Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг ирэх сард эхлүүлнэ || DNN.mn


Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийжээ.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулах юм байна.

Уг усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Украинаас бүх иргэдээ татаж авлаа || DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хоёрдугаар сарын 25-наас Монгол Улс Украин дахь иргэдээ татаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг нь татаж авлаа. Харьковт байсан 15 оюутан энэ мөчид Польш улсын хилээр орж ирж байна. 15 минутын өмнө Украинаас гарсан гэсэн үг. Нийт 58 иргэнийг Польшийн хилээр татаж авч эх оронд нь ирүүлэх ажиллагааг ГХЯ, Польш дахь Элчин сайдын яам амжилттай зохион байгууллаа.

Польш улсын хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 нь Монгол руу ниссэн, гурав нь Монголд ирсэн. Харин 15 нь Истанбулд байгаа. Маргааш эх орондоо ирнэ.

Киев хотоос хүсэлтээ гаргасан бүх иргэд ирсэн. Нэмээд иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгч байна. Одоогоор Киев хотоос дахиад гурван иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан бөгөөд нэг нь Киргиз улсын иргэн юм. Эдгээр иргэнийг татаж авна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг нээлээ || DNN.mn

Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг нээлээ

Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг ашиглалтад орууллаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрээр “21 аймгаас анхлан Архангай аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх боломж бүрдэж байна. Цаашид аймаг бүрт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдан эрт илрүүлгийг зохион байгуулах болно” хэмээв.

Төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-д япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа || DNN.mn

Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн захирал Б.Очирхуяг нар Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

Тус “МУИС-ийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах” төсөлд олгогдох нийт өртөг 92,542 ам.доллар юм. Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн төсөл Монголд 2005 онд анх удаа хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ удаагын 9 дэх удаагийн төсөл юм.

Уг төслөөр МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Япон судлалын салбарт япон хэлний хэлмэрчлэхүйн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нийлүүлж, синхрон орчуулгын дадлага хийх орчин нөхцлийг бүрдүүлэн ангийг тохижуулна.

МУИС анх 1975 оноос япон хэлийг зааж эхэлсэн бөгөөд Монголд хамгийн урт түүхтэй япон хэлний боловсрол олгож байгаа дээд боловсролын байгууллага юм. Энэ төсөл хэрэгжсэнээр олон салбарт Монгол, Японыг холбох чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргана гэдэгт найдаж байна.

Нэмж дурдахад, Япон Улсын Засгийн газрын Соёлын Өвсний үндэс буцалтгүй тусламж нь төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллага зэрэг ашгийн бус байгууллагад соёл, дээд боловсролын байгууллагын орчин нөхцлийг сайжруулахад ашиглагдах тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга байгууламжийг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлдэг төсөл юм. Энэхүү төслөөр дамжуулан хөгжиж буй улсын соёл, боловсролын салбарын орчинг сайжруулж, тухайн улсуудтай соёлын харилцааг хөгжүүлж, найрамдалт харилцаа болон харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх зорилготойгоор хэрэгжүүлдэги байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүннү архелогийн шинэ нээлтийн тусгай үзэсгэлэнгийн хугацаа сунгагдлаа || DNN.mn

Монголын Үндэсний музей/ National Museum of Mongolia Хүннү архелогийн шинэ нээлтийн тусгай үзэсгэлэнгийнхээ хугацааг тавдугаар сар хүртэл сунгажээ. Үзэсгэлэн мягмар – ням гаригийн хооронд 09:00-17:30 цагт тугсай тайлбартай хүрэх юм. Тасалбар нь 5000 төгрөг бөгөөд хүүхэд үнэгүй үзэх аж.

Та музейгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

Categories
мэдээ нийгэм

Усны гүний аврах ажиллагааны бэлтгэлд 24 алба хаагч хамрагджээ || DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг өнөөдөр зохион байгууллаа. Тодруулбал, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нуурт энэхүү бэлтгэл болсон юм.

Үүнд 24 алба хаагч хамрагдаж, 9-11 метрийн гүнд 70 удаа шумбажээ.

