Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хүзүүний хөвөгч хэрэглэхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Хүүхдээ усанд оруулах эсвэл усан эмчилгээ хийлгэхдээ хэрэглэдэг хүзүүнд зүүдэг хөвөгчийг ашиглахгүй байхыг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ анхаарууллаа. Тус улсад уг хөвөгчийг хэрэглэсэн нэг нярай нас барж, нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай тохиолдол гарсан байна.

“Хүзүүний хөвөгчийг ашиглах нь хүүхдийг усанд живүүлэх, амьсгалыг нь боох болон хүзүүний үенд гэмтэл учруулах эрсдэлтэй. Түүнчлэн нуруу, нугасны өвчтэй хүүхдүүдэд бүр ноцтой гэмтэл үүсгэж болзошгүй” хэмээн Хүнс, эмийн чанарын хяналтын газар мэдэгдэлдээ анхааруулжээ.

Хүзүүний хөвөгч үйлдвэрлэдэг зарим компаниуд уг бүтээгдэхүүнийг “булчинг суллан амрааж, уян хатан чөлөөтэй хөдлөх боломжийг олгодог ба уушгины багтаамжийг нэмж, нойрны чанарыг сайжруулж, тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмждэг” хэмээн сурталчилдаг. Гэвч АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас эдгээр давуу тал бүхий тайлбарыг нотлогдоогүй болохыг онцлон тэмдэглэв. Мөн уг хөвөгчийг огт ашиглахгүй байхыг олон нийтэд уриалж, хөвөгчөөс үүдэлтэй хохирол амсаж байсан бол мэдэгдэхийг хүсжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Гантулга: 30 гаруй зүйлс чирснээс хамгийн хүнд нь 90 тонны дамп байсан DNN.mn

үдээрээ хүнд машин механизм чирч олон түмэнд осолтой үзүүлбэр үзүүлж гиннесийн амжилтыг удаа дараа эвдсэн ч албан ёсоор бүртгүүлж чадалгүй 5 жилийн болж буй Ц.Гантулгатай ярилцлаа. Түүний хувьд онгоцноос бусад бүх төрлийн тээврийн хэрэгслийг шүдээрээ чирээд байгаа юм.

-Хамгийн анх шүдээрээ юм чирч үзье гэдэг санаа хаанаас бий болсон бэ?

-Эрээн хотод ажиллаж амьдарч байх үедээ чөлөөт цагаараа интернэтээр бичлэг үздэг байсан.Тэгж байхдаа шүдээрээ туухай өргөсөн хүний бичлэг, Монгол бөх залуугийн 40-ийн бетонтой ус зуугаад гэр тойроод явж байгаа бичлэгүүдийг үзсэн.Тэрийг хараад хүмүүс чадаад байхад би оролдоод үзэж яагаад болохгүй гэх бодол төрсөн. Тэгээд л 40-ийн бетонтой ус зууж хоёр автобус тойрч үзээд бичлэгээ сошиал орчинд байршуултал олон хандалт авсан байсан. Тэр үеэс хоббигоо болгож эхэлсэн дээ.

-Тухайн үед хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Тухайн үед хүмүүсийн зууны наян хувь нь итгэдэг байсан бол хорин хувь нь үл итгэгчид байсан. Харин одоо 95-аас дээш хувь нь хангалттай итгэдэг болсон. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн шүү.

-Гэр бүлийнхэн нь дэмжсэн үү?

-Аав маань “шүднээсээ салчхаад хар залуугаараа хиймэл шүдтэй болов” гээд их л зэмлэдэг байсан. Сүүлд машин чирээд, хүмүүс дэмжээд ирэх үед “-болж байгаа бол одоо яах вэ дээ” гээд зөвшөөрсөн. Миний энэ тэнд юм өргөсөн, чирсэн бичлэгүүдийг гүйцэд үздэггүй. Хүний аав болсон хойно зүрхшээдэг юм шиг байгаа юм. Энэ маш эрсдэлтэй зүйл. Шүд унах цаашлаад тархины цусан хангамж гэдэг зүйл яригддаг. Тархины цусан хангамж ихэснэ гэдэг нь залуудаа цус харвах эрсдэлийг дагуулж байдаг.

