Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Жүгдэрнамжил: Эрх баригчидтай ойрхон, тэднээс мэдээлэл авдаг компаниудын машин хилийн цаана үлдсэн DNN.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь иргэд, жолооч нарын нөхцөл байдал, ачаа тээврийн асуудал ямар байгаа талаар “Манлай тээвэр буянт зам” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Жүгдэрнамжилтай ярилцлаа.


-Яг өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумын нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнөөдөр Замын-Үүд сумын иргэд тэр чигээрээ хүнд байдалд байна. Замын-Үүд сумын иргэд өөрсдөө тээвэрлэлт хийж чадахгүйд хүрсэн. Энд тэндээс ирээд тээвэрлэлт хийж байгаа хүмүүс нь ихэвчлэн Улаанбаатараас ирдэг. Зарим нэг нь тээвэрлэлт хийгээд, ачаа бараагаа зөөгөөд л байх юм.

-Замын-Үүд сумын иргэд яагаад тээвэрлэлт хийж чадахгүй байгаа вэ?

-Улаанбаатар руу тээвэрлэж байгаа ачаа нь өөрөө хоёр сая хүрэхтэй үгүйтэй ханштай болсон. Энэ мөнгө нь түлшнийхээ мөнгийг дааж чадахгүй. Тиймээс тээвэрлэлт хийж чадахгүй сууж байна. Хил хааснаас хойш тээвэрчдийн өр нэмэгдэж, хүү нь бодогдсоор байгаад эхнээсээ шүүхэд дуудагдаад орон байраа алдах дээрээ тулсан. Өдөр бүр шүүхийн гадаа дуудагдаад зогсож байна. Машинаа барьцаалах гэхээр зээлийн үнэлгээнд хүрэхгүй гээд орон байрыг нь цуг барьцаалдаг. Тийм учраас амьдарч байсан орон байраа алдахад хүрчихсэн. Замын-Үүд сумын дэлгүүр хоршоо, бензин клонк, цайны газрууд гээд бүх юм нь тээвэрчдээсээ хамааралтай байдаг болохоор дэлгүүр хоршоо нь хүртэл ямар ч орлогогүй болсон. Жижиглэнгээр наймаа эрхэлдэг хүмүүс нь наймаагаа хийж чадахаа байсан. Ийм л байдалтай байна.

-Замын-Үүд сумын тээвэрчдийн зөвлөл нэгдэж, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар АТГ-т хандсан гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?

-Төрөөс дундын бүст 50 машин оруулсан асуудлаар АТГ-т Борхойн тал авто тээвэрчдийн холбооноос хүсэлт өгсөн. Гэтэл үүн дээр шийдэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна лээ. Ковидын тухай хууль болон бусад хуулийг бичээд шалгах үндэслэлгүй гэж аргацаагаад шалгасангүй. Засаг захиргаандаа бол бид байнга орж шаардлага тавьж байгаа. Тээвэрчид ажилгүй болж байгаа хэд хэдэн шалтгааныг нэрлэж болно. Гааль дээр гаалийн бүрдүүлэлт хийдэг хэсэг бүлэг зууч нөхдүүд байдаг. Энэ хүмүүс нь давуу байдал өөрсдөдөө үүсгээд орон нутгийн тээвэрчдийг шахан гаргаж байна. Урьд нь орон нутгийн тээвэрчид хятадуутай яриад, ачаагаа аваад зөөгөөд болдог байсан юм. зууч гэдэг хүмүүсийн гараар ороод тээвэрлэлт орон нутгийнханд олдохоо байсан. Саяхан Засгийн газраас шийдвэр гаргаад дундын бүст иргэдийн тээврийг орууллаа гэж зарласан. Өдөрт 40 тээврийн хэрэгсэл орох нь орж байна. Хилийн цэргийнхний 30 машин өдөр болгон явдаг. Иргэдийн машин сард нэг явдаг. Түүнийх нь хөлс нь 750000 төгрөг. Түүнээсээ татварын 20 мянга, хашааны 6000, дундын бүст ажиллаж байгаа жолооч нараас бас 50 мянган төгрөг татаад байгаа. Бүх татаасаа нийлүүлээд хасуулахаар гар дээр 500 мянга гаруй цаас ирж байгаа юм. Энэ мөнгө нь нэг ширхэг дугуйны үнэд ч хүрэхгүй. Ийм мөнгөөр л Замын-Үүдийн тээвэрчид гол зогоож байна.

Тэгэхэд Засгийн газраас гаргасан 30 машин өдөр бүр явдаг. Бүр давуу эрхтэйгээр. Гэтэл Замын-Үүдийн тээвэрчдийн 5000 гаруй машинаас дараалалд бичигдсэн 40 машин сар гаруй оочерлож байж нэг гардаг. Улаанбаатараас 500 мянган төгрөгний төлөө хоёр сая төгрөгийн түлш хийгээд оочерлоод орох машин гэж бараг байхгүй. Замын-Үүд сумын иргэд нь оочерлоод орохоор өчигдрийн (уржигдар) байдлаар 400 гаруй машин гарсан байна лээ. Үүний араас дахиад 500 гаруй машин оочерлож байх шиг байна. Ингээд 1000 гаруй машинаас өдөрт 40 гарч байгаа гэж бодохоор нэг сар гаруй болж байгаад нэг гарахаар байгаа биз. Тэгээд арай гэж авсан 500 мянган төгрөг нь магадгүй машинд нь эвдрэл гэмтэл гарвал түүнийгээ засаж ч хүрэхгүй. Замын-Үүд сумын дундуур яваад үзэх юм бол хүмүүс машинаа хашаандаа парклаад тавьчихсан. Огт хөдөлгөөн байхгүй ажил төрөл хийгээгүй бодит байдал ийм л байна. Урдаас чингэлэг орж ирээд Замын-Үүд суманд хураагдаж байгаа шүү дээ. Эргээд айлын хашаагаар дүүрэн чингэлэг бас өрөөтэй. Энд тэндгүй хөдөлгөөнгүй машин, чингэлэг л дүүрэн байна.

