Categories
мэдээ нийгэм

Б.Хишигжаргал: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин, урамшууллыг олгосон || DNN.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.


НЭГ. Энэ ондоо багтаан судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлж, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулна

-Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. УНТЭ-ийн хувьд уг зорилтыг бодит ажил болгох тал дээр анхаарч байна.

Нөгөөтэйгүүр энэ оны гуравдугаар сарын 01-ээс эхлэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн төлбөрийн хэмжээг тогтоох ЭМДҮЗ-ийн шинэчлэгдсэн тогтоол хэрэгжихээр болж байна. Энэхүү тогтоол нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд нэлээдгүй өөрчлөлт авчирна. Тиймээс бид тогтоолын хэрэгжилтийг хангах тал дээр бэлтгэл ажлуудыг хийгээд явж байна.

Түүнчлэн бид салбартаа ууган, түчээлэгч эмнэлгийн хувьд тусламж, үйлчилгээнийхээ төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ ондоо багтаан алло буюу цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, зүрхний хэм алдагдлыг засах абляци, судсан дотуурх мэс заслын эмчилгээ болон хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ багаж төхөөрөмжүүдээ бүрэн ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна.

Мөн энэ онд KPI систем буюу ажилчдын гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, гүйцэтгэл сайтай эмч, эмнэлгийн ажилчид өндөр цалин, урамшуулал авдаг байх, гүйцэтгэл багатай нь бага цалин авдаг тогтолцоог нэвтрүүлэх гол ажил хийгдэнэ.

Өөрөөр хэлбэл бид эмч, эмнэлгийн ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх, бусад хөгжингүй орны адил үнэлүүлдэг болох эрүүл систем рүү орж байна гэсэн үг.

-Гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэнээрээ танай эмнэлэг ямар онцлох ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

– 2021 оны хувьд бид төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллахад багагүй бэрхшээлтэй байлаа. Ковид цар тахлын улмаас тусламж үйлчилгээндээ өөрчлөлт оруулах, олон удаагийн хөл хорионд эмнэлгийн тодорхой хэсгийг хаах, тусламж үйлчилгээний зарим хэсгийг зогсоох зэрэг гэнэтийн шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгарсан. Шилжилтийн хүнд хэцүү үед манай хамт олон өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа мэс заслын тусламж, үйлчилгээг ард иргэддээ түлхүү үзүүлж ажилласны үр дүнд санхүүгийн хувьд харьцангуй амжилттай даван тууллаа.

Гэхдээ сайн менежмент хийж чадвал гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо илүү боломжийг бий болгоно гэдгийг бид олж харсан. Үүний тулд бид үргүй зардлаа бууруулах, эдийн засгийн хувьд ашигтай, шинэ технологид тулгуурласан тусламж, үйлчилгээнд анхаарч ажиллах шаардлагатай юм. Мэдээж өнөөг хүртэл үзүүлж ирсэн манай эмнэлгийн нэрийн хуудас болсон үндсэн тусламж, үйлчилгээгээ илүү сайжруулан ажиллахаар төлөвлөж байна.

-2021 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ачааллыг хэрхэн зохицуулж ажилласан бэ?

– Өнгөрсөн оны хувьд манай салбарт маш өвөрмөц жил болж өнгөрсөн. Тухайлбал Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ковидын ор дэлгэж ажилласан. Манай эмнэлэг бусад эмнэлгүүдээс хүндэрсэн, хамгийн хүнд тохиолдлуудыг нь хүлээн авч эмчилсэн. Мөн бид улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах, бөөрний дутагдал, чихрийн шижин, цусны хавдар зэрэг хүндэрч болох хавсарсан эмгэгтэй хүмүүст шуурхай тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлж эрсдэлүүдэд үнэлгээ хийн ажилласан.

УНТЭ Ковидоос гадна үндсэн тусламж, үйлчилгээгээ орхигдуулалгүй бүхий л өвчний оноштой үйлчлүүлэгчиддээ халдварын дэглэмийг барин үйлчилсэн байна.

