Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ш.Доржсүрэн: 24 жилийн дараа дүрдээ давтан тоглолт хийнэ гэдэг баргийн жүжигчинд тохиолдохооргүй хувь тавилан DNN.mn

“DOZ” энтертаймент студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа “Тамгагүй төр” жүжгээр эхэлье. Таны бүтээж буй том хүү “Ачир”-ын дүр хүмүүсийн сэтгэлд нэлээд нийцэж буй нь сошиалаар шуугьж байгаагаас мэдрэгдэж байна. Дүрийнхээ судалгааг хэрхэн хийв, юуг харуулахыг зорьж байна вэ?

-Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” жүжигт 1998 онд одоогоос 24 жилийн өмнө ардын жүжигчин Л.Жамсранжав гуайтай анх хамтран тоглож байлаа. Тухайн үед би дөнгөж 23 настай залуу байлаа. 24 жилийн дараа энэ жүжигт өөрийн өмнө оногдсон дүрээ бүтээж байна. Цаг хугацаа хэдийгээр өнгөрсөн ч зүрх сэтгэлд маань энэ жүжиг байж байсныг нээж харлаа. Тэр үед залуу, туршлага дутмаг байсан ч Л.Жамсранжав, П.Цэрэндагва гуай зэрэг аугаа жүжигчидтэй хамтарч тоглож байсан. Тэднийхээ хүчинд, тухайн үед маш өвөрмөц найруулгаар найруулсан Ч.Найдандорж найруулагчийн ач тусаар дөнгөж амьдралд хөл тавьж байх үедээ тоглосон юм байна. Одоо бол идэр насанд ирчихлээ. Тэр үеийн залуу байхдаа бүтээж байсан, одоо бүтээж буй хоёрын хооронд асар их ялгаа бий. Цаг хугацаа, насны хувьд өөр байгаа боловч энэ дүр сэтгэл санааны мухарт байж байна гэж бодон одоо цагийн туршлага, жүжгийг дахин шинээр найруулж буй физикл төрөл жанрт тохируулан тоглосноор дүр их онцлог болж үзэгчдэд хүрч байх шиг байна. Ер нь эерэг, эсрэг талын дүрийг бүтээхэд их бодож тооцоолох, тооцоолсноо зүрх сэтгэлээрээ дамжуулан гаргах зэрэг жүжигчин хүнд ур чадварын олон шалгуур, даваа байдаг. Тэр бүрийг Б.Лхагвасүрэн гуайн хэлдэг шиг “Тархиа базан, тархиараа идэж байж” тайзан дээр гаргаж байна. Мэдээж үзэгчдэд хүрнэ гэдэг нь бидний туйлын зорилго. Бид өөр өөрсдөдөө зориулж, магтаал хүртэхийн тулд тоглодоггүй. Шүүмжлэлийг сонсож илүү сайжруулахыг хүсдэг. Үзэгчдэдээ л зориулдаг учраас бүтээж буй дүр минь үзэгчдэд хүрч байгаад баяртай байна.

-“Тамгагүй төр” жүжгийг өмнө нь найруулагчид хамтран тавьж байсан. Энэ удаагийн жүжгийг “Херо энтертаймент”-ийн Б.Баатар найруулж байгаагаараа онцлог болж байна уу. Өмнө нь найруулж байсан хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ. Энэ удаагийн найруулга ер нь юугаараа ялгаатай вэ?

