна уу. Тухайлбал, өндөр хөгжилтэй оронд донор болох эсэхээ иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх дээрээ тэмдэглэсэн байх тохиолдол ч байдаг шүү дээ?

-Яг энэ үйл ажиллагаа руу элэг, бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан орж ажиллах эрх байдаггүй. Ёс зүйн хувьд зөвшөөрөгддөггүй. Ер нь манайх буддын шашинтай орон. Бурхан багш хүртэл өөрийнхөө өрөөсөн нүдийг бусдад хандивласан түүх бий. Эд, эрхтний донорыг дээдийн дээд буян хийсэнд тооцдог. Тиймээс бурханы шашин талаасаа ямар нэгэн асуудал байхгүй байх. Харин жаахан зохион байгуулалт, зохицуулалт хэрэгтэй гэж хардаг. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн яам, ХЗДХЯ хамтраад тохиролцоонд хүрэх ёстой. Учир нь гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) эмнэлэг дээр тархины үхэлтэй донор олон тоогоор гардаг. Гэвч түүний цаана дандаа хууль шүүхийн байгууллагын асуудал явж байдаг учраас тухайн хүний эд, эрхтнийг хэн нэгэнд шилжүүлэн суулгах боломж байдаггүй. Уг асуудлыг хэрхэн шийдэх талаар тохиролцоонд хүрч, санамж бичиг зурсан тохиолдолд донорын тоо нэмэгдэх боломжтой. Харамсалтай нь ийм зохицуулалт өнөөдрийг хүртэл байхгүй учраас ГССҮТ-өөс донор олддогүй. Угтаа донороос эрүүл эрхтэнг л авна. Ямар нэгэн байдлаар гэмтсэн, өвчилсөн эрхтэнг авдаггүй. Хоёр бөөр, элэг, дээрээс нь арьс, шөрмөс, нойр булчирхай гээд л тоочоод байвал олон арван хүнд амьдрал бэлэглэж болохуйц тархины үхэлтэй донор эмнэлгээс олдох нь элбэгшинэ. Таны хэлж байгаачлан өндөр хөгжилтэй орнуудад донор болох хүсэлтэй иргэд жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэх дээрээ тусгай тэмдэглэгээ хийлгэсэн байдаг. Тийм учраас хэнээс ч асуухгүйгээр тухайн иргэний эд, эрхтнийг авч ашиглах эрх нь нээгддэг.

Харин зарим орнуудад ар гэрийн зөвшөөрлийг заавал авдаг. Манайд ч мөн ар гэрийн зөвшөөрлөөр донор болгодог. Ирэх намар Донорын тухай хуульд дахин өөрчлөлт оруулах учраас УИХ-ын гишүүд дараа дараагийн өөрчлөлт дээр анхаарч ажиллаасай. Яагаад дахин хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна гэхээр цусны болон эрхтний донорыг заавал салгаж хуульчлах ёстой.Цусны донорын тухайд сайн дураараа нэгдэхийг уриалах боломжтой. Гэтэл эрхтний донорын тухайд ёс зүйн хувьд асар өөр зүйл хөндөгддөг.

-Донорын хэрэгцээ шаардлага хэр их байна вэ?

-Маш их байна. Ялангуяа элэгний тухайд хүлээх боломж байдаггүй. Бөөр орлох машинтай адил элгийг орлуулах зүйл байдаггүй. Муудсан л бол солиулахаас өөр аргагүй. Гэтэл асар их хүлээлт байгаа учраас дарааллаа хүлээж дийлэхгүй нас барж байна. Одоогоор элэг солиулах донор хүлээж байгаа өвчтөнүүдийн тоо 450 гарчихсан байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгасан хагалгаа хэдэн хувийн амжилт үзүүлдэг вэ. Мөн эмч, мэргэжилтнүүдийн мэргэшлийн байдал ямар түвшинд байна?