-Тээвэрчдийн зөвлөлөөс ярихдаа 2021 онд зэрэг шахуу байгуулагдсан чингэлэг тээврийн хятад эзэнтэй гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хуучин АТҮТ-ийн дарга байсан н.Пунцаг гэгч өөрөө нэг сайтад ярилцлага өгсөн байна лээ. Тэр яриандаа өөрөө хэлсэн. Манай компаниас 60-аад машин, “Говийн хан транс” компани бас машин оруулсан. Тухайн компаниудын 30 машин дундын бүст явж байсан. Урд дахиад тусдаа машинаа гаргачихсан байгаа. Хилийн цэргийн 30 машинаас өмнө энэ гурван компанийн 30 машин явж байгаад татаж авснаа урагш нь гаргасан. Тэр урд Эрээний хилээс гаалийн хашаанд хүрэх хоёр улсын 0 цэг хүртэл 21 машин явж байснаас гурав нь эвдрээд одоо 18 машин ажил үүрэг гүйцэтгээд явж байна гэж байгаа. Үүнийг бид нягталж асууж, судалж үзсэн. Энэ бол “Говийн хан транс” гэж компанийн 13, “Их говь ложистик транс” компанийн хоёр машин мөн хувь хүний нэртэй дөрвөн машин байна гэсэн. Одоо яг үйлчилгээ явуулж байгаа. Эд нар нь бол бүр хилийн цаана үлдчихсэн. Хил хаахаас долоо хоногийн өмнө улсын хилээр гараад явчихсан машинууд байдаг юм билээ. 2021 оны аравдугаар сарын 9-12-ны өдрийг хүртэл улсын хилээр гарчихсан. Яг тэр үед урд ачаа барааны бөөгнөрөл маш их байсан. Орсон машинууд шууд ачаагаа ачаад л буцаж байсан шүү дээ. Гэтэл энэхүү арав гаруй машинууд тэндээ гарч ирэхгүйгээр үлдчихсэн. Энэ юуг хэлж байна гэхээр мэдээлэлд ойрхон байдаг ЗТХЯ-тай ойрхон хүмүүсээс мэдээлэл авдаг компаниудын машин тэнд үлдэж байна гэсэн хардалтыг төрүүлж байгаа. Хувь хүний машин ч үлдсэн. Мэдээлэлд ойрхон байсан учраас машинаа оруулж ирээгүй. Тухайн үед тэр их ачааны бөөгнөрөл байхад мөнгөө бодоод шууд ачаад ороод ирэх боломж байхад үлдэж байна гэдэг нь хуйвалдаан орсон л гэсэн үг. Анхнаасаа чингэлэг тээврийн бодлогыг хэрэгжүүлэхээр зүтгэж байсан хүмүүс мэдчихээд тэнд үлдсэн гэж энгийн жолооч бид хардаж байна.

-Хятадын тал хил гаальтай холбоотой ажилчдаа эхнээс нь барьж хорьж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Та бүхэнд энэ талын ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Энэ асуудалд улс төрийнхний оролцоо ихээхэн байгаа. Эхнийх нь Ж.Пунцаг гэж хүн өөрөө АТҮТ-ийн даргын албыг хашч байсан. 2019 онд өөрийнхөө компанийг байгуулсан юм билээ. Үүнийг яагаад бид хардаад байгаа гэхээр “Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбоо” гэж Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага бий. Түүний дэд тэргүүн Г.Оргил гэж залуу өөрөө телевизээр ярьсан байдаг. Бид Монголын авто тээврийг тийм болго, ингэж шинэчлэнэ гээд нэлээд бодлогын чанартай өөрсдөө бодож боловсруулсан зүйлээ ярьсан байдаг. Түүний дараа арваннэгдүгээр сарын 25-нд энэхүү компаниуд нь ЗТХЯ-д санал оруулсан байдаг юм. Тэрхүү саналууд нь чингэлэг тээврийг дэмжсэн, дундын бүсээс 0 цэг хүртэл 500 мянга, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 4.490.000 гэсэн үнийн санал тавьсныг ЗТХЯ дэмжсэн. Тэгэхээр үүнийг бид шууд хардах үндэслэлтэй байгаа биз дээ. Өөрсдөө бүр бичиг цаасаар гаргаж өгсөн. Өчигдөр, уржигдархан тэр н.Пунцаг гэж хүн дахиад ярилцлага өгсөн байна лээ. Түүн дээрээ ямар ч ойлгомжгүй бөөрөнхийлсөн юм ярина лээ.

Одоо 80 сая төгрөгийг тээврийн зардалд өгөхөд бидэнд хамаагүй. Түүнээс өмнө тээвэрчид үнэ өсгөчихсөн байсан гэж хэлжээ. Биднийг тээвэрлэлт хийж байхад үнэ хамгийн дээд талдаа 80 мянган юань хүрч байсан. Хамгийн дээд тал нь шүү. Урагшаа орсон машинууд задгай тээврээр хятадаас орж ирэхэд 80 мянган юань төлөхөд шунахай луйварчид юмны үнэ өсгөлөө тээврийн үнэ ханш өсгөлөө гээд бөөн хэл ам гарсан. 80 мянган юань буюу төгрөгөөр 20 сая. Түүн дээр нь Засгийн газар өөрсдөө орж ирээд 10 саяын гэрээ хийгээд үнийг бариад авсан юм. Гэтэл өчигдөрхөн н.Пунцаг гэж хүн ярихдаа ачаа тээврийн үнэ 80 сая хүрэх бидэнд хамаагүй ээ жолооч нарт хамаатай гэсэн байна лээ.

