Categories
гадаад мэдээ

Зүсээ хувиргасан этгээд Мона Лизагийн хөрөг рүү бялуу шиджээ DNN.mn

Парис хотын Луврийн музейд хадгалагддаг сэргэн мандалтын үеийн суут бүтээлд халдсан хэрэг Ням гарагт гарчээ.

Тэргэнцэртэй, настай эмэгтэйн дүрд хувирсан эрэгтэй Леонардо Да Винчигийн бүтээл болох Мона Лизагийн хөрөг рүү бялуу шидсэн байна.

Халдлагын үеэр бүтээлд ямар нэг гэмтэл гараагүй ба хамгаалалтын шилэн хорго бялууны кремээр бохирлогджээ.

Хамгаалалтын албаныхан хиймэл үс зүүж, уруулаа будсан 36 настай эрэгтэйг музейгээс авч явсан байна.

Түүнийг Парис хотын цагдаагийн газарт саатуулж, урлагийн бүтээлд хохирол учруулсан хэргээр шалгаж эхэлжээ.

Баригдагч этгээд өмнө нь бас Луврийн музейд ийм үйлдэл гаргаж байсан тул энэ удаа зүсээ хувиргаж нэвтэрсэн юм байна.

Тэрбээр баривчлагдаад явахдаа “Хүмүүс эх дэлхийгээ сүйтгэж байна. Энэ талаар бодоцгоо. Уран бүтээлчид дэлхийгээ хайрла гэж та нарт хэлсэн. Би үүнийг сануулах гэж ингэсэн юм” хэмээн хашхирч байжээ.

Мона Лизагийн хөрөг рүү хүчил цацсан хэрэг 1950-аад онд гарч байсан юм. Үүний дараа бүтээлийг шилэн хоргонд байрлуулах болсон байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 2-ноос дулааны шугамд засвар хийгдэх орон сууц болон ААН-үүд DNN.mn

Нийслэл хотод дулааны шугамын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. УБДС ТӨХК-аас гурав дахь удаагийн зогсолт буюу 12 хоног дулааны шугамд засвар хийх байршлыг нийтэд мэдээллээ.

Тодруулбал 2022 оны зургаадугаар сарын 2-14-ний хооронд СОТ-3 салаа Говь-1, Вокзал, Наранбулаг, Төмөр замын эмнэлэг, Богд-Ар хороолол, төмөр зам орчим, 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол, “Өргөө” кинотеатр, Хөгжил хотхон, Төв гандан хийд, Эх нялхсын эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

зураг

Засварын үеэр дулааны шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт хийх юм байна

Categories
мэдээ цаг-үе

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 92 ААН-ийг хянаж, шалгана DNN.mn

МХЕГ-аас Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын талаар Шадар сайдад танилцууллаа.

Шалгалтын явцад ноцтой зөрчил илэрсэн. Боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжилсэн.

Мөн үргэлжлүүлэн Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний бүх аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийж байгаа аж.

Шадар сайд энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй ААН, хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахыг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар Сайдын мэдээлэл

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Баруунд боловсрол эзэмшсэн охид, архи үнэртүүлсэн бүдүүн эрийн өмнө “дүүриймаадах” гэж очих болж байна уу? DNN.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг гишүүн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн гол амин сүнс нь гадаадын шилдэг их сургууль төгссөн, мөн НҮБ-д ажиллаж байсан залуусыг төрийн албанд шууд авч ажиллуулах, улмаар төрийн албаны дундаас дээш албан тушаалд шууд томилон ажиллуулах бүхий заалтууд юм.

Тодруулбал, шинээр өргөн барьсан энэхүү хуулийн 23.7-д “Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй болно” гэж заасан. Одоогийн мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн 23.2-т төрийн захиргааны албан тушаалд томилогдох хүнд дараахь шаардлага тавигддаг.Үүнд, 23.2.1Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх, 23.2.2 Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, 23.2.3 Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх гэдэг мерит зарчим үйлчилж байгаа юм.

Төрийн албаны тухай хуульд салхи оруулсан, төрийн албан хаагчдын үнэлэмжийг эрс дээшлүүлсэн уг хуулийн төсөл УИХ дээр очоод гацчихаад байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард санаачлан боловсруулж, аравдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд батлагдалгүй дуншсаар байгаа. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучууд бидний суудлыг булааж авах нь, хоолноос минь салгах нь хэмээн төрийн албан хаагчид үхэн хатан зүтгэцгээж, тэд лобби хийгээд уг хуулийн төслийг батлуулахгүй байгаа бололтой. Тэгж хардахад хүргэж байгаа хэрэг. Ер нь манай төрийн албан хаагчид үнэнийг хэлэхэд хоцрогдсон харагддаг. Хэл усгүй, харилцааны соёлын хувьд асар их гажуудалтай, юм үзэж нүд тайлаагүй, тэр хэмжээгээр ёс зүйгүй бүдүүлэг байдал илт ажиглагддаг.

Өнөөдөр олон улсын байгууллагад ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа, аж ахуй удирдаж байгаа залуус ямар өндөр мэдлэг боловсрол, чадвар чансаатай, бусдыг хүндэтгэх харилцааны соёл, хандлагын хувьд хэрхэн өөр болсныг бид харж байна. Саяхан олон нийтийн сүлжээгээр гадны дөрөв таван орны хэлээр зэрэг ярьж, үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж байгаа залуугийн тухай явж байсан. Тэгвэл улс орны үндсэн дархлаа болсон төрийн алба нь яагаад ийм уруу дорой, сулхан, үхээнц байдалтай байна вэ гэхээр гол тулгуур нуруу нь болох төрийн албан хаагчдын чадваргүй, ёс зүйгүй, эзэмшсэн боловсрол мэдлэг дутмагаас ийм байдалд хүрсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Амьгүй албатууд буюу хэн нэгэн дарга эрх мэдэлтний шахаасаар дүүрсэн төр маш хурдан ялзарч илжирдэг нь жам ёсных.

Тиймээс дэлхийн шилдэг их сургуулийг төгссөн, баруунд боловсрол эзэмшсэн, олон улсын индэр болох НҮБ-д ажиллаж байсан залуусаа монгол төр, төрийн албан хаагчаар шууд авч улс орныхоо хувь заяаг гарт нь атгуулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгасан заалтын дагуу төрийн захиргааны албан тушаалд шууд тохоон томилох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг 50 их сургуулийг тэргүүлж буй Их Британийн Оксфорд, Америкийн Стэнфорд, Харвард, Калифорнийн технологийн хүрээлэн, Массачусетсийн технологи, мөн Их Британийн Кембриж, Америкийн Принстон, Жон Хопкинс, Швейцарийн холбооны технологийн хүрээлэн, Колумбын их сургууль, Канадын Торонтогийн их сургуулийг төгссөн, үндсэндээ дэлхийн боловсрол эзэмшсэн залуу Монголдоо ирээд, төрийн албанд орлоо гэхэд дотооддоо боловсрол эзэмшсэн төрийн албан хаагчаар удчихсан ааш муутай авгайн дор ажиллаад, кофенд нь зарагдаад явна гээд бодохоор юу болох вэ. Ямар дүр зураг харагдах уу.

Уучлаарай, миний бие дотоодын их сургуулиа муу муухай гэж хэлж байгаа юм биш. Гол нь дэлхийн шилдэг их сургуультай харьцуулж байгаа нь энэ. Яагаад төрийн албанд шилдэг боловсон хүчин цус сэлбэж орохгүй, яагаад дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн залуус төрд биш, олон улсын байгууллагад, гадны орнуудад нэр тэр төртэй ажил эрхлээд байдгийн үндсэн шалтгаан ердөө энэ. Дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгийг дүүргэчихээд, дипломыг нь авчихаад дэлхийн аль ч улсад, олон улсын ямар ч зэрэглэлийн байгууллагад ажиллах баталгаат бүрэн эрхээ авчихаад Монголдоо ирээд төрийн албанд орохдоо архи үнэртүүлсэн бүдүүн даргын өмнө “дүүриймаадах” гэж очих болж байна уу. Одоогийн мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулиар бол “Тэргүүн түшмэлийн албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-гаас доошгүй жил ажилласан байх ёстой” гээд хатуу заачихсаныг дээр хэлсэн.

Тэгэхээр 16 жил завсаргүй дүүриймаа хийж, дарга нэртэй бүдүүн эрийн өмнө архи, хадгийг нь барин гүйж, ааш муутай эмэгтэйн зарц хийж явахыг хэн хүсэх юм бэ.16 жил гээд бод доо. Амьдралынхаа 16 жилийг хэн нэгэн даргын зарц хийж урд хойно нь гүйж байж дараа нь төрийн албанд хүссэн ажилдаа очих гэж тэр хүн дэлхийн боловсрол эзэмшсэн болж таарах уу. Шилдэг боловсон хүчнүүдээ хяхан хавчсан төрийн албаны хуулийн энэ харгис хатуу заалтаа больж, шинээр өргөн барьсан хуулийг даруй батлах хэрэгтэй. Энэ харгис заалтаас чинь болж төрийн албанд өндөр боловсрол мэдлэгтэй, дэлхийн хэмжээний залуучууд ажиллах боломж нөхцөл бүрдэхгүй байна. Тэдэнд тээг саад болж байна, тэвчээр зоригийг нь мохоож байна.

Дэлхийн шилдэг сургууль дүүргэсэн шилдгүүд нь тийнхүү цөхөртлөө арван хэдэн жил зүтгэж байж багахан эрх мэдэлд хүрдэг ордог төрийн албанд хэн байдаг вэ гэвэл ихэнх нь дарга нарын татаасны хүмүүс байдаг. Мөн боловсрол мэдлэгийн хувьд нимгэн гэж хардахаар, эрээ цээргүй, ёс зүйгүй, дур дураараа авирласан нөхдүүд байх нь бий. Манай дарга нар, ялангуяа дунд тушаалын дарга нар авлигаар юм уу, юугаар ч юм жигтэйхэн баяжчихсан, “шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг архи үнэртүүлж, адуу мал, хурдан морь, үнэтэй хөөрөг гаанс ярьдаг. Ерөөсөө ярьдаг, хийдэг ажил нь тэр гэхэд хэтийдэхгүй. Улс орны хөгжил, Монголын ирээдүй тэдэнд хамаагүй юм уу гэж бодогдохоор. Мөн хэн нэгний тушаалаар тавигдсан нөхдөд нь тухайн хүндээ долигонож, тэр хүнийхээ заавраар ажиллаж, дээдэст зусарч доодост хэрцгий ийм л байдаг. Хэрвээ УИХ дээр гацчихаад байгаа Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал дэлхийн шилдэг сургууль төгссөн залуучууд төрийн албанд шинэ цус сэлбэж орж ирнэ. Тэд хэн нэгэн дарга, албан тушаалтны үүрэг даалгавраар биш, өөрийн сэтгэл зүрхний дуудлагаар ажиллана.

Тэд бусад шиг оймсондоо мөнгөө нууж, авлига авч, гадны компаниудаас улайм цайм хувьдаа мөнгө нэхэж, одоогийн төрийн албанд байгаа юм үзээгүй гуйлгачин дарга нар шиг нэр нүүрээ барж ёс зүйгүй авирлахгүй байх. Америк, Англи гээд барууны орнууд, ардчилсан орнуудын төрийн алба яаж явдаг, ямар зарчмаар ажилладаг тэр зарчмыг барьж ажиллах нь мэдээж. Хэрвээ хууль батлагдаад, түүнээ мөрдөөд явбал өнөөгийн төрийн албаны үхширмэл байдал, шунаг шунахай сэтгэл, үгсэн хуйвалдаж бүгд хувааж иддэг, улсаа тонодог цөлмөдөг байдал хязгаарлагдаж эхэлнэ. Төрийн албанд барууны зарчим, ёс зүй үйлчилнэ. Яагаад манай төрийн алба энгийн иргэнээ ингэж их дарамталдаг, иргэндээ ээлгүй, хүнд суртал, авлига хээл хахуулийн үүр уурхай болсон гэдэг нь ерөөсөө Оросын колони орны нөлөө. Одоогийн төрийн албан хаагчдын багш нар, тэднийг бэлтгэсэн багш нар, сургалтын систем бол хуучны социализм үеийн буюу Оросын колони орны системээр явж ирсэн. Тиймдээ бүх үйлчилгээ нь хууль журмын хүрээнд биш дандаа танил тал, найз нөхдийн хүрээгээр шийдэгддэг, энгийн иргэдээ эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө бөхөлзүүлэх, тэдний эрхэнд байлгах гэсэн ийм л хуультай.

Гааль, татвар, иргэний бүртгэл, нийгмийн даатгал гэж бодохоор иргэд шууд цөхөрч, бул хар чулуу толгой дээр нь буух шиг болдог. Ингэж монгол төр иргэдээ өмнөө сөхрүүлсэн. Хууль, шүүх, цагдаа, прокурор, тагнуул гэхээр ямар дээрэнгүй, айдас хүйдэс нөмөрдөг билээ. Сүүлийн үед цагдаа хуулийнхныг Орост биш баруунд, Япон, Солонгост бэлдэж байя, тэгвэл оросууд шиг ийм дээрэнгүй хэрцгий болохгүй гэсэн хандлага нийгэмд бий болсон нь үүнтэй холбоотой. Хэдэн жилийн өмнө Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр улс даяар иргэдийн дунд санал асуулга явуулсан. Түүнд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь төрийн алба хүнд сурталтай байна, авлига хээл хахуульд идэгдсэн байна, нэр хүнд нь унаж төрд итгэх иргэдийн итгэлийг илт бууруулж байна гэж үзсэн. Мөн төрийн албаны чадавхын талаар Дэлхийн банк сүүлийн 10 жилийн судалгааг хийсний дүнд “Төрийн албаны гүйцэтгэл Монгол Улсын хөгжлийг хойш нь чангаасаар байна” гэж мэдэгдэж байсан.

Ингэж монгол төрийн алба монголчуудаа тавлаж байна. Уул нь зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд монгол төр чөмөг суусан. Ард түмнээ аз жаргалтай, амар тайван амьдруулах хөрс суурь боломж бүрдсэн. Хамгийн гол нь сэтгэл, боловсрол хоёр дутаж байна. Дээрээс нь Төрийн албаны тухай хуулийн харгис заалт нь тээг саад болоод байна. Эцэс сүүлд нь дахин хэлэхэд, баруунд боловсрол эзэмшсэн хүмүүсээр төрийн албаа залгуулж Монгол төрийн чадавх чансааг дээшлүүлж, иргэддээ ээлтэй, иргэнээ дээдэлсэн энэрэнгүй төртэй болох цаг нь болжээ. Харин хуучин хэвээрээ явбал төрийн алба улам уруудан доройтож, боловсрол, ёс зүйг уландаа гишгэсэн харанхуй бүдүүлгийн туйл болно!

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газар хуралдаж байна. Энэ долоо хоногийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас хуралдааныг урагшлуулжээ.

Хуралдаанаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт “Цагаандэл-Уул” боомтыг нээх эсэхийг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

facebook sharing button

Categories
гадаад мэдээ цаг-үе

Их Британи: Дэлхийн топ 50 их сургуулийн төгсөгчдөд ажлын виз олгоно DNN.mn

Их Британи улсын засгийн газар дэлхийн топ 50 их сургуулийг төгсөгчдөд ажлын виз олгох болсноо Даваа гаригт зарлажээ.

Энэ нь шилдэг мэргэжилтнүүдийг татах бодлогын хүрээнд гарсан шийдвэр юм байна.

Шийдвэр ёсоор дэлхийн шилдэг 50 их сургуулийг бакалавр, магистр зэрэгтэй төгссөн гадаадын иргэд хоёр жилийн хугацаатай ажлын виз авах боломжтой болжээ.

Докторын зэрэгтэй бол гурван жилийн хугацаатай виз авах боломж нээгдсэн байна.

Уг хөтөлбөрт хамрагдсан хүмүүс гэр бүлийнхээ хамт Их Британид суурьшиж, цаашдаа визээ урт хугацааны визээр сольж болох гэнэ.

Гэхдээ виз хүсэгчид сургуулиа төгссөнөөс хойших хугацаа таван жилээс хэтрээгүй байх ёстой юм байна.