Хээрийн нөхцөлд усны гүн 7-10 метр, мөсний зузаан 120 см болохыг тогтоон хоёр цооног гарган, усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр дадлага сургуулалт хийсэн байна.

Энэ удаагийн бэлтгэл нь шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагч нарыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлснээрээ онцлогтой аж.

Сургалтын гол зорилгыг тодруулбал, алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Манай улсаар дамжин өнгөрөх нислэгийн тоо сүүлийн гурав хоногт 50 орчим хувиар буурсан” гэв || DNN.mn

Манай улсын агаарын орон зай дахь навигацийн үйлчилгээний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасангаас тодруулжээ.

Коронавируст цар тахлын тархалт даамжирч байсан үед Монгол Улсын агаарын орон зайд хоногт дунджаар 150 орчим онгоц дамжин өнгөрдөг байжээ. Харин нөхцөл байдал харьцангуй намжиж, улс орнуудын нислэг сэргэж эхэлснээр өнгөрсөн долоо хоногт гэхэд дундаж үзүүлэлт 200 орчим болж нэмэгдээд байсныг тэрбээр мэдээлсэн юм.

Гэвч сүүлийн гурав хоногт дээрх тоо 50 орчим хувиар буурч манай улсаар дамжин өнгөрөх нислэг 110-120 болжээ. Ийнхүү буурсан шалтгаан нь улс орнууд агаарын орон зайдаа хязгаарлалт хийж буйтай холбоотой юм байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан “Орлого 78 хувиар буурах эрсдэл бий. Монгол Улс хоёр их гүрний дунд оршиж байгаа, агаарын орон зай нь нээлттэй байгаа орон. Агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа тохиолдолд бид аюулгүй байдлыг нь хангаж, Монгол Улсын агаарын зайд навигацийн үйлчилгээ үзүүлнэ.

ИНЕГ-аас 2022 оны улсын төсөвт навигацийн орлого 150 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх учиртай. Хэдийгээр КОВИД-19-ийн нөхцөл байдал хүнд хэвээр, дамжин өнгөрөх нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан байгаа ч агаарын орон зайн багтаамж, урсгалыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагаагаа сайжруулснаар орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бураатын даваа орчмын авто замын доорх цэвдгийн гэсэлтийг зогсоох технологи нэвтрүүлж байна || DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг ажилласан. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Бураатын давааны авто замын нөхцөл байдалтай танилцсан байна.

Тус аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарчээ. Тухайн замын тодорхой хэсгүүдэд өвөл хөлдөж овойн зуны улиралд цэвдгийн гэсэлтийн суулт өгснөөс зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна. Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл, зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд судалгаа хийж авто замын гүйцэтгэгч компанитай хамтран цэвдэгтэй хэсгийг зуны улиралд гэсгээхгүйгээр хүйтэн байлгах технологи нэвтрүүлж байна.

ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Я.Жамбалжав, Замын гадарга, ялангуяа асфальт-бетон гадарга нь нарны энергийг өөртөө шингээж улмаар доошоо гүн рүүгээ дулаан дамжуулснаар түүний доорх цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээхэд хүргэнэ. Ингэж цэвдэг гэссэнээр түүнд агуулагдах мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадарга дээр хотойлт суулт үүсдэг. Бураатын даваа орчимд замын эвдрэлтэй хэсгүүдийн шалтгааныг тодорхойлох, замын далангийн хэсгүүдийг эвдрэлээс сэргийлэх арга, аргачлал, зөвлөмж боловсруулах судалгааны ажлын хүрээнд геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээжлэлт, цооногийн температурын хэмжилт, тайланг 2021 оны зун хийсэн. Дээрх судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж цэвдгийн гэсэлтэд хүчтэй өртөж хотойлт суулт өгсөн хэсгүүдэд цэвдгийн гэсэлтийг зогсоох аргуудын нэг болох термосифон хоолойнуудыг өнгөрсөн оны 10-12 дугаар сард суурилуулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.