Жишээ нь 31 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 8723 хүнд бусад мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, 17,330 хүн хэвтэн эмчлүүллээ.

Амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьд 254,239 хүнд тусламж үзүүлсэн.

“2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн”

– Энэ хүндхэн цаг үед эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлуудыг амжуулсан бэ?

– Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн их ачааллыг үүрч буй эмч, ажилчдынхаа цалин, урамшууллыг таслахгүй олгох, санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулах зэрэг томоохон шалгуурууд тулгарсан ч бид хамт олноороо давж чадсан. Тухайлбал, бид 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн.

Өнгөрсөн жил манай ажилчид улаан бүсэд удаан хугацаагаар ажиллаж, бусад тасаг нэгжүүд бусдыгаа нөхөж ачаалалтай ажилласан учраас илүү цаг, хандлагын нэмэгдэл зэргийг олгож болох дээд хязгаараар нь хасалтгүй олгохыг хичээсэн.

Манай эмч, ажилчид ковидоор өвдөх, хавьтал болох, эрсдэлтэй бүлгийн ажилчид гэрээр ажиллах үеүдэд ч цалингаа хасалтгүй бүтнээр нь авч байсан. Өнгөрсөн оны хувьд 2020 онтой харьцуулахад нийт 5.5 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг нэмэлтээр олгосон үзүүлэлттэй байна.

Мөн үүнээс гадна 2021 оны ажлаа дүгнэж, санхүүгийн тайлан балансаа бодсоны дараа энэ сард ашиг болох 1.6 тэрбум төгрөгөөс нийт ажилчиддаа бүтээмжийн урамшуулал болгож үндсэн цалинг 1.5 дахин бодож олгосон. Энэ бүх амжилтын үндэс нь эмнэлгийн байгууллагуудын гүйцэтгэлийн тогтолцоо, мөн эмнэлэг хагас бие даасан байдалд шилжиж, төлөөлөн удирдах зөвлөлтэй болж ажилласны үр дүн юм. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Худалдаа Хөгжлийн банктай хамтын гэрээ байгуулж, ипотекийн 6 хувийн зээлд 12 ажилтан, түрээслээд өмчлөх орон сууцны зээлд 14 ажилтнаа хамруулсан. Мөн УНТЭ-ийн ажилчдын зуслангийн 5 га газрыг шийдэж, энэ жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.


ХОЁР. Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа

-Танай эмнэлэг өнгөрсөн хугацаанд 100 хувь вакуум мэс заслын өрөөнүүдийг ашиглалтад оруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, эмч ажилчдын ажиллах идэвхийг нэмэгдүүлэхэд эмнэлгийн дотоод орчин сайн байх хэрэгтэй. Манай эмнэлгийн үндсэн барилга 1971 онд баригдсан, улсын томоохон эмнэлгүүдээс бараг хамгийн өндөр насжилттай барилга. Гэсэн хэдий ч манай эмнэлэгт сүүлийн жилүүдэд засвар сайн хийсний дүнд эмнэлгийн өнгө төрх эрс сайжирсан.

Бид өнгөрсөн жил мэс заслын нэгдсэн тасгаа бүрэн шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн 100 хувь вакуум мэс заслын өрөөнүүдтэй боллоо.

Мөн хоёр ч томоохон тасгаа засаж, шинэчиллээ. Цаашид төлөвлөгөөний дагуу бүх тасаг, нэгжүүддээ иж бүрэн засварын ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Эрүүл мэндийн салбарын хөгжил нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн жил танай эмнэлэг ямар технологиудыг шинээр нэвтрүүлсэн бэ?

-Эрүүл мэндийн яамны зүгээс ковидын цар тахалтай тэмцэж, маш завгүй ажилласан ч үндсэн тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй анхаарч ажиллаж байсан.

