Categories
гадаад мэдээ

ОХУ-ын засгийн газар “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг гаргажээ || DNN.mn

ОХУ-ын засгийн газар Даваа гарагт тус улстай “найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтыг баталжээ.

Уг жагсаалтад багтсан улс орон, газар нутагт АНУ, Канад, Европын Холбооны улсууд, Их Британи (Жэрси, Ангилла, Бритиш Виржиний арлууд, Гибралтар багтсан), Украин, Монтенегро, Швейцар, Албани, Андорра, Исланд, Лихтенштейн, Монако, Норвеги, Сан Марино, Умард Македон, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Микронез, Шинэ Зеланд, Сингапур, Тайвань орж байна.

Эдгээр улсууд Оросын зэвсэгт хүчин Украинд “тусгай ажиллагаа” явуулж эхэлснээс хойш ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарласан, хоригт нэгдсэн гэдэг үндэслэлээр “найрсаг бус харилцаатай” орнуудын жагсаалтад багтсаныг Москвагийн эрх баригчид тайлбарлажээ.

Оросын иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд эдгээр орнуудад бүртгэлтэй зээлдэгчдэд өрөө рублиэр төлж барагдуулах түр журам хэрэгжиж эхлэх юм байна.

Даваа гарагт батлагдсан энэхүү түр журам нь сарын 10 сая рублиэс дээш хэмжээтэй төлбөрт үйлчлэх ажээ.

Эх сурвалж: ТАСС

Categories
мэдээ нийгэм

Манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой || DNN.mn

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Уг өдрийг угтаж Үндэсний статистикийн хорооноос эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой баримтуудыг мэдээлж байгаа юм.

Тэдгээрээс дурдвал, манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна.

Мөн 2021 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын эмэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байна. Энэ нь эрэгтэйчүүдийнхээс 17.8 хувиар бага дүн аж.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ дахь Элчин сайдын яамнаас анхааруулга гаргалаа || DNN.mn

ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Уг анхааруулгадаа “Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд төлбөрийн “Visa” болон “Mastercard” систем тус улсын зах зээлээс 2022 оны гуравдугаар сарын 10-ний 00.00 цагаас гарч байгаа тул ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар ирсэн иргэн та Монгол Улсын арилжааны банкны “Visa” болон “Mastercard” картын дансанд байршиж буй мөнгөө нэн даруй бэлнээр авахыг анхааруулж байна. Цаашид Монгол Улсаас болон өөр улсаас мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ болон бусад орны арилжааны банкнуудад хандаж олон улсын төлбөрийн “UnionPay” системд бэхлэгдсэн карт захиалан авахыг зөвлөж байна. Харин ОХУ-ын банкнуудаас өмнө нь гаргасан “Visa” болон “Mastercard” картууд нь дотоодын буюу ОХУ доторх төлбөр тооцоонд хэвийн ажиллана гэж Оросын Төв банк мэдэгдэж байгаа” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа тоносон дээрэмчдийн эсрэг тэмцдэггүй оюутнууд ус цацсан нэгнээ сургуулиас нь хөөлгөхийн тулд 15000-уулаа тэмцэж байна… || DNN.mn

МУИС-ийн оюутан Б.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт нийгмийн гол дүр байлаа. Түүний талаар амтай болгон дуугарав. Улсаа тонон дээрэмдсэн гишүүд, улс орны валютын нөөцийн шавхагдал… энэ тэр бол анхаарах сэдэв биш бололтой. Энд өмөөрөл байхгүй, зүгээр л монголчуудын, Монголын залуу үеийн хандлага, эрдэмтэн багш нарын эмгэнэлтэй дүр зураг, нийгмийг буруу тийш нь залж чадаж байгаа хүчний байгууллагын нүүр царай, энэ хэвээрээ бол үнэн шударга нийгмийн тухай яриад ч хэрэггүй юм.

