Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улсын хэмжээнд 0-17 насны 1.2 сая хүүхэд байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 0-17 насны 1.2 сая хүүхэд байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

2006 оноос хойш төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийт хүн амд хүүхдийн эзлэх хувь сүүлийн таван жилд тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд 2021 онд 36.7 хувь болжээ.

Хүүхдийн тоог хүйсээр авч үзвэл,

  • 629,375 (51.2%) эрэгтэй хүүхэд
  • 600,576 (48.8%) нь эмэгтэй хүүхэд байна.

Мөн улсын хэмжээнд 2021 оны байдлаар бүтэн өнчин 2,990, хагас өнчин 36,133 хүүхэд байна.

зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тайландын гэрэл зурагчин Монгол ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээв DNN.mn

Тайландын гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит Монгол Улсын Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газраар аялж, авсан гэрэл зургийн цуглуулгаараа Бангкок хотын “Ривер Сити Бангкок” төвд гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ.

“People and Their World” нэртэй энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг “Nikon Thailand” компани ивээн тэтгэсэн бөгөөд тус үзэсгэлэнд цаатан хүмүүсийн ахуй амьдрал болон бүргэдийн анчидын тухай сонирхолтой гэрэл зургуудыг дэлгэжээ.

Жатенипат Кетпрадит нь “Photographer of the Year at One Eyeland Awards 2021”, “International Portrait photographer of the year 2021” зэрэг шагнал тус тус хүртэж байсан Тайландын алдартай гэрэл зурагчин юм. Түүний гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байсныг буцаан татжээ DNN.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/03 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний 28 үйлдвэр, 177 супермаркет, 35 худалдааны төвд хяналт шалгалт хийгээд байна.

Шалгалтаар 281 зөрчил илрүүлснээс 189 буюу 73.7 хувийг газар дээр нь арилгууллаа. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын /ахлах/ байцаагчийн 20 заалт бүхий гурван албан шаардлага хүргүүлж, хоёр аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн 50 ширхэг бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа дууссан байсныг буцаан татав.

Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн найман нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын лабораторид хүргүүллээ. Хяналт шалгалтын явцад 85 зөвлөмж, 41 мэдэгдэл хүргүүлж, 23 иргэнийг сургалтад хамруулсны зэрэгцээ 190 аж ахуйн нэгж, 426 хүнд зөвлөгөө өгч ажиллав.

Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурдвал:

  • Ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй
  • Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй
  • Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хаяг шошгод Англи, Монгол, Орос хэлээр бичигдсэн санамж байрлуулаагүй
  • Нялх балчир хүүхдийн нэмэгдэл хоолны шошгод 6 сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй талаарх анхааруулга байрлуулаагүй
  • Зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, ахуйн барааг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэдэг, тээврийн хэрэгсэлд ариутгал цэвэрлэгээ хийдэггүй, жолооч, түгээгч нь эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдаагүй байна.

Иймээс иргэн Та хүүхдэдээ бэлэг сонгохдоо:

  • Хүүхдийн нас, сэтгэхүй, бие физиологийн онцлогт тохирсон ном, тоглоом зэргийг сонгох
  • Сахарын агууламж багатай бүтээгдэхүүн сонгох
  • Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго, хадгалалтын хугацааг нягтлах зөвлөмжийг өгч байна.
Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүдийн хамгийн залуу нь 24 настай DNN.mn

2022 онд Ховд аймгийн хэмжээнд 434 эмэгтэй “эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Үүнээс 49 ээж нэгдүгээр зэргийн одон, 385 ээж хоёрдугаар зэргийн одон хүртсэн байна.

Жаргалант сумын 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 149 ээжид энэхүү одонг аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн одонгоо гардан авч байгаа эдгээр ээжийн хамгийн залуу нь 24 настай, нэгдүгээр зэргийн одонтой ээж байна. Ээжүүд үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, хүнлэг иргэн болгон өсгөж, хүмүүжүүлэх нь чухал гэдгийг онцолж байв.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хаана юу, болох вэ DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бяцхан үрсээ хэрхэн баярлуулахаа шийдээгүй байгаа Танд дараах мэдээллийг хүргэе.

Тасалбарын талаарх мэдээллийг өнгөөр тодруулсан холбоосон дээр дарж, дэлгэрүүлэн харах боломжтой.

“ЭНХ ТУНХ-МӨНХ ТУНХ” ТОГЛОЛТ


ХААНА: Сүхбаатарын талбайд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 10:30-18:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: Тус хөтөлбөрийн хүрээнд урлагийн тоглолт, 3000 хүн оролцсон баярын жагсаал болно.


“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ

ХАНА: Монголын хүүхдийн ордон болон ордны гадна талбай, Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэлх автомашингүй гудамжинд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 09:30-19:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх юм.


“ТОМ БАЯР” ҮЙЛ АЖИЛЛАГАА

ХААНА: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00-22:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: “Том баяр” үйл ажиллагааг “Мөнгөн мод 2021” цомын эзэн “Бросис пикчерс кино компани”-ий хамт олон зохион байгуулна.

3D ГЭРЛЭН ШОУ, МОБАЙЛ PUBG ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

ХААНА: Соёлын төв өргөөнд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 10:30-17:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: Үзэсгэлэнд AR, VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулна. Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглоно.


“ТАНГАРАГТ ХААН” ХҮҮХДИЙН ДРАМЫН ЖҮЖИГ

ХААНА: Корпорейт Конвеншн Центрийн концертын танхимд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 12:00 болон 16:00 цагаас хоёр удаа

ТАСАЛБАР: 50.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Хүүхдийн баярыг тохиолдуулан Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрын бүтээл “Тангарагт хаан” хүүхдийн драмын жүжгийг анх удаа тоглох юм.


“ҮЗЭСГЭЛЭН ГОО БА ЖОНОН” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: Зайсан хилл цогцолборт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1 болон 4-ний 11:00, 13:00, 15:00, 17:00

ТАСАЛБАР: 35.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: “Гангстерууд” блогоороо олонд танигдсан залуу уран бүтээлчдийн бүтээл.


“ЦИРКИЙН ЕРТӨНЦӨӨР ТРОЛЛУУД” ШОУ ТОГЛОЛТ

ХААНА: Монгол бөхийн өргөөнд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 12:00 болон 15:00 цагаас тоголно.

ТАСАЛБАР: 30.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Даймонд” циркийн уран бүтээлчдийн хамтарсан шоу тоглолт юм.


“МЭЛХИЙ ГҮНЖ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: РЦНК

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-ний 11:00, 13:00, 16:00 цагаас. Тус жүжиг энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Дэлгэрэнгүй тоглох хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

ТАСАЛБАР: 20.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Тус жүжиг нь орос ардын үлгэрийн 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй. Монгол болоод дэлхийд алдартай орос ардын үлгэрүүдийн өгүүлэмж, гоо зүйн давтагдашгүй агуулга, сургамжуудыг нэгэн жүжигт зангидан сүлжсэнээрээ онцлог юм.