Түүнчлэн эрүүл мэндийн сайд С.Энхболдын шийдвэрээр УНТЭ-т нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, уушги зүрх орлуулах Экмо аппарат, үргэлжилсэн бөөр орлуулах CRRT, уушгины үйл ажиллагааг хянаж, дэмжих Пулмо виста зэрэг аппаратуудыг бүрэн суурилуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Энэ хэрээр манай эмнэлгийн хүчин чадал сайжирсан гэж хэлж болно.

Мөн 128 зүсэлттэй шинэ СТ, зүрхний хэм алдагдлын аблаци буюу түлэх эмчилгээ, ДНХ секвенсер – NGS, алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад чиглэсэн хепа фильтер бүхий хими эмчилгээний ариун тасаг, тоног төхөөрөмжүүд, мэдрэлийн мэс заслын орчин үеийн дуран, микроскоп, иж бүрдлүүд, чих хамар хоолой, урологийн мэс заслын багаж хэрэгслүүд, эрхтэн шилжүүлэх суулгах хагалгааны иж бүрэн шинэчлэл, эрчимт эмчилгээний шинэчлэл, уушги болон ходоодны хэт авиан дуран, нарийн гэдэсний дуран гэх мэт маш олон шинэ технологийг улсын төсвийн санхүүжилтээр шийдэж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр манай эмнэлэг ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилтээр ажиллаж байгаа хэдий ч ЭМЯ шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, дэмжин ажиллаж байгаад туйлын баяртай байна.

Бид Монгол Улсдаа анх удаа найман шинэ технологийг нэвтрүүлж, мөн эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүлж ажиллалаа.

-Цаашид ямар менежментээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Бид 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд үндсэн гол зорилтуудыг хангахаар ажиллаж байна. 2025 онд манай эмнэлгийн 100 жилийн ой тохионо. Энэ түүхэн ойноосоо өмнө бид улсын эмнэлгүүдээс анхлан олон улсын эмнэлгүүдийн магадлан итгэмжлэл JCI авахаар ажиллаж байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ цаг үед бид үйлчлүүлэгчдээ илүү өөртөө татахын тулд үйлчилгээний сайн менежментийг нэвтрүүлэх болно. Бид ЭМД-аас орох орлогыг нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн менежментээр эмнэлгийн өөрийн эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, дэмжих төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх, эмч ажилчдынхаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх, үйлчилгээний соёлыг сайжруулах гэх мэт олон зүйл дээр анхаарч ажиллаж байна. Бид хөгжлийнхөө түүхэн цаг үеүдэд анхдагч, манлайлагч байсаар ирсэн бөгөөд үе үеийн эмч нар, алдар цуутай доктор, профессоруудаараа бахархдаг. Бид маш хурдтай хөгжиж байна, цахим өөрчлөлт, шилжилтийн энэ цаг үед зөвхөн түүхээ яриад хол явахгүй. Өнөө цагт хамтран ажиллаж байгаа залуучууд бид маш хурдтай, бусдаас илүүг мэдэж, санаачилж, нэвтрүүлэн ажиллаж байж эмнэлгийнхээ байр суурийг бэхжүүлэх болно.

-УНТЭ нь улсын эмнэлгүүдээс анхлан ТУЗ-тэй болсон. Энэ нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? ЭМЯ-тай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн гишүүд маань эмнэлгийн засаглалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид өмнө нь бүх төсөв, төлөвлөгөөгөө Сангийн яам, Эрүүл мэндийн яамаар батлуулдаг байсан, аливаа төсвийн өөрчлөлт тодотгол хийхэд их төвөгтэй, хугацаа алдах гэх мэт асуудлууд үүсдэг байсан бол одоо шаардлагатай үед ТУЗ-дөө мэдээгээ хүргэж, хуралдуулж үйл ажиллагаагаа батлуулж, дэмжүүлдэг болсон. Ингэсний дүнд өнгөрсөн жилийн хувьд бүх төсвөө батлуулж, цаг тухайд нь тодотгол хийлгүүлж, он дамнасан өрөө дарж, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлж, амжилттай ажиллаж чадсан. Мөн ТУЗ-д санхүүгийн чиглэлийн гишүүд байдаг тул байнга зөвлөгөө өгч, гүйцэтгэх удирдлагыг заан чиглүүлж байгаа гэж хэлж болно.

