Categories
мэдээ нийгэм

АТГ: Өнгөрсөн долоо хоногт 24 объектод нэгжлэг хийжээ DNN.mn

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны дөрөвдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 103 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 604 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 571 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэгт 24 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Баяр наадмын тухай хуулийг УИХ-д өргөн барилаа DNN.mn


Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зургаан хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

3. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга

4. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

6. Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Categories
мэдээ эдийн-засаг

Банкуудын IPO гаргах хугацааг 2023 он хүртэл хойшлуулах санал гаргажээ DNN.mn


Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2022 оны зургадугаар сарын 30-аас өмнө банкны системд нөлөө бүхий арилжааны таван том банкийг /Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк/ олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болгохоор хуульчилсан.

Энэ хүрээнд банкууд хувьцаагаа олон нийтэд арилжаалах бэлтгэл ажилдаа ороод байв. Монголын хөрөнгийн биржээс ч банкуудын IPO-г зохион байгуулах бэлтгэл ажил, системийн найдвартай байдлыг хангаж байв.

Гэтэл ОУВС-аас Монголын банкуудын IPO гаргах үйл ажиллагааг түр хойшлуулах шаардлагатайг анхааруулсан. Учир нь, IPO гаргах банкуудын активт үнэлгээ хийж, зохистой харьцааны үзүүлэлтийг дахин шалгах шаардлагатай гэж үзжээ.

Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монголбанкнаас банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 хүртэл нэг жилээр хойшлуулах санал гаргажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТОО БАРИМТ: “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэлзүй” IV чуулганаар дурдагдсан тоо баримт DNN.mn

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэлзүй” IV чуулган өчигдөр болж өндөрлөлөө.

Тус чуулганаар цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёсзүйн код ба гэмт хэргийг мэдээлэх, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл зэрэг асуудлыг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.


ИНГЭЭД ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕЭР ДУРДАГДСАН ТОО БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА


2021 оны байдлаар Монгол Улсын хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Үүнээс 18-40 насныхны буюу 93 хувь нь фэйсбүүк ашигладаг.

Сошиал идэвхтэй хэрэглэхийн хэрээр цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн ёс бус үйлдлүүд ихэссэнээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болж буйг илтгэгчид дурдсан юм.


МОНГОЛ УЛСАД .MN ДОМЭЙН НЭРТЭЙ 17161 ХАЯГ БАЙГААГААС 10129 НЬ БУЮУ 60 ХУВЬ НЬ ИДЭВХТЭЙ БАЙНА


Үндсэн бүртгэгч байгууллага Датаком ХХК- 10236

Гэрээт бүртгэгч: 6 компани

Бүртгэл хийсэн: 7324

ДОМЭЙН НЭР:

  • Мэдээ, мэдээлэл-384
  • Цахим худалдаа-556
  • Цахим тоглоом-8
  • Цахим үйлчилгээ-1228
  • Хувийн байгууллага- 3236
  • Төрийн байгууллага- 271
  • Санхүү үйлчилгээ- 199
  • Мэргэжлийн холбоо- 200
  • ОУ-ын байгууллага- 55
  • Бусад- 3996 байна.


2022 ОНЫ ЭХНИЙ 4 САРД ЦАХИМ ОРЧИНД 3661 ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ


  • 2020 онд – 1107 гэмт хэрэг
  • 2021 онд – 5697 гэмт хэрэг
  • 2022 оны эхний 4 сард 3661 буюу нийт 10465 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн энэ онд 1300 орчим хаяг хязгаарлажээ. /Мөрийтэй тоглоом-30, Садар самуун-3, Оюуны өмчийн 13/

2021 онд хандах эрхээ алдсан 4 тохиолдол байна.