Тайлбар байхгүй.

-Хүүхэд байхдаа ямар хүн болно гэж боддог байсан бэ?

-Би 13 настай байхаасаа л хар бор ажил хийж эхэлсэн. Тэгэхээр тодорхой хэмжээний байр суурь, мэдлэгтэй болчихдог. Хэнтэй яаж харьцах уу,аль дэлгүүрийн эзэнтэй яаж харьцвал надад хэдэн тонн барааныхаа мөнгийг аятайхан өгөх үү гээд л санаа суучихдаг юм байна лээ. Ер нь л багаасаа бизнесмен ах эгч нарын дунд өссөн. Тэр хүмүүс шиг ажилчдадаа сэтгэлээсээ ханддаг, ажилчид нь байхгүй бол өөрөө ачаагаа зөөгөөд янзалчихдаг тийм хүнлэг мундаг ах болно доо л гэж боддог байсан. Одоо ч гэсэн тийм л бодолтой байна.

-Одоо ямар ажил эрхэлдэг вэ, хамт олон нь юу гэж урамшуулдаг вэ?

-Миний үндсэн мэргэжил авто засварчин. Гэхдээ одоогоор Эрдэнэт хотод хуваараа сантехникч хийж байгаа. Хамт олон маань Монголд шүдээрээ машин чирдэг ганц залуу манайд сантехникч хийдэг гээд их гоёор хүлээж авдаг. Энэ ажил маань үндсэндээ айлын гал голомтыг бадрааж өгч байна гэсэн үг. Шинэ зуух тавиад галыг нь асаагаад, ус тосыг нь хийгээд гэрийг нь дулаахан болгож өгч байгаа гэхээр өөрт их сайхан дулаан мэдрэмж төрдөг.

Тайлбар байхгүй.

-Өдийг хүртэл гаргасан амжилтаа хэнтэй хуваалцмаар санагддаг вэ?

-Эмээ дээрээ өссөн болохоор эмээ минь байсан бол их баярлах байсандаа гэж боддог. Яагаад гэвэл би эмээгээ гурван жил гар дээрээ асарч байгаад бурхан болгосон. Яг миний гар дээр өнгөрөөгүй. Намайг усанд явуулаад л эргээд ирэх хооронд л өөд болчихсон байсан. эмээ минь худлаа ярихгүй, хулгай хийхгүй, архи дарснаас хол байгаарай гэж их захидаг байсан. Захиасыг нь өөрийнхөө хувьд сайн биелүүлж байгаа гэж үздэг. Тийм ч учраас намайг сайхан амьдрал, сайн хань хоёроор шагнасан байх.

Зарим үед яаж гаргахаа мэдэхгүй сэтгэлд бугласан зүйл байдаг даа. Тэр үед монголынхоо том том оргилуудад алхах дуртай.

-Эмээтэйгээ өнгөрөөж байсан мартагдашгүй дурсамжаасаа хуваалцвал?

-Хамгийн сүүлд 80 гарсан хэвтэрт байсан эмээгийнхээ өвөр дээр нь хулдаас тавиад тарвага хуулуулсан.Би өөрөө хуулж чаддаггүй байсан юм. Тухайн үед их л юм бодогдсон. Өөрийнхөө амыг л тосдох гэж байгаа шүү дээ би. Тэгээд өөрөө хуулж сурсан. Эмээгээсээ харж авч үлдсэн ганц том зүйл юм уу даа.

-Юм чирээд явж байх үед ямар мэдрэмж төрдөг вэ?

-Яг чирээд явж байхад хажууд байгаа хүмүүсийн уухай хашхираан сонсогддоггүй. Зуугаад чирч байх үед аман дотор шүд шажигнаад, тархи руу цус ирж байгаа нь мэдрэгдээд бие салганаад ирдэг. Тэр үед би юм аа чирч л байвал, хэдэн метр явсан ч чирээд л байна гэж бодоод урагшилдаг

Тайлбар байхгүй.

-Таван жилийн хугацаанд чирсэн зүйлсээс хамгийн хүнд нь хэдэн тонн байсан бэ?