Хэдийгээр бид ТУЗ-тэй эмнэлэг хэдий ч ЭМЯ-ны харьяа эмнэлэг тул яамтайгаа нягт холбоотой ажиллаж, Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ЭМЯ-наас хэрэгжүүлж буй бодлогын ажлуудыг дэмжин хэрэгжүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг авч эхэллээ || DNN.mn

Монголын үндэсний олимпын хорооны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлжээ.

Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байгаа аж. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон гэдгийг МҮОХ-ноос мэдээллээ.

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно. Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм.

Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгоно.

Categories
мэдээ нийгэм

Л.Ганбат: Багш нар сурагчийнхаа ЭЕШ өгөх хичээл сонголтод нөлөөлж болохгүй || DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл цахим хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд дуусна.Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан мэдээлсэн. 2022 онд Монгол улсын хэ мжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.

Шалгуулагчид нийт 10 арван хичээлээс хэдийг ч сонгон шалгалтаа өгөх боломжтой бөгөөд багш нарын зүгээс ЭЕШ өгөх сурагчдын хичээл сонголтод нөлөөлж, тулган шаардах үзэгдэл гаргадаг, хүүхдүүд ч энэ талаар гомдол, саналаа илэрхийдэг талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
– Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид нийт 10 хичээлээс сонгон шалгалтаа өгөх ба хамгийн багадаа хоёр хичээл болон түүнээс дээш хичээлүүдийг сонгож шалгалт өгөх юм.

Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харж байхад сурагчдаас ирдэг нийтлэг санал, гомдол нь тухайн сургуулийн захирал, сургалтын менежер, анги удирдсан багш нарын зүгээс хичээл сонголтод нөлөөлөх асуудал үүсгэдэг. Журамд зааснаар шалгуулагч өөрийн хүссэн хичээлээр бүр цаашлаад бүх 10 хичээлээр шалгалт өгөх эрх нь нээлттэй. Хамгийн багадаа хоёр, дээд тал нь 10 шалгалт өгч болно.

Тухайн хүүхэд ямар мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа болон түүндээ тулгуурлан ямар хичээлээр шалгалт өгөх нь эрх болон боломж нь нээлттэй байдаг.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 430 тарваганы тулам тээвэрлэсэн зөрчил илэрчээ || DNN.mn

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон.

Тэгвэл 2021, 2022 оны нэг болон хоёрдугаар сард Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 430 тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Дээрх зөрчлийг аймгуудаас авч үзвэл Завхан, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Увс аймгаас тээвэрлэсэн зөрчил хамгийн олон бүртгэгджээ.

Зөрчил ихээр гарч байгаа аймгуудын нутаг дэвсгэр тахал гарах өндөр эрсдэлтэй тарваган тахлын голомтын нэгдүгээр бүсэд хамаардаг байна.

Иймд Зөрчлийн тухай хуульд зааснаар агнасан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага ногдуулах тул дайвар ачаа авахдаа шалгах байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Сэгс Цагаан Богдыг сэндийчлээ гэх дуулианы мөрөөр сурвалжилсан нь || DNN.mn

-ӨМНӨ НЬ Ч ЯГ ИЙН ДҮНХИЙЖ, СҮНДЭРЛЭЖ БАЙСАН УУ ГЭМЭЭР СЭГС ЦАГААН БОГД ЭВДЭРЧ, ГЭМТЭЭГҮЙ, ЭЛДЭВ ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭР СЭНДИЙЧҮҮЛЭЭГҮЙ, “ЭРҮҮЛ”, БҮРЭН БҮТНЭЭРЭЭ БИДНИЙГ УГТЛАА –