ЗТХ-ийн сайд Л.Халтар, гүйцэтгэгч компанид улсын баяр наадмын өмнө хөргөлтийн тоног төхөөрөмж суурилуулсан 700 гаруй метр газрын хучилтыг хийж дуусгахыг үүрэг болголоо. “Монголд цэвдэгтэй газар маш олон байдаг. Тухайн үедээ далан муу хийгдсэн хэмээн үнэлээд шороогоор сольдог ч байдал дээрддэггүй. Тиймээс Я.Жамбалжав доктор энэ технологио салбарын шинжлэх ухааны зөвлөл дээр замын болон зам, засвар арчлалтын компаниудыг байлцуулан танилцуулаарай” гэв.

Термосифон хоолой нь хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур хөрсний температураас хүйтэн болсон үед хүйтнийг хөрсний гүнд хормын төдийд хүргэдэг. Хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвөл болдог бүх бүс нутагт ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм. Хэд хэдэн төрлийн термосифон хоолой байдаг бөгөөд Бураатын даваа орчимд налуу болон гогцоо хэлбэрийн хоолойг суурилуулжээ. Ингэснээр тухайн замын доорх цэвдгийг гэсгээхгүй барих боломж бүрдэж байна.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Ц.Анударийн ангийнхан || DNN.mn

Үй цай. 2013 оны төгсөлт


Бусдын тойрогт бүү хүр” уриатай “Гар+Дор” контемпорари үзэсгэлэнгээ “Мишээл экспо”-д дэлгэсэн Ц.Анударийн ангийнхныг “барьж авав”. Залуу уран бүтээлчийн үзэсгэлэнгийн нээлтэд ангийнхан нь ирсэн байлаа. Ц.Анударийн үзэсгэлэн гараар баялаг. Нарийхан улаан “гудамжаар” алхахад дунд сургуульд байхад маань хүүхдүүдийн ярьдаг байсан “Хар гар”-нууд амилах шиг л санагдсан. Ханан дундаас сэрийлдсэн тэдгээр гарнууд биед шүргэн долгилно.

Гараар илч дулааныг мэдрүүлж болдог ч бас бас бусдын орон зайд халдаж, айдас хүйдэс төрүүлж ч болдог. Тэрбээр хувь хүний орон зайг хүндлэх, бусдын орон зайд халдахгүй байх нь дэлхийн олон оронд чухалд тооцогдох ч Монголд хувь хүний орон зайн тухай ойлголт ч хомс байна хэмээн уг үзэсгэлэнгээрээ хэлэхийг хүсчээ. Тэр ч байтугай уран бүтээлч бүсгүйн өмссөн хувцас нь хүртэл орон зайгаа зарлан тунхаглаж байлаа. Хиртэй гараар ч хүрэмгүй залуу бүсгүйн бие цогцос бус уу.

Тэд “Үй цай” сургуулийг 2013 онд төгсөгчид. Найзынхаа анхны үзэсгэлэнг зорьж ирсэн ангийн хүү Б.Өлзийхутагтай ярилцлаа. Тэрбээр Шанхайн хятад уламжлалт анагаахын их сургуулийг төгссөн. “Найдан” хувийн эмнэлэгт зүүний эмч хийж байгаа. Түүний багын найз Г. Чинзориг дэргэд нь зогсож байлаа. Тэд 2002 онд “Үй цай” сургуульд элсчээ. Г.Чинзориг дэлхийн топ 30 сургуульд багтдаг Бээжингийн их сургуульд суралцсан. Хүний их эмчээр зургаан жил сурч, 2020 онд төгсчээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн байна. Нэг ангийнхан энэ өдөр олон дурсамж хуваалцсан буй за. Б.Өлзийхутаг “Нэгдүгээр ангид ороод танилцаж байсан үеэ санадаг. Г.Чинзориг яг миний хойно суудаг байсан. “Би ээжтэйгээ хөдөө яваад ирсэн. Тэмээтэй хотод орж ирсэн” гэж ярьж байсан хэмээн хуучлав. Нэгдүгээр ангид байхдаа ингэж яриад, найзууд болж байсан гэнэ. Харин Г.Чинзориг нь “Яах вэ, хөдөө очоод тэмээ унасан. Түүнийгээ л буруу ярьчихсан шиг байгаа юм” хэмээн залруулав. “Би тэр үеэ санадаггүй юм. Өлзий л санаад байдаг” хэмээн тайлбарласан. Тэд багаасаа найзалсан. Одоо ч нөхөрлөдөг гэнэ. Европ, уламжлалтынхан “ном хаялцах уу” гэхэд маань Б.Өлзийхутаг “Манайх хэчнээн уламжлалт ч европ анагаахын үндсэн хичээлүүдийг үздэг байсан. Нэг курс болохоор танайд одоо энэ хичээл яаж орж байна” гэх мэтээр сонирхдог байсан гэнэ.