Төгссөн сургууль нь Times Higher Education, Academic Ranking of World Universities, Quacquarelli Symonds гэсэн шилдэг их сургуулийн жагсаалтуудын ядаж хоёрт нь багтсан байх шаардлага тавьжээ.

Их Британийн засгийн газраас зарласан шилдэг их сургуулиудын жагсаалтад АНУ, Канад, Япон, Герман, Хятад, Сингапур, Франц, Шведийн сургуулиуд багтсан байна.

Виз хүсэгчид гэмт хэрэг, аюулгүй байдлын шалгалтаар орох ба англи хэлний ярих, унших, бичих чадвар “intermediate” түвшинд байх ёстой ажээ.

Эх сурвалж: Aljazeera

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн нам УИХ-ын суудлын 80 хувийг эзэгнэж байгаа нь тогтолцооны гажуудал DNN.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган завсарлах дөхөж байна. Энэ чуулганы хугацаанд таны хувьд ямар хуулийн төсөл санаачлан ажиллав. УИХ-аар батлагдсан голлох хуулийн төслүүд юу байв?

-УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль санаачлах, түүний хэрэгжилтийг хянах юм. Хаврын чуулганд Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахад чиглэсэн хуулийг санаачлан өргөн барилаа. Мөн Тэтгэврийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гээд эдийн засгийн болон нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд шаардлагатай хуулиудад илүү анхаарч ажиллаж байна.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг их ярих боллоо. Магадгүй энэ парламент Үндсэн хуулиндаа дахин гар хүрэх хандлагатай болоод байна. Сөрөг хүчний болон гишүүнийхээ хувьд Үндсэн хуулиа ямар байдлаар өөрчлөөсэй, яг ямар зүйл заалт нэмээсэй гэсэн саналтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоратор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа. Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улстөрчийн шуугиулах сэдэв биш. Бид, УИХ гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал мөн. Тухайлбал, УИХ-д сүүлийн зургаан жилд нэг нам хэт олонх болсноор төрийн хяналт суларч, олонхоороо түрий барьж, дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй болж байгаа нь ил тод болсон. Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал ч эрс хурдацтай өөрчлөгдөж байгаа нь Монгол Улсад парламентын ардчиллыг баталгаажуулах, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, хүчтэй сөрөг хүчнийг бий болгож, парламентад олон намын олон ургальч үзлийг уралдуулах нөхцөлийг яаралтай бүрдүүлэх нь амин чухал асуудал болж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй.

-Сонгуулийн тогтолцооны гажиг байна гэлээ. Улс төрийн намууд, иргэний нийгэм, олон нийтийн зүгээс сонгуулийн тогтолцоог холимог, эсвэл бүтэн пропорционал болго гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Гэхдээ пропорционал боллоо гээд асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн зүйл байхгүй гэдэг. Энэ тогтолцоонд ч гэсэн сул тал байдаг нь онолын хувьд нотлогдсон зүйл шүү дээ. Тэгэхээр манай улсад яг өнөөгийн байдалд ямар сонгуулийн тогтолцоо нь илүү зохимжтой юм бэ. Хэт олон намын төлөөлөл гарчихвал төрийн бодлого, засгийн газрын бүтэц, товчхондоо төрийн шийдвэр гаргах механизм доголдох эрсдэлтэй юм биш үү?

-Манай улс 1990 оноос хойш нийт найман сонгуулийн долоод нь мажоратор сонгуулийн систем ашиглалаа. Улсын хөгжлийн түвшин бол энэ сонгуулийн үр дүн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар дээр10 жил гацлаа, авлигын индекс буурсангүй. Залуучууд гадагшаа гарахыг хүсч байна. Уул уурхайгаас бусад салбар хөгжсөнгүй гээд бодоход өөрчлөлт хийхгүй бол цаашдаа ч үр дүн өөрчлөгдөхгүй гэдэг нь тодорхой. Тодруулбал, өөрчлөхийн тулд биш, өөрчлөх шаардлагын улмаас энэ асуудлыг ярьж байна. Холимог систем ашигласан тохиолдолд улс орны хөгжлийн том төслүүд, бодлогын асуудлууд цэгцэрнэ. Ингээгүй тохиолдолд жижиг тойрог руу төсвөө чангааж, хөгжлийн төслүүдэд анхаарал хандуулахгүй. Мэдээж хэрэг жагсаалтын ард нуугдах муу нэртнүүд, илүү зардал гарах сул талууд гарна. Түүнийг багасгах арга механизм ч бий.