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт Монголын ба Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс”-ын охин компани болох “Эрдэнэ Монгол” гэх компани хууль бусаар алт олборлож, Сэгс цагаан богд уулыг хайр найргүй ухаж, сэндийчиж, байгаль, орчныг нь сүйтгэж, уух ус, өвсийг нь үгүйрүүлж, газрын хөрсийг нь бараг тэгшилж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлчээс цацагдах болж, нутгийн гэх иргэд хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ Сэгс цагаан богд уулыг аварч, энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Сэгс цагаан богд юу ч үгүй сэндийчүүлж байгааг анхаарах, хайхрах хүн Монголд алга гэж үү” хэмээж байсан билээ. Иймд бид бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар тус сумыг зорьлоо.

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, СЭГС ЦАГААН БОГД АЛЬ АЛЬ НЬ ОНГОН ДАГШИНААРАА, ХЭНИЙ Ч ГАР ХҮРЭЭГҮЙ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааг бид зорьсон юм. Говийн их дархан цаазат газар хоёр хэсэгтэй бөгөөд “А” хэсэгт нь бидний сурвалжилгын гол зорилго буюу Сэгс цагаан богд хайрхан багтдаг учраас бодит үнэнийг хайх эрлээ эндээс эхлүүлэх нь зүйтэй гэж бодлоо. Харин тус хэсгийн хамгаалалтын захиргаа нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй Зармангийн говьд буюу Улаанбаатар хотоос 1000 гаруй километр байрлах Баянтоорой гэх буйдхан тосгонд байрладаг юм байна.

Улаанбаатар хотоос Сэгс цагаан богд уулын энгэр хормойг юу ч үгүй сэндийчиж, хүнд техник хаа сайгүй байрлуулан хөрс, шороог нь ухаж, төнхөж, ан амьтад, жигүүртэн шувууд битгий хэл мал, хүнгүй болтол хөрсийг нь улаанаар нь эргүүлж, гол мөрнийх нь хүйг тасласан дүр төрх төсөөлөн, дотор харанхуйлсаар 1000 гаруй километр зам туулаад зорьсон газраа хүрлээ. Өмнө нь ч яг ийн дүнхийж, сүндэрлэж байсан уу гэмээр Сэгс цагаан богд эвдэрч, гэмтээгүй, элдэв техник хэрэгслээр сэндийчүүлээгүй, “эрүүл”, бүрэн бүтнээрээ биднийг угтлаа. “Энэ хүртэл явж ирснийх хүрч болох тал бүрээс нь харж байж санаагаа амраана аа” гэх жолоочийн үг сурвалжилгын багийнхны бүгдийнх нь хүсэл байсан тул үг дуугүй дөхлөө. Үнэхээр гаднын хөрөнгө оруулалттай компанийн хүчирхэг техникүүд битгий хэл олон хүн ойртож очсон мөр ч ойрдоо гараагүй байлаа. Бүрэн бүтэн хийгээд хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайнхны гар хөл дөхөж ч очсон бараа, ул мөргүйд нь сэтгэл амсхийж, “Нээрээ ч Монголын төр засаг, яам, тамгын газрын удирдлагууд, аймаг, сумын Засаг дарга, ажилтнууд, иргэд үгүйрлээ үгүйрлээ гэхэд тахин шүтдэг уулсаа ухуулж, баялгийг нь авах хэмжээнд очоогүй байлгүй дээ” хэмээцгээн хөдөлцгөөлөө.

Ингээд бид Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Алтайн өвөр говийн аюулгүй, амар амгалан байдлыг хадгалахын төлөө бүхнээ зориулан ажиллаж буй хамгаалалтын захиргааныхантай уулзаж, үнэний эрэлд яваагаа учирлаж, “Эрдэнэ Монгол” гэх компани Говийн их дархан цаазат газарт гамшиг авчирч байгаа юу, Сэгс Цагаан Богд хайрханыг сэндийчиж эхэлсэн үү гэдэг асуултуудад хариулт авсан юм.