-Жүжгийг мөнгөний тоогоор бодож болдоггүй ч санхүүжилт сайтай байна гэдэг сайн жүжиг болж гарах үндсэн суурь нь болдог. Бидний өмсөх хувцас хэрэглэл тайз, микрофон, үзэгчдэд хүргэх гэж тэмүүлсэн техникийн шийдлүүд бол асар их үнэтэй. Тухайлбал, жүжигт гадаадын дөрвөн ч хүн ирж нислэгийн техникийг Франц, Германаас хүмүүс ирж, арын дэлгэцийг Австриас хүмүүс ирж бэлтгээд буцацгаасан. Хувцас хэрэглэлийг “Торго” салон судалгаан дээр үндэслэн детальчилж хийсэн байгааг үзэгчид харж байгаа байх. Хуучин театр маань санхүүжилт үгүй байхад даалимбан даавуугаар аргалах, хямд материалаар театрын хувцаснууд хийгддэг байлаа. Энэ хувцсыг музейд тавихад ямар гоё эдлэл хэрэглэлийг хийгээ вэ гэж харагдахаар бүтсэн. “Херо” энтертаймент тайзны хувцас хэрэглэлүүдэд их ач холбогдол өгч, тавьж буй тавилтад маш их хөрөнгө зарцуулсан. Хоёрдугаарт, Ардын дуу бүжгийн чуулга нэрээр Үндэсний урлагийн их театр, Драмын театр, Цирк, Цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг маш олон урлагийн байгууллагууд нийлэн нэг зүгт харж нэг ансамбль болж буй нь энэ жүжгийн давуу тал. Учир нь тус тусдаа үүрэг гүйцэтгэж чадаж байна гэсэн үг. Анх жүжгийг тавихад багт нь байсан хүний хувьд хэлэхэд тэр үед Л.Жамсранжав, П.Цэрэндагва гуай нар жүжгийг үгэн талаас нь хүргэж тоглолтоо хийж байсан. Одоогийн жүжиг хүн талаас нь харж хийж байгаа юм. Хаан гэдэг зөвхөн хаан байх биш, зовлон, жаргал, гансрал, өс, аргагүй байдалд орох зэрэг маш олон нюансуудыг жүжигчин Г.Эрдэнэбилэг маань гаргаж байгаа. Миний дүр эсрэг тал боловч айлын эрх хүүхэд, гэнэн томоогүй зантай зэрэг хүний зан чанарыг өмнөх тоглолтоос арай өөрөөр харуулахыг зорьсон. Нийтэд нь жүжгийг харахад олон зүйлс нийлж нэг өвөрмөц онцлогийг бий болгож байгаа. Энэ нь хөгжим, тайзны шийдэл зэрэг бөгөөд драмын жүжгийг өмнө босоо тайзан дээр тоглож байгаагүй. Анхны налуу тайз. Үзэгчдийн суудлаас үзэхэд алган дээрээ бүх зүйлийг харж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Жүжигт техникийн маш олон дэвшил бий. Эцэст нь хэлэхэд, энэ жүжиг Монголын театрын урлагийн нүүр царай, гадаадын хүмүүс ирэхэд үзүүлэх боломжтой чанартай бүтээл. Монголд драм гэдэг зүйлийг их хүчтэйгээр дэлгэн бахархаж тавьснаараа онцлогтой гэж бодож байна.

-Та “Тамгагүй төр” жүжгийн энэ хувилбарт хэрхэн сонгогдсон бэ?

-“Херо энтертаймент”-ийн найруулагч Б.Баатар намайг Солонгост байх үед холбогдсон. Би дуудагдаж ирсэн гэхэд болно. Б.Баатарын хэлсэн нэг л зүйл бий. “Бид нэг үе. Бид үзэгчдэд болоод цаг үедээ зайлшгүй үлдээх том хэмжээний бүтээл хийх хэрэгтэй. Тийм учраас шилдгүүдийг цуглуулж жүжигт тоглуулахыг хүсч байна. Тиймээс жүжигт таны оролцоо их. Та өмнө нь тоглож байсан дүрдээ тоглооч ээ” гэсэн. Би ч одоо нас явчихсан шүү дээ, хүүхдийн дүр бүтээж чадах уу. Миний ээжид О.Дөлгөөн жүжигчин тоглоно гэж сонссон л доо.

Бид хоёрын насны харьцаа юу билээ, миний охин шиг хүүхэд шүү дээ, би “Ээжээ” гээд тоглоход их асуудалтай гэхэд “Үүнийг таны ур чадвар шийднэ. Та өөрөө хүрч ирэн хариултдаа орох хэрэгтэй” гэсэн. Миний хувьд ч, О.Дөлгөөний хувьд ч санаа зовсон их олон асуулт байсан. Тиймээс үүнийг үзэгчдэд насны ялгааг яаж анзаарагдахгүй байдлаар хүргэх вэ гэх зэрэг их нарийн ажиллагаанууд жүжигт хийгдсэн. Тиймдээ ч үзэгчид маань хүүхэд нь, ээж нь байна гэх насны ялгаагүйгээр хүлээж авч байгааг бас нэг зорилго маань бүтлээ гэж харж байна. Том баг бүрэлдэхүүн намайг урьсан учраас би жүжигт оролцох болсон. Жүжигт оролцсондоо ч хувь заяа баярлахаар зүйл тохиосон. Яагаад гэвэл 24 жилийн дараа дүрдээ давтан тоглолт хийнэ гэдэг нь баргийн жүжигчинд тохиолдохооргүй хувь тавилан гэж бодож байна.

-Анх Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр орж байсан дурсамжаасаа хуваалцаач?

-Тэр үед социалист нийгмийн журам байсан. Тухайн жил төгссөн 50-60 төгсөгчдөөс хоёр хүүхдийг сонгон шалгаруулалтаар театрт урьдаг. Би дөрөвдүгээр курсээ төгсөөгүй оюутан байх үедээ “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио Гуерцио гэх эсрэг талын баатарлаг дүрд тоглолоо. Тэр үедээ шүүмжлэл болон сайшаалыг хамтад нь амссан. Учир нь Драмын театрт олон сайн залуу жүжигчид байхад яагаад оюутан тоглуулж байгаа вэ гэж их сенсаци болсон л доо. Гэхдээ ур чадвараараа тэр бүхнийг хийж чадсан гэж бодон бахархдаг, амьдралын минь сайхан мөчүүдийн минь нэг. Драмын театрт төгсөж ирээд олон гол дүрүүдэд тоглож байлаа. Б.Мөнхдорж, О.Жамбалжамц, Б.Баатар найруулагчдын жүжиг зэрэгт тоглож явлаа. Миний ажиллаж үзээгүй найруулагч ховор. Г.Доржсамбуу найруулагчийг амьд сэрүүн байхад хамгийн сүүлийн “Өрлөг жанжны өчил” жүжигт нь тоглосон. Мөн өөрийн сонирхлынхоо дагуу хоёр мэргэжлээр хос диплом хамгаалж байлаа. Нэг ангид нэг л оюутан суралцах хэрэгтэй байдаг. Түүнээс биш би жүжигчин мэргэжлээр төгсөн найруулагч хийж буй хүн биш. Найруулагчийн мэргэжил нь кино, жүжиг найруулснаар найруулагч гэж цол өгөх зүйл биш. Тусдаа маш их мэдрэмж, олон төрлийн мэдлэгийг шаарддаг, торгон мэдрэмжид ажилладаг тусгай мэргэжил. Тэгэхээр уран зураг, хөгжим зэргийг мэдрэх бүх зүйлийн олон талын суурь мэдлэгтэй, мэргэжлийн онол сайтай байх зүйлд туршлагажих ёстой. Би ХБНГУ-д тодорхой хэмжээгээр мэргэжил дээшлүүлж сурч байгаад ирсэн. Найруулагч болоход хүндэтгэх, их суралцах ёстой мэргэжил. Тэдний дутууг зураглаачид нөхдөг учраас их хямдхан мэргэжил болж хувирч байгаад гол харлаж, харамсдаг. Үүнийг эсэргүүцэхгүй ч найруулагч гэж өөрийгөө хэлж буй бол маш их суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Түүний дараа найруулагч гэх эрхэм нэрийг та өөрөө биш үзэгчид танд өгөх ёстой гэж боддог.

-Таны хувьд тайз болон дэлгэцийн дүр бүтээх юугаараа ялгаатай вэ?

-Би ч өөрийгөө илүү сурч боловсрох хэрэгтэй гэж чамлаж байдаг. Эхнэрийнхээ зан араншинг авсан гэх юмуу даа. Манай эхнэр үргэлж урагшлахыг хүсдэг, одоо ч АНУ-д жүжигчин, продюсерын мэргэжлээр суралцан тархиа цэнэглэж байгаа. Би ч мөн удахгүй араас нь очиж дахин суралцана. Кинонд тоглох гэдэг нь жүжигчнийг богино хугацаанд тухайн үйл явдалд маш хурдан шилжиж орохыг шаарддаг. Дэлгэц гэдэг хөндий, хүйтэн зүйл. Үзэгчид техникээр дамжуулж үзэж буй учраас маш үнэн байж, дотоод мэдрэмжийн тоглолтууд хүчтэй ил байж дэлгэцээс жүжигчний тоглолт нэвтэрч гарч чадахгүй л бол киноны тоглолтыг хийж чадахгүй байна гэсэн үг. Хурдан ситуацид шилжих гэдэг нь зохиолыг жүжиг шиг ар араас нь залгуулж явдаггүй. Энд тэндээс нь сугалж аван, олон үйл явдлыг өөр өөр ситуациудыг тоглодог учраас маш хурдан итгэж, үнэмшиж дүрдээ орж бодон хийх шаардлага киноны жүжигчинд гарч ирдэг. Театрын жүжиг бол өөр. Энд амьд харилцаа оршиж байдаг. Хүмүүсийн телепати гэж байдаг. Хүмүүст хүчтэй эмоци, телепатиг цацаж байж үзэгчдийг өөртөө байлдан дагуулж татаж авч чадах ёстой. Үүний тулд илүү их хүч бяр, хүчтэй эмоци, тоглолтууд театрт хэрэг болдог. Ар араасаа залгуулсан олон эгнээ суудлын бүх хүмүүст өөрийн бодож буй эмоци телепати үзэл бодлыг тулгаж өгөх учраас илүү хүч шаарддаг гэж хэлж болно. Амьд урлагийн нэг зүйл нь амьд харилцаанд суурилдаг. Хүний биологи худлаа зүйлийг огт хүлээж авч чаддаггүй. Худлаа тоглож эхэлбэл үзэгчид халгаад, хойшлоод утсаа оролдож эхэлдэг. Үнэн тоглож буй зүйлд бодсон бодоогүй автсан автаагүй тархиараа ярилцан хүлээж авдаг. Тиймээс театр хэтэрхий үнэнийг шаарддаг, дэлгэц маш торгон үнэнийг шаарддаг гэсэн ялгаатай.

-Одоогоор “DOZ” энтертайментийн уран бүтээлийг үзэгчид их хүлээж байх шиг. Уран бүтээлдээ хэзээнээс эхэлж орох вэ. Хамт олноороо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Би хийсэн уран бүтээл, ажилдаа сэтгэл ханан, хөөрч баярлан онгирсон байр сууринд байдаггүй. Бид дахиад шинийг эрэлхийлж байна. Таван жил гаруй хугацаанд завсарлалаа. Суралцах зүйл их байна гэж л бодож байсан. Бид хийж буй зүйлээрээ залуучуудад урагшлуулах зам жимийг гаргаж өгөх юмсан гэж боддог.Түүний нэг хэлбэр нь бид гадаадын зах зээлд гарахын тулд 15, 16 жил ажиллалаа. Түүнээс хойш олон залуус гадаад оронд зураг авч байна. Манай энтертаймент хүний явсан замаар биш, өөрсдийн явсан замыг гаргах гэж замгүй газраар явдаг гэж хэлж болно. Харин тэр замаар залуучууд үргэлжлүүлэн гарч, болдог юм аа гэх боломжийг нээж өгөх ёстой юм. Бидний үе азгүй хэрнээ нэг талаасаа азтай. 1990-ээд оны үе ямар хэцүү байв. Энэ бүрийг дахин эхлүүлж дахин хүмүүсийг татан үзүүлж, алдаж онон Монголд ийм урлаг бий гэдгийг манай үе нуруун дээрээ үүрч босч ирсэн. Одоо энэ замаар залуучууд урагшилна биз. Залуучууд цаг үеийг ийм л байсан юм шиг санадаг байх. Бидний үе та нарын маань хийж бүтээх суурь нь болж сөхөрч, унаж бүдэрч босон үүнийг бүтээлцэж өгсөн гэдгийг мартаж болохгүй. Яагаад гэвэл хүмүүс энэ чигээр нь л байсан юм шиг бүх зүйлийг мартдаг, орхидог. Тухайн цаг үеийг мэдрэхгүй учир үл тоосон хандлагаар ханддаг. Гэтэл яг үнэндээ бидний суурь дэвсгэрийг алтан үеийн жүжигчид бэлдэж өгсөн. Бид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт бие биенийгээ хүндлэн хайрлаж, зөвийг нь авч урагшлах ёстой. “DOZ энтертаймент” энэ жил алдсан алдаа, оносон оноонуудаа бататган хүмүүс үзэхэд олон улсын стандартад нийцжээ гэж хэлэгдэхүйц стандартын кинонуудыг хийх эрмэлзэлтэй зохиол, төсөл зэрэг бүх зүйл бэлэн болгохоор ажиллаж байна.

-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн ямар дүр байдаг вэ?

-Энэ нь олон нийтлэг талтай. Миний хийж буй зүйлийг үзэгчид үзээд инээгээсэй гэж боддог. Бидний амьдралын хэв маяг их стресстэй байна. Тиймээс үзэгчдийг инээлгэж байгаад төгсгөлд нь нулимс гаргах дуртай. Миний хүүхэд байхдаа тоглосон ээрүү, гацаа хүүгийн дүр бий. Энэхүү дүр нь гэгээтэй, хүмүүст туслах гэж хичээж буй гэмгүй жирийн дүр. Тэр дүрээ их хайрлаж, бодож явдаг даа. Миний тоглосон дүрүүд ихэнх нь эерэг дүр байдаг. Сүүлийн үед нас яваад тэр юмуу эсрэг дүр бүтээж байна. Эсрэг дүр ч гэсэн эерэг дүрээ гаргахын тулд илүү ажилладаг ажиллагаатай учраас хийхэд урамтай, хийц их шаарддаг. Хар өнгө байж байж цагаан өнгө ямар байдаг вэ гэдэг нь хүмүүст ялгарч харагддаг шиг цагаан өнгийг тодруулахын тулд хар өнгө болж буйдаа баяртай байдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Бүх зүйл ил тод байхад заавал УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэн шалгах шаардлага байгаа гэж үү DNN.mn


УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Улсын ерөнхий прокуророос та дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирлээ. Таныг эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгажээ. Тантай нэр холбогдсон “Вертекс майнинг партнерс” гэдэг компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Зээлийн эргэн төлөлт нь ямар байгаа талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?

-Энд дурдагдаад байгаа компани бол манай эгчийнх. Таван толгойд нүүрсний хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг компани. Миний санаж байгаагаар 2016, 2017 оны үед байгуулагдсан. Анх 2018 онд Хөгжлийн банктай зээлийн харилцаанд орж байсан юм билээ. Тухайн үед найман тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зээл авсан гэдэг.

Тэрийгээ төлөөд 2019 онд төслийн шинж чанар нь өөрчлөгдсөн гэж ярьж байсныг нь мэдэх юм байна. Таван толгойн уурхайн 300 метрийн гүнээс шороогоор нүүрсээ зөөдөг.

Тэгэхээр хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага үүссэн гэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний хүрээнд олборлох хэмжээ нь нэмэгдсэн болохоор тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай болж л дээ. Анх эднийх 500 мянган куб метрийн талбайд ажил хийдэг байсан. Энэ хэмжээ нэг сая куб метр болонгуут тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Иймд 2019 онд Хөгжлийн банкнаас зээл авъя гэж хүссэн юм байна лээ. Тухайн жилийн арванхоёрдугаар сарын сүүлээр зээл олгох шийдвэр нь гарсан байгаа юм. Арилжааны банкнаас иргэн, аж ахуйн нэгж яаж зээл авдаг билээ дээ. Яг тэрэн шиг процедураар эгчийн маань компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Эхлээд тус банкнаас 54 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт өгсөн гэсэн. Барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй юм байна гэж буцаагдаж явсаар 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоо үүссэн нөхцөл байдлын хувьд зээл олгоход намайг нөлөөлсөн юм биш үү гэж яллаад байгаа. Нөлөөлсөн гэдгийг сайн ойлгохгүй байна. Иргэн Хашчимэг, Ганхуяг нар тэр олон хүнд нөлөөлөлх боломж байхгүй шүү дээ. Байгаа бол тэрийгээ нотлох баримт болгох ёстой биз дээ.

Эгчийн компани Хөгжлийн банкнаас 13 хувийн хүүтэй зээл авсан. Сүүлийн хоёр жил арилжааны банкнуудын хүү 11, 12 хувьтай байлаа. Тэгэхэд хамаг барьцаа хөрөнгөө байршуулчихаад 13 хувийн хүүтэй зээл авна гэдэг бол бага биш. Өнөөдрийн байдлаар 10-аад тэрбум төгрөгийн хүү төлчихсөн. Үндсэн төлбөрт 17 тэрбум төгрөг төлсөн дүнтэй байна. Өнгөрсөн жил цар тахлын улмаас үйл ажиллагаа нь бүтэн зогссон. Энэ хооронд зээлийн хүүгийн төлбөрийг нэг ч удаа тасалдуулаагүй. Тэр байтугай илүү төлөлттэй яваа. Үйл ажиллагаа зогсонги байсан ч гэсэн банкны зээлээ тасалдуулалгүй, ажилчдаа цалинжуулж байсан гэсэн. Ингээд өнгөрсөн арванхоёрдугаар сараас үйл ажиллагаа нь жигдрээд явж байгаа.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа таны хамаарал бүхий дээрх компанид давуу байдал олгосон гээд байгаа шүү дээ?