-Зөвхөн өөрийнхөө багийг дүгнэж ярих боломжтой. Манай баг хамт олон бол мэргэшсэн баг. Дэлхийд амьд донороос элэг шилжүүлэн суулгах үзүүлэлтээрээ нэг номерт ордог. одоогоор 7000 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан, БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн багш нараасаа суралцсан баг. Манай баг хоёр хоногийн өмнө 166 дахь иргэнд элэг шилжүүлэн суулгасан, 92- 93 хувийн амжилттай байна. Бид дэлхийд амжилтаараа багш нарынхаа дараа орж байна. Гурван сая хүн амд оногдох элэг шилжүүлэн суулгасан хүн амын тоогоороо ч дэлхийд эхний гуравт ордог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Мөнх-Оргил: Цэргийн ангиуд эхлээд хүчирхийлэгчдээсээ ангижрах ёстой DNN.mn

-Цагдаа нарыг бэлтгэдэг Дотоодын цэргийн 05 дугаар ангид нэгнээ яргалдаг асуудал байсаар байгаа нь эмгэнэл-


Өмгөөлөгч Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн албанд мордсон залуус эрүүл мэндээрээ хохирдог, цаашлаад амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна л даа. Хүний эрхийг хамгаалагчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Цэргийн албанд залуус эрүүл мэндийн үзлэгт тэнцээд явж байгаа. Цэрэгт очоод гэмтэл бэртэл авах, цаашлаад амиа алдаж байгаа нь цэргийн дэглэлттэй шууд холбоотой. ХЭҮК-оос гаргасан судалгаанд ч цэргийн дэглэлтийн талаар тодорхой дурдсан байдаг. Энэ нийгэмд цэргийг дэглэх байдлаар төлөвшүүлэх хүмүүжүүлэх нөхцөл байдал байж болохгүй. Аль ч нийгэмд хүний эрх д нэгдүгээрт байдаг шүү дээ. Хуучин нийгмийн цэргийг ингэж хүмүүжүүлдэг юм гэх хандлагаа одоо үед тээж хэрхэвч болохгүй. Залуучууд цэргийн алба хаах сонирхолгүй байгаагийн цаана дэглэх нөхцөл байдал байгаа юм шүү дээ. Өнгөрсөн жил гурван ч цэрэг амиа хорлосон. Энэ нь ч гэсэн цэргүүдэд үзүүлж байгаа бие махбод болоод сэтгэл санааны дарамттай холбоотой.

-Тухайн ангийн удирдлагууд л хариуцлага хүлээгээд өнгөрдөг жишиг тогтчихоод байна л даа. Асуудлын зангилаа тогтолцоонд байна уу. Та гарц гаргалгааг яаж харж байна вэ?

-Армийн удирдлагуудын зүгээс цэргийн дэгийн асуудал огт байхгүй гэх зүйлийг ярьдаг. Гэвч эрүүл саруул хүүхдүүд цэрэгт очоод яагаад эрэмдэг болж байна вэ, яагаад харуулын даргаа буудав, яагаад харуулын байранд цэргүүд зодолдож нэгнийхээ аминд хүрэв. Энэ бүхэн тухайн хүнд үзүүлж байгаа сэтгэл санааны дарамт, зодууртай шууд холбоотой гэж харж байна. Цэрэг дэглэх асуудал байж болохгүйг хуулиар зохицуулсан ч дэглэлт гэж зүйл далд хэлбэрт оршсоор байгаа нь цэрэг хүнийг хатуу гараар хүмүүжүүлэх ёстой гэх хэвшмэл ойлголттой шууд холбоотой. Зэвсэгт хүнчий жанжин штаб, Батлан хамгаалах яам гээд байгууллагууд үүнд ач холбогдол өгч шаардлагатай арга хэмжээ авахгүй байна л даа. Шууд хэлэхэд ажлаа хийж чадахгүй байна. Дэг байхгүй гэж мянга хэлж байгаа ч ХЭҮК-ын судалгаагаар шинэ цэргүүдийг яаж яргалдаг нь ил гарч ирж байна шүү дээ. Цэргийн ангид хүчирхийлэл байна гэдгийг хүний эрхийн байгууллагууд армийн удирдлагуудад илчлээд байхад л энэ асуудлыг засч залруулах арга хэмжээг авахгүй байгаа нь шууд удирдлагуудтай л холбоотой асуудал гэж харж байна. Энд нэг зүйлийг онцлоход, хуучин нийгмийн үед цэргийн алба хаасан хүмүүст цэрэгт очоод л зодуулдаг гэх нийтлэг ойлголт яваад байдаг. Зодуур бол хэвийн үзэгдэл гэх маягтай. Энэ хэвшмэл ойлголтод л асуудлын зангилаа байх шиг.