“МИНИЙ ЦЭЦЭН ХУРГА” ДУУЛАЛТ ЖҮЖИГ

ХААНА: Ган зам паласт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00 цагаас

ТАСАЛБАР: 10.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Таван хошуу мал, амьтнаар дамжуулан хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, аливаа зүйлийг арга ухаан, ухамсар сэтгэхүйгээрээ тунгаах, амьтай бүхний энэрэнгүй нинжин сэтгэлийн ач тусын талаар өгүүлнэ.


ПОНИТОЙ ЦИРК

ХААНА: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Зуны цирк асарт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00, 13:00, 15:00, 17:00, 19:00 цагаас тоглоно. Дэлгэрэнгүй хуваарийг ЭНД-ээс харна уу.

ТАСАЛБАР: 20.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Пони буюу одой морьтой үзүүлбэр, морьтны гайхамшиг үзүүлбэр, цагирагаар наадагчид, алиалагч, агаарын гимнастик, уран нугаралтын гайхамшгийг толилуулна.


“ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД ХҮҮХДИЙН БАЯРЫГ АВАРСАН НЬ” ЖҮЖИГ

ХААНА: Улаанбаатар паласт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-ний 12:00 цагаас

ТАСАЛБАР: 25.000-30.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Ахмад дэгээ, хорон санаат туслахуудтайгаа хүүхдийн баярын Цэцгэн дагиныг хулгайлах ба гол дүрийн баатрууд найзыгаа аврах аялалд гарна.


“АНХНЫ ҮНСЭЛТ” МЮЗИКЛ

ХААНА: Улаанбаатар театрт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-ний 12:00, 15:00 цагт

ТАСАЛБАР: 25.000-30.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Ах дүү Гриммийн Бремен хотын хэрмэл хөгжимчид үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзиклийг тоглоно. Германы Бремен хотын хөгжимчид болохоор ирсэн авьяаслаг хөгжимчин, сэтгэл татам залуу Трубадур, түүний нөхдийн толгой эргэм адал явдал, хөгжилтэй, ая дуугаар дүүрэн гайхамшигт аялал үргэлжлэх юм.

“THE ONE” ХҮҮХДИЙН БАЯР-Т ТҮРҮҮЛЖ ИРСЭН 200 ХҮҮХДЭД ШААР, АМТТАН БЭЛЭГЛЭНЭ

ХААНА: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, The One center /хуучнаар Home plaza 2

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-ний 11:00, 17:00 цагт

ТОВЧ ТАЙЛБАР: The One center-ийн урд талбайд задгай талбайн тоглоомууд байрших ба хямдралтай худалдаа, бэлгийн худалдаа гээд олон сонирхолтой, гэнэтийн бэлэгтэй тэмцээн уралдаанууд болно. Мөн:

  • Пороро ба түүний найзууд,
  • Бэтмэн, алиалагч нар
  • Хүүхдийн жүжигчилсэн тоглолтууд
  • Үлгэрийн баатруудын тоглолтууд болж
  • Инжир, Маргад-Эрдэнэ, Мичидмаа, Энжи нар ая дуугаа өргөнө. хаана, юу болох вэ%
Categories
мэдээ цаг-үе

Энэ сард болох спортын онцлох үйл явдлууд DNN.mn

Спорт сонирхогчдыг 2022 оны зургаадугаар сард ямар онцлох тэмцээн уралдаан, үйл явдлууд хүлээж байгааг танилцуулъя.

ТЕННИС

2022.05.22-06.05. Талбайн теннисийн дөрвөн их дуулгын нэг 126 дахь удаагийн Францын нээлттэй тэмцээн буюу “Roland-Garros” тавдугаар сарын 22-нд эхэлсэн.

Шороон талбайд болдгоороо онцлог 2021 оны Roland-Garros-н эрэгтэй төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэй төрөлд Чехийн Барбора Кречикова түрүүлсэн юм.

Испанийн Рафаэл Надаль тус тэмцээнд хамгийн олон удаа буюу 13 удаа түрүүлсэн амжилттай. Тэмцээнийг SPS телевиз шууд дамжуулж буй.

ЖҮДО

2022.06.03-05. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Тбилисигийн их дуулгад 38 орны 285 тамирчин бүртгүүлээд байна.

2022.06.24-26. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатарын их дуулга тэмцээн Монгол Улсад болно. Уг тэмцээн нь Парис-2024 олимпын оноо олгож эхлэх тул дэлхийн шилдгүүд цугларах юм.

АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ШАТ

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Оцүка Ичиро болон зөвлөх дасгалжуулагч Алан ЖиллетМонголын шишээ багийн ахлах дасгалжуулагч Оцүка Ичиро болон зөвлөх дасгалжуулагч Алан Жиллет

2022.06.08-14. Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд зургаадугаар сарын 8-д эхэлнэ. Урьдчилсан шатны B хэсэгт Палестин, Филиппин, Йемен улсуудтай нэг хэсэгт багтсан Монголын шигшээ баг гурван тоглолтыг хийх юм.

Урьдчилсан шатны тоглолтууд Монголд болох бөгөөд 06.08-ны 17:00 цагт Палестинтай, 06.11-ний 12:30 цагт Филиппинтэй, 06.14-ний 17:00 цагт Йемений шигшээ багтай тус тус тоглоно.

Хэсгээ тэргүүлсэн баг 2023 оны Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ шууд авах бол хоёрт орсон багуудаас хамгийн өндөр оноотой 5 нь Азийн цомд оролцох боломжтой болно.

ЧӨЛӨӨТ БӨХ

2022.06.02-05. Чөлөөт бөхийн чансааны оноо олгох оны хоёр дахь тэмцээн “Болат Турлихановын цом” Казахстан улсын Алматы хотод болно.

2022.06.22-25. Чөлөөт бөхийн чансааны оноо олгох оны гурав дахь тэмцээн “Маттео Пелликоне”-ийн нэрэмжит тэмцээн Италийн Ром хотод болно.

NBA ФИНАЛ

NBA Board of Governors approves competitive format to restart 2019-20  season with 22 teams returning to play | NBA.com

2022.06.03. NBA-ийн финалын тоглолтууд зургаадугаар сарын 03-ны 09:00 цагаас эхэлнэ. Play-off-ын финалд Голден Стейт Уорриорс болон Бостон Селтик багууд шалгарсан бөгөөд долоон тоглолт гарвал зургаадугаар сарын 20-д дуусна.

FORMULA 1

2022.06.10-12. Formula 1-ийн 72 дахь улирлын найм дахь гараа буюу Азербайжаны Гран-При тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод байрлах “Baku City Circuit” зам дээр болно. 6.003 км урттай, 51 удаа тойрогтой зам дээр 10 багийн 20 нисгэгч хурд сорино.

2021 оны тус гараанд “Red Bull” багийн Сержио Перез түрүүлж “Aston Martin” багийн Себастиан Веттел аман хүзүүдэж байв.