Нийгмийн хамгийн мэдрэмжтэй масс бол аль ч улс оронд оюутнууд байдаг юм. Нийгмийн шинжтэй хувьсал өөрчлөлт бүрийн түрүүнд оюутнууд явдаг болохоор тэдэн рүү их анхаардаг. Энэ бол дэлхийн практик. Монгол Улсын эрх ашиг зөрчигдсөн өчнөөн буруу үйл явдал болж байна. Тэгвэл тэр бүгдэд ёстой ямар ч цочоогүй Монголын 100 мянга гаруй оюутан бий. Тэгсэн сая нэгнийхээ мууг үзэх үйлдэл дээр ямар айхавтар нэгдэж, хэдэн арван мянгаараа гарын үсэг зурна вэ. Бүр тэмцэж босох шинжтэй байна шүү.

Монголын оюутнууд ийм өчүүхэн байгаагүй юм. 1989 оны жагсаал цуглаан, ерэн оны ардчилсан хувьсгал Монголын оюутнуудын нуруун дээр хийгдсэнийг түүх гэрчилнэ. Сүүлд М.Энхсайханы Засгийн газрын үеийн сургалтын төлбөр, байрын үнийн дийлдэшгүй хөөрөгдлийн эсрэг Монголын оюутнууд бас их цочиж боссон. Тэр бол 1997 оны намар байлаа. Тэрхүү оюутны жагсаал тэмцлийн түүчээнд өнөөдөр Төрийн ордонд, Засгийн газар, Гадаадын элчин, томоохон компаниудын гол хүмүүс болчихсон байгаа нөхдүүд голлох үүрэгтэй оюутнууд байсныг санах хүн цөөн болжээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Их хурлын гишүүдээс цөөнгүй нь “Би нээрэн 1997 онд оюутны жагсаалыг зохион байгуулж байсан юм шүү” гэж хэлнэ. Үүнийг дурдсаны учир нь тэрнээс хойших 25 жилд Монголын оюутнуудын нийгмийн хариуцлага, мэдрэмж, идэвхтэй байх шинж чанар алга болсон. Зөвхөн амин хувийн эрх ашигтай, хэн нэгнээ доош нь хийх бүлэглэл дээр нэгдвэл нэгддэг, эс бөгөөс сошиал орчинд нэгнээ зүхэхээс өөр юмгүй масс болсон нь өнөөдрийн Б.Ариунзаяа дээр тод харагдлаа.

МУИС-ийн хуулийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт сууж байхдаа үеийнхнээсээ доромжилсон хандлага авсны хариуг нь бид харлаа, жигшлээ. Тийм үйлдэл хийхэд бэлэн хэдэн мянган охид хөвгүүд энэ олон их дээд сургууль дээр хөшилдөж байна. Б.Ариунзаяаг зүхэж суугаа арван хүн тутмын наймынх нь эрх дураараа охид нь цагаа тулбал Б.Ариунзаяагаас ч дор үйлдэл хийхэд бэлэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зүхэж коммент бичихийнхээ өмнө миний охиныг кофе шопт хэн нэгэн бүлэг охид харц, хандлагаар өдөж, улмаар өмнө маань сөхөрч суу гэвэл охин маань тэсч, тэвчиж чадах болов уу гэж бодох ёстой. Миний хувьд лав их зантай, эрх шар охиноо өөрийг нь доромжилсон хэнийг ч өршөөхгүй гэдгийг гадарлаж байна. Та нар ч эргэлзэх хэрэггүйд ээ, үүлэн сүүдэр тусчих вий гэтэл эрхлүүлдэг охин үр чинь энэ дэлхий дээр бүгд миний өмнө сөгдөх ёстой гэсэн шүү юм бодож яваа шүү. Яагаад гэвэл яг тэгж өсгөж байгаа учраас. Гэхдээ доромжлол хандлагыг тэсээд гарах тэвчээр хатуужил суулгаж чадсан бол танд талархъя. Өнгөрөөх зүйлийг өнгөрөөж, тэвчих газраа тэвчиж чадна гэдэг бол хүний маш том чанар. Бүр гайхамшигтай чанар ч байж магадгүй.