Г.Чинзориг “Бага ангид байхаасаа эмч болно гэж боддог байсан. Хүссэн сургуульдаа орж, хүссэн мэргэжлээ эзэмшээд явж байна” гэлээ. Өлзий найз нь ч Шанхайн хятад уламжлалт анагаахад сурна гэж боддог байсан. Аав “Гэр бүлд нэг эмч байх хэрэгтэй. Эмчээр сурвал яадаг юм бэ” гэж зөвлөсөн гэнэ. Тэд “Дунд сургуульдаа даруухан сурагчид байсан” хэмээн өөрсдийгөө тодорхойлов. Г.Чинзориг “Авьяас маруухан, зурах гэж оролддог байсан” гэсэн бол Б.Өлзийхутаг жил бүр болдог урлагийн үзлэгийн үеэр “Хоорт зогсдог байсан” гэлээ. “Шанхайд очиход мэргэжлийн хэллэг ороод ирэхээр арай хүнд. Гэхдээ дунд сургуульдаа хятад хэл дээр суралцсан болохоор ойлголцоход ямар ч асуудал байгаагүй. “Үй цай” сургуульд маш сайн сууж сурсан. Ханз цээжилж байсан болохоор ч тэр үү амархан цээжилдэг болчихдог юм билээ” хэмээн сонирхуулав. Үзэсгэлэнгээ дэлгэсэн Ц.Анударьтай тэд багын найзууд. Хятадад сурч байсан хүүхдүүд бүгд холбоотой байсан. Амралтаараа бие бие дээрээ ирж очдог байсан гэнэ. Г.Чинзориг “Ану зорьсондоо тууштай. Багаасаа урлагт дуртай байсан. Таагүй юм болж тавгүйтээд ирэхээрээ Ану дээр очиж ярьдаг” гэлээ.

Харин ангийн охин Б.Энхмаа “Анутай нэг урлагийн сургуульд сурсан. “China Academy of Art”-ийг төгссөн. Найз маань хувцас дизайнаар, би барилгын архитектур интерьерээр төгссөн” хэмээн танилцуулав. Тэрбээр тавилгын дэлгүүрт брэнд менежерээр ажилладаг. Тавилганы байршил, өнгө зохицол гэх мэтээр интерьер дээр нь “тулж ажилладаг” ажээ. Б.Энхмаа Монголд артист хүмүүст зориулсан галерей барихыг хүсдэг. “Шинэ байранд орлоо, дотоод заслыг нь хараад өгөөч” гэсэн хүсэлт гуйлт их хүлээж авдаг гэнэ. “Дунд сургуульд цайны цаг л хамгийн хөгжилтэй байсан” хэмээн дурслаа. “Тухайн үед ороомог алдартай байлаа. Манай ангийн нэг баньд ороомгоо барьчихсан гүйж орж ирээд, тээглэж унахдаа ороомгоо дээш нь бариад унаж байсан” хэмээн хуучилсан. Дунд сургуулийн амаргүй өдрүүдийг тэрбээр “Өглөө эрт хичээл ороод 17-18 цаг гэж тардаг, үзсэн хичээлээ шалгуулж байж харина. Хичээлээ цээжлээгүй тохиолдолд 21 цаг хүртэл суух үе ч байсан. Тэр үедээ хэцүү байсан, уйлах нь уйлаад, ээж аавтайгаа цуг суугаад цээжлэх нь цээжилдэг байсан” хэмээн дурсав.

Найзынхаа анхны үзэсгэлэнд Монголд байгаа ангийн хүүхдүүд нь ихэнх нь ирсэн гэнэ.