2022.06.17-19. Formula 1-ийн 72 дахь улирлын ес дэх гараа буюу Канадын Гран-При тэмцээн Канадын Монреаль хотод байрлах “Circuit Gilles-Villeneuve” зам дээр болно. 4.361 км урттай, 70 удаа тойрогтой зам дээр 10 багийн 20 нисгэгч хурд сорино.

2019 оны тус гараанд “Mercedes” багийн Льюис Хэмилтон түрүүлж “Aston Martin” багийн Себастиан Веттел аман хүзүүдэж байв.

ХОЛИМОГ ТУЛААН БА Д.БАТГЭРЭЛ

Тулаанч Д.Батгэрэл эхний үед өрсөлдөгчөө ялав

2022.06.12. Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо UFC-ийн Light heavyweight жингийн аваргын бүсийн төлөөх тулаан Гловер Тейшера, Жири Прочазка нарын хооронд болно.

Тулаан “UFC 275”-ийн үеэр болох бөгөөд эмэгтэйчүүдийн flyweight жингийн аваргын бүсийн төлөө Валентина Шевченко, Тайла Сантос нарын тулаан хоёр дахь оргил тулаан нь байх юм.

UFC 275-ын main card буюу гол тулаануудын нэгд Д.Батгэрэл багтсан бөгөөд тэрээр зургаа дахь тулаанаа Өмнөд Солонгосын тулаанч Кьюн Хо Кантай хийнэ.

Кьюн Хо Кан нь UFC 275-д Саймон Оливейратай тулалдах байсан ч цуцлагдаж Монголын тулаанчтай учраа таарчээ. 34 настай туршлагатай тулаанч хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард Бразилын Рани Яахад ялагдсан.

Харин Д.Батгэрэлийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Крис Гутерезт ялагдаад буй. Хоёр тулаанч хоёул Брэндон Дэвис, Гуидо Каннетти нарыг ялсан удаатай.

CSGO

2022.06.15-19. CSGO тоглоомын “Blast Premier: Spring Finals 2022” тэмцээн зургаадугаар сарын 15-д эхэлнэ. OG, Natus Vincere, Faze Clan, ENCE зэрэг дэлхийн томоохон багууд оролцох тэмцээний ялагч нь 200 мянган ам.долларын шагнал авах бөгөөд оны төгсгөлд болох World Final-д оролцох эрхтэй болно.

ГОЛЬФ

2022.06.16-19. Мэргэжлийн гольфын дөрвөн том тэмцээний нэг АНУ-ын нээлттэй тэмцээн зургаадугаар сарын 16-д эхэлнэ. 122 дахь удаагийн АНУ-ын нээлттэй тэмцээн Массачусетс мужийн Брүүклайнд болно. 12 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд одоогоор 156 тамирчин оролцох тооцоотой байна.

ТЕННИС

2022.06.27-07.10. Талбайн теннисийн дөрвөн их дуулгын нэг 135 дахь удаагийн “Wimbledon” зургаадугаар сарын сүүлээр эхэлнэ.

Английн зүлэгтэй талбайд болдог тэмцээнд Швейцарын Рожер Федерер хамгийн олон буюу 8 удаа түрүүлсэн бол 2021 оны тэмцээнд Новак Жокович түрүүлсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Эрдэнэбат: Гол үнийн өсөлт ганцхан чингэлэг тээвэр дээр л явж байгаа DNN.mn

Замын-Үүд сумын чингэлэг тээврийн асуудлаар Борхойн тал авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Хятад эзэнтэй гурван компанийн талаар та цухас ярьсан шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Улсын бүртгэлийн мэдээллийн сан руу ороод үзэхээр бүх юм ойлгомжтой байгаа. Эдгээр компаниудын гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчид, эцсийн өмчлөгчид нь гараад ирнэ. Үүнээс харахаар хувьцаа эзэмшигчид нь хятад хүмүүс, эцсийн өмчлөгчид нь хятад хүмүүс. Монгол захирал нь АТҮТ-ийн захирал асан Н.Пунцаг гэж хүн. Үндсэн хоёр л хүнтэй компани. Хамгийн гол нь эдгээр компаниуд хил хаахыг мэдэж байсан. Бүх юмаа бэлдчихээд чингэлэг тээврийг 2020 оноос эхэлж явуулах гэж наадуул чинь зүтгүүлсэн. Хил хаахын урьд өдөр нь машин тэргээ оруулж ирсэн. Маргааш нь Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдэл хийгээд л хил хаачихсан. Ийм л юм болсон шүү дээ. Үүнийг бүрэн хардах үндэслэлтэй.

-Ямар үндэслэлээр?

-Яагаад гэвэл тэр компаниудыг байгуулсан он, сар, өдөр зэрэг шахуу, тээврийн хэрэгслүүдээ оруулж ирсэн он сар өдөр, түүний дараа асар их хэмжээний чингэлгүүд вагоноор орж ирсэн. Вагон тээврийг ЗТХ-ийн сайд Л.Халтарын эхнэрийн талын хүмүүс хариуцаж байгаа. Монголын эрчит чингэлэг тээвэр компанийн захирал Н.Пунцаг нэг сонинд ярилцлага өгсөн байсан. Тэр бол зүгээр л аргацаасан, хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл ярьсан байна лээ. Тэд гол мөнгөө хаана хийдэг вэ гэвэл Эрээн талдаа хийдэг. Монгол талд Н.Пунцагийн 500 мянгаар тээвэр хийж байгаа ер хамаагүй. Зүгээр л өнгөлөн далдлалт. Монголд хийж байгаа тэр тээвэр нь ашигтай байна уу, үгүй юү хамаагүй. Хамгийн гол мөнгө угааж байгаа тээвэр нь Эрээн талд зохион байгуулалттайгаар хийж байгаа. Боомтын дарга Мөнхөө гэж хүн бий. Хуучин хятадын талд зам тээврээ хариуцаж байсан хүн. Тэр хүн боомтын дарга болчихсон. Хятадад Гого гэх мэт баривчлагддаг нөхдүүд бүгдээрээ эдгээр хүмүүстэй холбоотой.

-Сүүлийн үед хятадууд хил гаальтай холбоотой хүмүүсийг авлигын хэргээр баривчилж, саатуулж байгаа гэх мэдээлэл яваад байгаа. Үүнийг дагаад авлига авсан хүмүүс дотор Монголын хоёр сайдын нэр дурдагдсан тухай мэдээлэл тархсан. Та бүхэнд энэ талын мэдээлэл ирсэн үү?