Говийн их дархан цаазат газрын судалгаа, шинжилгээний мэргэжилтэн Б.Насанжаргал: “ЭРДЭНЭ МОНГОЛ” ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙ НЬ ЦАГААН БОГД УУЛНААСАА 150-ААД КИЛОМЕТР ЗАЙД ОРШДОГ


Биднийг очиход тус газарт Говийн их дархан цаазат газрын судалгаа, шинжилгээний мэргэжилтэн Б.Насанжаргал байсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Говийн их дархан цаазат газрын А хэсгийн байгалийн үзэсгэлэн, нэн анхаарах ёстой зүйлс юу байгаа талаар та ярьж өгөөч?

– “Говийн их дархан цаазат газар бол говийн нэн ховор, онгон зүйлүүд болох тэр дундаа мазаалай баавгай, хавтгайг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Говийн их дархан цаазат газар маань үндсэндээ Төв Азийн цөлийн хэв шинжийг агуулдаг, биологийн олон янз байдлынхаа хувьд их баялаг. Үндсэндээ бол 274 зүйлийн ургамал, 18 зүйлийн том хөхтөн бүртгэгдсэн. Эдгээрийн 80 хувь нь Монгол Улсын улаан номонд бүртгэлтэй амьтад. Энэ амьтдыг бид байгаль дээр нь хүний шууд нөлөөллийг багасгах, өсөж, үржих боломжийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Говийн их дархан цаазат газарт хууль бусаар алт олборлох, цаашлаад ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал, маргаан сүүлийн жилүүдэд гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд ““Эрдэнэ Монгол” компанийнхан говь нутгийг сүйдэлж дуусах нь, Сэгс цагаан богдыг ухаад дууслаа. Анхаарах, энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүн байна уу” хэмээх мэдээлэл нэлээд шуугиан тарьлаа. Танай байгууллагын зүгээс энэ асуудалд ямар байдлаар хандаж байгаа вэ?

-Манай улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд бол орчны бүс гээд үндсэндээ бол 3.5 сая га талбайд тусгай хамгаалалттай газар нутагтаа үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор орчны бүс гэж байгуулсан байгаа. Орчны бүсэд орон нутгууд хайгуул, ашиглалтын лиценз олгогдсон, дархан цаазат газартаа ийм төрлийн үйл ажиллагаа явуулахгүй нь ойлгомжтой.

“Эрдэнэ Монгол” ХХК-ийн тухайд манай орчны бүсэд ашиглалтын лиценз авсан байгууллага. Яг тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хязгаарлалтын бүсээс шулуунаар бол 40 километр, Эхийн гол гээд тусгай хамгаалалттай газар нутгаас 95 километр, Цагаан богд уулнаасаа 150-аад километр зайд тусгай зөвшөөрлийн талбай нь оршдог юм билээ. Тэгэхээр суурин болон малчдад уурхайн ажиллагаа шууд байдлаар нөлөөлж, эрсдэл учруулах зүйл нь эрс гайгүй гэж тооцоолж байна. Түүнчлэн олон янз биологийн төрөл зүйлд ирээдүйд сөргөөр нөлөөлөх эрсдэл байгаа ч яг өнөөдөр тулсан аюул, заналхийлэл үүсээгүй байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Нутгийн иргэд гэх хүмүүс Улаанбаатарт хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, Сэгс цагаан богд, Говийн их дархан цаазат газрын А хэсэг юу юугүй сэглэгдэж дууслаа, хүн мал, амьтан ундлах ус, идэх өвсгүй боллоо” хэмээн мэдээлэл хийсэн. Энэ тал дээр таны байр суурь?

