Categories
мэдээ нийгэм

МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 13 дахь жилдээ болно


“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2002 оны Азийн наадмын аварга, 1997 оны Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн 10 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 19-нд “Алдар” спорт хорооны зааланд болно.

13 дахь удаагийн тэмцээнд оролцох тамирчид, дасгалжуулагчид тэмцээний заавартай танилцана уу.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Бүх шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн.Хэргийн талаар Гадаад харилцааны яам “БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд: Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм.

Categories
гадаад мэдээ

Газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх “ОПЕК+”-ийн хуралдаан болж байна

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага “ОПЕК” болон түүний холбоотнууд, дэлхийн зах зээл дэх ханшийн хэлбэлзэл, Омикрон вирусний нөлөөллөөс үүдэн ирэх оны нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх ОПЕК-ийн хуралдаан хоёр дахь хоногтоо үргэлжилнэ. Тус хуралдаанаар ОХУ гэх мэт холбоотон орнуудтайгаа зөвшилцөж шийдвэрээ гаргах аж. ОПЕК-ийн хуралдаан нь коронавирусний Омикрон хувилбарын тархалт нь дэлхийн зах зээлд одоо үүсээд байгаа газрын тосны эрэлтийг сулруулж болзошгүй гэж эгзэгтэй үе таарч байна.

Тиймээс эдийн засгийн шинжээчид, мэргэжилтнүүд ирэх онд дэлхийн зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх шийдвэр гарах уу, эсвэл буурах шийдвэр гарах уу гэдэг дээр анхаарлаа хандуулж, олон таамаглалыг дэвшүүлж байгаа. Газрын тосны үнэ баррель нь өнгөрсөн 10 дугаар сард 86 долларт хүрч дээд амжилт тогтоож байсан бол Омикрон хувилбар гарсны дараа нэг баррель нь 70 ам.доллар болтлоо огцом буурсан юм. Коронавирусний шинэ хувилбарын дуулианаар газрын тосны үнэ буурч, даваа гарагт өсөөд мягмар гарагт эргээд буурах гэх мэт хэлбэлзэж байгаа тул ирэх оны хэтийн төлөвийг бүрхэг болгож байгаа юм. Brent 16.4 хувиар буурсан бол WTI 20.8 хувиар буурсан нь 2020 оны 3 дугаар сараас хойших хамгийн их унасан үзүүлэлт болоод байна.

Райстад Энэржи-ийн газрын тосны зах зээлийн ахлах шинжээч Луиза Диксон мэдэгдэхдээ, шинэ хувилбар нь “Газрын тосны эрэлтэд аюул учруулж байна. Ирэх 2022 оны эхний улиралд дэлхийн газрын тосны эрэлтийг өдөрт 3 сая баррель хүртэл бууруулж болзошгүй юм гэж дүгнэлээ. Мөн зарим шинжээчид ОПЕК+ ирэх оны 1 дүгээр сараас өдөрт олборлох хэмжээгээ 400 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө түр зогсоож магадгүй гэж таамаглаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ тэргүүтэй эдийн засгаар тэргүүлэгч орнууд эрчим хүч, шатахууны үнийг бууруулахын тулд үндэсний нөөцөөсөө зах зээлд гаргаж дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийн үр нөлөөг Опек дүгнэж байж шийдвэрээ гаргах төлөвтэй байгаа аж.

ОПЕК+ өнгөрсөн онд цар тахлын улмаас багассан эрэлтийн улмаас өдөрт олборлох 10 сая баррелийг 3.8 сая баррель болгож бууруулсан хэвээр байна. Арваннэгдүгээр сард ОПЕК-ийн газрын тосны гарц нэмэгдсэн нь холбоотнуудтайгаа тохиролцсоны дагуу байсан гэж Ройтерс агентлагийн судалгаагаар тогтоожээ.

Хэрвээ ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтээ бууруулах шийдвэр гаргавал, цар тахалтай дасан зохицож амьдрахаар эргээд бүх үйлдвэрлэлээ сэргээж байгаа хотуудын хувьд шатахууны үнэ өсөх, үүнийгээ дагаад бүх бараа бүтээгдэхүүн болоод эрчим хүчний үнэ өсөх хандлага ажиглагдаж байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Опекийн хурал Омикроны тархалт яг давхцсан энэ үед ямар шийдвэр гарах нь хүлээлт үүсгэж байна.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хийв. Ажлын баг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж, шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгажээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар гишүүдээс асуулт асуух, санал гаргах гишүүн байгаагүй аж.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал гаргах гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилов

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг гишүүдийн олонх дэмжлээ. Тодруулбал, 40 гишүүнээс 29 нь дэмжлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалттай. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Н.Баасанжав, Р.Онончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох УИХ-ын тогтоолыг баталсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Мойлтын амны бифас

Өвөрхангай Хархорин сумын нутагт орших Мойлтын амны палеолитын суурингаас олдсон дээд палеолитын үед холбогдох сонирхолтой олдворын нэг бол хар өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн бифас зэвсэг юм.
Уг эдлэл нь 76 х 46 х 13 мм хэмжээтэй. Эдлэлийг хоёр талаас нь хөндлөн цуулалтаар сайтар нимгэлээд, ирмэгүүдийг холтчих замаар зууван дугуй буюу навч хэлбэртэй болгон зассан байна. Түүний хоёр ирмэгийг солбисон байдлаар бага зэрэг долгиотсон ир гаргаад, шовх үзүүрийг хоёр талаас хурцалж, суурь хэсгийг зөвхөн нэг талаас нь бага зэрэг холтчиж зассан байна. Эдлэлийн нэг зах ирмэг нь нөгөөгөөс үл ялиг гүдгэр ажээ.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн ажлын албаны дарга:

“Алтанбулаг” чөлөөт бүс 2014 оноос эхлэн байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар улсын төсвөөс 26.5 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлын хөрөнгө оруулалт хийгдсэн. Манай чөлөөт бүсэд 136 аж ахуй нэгжийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон.

Чөлөөт бүсийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар ОХУ-тай Засгийн газрын түвшинд ажиллах нөхцөл бүрдэнэ. 2014 онд Чөлөөт бүс нээгдсэн цагаас хойш нийт 20 аж ахуй нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бараа эргэлт зургаа дахин, зорчигч долоо дахин, тээврийн хэрэгсэл 5-6 дахин ихэссэн. Чөлөөт бүсэд нийт 15 орноос 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26.5, хувийн хэвшлийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын явцад орон нутагт нийт 716 түр ажлын байр бий болсон. Одоогоор 66 байнгын ажлын байр бий болсон. “Алтанбулаг” чөлөөт бүс улсын төсөвт 1.7 тэрбум төгрөгийн газрын төлбөр хураамж төвлөрүүлсэн байна. Аж ахуй нэгжүүдийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвараас нийт 2 тэрбум төгрөг оруулсан. Манай чөлөөт бүсээс улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Сүүлийн есөн жилийн хугацаанд Улсын төсөвт чөлөөт бүс дээр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаагүй учраас цахилгааны хомсдолд орсон. Харин энэ жилийн төсөвт 1 тэрбум төгрөг тусгасан. Цахилгааны өргөтгөлийн асуудал шийдэгдвэл экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой. Компани, төсөл нь бэлэн байна” гэлээ.

Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Чөлөөт бүсийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг” гэсэн томъёолол нь найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдож байна. Агуулгын хувьд Чөлөөт бүсийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Чөлөөт бүсийг хилийн боомтын болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна.”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ”Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй” гэж заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн чөлөөт бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах цагдаагийн чиг үүргийг дотоодын цэрэг гүйцэтгэхээр заасныг Цагдаагийн албаны тухай хуультай нийцүүлэх шаардлагатай. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна” гэв.

Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул “2016 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ээр “Замын-Үүд чөлөөт бүс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6-2.3 хувиар өснө. 2025 он гэхэд 9400, 2030 онд 15 мянга, 2035 онд 18 мянган ажлын байр бий болгоно гэж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 2034 он гэхэд 2.9 тэрбум ам.долларт хүрнэ. Замын-Үүд чөлөөт бүсэд 2500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломжтой” гэсэн юм.

Замын-Үүд чөлөөт бүс нь үйлдвэрийн бүс, тээвэр ложистикийн бүс, худалдаа аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжинө. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Замын-Үүд чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд өдөр бүр 300 зорчигч, 120 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байна. Дээрх дэлгүүрийн хоёр сарын борлуулалт тэрбум төгрөгт хүрсэн. 2015 оноос эхлэн уг бүсэд 66 аж ахуй нэгж 100 га газарт газар эзэмшиж ирсэн. 66 аж ахуй нэгж нийтдээ 323 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Замын-Үүд чөлөөт бүсийн захиргаатай гэрээ байгуулж, төслөө ирүүлээд байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

ҮргэлжлүүлэнАажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Categories
булангууд мэдээ

