Categories
мэдээ нийгэм

Иргэдэд 340 сая төгрөгийн хохирол учруулсан хулгайчдыг баривчилжээ DNN.mn

Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл бусдын орон байранд нэвтрэн /хаалга, цоожыг эвдэж/ бусдад их хэмжээний хохирол /340 гаруй сая төгрөгийн/ учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх этгээдүүд нь Говь-Алтай аймгийн харьяат 50 настай, эрэгтэй Б, Хэнтий аймгийн харьяат 59 настай, эрэгтэй Э нар бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан урьдчилсан байдлаар 9 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйд хулгайлах болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож, гэмт хэргийн замаар олж авсан 114 нэр төрлийн эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ундрам: Далд эдийн засагтай болчих вий гэж айсандаа хүүхдэд тогтоох тэтгэмжийг бууруулна гэдэг нь буруу DNN.mn

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


– Нэр бүхий гишүүдийн хамт таны өргөн барьсан Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар гэрлэлт хэр хариуцлагажна гэж харж байна вэ?

Жилд ойролцоогоор 16 мянган гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байгаагаас 3,300 гаруй гэр бүл салж байна гэсэн статистик байна.

2020 оны статистик мэдээллээр 86,500 өрх толгойлсон эцэг, эх байна. Үүний 81 хувийг өрх толгойлсон эхчүүд эзэлж байна. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Салалтаас болж хүүхдүүд хайр халамжаар маш их дутаж байна. Мөн мөнгө санхүүгийн хувьд ч их дутаж байна.

Монгол Улсад өнөөдөр гэр бүл салалтаас болж эмэгтэйчүүд бүх ачааг нуруун дээрээ үүрч байна. Салалтаас хамгийн их хохирч байгаа нь хүүхэд учраас бидний өргөн барьсан хуулийн өөрчлөлт бол хүүхэд рүү чиглэсэн, хүүхдийн эрхийг хамгаалсан хууль.

Бидний өргөн барьсан хуулиар нэгдүгээрт, тэтгэмжийн хэмжээг хөндөж байгаа юм. Өнөөгийн хуулиар тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо 0-11 насны хүүхдэд амьдралын баталгаажих доод түвшний 50 хувь буюу ойролцоогоор 120 мянган төгрөг олгодог. Харин 11-16 насны хүүхдэд хэрвээ хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьдралын баталгаажих түвшин буюу ойролцоогоор 240 мянган төгрөг байдаг.

Амьдралын баталгаажих доод түвшинг Үндэсний статистикийн хорооны дарга баталдаг, бүс бүсээрээ өөр байдаг. Бүсчилсэн байдлаас харвал ойролцоогоор 240 мянган төгрөг байна. 11 орчим насны хоёр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрд 120 мянган төгрөг буюу сард 240 мянган төгрөгийн тэтгэмж тогтоолгодог гэсэн үг. Нэг хүүхдийн 120 мянган төгрөгөөр нэг сарын хүнс тэжээл, боловсролтой холбоотой хэрэглэгдэхүүн, орох орон байр, эм эмнэлгийн зардал зэрэгт энэ мөнгө cap байтугай долоо хоногт ч хүрэхгүй.

Тийм учраас тэтгэмжийн мөнгөний түвшинг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Иймд хувь хүний орлогын албан татварт заасан орлогын хэмжээний 50 хувиас доошгүй байхаар хуулийн өөрчлөлтийн төсөлдөө тусгасан. Өөрөөр хэлбэл, хүүхдэд зарцуулагдах мөнгөний хэмжээг тухайн тэтгэлэг төлөгчийн орлоготой уялдуулахаар заасан. Таван сая төгрөгийн цалин хэрнээ 120 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тогтоолгосонд гомдолтой байна гэсэн гомдол байгаа юм. Хуульд 120 мянган төгрөг гээд заачихсан юм чинь ямар ч арга байхгүй. Тиймээс тухайн хүний орлоготой нь уях хэрэгтэй. Гадаадад нэг бол зардалтай нь, үгүй бол орлоготой нь уядаг юм билээ.

2021 оны байдлаар 34 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдсан байгаа

Зардалтай уяхаар маш их маргаан гардаг юм байна. Тухайлбал, салсны дараа хүүхдээ хувийн сургуульд сургах боллоо гэхэд маргаан дагуулдаг. Тиймээс тухайн хүүхдэд 18 нас хүртэл нь орлогынхоо тодорхой хувийг өгөх нь зөв гэж үзсэн.