Б.Сэмжидмаа: Цахим гэмт хэрэг сүүлийн жилүүдэд хил дамнасан байдлаар идэвхжиж эхэлсэн


Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа “Сүүлийн жилүүдэд цахим орчинд залилах гэмт хэрэг өссөн. Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр залилах гэмт хэрэг нь 2019 онд өмнөх оноосоо 12 хувиар өссөн бол 2020 онд 8 хувиар өссөн. Харин 2021 оны эхний гурван сарын байдлаар 6558 гэмт хэрэг бүртгэгдэж байв. Тэгвэл 2022 онд 28 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Эдгээр гэмт хэргийн 4074 нь зөвхөн цахим орчинд үйлдэгдсэн. Баянгол дүүргийн хэмжээнд гэхэд 1065 цахим гэмт хэрэгт бүртгэгдсэн нь өмнөх оноос 55 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2021 онд 17.5 хувь, 2022 онд харин буурсан ч гэсэн учруулсан хохирол нь асар их байгаа юм. Цахим гэмт хэрэг сүүлийн жилүүдэд хил дамнасан байдлаар идэвхжиж эхэллээ. Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт залилах гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна” гэлээ.


ЗАЛИЛАХ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭДИЙН ТОО /Баянгол дүүргийн хэмжээнд авч үзэв/

Тоон үзүүлэлт:

  • 2019 онд 1315
  • 2020 онд 1192
  • 2021 онд 1412
  • 2022 оны нэгдүгээр улиралд 1062 иргэн хохирчээ.



Э.Баярбаясгалан: Тухайн үед охины нэр зургийг ил гаргаснаар насанд хүрээд тэр бичлэгээ устгуулъя гэж ЦЕГ-т удаа дараа хүсэлт гаргасан


Харин ЦЕГ-ын ГБХХЭГХТХ-ийн дарга, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар сэтгүүлчид мэдээлэл бэлтгэхдээ охины нэр зургийг ил тод харуулж, охиныг нүцгэлэн эмчид үзүүлж буйг хүртэл тод харуулсан. Охин асрамжийн газарт өсөж байгаа бөгөөд насанд хүрэх үедээ энэ бичлэг өөрт нь сайн нөлөө авчрахгүйг мэдэх учраас энэ бичлэгийг устгаж өгөөч хэмээн ЦЕГ-аас удаа дараа хүсэлт гаргасан. Мөн үнэртүүлэгч зардаг хүүгийн тухай мэдээллийг сэтгүүлчид цензургүй тарааснаас үүдэн хүү амиа хорлосон бодит жишээ ч бий” хэмээн ярив.


Г.Гүнжидмаа: Сүүлийн долоон жилд сэтгүүлч ёсзүйн алдаа гаргасан гэх 500 гаруй гомдол хүлээн авсан


Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн зөвлөлд сүүлийн долоон жилд сэтгүүлч ёсзүйн алдаа гаргасан гэх гомдол 500 гаруйг хүлээн авсан. Жилд 100 орчим ирдэг. Үүний 3/1 нь ялгаварлан гадуурхалт, хувийн амьдрал, гүтгэн доромжилсон агуулгатай байсан

Сэтгүүлзүй чанаржиж байгаа. Редакци ажилчдаа цалинжуулах, татвар нийгмийн даатгалаа төлөх зэргээр амьдрах хэрэгтэй. Орлогын олон янз байдлыг дэмжих боломж харамсалтай нь манайд гарч ирсэнгүй. Хараат бус мэргэжлийн редакцийг дэмжих асуудлыг дэлхий нийт гаргаж ирж байна. Та нар хичээгээд ёсзүйтэй мэдээлэл бэлтгэ гээд хаячихвал хэдэн редакци тунаж үлдэх вэ. Хэдэн жилийн өмнө 70-80 хувь нь эзний хамааралтай байсан. Одоо энэ байдал буурсан. Бие даасан редакциуд маш их гарч ирлээ. Эрхзүйн хязгаарлалтаас улбаалсан цензур Монгол Улсыг хараат, хагас эрх чөлөөтэй гэж ойлгуулж байгаа” гэв.


Ж.Гантулга: Хэн ч байсан хүүхдэд хүчирхийлэл гаргаж болохгүй


СЭМҮТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулга “Хүүхдээ сошиал орчинд хэр их цаг зарцуулж буйг мэдэхийн тулд доорх зургаан асуултад хариулаарай. Эдгээрээс гурваас дээшээ асуултад “тийм” гэж хариулж байвал эрсдэлтэй гэсэн үг.

  • Тэд ихэнх цагийг сошиал орчны тухай бодож, түүнийг хэрхэн ашиглах талаар бодож байна уу?
  • Сошиал орчны хэрэглээ улам л нэмэгдсээр байгаа юу?
  • Өөрсдөдөө тулгамдсан асуудлаа мартахын тулд сошиал медиа ашиглаж байна уу?
  • Сошиалд зарцуулж буй цагаа багасгах гэсэн бүтэлгүй оролдлого хийсэн үү?
  • Сошиал тэдний ажил сургууль, хичээлд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн үү? зэрэг асуултад “тийм” гэсэн хариулт өгвөо таны хүүхэд сошиалд хамааралтай болсон гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр, сошиал замбараагүй хэрэглээ өсвөр насныханд ялгаварлан гадуурхалт, цахим дээрэлхэлтийг бий болгож байгаа учраас энэ чиглэлд хэвлэл мэдээлэл хамтран ажиллах ёстой. Мөн заавал Сэтгэцийн эрүүл мэндийн газарт очилгүйгээр 1800-2000 дугаарт залган зөвлөгөө мэдээлэл аваарай. Хэн ч байсан хүүхдэд хүчирхийлэл гаргаж болохгүй” гэлээ.

Монголын сайтын холбооноос “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэлзүй” сэдвийн хүрээнд уриалга гаргасан бөгөөд тухайн урилгыг сайжруулан бусад хэвлэл мэдээллийн салбарт хүргүүлсний дараагаар нийтэд ил болгоно.



Categories
мэдээ нийгэм

Монгол уур амьсгалын эрсдэл ихтэй 10 орны тоонд орж байна DNN.mn

“Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсролыг дэмжих нь” Азийн орнуудын Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын багш нарын хурал манай улсад болж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй олон улсын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг манай улсаас МУБИС, МУИС, гадаад талаас ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, Японы Окаяама Их сургууль хамтран зохион байгуулж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэл их 10 орны нэгэнд орж буйг хурлын үеэр хөндөж байлаа. Уур амьсгалын өөрчлөлт, сөрөг нөлөө нь зөвхөн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүйгээр нийгмийн бүх салбарт нөлөөлөх болсон. Дэлхийд өнөөдөр үүссэн уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөний буруутай үйлдлээс голлон шалтгаалсан үүдэлтэй. Тиймээс залуу үе, ирээдүй хойчид боловсролоор дамжуулан Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг сургах байдлаар боловсролын системд даацтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг судлаачид хэлж байна.

Олон улсын хурлаар ТХБ-оор бэлтгэгдэн гарч буй багш нар энэ талаар өөрийн мэдлэг хандлага дутуу байгааг хөндлөө. Тиймээс Азийн болон дэлхийн олон орон багш бэлтгэх хөтөлбөртөө ТХБ-ыг тусган зөв хандлагатай иргэдийг бэлдэх шаардлагатай байгааг хурлыг зохион байгуулагч МУБИС-ийн Гадаад харилцааны дарга, доктор Д.Үүрийнтуяа тодотгож байна.


Иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар системтэй боловсрол олгоно. Багш мэргэжлээр сурч буй оюутнуудад Тусгай хөтөлбөр эхлүүлэхээр боллоо.


Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхий нийтийн боловсролын чиг хандлага багш бэлтгэх хөгжлийг дэмжих зорилготой төслийг хэрэгжүүлснээр боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний талаар нотолгоо цуглуулж, зөвлөмж гаргах юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн зөвлөх Мита Нангиа Госвами хэлэхдээ, олон улс оронд цаг агаарын эрсдэлтэй үзэгдэл болсоор байна. Энэ нь эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хийж буй Засгийн газруудын алдаатай бодлого, шийдвэрээс үүдэлтэй байна. Тиймээс иргэддээ одооноос уур амьсгалын өөрчлөлт юунаас болж буйг нэн даруй ойлгуулах нь чухал байгааг онцоллоо. Учир нь одоогийн бидний үйл ажиллагаанаас ирээдүй шалтгаалах гээд байна. Багш, сурган хүмүүжүүлэгч нар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх боловсролын талаар маш сайн ойлголттой байж, түүнийг хэрхэн яаж заах арга барилтай, мэдэж байх ёстой гэв.