-Байгаль дэлхий, орон нутгаа хамгаалах үүднээс ямар ч мэдээлэл хийж болох юм. Гэхдээ худал мэдээлэл цацан, хол байгаа иргэдийг турхирч, нийгмийг айдаст автуулж, ташаа мэдээллийг зоригтой цацаж байгааг нь гайхаж л байсан. Уул уурхайн олборлолт нь эхлээгүй, эхэллээ ч ирээдүйд нөлөөллийн ийм зүйлс болохоор байна гэх мэргэжлийн хүмүүсийн таамаг, төсөөлөлтэй төдий л газар дээрээ байхад тэд яагаад ийм байдлаар асуудалд хандаж байгааг би сайн мэдэхгүй байна. Манай хариуцаж байгаа бүс нутагт 30 гаруй тусгай зөвшөөрөл байгаа.

Жирийн иргэд бус байгаль орчны хяналт, үнэлгээ, шинжилгээ хийдэг мэргэжлийн хүмүүс нь ийм байр суурьтай, эрсдэл, аюул учирна гэж айж сандарсан зүйлгүй ажин түжин ийн байцгааж байлаа. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн хурал дээр яригдаж байсан шиг ухаж төнхсөн, гол горхи ширгээж, сааралтаж, улаанаараа эргэтэл нь бохирдуулсан, ургамал, амьтдыг хөөж, үргээсэн, хөрсийг нь эргүүлж, сэндийчиж хаясан зүйл Сэгс цагаан богд орчимд огт болоогүй байлаа.

ЮНЕСКОГИЙН “ДЭЛХИЙН ГАЙХАМШИГТ ҮНЭТ ЗҮЙЛ”-Д БАГТСАН ГОВИЙН ИХ ДАРХАН ГАЗАРТ ХЭН ДУРТАЙД НЬ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХГҮЙ

Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм.

Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм. Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм.

1996 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “Дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд бүртгэн авчээ. Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 километр зайтай оршино. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.

Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ. Өөрөөр хэлбэл, захын нэг компанид тусгай зөвшөөрөл нэрээр ухуулж, сэндийчүүлэх газар биш бөгөөд зөвхөн Монгол төдийгүй дэлхийн хамгаалалтад байдаг газар нутаг гэдгийг энд онцлох нь зүйтэй билээ.

Эндээс бид “Эрдэнэ Монгол” гэх компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг зорилоо.

Үргэлжлэл бий.

Л.БАТБААТАР

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн хэрэгслийн даатгал 27.6 хувийг эзэлж байна || DNN.mn

Даатгалын хураамжийн орлого 2021 онд 243.3 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 68.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс даатгалын хураамжийн орлого 41.8 (20.8%) тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөр 9.1 (15.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Даатгалын хураамжийн орлого 2021 оны 4 дүгээр улиралд 54.8 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 22.5 (29.1%) тэрбум төгрөгөөр буурчээ. Даатгалын нөхөн төлбөрт 2021 оны 4 дүгээр улиралд 24.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх улирлаас 8.1 (50.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Даатгалын хураамжийн орлого 2021 онд өмнөх оныхоос 41.8 тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 16.0 (32.2%) тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 14.1 (40.5%) тэрбум төгрөгөөр, агаарын хөлгийн даатгалын хураамжийн орлого 4.8 (73.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Даатгалын хураамжийн нийт орлогын 26.9 хувийг хөрөнгийн даатгал, 20.1 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 15.3 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байна. Даатгалын нөхөн төлбөр 2021 онд өмнөх оныхоос 9.1 (15.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 2.7 (25.6%) тэрбум төгрөгөөр, мал амьтдын нөхөн төлбөр 1.5 (3.4 дахин) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр 1.0 (3.4 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Даатгалын нийт нөхөн төлбөрийн 19.0 хувийг гэнэтийн ослын даатгал, 27.1 хувийг жолоочийн хариуцлагын даатгал, 27.6 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал тус тус эзэлж байна. Даатгуулагчид 2021 онд 1.2 сая болж, өмнөх оныхоос 107.8 (9.8%) мянгаар өсжээ. Даатгуулагчдын 82.8 хувь нь иргэн, 17.2 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага байна.