Гэхдээ хариуг нь барьдаг хүн болгож өсгөсөн байлаа ч бид шаналах хэрэггүй. Яагаад гэвэл бидний үр хүүхэд, ач зээ нар нэн шинэ үеийнхэн. Бүтэн жарандаа дайн байлдаан, өлсгөлөн гуйранчлал, үгүйрэл хоосрол, өлсөх цангах, өвдөж зовох, доромжлол дээрэнгүйлэл үзээгүй ард түмний хойч үе, үр сад учраас тэд тийм байх эрхтэй. Дийлэнх нь тийм л үрс өнөөдөр энэ хотод мянга мянгаараа хөшилдөж байна шүү дээ. “Энэ ямар увайгүй охин бэ” гээд зүхэж суугаа эцэг эхчүүд ээ, та нарын “Миний хүүхэд арай ч ингэхгүй ээ” гэж өөрийгөө тайтгаруулах чинь зөв. Гэхдээ энэ нь зөвхөн та өөрийгөө хуурсан тайтгарал гэдгийг ойлго. Тэрнээс өнөөдрийн амьдралын бодит үнэн бол хэний маань ч хүүхэд ууж байгаа кофегоо доромжлолын өөдөөс юу ч бодохгүй цацна. Энэ үнэнтэй ил биш ч гэсэн дотроо эвлэр. Дээр нь нэмж хэлэхэд, ямар ч хэрэг тарьсан эрх охиноо та хэнээс ч, юунаас ч өмөөрөх нь 200 дахин үнэн. Ийм л учраас хүний үр хүүхдийн талаар битгий дуугар. Хэн чинь хүүхдээ хүмүүжүүлж чадаж байгаа юм. Хүмүүжил төлөвшлийг цаг хугацаа харуулахаас биш өөр юу ч батлахгүй. Хаана юу хийж явааг нь мэдэхгүй өдөр олон шүү дээ…

Энд үр хүүхдээ хамгаалах нэг л асуудал бий. Эрх дураараа өссөн шинэ үеийнхнийг ашиглах амархан цаг үе ирчихэж. Үр хүүхдийг чинь ашиглаж байгаа тэр хэсэг бүлгийнхний эсрэг харин тэмц, эцэг эхчүүд ээ. Нэгхэн өдрийн өмнө нь та бид эмэгтэй хүүхдийг захирч зандарч, утсыг нь цохиж байгаа цагдаагийн дэслэгчийг харааж, зүхэж байгаагүй бил үү. Тэгсэн яагаад маргааш нь өмөөрч байсан өнөө охиноо хэдэн мянгаараа зүхэж сууна вэ. Монголчууд бид ийм өчүүхэн болчихсон байна. Кофе асгаж байгаа тэр бичлэг надад лав олдохгүй. Танд лав кафены эзэн өгөхгүй. Хохирогч охин тийм бичлэг хийж нийтийн сүлжээнд тавиагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгээд тэр бичлэгийг хэн гэгч нь гэрлийн хурдаар олж, хүчтэйгээр нийгмийн сүлжээнд цацаж, оюутнууд хэдэн мянгаараа, гэнэн тэнэг монголчууд хэдэн зуун мянгаараа “Ариунзаяа, аавтайгаа хамт пүү, паа” болов. Бүр аавтай нь хамт шүү.

Энэ бүгдийн учрыг одоо хэлээд өгье. Түүний аав өмгөөлөгч Г.Батбаяр бол тухайн үеийн ЭЦГ-ын дарга, удирдлагуудын зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, С нэртэй охиныг сайдынхаа эсрэг өдөөн турхирч байгаа утасны нууц бичлэгийг Монголын нийгэмд анх цацсан хүн юм. Санах хүмүүс нь санаж байгаа биз. Ингэж Монголын хүчний байгууллагын тодорхой, нэр нөлөө бүхий удирдлагуудын хорхойтой араанд зуугдсан өмгөөлөгч Г.Батбаярын охин юм аа, наад Ариунзаяа чинь. Шаардлагатай гэвэл Г.Батбаярын задалсан тэрхүү цагдаагийн хурандаа нарын ярианы нууц бичлэгийг сошиалд гаргаж тавьж болно. Өнөөдөр тэрхүү хурандаа нарын зарим нь Монголын онцгой үүрэгтэй агентлагийн даргын албыг хүртэл хашиж яваа. Хөөрхий муу Г.Батбаяр тухайн үедээ хэт амбицтай, ичих эмээх багатай явсан үе нь учраас өмгөөлөх эрхээ тэгсхийгээд хасуулсан даа. Түүний өмгөөллийн эрхийг хассан тухайд цөөнгүй хүмүүс шударга үнэний төлөө түүнийг Өмгөөлөгчдийн холбооноос хассан гэж бодож яваа. Үнэндээ хүчний байгууллагын урт, далд, хар гарын үйлчлэл хэрэгжсэн явдал юм. Ийм нарийн схемийг, бүр системийг Монголын улс төрийн дор хаяж 20 жилийн түүхийг мэдэх, хэн нь хэн бэ гэдгийг багцаалах хэдхэн сэтгүүлч, тэгээд хууль хүчнийхэн л гадарлана. Ингэж л хүчний байгууллагынхантай нүүр тулсан, хорхойтой араанд нь зуугдсан аав, охин хоёрын хувь заяа нийгэмд нүд үзүүрлэгдэн байна даа.