-Энэ асуудлын гарц гаргалгааг та яаж харж байна вэ?

-Үндэс сууриар нь өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа юм. Цэргийн хүн “шанаа даадаг” байх ёстой гэх бүдүүлэг ойлголтыг ор үндэсгүй халах ёстой. Цэргийн бэлтгэлжилт заавал харгис хэрцгий, балмад байх албагүй шүү дээ. Цэрэгт эх оронч үзлийг суулгахын тулд зоддог, хүчирхийлдэг байж болохгүй. Эх оронч үзлийг орчин үед яаж суулгах вэ гэдгийг судлах хэрэгтэй байх. Үүнээс гална захын хүн цэргийн албанд томилогддог явдлыг халах ёстой. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч нөхөр цэргүүдийг хариуцаж болохгүй гэж хэлээд байна л даа. Цэрэгт бэлтгэж байгаа хүмүүс өндөр ёс зүйтэй, зохион байгуулагч байх хэрэгтэй. Тийм хүнийг цэргийн албанд томилох ёстой гэж харж байгаа юм. Хаанахын хэн нь мэдэгдэхгүй боловсролгүй нөхөр ахлагч болоод л шинэ цэргүүдийг яргалдаг асуудал байж таарахгүй. Армийн удирдлагуудын зүгээс хүчирхийлэгчдээсээ салах хэрэгтэй. Ер нь цэргийн албыг нийтээр нь кампаничилж хаалгадаг явдлыг халах ёстой гэж үзэж байгаа юм.

-Яагаад?

-18 хүрэхээр нь цэргийн албанд татдаг явдлыг халах нь зөв. Тэдний олонх нь албадлагаар л явдаг шүү дээ. Эх оронч үзэлтэй дайн болбол эх орноо хамгаалж тулалдана гэх зорилготой цэргийн боловсрол эзэмших хүсэлтэй иргэдийг л татах хэрэгтэй. Дургүй байхад нь хүчээр цэргийн албанд татаж авч очоод үсийг нь хусч байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа л нэг хэлбэр.

-Цааш даамжирвал цэрэгт явах хүнгүй болох нь…

-Хэн цэрэгт очоод зодуулахыг хүсэх вэ дээ. Цэргийн хат суулгахын тулд хүчирхийлдэг арга барилаас салсан гэж үзэж байгаа бол энэ талыг олонд сурталчлаад сайн дурынхныг л авах хэрэгтэй. Өмгөөлөгчийн зүгээс илэхийлэх байр суурь ийм байна” гэв.


Б.Хишигбаяр: Цагдаа бэлтгэдэг цэргийн ангид цэрэг амиа алдаж байгаа нь завхрал юм


Энэ асуудлын хүрээнд өмгөөлөгч, хүнй эрхийг хамгаалагч Б.Хишигбаяраас тодруулга авлаа.


-Цэргүүд нэгнийгээ зоддог, хүчирхийлдэг асуудал өнөө хэр нь оршиж байгаа нь дотоодын цэргийн 05 дугаар ангийн жишээнээс ил цагаан харагдлаа. Энэ асуудалд өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Хүний эрхийг дээдэдэлсэн нийгэмд эрүүл саруул цэрэгт мордсон хүү цогцос болж байгаа нь үнэхээр байж боломгүй үзэгдэл. Тэр дундаа цэрэг цагдаагийнхныг бэлтгэдэг цэргийн ангид алба хаагчийн ходоодыг задалсан нь ч далд хүчирхийлэл байгааг л илэрхийлж байна л даа. Олон улсад бол цэргийн боловсрол олгох систем шинэ түвшинд хөгжсөн байдаг. Харин манайд цэрэг, цагдаа нарыг олноор цэргийн ангид нь хуучин нийгмийн яргалал гаарч нэгнийхээ аминд хүрэх хэмжээнд байгаа нь эмгэнэл юм.