-Төсвийн хууль жил бүр л алдагдалтай батлагддаг. Ирэх жилийн төсвийн хууль ч хүндхэн сорилтуудтай тулгарах шинжтэй. Тухайлбал, гадаад өрүүдийн эхний төлөлтүүд хийгдэж эхлэхээр байгаа шүү дээ. Иймд цөөнхийн зүгээс, цаашлаад УИХ-ын зүгээс хэрхэн анхаарч ажиллахаар байна вэ?

-Өнгөрсөн 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь гадаад өрийн хавханд орсон гол шалтгаан. Цаашид үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавартай. Хэт олонх цөөнхийн дуу хоолойг огт сонсохгүй дураараа дургиж байгаа явдал нь гадаад өр өсөх үндсэн шалтгаан гэж харж байгаа.

-Гадаад өрөөсөө болоод улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг дампууруулсан улс цөөнгүй бий. Нөгөөтэйгүүр бүх төсвөө гадаад өрөө дарах руу чиглүүлбэл дотоод дахь нийгэм, эдийн засгийн амьдрал улам л хүндрэхээр байгаа шүү дээ. Тэр утгаараа төсвийн зарлагаа хэрхэн зөв зохицуулж болохоор байна вэ. Гадаад өрийг ямар арга схемээр зохистой барагдуулах нь зөв юм бэ?

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу хасах 3.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо зарлаад байна. Инфляци буюу үнийн өсөлт 15 хувь хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орох үзүүлэлт юм. Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляци дагалдаж хос сөрөг үзүүлэлт давхцах үзэгдлийг эдийн засагт стагфляци гэдэг. Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй өрийн хямрал нүүрлэжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. 22 сая иргэнтэй Шри-ланкийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 80 тэрбум ам.доллар, гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрсэн бол 3.4 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ердөө 13 тэрбум ам.доллар атлаа нийт өр 33 тэрбум ам.доллар давжээ. Энэ нь нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр Шри-Ланк улсаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Гадаад өрийг нэмэхгүй байх арга зам бол ердөө төсвөө алдагдалгүй батлах явдал юм. Тодруулбал, хойшлуулж болох хөрөнгө оруулалтыг царцааж, эдийн засагт нэмэр болох, татварын орлого нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Бусдаар бол өрийг өрөөр санхүүжүүлэх бол богино хугацааны шийдэл. Үүнд нэг их ухаан ч хэрэггүй. Ирэх жилүүдэд буюу 2025 оноос өрийн дарамт бодит утгаараа нэмэгдэнэ.

-Өнөөдөр Монгол Улсын дөнгөж төрсөн хүүхэд л 31 сая төгрөгийн өртэй байна гэж байгаа. Гадаад өр ингэж нэмэгдсэн шалтгааныг танай нам Засаг барьж байх үетэй холбож тайлбарлаад байдаг. Үнэхээр Ардчилсан нам засаг барьж байхдаа гадаадаас хэтийдсэн их хэмжээний өр зээл авчихсан юм уу. Зээл авах нь буруу биш ч эргэн төлөх асуудлаа анхаараагүй юу?

-Өнөөгийн эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 100 хувиас давах хэмжээнд хүрчээ. Ийнхүү Монгол Улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдлээ. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсныг анхааруулъя. Манай нам эрх барьж байх үед дэлхийн зах зээлд нүүрс 30 хүрэхгүй ам.доллар, зэс 5000 хүрэхгүй ам.долларт хүрч манай эдийн засаг хүнд байсан. Иймээс Чингис бондыг босгож 3200 км зам, 86 мянган орон сууц, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэл, Амгалангийн дулаан, цахилгаан станц, 888 аж ахуйн нэгжид зээл олгож хямралыг хэн ч мэдэхгүй даван туулсан онцлогтой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хоёр тулгуур багана болсон нүүрс 400 ам.доллар, зэс 9500 ам.доллар байгаа ч буруу бодлогын үр дүнд үнэ өсч, инфляци 15 хувьд хүрч ард иргэдийн амьдрал нэн хүнд байна. Нөхцөл байдал маш хүнд байсан үед засаглаж байсан Ардчилсан намыг шүүмжлэн зургаан жил өнгөрлөө. Яагаад өр нэмэгдэн, хил гааль гацаж, өндөр үнэтэй байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа өсгөж чадахгүй байгааг эрх баригчдаас асуух ёстой байх. Би болон манай бүлэг энэ талаар чуулган, байнгын хороо болгон дээр шүүмжилж бас шийдэл хэлсээр ирлээ.