Нэгдүгээр сараас эхлээд эдгээр гурван компани тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл тээврийн үйлчилгээ хийсэн шүү дээ. Энэ хүн өөрөө хамаагүй байх ямар ч үндэслэлгүй байгаа биз. Төрөөс шийдвэр гаргаад төрийн нэрээр халхавч хийгээд иргэдийн ажлыг булаасан гурван компани байхгүй юу. Энэ асуудлыг бидэнтэй ярилцаж болно. Замын-Үүд суманд хүний нөөц, машин техник бүх зүйл нь бэлэн байж байхад нэг ч жолооч, нэг ч тээврийн хэрэгсэл оруулалгүйгээр энэ хүмүүс өөрсдийнхөө шахааг үгсэн хуйвалдах замаар оруулсан. Үүнийг нь бичээд АТГ-т өгөхөөр Ковидын тухай хууль гэдэг зүйлээр халхавчлаад шийдэж өгөхгүй байна. Ерөнхий сайдад бид хоёр ч удаа албан шаардлага хүргүүлсэн. Таван зүйл заалттай албан шаардлага өгөхөд нэг ч хариу ирээгүй. Ерөнхийлөгчид бид өргөх бичиг барьлаа хариу ирсэнгүй. Салбарын сайддаа өчнөөн удаа энэ асуудлыг тавиад нэг ч хариу өгсөнгүй. 2021 онд хил хаагдсанаас хойш Замын-Үүд суманд дөрвөн удаа ажлын хэсэг ирсэн. Дөрвөн удаа ажлын хэсэг ирэхдээ дарга нарыг нь солиод ирдэг болохоос ажил нь өөрчлөгдөж, шийдэгдсэн зүйл нэг ч байхгүй. Хамгийн сүүлчийн ажлын хэсэг нь Шадар сайд С.Амарсайханаар удирдуулж ирсэн. Бидний харилцдаг Өмнөдмонгол болон Хятадын түншлэгч нарын яриагаар Эрээний хил гаалийн дарга нараа авлигын асуудлаар барьж хорьж байгаа. Тэдний нэрс дотор Монголын хоёр сайдын нэр цохогдсон. Түүнийг нь Монголын талд шийдвэрлэ гэж бичиг явуулсан гэх яриа байгаа. Энэ гурван компани биднийг ачаа тээвэрт оруулахгүйгээр дундын бүст явж байгаад, хил хаагдахад хилийн цаана гарч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүхэл бүтэн сумаараа ажил орлогогүй болоод байхад шийдвэртэй арга хэмжээ авах байсныг ч бас үгүйсгэхгүй. Яагаад одоог хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Яагаад бид үндэслэл нотолгоогоо бариад очихоор Ковидын тухай хууль гэж хаацайлаад шалгахгүй байгаа юм бэ. Үүнийг хардах үндэслэл яалт ч үгүй байгаа биз.

-Та бүхэн сум орон нутаг, улс төрийн түвшинд хэлэлцэж ярилцаад энэ асуудлыг шийдвэрлэе гэдэг хүсэлт гаргахаар хариу юу гэж байх юм?

-Тээвэрчдийн зөвлөлөөс сум орон нутгаасаа эхлээд аймгийн засаг захиргаа бүхий л түвшний байгууллагуудад бичиг хүсэлтээ өгсөн. Дандаа бидний хэмжээнд шийдэх асуудал биш гэсэн хариуг өгдөг. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өөрөө Засгийн газраас тогтоол гаргуулж орж ирээд Замын-Үүдэд онц дэглэм тогтоож байгаад энэ ажлыг хийсэн учраас сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрх мэдлээс халиад гарчихсан асуудал байдаг юм байна. Онц дэглэм тогтооно гэдэг нь иргэд орлого олох ямар ч боломжгүй. Урдаас орж ирж байгаа чингэлэгийн дугаар, хүлээн авагчийн дугаар нь бидний гар дээр ил тод юм юу ч байхгүй. Зөвхөн зуучуудын хооронд энэ мэдээлэл нь явагдаж байгаа учраас энд дахиад нэг жижигхэн бүлэг үүсчихээд байгаа. Замын-Үүд суман дээр. Эд нар тэгэж чадаж байна. Бүлэг үүсгэсэн эдгээр хүмүүс нь Замын-Үүд суманд амьдарч байгаа иргэдийн ажлын байрыг булаагаад авчихсан. Хамгийн үлдэгдэл доод хэсгийг нь эдгээр хүмүүс булаачихлаа. Дээд хэсгийг нь ЗТХЯ-ны удирдлагуудтай яриад л чингэлэг тээврийн бодлогыг томоор нь хэрэгжүүлж орж ирээд үнийг хөөрөгдсөн. Үнэндээ бол чингэлэг тээвэр явж эхлээд л үнэ огцом өссөн шүү дээ. Задгай тээвэрлэлтээр явж байхад 80 мянган юань буюу 20 сая төгрөг хүрсэн. Тэр бол үнэн. Яагаад ямар шалтгаанаар өссөнийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй юм байна лээ. Тээвэрчид өсгөсөн гэж яриад байдаг. Үүнийг тээвэрчид өсгөөд байгаа юм биш. Тээвэрчид өөрсдөө урагшаа орж чадахгүй машинаа урагш нь өгөөд оруулангуут урд карго ачиж байгаа хятадууд орсон машиныг уралдаж үнэ өсгөж авдаг байхгүй юу. Тэгэж л үнэ өссөн юм. Засгийн газраас 10 саяын гэрээ хийгээд үнийг нэг хэсэг барьсан. Тэр үед жолооч нар үнийг өсгөж ачаагүй. Тэгэж ачих ч эрх мэдэл бидэнд байхгүй.