-Угаасаа хятад хүн болгон ярьж байна лээ. Манай Зам тээврийн сайдын нэр бий. Угаасаа хийж байгаа үйлдэл нь тийм байгаа юм чинь. Монгол Улс хохирох, ард иргэд нь үнийн өсөлтөд дарамтлуулах, эдийн засаг унах нь тэдэнд ямар ч хамаагүй мэтээр хандаж байна. Гол үнийн өсөлт ганцхан чингэлэг тээвэр дээр л явж байгаа байхгүй юу. Чингэлгээ Монгол Улс түрээсэлж байгаа нэрээр мөнгөө цаанаа авч үлддэг. Эргүүлээд тээвэрлэж байгаа нэрээр бас авч үлдэж байна. Тэдний санхүүгийн булхайг Монгол талд хайгаад олдохгүй. Бүгд Хятад талдаа байгаа. Хамгийн гол нь Эрээн талд хэзээ ч Монгол Улсын дугаартай машиныг хятад жолооч барьж болдоггүй. Гэтэл наадуул чинь хил хаахын урьд өдөр 20 машин оруулж орхиод мөнгө угаалтаа хийж эхэлсэн. Бидний тооцоогоор хил хааснаас хойш зөвхөн машинаараа 20 гаруй тэрбум төгрөг хийчихсэн. Чингэлэг түрээсээр наадуул чинь одоогийн байдлаар 80-аад сая доллар хийчихсэн байгаа. Яаж хийх вэ гэхээр чингэлгээ түрээсэлж байгаа маягаар. Дунд талд нь Херо таймс болон тэднийг дагалдаж байгаа хэдэн компани чингэлгээ түрээсэлж, тэрхүү түрээсийг монголчууд төлөөд чингэлгийн бүтэн өөрийнх нь үнийг барааны үнэд шингээгээд Монгол руу оруулдаг. Нэг ёсондоо би өөрийнхөө барааг худалдаж авахын тулд чингэлгийн үнийг давхар төлж байна. Би 100 сая төгрөгийн бараа авлаа гэхэд чингэлгийн 5000 долларыг дээрээс нь давхар төлнө. Дахиад нэмж түрээс төлнө. Тэгээд дахиад гаалийн татвар төлнө. Буцаагаад энэ олон зардлууд чинь нийлээд үнийн хөөрөгдлийг бий болгодог.

-Оруулж ирсэн чингэлгээ буцааж авахгүй байгаа юм уу?

-Яагаад Монголоос чингэлгээ буцааж авахгүй байна вэ. Хэзээ нэгэн цагт авах л байх л даа. Гэхдээ авахгүй байна гэдэг чинь дахиад цаана нь 20 мянган чингэлэг зарах дутуу байгаа. Тэднийгээ Хятад руу эргүүлж гаргахгүй байлгаж байгаад одоо татагдсан, ачих гэж байгаа болон ачигдсан 20 мянган чингэлгийг Монголд оруулсны дараа наад чингэлгүүдийг чинь татаж авна. Ингэхээр бидний тооцоогоор 20 мянган чингэлэг гэдэг чинь гуравдугаар сард 8000 байсан гэхээр намар гэхэд 20 мянган чингэлгийн ажил дуусахад эд нар 120 сая доллар олох боломжтой. Дээрээс нь түрээсийн мөнгө гэж төлдөг. Мөн зөөвөрлөж буй ачааны мөнгөө нийлүүлээд бодох юм бол маш их хэмжээний мөнгө угаалт явж байгаа. Хятадын тал үүний буруутанг олчихсон л байна лээ. Манайхан болохоор АТГ-т нотлох баримттай нь өгөөд хэрэгсэхгүй болгоод байна. Одоогийн байдлаар хилийн цэргийн дугаартай 30 шар машин ирчихсэн. Дахиад 30 машин Эрээн талд ирчихсэн бэлэн байгаа. Үүнийг улсын төсвөөр авсан уу, өнгөрсөн жилийн төсөвт суулгасан уу, тодотголоор мөнгө гаргаж авсан уу, хаанаас мөнгө гаргаж авав гэдгийг бид АТГ-т шалгуулахаар хөөцөлдөж байна.

-Монгол талд шалгуулахаар илрэхгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Мөнгөө Хятад талдаа хадгалсан бол Хятадын талд шалгуулах хүсэлт өгч болох уу?

-Мөнгөө Хятад талдаа хадгалчихсан. Хятад талдаа бараа эргэлтээр оруулаад байгаа шүү дээ. Жишээлбэл, тэр хооронд машин техник авах, вагон авах юм уу, контейнер худалдаж авдаг юм уу эргэлдүүлж байгаа. Нүүрсний маш олон шинэ контейнер орж ирэх болсон. Үүндээ ч эргэлдүүлээд оруулж ирж байж магадгүй. Бараа эргэлтээр ч юм уу, эсвэл олон улсын гуйвуулгаар ч юм уу, эсвэл Хятад талынх нь хүмүүс хадгалаад байж байдаг ч юм уу далдалсан байгаа. Түүнээс яг өөрсдийнхөө данс руу аваад Монголдоо оруулж ирээгүй. Тийм зүйл наадуул чинь хэзээ ч хийхгүй.

-Урагшаа гаргасан 20 машинаа жолоочгүй гаргаад тэндээ түрээсэлж байгаа гэсэн үг үү?

-Жолоочгүй гаргаад нэг контейнер татахад 4400 юань авч байгаа. 4400 юаниар Монголд 10 мянган чингэлэг оруулж ирсэн гэж бодоход, дээрээс нь Монголд орж ирсэн чингэлэг бүрийн тоог гаргахад, мөн чингэлгийн түрээс гээд нэмээд бодоод үзэхэд замбараагүй тоо гарч ирнэ. Жишээлбэл, тэрхүү 10 мянга гаруй чингэлэг Замын-Үүдэд овоорчихсон. Буцаагаад яагаад хятадууд авахгүй байгаа вэ гэвэл цаанаас нь илүү олон чингэлэг барааны үнийг нэмж зарсны дараа энэ чингэлгүүдээ авна. Ийм маягаар маш нарийн зохион байгуулалттай хийж буй ажил. 2020 оны арванхоёрдугаар сард ЗТХЯ-нд ажлын хэсэг байгуулагдаад, энэ талаар яригдаж эхэлсэн. 2020 онд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд Хуульзүйн сайд Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар удаа дараа Замын-Үүдэд ирсэн. Х.Нямбаатар энд ирээд олон хүнийг баривчлаад явсан шүү дээ. Ковидын үед Замын-Үүдийг ногоон бүс болгохын тулд хамгийн сайн ажиллаж байсан Засаг дарга, хилийн цэргийн дарга нарыг ямар ч шалтгаангүйгээр баривчлаад явсан. Одоо болтол ямар ч хэрэг үүсгээгүй. Түүгээрээ энд баримталж байсан хорио цээрийн дэглэмийг алдагдуулсан. Энд байх нүүрсний компаниуд Н.Пунцагийнх. Тэр компаниудаас нь корона илэрсэн гэх мэдээлэл тараах байдлаар аравдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн байдаг. Түүний маргааш нь хил хаасан шүү дээ. Энэ бол улстөрчдийн оролцсон улс орноо сүйтгэсэн хамгийн том авлигын хэрэг.