Э.Энэрэл дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг болох KPMG аудит ХХК-д монгол салбарт нь ажилладаг. “Дунд сургуулиа төгсөөд манай ангийн хүүхдүүдийн талаас илүү нь Хятадад тэтгэлгээр сурсан. Би Санхүү, эдийн засгийн дээд сургуульд ороод, дараа нь Англи явсан. Бусдаасаа өөр, бараг холбоогүй байсан. Хамтдаа хийдэг зүйлс гэвэл урлагийн үзлэг бодогдож байна. Хичээл тараад бөөнөөрөө хоор дуугаа бэлтгэнэ, нэг ч хүн дутаж болохгүй гэдэг. Бүжиг, хоор дуунд ордог байсан гэв. Ангийнхаа “Хамгийн хамгийн”-аас дурдаач гэвэл “Хамгийн сурлагатай нь гэвэл өөрийгөө хэлнэ. Зарим хүүхэд гэрийн даалгавраа хуулуулаач гэдэг байсан” хэмээн өөрийгөө магтаад авлаа. “Бага ангийн Бо. Туяа хамгийн хайртай багш маань. Манай сургууль нэгээс тавдугаар ангидаа монгол хятад хэлтэй өвөрмонгол багшаар хичээл заалгадаг байсан. Дунд ангиасаа ямар ч монгол хэл мэдэхгүй хятад багш хичээл заадаг байв. “Үй цай” төгсөгчид хүмүүжил, харилцаагаараа ялгардаг” гэж Э.Энэрэл онцолсон шүү.

Харин Э.Жавхлан Шанхайд олон улсын худалдаа, эдийн засгаар төгссөн. Гадаад яаманд ажиллаж байгаад, Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцсан. Тэрбээр дунд сургуульд байхдаа Ану найзынхаа загвар өмсөгч болж байсан удаатай. Ану ахлах ангидаа “Бөртө чоно Гоо марал” загварын уралдаанд түрүүлж байжээ. Эрэгтэй модель нь Э.Жавхлан байв. Ану үндэсний хэв маягтай форм зохион бүтээж байсан түүхтэй. “Анхны үзэсгэлэн дээр нь төслийн менежерээр нь ажиллаж, Анутай их холбоотой яваа юм байна” хэмээн Э.Жавхлан дүгнэж байна. Анугийн хамгийн сайн найз О.Номин. Гэр бүлийн гишүүн шиг болсон найзууд гэнэ. Дүрслэхэд уран зураач мэргэжлээр сурсан чөлөөт уран бүтээлч. Дүрслэх дизайн урлагийн сургуулийн О.Энхтайван багшийн удирдлаганд дөрвөн жил суралцсан гэнэ. Охиныхоо найзын үзэсгэлэнд ирсэн О.Номингийн ээж “Үй цай хүүхдийг сууж сургадаг нь гайхалтай. Энэ хүүхдүүд маань нэгдүгээр ангиасаа орой 19 цаг хүртэл хамтдаа урт хугацаанд хичээл хийж сууж сурсан, тууштай хүмүүс болж хүмүүжсэн. Хүүхдээ асуугдаж гарч ирэхийг нь хүлээгээд, эцэг эхчүүд сургуулийн үүдэнд хүлээгээд сууж байдаг байлаа” хэмээн дурслаа. “Үй цай” сургуулийн захирлууд Д.Цэцэгмаа, Д.Баяраа нар төгсөгчийнхөө үзэсгэлэнг зорин ирж, дурсгалын зүйлс гардуулан, эцэг эхээс нь дутахгүй баярлаж явлаа.

Нэг ангийхны энэ удаагийн гол баатар Ц.Анударьтай ярилцлаа. Тэрбээр “Үй цай” бүрэн дунд сургууль төгсөөд, Ханжоуд байдаг Хятадын урлагийн академийг хувцас дизайны мэргэжлээр төгсөж, Шанхайд хоёр жил ахлах дизайнераар ажилласан. Монголдоо ковидоос болж ирэх хугацаандаа хувцас загвараас контемпорари арт урлаг руу шилжилт хийж, анхны үзэсгэлэнгээ толилуулж байгаа гэлээ.