Хуульд орсон хоёрдугаарх том өөрчлөлтийн тухайд, тэтгэлэг тогтоолгосон хүмүүсээс тэтгэлгээ төлж байгаа нь 20-хон хувьтай байна. 80 хувь нь төлөхгүй байна гэсэн үг. 2021 оны байдлаар 34 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдсан байгаа юм. Тиймээс тэтгэлгийг үл маргах журмаар буюу данснаас нь шууд татаж авдаг байхаар зохицуулсан.

Одоо бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож, хилийн хориг тавих зэрэг бөөн гомдол болж байж 120 мянган төгрөгийн тэтгэмжээ төлж байгаа юм. Энэ байдлаас болж cap бүр маш олон хүмүүс хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй байна. Тиймээс үл маргах журмаар шууд данснаас нь татна гэдэг нь ШШГЕГ-ын ачааллыг ч багасгана. Хүүхдээ өөр дээрээ авч харгалзаж байгаа хүний хувьд ч илүү амар. Авах ёстой юмаа л авч байна шүү дээ. Түүнээс хэн нэгнээс мөнгө авах гээд байгаа юм биш.

– Олон хүүхэдтэй бол яаж тэтгэлэг өгнө гэсэн үг вэ. Хэрвээ хоёр хүүхэдтэй бол орлогынхоо 50 хувийг хуваах юм уу, эсвэл цалингаа тэр чигт нь тэтгэлэгт өгнө гэсэн үг үү?

– Хуулиар 50-иас доошгүй хувь гээд зааж байгаа учраас шүүгч тэтгэлэг тогтоохдоо харгалзана. Тэтгэлэг төлөгч нь хэдэн хүүхдэд тэтгэлэг төлж тодорхой хэмжээнд амьдралд нь хувь нэмэр оруулах вэ гэдгийг харж байгаад ямартаа ч нэг хүүхдэдээ хамгийн доод тал нь 50 хувь гэж байгаа юм. Хүүхдийн тоо, орлого зэргийг харгалзаж үүнээс дээшээ тавьж өгнө гэсэн үг.

– Жишээ нь, өмнө хоёр амьдрал зохиож байсан ч гэдэг юм уу нэг гэр бүлийн бус өөр хоёр хүүхэдтэй бол яаж зохицуулна гэсэн үг вэ?

Эхний гэр бүл салалт боллоо гэхэд орлогын 50 хувийг хүүхдэдээ өгнө. Шүүгч тэрийг нь харгалзаж байгаад нийт төлж байгаа тэтгэлэг нь орлогын 50 хувиас доошгүй байлгана гэсэн үг. Энэ асуудал хөндөгдөж нийгмийн сүлжээгээр нэлээн явлаа. Зарим хүмүүс дэмжиж байна, зарим эсэргүүцэж байна. Миний бодлоор нийгэмд дохио өглөө гэж бодож байна. Гэр бүл зохиогоогүй хүмүүс нь гэр бүл зохиохдоо бодолтой хандах ёстой юм байна, гэр бүл зохиосон хүмүүст ч гэсэн олон зүйл бодогдуулах шиг боллоо.

– Энэ хуулиас үүдэж гэр бүл зохиохоос айдастай болчих юм биш үү?

– Гэр бүлийг маш сайн төлөвлөж бодож байж бий болгох нь зөв шүү дээ. Одоо бол ерөөсөө бодохгүй хөнгөн хуумгай хандаж байна. Гэр бүл болохгүйгээр хүүхэдтэй болж байна. Гэр бүл болчхоод хэд хэд салаад хаяад явж байна. Энэ асуудал манай улсын хувьд арай л дэндүү түвшинд хүрчхээд байгаа юм.

Гадаад хүмүүс их сайн бодож, төлөвлөж байж гэр бүл болдог. Эр, эм байтугай эрүү толгой салдаг хорвоо гээд хандаад байхаар цаана нь хүүхэд хохирч үлдээд байгаа юм. Тиймээс орлогынхоо тодорхой хэсгийг хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хүнс тэжээл зэрэг зүйлд зарцуулах хариуцлагаа хүлээдэг л байх учиртай.

Эр, эм байтугай эрүү толгой салдаг хорвоо гээд хандаад байхаар цаана нь хүүхэд хохирч үлдээд байгаа

Монголын хүн ам өсөхөд хувь нэмрээ оруулж байна гэж болохгүй шүү дээ. Та хүүхэдтэй болсон л бол хариуцлага хүлээх ёстой. Таарч нийлэхээргүй салж байгаа бол хүүхдээ өсөж том болтол нь та санхүүгийн хариуцлага хүлээх ёстой.

– Ингэхээр хүмүүс орлогоо нууж эхлээд өнөөх далд эдийн засаг гаарах юм биш үү. Та эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна?

– Далд эдийн засгийг байхгүй болгох нь Гэр бүлийн тухай хуулийн үүрэг биш. Үүнийг татвартай холбоотой өөр хуулиудаар зохицуулах ёстой. Яваандаа манай улс татвар, бүртгэл, НӨАТ зэрэг хуулиудаар аль болох далд эдийн засгийг байхгүй болгохыг зорих ёстой. Түүнээс далд эдийн засагтай болчих вий гэж айсандаа хүүхдэд тогтоох тэтгэмжийг бууруулна гэдэг нь буруу.

– Хүүхдийн наснаас хамаарч тэтгэмжийг өөрөөр тогтоож байгаа шүү дээ. Энэ хуулиар хэдэн настай хүүхдэд орлогын 50 хувийг олгохоор зохицуулж байгаа вэ?

– Одоогийн хуулиар 0-11 нас хүртэл ойролцоогоор 120 мянган төгрөг гэж байгаа юм. 12 наснаас дээш тэтгэмжийн хэмжээ жаахан өсдөг. Ер нь хүүхэд 11 нас хүртлээ зардал нь “хямдхан” гэсэн үг биш. Тиймээс бид 0-18 гэж тогтоож байгаа.

– Энэ хуулиар төрөлт хойшлох вий гэсэн болгоомжлол байна. Энэхүү хуулийг боловсруулахдаа энэ чиглэлээрх судалгаа хийсэн болов уу?

– Бидний нэг номерын зорилт бол гэр бүл салалтаас үлдэж хоцорсон хүүхдийг аль болох бага хохиролтой байлгах зорилготой. Төрөлт рүү чиглээгүй. Төрөөд эцэг эхийн салалтаас үлдэж хохирсон хүүхдийг аль болох бага хохиролтой байлгахад чиглэж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн “Унадаг дугуйн өдөр” DNN.mn

Өнөөдөр дэлхийн “Унадаг дугуйн өдөр” тохиож байна. НҮБ-аас энэ өдрийгДэлхийн “Унадаг дугуйн өдөр” хэмээн 2018 онд зарлажээ.

Дэлхийн унадаг дугуйн өдрийг тодорхойлсон уг тогтоолд “Хүн төрөлхтөн хоёр зуун жилийн турш хэрэглэж ирсэн унадаг дугуй нь өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй, урт удаан ашиглахуйц, олон талыг дэмжсэн, энгийн, хямд, найдвартай, эко, байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн хэрэгсэл юм” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Анх АНУ-ын профессор Лесцек Сибилски социологийн ангийнхаа оюутнуудын хамт НҮБ-ын Дэлхийн унадаг дугуйн өдрийг тэмдэглэх тогтоолыг сурталчлах зорилгоор кампанит ажил зохион байгуулж, эцэст нь Туркменистан тэргүүтэй бусад 56 орныг хамарсан томоохон үйл явдал болж байв.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас Өлзий төв хүртэлх замыг хаалаа DNN.mn

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаажээ.

Уг замын хөдөлгөөнийг 2022 оны зургаадугаар сарын 5-ны 07:00 цаг хүртэл хааж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшнийг тааруулах, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэх юм байна. Зам засварын ажлыг “Заабар” компани гүйцэтгэнэ.

Иймд иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Categories
гадаад мэдээ

Турк улс нэрээ өөрчиллөө DNN.mn


Турк улс нэрээ галигласан бичлэгийг “Türkiye” болгон өөрчлөх хүсэлтийг НҮБ-д тавилаа. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсынхаа брэндийг өөрчлөх кампанит ажил эхлүүлж буйг зарлаад ” Тürkiye бол Туркийн ард түмний өв соёл, иргэншил, үнэт зүйлсийн хамгийн сайн төлөөлөл, илэрхийлэл юм” хэмээн мэдэгдэж байв.

НҮБ энэ долоо хоногт Туркийн талын хүсэлтийг хүлээн авсан даруйдаа өөрчлөлт оруулсан тухай зарлажээ.

Улсынхаа дотоодод Türkiye нэршлийг өргөнөөр ашигладаг ч олон улсад Turkey гэж нэрлэж заншсан “цацагт хяруул” гэсэн англи үгтэй андуурдагдах тохиолдол бий.

Мөн Кембрижийн англи хэлний толь бичигт энэ үгийн нэг утгыг “муу бүтэлгүйтсэн зүйл” эсвэл “тэнэг хүн” гэсэн утгаар хэрэглэж болохыг тэмдэглэжээ.

Брендингийн нэг хэсэг болох “Made in Türkiye” нь шошгыг нэн тэргүүнд экспортын бүх бүтээгдэхүүнд тавих бол 2022 оны нэгдүгээр сараас “Hello Türkiye” уриатай аялал жуулчлалын кампанит ажил амжилттай хэрэгжиж байна.

Турк улсын нэрээ өөрчлөх шийдвэрийг цахим ертөнцөөр янз бүрээр хүлээж авлаа. Төрийн албан хаагчид үүнийг дэмжиж байгаа бол зарим нь эдийн засгийн хямралтай нөхцөлд Ерөнхийлөгч Эрдоган ирэх оны сонгуульд бэлтгэж буй алхам гэж шүүмжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

Эрээний хилийг маргааш нээнэ DNN.mn

МӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тул хязгаарлалт тогтоосон талаар ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн. Гэхдээ одоогоор Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар мөн онцолсон юм.

Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны үдээс өмнө Замын-Үүд боомт болон авто замаар ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байна. Харин үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй аж.

Эрээн хотын Худалдааны товчооноос зургаадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургаадугаарсарын 4-нд хил нээх талаар мэдэгдэл ирүүлсэн талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​ЧУУЛГАН: Ерөнхий сайдын мэдээлэлтэй DNN.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

БААСАН ГАРАГ /2022 06.03/

· Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудал

· Ерөнхий сайдын мэдээлэл: Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна DNN.mn

ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “Ковид-19”-ийн нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тавдугаар сард 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр танилцуулав.

Тэрбээр, “Шуурхай дуудлагын 11-11 дугаарт хандсан 354 иргэний 60 хувь нь гомдол ирүүлсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад өсөлттэй байна. Ирсэн гомдлын хувилбал 55.9 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, 14.7 хувь нь цав авах, 8.8 хувь нь эмнэлгийн ажилтны харилцаа хандлага, 20.6 хувь нь шинжилгээ вакцинтай холбоотой байна” гэв.

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хүүхдийн өвчлөлийн талаар мэдээллээ. Тэрээр “Сүүлийн гурван сар ачаалал их байгаа. Гэхдээ 1-3 дугаар сартай харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна. Сүүлийн долоо хоногт томуу, томуу төст ханиад хүүхдүүдийн дунд дэгдэлт өндөр байна. Өмнөх хоёр жилийн ковидын үетэй харьцуулахад буурахгүй, ижил түвшинд байна. Эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж томуу, томуу төст өвчин дэгдэж байна.

Төрсөн нярайд өвөрмөц, вирусийн эрсэг эмчилгээ шаардлагагүй. Хүүхдүүд шинж тэмдгийн эмчилгээгээр эмчлэгдэж байгаа. Гэхдээ шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийнэ” гэв.

Мөн тэрбээр өндөр настай иргэдийг эмнэлэгт дараалалгүй үйлчлүүлэх, хавдартай иргэдийг орон нутагт нь химийн эмчилгээг хийж болох, хүүхдийн эрт илрүүлэг, цаг авах үйлчилгээг хялбар чирэгдэлгүй болгох зэрэг санал ирснийг танилцуулав.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Ойрын хоёр хоногтоо нутгийн өмнөд хэсгээр халж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Зургаадугаар сарын 3-ны 20:00 цаг хүртэл цаг агаар ямар байх вэ?

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус дулаан.

Говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага эхэллээ DNN.mn

Монгол Улсын Шадар сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр бүх шатны Засаг даргын гамшгийн үеийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх штабын дадлагаар эхэлж байна.

“Танхимын сургалт”, “бэлэн байдлын үзлэг”, “штабын дадлага”, “дадлага, сургууль” гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр, астрономийн 104 цаг, оперативын 148 цагийн багтаамжтай явагдаж байгаа тус сургууль өнөө өглөө Сэлэнгэ аймгийн гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор цуглуулж, цагийн байдал өгснөөр албан ёсоор эхэллээ.

Штабын дадлага сургууль тухайн аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.