Жаахан хэрсүү байцгаа монголчууд аа. Энэ үгийг мөн ч олон удаа бичиж байна. Өнөөдөр таны гар утаснаасаа харж байгаа хувь хүнтэй холбоотой мэдээлэл бүхэн зорилтот, зорилготой, нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон, өчүүхэн муу эрх ашгууд байдаг юм. Тэдний эрх ашгийн золиос, гол дүр нь болоход та ч, таны үр хүүхэд ч бэлэн байгаа тийм цөвүүн цаг үе. Та бидний төсөөлөхөд ч бэрх технологиуд гар утсаар чинь дамжин ирж байна, ирэхээр бэлтгэгдэж байна. Шулуухан хэлэхэд, тэр бүх муу технологийн учрыг олно гэвэл танд бэрх. Түүнээс сэргийлэх, өөрийгөө авч гарах арга бол бий. Юунд ч дагаж далдганах хэрэггүй. Явж явж өөрийгөө, өөрийнхөө үр хүүхдийн эсрэг үйлдэл болно. Бүр эцэстээ өөрийн гэсэн үнэт зүйлгүй ч болж мэднэ.

Эцэст нь хэлэхэд, аливаа улс орны, нийгмийн оюун санааны оргил нь Их дээд сургууль, эрдэмтэн багш нар, судлаачид, судалгааны хүрээлэнгүүд байдаг. МУИС-ийн багш, академич, хуулийн салбарын хүндэт хүн С.Нарангэрэл гуай Б.Ариунзаяагийн талаар ярихдаа “Энэ хүүхдийг сургуулиас хасах асуудалд Үндсэн хууль ямар ч хамаагүй” гэж ард түмний нүдэн дээр хэллээ. Хэлэх үг олдсонгүй. Хуульчдаас асууя, “Үндсэн хуульд хамаарахгүй иргэн гэж байдаг юм уу” гэж. Энэ асуултад “Нарангэрэл багшийн зөв, Үндсэн хуульд хамаатахгүй иргэн хүн Монголд байна. Тэдний нэг нь Ариунзаяа” гэж байгаа хүн бий бол тэднийг “Монголоос зайл” гэж хэлье. Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, хэрэг бүртгэл ч гүйцэд хийгдээгүй, хүчний хэдэн хурандаагийн өс хонзонгийн золиос тэр оюутан охинд өнөөдөр хамгийн ойр, өмгөөлж хамгаалах хүмүүс бол найз нөхөд, сургуулийнх нь багш нар байсан байх. Гэвч түүний дотны хэдэн найз нь байдаг групптээ “Гутарч гундахгүй яваа шүү” гэдгээ илэрхийлэн хэдэн секундын бичлэг хийж оруулсан нь задрав. Найзууд нь нийгэмд цацаж хорлов. Бүтэн таван жил хууль эрх зүйн хичээл заасан багш нар нь түүнийг сургуулиас хөөж нийгэмд шившиглэв. Тэр охинд одоо хэн үлдэв, хурандаа нарын овоо хараанд муугаа үзэж яваа аав нь, төрүүлсэн эх хоёр нь л үлдсэн, монголчууд аа.

Гашуун үнэнийг хэлье, ийм хувь тавилан хэнийг, хэзээ ч хүлээж байхыг хэн ч мэдэхгүй. Б.Ариунзаяаг зүхэн шившиглэхэд хувь нэмрээ оруулж байгаа охин үртэй хүн бүрийг бурхан ивээг…

Б.Нямаа

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Энхсайхан: Украинд болж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй || DNN.mn

Ардчилсан намын ээлжит бус ХIII Их хурал өнгөрөгч бямба гаригт МҮЭСТО-д боллоо. Ээлжит бус XIII Их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1192 төлөөлөгч АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр Ардчилсан намын лидерүүд намын өнөөгийн байдал болоод Дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлснийг товч хүргэе.