-“Бусдын тойрогт бүү хүр” гэдэг чухал мессэж. Сэдвээ яаж сонгов?

-Би сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилдаг. Жилийн өмнө төслийнхөө санааг гаргаж байсан. Надад тулгарч байсан зүйлс бусдад бас тохиолдож байсан эсэхийг мэдэхийг хүсч, сошиалаар судалгаа асуумж явуулсан. Энэ бүхэн зөвхөн надад төдийгүй Монголд өдөр тутам тохиолддог хэвшмэл ойлголт юм байна гэж үзсэн. Энэ сэдвээр үзэсгэлэн гаргах ёстой юм байна гэж ойлгосон. Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн тэтгэлэгт төслийн санаагаа илгээж, шагналын эздийн нэгээр тодорсон.

-Бусдын тойрог гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Залуу үеийн сэтгэл зүй эрүүл мэндийн асуудлыг урлагаар дамжуулж хөндөж байгаа. Олон нийтийн газар дахь таагүй байдлуудыг гаргаж ирж байгаа юм. Монголд хувь хүний орон зай гэдэг ойлголт байдаггүй. Миний орон зайд яагаад миний зөвшөөрөлгүй халдаад байгаа юм бэ. Зөвхөн биед хүрэхээс гадна үг хэл хандлагаараа бусдын орон зайд халддаг. Энэ бүхэн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөх магадлалтай. Хувь хүний орон зайд халдах нь тухгүй мэдрэмж төрүүлдэг ч хүмүүс энэ талаар ярьдаггүй. Энгийн юм шиг хүлээж авсаар тэр нь даамжирч, бусадтай хамаагүй харьцаж болдог юм шиг ойлгодог болсон. Хүн гараараа олон гоё зүйлийг бүтээж болдог. Бас онцгүй зүйлүүдийг ч хийгээд байгаа юм. Олон утгаараа “Гар дор” гэсэн нэрийг өгсөн.

-Өмссөн хувцсаараа энэ санаагаа илтгэхийг хүссэн болов уу, хувцсаа яаж бүтээсэн бэ?

-Баримал хийдэг найзаараа өөрийнхөө биеийн хэвийг авахуулсан, гар нь ч миний гарын хэв. Өөрийнхөө биеийг өөрийнхөө бие дээр өмсч байгаа гэсэн үг. Хувийн орон зайгаа өөрийн гараар хамгаалж байна гэсэн санааг илтгэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан дулаан болон шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллахыг зөвлөв || DNN.mn

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар Монгол Улсын эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэл, тодорхой бус байдлын талаар хэлэлцээд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөмж гаргалаа.

Үүнд:

  1. Эдийн засгийн гадаад орчинд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын төлбөр тооцооны тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах.
  2. “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулахад чиглэсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг яаралтай дуусгах, БНХАУ-ын талтай харилцан тохиролцож, хилийн боомтуудын төлөвлөлт зохион байгуулалтыг нягт уялдуулан үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх.
  3. Хил орчмын бүс нутагт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хил нэвтрүүлэх зохион байгуулалтыг сайжруулах, экспортын тээвэрт хүний шууд оролцоог бууруулсан чингэлэгт тээврийн терминал, ухаалаг тээврийн хэрэгслийг (AGV) нэвтрүүлэх ажлуудыг шуурхайлах замаар экспортыг нэмэгдүүлэх.
  4. Замын-Үүд, Булган, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд, импортын бараа тээвэрлэлтийн шинэ замуудыг судалж, ашиглах замаар импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах.
  5. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдсэн инфляцыг Улсын Их Хурлаас баталсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд Төв банкны дунд хугацааны зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
  6. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн суурь зардал, хэрэглээний үнийн дарамтыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд эрчим хүч, цахилгаан дулаан, сайжруулсан түлш, цэвэр бохир ус, сургалтын төлбөр зэрэг төрийн зохицуулалттай үнэ болон бензин шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах.
  7. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаад төлбөрийн чадварыг дэмжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн зохицуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх.