Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Пүрэвдорж: Манай улсын үндэсний эрчим хүчний найдвартай ажиллагаа техник, эдийн засгийн хувьд алдагдаад олон жил болж байна DNN.mn

Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.


-“Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч” эрдэм шинжилгээний хурал саяхан болж өндөрлөлөө. Хурлаар юу юу хэлэлцэв?

-1922 оноос Монгол Улсын орчин цагийн эрчим хүчний салбар үүсч хөгжиж эхэлсэн гэж үзэж тэгш ойнуудаа тэмдэглэж ирсэн. Монгол Улсын эрчим хүчний салбар нь улс орноо эрчим хүчээр хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Гэсэн ч манай улсын үндэсний эрчим хүчний найдвартай ажиллагаа техник, эдийн засгийн хувьд алдагдаад олон жил болж байна. Үүнийг тус салбарын талаар гарсан Төрийн бодлогын баримт бичгүүд, судлаачдын эрдэм шинжилгээний ажил, эрчим хүчний үйлдвэрлэгчдийн ажиллагааны бодит байдал нотлон харуулж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, эх үүсвэрийн чадлын дутагдал, хоёрдугаарт, тоног төхөөрөмжийг сольж чадалгүй удаан ажиллуулж насжилт нь хэтэрсэн, гуравдугаарт, үнэ тарифыг бодит өртгөөс хэт доогуур тогтоож ирсэн зэрэг нь үндсэн шалтгаан болно. Ийм ч учраас Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа Шинэ сэргэлтийн бодлогын нэг чухал хэсэг нь Эрчим хүчний сэргэлтийн бодлого болж байна. Эрчим хүчний яамнаас шинжлэх ухаанд суурилсан эрчим хүчний хөгжүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг явуулахыг зорьж арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Эрчим хүчний яамнаас эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулах шийдвэр гаргахдаа, нэг талаас манай эрчим хүчний салбар 100 жилд эх орныхоо хөгжил дэвшилд хэр зэрэг хувь нэмэр оруулав гэдгийг, мөн хүндрэл бэрхшээлээс гарахын тулд эрдэмтэд, судлаачид, шинийг санаачлагч инженерүүдийнхээ санал санаачилга, эрдмийн бүтээлийг улс орныхоо эрчим хүчний салбарыг шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлогод чиглүүлэн, эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийг бусад улс орнуудын эрчим хүчний салбарын хөгжүүлэлтийн чиг хандлагад нийцүүлэн явуулахыг зорьсон юм. Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага – Шинжлэх ухааны Академи, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Дулаан техник үйлдвэрийн экологийн хүрээлэн дэмжин хурлыг цахимаар зохион байгууллаа.

-Эрдэмтэн судлаачдаас ямар санаа оноо дэвшүүлж байх юм?

-Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, инженерүүд маань Эрчим хүчний яам, холбогдох газарт эрчим хүч хэмнэж зүй зохистой ашиглая, мөн таны асуугаад байгаа альтернатив ангилалд багтах экологийн цэвэр эрчим хүчний станц болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хурдан барихад орон нутгийн ард иргэд саад битгий болоорой, дэмжиж туслаарай гэх уриалга гаргая гэсэн саналууд гарсан. Илтгэлүүдийг цахимаар нийтэлж нийтийн хүртээл болгох, эрдэмтдийн гаргасан саналыг нэгтгэн боловсруулж бэлтгэх эрдэмтдийг томилоод байна.

-Альтернатив буюу эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн талаар танилцуулсан байна. Альтернатив гэх шинэ эрчим хүчний үүсвэрийг хаанаас гаргаж байгаа гэсэн үг вэ?

-Манай улс үндсэндээ нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж ирсэн. Альтернатив эрчим хүч гэх ойлголт нь одоо бидний ашиглаж байгаагаас арай илүү дэвшилттэй буюу хэрэглэж байгаагүй шинэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг олж судалж, улмаар аль боломжит сайн шийдлүүдийн аль нэгийг сонгон хэрэглэх тухай ойлголт юм. Ер нь сэргээгдэх эрчим хүч, цөм, устөрөгч, метанол гээд манайд ашиглаж эхэлж буй болон ашиглаж байгаагүй, цаашид ашиглах боломжтой эрчим хүчний технологи, цахилгаан станцуудын талаар илтгэлүүд тавигдсан.

-Альтернатив эрчим хүчийг юунд, хэрхэн хэрэглэдэг вэ?

-Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах малтмал органик түлшийг хэмнэх, улмаар түлшний шаталтаас үүсч орчинд хаягддаг хортой хий болон хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилгоор ашиглахыг эрмэлзэн ашиглах технологи боловсруулах судалгаа хийж байна. Ямар ч эрчим хүчний эх үүсвэр, технологи ашигласан байна, эцэстээ цахилгаан, дулааныг гарган авдаг. Одоохондоо альтернатив гэх төрлийн эрчим хүчний технологи нь нүүрстэй адил бидний хэрэглэж байгаа эрчим хүчний ихэнхийг үйлдвэрлэх болно. Эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах бага чадлын нарны зайн системийн үр ашгийн харьцуулсан судалгаа, Монгол орны цаг уурын нөхцөлд 200 МВт нар, нүүрс хосолсон дулааны цахилгаан станц байгуулах судалгаа, Бага чадлын түлшээ үржүүлэн шатаадаг реакторын дизайны судалгаа зэрэг хэд хэдэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

-Дэлхийд альтернатив эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байдаг вэ?

-Товчхондоо маш өндөр түвшинд хүрч, хамгийн оюуны багтаамжтай, өндөр технологи, ухаалаг технологи ашиглаж байгаа даа.

-Манай улс эрчим хүчний хараат. Бид эндээс гарах гарц гаргалгаа юу байна?

-Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогоор тодорхойлсон “Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар мөн” гэсэн заалт бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Үүнийг төр засгийн дээд түвшинд болон бүх түвшинд шийдвэр гаргах бүртээ санаж байх ёстой. Улс орныг цахилгаан, дулаанаар хангах асуудал нь нүүрсний уурхайгаас эхлээд ДЦС, дамжуулах, түгээх шугам сүлжээнээс бүрдсэн цогцолбор байдаг. Үүнийг салгаж болохгүй эрчим хүчний үйлдвэрлэлийн цогцолбор технологи юм. Олон улсын жишгээр авч үзвэл, Эрчим хүчний салбар нь түлш олборлох, боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх түгээх, борлуулах үйл ажиллагаанд оролцдог бүх салбаруудын нэгдэл. Бидний амьдарч буй энэ цаг үед нийгэм, эдийн засагт хэрэгцээт эрчим хүчийг гарган авахад их хэмжээний түлш хэрэглэж байгаа бөгөөд эрчим хүчний салбар нь бүх улс орны нийгмийн дэд бүтэц, үйлчилгээний чухал хэсэг. Цаг алдалгүй одоо авах арга хэмжээний талаар хэдэн зүйл хэлье. Үнэ тарифыг ядаж эрчим хүчний салбар алдагдалгүй ажилладаг хэмжээнд хүргэх. ДЦС-уудыг нүүрсээр хангадаг нүүрсний уурхайнуудыг (Багануур, Шивээ-Овоо) ЭХЯ-ны шууд харьяанд оруулах. Эдгээр нь Эрдэнэс Монголын охин компани, улмаар Уул уурхайн яамны харьяа хэр нь Засгийн газрын тухай хуулиар Эрчим хүчний сайд хариуцлага хүлээхээр байгаа нь хоёрдмол байдал үүсгэдэг. “ДЦС-4” ТӨХК-д нэг зуух шинээр суурилуулах зайлшгүй шаардлага бий болжээ. (72 сая доллар). Амгалан ДС-ыг нэмж нэг зуухаар өргөтгөх (70 сая доллар). Түлш, эрчим хүчийг хэмнэх талаар хэлэхэд, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг Засгийн газар онцгой анхаарч тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд, хамрагдахгүй аж ахуйн нэгж, айл өрх үлдэж болохгүй. Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын нэгэн хэсэг нь системийн ачааллын графикийг тэгшитгэх явдал мөн. Шөнийн бага ачааллын үед ажиллах үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулахын зэрэгцээ оройн оргил ачааллыг бууруулах нэгэн арга болгон хэрэгжүүлэх боломжтой. Зөвхөн өвлийн их ачааллын үед том чадлын хэрэглэгчдийн ажиллах цагийн графикт өөрчлөлт оруулах замаар системийн оройн болон шөнийн бага ачааллыг тэгшитгэх шаардлагатай.

-Манай улсын үндэсний эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад цаашид юуг хийх ёстой вэ?

-Хэтийн хөгжлийн талаар хэдэн зүйл хэлье. Манай улс нүүрс, нар, салхины эрчмийн нөөцөөр баян орон. Эл баялагтаа тулгуурлаж бид эх орныхоо эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах төдийгүй экспортлогч орон болох ёстой. Экспортлогч орон болохын тулд хөрш орнууд эрчим хүч нийлүүлэх, экспортлох хууль эрх зүйн орчныг олон улсын түвшинд бүрдүүлж, гэрээ хэлэлцээр зэргийг байгуулах шаардлагатай. Дэлхий нийт нүүрснээс татгалзаж байгаа өнөө үед өөрийн орны нүүрсний нөөц баялгийг хаягдал багатай, экологи, эдийн засгийн хувьд үр ашигтай байж болох цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлж хэрэгтэй болжээ. Дэлхийн болон манай орны эрчим хүчний салбар нэг хэсэгтээ нүүрсэнд тулгуурлах нь зайлшгүй. Харин нүүрсийг боловсруулж ашиглах судалгаа шинжилгээг эрт эхлүүлж, нүүрс устөрөгчийн энерги буюу метанол гаргах, нүүрсний хий зэргийг ашиглах хөгжлийн шийдлийг боловсруулах, ирээдүйн ийм төрлийн станцуудыг байгуулж эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй байна. Ойрын үед болон дунд хугацаанд эрчим хүчний салбарын талаар Засгийн газрын хөтөлбөрт орсон шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлэх ажлыг бүрэн хийх. Засгийн газар эрчим хүчний сэргэлтийн таван зорилтыг дэвшүүлж, эдгээр таван зорилтод хүрэх 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг төлөвлөсөн. Төслийг цаг хугацаанд хэрэгжүүлмээр байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан эрчим хүчний төслүүд нь зөвхөн эрчим хүчний салбар, эрчим хүчний үйлдвэр компаниудад хамааралтай биш юм. Манай улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар хөгжих суурь нөхцөл болох нь ойлгомжтой. Эдгээрийг амжилтай хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдмийн хамт олон судалгаа шинжилгээнийхээ ажлыг чиглүүлэх хэрэгтэй. Одоо барьж байгуулах ажлыг эхлүүлэх нөхцөл нь үндсэндээ бүрдээд байгаа Багануурын ДЦС (400 МВт), Таван толгойн ДЦС (450 МВт), Эрдэнэбүрэнгийн УЦС (90 МВт), Чойр-Сайншандын 230 км урттай 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих. Эрчим хүчний салбарыг эдийн засгийн аргаар удирдах цаг болжээ. УИХ, Засгийн газар, Яам нь бодлогын хүрээнд, Эрчим хүчний зохицуулах хороо нь компаниудыг эдийн засгийн хувьд алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ДҮТ нь хамгийн үр ашигтай горимоор ажиллуулах, компаниудад компанийн хуулийн ёсоор ажиллаж өөрийгөө бүрэн санхүүжүүлэн найдвартай ажиллагаагаа хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх.

Эцэст нь, Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ зэрэг нь тасралтгүй ажиллагаатай, улс орныг бүхэлд нь хамарсан суурь дэд бүтцийн салбар тул тэнд мэргэжлийн ажиллагсад ажилладаг бөгөөд ялангуяа удирдах ажилтнуудад нь шатлан дэвших замаар томилогдсон эрчим хүчний мэргэжлийн инженерүүд байх ёстой гэдгийг тодотгоё.

Categories
мэдээ цаг-үе

Увс аймгийн Сагил суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Увс аймгийн Сагил сумын гуравдугаар баг, “Улаан даваа” гэдэг газар дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:47 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Ингээд аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн аж.

Categories
мэдээ цаг-үе

Путин: Украины дайнд хөндлөнгөөс оролцвол цохилт өгнө DNN.mn

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентын гишүүдэд хандаж үг хэлэхдээ Украинд явуулж буй “цэргийн ажиллагаа”-нд нь аль нэг улс хөндлөнгөөс оролцвол “аянга цахилгаан мэт” хариу цохилт өгөх тухай анхааруулжээ.

“Хэрвээ хэн нэгэн өнөөгийн үйл явдалд хөндлөнгөөс оролцож, стратегийн хувьд манай улс оронд хүлээн зөвшөөрөхийн аргагүй аюул занал учруулбал бидний хариу цохилт аянга цахилгаан шиг хурдтай байхыг мэдвэл зохино” гэж Путин хэлсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бидэнд өөр хэнд ч байхгүй зэр зэвсэг бий. Бид энэ талаар гайхуулж бардамнахгүй, шаардлагатай бол ашиглана. Үүнийг бүгд мэдээсэй гэж би хүсэж байна” гэжээ.

Саяхан ОХУ цоо шинэ Сармат баллистик пуужингаа туршиж, орчин үеийн дуунаас хурдан зэвсгүүдийнхээ хөгжүүлэлтийн талаар Путин байнга ярих болсон билээ.

Өчигдрөөс эхлэн ОХУ нь Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон юм.

Тэгвэл энэ арга хэмжээтэй холбогдуулан Европын Холбоо өчигдөр Москвагийн эрх баригчдад хандсан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд Украиныг дэмжсэний хариуд үзүүлж буй эрчим хүчний “сүрдүүлэг”-ийн өмнө толгой бөхийхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

“Кремлийн эрх баригчид түлш шатахуунаараа биднийг сүрдүүлэх нь тодорхой байсан, гайхаад байх зүйл биш. Бид үүнд нэгдмэл, зохион байгуулалттай, шуурхай хариу арга хэмжээ авах болно. Польш, Болгар улсууд Европын Холбооны хөршүүдээсээ байгалийн хий авна. Европ дахь Оросын эрчим хүчний эрчин үе төгсгөл болох цаг ирж байна” гэж Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар Даваа гарагт уулзаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсон байна.

Украинд эхлүүлсэн дайныхаа эхний үе шатанд Оросын тал Киев хотыг эзэлж, Зеленскийн засгийн газрыг түлхэн унагах зорилготой байсан ч чадаагүй.

Одоо дайны хоёр дахь үе шат Украины дорнод хязгаарын Донбассын бүс нутгийг тастаж авах зорилготой үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: LRT төсөл хэрэгжвэл үйл ажиллагааны зардалд улсын төсвөөс жил бүр 50 сая ам.долларын татаас өгнө DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-LRT төслийн талаар та ямар дүгнэлт, байр суурьтай байгаа вэ?

-LRT буюу агаараар явдаг хөнгөн галт тэрэгний төслийн төслийг нь харсан. Түгжрэлийг бууруулах, машинуудыг цөөлж хөнгөн галт тэргийг нэвтрүүлэхийг концепцын хувьд дэмжиж байгаа. Гагцхүү санхүүжилтийн схем, санхүүгийн өрийн дарамтын тухайд дэмжих боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гаднаас зээл авах боломжтой өрийн хэмжээ нэг тэрбум ам.доллар байна. Олон улсын байгууллагуудаас бид энэ хэмжээний мөнгийг жилийн нэг хувийн хүүтэй, 20-30 жилийн урт хугацаатайгаар зээлэх боломжтой. Гэтэл энэ төслийн санхүүжилтийг үзэхээр зөвхөн нэгдүгээр хэсэг дээр 926 сая буюу бараг нэг тэрбум ам.долларын санхүүжилт орно гэсэн байна. Үүнийхээ 70 хувьд зээл авч хийнэ гэж байгаа юм. Харин зээлээ хятадын арилжааны банкнаас жилийн таван хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай авна гэж байна. Хятадын даатгалын компани үүн дээр нь баталгаа гаргана. Шимтгэл нь таван хувь

Энэ бүх төслийг явуулахын тулд Монгол Улсын Засгийн газар 100 хувийн баталгаа гаргана. Өөрөөр хэлбэл, арилжааны нөхцөлтэй зээл дээр баталгаа гаргана гэж байна. Бид хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд баталгаа гаргаж ам.доллараар, эсвэл мөнгөөр нь авах боломжтой байтал тав дахин илүү өндөр өртөгтэй арилжааны зээлийг авах нь. Мөнгөөр мөнгө авдаг байсан бол энэ удаад тоног төхөөрөмж авах гээд байна. Тодруулбал, агаар дээгүүр явах хөдөлгөх бүрэлдэхүүнийг авах юм байна. Энэ бол эдийн засгийн хувьд үр ашиггүй зүйл. Өрөнд ч дарамт үзүүлнэ. Санхүүгийн хувьд ч үр ашиггүй.

-LRT төслөөр жилд 200 гаруй тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж байсан шүү дээ. Гэтэл яагаад үр ашиггүй болчихов?

-Санхүүгийн үр өгөөжийн үзүүлэлт байхгүй. Эдийн засгийн үр өгөөж гэж байдаг. Эдийн засгийн үр өгөөжид нийгмийн асуудлыг оруулж тооцдог. Тэр нь 13.6 хувь гэж байгаа юм. Олон улсад 13 хувиас дээш байвал санхүүжүүлдэг. Гэхдээ ийм төслийг хувийн сектор санхүүжүүлдэггүй. Үр ашиггүй байдаг учраас төр санхүүжүүлдэг. Яагаад үр ашиггүй гээд байна гэхээр үйл ажиллагааны зардалд зориулж улсын төсвөөс жил бүр 50 орчим сая ам.долларын татаас өгөхөөр төслийн загварт туссан байна. Автобусаар зорчих үнэ 500 төгрөг бол хөнгөн галт тэрэгний үнэ явц дундаа 900-1000 төгрөг болно гэсэн хүлээлттэй байна.

Тиймээс газраар явж байгаа автобуснаас илүү үнэтэй байхаар байна. Тарифыг хоёр дахин өсгөсөн ч төсвөөс жил бүр 50 сая ам.долларын татаас авна гэдэг нь эдийн засгийн хувьд ямар юмных нь үр ашигтай төсөл байх вэ дээ. Тулгамдаж байгаа асуудлаа бодоод шүдээ зуугаад, нүдээ аниад Засгийн газраас санхүүжүүлээд явж болох. Гэхдээ бидэнд тийм орон зай байна уу гэвэл их хүнд. Бид өрийн хэмжээгээрээ дэлхийд нэгт орж байна. Үүнээс гадна төлбөрийн балансын хүндрэл буюу ханшийн эрсдэлтэй улс. Бид зээл авлаа гэхэд зээлээ буцаагаад төлнө. Засгийн газраас баталгаа гаргаж байж хятадын арилжааны банкнаас мөнгө зээлж байгаа юм.

-Төслийг гүйцэтгэх компани нь яг ямар компани вэ. Регистрийн дугаараа ч аваагүй, гурван жил ашигтай ажилласан эсэх нь ч эргэлзээтэй зэрэг олон асуудал байна хэмээн зарим гишүүд ярьсан байсан?

-Хятад компани гэсэн. Одоогоор нэр нь тодорхойгүй байна. Товчхондоо, тэр компани нь санхүүгийн загвар дээрээ зээл авна. Түүнд нь Монголын Засгийн газар баталгаа гаргана. Баталгаанд үндэслэж хятадын арилжааны банкнаас зээл авна. Төсөл үр ашиггүй болбол Монголын тал өрөө төлнө гэдэг схемтэй юм билээ.

-Гэхдээ өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэхэд хамгийн ойр, боломжтой нь энэ төсөл юм биш үү?

-Маш олон шийдэл байна. Жишээ нь, BRT буюу газраар явдаг цахилгаан автобус байна. Үүнийг олон улсад түгээмэл ашигладаг. Автобусыг бодвол илүү хурдан тээврийн хэрэгсэл л дээ. Үүнийг нэвтрүүлэхэд автобусны тусгай зам шаардагдана. Өөр нэг гарц нь нийтийн тээвэртээ хөрөнгө оруулалт хийж татварын бодлогоор дэмжих. Мөн Улаанбаатар хотыг гурван бүсэд хувааж автомашины шаталсан татварын тогтолцоотой болгох. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр бүсэд автомашинтайгаа нэвтэрвэл хоёр, гуравдугаар бүсээс арай өндөр татвар төлдөг байхаар зохицуулах ч гэдэг юмуу ийм арга хэмжээ авч болно. Ингэж татвар тогтоосон тохиолдолд иргэд гуравдугаар бүсэд машинаа тавьж, автобусаар нэгдүгээр бүс рүү орж ирэх зэрэг хямдхан, үр өгөөжтэй маш олон хувилбарууд бий. Гэтэл манайхан улс төрөөс айгаад иргэдэд таалагдахгүй болохоор хотын татварыг одоог хүртэл оруулж ирээгүй байна. Дараагийн нэг шийдэл нь үл хөдлөх хөрөнгийн татвар. Өнөөдөр хотын төвд бүгд өндөр оффистой байхыг хүсээд байна. Гэтэл хотын төвийн А бүсэд үл хөдлөх хөрөнгийн татварыг арай өндөр тавиад, дараагийн бүсэд арай бага гэх мэтээр тогтоовол хотоос гарч оффис барих, үйл ажиллагаа явуулахад арай хямд болно. Ингэж татвар, санхүүгийн хөшүүргээр төвлөрлийг сааруулж нийтийн тээврийнхээ асуудлыг шийдэх боломж байна.

-Татварын бодлогоор иргэдийг улам л туйлдуулсан үйлдэл биш үү. Иргэд өнөөдөр амьжиргаагаа залгуулах гэж ядаж л байна шүү дээ?

-Тиймээс л автобус гэж яриад байгаа юм. Автобусныхаа хүрэлцээг сайжруулж, цэвэрхэн болго. Хүн суухад тохитой болго. Автобус руугаа хөрөнгө оруулалт хийчих. Сайн автобуснууд оруулж ир гээд байгаа юм. Тухайлбал, би Японд байхдаа нэг бол автобусаар, нэг бол галт тэргээр явдаг байсан. Нийтийн тээвэр нь цэвэрхэн, шуурхай байдаг. Японы Сангийн сайд нь ч галт тэргээрээ зорчдог. Тиймээс автобусандаа бид хөрөнгө оруулалт хийгээд сайжруулчихвал орлогын ялгаа үүсгэхгүйгээр зорчих боломжтой. Хоёрдугаарт, иргэдэд санхүүгийн хүндрэл үзүүлэхгүй. Үнэхээр их мөнгө төгрөгтэй, тансаг машинтай хүмүүс татвараа төлөөд явах боломжтой шүү дээ.