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэрхэн яаж нөлөөлснийг би хувьдаа мэдэхгүй, ойлгохгүй байна. Манай эгч болон миний бие түүнд хэрхэн яаж нөлөөлсөн юм бэ. Тэрийг нотлох баримт болгох ёстой гэж дахин хэлье. Тэгээд ч Хөгжлийн банкны хуулиар аливаа зээлийг захирал нь дангаараа олгодоггүй. ТУЗ-ийн хамтын шийдвэрээр зээл батлагддаг хуультай. Яг үнэндээ ТУЗ-ийн тэр олон хүнд миний зүгээс нөлөөлж, зээл авсан гэдгийг сайн ухаж ойлгохгүй байна. Тэрийг хууль хяналтын байгууллагынхан нотолж гаргаж ирэх ёстой байх. Банкны дотоод процессыг бид мэдэхгүй шүү дээ. Банкны зүгээс иргэн, аж ахуйн нэгжид ямар шаардлага тавьж, зээлтэй холбоотой ямар материал нэхнэ, түүнийг нь бүрдүүлж өгдөг дөө. Энэ шат дамжлагыг банкнаас зээл авсан хүн бүр мэднэ.

Иймэрхүү байдлаар үргэлжилсээр дээр хэлсэнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр зээлийн шийдвэр гарсан байдаг. Барьцаа хөрөнгүүдээ байршуулаад, тэр хэмжээгээрээ зээлээ ав гэдэг шийдвэр гарсан юм билээ. Авч байгаа тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгө зэргээ барьцаанд нь байршуулаад зээлээ аваач гэсэн байгаа юм. Ингээд зөвхөн зээл авах үйл явц нь 2-3 сар дамнасан гэдэг.

-Халдашгүй байдлын дэд хороо хэргийн материалуудтай танилцаж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд шийдвэрээ гаргаад холбогдох байнгын хороонд танилцуулна. Танд өөрийгөө буруугүйг нотлох баримтууд хангалттай байгаа юу?

-Энэ компани жилийн 30-40 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилладаг. Цар тахлын нөхцөл байдлаас болоод зарим тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлт нь хил дээр саатаад 2020 оны сүүлээр зээлээ авсан юм шиг байгаа. Одоо надад үүсгэгдээд байгаа нөхцөл байдлын хувьд зээлд нөлөөлсөн болон барьцаанд тавьсан тоног төхөөрөмж яагаад саатаж ирэв гэсэн хоёр асуудал хамаатуулсан. Зээлийн гэрээ зэрэг шаардлагатай материалуудыг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдэд тараана. Мөрдөгч болон прокурорын байгууллагад гаргаж өгөхөөр материалуудыг нь бэлдээд сууж байна.

Төслийн хувьд 1000 гаруй ажлын байр бий болгосон. Аж ахуй эрхэлж үзсэн хүмүүсийн хувьд харахад асуудалгүй. Харин зээл олон удаа эргэж буцаж, Г.Амартүвшин бид хоёр бие биеэ таньдаг гэдэг үндсэн дээр буруутгах нь ойлгомжгүй юм. Ер нь бие биеэ таньдаг байлаа гээд дураараа зээл олгодог асуудал аль ч банкны удирдлагад байхгүй.

-Танай нам Хөгжлийн банктай холбоотой арваад хүний нэрсийг эхлээд оруулж ирсэн. Энэ дундаас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг та гурвыг прокуророос түдгэлзүүлэх хүсэлт ирлээ. Бусад нь сугараад үлдчихэж. Энэ үйл явцыг та юу гэж харж байна?

-Ний нуугүй хэлэхэд, би өөрөө сайн ойлгохгүй байгаа. Бүх зүйл ил тод байна. Би сонгууль болохоос өмнө энэ тухай хэлж байсан. Манай эгчийн компани Хөгжлийн банкнаас зээл авч байсан шүү гэж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд байнга л ингэж байна, тэгж байна гэсэн мэдээ шуугьж байлаа шүү дээ. Муу нуухаар сайн илчил гэдэг. Яг үнэнийг хэлэхэд, энэ болж байгаа процессыг сайн ойлгохгүй л байна. Миний бие 2018 онд Канад руу сургуульд сурахаар явсан. 2019 оны эхний хагас жил тус улсад сурч байсан. Харин дараагийн зургаан сард нь аяллын нэвтрүүлэг гээд Монголд байхаас байхгүй нь их байлаа. Хүний байтугай өөрийнхөө ч компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй хүн шүү дээ, би.

-Таны хувьд заавал гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэх гээд байна уу?

-Хэрэг үүссэнээс хойш яг л дуудсан цагт нь очоод мэдүүлэг өгч байгаа. Энэ шалгагдаж байгаа аж ахуйн нэгж нь өөрийн зүгээс бүхий л бичиг баримтуудаа хангаж өгсөн байна лээ. Миний зүгээс ч гэсэн шаардлагатай зүйл байвал сайн дураараа аваачиж өгөх боломжтой.

Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгахдаа заавал гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлага байсан уу гэдэгт эргэлзээд л байгаа. Бүх зүйлс нь ил тод, шалгаад явж байгаа шүү дээ.

-Бүрэн эрхээс тань түдгэлзүүлж байгаа шалтгаан бол албан тасалгаа, орон гэр, оффист бүрэн нэгжлэг хийх боломжтой гэж тайлбарлах байх?

-Тийм тайлбар явж байсан. Гэхдээ Х.Ганхуяг зээл аваагүй. Манай эгчийн компани зээл авсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

-“МАН-ын удирдлагууд дараагийн сонгуульдаа бэлдээд эхэлжээ” гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна л даа. Өөрийнхөө фракцийн хүчийг томруулах гэж үгэнд орохгүй гишүүдээ намаас зайлуулахын тулд Хөгжлийн банкаар далимдуулаад хэдэн нэрс оруулаад ирлээ гэх юм..

-Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга.

-Халдашгүй байдлын дэд хорооны хурал хоёр удаа хойшилчихлоо. Энэ хорооны гишүүд өөрсдийнхөө фракцийн хүнийг сугалж авах тохироогоо хийж байна гэж ярьцгааж байна лээ?

-Хойшилсон шалтгаан нь тодорхой байгаа. Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Хорооны нэг гишүүн Н.Энхболд гуай ковид тусаад өвчтэй гэсэн. Ингээд үлдсэн дөрвөн гишүүн санал хураахаар тэнцэж болзошгүй гээд хойшилж байгаа байх.

-Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг УИХ-ын даргад өгсөний дараагаар таныг “кнопны найраа хийж байна” гэх мэдээлэл Төрийн ордонд тарсан байсан. Таны тайлбарыг сонсъё?

-Энэ бол ташаа мэдээлэл. Тийм зүйл огт байхгүй.

-Таны хувьд АН-ын угшилтай болохоор МАН-аас гар сунгах хүн алга гэсэн яриа дуулдах боллоо. Намынхаа удирдлагуудтай таарамжгүй харилцаа үүсчихэв үү?

-Би 2017 онд МАН-д элссэн. Намынхаа квотоор УИХ-д нэр дэвшсэн. Намын удирдлагуудтайгаа маргалдаж, зөрчилсөн асуудал байхгүй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин үхэр өдөр DNN.mn

2022.4.30, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.30, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 05.36-20.03
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндий болон Дорнод-Дарьгангын талаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас Монголд нийлүүлэх шатахууны үнийн талаар санал солилцлоо DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.В.Груздевтэй Москва хотноо энэ сарын 27-ны өдөр уулзав.

Уулзалтаар манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг гуравдагч улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд шууд харилцан хамтран ажиллаж байхаар тохирлоо.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг Екатеринбург хотноо ирэх 7 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд болох олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” XII үзэсгэлэнд урьж, тус арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийн өргөн төлөөлөл оролцуулахыг хүсэлт болгов.

Дэд сайд С.Батнайрамдал Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын төлөөлөгчдийн хамт “Роснефть” компанийн удирдлагуудтай 4 дүгээр сарын 28-ны өдөр уулзаж, ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж, түүнчлэн түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр монголын талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг “Роснефть” компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг судлах үүрэг өглөө DNN.mn

Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдсан. Үүгээр дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.