АН-ын дарга асан С.Эрдэнэ “Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэд дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна. Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авч ирж өгсөн. Хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ” гэлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Э.Бат-Үүлийг эргэж очиход надад “Намаа нэгтгээрэй” гэж захисан. Хуваагдсан хоёр тал ширээний ард суугаад ярилц. Улс төрийн хошин шог хийх хэрэггүй. Нийлж хурлаа хийе. Дарга цэргээ сонгож, дүрмийн өөрчлөлтөө хийе. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш өгөх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү. Монголд болохгүй байгаа асуудал нь улс төртэй холбоотой. Тэр дундаа улс төрийн намтай холбоотой асуудал. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг Улсын дээд шүүх шийддэг балмад үйлдлийг хуулиар зогсоох ёстой. УДШ аль нэг талын хамгаалагч болж таарахгүй. Угтаа бол намын бүртгэл болон бусад асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо шийдэж, намын хооронд маргаан үүсвэл УДШ шийдэх ёстой. Тиймээс эдгээр зүйлүүдийг ярилцаж өөрчлөх шаардлагатай. Орос, Украины дайн одоо хамгийн хүнд хэлбэр рүү орох гээд байна. Эхлээд цэргийн баазыг устгасан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, хотын захиргааг бөмбөгдөж байна. Тиймээс энэ дайныг маш хурдан зогсоож энхийн замаар шийдэх хэрэгтэй” гэлээ.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Ер нь энэ асуудлаар Монголын нийгэм хуваагдмал байна. Энэ хуваагдлыг ялгаж харвал нэг хэсэг нь айдсаараа хуваагдсан, нөгөө хэсэг нь үнэт зүйлсээрээ хуваагдсан байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалаа эргээд сана. Бид айдсыг давж байсан. Энэ айдас Монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа. Бид олон Ерөнхий сайдуудаа Зөвлөлт коммунист оросуудад цаазлуулж байсан. Олон мянган лам хуварга, сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тиймээс энэ айдас гүнзгий суусныг би ойлгож хандаж байна. Гэхдээ 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар бид айдсаа давж эрх, эрх чөлөөнийхөө төлөө босч байсан шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр шалгалт өгөх цаг болчихож. Хувь хүн ямар үнэ цэнэтэй юм бэ, ямар үнэлэмжтэй юм бэ гэдгээрээ шалгалт өгөх цаг болчихож. Үүнтэй адилхан улс төрийн намууд, байгууллагууд ч өөрсдөө шалгалт өгөх цаг болчихож. Мөн улс бүр ч өнөөдөр юуны төлөө явж байна гэдгээр шалгалт өгөх болчихсон байна. Харамсалтай нь өнөөдөр Орос орон цэргийнхээ хамаг хүчээр хөрш орнууд руугаа заналхийлдэг, тэрийгээ ч харуулж Украинд өнөөдөр дайн дэгдээж, энгийн номхон иргэдийг алж устгаж байгааг та бүхэн харж байгаа. Энэ үзэгдэл нэг өдөр болж байгаа үзэгдэл биш. Их урт удаан хугацаанд энэ могой өөрөө бойжиж байсан юм. Халдан түрэмгийллийг хийж байгаа Путины бие дотор Сталин ч байгаа, Гитлер ч байгаа. Учир нь гадаад бодлого талаасаа бусад орныг эзлэн түрэмгийлэх асуудлыг Гитлер сэдэж байсан бол өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхаж устгадаг сөрөг хүчнээ дардаг Сталин ч байдал Путины дотор бий болсон байна. Ер нь дарангуйлагч бий болсон газар амьдрал сайхан байхын аргагүй. Дарангуйлагч бий болох хоёр нөхцөл байдаг гэж эрдэмтэд бичдэг. Нэг нь дахин шүтдэг ард түмэн байх ёстой. Хоёрдугаарт нь, тэр удирдагч пронагийн өвчтэй байх ёстой. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа цогцолчихоод байна. Өнөөдөр Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дайныг эсэргүүцсэн хүн бүр баривчлагдаж, шоронд орж байна. Саяхан Оросын төрийн Дум албан ёсны мэдээллээс өөр Керемльд таалагдаагүй мэдээлэл цацсан хүн бүрийг 15 жилийн хорих ялтай байх хууль баталлаа. Энэ дарангуйлал тогтсоныг илтгэж байгаа юм.

Хойд хөршийн маань удирдагч пронагийн өвчтэй болсон байна. Дарангуйлал өнөөдөр цогцолчихоод байна. Украинд болж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс бид үүнийг хатуу эсэргүүцэх ёстой. Байр сууриа ил тодоор хүчтэй илэрхийлэх ёстой. Учир нь барууныхан дайныг зогсоохын тулд хориг арга хэмжээ авч байгаа. Хориг арга хэмжээ оросын ард түмэн хүнд тусна. Монголын ард түмэн бидэнд ч хүнд тусна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дайныг хурдан зогсоох хэрэгтэй. Үүний тулд үзэл бодлоо тов тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Болж байгаа үзэгдлийн талаар дуугүй суух нь өөрөө гэмт хэрэг болчихоод байна.

Монголд байгаа украинчууд дайныг эсэргүүцэж жагсаал хийж байна гэсэн. Тэнд очиж эв санааны нэгдлээ илэрхийлээрэй. Монгол Улс эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг юм байна, Бид ардчилсан улсуудын нийгэмлэгт хамт байгаа шүү гэдгээ илэрхийлээсэй гэж бодож байна. Гишүүд та бүхнээ ч тийшээ уриалан дуудаж байна.

Шадар сайд асан Да.Ганболд “Зарим газрын хүмүүс сайн байна уу гэж асуухаасаа санаа зовж байна гэж ярьдаг болчихсон байна лээ. Сайн байх ямар ч үндэс байхгүй. М.Энхсайханы хэлсэнчлэн нэлээд ноцтой, маш том үр дагавартай дайн эхэлчихсэн байгааг зарим хэсэг хүмүүс өнөөг хүртэл ойлгоогүй явж байгаа нь их харамсалтай. Дайны талаар ярихад их хэцүү. Олон зуун жилийн өмнөх дайны талаар ярихад магадгүй сонирхолтой ч байж магадгүй. Хичнээн олон жилийн турш Сирид ийм юм болж байна. Ливид ийм юм болсон. Иракт ийм юм болж байна. 90 онд биднийг ардчиллын төлөө явж байхад Кувейт руу Ирак дайрч байсныг та бүхэн санаж байгаа байх. Газар зүйн хувьд биднээс хол байсан болохоор ч юмуу, эсвэл тэр орнуудтай тийм ч ойр дотно харилцаа байгаагүйгээс ч юмуу бид нэг их анзаардаггүй байсан юм шиг байгаа юм. Одоо ч аль нэг газар том жижиг дайн өрнөж байна. Одоо явсаар байгаа. Ихэнх монголчууд бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй байгаа учраас холын юм шиг сонсогдоод байх шиг байна” гэв.

XIII Их хурлын онцлог, дүрмийн онцлох өөрчлөлтүүдийн талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягаас тодрууллаа.

-АН ээлжит бус XIII Их хурлаараа дүрэмдээ хэд хэдэн өөрчлөлт оруулах шиг боллоо. Та онцлох өөрчлөлтүүдийн талаар товч дурдахгүй юу?

-Нэлээн хэдэн өөрчлөлт орсон л доо. Үүнээс онцолж зарчмын гурван өөрчлөлтийг дурдъя. Нэгдүгээрх нь, хариуцлагын тогтолцоогоо хамтын шийдвэрээр шийдье гэж тогтсон. Учир нь хуучин дүрмээр удирдлагын баг хамтаараа хариуцлага хүлээж огцордог байсан. Энэ нь намын залгамж чанарт муугаар нөлөөлж байгаа учраас дэд дарга, нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцох, эсвэл үргэлжлүүлэн итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг Үндэсний бодлогын хороогоор шийддэг байя гээд ийм өөрчлөлт оруулсан. Хоёрдугаарх нь, ҮБХ улс төрийн зөвлөлийн зохион байгуулалтыг шинэчлэх, үйл ажиллагааг нь тусгай журмаар зохицуулахаар болсон. Тодруулбал, ҮБХ-г их хурлын статустайгаар, Улс төрийн зөвлөлийг Засгийн газрын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг байхаар боллоо. Учир нь бид улс төрийн байгууллага учраас төрийн эрх мэдэл, төрийн удирдах албан тушаалтнууд, улстөрчдийг бэлдэж байгаагийнхаа хувьд төрийн статусыг намдаа суурьшуулах гэдэг үүднээс ийм өөрчлөлт оруулсан. Гуравдугаарх нь, Үндсэн дүрмийн заалтуудаа холбогдох хууль тогтоомжуудын дагуу үг үсгийг нь нийцүүлэн өөрчилсөн.