-Чингэлэг тээврийн үнэ нэмэгдэнэ гэдэг нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд нөлөөлж таарна. Задгай тээвэр явдаг байхад чингэлэг түрээсийн үнэ гэж байгаагүй. Гэтэл үнийг жолооч нар өсгөлөө гэдэг мэдээлэл тарааж байснаас эхлээд зохион байгуулалттай гэж үзэж болох нь ээ?

-Задгай тээвэр явж байх үеийг бодоод үз. Би бараа худалдаж авахдаа нэг машинтай тохироод л тухайн үедээ наадуулын чинь яриад байгаа 20 сая төгрөгөөр 80 тонн ачааг ачаад ирж байсан. Хоёр сард нэг л удаа явна шүү дээ. Тэрхүү өсөлт өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд одоогийнх шиг ингэж нөлөөлөөгүй. Нөлөөлөх ч үгүй. Одоогийн тээвэрт тэр машин явдгаараа явж байгаа. Дээр нь чингэлэг ачиж явдаг болсон. Тэр чингэлэг нь түрээстэй мөртлөө нэмээд зарагдаж байгаа байхгүй юу. Хуучин ганцхан машины үнэ төлдөг байсан бол одоо дээр нь чингэлгийн мөнгө, чингэлгийн түрээсийн мөнгө, өргөлт буулгалтын мөнгө, буцаах зардал гээд асар их хэмжээний мөнгө төлдөг болсон. Машины задгай тээврээр өргөж буулгах зардал гэж байгаагүй. Хуучин тээврээс дөрөв дахин илүү зардал хамгийн багадаа гарч байгаа. Тэгэхээр юмны үнэ дор хаяж 50-иас дээш хувь өсөх нь тодорхой шүү дээ.

-Л.Халтар сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Би шалгуулахад бэлэн. Миний мөр цагаан, гар цэвэр” гэсэн байна лээ. Замын-Үүдийн энэхүү нөхцөл байдал, үнийн өсөлттөй холбоотой гэх хардлагыг та бүхэн хэлж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Тэгж л байна лээ. Улстөрчдийн хэлдэг л үг. Нэгдүгээрт, Л.Халтарыг шалгахгүй. Яагаад гэвэл ар талд нь маш том хүн байгаа. Бид харин хэн бэ гэдгийг судлаад олдохгүй байсан. Хятадын мэдээллээр бол Л.Оюун-Эрдэнэ болж таарлаа. Л.Халтарыг Төмөр замын ачаа тээврийн албаны дарга байхаас эхлээд мэднэ. 2008 онд өөрийнх нь санаачилгаар вагоны ачаа тээврийн үнийг хоёр дахин нэмж байсан. Замын-Үүдийнхэн тэмцэж байж болиулсан. Тухайн үед Л.Халтар ганцаараа огцроогүй үлдсэн. Бусад нь бүгд огцорсон байхгүй юу. Л.Халтар дэд сайд байхад хэчнээн вагон унав. Хэдэн хүний амиар тоглож байна. Олон удаагийн тохиолдлоор вагон унагасан. Урьд нь бол ганц удаагийн тохиолдлоор сайд нь шууд огцордог байсан. Л.Халтарын үед 10-аад тохиолдол гараад байхад ерөөсөө огцордоггүй. Дээрээс нь Дарханы замыг хар. Ачаа тээврийн асуудлыг хар. Зам тээврийн асуудлыг хар. Ийм байхад огцрохгүй байлгаад байна гэдэг нь ар сайтай хүн байхгүй юу. Ар тал маш сайн хамгаалалттай болохоор өдийг хүртэл огцрохгүй байна. Нам нь ч энэ хүнийг хамгаалахгүй байхад Ерөнхий сайд л ард нь байгаа. Намынх нь нөхдүүд болох Ч.Хүрэлбаатар сайдын хэлж байгааг сонс. Үнэнийг л хэлж байна лээ. Дээрээс нь Н.Пунцаг гэх хүн зүгээр л тэр хүний чигчий хурууных нь үзүүрийн ажлыг хийдэг далдлалт байхгүй юу. Тэдний компани чингэлэг тээврийг Монгол талд зөөгөөд байгаа юм шиг мөртлөө тэр чингэлгүүд нь вагоноор буцаад гарч байгааг огт ярихгүй байгаа. Монголын эрчит чингэлэг тээвэр гэдэг компанийн өдөрт 2-3 цуваа нүүрс ачсан вагон урагшаа гардаг. Түүний тухай нэг ч сэтгүүлч, нэг ч хүн асуухгүй байна лээ. Мэдэхгүй болохоор асуухгүй байгаа байх л даа. Тэр нүүрс ачсан чингэлэг Эрээнд очингуутаа дотор нь бараа ачаад эргээд орж ирж байгаа. Ингээд чингэлэг тээврээрээ хоёр талдаа ашиг олдог. Эндээс нүүрсээ гаргачихаж байна. Эргээд ирэхдээ монголчуудын барааг ачаад ирж байна. Энэ компани 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан. Хил хаагдахаас 14 хоногийн өмнө гэсэн үг. Хил хаагдахаас 14 хоногийн өмнө компаниа байгуулаад, машинуудаа оруулаад ирсэн. Бүр хил хаагдахыг мэдээд чингэлэг тээвэр гэж нэр өгсөн байгаа биз. Компанидаа нэрээ өгөхдөө хүртэл урьдчилаад бүгдийг зохион байгуулсан. Монголын эрчит чингэлэг тээвэр гэж байгаа биз. Чингэлэг тээвэр явна гэдгийг тухайн үед хэн ч мэдээгүй. Яагаад чингэлэг тээвэр гэдэг нэр өгч байгаа юм. Гэтэл чингэлэг тээврийн тухай огт яригдаагүй үе байсан шүү дээ. Хэн ч ийм юм болно гэдгийг мэдээгүй. Гэтэл тэд компанидаа хүртэл чингэлэгтэй нэр өгөөд бэлдчихсэн байсан. Одоо хил хаагдана, чингэлэг тээвэр явна гэдгийг мэдээд бэлтгэлээ базаачихсан. Урдаа ч, Монгол талдаа ч базаасан. Хятад талдаа мөнгөө байлгаж байгаа болохоор хятадыг хятадууд л шалгана. Монголчууд шалгах боломжгүй.

-Та бүхэн Эрээний консулд шалгуулах хүсэлт өгсөн гэсэн. Хариу нь ирсэн үү?