-Одоогоор 30 гаруй зүйлс чирснээс хамгийн хүнд нь 90 тонны дамп байсан.

-Ямар ОО хэрэглэдэг вэ, шүдээ яаж арчилдаг вэ гэх мэт олон асуулт ирдэг байх?

-Шүдээ яаж арчилж байна вэ гэдэг асуулт маш их ирдэг. Манайхан чинь их сониуч хүмүүс. 40-ийн бетонтой ус зууж, автобус чирсний дараагаар нийтийн тээврээр зорчихоор хүмүүс шууд ам ангайлгаад шүдэнд хүрж үздэг байсан. Норовбанзад гуай гадаад руу яваад дуулсан чинь хүмүүс хоолойндоо юм суулгасан байна уу гэж үзэж байсан шиг л юм болсон. \инээв\ Мөн шүдний оо болон сүү цагаан идээний рекламын санал их ирдэг байсан. Ер нь шүдээ тогтмол угааж эрүүл байлгадаг. Ямар оо хэрэглэдэг нь нууц \инээв\.

-Дэлхийд энэ төрлөөр гиннесийн амжилт тогтоосон хүмүүс байдаг уу?

-Орос, Иран, Америк зэрэг орнуудад зургаа, долоон хүмүүс байна. Автобус, суудлын тэрэг, вагон, онгоц гэх мэт олон төрлийн ангилалтай байдаг.Саяхан Ираны залуу 15 тонн 760кг-ын машин чирч амжилтаа тогтоолгосон байсан. Миний хувьд одоогоор онгоц л үлдээд байна.

Тайлбар байхгүй.

-Таны хувьд яагаад гиннест бүртгүүлж чадахгүй байна вэ?

-Бусад салбарт холбоо байгууллага гэж байдаг бол Монгол Улсад гиннесийн хороо, тусгай төрийн бус байгууллага гэж байхгүй. Жишээлбэл, зургаан мянган бөхийг бүртгүүлэхэд бөхийн холбоо гэж байдаг. Дээрээс нь үндэсний өв соёл гэдэг утгаараа бас бүртгэгддэг. Миний энэ зүйл бол Монголд байтугай дэлхийд ховор, өрсөлдөгч цөөнтэй, хүн ойлгоход хэцүү спорт болоод байгаа юм. Тэгэхээр холбогдох шатны хүмүүс нь дэмжээд, арга хэмжээ аваад яваасай гэж л их гуйх юм даа. Юутай ч эхний гэрчилгээгээ авчихвал дараагийн гэрчилгээнүүдээ авахын тулд улам хичээх болно.20 жилийн дараа буюу 50 насандаа таван гэрчилгээгээ авчихсан байх болов уу гэж тооцоолж байгаа. Гиннесийн амжилт гэсэн гэрчилгээгээ авчхаад хамгийн түрүүнд 21 аймгаа тойроод нэг, нэг юм чирчих юм сан гэж боддог.

-Төр засаг дэмжиж, урамшуулж байв уу?

-Үгүй. Гэхдээ би төрөөс хишиг горьдож энэ бүгдийг эхлээгүй. Монгол хүн болж төрснийх эх орныхоо нэрийг өндөр өргөж, иргэнийхээ үүргийг л биелүүлэх ёстой гэж боддог. Бусад шагнал урамшууллын хувьд бол гэрийн маань төрийн далбаан дээр энэ төрлийн хорь гаруй шагнал бий.

-Олонд танигдаж, хайр хүндэтгэлийг нь хүлээснээс хойш таны ойлгосон зүйл юу байв?

-Олны танил ч бай, биш ч бай хүн биеэ зөв авч явахыг аль болох хичээдэг л байх хэрэгтэй гэж боддог. Хүнд эхэлсэн газар гэж бий. Бусдын хүндлэлийг дааж чадахгүй, ёс зүйгүй байх юм бол намайг эхэлсэн газар руу маань буцаагаад татаж чадна байх.

Тайлбар байхгүй.