Харьяа ангид нь ийм ноцтой хэрэг гарчихаад байхад Хууль зүйн яамны сайд нь “Цэрэг дэглэсэн асуудал тогтоогдоогүй” гээд зогсож байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал гэв.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан нохой өдөр DNN.mn

2022.6.26, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР
ЗУРГААН ЦАГААН ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.6.26, Ням гараг
  • Наран ургах шингэх: 04.54-20.55
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Зеленский эрх чөлөөг уриалан дуудав DNN.mn

Зеленский эрх чөлөөг уриалан дуудав

Украины Ерөнхийлөгч өнгөрсөн Баасан гаригт Гластонберигийн наадамд оролцон, видео хэлбэрээр үг хэлжээ. Зеленский тус хөгжмийн наадмыг урлагийн эрх чөлөөний тод илрэл гэж ярьсан байна. Тэрбээр видео бичлэгт “Хөгжмийн фестиваль хоёр жилийн хугацаанд түр завсарлаад байсан ч дахин шинээр эхэлж байгаад баяртай байна. Цар тахлаас болж хүмүүс хөгжим сонсох эрхээ алдаагүйд талархууштай. Украйнчууд мөн адил эрх чөлөөтэй байх хүсэлтэй ч Орос энх тайвныг үгүй хийсэн. Тиймээс та бүхнийг бидэнтэй нэгдэж, эрх чөлөөний төлөө тэмцэхийг уриалж байна. Эрх чөлөөгөө алдсан хүн болгонд туслахыг хүсч байна”гэв.

Зелинский мөн Африк, Америк , Ойрх дорнодын улсуудын амьдралд Орос улс түрэмгийлэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэлээ.

“Цаг хугацааг үнэлж баршгүй хүний амиар хэмжиж байна. Бидэнтэй нэгдэж дайны эсрэг эрх чөлөөний төлөө тэмцэхийг хүн болгонд уриалж байна. Олон хүн нэгдэх тусам Орос улс дайныг зогсоож, бид энх тайван цагийг дахин авчрах болно” гэж нэмж онцлов. Зеленскийг үг хэлж дууссаны дараа олон алдартнууд үзүүлбэрээ үзүүлэн, “Слава Украини” гэж хэлж байжээ.

Categories
гадаад мэдээ

Азийн хамгийн баян хүн 7.7 тэрбумыг нийгмийн сайн сайхны төлөө хандивлав DNN.mn

Ази тивийн хамгийн баян эрхэмд тооцогддог Энэтхэгийн бизнесмэн Гаутам Адани 60 насныхаа төрсөн өдөр 600 тэрбум рупийг (7.7 тэрбум) нийгмийн сайн сайхны төлөө хандивлажээ.

Хандивын мөнгийг түүний Adani Foundation сан эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн ур чадварын салбаруудад зарцуулах ажлыг хариуцах юм байна.

Их сургуулиа хаяж, өөрийн хүчээр тэрбумтан болсон Гаутам Адани өчигдөр буюу Баасан гарагт 60 нас хүрсэн юм.

Аданигийн амласан хандивын хэмжээ Билл Гэйтс, Мелинда Фрэнч Гэйтс нарын 2021 онд өөрсдийн “Bill & Melinda Gates Foundation” санд хандивласан мөнгөний бараг талтай тэнцэж байна.

Блүүмбэргийн тооцоолсноор $92 тэрбумын хөрөнгөтэй Адани зөвхөн энэ онд 15 тэрбумаар хөрөнгөө арвижуулсан юм.

“Ойрын үед бид экспертүүдийн гурван багийг урьж, хандивын мөнгийг хэрхэн дээрх гурван салбарт зохистой хуваарилах стратегийг боловсруулна” гэж Адани өчигдөр мэдэгджээ.

1988 онд Adani нэртэй жижигхэн худалдааны компани байгуулагдсан нь өнөөдөр нүүрсний арилжаа, уул уурхай, ачаа тээвэр, эрчим хүч үйлдвэрлэл, түгээлтийн томоохон групп болж өргөжжээ.

Сүүлийн жилүүдэд тус компани ногоон эрчим хүч, нисэх буудал, дата төв, цементийн бизнест анхаарал хандуулж байгаа.

Адани 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний салбарт нийт $70 тэрбумын хөрөнгө оруулж, энэ салбарын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох зорилтоо зарласан юм.

Categories
гадаад мэдээ

Эквадорын сөрөг хүчин ерөнхийлөгчөө огцрохыг шаардав DNN.mn

Эквадорын сөрөг хүчний хэсэг хууль тогтоогчид консерватив Ерөнхийлөгч Гильермо Лассог огцрохыг шаардаж байна. Тус улсын иргэд түлш, хүнсний үнийг бууруулахыг шаардан хоёр долоо хоног үргэлжилж буйэсэргүүцлийн жагсаалын дараа бусад хууль тогтоогчид түүнийг огцруулахыг дэмжихгүй гэж мэдэгджээ.

Жагсаал зургаадугаар сарын 13-нд эхэлсэн ба дор хаяж зургаан иргэний аминд хүрч, аюулгүй байдлын хүчнийхэн рүү олон удаа хүмүүс халдлага үйлдсэн байна. Зүүний Ерөнхийлөгч асан Рафаэль Корреад үнэнч сөрөг хүчний “UNES” хөдөлгөөний хууль тогтоогчид 2025 он хүртэл товлогдоогүй сонгуулийг урагшлуулахыг Твиттерт уриалав. Учир нь тус улсын Үндсэн хуульд хууль тогтоогчид улс төрийн хямрал, үймээн самуунтай үед ерөнхийлөгчөө огцруулж, сонгууль зарлахыг зөвшөөрдөг байна. Лассог огцруулахын тулд чуулганы 137 хууль тогтоогчийн 92 нь дэмжсэн байхшаардлагатай.Лассо мөн хууль тогтоох байгууллагыг тарааж, сонгууль зарлаж болно. Засгийн газар “UNES”-ын энэхүү алхмыг шүүмжилж,асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгдэв.Лассо зэрэг өөр гурван намын хууль тогтоогчид түүнийг огцруулах алхамаас татгалзаж, засгийн газар болон уугуул иргэдийн хоорондын яриа хэлэлцээг дэмжиж байгаагаа мэдэгдэв.

Categories
гадаад мэдээ

Орос Калининградын тээврийн хоригт АНУ-ыг буруутгаж байна DNN.mn

Орос Калининградын тээврийн хоригт АНУ-ыг буруутгаж байна

Москвагийн Гадаад хэргийн яам Литвийн хоригт хамаарах бараа бүтээгдэхүүн Оросын эх газраасКалининград руу нэвтрүүлэхийг хориглосонд АНУ-ыг буруутгав. Энэ нь Москва болон барууны харилцаандхурцадмал байдлыг улам нэмэгдүүлсэн байна.

Европын холбооны гишүүн Литва өнгөрсөн Бямба гаригтшинэ хязгаарлалт хүчин төгөлдөр болсны дараа ЕХ-ны хоригт хамрагдсан Оросын барааг дамжин өнгөрөхийг хааж эхэлсэн. Москва энэ алхмыг шүүмжилж, “бүслэлт” гэж нэрлээд, хатуу хариу арга хэмжээ авахаа амлалаа.Орос Литвийг бүс нутгийн эрчим хүчний сүлжээнээс салгахадбэлэн байна гэж мэдэгдэв.

Оросын албаны хүмүүс энэхүү хориг нь ачаа тээврийн 30 хувиас50 хувийг зогсооно гэж янз бүрээр тооцоолж байна. Гэсэн хэдийч бараа бүтээгдэхүүнийг Балтийн тэнгис дэххөлөг онгоцууд руу шилжүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Алтайн гудамжны уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана DNN.mn

Сүхбаатар дүүрэг, Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 30-ны 06:00 цаг хүртэл Алтайн гудамжны уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлан асфальтбетон хучилтын ажил хийх гэж байна.

Иймд жолооч та бүхэнд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхааруулж байна.