Дүрмийн өөрчлөлтөөс гадна энэ хурлын нэг онцлог нь Украины асуудлаар хуучны лидерүүд тухайлбал, намын дарга байсан М.Энхсайхан, Да.Ганболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс байр сууриа илэрхийллээ. Эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. Мөн АН-ын мэдэгдлийг Их хурлын төлөөлөгчдөд танилцуулсан.

-Хурлаар хоёр талд гарчихаад байгаа АН-ыг ойлголцуулах, нэгтгэх чиглэлд ярилцав уу?

-Бид ямартаа ч үүд хаалгаа нээсэн. 2020 оны сонгуулийн Үндэсний бодлогын хорооны гишүүдийг Их хуралд ирж оролцох урилга, хүсэлт тавьсан. Их хурлаар дарга цэрэг сонгодог асуудал бус үзэл санаа дээрээ нэгдэж, АН-ын дүрмийн өөрчлөлтөө хийе гэж ярилцсан. Тиймээс ҮБХ-ны гишүүд, намын хуучин лидерүүдээ урьсан.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан бич өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын 6, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7:20 цагт мандан, 18:46 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна..

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хувийн сургуулиуд түгжрэл арилгах цагийн зохицуулалт мөрдөхгүй байна || DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. Хичээлийг хоцрогдлыг арилгах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж, 26.447 хүүхэд цэцэрлэгт элсэж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 78 хувьтай байна. Мөн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний өглөөний оргил буюу 08:00 цагийн ачаалал сарнисан” гэв.

Цагийн зохицуулалтыг мөрдөхгүй байгаа “Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” гэсэн зургаан хувийн сургууль байна. Сургуулиудад цагийн зохицуулалтыг мөрдөж ажиллах мэдэгдлийг хүргүүлж

Categories
гадаад мэдээ

БНСУ: Оросын Төв банктай гүйлгээ хийхгүй

БНСУ Оросын төв банктай гүйлгээ хийхгүй болжээ. Гадаад харилцааны яам нь энэ талаар мэдээлэл гарсныг “Ёнхап” агентлаг өнөөдөр уламжлав. Гэхдээ энэ нь ерөнхий чиг бөгөөд яг ямар байдлаар байх вэ гэдгийг яамдаасс санал авсны дараа эцэслэн шийдэх юм байна. БНСУ бол олон улсын зүгээс Москвад тавьж буй хоригт нэгдэн SWIFT системээс салгахад дэмжсэн улсуудын нэг юм.

БНСУ энэ сарын 3-нд ОХУ-ын эсрэг тавьсан АНУ-ын хоригоос өөрсдийн үйлдвэрлэгчдээ хассан талаар мэдээлсэн. Үүнийхээ оронд өөрсдөө экспортын хяналт тогтооххор болсон бөгөөд “Самсунг электроникс” компани ОХУ руу бүтээгдэхүүн гаргахаа түр хугацаанд зогсоосон юм. Өчигдрөөс олон улсын төлбөрийн карт “Мастер”, “Виза” ОХУ дахь үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа зарласан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд томуугаар өвдсөн үед зөвлөгөө авах утасны дугаар || DNN.mn

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу томуу төст өвчин болон ковид19 халдварын эмчилгээ, асаргааны талаар утсаар зөвлөгөө өгч байна. Зөвлөгөө өгөх дугаарууд 24 цагаар тогтмол ажиллаж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Танилц: Хүүхэд томуугаар өвдсөн үед зөвлөгөө авах утасны дугаар