-Таныг ойлгож, тусалж, дэмждэг хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Том амжилтад хүрч,та нарынхаа магнайг тэнийлгэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Үргэлж ард минь бат зогсож, дэмждэг Монголын ард түмэндээ маш их баярлалаа.

-Баярлалаа.

М.САЙНЗАЯА

Г.ЧИМЭДЦОГЗОЛ

Т.ИЧИНХОРЛОО

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ 110 ам.доллароос буурлаа DNN.mn

Сүүлийн гурав хоног дараалан өсөөд байсан газрын тосны үнэ эргэн уналаа. WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 110 ам.доллароос буураад байна.

Газрын тосны үнэ сарын дүнгээр өнгөрсөн оны 11 дүгээ сараас хойших доод түвшинд хүрэхэд ойрхон байгаа юм. Хэдий тийм боловч урт хугацаандаа энэ он гарсаар 50 гаруй хувиар өсөөд байна. Улс орнуудад инфляцын дарамт нэмэгдэж, уналтад орох эрсдэл өндөр байгаа энэ үед газрын тосны эрэлт буурах эрсдэл өндөр байгаа аж.

Үүнээс гадна АНУ-д шатахууны үнэ дээд түвшинд хүрсэн хэвээр байна. Брент төрлийн газрын тосны үнэ 1.4 хувиар буурч, 116 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.08 хувиар буурч, 109 ам.долларт хэлбэлзэж байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн аварга хоёр тоглогч тэмцээнд оролцохоор Монголд ирлээ DNN.mn

Энэ жилийн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Францын шигшээ баг түрүүлж, дэлхийн аварга болсон билээ.

Image

Тус багийн бүрэлдэхүүнд өрсөлдсөн хоёр тоглогч Монголд ирлээ. Тэд бол Horsente Limouzin, Myriam Djekoundade нар юм.

Дэлхийн аварга хоёр тоглогч Францын багийн хамт маргааш эхлэх дэлхийн гран прид өрсөлдөнө, Монголын тэмцээнд оролцоно Ингэснээр дэлхийн аварга тоглогчдын тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж монголчууд бидэнд бүрдлээ.

Сонирхуулахад, маргааш болох дэлхийн гран прид дэлхийн шилдэг тав, Монголын гурван баг өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Аадар борооны үеэр гурван иргэн тогонд цохиулжээ DNN.mn


Нийслэл орчимд өчигдөр /2022.06.29/ орсон их хэмжээний дуу цахилгаантай аадар борооны үеэр ахуйн цахилгааны гүйдэлд цохиулж, 3 иргэн эрүүл мэндээрээ хохирсон байна.

Үйл явдлыг тодруулвал, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүнбаян уулын 32-76 тоотод аянга бууж 3 иргэн түлэгдсэн гэх мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн УСАХМ, ахмад С.Должинсүрэнгээр ахлуулсан албан хаагчид очиход гэрийн шалан дээгүүр гүйсэн цахилгааны утас массалж иргэн С 25 настай эрэгтэй, Д 44 настай эрэгтэй, Т 9 настай эрэгтэй нар тогонд цохиулж хөл хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн-103-т хүлээлгэн өгч, хорооны Засаг даргад ил гарсан цахилгааны утсыг далдалж, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэг чиглэл өгч ажилласан байна.

Тус иргэд ахуйн цахилгааны монтажийг газар дээр ил байршуулсан нь орчны хөрсний чийглэгээс хамаарч цахилгаан гүйдэлд цохиулахад хүрсэн байна гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Иймд иргэн Та:

  • Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
  • Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
  • Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
  • Дуу аянга цахилгаантай их хэмжээний усархаг бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх зэргийг онцгойлон анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монгол, Япон, Финланд, Францын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна DNN.mn

Манай улсад жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид хуран чуулав.

Тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилалт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1-н хүртэл өрнөж байна.

Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа ба Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт-2022” их дуулга болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

зураг

Бэлтгэлийн явц болон хүлээн авах орчин нөхцөлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар ярилцлаа. Тус бэлтгэл сургуулилалтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана DNN.mn

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/880 тоот захирамжийг өнөөдөр гаргалаа.

Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар, хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг 2022 оны долдугаар сарын 5-ны өдрийн дотор шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгалаа.

зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар, байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам бий. Тэрхүү журмын хэрэгжилтийг хангах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлаж буй зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг жил болгоны нэгдүгээр улиралд нийслэлийн нутаг дэвсгэрт шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн, арилгадаг. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амьдрах орчинд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зар сурталчилгааны байгууламж цөөнгүй байдаг тухай мэргэжилтнүүд тодотгож байна.

Түүнчлэн барилгын хана туурганд сурталчилгаа байршуулах нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдөг төдийгүй хөрөнгө хүч зарцуулан байж бий болгосон тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварлалгүй орхидог алдаа дутагдал давтагдсаар байгаа юм. Тиймээс 2018 онд дээр дурдсан зөрчил бүхий 447 хаяг мэдээллийн байгууламж, 473 хулдаасан хэвлэл, 181 түр самбар, 41 тулгуурт самбарыг албадан буулгасан байна. Цар тахлын жилүүдэд албадан буулгасан самбарын тоо харьцангуй цөөрч 2019 онд 174, 2020 онд 232, 2021 онд 537 болсон байна.

Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар төдийгүй өнгө үзэмжээ алдсан, хариуцах эзэнгүй хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэсэр сүмээс Хүнсний 1 дүгээр дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ DNN.mn

Харин урд талын урсгалын зорчих хөдөлгөөнийг долдугаар сарын 4-ний 05:00 цагаас долдугаар сарын 6-ны 05:00 цаг хүртэл хязгаарлан, суурь, өнгө асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэх юм.

зураг

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сард гадаадын 27 улсын 234 иргэн Монгол Улсад ирэхээр хүсэлт гаргажээ DNN.mn

Аялал жуулчлалын улирал эхэлж, Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад түр ирсэн болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг энэ сарын 13-ны өдрөөс биечлэн болон цахимаар хүлээн авч эхэлсэн.

Тэгвэл зургаадугаар сарын байдлаар биечлэн ирүүлсэн 27 улсын 234 иргэний хүсэлт, цахимаар ирүүлсэн 33 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын байгууллагын 67 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах цахим хүсэлтээ https://immigration.gov.mn/ хуудсаар илгээх бөгөөд үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос дөрвөн хэлээр авах боломжтой юм.

Виз сунгалтын хүсэлтийг ийнхүү цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгэхийг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргах боломжтойг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийслэл болон 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл танхим болон цахимаар оролцож, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр Цусны донорын тухай анхдагч хуулийн төсөл болон цус, цусан бүтээгдэхүүний хангамж, нөхцөл байдлын талаарх танилцуулгыг хийв.

зураг

Манай улсад анх 2000 онд Донорын тухай хууль батлагдсан бөгөөд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хуулиар цусны донор болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний зохицуулалтыг нэгтгэж оруулсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ улам хөгжиж, эмчилгээний арга хэлбэр, чанар сайжирсаар байна.

Манай улсын хэмжээнд 2021 оны байдлаар 19,337 цусны донор бүртгэгдсэнээс 7,837 донор тогтмол цус, түүний бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэжээ. Цуглуулсан цусны нэгж бүрд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103,265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 61,675 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд олгожээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний 78 хувийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв дангаар бүрдүүлсэн бөгөөд 22 хувийг нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим сум дахь нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төвд бэлтгэн эмчилгээнд олгосон байна.

Өндөр хөгжилтэй орнуудад цус, цусан бүтээгдэхүүний 75 хувийг 65-аас дээш насны хүн амд хэрэглэдэг бол хөгжиж буй орнуудад 52 хувийг нь 0-5 насны хүүхдэд хэрэглэгдэг.