-Яг энэ асуудлаар бүх бичиг баримтаа бүрдүүлээд хандсан. Хандсаны үндсэн дээрээс эхнээсээ мэдээлэл нь задарч байна шүү дээ. Одоогоор Эрээний консулын газраас хариу ирээгүй байна. Гэхдээ эхнээсээ урд талын авлигын хэрэг илчлэгдээд гар хөл нь тасраад эхлэнгүүт сандарсандаа байн байн телевиз, сонинд ярилцлага өгөөд, худлаа мэдээллээ яриад явна лээ. Одоо тэд сандралдаад эхэлсэн. Удахгүй тэдний үнэн төрх илчлэгдэнэ гэдэгт итгэж байна. Эрээний консулын газраас ирэх хариугаа хүлээж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хаах авто замууд DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнд: Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд буюу тодруулбал

  • Засгийн газрын ордны баруун, зүүн талын авто замын хөдөлгөөнийг
  • Туушингийн урд талын авто замын хөдөлгөөнийг
  • Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх авто замын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм. Харин нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй

Түүнчлэн хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараах ба төөрсөн хүүхдүүдэд явуулын үйлчилгээ үзүүлж туслах юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН зуун жил бүрхээр, тогоотой ноцолдлоо DNN.mn

Архи нэрэхийг хориглох юм гэнэ, эрх баригчид. Бүр тодруулж хэлбэл, УИХ-аар хэлэлцэгдэж буй Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд шимийн архийг их хэмжээгээр үйлдвэрлэх тохиолдолд аймаг орон нутгийнхаа удирдлагаас тусгай зөвшөөрөл авна гэсэн агуулгатай заалт туссан нь олны дургүйцлийг хүргээд байна. Хамгийн хөгийн нь аймгийн засаг ноён тусгай зөвшөөрөл олгохдоо жирийн иргэн Бат, Дулмаад өгөхгүй, компанитай хүнд л өгнө гэж байгаа. Ухаандаа Архангай аймгийн Тариат сумын малчин Дорж ахиухан шимийн архи нэрэхийн тулд компани байгуулж, байгуулсан компанийнхаа нэр дээр сум, аймгийнхаа Засаг даргаас тусгай зөвшөөрөл хүсэх бололтой юм. Засаг ноён зөвшөөрөл өгвөл архиа нэрнэ, үгүй бол архиа ч нэрэх эрхгүй аж төрөх юмдаг уу даа, нийт олноороо.

Шимийн архиа нэрэхдээ хүртэл төрөөс зөвшөөрөл хүсэхдээ тулна гэдэг шуудхан хэлэхэд дарангуйллын тод хэлбэр. Эрх баригчдын дарангуйлал ханхалсан энэ үйлдэл халуун сэдэв болж буй өнөө үед эргэж сөхмөөр нэгэн явдал наяад оны сүүлээр болж байв. Архангай аймгийн намын хорооны хоёрдугаар дарга комисс гаргаж, өнөө комиссоо өөрөө ахлаад архи нэрж байгаа айлуудын бүрхээр тогоог хураан авч шатааж, сүржигнэж явсан тухай өнөө ч ам дамжин ярьцгаадаг. Тухайн үед мань эрийн сүржигнэл маш олон хүний дургүйцлийг хүргэсэн нь ойлгомжтой. Архиа нэрэхээ хүртэл ардын намын даргаар заалгана гэдэг яаж ч бодсон эгдүүцмээр дарангуйлал л даа. МАН-ын дарга нарын энэ мэт сүржигнэл хэрээс хэтэрсэн нь 1989 оны төрийн эргэлтийн суурь шалтгаан болсон гэхэд үнэнээс зөрөхгүй.

Яг тэр үеийнх шиг эгдүүцэл иргэдэд төрөөд олон жил болж байна. Сүүлдээ бүр цагаан идээгээ боловсруулж архиа нэрэхийг нь хүртэл заагаад эхэллээ, МАН-ын дарга нар. Яг тээр жилийнх шиг сүрхий ширүүн эсэргүүцэл, эгдүүцэл олны дунд түймэр мэт дэгдэж мэдэхээр болчихсоныг манай дарга нараас мэдэрч суугаа нь харин хэд бол. Дарангуйлах гэсэн биш улс төрийн тавцнаас арчигдах дээрээ тулах вий дээ гэсэн бодол төрөөд байх юм. Өнөөдөр хэн архи нэрж байна вэ гээд харахаар жирийн малчид, хоршоолол болж нэгдсэн малчин айлууд л амьжиргаагаа залгах маягаар шимийн архи хийж бага сага мөнгө олдог. Товчхондоо хувь иргэнийхээ орлого олох жаахан боломж руу төр нь ханцуй шамлаад дайрч байна л даа, тусгай зөвшөөрөл гэсэн нэр доор. Нүүдэлчин соёлоос улбаатай нэг айхавтар чанар монголчуудад бий. Эрх чөлөө рүү нь илэрхий халдсан, амьжиргаагаа залгуулах боломж бололцоог нь хумихаар завдсан хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, тийм санаатай хэнд ч эрх мэдэл өгдөггүй, эрх мэдэл өглөө ч буцаагаад авчихдгийг түүхийн шарласан хуудаснаас харчихаж болно.

МАН төрийн эрх барьснаасаа хойш иргэдийнхээ орлого олох, дажгүй амьдрах боломжийг хулгайлсан өчнөөн шийдэл шийдвэр гаргасаар ирсэн, өнөө ч гаргасаар яваа. Анх татвар нэмэхгүй гэж лоозогнож төрийн эрхийг авсан ч засагласнаас нь хойш татварын хэмжээ лав дөч гаруй хувиар нэмэгдчихлээ. Татвар бол иргэдийнхээ орлогоос ил цагаан дээрэмдэж буй хэлбэр. Хамгийн хорлонтой нь эрх баригчдын далд дээрэм дийлдэхээ болилоо. Далд дээрэм гэдэг нь инфляц, төгрөгийн ханшийн сулрал, долларын галзуурал. МАН-ын дарга нарын буруу бодлогоос болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихсан. Олонхын хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийн өсөлт гэхэд л дор хаяж 10-40 хувиар цойлсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Өргөн хэрэглээний биш ч гэлээ зайлшгүй хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтүүдээс ч том тоогоор яригдана гээд төсөөл дөө. Төгрөгийн ханш суларч, доллар чангарсаар байгаа. Цаашид инфляц хэчнээн хувиар цойлж, төгрөгийн ханш яаж уруудахыг таамаглах арга алга. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, долларын ханшийн цойлолт иргэдийн сард авдаг цалингийн үнэ цэнийг өдөр ирэх бүр сулруулсаар байна. Хар үгээр хэлбэл, эрх баригчид хэрэгжүүлж байгаа буруу бодлогоороо иргэдээ ил цагаан дээрэмдсээр лав гурван жил болчихлоо. Цар тахлаас үүдэлтэй ачаа тээврийн гацаанаас гэхэд л төрийн том дарга нар өчнөөн тэрбумыг авлига, хахуулийн хэлбэрээр халаасалсныг сүүлийн үед өрнөж байгаа дуулианаас харчихаж болно. МАН-ын дарга нар цар тахлаар далимдуулж иргэдийнхээ халаасыг нимгэлж, өөрсдийнхөө түрийвчийг түнтийлгэсэн иймэрхүү жишээ салбар бүрт бий.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, том төслүүдээ хэрэгжүүлбэл долларын ханшийг барьж, инфляцийг хазаарлах боломжтой ч эрх баригчдад тийм чин хүсэл бас л алга. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн орчноо засч сайжруулах нь битгий хэл, улам муутгах элий шийдвэрүүд гаргасаар яваа. Том төслүүд хэрэгжүүлж ажилгүй залуусаа ажил орлоготой болгох хүсэл ч манай дарга нарт байхгүйг сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд тод харуулж байна. Уг нь хувийн хэвшилдээ том төслүүдээ даатгачихвал эдийн засаг тэлнэ, ажлын байр нэмэгдэнэ, эдийн засаг тэлэх хэрээр иргэдийн ашиг орлого олох боломж нэмэгдэнэ. Харамсалтай нь эрх баригчид төрийн компаниуд бүхнийг хийх ёстой гэсэн зарчмаасаа ухрах шинжгүй гүлдийцгээж байна. Төрийн компанийн нөлөө хүч ихсэх тусам төрийн дарга нарын халаас түнтийдэг учраас ингэж гүлдийцгээгээд байгаа хэрэг л дээ. За тэгээд цаашлуулаад яривал хувийн компаниудаасаа бизнесийг нь булаасан жишээ ганц хоёроор тогтохоо больсон. Сүүлд гэхэд л Хөтөлийн цементийн үйлдвэр төрд данслагдаад буй. Ингээд ч зогсохгүй үндэснийхээ цементийн үйлдвэрүүд рүү дайрсан хандлага эрх баригчдаас цухалзаад авсан. Төрд бүхнийг байлгах сонирхол үнэртсэн иймэрхүү жишээ болгоны цаана иргэдийнхээ сайхан амьдрах боломж бололцоог тонон дээрэмдэх сонирхол, хүсэл нуугдаж байгаа нь мөн л булзах аргагүй үнэн.