Хүнсний салбарынхны Засгийн газарт тавьсан саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах шуурхай ажлын хэсэг байгууллаа

Коронавирусын халдвар, ОХУ болон Украины хооронд үүссэн хямралт нөхцөл байдлын улмаас манай улсын хүнсний хангамж, нийлүүлэлтэд тулгамдаж байгаа асуудал болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй энэ сарын 28-ны пүрэв гаригт уулзсан. Энэхүү уулзалтын талаар Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
-Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байх;
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хүнсний тухай, Хөдөлмөрийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж танилцуулах;
-Экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дулааны боловсруулж, бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны гуравдугаар улиралд багтааж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авах;
-Хүнсний сав баглаа боодлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг судалж танилцуулах
-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг Эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн, шийдвэрлэж танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

УБ-ын дагуул хотуудын төлөвлөлтийг хийхэд Франц улс хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ DNN.mn

зураг

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын SATHY компанийн захирал Шанто Павиныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулахад хамтарч ажиллах асуудлаар санал солилцсон юм.

SATHY компанийнхан “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад барилга байгууламж, иж бүрэн зураг төсөл, архитектур, газар зүйн оновчтой шийдэл бүхий хот төлөвлөлтийг хийхэд манай мэргэжлийн баг хамтран ажиллахад бэлэн байна. Бид эдийн засгийн тооцоололтой, хүнд ээлтэй, орчин үеийн шийдэлтэй хот төлөвлөлтийг хийхийг зорьж ажилладаг. Байгальд ээлтэй эко төслүүд хэрэгжүүлж ирсэн. Хот төлөвлөлтийн төслүүд дээр ажиллахдаа чанарыг эрхэмлэдэг” гээд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах төслүүдэд хамтарч ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.

Мөн Парисын Эйфелийн цамхгийн ландшафтын дахин төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх, амралт, зугаалгын болон үйлчлүүлэх хэсгүүдийг шинээр бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгээ онцолсон юм.

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Хот төлөвлөлт, архитектурын чиглэлд олон улсад туршлагатай, амжилттай төслүүд хэрэгжүүлсэн компанитай хамтарч ажиллахаар болсондоо баяртай байна. Та бүхний туршлага бидэнд хэрэгтэй. Цаашид үе шаттай ажлуудыг хийж, хамтарч ажиллана. Эхний ээлжид бидний төлөвлөж буй Буянт-Ухаа, Налуу-Ухаа, Эмээлт-Аргалант зэрэг дагуул хотын төлөвлөлт, архитектур, судалгааны чиглэлээр хамтарч ажиллах нь зүйтэй гэж харж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн судалгаа, төлөвлөлт, архитектурын ажлыг хийхээр санал нэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Эхээсээ төөрсөн хоёр сартай бамбаруушийг байгаль хамгаалагчид тэжээж байна DNN.mn

Эхээсээ төөрсөн хоёр сартай бамбаруушийг байгаль хамгаалагчид тэжээж байна

Дорнод аймгийн нутагт дөрөвдүгээр сарын 14-25-ны өдрүүдэд ой хээрийн түймэр гарсан. Түймэрт аймгийн төвөөс зүүн урагш 420 км, Халх гол сумын төвөөс 80 км зайд орших Нөмрөгийн дархан цаазат газар өртсөн байна.

Үүний уршгаар энэ хавар мэндэлсэн хүрэн баавгайн хоёр сартай бамбарууш эхээсээ төөрөөд олон хонож байсныг тус хамгаалалтын захиргааны албан хаагчид олж асран хамгаалж, өсгөж бойжуулж буй аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүний харьяа Тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан хамгаалалтын захиргаанаас арга зүйн туслалцаа авч тэнхрүүлж, байгальд нь эргүүлж тавих юм байна.

Түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газар

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна.

Хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ DNN.mn

Чуулган хуралдах гэсэн ч ирц бүрдэхгүй байна

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх учиртай. Гэтэл уржигдар хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан.

Улмаар өнөөдөр өглөө 9.00 цагт товлогдсон Халдашгүй байдлын дэд хорооны хурал 10.00 цагт эхэлж дөнгөж сая дууслаа.

Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа Хуульзүйн байнгын хороо 10:00 цагаас, 11:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлоод байсан юм. Мөн 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг оруулж хэлэлцэх билээ.