Харин манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгч өвчтөнүүдийн 50.5 хувь нь 36-65 насны хүмүүс буюу идэвхтэй донорын насныхан бий. Түүнчлэн манай улсын хүн амын суваргын хэтийн төлвөөр идэвхтэй донор /24-45 нас/-ын тоо дунджаар 2 дахин буурахаар байгаа бөгөөд энэ үзүүлэлт дунджаар 20 орчим жил үргэлжлэх цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах гол асуудал тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

зураг

Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2035 онд 185,600 нэгж хүртэл өсөж, 2009 онтой харьцуулахад 3.7 дахин өсөх төлөвтэй байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн орон тоо 2009 оноос хойш 20 хувь нэмэгдсэн байхад цус, түүний бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийн хэмжээ 2021 оны байдлаар 85-109.1 хувь болж нэмэгджээ. Цаашид ч өсөх хандлагатай байна. Энэ ачааллыг өнөөгийн хүний нөөцийн хэмжээгээр давах боломжгүй төдийгүй цус сэлбэлт судлалын салбарын зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийг статусыг дэлхий нийтээр баримталж байгаа “Нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхойлох шаардлагатай гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэллээ.

Ажлын хэсгийн зүгээс өнөөгийн хууль эрх зүйн орчин шаардлага хангаж байгаа эсэх талаар эрүүл мэндийн ажилтнууд болон цусны доноруудын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн 80 орчим хувь нь Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг салгаж, бие даасан хуулиудаар зохицуулах шаардлагатай гэж хариулсан бол цусны доноруудын 97 хувь нь Донорын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй гэж үзжээ.

Дэлхийн олон улс оронд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон цусны донорын үйл ажиллагааг тусад нь хуульчилсан байдаг. Цусны донорын тухай хуулиараа цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тогтвортой, аюулгүй байдал, цусны донорын хөдөлгөөний нийгмийн ач холбогдлыг ард иргэдэд таниулах, сурталчлах замаар цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх болон цус сэлбэлт судлалын харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх, үүрэг, эдгээрийг удирдан зохион байгуулах болон гүйцэтгэх байгууллагуудын эрх зүйн зохицуулалт, цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргээс гадна цусны донорт эрүүл мэндийн үзлэг хийх, цус, түүний бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, эмчилгээний зорилгоор хэрэглэх үйл ажиллагаа, эдгээрт оролцогч эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн тусгай зөвшөөрөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилт, төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийн асуудлыг зохицуулдаг байна.

зураг

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг 8 бүлэг, 32 зүйлтэй байхаар боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж үүний хэрээр цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж улам сайжирч, цус сэлбэлт судлалын салбар хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. Цус сэлбэлт судлалын үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Мөн цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болохын дээр тэдний нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал сайжирч, цусны донорын тоо нэмэгдэх, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Манай улсын цус сэлбэлтийн салбарт олон улсын сүүлийн үеийн технологиудыг амжилттай нэвтрүүлжээ. Тухайлбал, Франц, Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй оронд ашигладаг цус, цусан бүтээгдэхүүний эмгэг төрөгчийг идэвхгүйжүүлэх технологийг хэдийн нэвтрүүлсэн байна.

Цусны доноруудаас авсан цусыг нарийвчилсан шинжилгээнд оруулсны эцэст шаардлага хангасан цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд өгдөг. Олон улсад 5 хувийн “хаягдал” гарахыг хэвийн гэж тооцдог бөгөөд манай хувьд 2-3 хувийн “хаягдал” гардаг. Түүнчлэн өндөр технологиудыг авч явахын тулд эргээд санхүүжилтийн асуудал тулгардаг байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд цус цуглуулах, шинжлэх, цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тэдгээрийг эмнэлэгт олгох, эмнэлгийн байгууллагуудтай хамтран цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг эмчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зэрэг үүргийг нарийвчлан тусгах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн цус сэлбэлт судлалын салбарт ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг дэмжих, цусны доноруудыг урамшуулах, алдаршуулах, цусны донорын мэдээллийн нэгдсэн сантай болох шаардлага байгааг хөндөв.

“Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг нэгтгэн ойлгох нь нийгэм, эдийн засгийн хувьд хор уршигтай хөнөөлтэй. Хуулийн төслүүдийг шинэчлэн баталснаар эмч, эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, улмаар монгол хүний эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ” гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан нар онцлоод маргааш (2022.07.01) цусны доноруудын дунд хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн талаар мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.