-Тээвэрчдийн зөвлөл нэгдээд улс төрийн шатанд хэд хэдэн удаа хандахад арга хэмжээ авсангүй гэлээ. Тэгэхээр цаашид та бүхэн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Бид тавдугаар сарын 18-нд машинтай жагсаалыг Замын-Үүд суманд зохион байгуулсан. Төрд хүртэл нь дахиад шаардана. Энэ чиглэлээр арга хэмжээ авахгүй, ажлын байрыг нь буцааж өгөхгүй бол дахин дахин суулт арга хэмжээг зохион байгуулсаар байх болно. Энэ бол улс орны эдийн засгийг нураасан шийдвэр шүү дээ. Өргөн хэрэглээний барааны үнэд савлагаа орж байна. Инфляцийг өсгөдөг зүйл чинь урдаас орж ирж байгаа бараа байхгүй юу. Ямар ч байсан бид хуулийн дагуу жагсаж үзлээ, бичиг хүсэлтээ өргөн барилаа. Авах ёстой арга хэмжээгээ бүгдийг авлаа. Бид Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт бичиг өгсөн. Энэ бичгийнхээ хариуг хүлээж байна. Монголд энэ асуудлыг шийдээд өгөх сэтгэлтэй дарга алга. Хуйвалдаад байгаа хүмүүсийг нь монголчууд чадахгүй юм бол Хятадын талд арга хэмжээ аваад зогсоох байх. Манай монголчууд өөрсдөө хятад хүн оролцуулахгүйгээр шийдэж чадахгүй гэдгийг харлаа. Ерөөсөө хил дамнасан хуйвалдаан яваад байна. Жагсаад ч нэмэргүй, биднийг үл тоож байна шүү дээ. Би тээвэрчдийнхээ байгуулсан нэг холбоог тэргүүлж байгаа хүний хувьд Элчин сайдтай уулзмаар байна. Засгийн газрын тэргүүнтэй ч уулзмаар байна. Бид өөрсдийн зовлонгоо өөрсдийн амаараа хэлж, тайлбарлаж өгөхгүй бол ЗТХЯ, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад дээш нь засаг төрдөө буруу мэдээлэл өгч байна гэж үзээд байгаа. Маш их мэдээллийн зөрүүтэй байгаа учраас Засгийн газраас шууд шийдвэр гаргаж чадахгүй байгаа байх. Миний зүгээс ийм л хүсэлтэй байна. Хэвлэл мэдээлийнхэн та бүхэн маань энэ тал дээр тусалж дэмжээд, Ерөнхий сайд, Элчин сайдтай уулзах гүүр болоод өгөх боломж байдаг бол тусалж, дэмжиж өгөөч гэж хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо DNN.mn

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1,500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.

Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04:00 цагт Сүхбаатарын талбайд хийсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тавдугаар сарын 29-нд тохиодог.

2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас тавдугаар сарын 29-нийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт болохыг онцолдог билээ.зураг

зураг

зураг

зураг

Categories
гадаад мэдээ цаг-үе

Өмнөд Солонгос Украинд 1.1 сая ам.долларын тусламж үзүүлнэ DNN.mn

Өмнөд Солонгос 1,1 сая ам.долларын үнэ бүхий тааны баг, шүүлтүүрийг ээлжит тусламжийн багц болгон Украин руу илгээхээр төлөвлөж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гурав дахь багц тусламжид цацраг, хими, биологийн хамгаалалтад шаардлагатай эд зүйлс багтах гэнэ. Өмнө нь Өмнөд Солонгос Украинд нэг сая долларын тусламж үзүүлсэн бөгөөд нэмэлт тусламж үзүүлэх хувилбарыг авч хэлэлцэнэ хэмээн амлаж байлаа.

Энд дуулгахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ель мэдэгдэл хийхдээ Украины нөхцөл байдлаас үүдэн Орост үзүүлэх олон улсын дарамт шахалтад Өмнөд Солонгос идэвхтэй оролцох ёстой гэж мэдэгдэж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: Эрх баригчид өөрсдийнх нь үйл ажиллагааг шүүмжилж бичсэнийг доромжлол гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль оруулж ирлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногоос УИХ-аар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд та “Адууны талаар авч хэрэгжүүлэх тусгай арга хэмжээний тухай” тогтоолын төсөл санаачилж байгаа юм байна. Энэхүү төслийг санаачлах хэрэгцээ шаардлага юу байв?

-Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хурдан морины асуудал маш бүрхэг байдалтай орж ирсэн. 2020 оны статистик мэдээгээр дэлхийн нийт адууны 7.1 хувийг Монгол орны адуун сүрэг бүрдүүлж, адууны тоогоор манай улс АНУ, Мексик, Бразилийн дараа дөрөвдүгээрт жагсаж байна. Манай улсын тухайд малын генетикийн олон янз байдлын төрөл зүйлээс адуу нь төр, нийгэм, соёл иргэншил, өв уламжлалд түүхэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тийм ч учраас адууг төрийн сүлдэндээ залсан байдаг. Дэлхийн бусад үүлдрийн адуунд байдаггүй олон давуу чанар монгол адуунд бий. Тухайлбал, эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужилт чанар нь олон мянган жилийн туршид шалгарч, нотлогдсон гэх мэт монгол адууны дахин давтагдашгүй, өвөрмөц генийг хадгалж авч үлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс энэ төслийг санаачилж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон Засгийн газраас санал авахаар ажиллаж байна. Мөн өнөөдрөөс d.parliament.mn дээр цахим санал асуулгыг эхлүүлсэн. Уяачид, морь сонирхогчид, малчид зэрэг хүссэн хүн бүр энэ санал асуулгад оролцож, саналаа өгч болно.

Юуны өмнө монгол адууны өвөрмөц, дахин давтагдашгүй генд сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөлт орж байгаа нь импортын адуу, тэдгээрийн эрлийзжүүлэгтэй холбоотой тул адууны импортыг түр хугацаагаар хориглох шаардлагатай байгаа юм. Манай улс сүүлийн 96 жилийн хугацаанд 10 орчим үүлдрийн 4200 гаруй адууг импортоор авсны 79,5 хувийг сүүлийн 10 жилд оруулж ирсэн адуу эзэлж байна. Адуу импортлох явдал 2006 оноос эрчимжсэн бөгөөд зөвхөн сүүлийн таван жил дөрвөн сарын хугацаанд байгаль экологийн нөхцөл, арчилгаа, маллагааны өөр өөр технологийн горимтой 23 улсаас удамшлын өөр өөр шинж тэмдэг бүхий 2325 адууг оруулж ирэн, үржилд ашиглахаар арилжаалсан байна. Эдгээр адуу болон тэдний үр төл хаагуур тархаж, хэрхэн үржилд оруулж байгаа талаар ямар ч бүртгэл байхгүй, хяналтаа алдсан. Уг нь импортолсон адууны нутагшилтын үр дүнг харж, үр төлд нь үнэлгээ өгч байж, үржил селекц, эрлийзжүүлэг хийх эсэхийг шийдэх ёстой. Гэтэл удам гарваль тодорхойгүй, үр төл нь үржлийн үнэт чанараар үнэлэгдээгүй эрлийз адуунуудыг нэг удаа ашиг олохын тулд 25 ба 50 хувийн цустай хэмээн иргэдийг төөрөгдүүлж, сум, аймаг дамжуулан борлуулах асуудал нийтлэг болоод байна. Түүнчлэн ОХУ-ын Чита, Улаан-Үд хот орчмоос “орон нутгийн” гэсэн тодорхойлолттой, хямд үнэтэй, адууны үүлдэрлэг байдал нь тодорхойгүй, халдварт өвчний нян тээсэн адуу авчирч зарснаас болж, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт адуу олноор өвчилж, хорогдох болсон. Энэ мэт байдлыг даруйхан таслан зогсоохгүй бол улс, аймаг, сумын хэмжээнд мал бүхий иргэд ямар үүлдэр, омгийн хэддүгээр үеийн адуутайгаа ч мэдэх аргагүй болж, улмаар есөн жилийн дараа гэхэд монгол адуу гэж байхгүй болно гэдгийг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан.

Хоёрдугаарт, үржил селекцийн ажлыг мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай байна. ХХААХҮЯ-ны мэдээнээс үзэхэд, 2019-2022 онд үржлийн адуу гадаадаас авах тусгай зөвшөөрлийг 13 иргэн, 41 аж ахуйн нэгж, гадаадад гаргах зөвшөөрлийг хоёр иргэн, 17 аж ахуйн нэгж авсан байна. Гэтэл эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд дунд мэргэжлийн мал зүйч байхгүй, адууны үржил селекцийн ажлыг явуулах наад захын мэдлэг, туршлагагүй, үржүүлгийн хөтөлбөр, төлөвлөгөөгүй байгаа нь маш харамсалтай. Зөвхөн адууны импортоос өнөө, маргаашийн ашиг олох сонирхолтой хүмүүс улсын хилээр адуу гаргаж, оруулж байна.

Гуравдугаарт, адууны импорт нь эдийн засгийн хувьд ямар ч өгөөжгүй. Зөвхөн 2021 онд 576,9 мян ам.доллар буюу тухайн оны ханшаар 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 500 гаруй адуу импортолсон байна. Энэ жил гэхэд Засгийн газарт нийт 5000 адуу оруулж ирэх хүсэлт ирснээс 1000 адуу оруулж ирэх зөвшөөрөл өгсөн юм билээ. Энэ бол бага тоо биш. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийт импортод адууны импортын эзлэх хувь сүүлийн 10 жилд тасралтгүй өсч, 2021 онд 20 шахам хувийг бүрдүүлсэн байна. Валютын нөөц бага байхад импортоор авсан адуугаа буцааж экспортлохгүй, зөвхөн цол хэргэм авахын төлөө адууны эрлийзжүүлэг хийгээд байгаа нь аюул.

-Монгол адууг эрлийзжүүлсний хор уршиг нь юу вэ?

-Англи, араб зэрэг адууг оруулж ирж байгаа бол цэврээр нь үржүүлэх ёстой. Түүнээс монгол адуунд үржүүлэг хийж хурдан адуу гаргаж ирмээргүй байгаа юм.

Эрс тэс уур амьсгалтай манай улсад монгол адуу л амьдрах чадвартай. Хэрвээ бид адуугаа бүгдийг нь үржүүлэгт оруулчихвал ганц хатуухан шуурганд адуугүй болох магадлалтай. Монголын эрс тэс, хүйтэн уур амьсгалд эрлийз адуу дасан зохицоогүй, хэврэг байдаг. Тиймээс монгол адууныхаа энэ чадварыг нь хамгаалж авч үлдэх нь чухал. Өмнөд монголчуудын адуу их цөөрсөн. Тэд ихэнх адуугаа эрлийзжүүлсэн юм билээ. Монгол адуу бол хүнд ашиг өгдөг. Харин эрлийз адуу малчнаа буцааж мөлждөг. Байнгын нэмэлт тэжээл, тордлого зэрэгт зардал их гардаг. Монгол адуу, эрлийз адуу гэсэн маргааныг таслан зогсооход эрлийз адууны үржүүлгийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Монголчуудад өөрсдийн гэсэн адууны угшлууд бий. Монголын брэнд болсон тэдгээр угшлын адуунуудад эрлийзжүүлэлт хэр тархсан байдаг юм бол?

-Монгол Улсын адууны үндсэн үүлдэр нь монгол адуу. Үүн дотроо Гал шарын адуу, Тэсийн адуу гэх зэрэг хэд хэдэн угшил бий. Өнөөдөр Монголд 4.4 сая адуу байгаагийн ихэнх хувийг нь монгол адуу эзэлж байгаа. Монголын эрдэмтэд 1998 онд монгол адууны стандартын судалгаа хийж гаргасан. Сүүлд 2020 онд адуу судлаачид, мал зүйчид хамтарч стандартаа өөрчилсөн юм билээ. Тэр бол монгол адууны стандарт. Түүнээс биш монгол адууг дотор нь махны, сүүний, хурдны гэж ангилж болохгүй. Нэг л үүлдрийнх шүү дээ. Тиймээс хуульд “хурдны” гэсэн стандарт яагаад ч байж болохгүй. Баяр наадмын тухай хуульд “хурдны стандарт” гэсэн нэр томьёо оруулж ирсэн. Энэ нь будлианы эхлэл болоод байгаа юм. Бид монгол адууг бүртгэлжүүлэх ажлыг зайлшгүй хийх ёстой. Уг нь энэ ажил хуулиараа Засгийн газрын чиг үүрэгт багтаж байгаа ч ажил хэрэг болохгүй байна. Ямар нэгэн байдлаар хуурамчаар бүртгэлжүүлсэн бол хариуцлага тооцох тогтолцоотой болмоор байгаа юм. Ингэвэл ирээдүйд бид монгол адуугаа монголоор нь авч үлдэх боломжтой.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал нийгмийн анхаарлын төвд орлоо. Хуульд доромжлох гэсэн заалтыг оруулж байгааг та ямар учиртай гэж харж байна?

-УИХ дахь АН-ын гишүүд уржигдар “Ялтай эрх чөлөө” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлэлцүүлгийг удирдаж явуулсан. Ирэх долоо хоногт өргөн баригдах Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд “доромжлох” гэсэн зүйл заалтыг оруулахаар тусгасан байна. Энэ хуулиар хэн нэгнийг доромжилсон бол 450 мянгаас 1,3 сая төгрөгийн хариуцлага хүлээлгэх нь.

Хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүдийн талаар муу муухай зүйл гаргахгүй байх үүднээс социализмын үед Оросын Эрүүгийн хуулиас Монголын хуульд доромжлох, гүтгэх гэсэн заалт оруулсан гэдгийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байна билээ. АН эрх барьж байх үедээ доромжлох, гүтгэх заалтыг хуулиас хассан. Харамсалтай нь гүтгэх заалтыг МАН өнгөрсөн хугацаанд хуульд буцааж оруулсан. Нэмж доромжлох гэсэн заалтыг оруулаад ирвэл ардчилсан Монгол Улсад үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг устгах нөхцөл бүрдэнэ. Доромжлох гэдэг бол тодорхой хэмжүүргүй ойлголт. Эрх баригчид өөрсдийнх нь үйл ажиллагааг шүүмжилж бичсэнийг доромжлол гэж үзээд тухайн шүүмжийг постолсон, нийтэлсэн хүн, байгууллагыг торгох гээд байна. Тиймээс би энэ заалтад хатуу эсрэг байр суурьтай байгаа.

Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэлийнхэн ч энэ асуудлаар тодорхой жишээ дурдаж байна билээ. Тухайлбал, нэг аймгийн Засаг даргыг жилд 13 удаа гадаад руу томилолтоор явсан байна хэмээн нийтэлсэн байгаа юм. Гэтэл өнөөх дарга нь би 13 биш 12 удаа явсан, намайг гүтгэсэн гээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх жишээтэй.

Хууль санаачлагчид “Хэрвээ доромжлох, гүтгэх гэдгийг хуульчлахгүй бол сошиал орчинд хүүхдүүд бие биенийхээ тухай хуурамч мэдээлэл тараах, түүнээсээ болж нийгэмд муу муухай асуудал гарах болсон. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах нь нийгмийн захиалга” хэмээн яриад байгаа юм. Үүнийг заавал Эрүүгийн хуулиар шийдэх шаардлагагүй. Энэ бол гэмт хэрэг биш иргэдийн харилцааны асуудал. Тиймээс Иргэний хуулиар зохицуулах боломжтой. Бусад улс орнууд үүнийг иргэн хоорондын маргаан байдлаар шийддэг. Түүнээс эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болгож хааж, боодоггүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд комедиан болон сэтгүүлчдэд доромжлох зүйл заалт үйлчлэхгүй гэж тайлбарлаж байсан. Гэтэл хуулийн төсөл дотор ийм нэг ч заалт байхгүй. Тэгээд ч сэтгүүлч, комедиан нар хүнийг доромжилж болно гэдэг нь өөрөө утгагүй асуудал. Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байна хэмээн заасан байдаг. Үүнийгээ ч зөрчиж байгаа юм.

Иргэд өөрсдөө боловсорч байж, илүү их мэдээлэлтэй болж байж нэгнийгээ доромжлох, гүтгэх асуудал багасна. Дунд сургуулийн хичээлд ёс зүйн боловсрол олгож, бие биенийгээ хүндлэх, доромжилж, гүтгэхгүй байх ойлголтыг өгч байж нийгэм цэвэршинэ. Өнөөдөр цахим орчинд муу муухай мэдээлэл явж л байдаг. Тэр дундаа улс төрчдийг байнга л доромжилж байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн олон нийтийн сүлжээнд бусдыг ор үндэсгүйгээр гутаан доромжлоод байвал бусад хүн түүнийг блоклох, найзаасаа хасах гэх мэтээр арга хэмжээ авчихдаг шүү дээ. Шуудхан хэлэхэд, дарга нар өөрсдийгөө хамгаалах гэж ийм заалт оруулж ирж байгааг дэмжихгүй байгаа.

-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргаа огцруулахын тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Та бүхний бүлгээ нэгтгэх гэсэн оролдлого тань хагарлыг дэвэргэсэн хэрэг болчихов уу?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд найм ба түүнээс дээш суудал авсан намууд бүлэг байгуулж болох заалт бий. Бүлгийн даргыг дундаасаа томилж, түүнийг нь УИХ-ын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна гэсэн заалт байгаа юм. Хуулийн 22 дугаар зүйлд бүлэг өөрийн дүрмээ баталж, тэрхүү дүрмээрээ үйл ажиллагаа явуулна гэсэн заалт бий. АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд бүлгээ байгуулж, дүрмээ баталсан. Тэр дүрмийнхээ хүрээнд Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргын албыг хаших боломжгүй юм байна хэмээн манай бүлгийн олонх үзэж, огцруулах шийдвэр гаргасан. Бүлгийн даргыг анх бүртгүүлэхэд батламжлах эрх нь УИХ-ын даргад байгаа хэрнээ тухайн парламентын бүрэн эрхийн хугацаанд бүлгийн даргыг өөрчлөх, чөлөөлөх, шинээр томилоход асуудлын УИХ-ын тухай хуульд тодорхой зохицуулж өгөөгүй юм билээ. Манай бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөлд энэ асуудлуудыг зохицуулахаар тусгасан. Удахгүй чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байна. УИХ-ын бүлэг гэдэг хэдийгээр тодорхой нэг намын гишүүдийн нэгдэл боловч УИХ-ын бүтцийн бүрэлдэхүүн хэсэг. Энэ асуудалд Ардын намын гишүүд ч хүндэтгэлтэй хандаж, дэмжих байх гэж бодож байна.

-Нэг нам дангаар ноёрхож байгаагаас гадна АН хагаралтай байгаа энэ цаг үед АН-ын бүлгийн дарга л хамгийн их хариуцлага хүлээх болчихоод байна. Д.Ганбат даргыг огцрууллаа гэхэд дараагийн дарга нь таныг гэж бүлгийн гишүүд тань нэг биш удаа мэдэгдэж байсан. Хэрэв та бүлгийн дарга болвол бүлгээ нэгдмэл байлгах, хүчтэй сөрөг хүчин болгох чиглэлд хэрхэн ажиллана гэж бодож байгаа вэ?

-УИХ-ын тухай хууль болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмээр бүлгийн даргын үүргийг тодорхой заачихсан байгаа шүү дээ. Ер нь аливаа бүлгийн дарга гэдэг бол бүлгийн гишүүдтэй адилхан л эрхтэй. Түүнээс “би бүлгийн дарга” гээд хувийнхаа байр суурийг бүлгийн өмнөөс ярьдаг ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй. Бүлгийн гишүүд бүгд гаргасан шийдвэртээ нэгдмэл байх, тэрхүү шийдвэрээ хамгаалж, нийгэмд гаргаж ирдэг байж л бүлэг хүчтэй байна.

-Танай нам хуваагдмал, дээрээс нь Ардын намд энэ их хүч төвлөрсөн байгаа өнөөгийн байдалд бүлгийн дарга болно гэдэг өөр дээрээ их галыг дуудаж, рейтингдээ их эрсдэл авч ирж байгаа хэрэг биш үү?

-Ардчиллын үнэ цэнийг хамгаалах сөрөг хүчний хүчтэй байр суурийг бий болгохын тулд бид зохион байгуулалттай ажиллах ёстой. Гүтгүүлэх, доромжуулахаас айгаад юу ч хийхгүй байж болохгүй шүү дээ.

Ардын нам зоригтой, дорвитой ажил хийдэггүй гэдэг нь харагдаж байна. Зургаан жил засаглалаа, бодитой хийсэн ажил алга. Өрийг хоёр дахин өсгөчихсөн. Авсан өрөөрөө юу хийсэн юм бэ гэхээр нүдэнд харагдах юу ч байхгүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн 200-хан км замыг л дуусгаж чадахгүй байна. Тэд хэдий муу ажиллаж байгаа ч АН-ыг өөрсдөөсөө илүү муу болгож харагддуулах зүйлийг хийж ирлээ. АН-ыг хувааж чадлаа. Хуваагдал бол улс төрийн нам битгий хэл төрийн бус байгууллагуудыг ч хүчгүй болгодог. Тэгэхээр бид цаашид өөрсдөө зөв зохион байгуулалтад орж, хэн нэгний, тэр дундаа эрх баригчдын тоглоом болохгүй байх нь чухал юм даа. Эрх баригчид сошиалд маш том багтай. Түүгээрээ бусдыг дайрдаг, гутаадаг. Үүнийг хүмүүс мэддэг болчихсон. Фэйсбүүк, твиттер идэвхтэй хэрэглэгчид хэн нь аль талыг барьдаг, аль нь хуурамч хаяг вэ, хэн яаж ажилладаг вэ гэдгийг мэддэг, ойлгодог болчихсон. Хоёр жилийн дараа бүр тодорхой болчихно. Монголчууд ч тэр, залуу үеийнхэн ч тэр их хэрсүү болсон, өөрчлөгдөж байна. Эрх баригчдад хяналт тавьж, сөрөг хүчнийхээ ажлыг хийснийхээ төлөө муу нэр зүүхээс айвал улс төр хийж, УИХ-ын гишүүн болох хэрэггүй шүү дээ.

-Өнөөдөр АН-ын лидерүүдийн нэр хүнд шалдаа буучихлаа. Энэ үед намын нэр хүндийг сэргээж дараагийн сонгуулийн хүчтэй улс төрийн хүчин болгож босгох ирэх хүнийг та хэнийг гэж харж байна?

-Манай намын лидер гээд байгаа ах нар “зөвхөн би л АН-ын дарга болох ёстой” гэсэн бодлоосоо салах ёстой. Тэдний хоорондын зөрчлөөс болж л намд хагарал үүссэн шүү дээ. Х.Баттулга, С.Эрдэнэ гэдэг хоёр хүн хоёулаа маш олон маргаантай асуудалтай. Тэр нь тэднийг болон намыг хүчгүй болгож байна. Дээр нь эрхзүйн чадамжгүй болчихлоо. Тэд байгаа цагт нам нэгдэхэд хэцүү. Тиймээс шинэ хүмүүс гарч ирээсэй л гэж би хүсдэг.

-АН-д шинэ лидер байгаа юм уу. Хэн байгаа юм бэ?

-Лидерүүд өөрсдөө төрдөг. Нам хагаралгүй болчихвол шинэ хүмүүс зөндөө бий. Хэн нэгнийг нэрлэхэд хэцүү байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 27, Сугар гариг. Билгийн тооллын 27, шийдэм од, цагаан луу өдөр. Өдрийн наран 5:01 цагт мандан, 20:37 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 градус, говь, талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ард түмэн түрүүчээсээ гавандаа орж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Ханбогдыг хот болгох
“Өдрийн сонин”-ы санаачилга
бодит ажил болох нь ээ” гэснийг I-V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монгол дахь Америкийн
худалдааны танхим (“Ам
Чам Монгол”)-ын
Бодлого хариуцсан
захирал Г.Жавхлантөгс “Гадаадын хөрөнгө
оруулалтыг татъя гэвэл Засгийн
газар “гэрээ цэвэрлэх” хэрэгтэй” гэв.
.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ” “Ард түмэн түрүүчээсээ гавандаа орж байна” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Экспертүүд парламентын төлөөлөх чадварыг сайжруулах үүднээс гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үздэггэлээ.

Цаг уур орчны шинжилгээний мэргэжилтэн Г.МөнгөнбаатарЗургадугаар сард
тариалангийн бүс нутгаар
хур орох төлөвтэй байна” хэмээн ярьсныг I болон “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Хуульч, өмгөөлөгч
Г.Баасан “Доромжлох, шүүмжлэхийг
Эрүүгээр биш, Иргэний хуулиар
зохицуулах хэрэгтэй” гэв.

Иргэн Д.Монголхүү “Нийгмийн нөхцөл байдал 1990 оны
цэг дээрээ эргээд оччихлоо” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хяналтгүй олон цагийн хэрэглээнээс болж хүүхдүүдийн дунд хараа муудах эмгэг илэрч байна DNN.mn


“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр энэ долоо хоногт хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлыг хөндөн цуврал сурвалжилгыг бэлтгэж байна.

Энэ удаа бид дэлгэцийн хамаарлаас болж хүүхдийн хараа муудаж байгаа сэдвийг хөндөх болно.

Улсын хэмжээнд харааны эмгэгтэй 30 мянган иргэн байдгийн 80 хувийг 6-15 насны хүүхдүүд эзэлж байна.

Шалтгаан нь хяналтгүй хэрэглээнээс үүдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын зураач хосууд Японд үзэсгэлэнгээ гаргажээ DNN.mn

Японы нийслэл Токио хотод зураач И.Ганбаатар, Б.Болормаа нарын хамтарсан номны зургийн үзэсгэлэн “PinPoint” галерейд нээгджээ.

Тэд гэр бүлийн хосууд бөгөөд Японд очоод 15 жил болж байгаа аж. Энэ удаагийн үзэсгэлэнгээ Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргаж буй гэнэ.

Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Японы ханхүү Акишинономия гэргийн хамт удаа дараа саатан сонирхож байсан бөгөөд энэ удаад ч хааны угсааныхан морилон саатжээ.

Үзэсгэлэн долоо хоног үргэлжилсэн бөгөөд ирэх жил илүү олон хоногоор гарахдаа номоо уран зурагтайгаа хамтад нь дэлгэхээр төлөвлөжээ.

Хосууд СУИС-ийг төгссөн агаад 10 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хүүхдийн зурагт ном бүтээсэн байна.

Мөн хүүхдийн номоо Монгол, Япон, Хятад, Солонгос, Тайван, Франц, Швед, Дани, Канад, Вэнэсуэл зэрэг орны хэлээр хэвлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулна DNN.mn


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсныг дурдаад, цаашид баримт бичигт стратегийн тэргүүлэх гурван чиглэлийг тодорхойлсон. Үүнд хүний хөгжил, ногоон хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх орсон бөгөөд энэ хүрээнд цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийллээ. Мөн тэрбээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй өдөрлөгийг ирэх есдүгээр сард зохион байгуулахад нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулснаар нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, цаашид НҮБ болон түүний системийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж нэмэгдэж буйг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хотыг илүү ногоон, хүртээмжтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хот болгохын төлөө нийслэлийн зүгээс анхааран ажиллаж буйг дурдаж, дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлсэн юм. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахад нийслэл дэмжин ажиллахаа илэрхийлэв.