Хуралд МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Т.Чулуун Тогтвортой хөгжлийн индексээр улс орнуудыг эрэмбэлсэн судалгааны талаар танилцууллаа. Тэрбээр хүний хөгжлийн индекс дээр тулгуурлан энд байгаль орчны үзүүлэлтийг нэмж оруулан, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ, нэг хүнд ногдох материалын ул мөрийн үзүүлэлтийг мөн нэмж тооцон Тогтвортой хөгжлийн 3 үндсэн тулгуур нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үзүүлэлттэй нэгтгэж буйг онцолж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мэйханэ” хамтлаг монгол яруу найрагчдын шүлгээр дуу бүтээжээ DNN.mn

“World music” урсгалаар туурвидаг “Мэйханэ” хамтлаг 4 монгол шүлгээр дуу зохиож шинэ цомогтоо багтаажээ.

Францын Buda Musique лэйблээр гарч буй энэхүү цомог 6 дугаар сарын 10-нд Парист нээлтээ хийж олон улсад цацагдах аж. Яруу найрагч Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын шүлэг ийнхүү олон соёлын нэгдмэл шинжтэй өвөрмөц дуу болжээ.

“World music” буюу “Дэлхийн хөгжим” урсгал нь уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон бүтээлүүдэд суурилж шинэ хөгжмийн зохиомж, найруулга хийдэг онцлогтой аж.

Франц, иран хөгжимчдөөс бүрдсэн “Мэйханэ” хамтлагийн онгод бүтээлийн эх нь европ, монгол, иран ардын хөгжим юм. Зүүн Европын хүчирхэг хоолой, чөлөөт орон зайн мэдрэмж Монгол хөөмийн гүн гүнзгий хөгтэй нэгдэн нийлснээр гэгээлэг хийгээд увдислаг бүтээлүүд төрдөг. Чавхдаст хөгжмийн эгшиг нь Азийн тал хээр, Андалүзийг санагдуулан дуурьсдаг бол цохивор хөгжмийн хэмнэл нь перс уламжлалд суурилдаг аж.

Эдгээр шүлгийг Парисын Дорно дахины их сургуулийн багш, орчуулагч Ш.Номиндарь сонгож орчуулснаар өрнө дорнын гурван улсын соёл шингэсэн дөрвөн дуу ийнхүү төржээ.

Шинэ цомгийнхоо дуунуудад тус хамтлаг Персийн сонгодог яруу найрагч Хафез, грек суутан Яннис Ричосын шүлгүүдийг сонгосон байна.

Ташрамд дурдахад, 1993 онд гарсан “Enigma” хамтлагийн “The Cross of Changes” цомог анх удаа монгол дууны үг аялгууг дэлхийн хөгжимд түгээсэн гэж болно.

“Алсын газрын зэрэглээ”, “Тосонгийн оройгоор” дуу алдарт хамтлагийн уран бүтээлд багтсан бол одоо “The Hu” хамтлаг монголоороо дуулж рок хөгжимд байр сууриа батжуулж яваа юм.

Categories
мэдээ нийгэм

МИАТ компани УБ-Франкфурт чиглэлд 7 хоногт таван удаа нислэг хийхээр судалж байна DNN.mn

МИАТ компани УБ-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаа нислэг хийхээр судалж байна

Агаарын тээвэр, аялал, жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл өчигдөр /2022.05.03/ хуралджээ. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан болон Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ, МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис эйрвэйз ХХК гэсэн үндэсний авиа компанийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар иргэний агаарын тээврийн компаниуд жуулчдад хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад анхаарах ёстойг хэлээд, тарифын асуудлыг тусгайлан хэлэлцэх, авиа компаниудын өгсөн саналыг хүлээн авч, шийдлийг судлахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхан иргэний агаарын тээвэрлэгчдийн ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хамтарч ажиллахыг хүслээ.

МИАТ ТӨХК зургаадугаар сарын 21-нээс Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт 5 удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байна. Улаанбаатар-Истанбул чиглэлд өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК долоо хоногт хоёр, Туркиш Эйрлайнз гурав удаа нисэж байгааг нэмэгдүүлэх саналыг Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ-аас гаргасан.

Харин МИАТ ТӨХК Франкфурт чиглэлд таван удаа нислэг үйлдвэл Истанбул чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжгүйгээ илэрхийллээ. Гэвч Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх эрхтэй тул томилогдсон тээвэрлэгчид тохиролцвол нислэг нэмэгдүүлэх боломжтойг нэмж хэллээ.

Харин орон нутгийн таван чиглэлд Аэро Монголиа ХХК дангаар нислэг үйлдэж байгаа. Хүннү Эйр ХХК 2022 оны 7,8 дугаар сард Мөрөн, Өлгий, Даланзадгад чиглэлд долоо хоногийн хоёр удаагийн жуулчин тээврийн захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Зуны цагийн хуваарьт Даланзадгад, Хөвсгөл чиглэлд өдөр бүр, Өлгий, Ховд, Увс, Улиастай чиглэлд долоо хоногт гурваас доошгүй нислэг үйлдэж, үнэ болон хуваарийг эцэслэх хүсэлт гаргалаа.

Иргэний агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан сургалт хийх хэрэгтэй. Ингэснээр компаниудын уялдаа холбоо сайжрах чухал шаардлагатай байгааг Аэро монголиа компанийн төлөөлөл хэлэв хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Орос цэргүүд Америкийн “John Deere” компанийг дээрэмджээ DNN.mn

Украины Мелитополь хот эзлэгдсэний дараа орос цэргүүд тус хотод байдаг Америкийн “John Deere” компанийн хөдөө аж ахуйн машин техникүүдийг дээрэмдэж, нутаг руугаа ачуулжээ. Мелитополь хот дахь тус компанийн гэрээт борлуулагч Агротекийн төлөөлөгч нийтдээ 5 сая ам.долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн машин техникүүдийг дээрэмдсэний ихэнх нь Чечень рүү ачигдсан гэсэн байна. Нийт 27 техник ачигдсанаас зөвхөн нэг комбайны үнэ нь 300,000 ам.доллар хүрдэг ажээ. Машин техникүүдийг ОХУ руу ачих ажиллагаа Оросын цэргийн бүлэглэлүүд хоорондоо өрсөлдөн өөр өөрийн нутаг руу ачуулж өрсөлдөөнтэй бас нэлээд зохион байгуулалттай байсныг Агротекийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Тэд Оросын зэвсэгт хүчний “Z” тэмдэглэгээ бүхий машинд эдгээр техникийг ачиж тээвэрлэсэн байна. “John Deere” компанийн техникүүд газар зүйн байрлал тодорхойлох “GPS” системтэй байдаг тул хаана хаана очсоныг нь тодорхойлж чаджээ. Хамгийн хол нь Чечений Захан Юрт тосгонд очсон байгааг Агротек компанийн төлөөлөгч мэдээлсэн байна. Тэрээр эдгээр техникүүдийг зайнаас ажиллагаагүй болгож чадсан тухай мэдээлжээ.

Одоо дээрэмдсэн техникүүдийг задалж зарах замаар ашиг олох ганц боломж байгааг Агротекийн төлөөлөгч ярьсан байна. Зөвхөн машин техникээр тогтохгүй Мелитополь орчмын зоорь агуулахуудаас олон зуун мянган тонн үр тариаг Орос руу ачуулсан тухай гэрчүүд мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

500 иргэнээс​ хандив гуйж таван сая төгрөг залилсан иргэнийг торгожээ DNN.mn


Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залилан мэхэлсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүллээ.

Тодруулбал, иргэн М.Г нь олон нийтийн сүлжээнд бусдын өвчтэй хүүхдийн зургийг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараан, өөрийн банкны дансаар нэр бүхий 500 иргэнээс нийт 5 сая гаруй төгрөгийг шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд, иргэн М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд иргэд хандив, тусламж хүссэн зар мэдээллийн үнэн эсэхийг нягталсны үндсэн дээр бусдад мөнгө хандивлаж байх, танихгүй хүнийг фэйсбүүкийн найзаар хүлээн авахгүй байх, хувийн мэдээллээ нууцлахад анхаарах, мөн зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо зэрэг агуулгатай мессэж, мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлоорой.

Categories
мэдээ нийгэм

“Ковид”-ын түр хороо хуралдана DNN.mn


Ковидын түр хороо өнөөдөр /2022.05.04/ 15.00 цагаас хуралдахаар товложээ.

Хуралдаанаар: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох юм байна.