-Орон нутгаас сонгогдсон гишүүдийн төсвийг танасан учраас LRT төслийг гацааж байна гэсэн дүгнэлт нийгмийн тодорхой хүрээлэлд байх шиг байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх бол?

-УИХ-ын гишүүн иргэдээ төлөөлдөг болохоос газар нутаг төлөөлдөггүй гэдэг агуулгаараа хандаасай гэж гишүүдэд уриалмаар байна. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа энэ үед тухайн төслийнхөө хөрөнгө оруулалтын үр өгөөж, бий болгох эрсдэлийг сайн тооцож шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж бодож байна. Санхүүжилтийн хувьд илүү уян хатан, хөнгөлөлттэй, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх, нийтийн тээврийн аливаа төслүүдийг би дэмжинэ.

Ер нь төсвийн тогтолцооны нэг гажиг нь төсвийн хөрөнгө оруулалтуудын дийлэнх хэсэг дандаа орон нутаг руу хуваарилагддаг. Улаанбаатар хотод нийт иргэдийн тал хувь нь амьдарч байгаа учраас нийслэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж үзэж байна. Орон нутгийн зарим газарт сургууль, цэцэрлэгийн илүүдэлтэй байна. 100 хүүхэдтэй суманд 650 хүүхдийн сургууль барьчихсан байна. Гэтэл Улаанбаатар хотод сургууль олдохгүй байна шүү дээ. Нэг ширээнд гурван сурагч суулгадаг, хоёр ээлжээр хичээллэдэг сургуулиуд өч төчнөөн бий. Үүнээс гадна сумын төвд хүүхдийн эмнэлэг барьтал ганцхан эмэгтэй л тэр эмнэлэгт амаржсан байгаа юм. Бусад бүгд аймаг руу юмуу, эсвэл боломжтой нь хот руу явж үйлчилгээ авсан гэж байна. Гэтэл Улаанбаатар хотод шал нь ч олдохгүй байна шүү дээ. Энэ бол төсвийн тогтолцооны гажгийг илтгэсэн маш тодорхой жишээ. Төсвийн тогтолцооны гажуудал нь манай сонгуулийн системээс болоод байгаа юм. Нийт 76 гишүүний 52 нь орон нутгаас сонгогддог. Ингэхдээ 10 мянган хүний саналаар сонгогддог. Гэтэл Улаанбаатар хотод 24 гишүүн сонгогдохдоо хамгийн багадаа 30 мянган хүний санал авах ёстой. Үүнийг өөрчилж нийт гишүүдийн 50 хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 50 хувь орон нутгаас сонгогддог байвал харьцаа зөв болно. Ингэснээр Улаанбаатар хотод иргэд рүү чиглэсэн томоохон бүтээн байгуулалт санхүүжүүлэгдэх боломж үүснэ.

-Өрийн тааз хэтрэх аюултай гэж Төсвийн байнгын хорооны дарга мэдэгдсэн. Манай улсын өрийн тааз одоогоор ямар хэмжээнд байгаа вэ?

–Засгийн газрын өр энэ жилийн ДНБ-ний өнөөгийн үнэ цэнээр илэрхийлснээр 60 хувь байх ёстой. Өнөөдрийн байдлаар 51 хувь байна. Есөн хувийн орон зай байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын орон зай байна гэсэн үг. Гэтэл LRT төслийн нэгдүгээр хэсэг нь 926 сая ам.доллар. Үүний 510 сая ам.долларыг зээл буюу өр тавина гэж байна. Уг төсөл гурван хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсгийн схемийг үзэхээр өрийн үзүүлэлт огцом өсөхөөр байна. Тодорхой хэлэхэд, бид нэг хувийн хүүтэй урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр авсан нь дээр үү, эсвэл 5-10 хувийн хүүтэй арилжааны нөхцөлтэй зээл авч түүн дээрээ урд хөршийн ч гэдэг юмуу бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж авах нь зөв үү. Би эдийн засагч хүний хувьд, төсвийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газарт арван жил хариуцаж ажилласан мэргэжилтний хувьд буруу гэж бодож байна. Би Сангийн яаманд ажиллаж байхдаа дэлхийн 60 орчим улсын санхүүжилт, 20-иод улс, олон улсын байгууллагын мөнгө яаж орж ирдэг схемийг мэднэ. Хамгийн боломжтойг нь оруулж ирдэг. Түүнээс биш хоёр талт хамтын ажиллагаатай улс орнуудын зээлийн өндөр нөхцөлтэй, тухайн улсаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж авдаг экспортын зээлийг манай улс авах нь тохиромжтой биш. Өр огцом өсдөг. Өрөнд ордог. Африкаар дүүрэн Хятадын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Үр дүнд нь Африкийн орнуудын төр данхайж, буцаад авлигад идэгдэж байна. Бид энэ алдааг давтаж болохгүй. Нөгөө талаас газар орон нутаг, боомтоо өрөндөө өгсөн улс орнууд байна шүү дээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.4.28, ПҮРЭВ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ХОЁР ХАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.28, Пүрэв гариг
  • Наран ургах шингэх: 05.40-20.00
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь” эсээ хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрүүгийн хуульд орж буй
нэмэлт, өөрчлөлтүүдийн
талаар “LPC CONSULTING” хуулийн фирмийн
өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “Доромжлох
заалт шинээр
орж ирснээр
нийгмээрээ
эрүүгийн гэмт
хэрэгтнүүд
болох нь” хэмээснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “LRT төсөл хэрэгжсэнээр түгжрэл 25 хувиар буурна” гэв.

“Импортын эрэмбэ: Доллар олох сэлбэг
хэрэгсэл, амь нас аврах
эм тариа юу? Өндөг,
жимс, гутал хувцас уу?” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь” эсээ хэвлэгдлээ.

“Эдийн засаг” нүүрт Ч.Отгочулуу “Эрдэнэт”-ээс төр авахаа авчихсан,
одоо 100 хувь хувьчлах хэрэгтэй” хэмээн ярилаа.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх
дөрвөн гишүүний асуудлаар Халдашгүй
байдлын дэд хороо шийдвэр гаргаж
чадсангүй. Энэ талаар IV нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

VISA компани ОХУ-аас гарснаар 60 сая ам.долларын алдагдал хүлээв DNN.mn

Олон улсын төлбөрийн “Visa Inc.” компанийн цэвэр ашиг 2021-2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст 24 хувиар өсөж, 7.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин тус компани Украины дайны улмаас Оросын зах зээлээс гарсны дараа 60 сая ам.долларын алдагдалд хүрчээ.

“Орос дахь охин компанийн бүтэц бүрэлдэхүүнийг задалсны дараа манай компанийн ерөнхий болон захиргааны зардалд 35 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээлээ” гэж тус компанийн тайланд дурджээ. Мөн 25 сая ам.долларыг Орос, Украин дахь ажилчдыг дэмжих зорилгоор зарцуулсан гэсэн байна.

ОХУ хоёрдугаар сарын 24-нөөс хойш үргэлжилж буй Украины дайны улмаас олон улс Оросын эсрэг янз бүрийн салбарт хориг тогтоосноор дэлхийн олон пүүс, компани, алдартай брэндүүд үйл ажиллагаагаа зогсоосон. Тэдний дотор “Visa” болон “MasterCard” гуравдугаар сарын эхээр Оросын зах зээлээс гарч байгаагаа албан ёсоор зарласан.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно DNN.mn

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд эрчүүд уух зориулалттай жирэмслэлтээс хамгаалах эм зохион бүтээжээ. Тэд энэхүү эмээ хулгана дээр туршсан бөгөөд долдугаар сараас эхлэн эмнэлзүйн туршилтад оруулах боломжтой гэж мэдээлсэн байна. Эмийн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас авах аж. Одоогийн байдлаар туршилтад оролцогчдын тоо болон нас тодорхой болоогүй байна.

“YCT529” гэсэн анагаахын нэршилтэй дааврын бус эм нь хулгана дээр хийсэн туршилтын явцад жирэмслэлтээс 99 хувь хамгаалжээ. Энэ нь жин нэмэх гэх мэт гаж нөлөөгүй байсан бөгөөд эмийг зогсоосноос 4-6 долоо хоногийн дараа хулганууд буцаад эр эс боловсруулах боломжтой болсон аж.

Миннеаполис хотын нэгэн сургуулийн доктор “Мэдээжийн хэрэг хүн биш, хулгана дээр туршсан учир үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ үр дүн нь маш ирээдүйтэй харагдаж байна” гэж хэлжээ.

Эрдэмтэд 1950-иад оноос хойш эрчүүдэд зориулсан жирэмслэлтийн эсрэг эм бэлдмэл зохион бүтээхээр оролдож буй. Ийм төрлийн эмүүд эр бэлгийн эс үйлдвэрлэхэд саад болох үүрэгтэй байдаг. Ингэснээр жин нэмэх, сэтгэл гутрах, холестериний хэмжээ нэмэгдэх зэрэг сөрөг талтай юм байна.

“YCT529”-ийг зохиосон эмч нар эдгээр гаж нөлөөнөөс зайлсхийхийн тулд дааврын бус эм зохион бүтээсэн гэжээ. Тус шинэ эм нь эсийн хөгжил, тэр дундаа эр бэлгийн эс үүсэхэд үүрэг оролцоотой уургийг дарангуйлдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн хачигаар дамжин халдварладаг боррелиозоор тахь өвчилж, үрэгдэж байна DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 24-ний өдөр Хустайн байгалийн цогцолбор газарт ажиллалаа.

Хустайн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 км-т, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын нутагт 50.6 мянган га газрыг хамардаг. Харьцангуй бага орон зайд байгалийн бүс, бүслүүрийн олон төрлийг багтааснаараа өвөрмөц онцлогтой.

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор 1993 онд Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийн ахиулж байгалийн цогцолборт газар болсон. Харин 2002 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Хүн ба шим мандлын нөөц газрын хамгаалалтын сүлжээнд бүртгэжээ.

Хустайн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг уулын хээр, 30 гаруй хувийг хуурай хээр, 4 хувийг ойт хээр эзэлдэг бөгөөд нуга, элс, цайдам зэрэг амьдрах орчны олон хэлбэр бий.

Мөн жилээс жилд тус цогцолборт газрыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны байдлаар 32 мянган жуулчин ирснээс 18 мянга нь гадаадын жуулчид байсан бол 14 мянга орчим нь дотоодын жуулчид байжээ.

Түүнчлэн энэ орчны бүсэд эртний хүмүүсийн үлдээсэн түүх соёлын дурсгалт зүйлс олон байдаг. Тухайлбал, дөрвөлжин булш, томоохон хиргисүүрүүд, хөшөө чулуу, Түрэгийн хаант улсын үед хамаарагддаг хөшөө дурсгал, буган чулуу, хадны сүг зураг зэрэг түүх соёлын 400 гаруй дурсгалт зүйлс бүртгэгдсэн байдаг.

Улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалтын газарт 34 хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулж байгаагийн дөрөв нь төрийн бус байгууллага байна.

Хустайн байгалийн цогцолборт газрын менежментийг “Хустайн цогцолборт газар” ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажиллаж байгаагаараа онцлогтой.

Орлогын 80 гаруй хувийг аялал жуулчлалаас төвлөрүүлж, улсын төсвийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаа явуулдаг ч сүүлийн 2 жил гадаадын жуулчдын хөдөлгөөн зогссонтой холбоотой санхүүгийн хүндрэл үүссэн ч үндсэн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол явуулж байгааг хамгаалалтын захиргааныхан хэллээ.

Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна. Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болсон.

Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа хэдий ч тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгааг холбогдох албаныхан танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд баталсан. Цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын менежментийг сайжруулах, нэгдсэн стандарттай болгох шаардлага зүй ёсоор үүсэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яамнаас удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд газар нутгийн бүсчлэл, хилийн цэс, ангиллыг өөрчлөхөөр ажиллаж байна” гэв.

Хустайн байгалийн цогцолбор газрын хилийн цэсийн дагуу өвөлжөөний газар олгодгоос болж бэлчээрийн даац хэтрэх шалтгаан болдог. Энэ газарт тахийг анх нутагшуулахдаа амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор айлуудыг нь нүүлгэн шилжүүлжээ. Өвөлдөө цаг хүндрэх үед тус газрын байгаль хамгаалагчид тахид хужир, өвс тавьж өгөх зэргээр арга хэмжээ авдаг байна. Байгаль хамгаалагчдын хамгийн тулгамдсан асуудал бол гэрийн мал. Учир нь хамгаалалтын бүсийн эргэн тойронд байгаа 100 мянга гаруй мал тахийн бэлчээртэй давхацдаг байна. Тиймээс байгаль хамгаалагчид гэрийн малыг хөөж хамгаалалтын газраас гаргадаг байна. Түүнчлэн бэлчээрийн хачигаар дамжин халдварладаг боррелиозоор тахь өвчилж, үрэгдэж байгааг ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв хэллээ.

Мөн байгалийн экосистемийг хамгаалахын тулд хамгаалалтын бүсийн ойролцоох айлуудыг нүүлгэх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх, байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийн тогтвортой дэмжлэг хэрэгтэй байгааг ажлын хэсэгт уламжиллаа.