Categories
мэдээ нийгэм

ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилчин өндөр хүчдэлд цохиулж нас баржээ || DNN.mn

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулсан осол өчигдөр /2022.03.01/ гарчээ. Нөхцөл байдлын шалтгааныг цагдаагийн байгууллагаас тодруулахад “ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулсан осол өчигдөр гарсан. Дуудлага мэдээллийн дагуу тусламж үзүүлэхээр алба хаагчид очсон. Хэргийн шалгалтын ажил үргэлжилж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Өндөр хүчдэлд цохиулсан дөрвөн ажилтны нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 09:00 цагийн үед иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс очин, шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтер ажилтай 31 настай Д нь ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байжээ. Одоогоор хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс арьс товруутах өвчин дэгдэхэд нөлөөлсөн” гэв || DNN.mn

Шадар сайд С.Амарсайхан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нартай уулзаж /2022.02.28/ сүүлийн үед хийж буй ажлын явцыг шалгаж, хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батчулуун “Манай байгууллагаас 21 аймагт мэргэжилтнүүд малын вакцинжуулалтад ажиллаж буй. ОХУ-аас маргааш 3.5 сая, гуравдугаар сарын 25-нд дахиад 3.5 сая вакцин оруулж ирэхээр болсон. НҮБ-ын төслийн хүрээнд 4.6 сая вакцин авахаар хэлэлцэн тохирсон” гэв.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Малын эрүүл байдал монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс вакцинжуулалтыг түргэвчлэх шаардлагатай. Мөн зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд МХЕГ хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн жил малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс малын товруутах өвчин дэгдэх нэг хүчин зүйл болсон” хэмээн анхааруулаад, одоо байгаа вакцинаар гуравдугаар сарын 25 гэхэд 5 сая үхэр сүргийг вакцинжуулахыг үүрэг болголоо.

Мөн өмнө нь МЭЕГ-аас малд хийх вакциныг хөдөө орон нутагт хуваарилаад, малчдад даатгаад орхидог байсан. Үүнээс болж малчид дархлаажуулалтыг орхигдуулж, халдварт өвчин тархах шалтгаан болдог. Иймд мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтарч, өөрсдөө хяналт тавьж, гардан ажиллах үүрэг өгөв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Walt Disney” болон “Warner Bros” компани өөрсдийн киног ОХУ-д гаргахыг хориглов || DNN.mn

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Америкийн “The Walt Disney” компани кинонуудаа ОХУ-ын нутаг дэвсгэрт гаргахыг хориглосон талаар CNBC мэдээлжээ.

“The Walt Disney” компанийн төлөөлөгч “ОХУ Украин руу үндэслэлгүйгээр халдан довтолж улсын аюулгүй байдалд халдлаа. Иймээс бид ОХУ-ын кино театруудад өөрийн киног гаргахыг хориглож байна. Цаашид Украин дахь нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамаарч дараа дараагийн шийдвэр гарна” гэв.

Харин “The Walt Disney” мэдэгдэл гаргасны дараа Warner Bros компани “The Batman” киноны ОХУ дахь нээлтийг хойшлуулж байгаагаа мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Путин дайныг зогсоох гурван нөхцөлийг нэрлэлээ || DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой утсаар ярихдаа Украин дахь цэргийн тусгай ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэсэн хэмээн Оросын Газета сайт мэдээллээ.

Энэ тухай Путин, Макрон нар утсаар ярьсны дараа Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд

  • Крым дахь Оросын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх;
  • Украиныг цэрэггүйжүүлэх
  • Украин улс төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх гэсэн гурван нөхцөл шаардлагыг Оросын зүгээс тавьж байгааг дурджээ.

Орос, Украины төлөөлөгчид хоёрдугаар сарын 28-нд буюу Даваа гарагт Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийсэн билээ. Таван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээгээр талууд тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд ойрын хугацаанд дахин уулзахаар тохиролцсон юм.

Орос Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлсэн юм.