Шуудхан хэлэхэд, эрх баригч намын дарга нарын гаргаж буй хандлага ерөөсөө л иргэдийнхээ боломжийг яаж булааж өөрсдийнхөө халаасыг түнтийлгэх вэ гэдэгт л чиглэж байна. Зөрчлийн хууль гэхэд л иргэдийн халаасыг сэгсрэх маш том хэрэгсэл болчихсон. Ер нь байж болох бүх л хэлбэрээр иргэдийн халаас руу өнгийж, элдэв татвар хураамж зохиосон шигээ суугаа нь эрх баригчдын чаддаг ганц ажил нь болоод байгаа. Уг нь төрийн үүрэг үүнээс тэс ондоо. Төрийн эрх барьж яваа намын гол үүрэг бол “Ард иргэдээ яаж сайхан амьдруулах вэ” гэсэн асуултад хариу хайх. Харамсалтай нь төрийн энэ үүрэг манайд эсрэгээрээ. “Хэрхэн энгийн иргэдээ илүү ихээр тонон дээрэмдэж, захиргаадан дарамтлах вэ” гэдэгт л чиглэж яваа.

МАН-ынхан дээр үед “Хар, шар феодалаас энгийн иргэдээ чөлөөлж, эрх чөлөөтэй, амар жаргалтай амьдруулж байна” гэсэн пропоганда хийдэг байв. Одоо цагийн МАН-ын дарга нарыг харахаар өнөө харааж, муушаагаад байсан хар, шар феодалынхаа дүрд жинхэнэ утгаараа орчихсон даналзаж сууна. Тэд нэгэн цагт тарни мэт давтаж адладаг байсан “Хар шар феодал”-ууд шигээ ард түмнээ тонон дээрэмдэж, шулж мөлжиж, хаанчилж дарангуйлж явна. Улс төрийн тавцанд амьд мэнд аж төрье гэвэл одоо энэ муйхарлалаа зогсоомоор байна, эрх баригчид аа. Хэрвээ энэ тэнэглэлээ зогсоохгүй бол зогсоох хүч нь ард түмэнд бий гэдгийг дурдах нь илүүц биз ээ.

Ц.Билиг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Таны хувьд Дэлхийн эдийн засгийн чуулганы ардчиллын салбар хуралдаанд оролцсон. Нээлттэй болон хаалттай нийгмийн ялгаа, зөрчлийн талаар алдарт хөрөнгө оруулагч Жорж Сорос ярьсан. Украин дахь дайнаас болж цар тахал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажилд саад учирч байгааг хэлсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Украины дайн ирээдүйд түүхийн сурах бичгүүдэд Дэлхийн хоёрдугаар дайн, Хүйтэн дайны дараа тогтсон дэлхийн дэг журмыг эвдсэн үйл явдал гэж тэмдэглэгдэх учраас энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг “Түүхэн эргэлтийн цэг” гэж нэрлэхээр тогтсон тухай энэ чуулга уулзалтыг үндэслэн байгуулагч Клаус Шваб гуай тайлбарлаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үргэлж онцгой анхаарал хандуулдаг, энэ удаа ч гэсэн 300 орчим салбар хуралдааны 100 нь энэ асуудлыг тойрсон хэлэлцүүлэг байлаа. Украины дайнаас болж ОХУ-ын шатах түлшний нийлүүлэлтийг зогсоосон тул улс орнууд цаашид эрчим хүчний хангалтаа хэрхэн шийдэх, энэ үйл явц сэргээгдэх эрчим хүч рүү богино хугацаанд шилжих боломжийг нэмэгдүүлж чадах эсэх нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Түүнчлэн дайны улмаас хүнс, түлшний үнэ өсч, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удааширч, сүүлийн хоёр жил доголдсон нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл үүсээд байгаа аж. Харин “Эрчим хүчний хэтийн төлөв, хямралыг даван туулах боломж” сэдэвт хуралдаанд оролцсон улс орнууд төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж чадвал одоогийн нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй, ямар ч эрсдэлийг богино хугацаанд даван туулах боломж байна гэсэн ихээхэн өөдрөг байр суурь илэрхийлсэн нь сонирхолтой байлаа. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо ихтэй учраас шатмал түлш, түүнээс гаралтай бүтээгдэхүүний хамаарлаас богино хугацаанд гарах өргөн боломжтой улс орнуудын тоонд орж байна.

-Чуулганаар даяарчлалын ирээдүйг хөндөн хэлэлцсэн, эдийн засгууд нэг нэгнээсээ ямар их харилцан хамааралтай болсныг тээвэр логистик, худалдаанд учирч буй хүндрэл тод харуулж байна. Яг энэ үед Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд гарч байгаа ахиц, бэрхшээл юу байна вэ?

-Чуулганы үеэр “Евразийн стратегийн хэтийн төлөв” сэдэв маш сонирхолтой хуралдаан боллоо. Хуралдаанд оролцсон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч цар тахал, дайн зэрэг дэлхий нийтийг хамарсан хямралаас үүдэн Евразийн бүс нутагт хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдэж инфляцийн өсөлт 12 хувь болсныг тэмдэглэсэн.