-Ардын нам татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч гарч ирсэн. Гэтэл одоо татвар 40 хувиар өсчихсөн байна гэдэг. Нөгөө талдаа татварын орлогоор улсын төсөв бүрдэж байгаа шүү дээ. Ер нь төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх ёстой юм бэ?

-Эрх баригчдын өргөн барьсан төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж ирлээ. Энэ жил уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нь өмнөх оныхоос нэг их наядаар илүү байна. Хувь хүний орлогын татварын орлогыг энэ оныхоос 14.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 57.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 22.7 хувь, Гаалийн албан татварын орлогыг 15.7 хувиар гэх мэтээр нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засгаа солонгоруулах биш, харин уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, ковидын хатуу хөл хорионд орлогогүй болсон аж ахуйн нэгж, иргэдээсээ илүү их хэмжээтэй татварын орлого авах замаар дундаж давхаргад нэн халтай шийдвэр гаргасан. Төсвийн орлогыг бодитоор төсөөлөхийн оронд хиймлээр өндөр өсгөж зардлаа нэмж буй аргыг сүүлийн жилүүдэд хэрэглэх боллоо. Тийм ч учраас энэ жилийн төсөв зургаан сарын хугацаанд хоёр удаа тодотгол хийлээ. Монгол Улсын түүхэнд хэзээ ч ийм түүхий төсөв баталж, хоёр сар тутам засаж залруулж байсангүй.

-Монгол Улсын ирээдүйн хөгжил хаашаа чиглэж байна вэ. Бид үнэхээр дараагийн Шри-Ланк, Венесуэл болох гээд байна уу?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаарх Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкуудын таамаглал буурсныг бид харсан. Нэг салбараас хэт хараат, нэг зах зээлд чиглэсэн эдийн засаг эмзэг байдаг. Гэхдээ уул уурхайгаас олсон орлогоор ажлын байр бий болгодог, татварын хүрээ, бааз нэмэгдүүлэх байдлыг дэмжилгүй халамж болгон тарааж, хөшөө, театр барьж ирсэн нь өнөөгийн гашуун үнэн. Цахилгаан станцаа барьсан уу, Дарханы замаа дуусгав уу, суурь үйлдвэрлэлийг дэмжсэн үү гээд ард иргэд асууж байгаа нь зөв.

-Улс, төрийн бодлого зөв явах, буруу гарсан шийдвэрийг засч залруулах, хариуцлага нэхэх үүрэг сөрөг хүчинд бий. Энэ үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чадаж байгаа гэж бодож байна уу. Эсвэл эрх баригчдын зөв, буруу шийдвэрийн хажуугаар чимээгүй сууж байгаад ирэх сонгуулиар нэг мөр хариуцлага нэхье гэсэн хандлагатай байна уу?

-Улстөрч хүн сонгууль бодож ажиллах уу, улс орноо бодож ажиллах уу гэж асууя. Эдийн засаг тааруу, улсын өр дарамт болсон ийм хэцүү үед дуугүй сууж, ирэх сонгуулиар хариуцлага ярина гэвэл тун хариуцлагагүй явдал болно. Ийм учраас чуулган, байнгын хороо, ажлын хэсэг, хэлэлцүүлэг гээд бүхий л хэлбэрт судалгаа шинжилгээ, бусад орны туршлага, тулгамдаж буй асуудлын шийдлийг хэлж байгаа. Гагцхүү эрх баригчид сөрөг хүчний гэдэг байдлаар хүлээн авалгүй ажлаа сайжруулах бүтээлч шүүмжлэл гэж харвал хэрэгтэй л дээ.

-Нэг хэсэг танай нам дотроо хоёр хуваагдаж хэрэлддэг, талцдаг байсан бол одоо нийгмийг хамруулж гадаа гарч жагсаж, иргэд олон нийтийг хоёр талцуулан тэмцэж байна. Ардчилсан намын хагарал бага багаар хурцадсаар байгаад сүүлдээ нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал руу хөтлөөд байгаа юм биш үү. Та намынхаа эмэгтэй лидерийн хувьд, УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг аль өнцгөөс нь тайлбарлах вэ?

-Манай намын хувьд үнхээр хүнд байдалд орсон. Миний хувьд талуудыг зөвшилцүүлэх эвлэрүүлэх, нэгдүүлэх асуудлаар өнгөрсөн хоёр жил нэлээд их ажиллалаа. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрээгүй л байна. Гэхдээ Ардчилсан нам сонгуульд орох нь үнэн. Орохдоо ямар ч байсан нэгдэж нягтарч орно гэдэгт би итгэж байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ямар ч байсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай эхлүүлж, сонгуулийн тогтолцоог өөрчлүүлье гэж зорьж, бүх цаг заваа зориулан ажиллаж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр улс төр, эдийн засаг, нийгмийн хямралаас гарч чадахгүй. Олон улсын нөхцөл байдал эгзэгтэй болж байна. Энэ бол зөвхөн нэг намын асуудал биш Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал болж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр дэд даргын хувьд хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн Улс төрийн намын тухай хууль дээр ажиллаж байна. Улс төрийн намын хуулийн төсөл нь өнгөц, косметик засвар орсон төдий харагдаж байна. Угтаа уг хуулийг сууриар нь өөрчилж, томоохон реформын чанартай өөрчлөлтүүдийг хийж байж нийгмийн шинэчлэлийг хийж чадна. Одоо бол улс төрийн нам төлөвшилгүй, нэг компани шиг, аж ахуйн нэгж шиг ажиллаж, маш том мөнгөний мангас болчихоод байна. Улс орны хөгжлийг үзэл баримтлалаараа түүчээлэх ёстой байтал хойш нь татдаг болсон. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг жижиг засвар төдийхнөөр биш, сууриар нь шинэчилж шинэ зуунд таарсан хууль болгохын төлөө ажиллаж байна. Намынхаа залуучууд, эмэгтэйчүүд, туршлагатай улстөрчдийг байнга урьж хэлэлцүүлэг, брайн сторм хийж, тэдний үзэл бодлыг сонсож байна. Нөгөөтэйгүүр Улс төрийн намын тухай хууль олон жил эрх барьсан МАН-д ашигтай батлагдаж болохгүй. Ялангуяа ардчиллын төлөө том, жижиг намуудын эрх ашгийг хамгаалсан хууль болох ёстой. Энэ хуулийг сайн хууль болгож чадвал миний Ардчилсан намдаа оруулж буй нэг хувь нэмэр юм.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 31, Ангараг гариг. Билгийн тооллын 1, гөрөөсөн толгой одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 4:58 цагт мандан, 20:42 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “МАН зуун жил бүрхээр, тогоотой ноцолдлоо” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Гадаад харилцааны сайд
Б.Батцэцэг “Гадаадын хөрөнгө
оруулагчдад таатай нөхцөл
бүрдүүлэхэд онцгой анхаарал
хандуулж байна”
гэснийг I-II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Зөвлөлт маягийн
шоронжсон хууль руугаа
буцаж, иргэдийг дураараа
хорьдог болох нь гэв

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН зуун жил бүрхээр,
тогоотой ноцолдлоо” хэмээн өгүүллээ.

Монголын төмөр
замчдын үйлдвэрчний
эвлэлийн холбооны дарга
Б.Баяраа “Нарийн царигийн төмөр замтай
болсон ч шилжүүлэн ачилт заавал хийгдэнэ” гэв.

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам “Мөрдөн байцаагч шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл” хэмээснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Хэрээ сонирхогч Э.Сэлэнгэ “Хон хэрээ их ухаантай, бас эрх” гэснийг “Сав шим” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