Энэ нь 2011 оноос хойш гараагүй өндөр үзүүлэлт юм байна. Мөн геополитикийн тодорхой бус байдлын улмаас санхүүжилтийн өртөг нэмэгдэж, үүнийг дагаад ирэх онд бодлогын хүү 3.3 хувиар өсөхөөр тооцоо гарчээ. Энэ бүхэн Монгол зэрэг эмзэг эдийн засагтай орнуудад ихээхэн сөрөг үр дагавар авчрах нь тодорхой.Үүссэн нөхцөл байдал бидэнд эдийн засгийн хувьд дан ганц улс, ганц салбар, ганц эх үүсвэрээс хамааралтай байж болохгүй гэдгийг дахин сануулж, эдийн засгийг төрөлжүүлэх нь улс орны цаашдын хөгжилд амин чухал ач холбогдолтой болохыг нотлон харууллаа гэдгийг оролцогчид санал нэгтэй тэмдэглэж байна.Манай улсын хувьд энэ бүхэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой байдал, урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг чухалчилдаг тул Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.

Цар тахал, дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдож хүнсний хангамж тасалдах эрсдэл тулгарч байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлаад байгаа билээ.

-Монгол Улс, БНХАУ хооронд нислэг 26 сарын дараа эргэн сэргэх гэж байна. Зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар Гуанжоу, Хөх Хотын нислэг эхэлнэ. Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд Аялал жуулчлалын салбар хуралдаанаас харахад бид бүс нутгаас бусад бүсээс жуулчин татах ямар боломжууд харагдаж байна вэ?

-Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар. 2020 онд л гэхэд энэ салбарт ажиллаж байсан 63 сая хүн ажилгүй болж, улс орнууд олон их наяд ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Би хувьдаа жуулчид татахын тулд хийх нэн тэргүүний ажил бол энэ салбарт ажиллах хүчийг бэлтгэх явдал гэж боддог. Саудын Арабын Аялал жуулчлалын дэд сайдтай энэ үеэр уулзсан.Цар тахлын улмаас аялал жуулчлал хаагдсан үед тус улс энэ салбарт ажиллах хүмүүсийг бэлтгэхэд анхаарч 2021 онд 100 мянган хүнийг сургалтад хамруулсан гэж ярьсан.Үүний зэрэгцээ аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлэх нь хэрэглээний даацыг хэтрүүлэхгүй байх, ялангуяа байгалийн үзэсгэлэнт, соёлын дурсгалт газруудыг одоо байгаа хэвээр нь хадгалж үлдэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Та олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзаж, 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон. Уг форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумд гадаад, дотоодын бизнесийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно. Энэ үеэр сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоох боломж олгож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөлөлд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ форум Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050” баримт бичигт тусгагдсан эдийн засгийг төрөлжүүлэх, жендерийн тэгш эрхийг хангах, чанартай боловсрол олгох, ногоон эдийн засагт шилжих явцдаа хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлж байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон алхам болно гэж тооцоолж байна. Уг форумыг зохион байгуулсны үр дүнд манай органик хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, аялал жуулчлалын төрөл олширч, ногоон эдийн засаг, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, залууст бизнесийн өргөн боломж нээгдэж, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжинэ гэсэн маш өөдрөг хүлээлт байгаа.

-Тэгвэл уул уурхайн бус экспортыг бодитой нэмэгдүүлэх чиглэлд ямар гол ажлууд хийгдэж байна вэ. Ялангуяа гуравдагч хөршүүд рүү хийх экспортын тухайд дипломат яриа хэлэлцээ хийгдэж байгаа юу?

-Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бид гуравдагч хөршүүд болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Бүс нутгийн интеграцид нэгдэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг татах, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдхүүн гаргах зорилготой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Японтой 2016 онд байгуулсан. Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс 2005 оноос эхлэн хамрагдаж, манай улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос ноолуур зэрэг бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нийлүүлж байна. Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын худалдааг дэмжих” төсөл хэрэгжүүлсний үр дүнд одоо манай 20 гаруй аж ахуйн нэгж гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос, сарлагийн хөөвөр, арьс ширэн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд борлуулж байна. ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2017 онд нэгдсэний үр дүнд далайд гарцгүй, алслагдмал байршилтай манай улс гадаад худалдаагаа дэмжих томоохон боломжийг бүрдүүлсэн. Женевт төвтэй Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр 2019 онд “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” баримт бичгийг боловсруулсан нь цаашдаа малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үйлчилгээ худалдааны салбар болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх, худалдааг хөнгөвчлөх замаар урт хугацаанд өрсөлдөх чадвар бүхий цөөхөн салбарт эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, экспортын боломж, зах зээлээ тэлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар худалдааг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Гадаад харилцааны яам олон ажлыг төлөвлөж дипломат шугамаар яриа хэлэлцээ идэвхтэй өрнүүлж байна.

-Дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд нэлээд анхаарал хандуулж байна. Тухайлбал, манай улс энэ чиглэлээр ямар ямар үүрэг, амлалт авсан бол?

-Нийгэм, эдийн засгийн бүх салбарт сөрөг үр дагавар үзүүлж буй цаг уурын өөрчлөлтийг бид хамтын хүчин чармайлтаар даван туулахаас өөр аргагүй гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын хувьд энэ хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ ахиулан тодорхойлох замаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа бататгасан.Хамтын хүчин чармайлтад оруулах хувь нэмрээ ахиулан тодорхойлохдоо уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болдог хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн. Бид технологи, инновацийн дэвшлийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг босгож чадвал цаашид энэ зорилтыг 27.2 хувь хүргэж ахиулах боломжтой гэж үзэж байна. Манай Засгийн газар ногоон хөрөнгийн зах зээл, тогтвортой хөгжлийн бонд, ногоон хөрөнгө оруулалт, ногоон таксаноми зэрэг санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих санаачилга дэвшүүлж, энэ санаачилгыг дэмжсэн үндэсний хөдөлгөөн орон даяар амжилттай өрнөж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга болох мод тарих зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийн хэмжээ дорж хаяж 33 хувиар буурна гэж тооцоолсон. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад зориулж ДНБ-ий нэгээс доошгүй хувийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Олон улсын тавцан дээр манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүч чармайлтаа нэгтгэн ажиллахыг бусад улсад уриалж, тодорхой санаачилга дэвшүүлдэг. Зааны ясан эрэг Улсын Абижан хотноо энэ тавдугаар сард болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 15 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид тодорхой саналтай оролцож 2026 онд энэхүү конвенцийн 17 дугаар бага хурлыг өөрийн оронд зохион байгуулахаар болж холбогдох шийдвэрийг гаргууллаа. Түүнчлэн Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” НҮБ-ын тогтоолыг санаачилж Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар батлуулсан.

Эцэст тэмдэглэхэд, энэ чуулга уулзалтад оролцож хүн төрөлхтний нийтлэг хувь заяатай холбоотой дэлхий дахины асуудлуудыг шийдвэрлэх оролдлогууд, түүний дотор цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтад Монгол Улс идэвхтэй байр суурь баримталж, бүс нутагтаа болон дэлхий нийтэд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон талт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах сонирхолтой хэвээр гэдгээ Давосын энэ индрээс дахин нотолсон явдал нь манай гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөрс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.