С.Долгорсүрэн: Аав минь “Гоёлоо өмссөн ээж” дууг хүүхэд насныхаа мэдрэмжээр зохиосон нь олон хүний сэтгэлд хүрсэн

Урд эгнээнд баруун гараас хүү Диваасамбуу, отгон хүү Дамбасүрэн. Дунд эгнээнд хүү Цэдэвсүрэн, ээж Ю.Пэлжээ, аав Ц.Сайннямбуу, охин Долгорсүрэн.Арын эгнээнд ууган охин С.Лхамсүрэн

“Миний аав” буланд шог зохиолч, яруу найрагч Ц.Сайннямбуу агсны охин С.Долгорсүрэнг урилаа.


-Аавын тань шүлгээр бүтсэн “Ээжийн бор аяга” дуу 1990-ээд оны дунд үед жинхэнэ ХИТ болж байлаа. Кассетны “эрин үе” ч байлаа. Энэ дууны түүхээс яривал?

-Манай хамаатны Батаа гэж ах манайд ирээд ээжийн маань бор тагш байдаг. Бид энэ тагшинд хоол, унд идэх дуртай байдаг юм. Та нэг дуу зохиож өгөөч гэж хүсэлт гарган яриа өрнүүлж байсан нь саяхан санагдаж байна. Тэгээд хүн бүрийн ээжийн аяганд ааруул, ээзгий, өрөм байдаг тэрийг нь идчихмээр санагдаад, хүүхэд бид мөн ч их өөрөөс нь өрсөж иддэг байж билээ гэж ярилцаж байсан. Ийнхүү амьдралаас ургаж гарсан дуу юм даа.

-Н.Чулуунхүү гавьяат танай аавтай амьдралын ч, уран бүтээлийн ч сайхан анх нөхөр байжээ?

-Тийм ээ, аав, Чулуунхүү гавьяат хоёр маань Завхан аймгийн Сантмаргаз суманд төрж өссөн, багаасаа нэг сургуульд хамт сурдаг байсан, нэг нутгийн хүмүүс юм. Маш дотно байдаг байсан, манайхаар ирж гэрт маань олон ч сайхан дуу дуулж өгч байсан даа. Аав маань шог хошин яриатай хүн байсан бөгөөд найзыгаа үргэлж “Гавьяат аа” гэж дууддаг байсан.

-“Гоёлоо өмссөн ээж” дуу бол мөн л нийтийн дууны ХИТ. Ардын жүжигчин С.Батсүхийн дуулсан энэ дуу олон ч хүний хайртай дуу шүү. Аав тань энэ шүлгээ хэзээ бичсэн юм бол?

-Энэ дууг 1990-ээд онд зохиосон. Дээр үед одооных шиг олон хувцас сольж өмсдөггүй. Торго дурдан нь ч ховор байсан байх гэж боддог. Ихэнх хүн 1-2 гоёлын дээлтэй л байсан болов уу даа. Миний аав ах дүү зургуулаа. Олон хүүхэдтэй, өнөр өтгөн сайхан айл байсан байна лээ. Аавын маань ээж, миний эмээ тухайн үед гоёлд өмсдөг ганц ногоон торгон дээлтэй байсан гэсэн. Ээж нь гоёлоо өмсөхөөр хүүхдүүд яаж баярладаг, ямар байдаг билээ дээ хүн бүхэн л энэ мэдрэмжийг мэдэрдэг. Тэр л хүүхэд насныхаа мэдрэмжээр энэ дууны үгийг зохиосон нь олон хүний сэтгэлд хүрсэн санагддаг.

-Уг дуу таван бадагтай юм билээ. Сүүлийн байдгийг ханьдаа зориулсан юм болов уу гэж таамагласан?

-Эхний гурван бадгийг нь л хүмүүс сайн мэддэг. Дөрөв дэх бадгийг тэгж хэлж болмоор ч юм шиг санагддаг ч аавын маань ээждээ зориулсан энэхүү шүлэг дуу болон түмэнд түгсэн нь бүх ээжүүд л үр хүүхдийнхээ төлөө ганц биеэс гарахааргүй хүч, чармайлтыг гаргаж амьдардаг гэдгийг харуулсан байдаг. Дөрөв дэх бадгийг дангаар нь салгаж үзвэл ханьдаа зориулсан ч юм шиг санагдахаар бичсэн байгаа.

-Аав тань Авто цахилгааны инженер мэргэжилтэй байсан юм билээ.Тэгсэн атлаа шог зохиолч, яруу найрагч хүн. Монголын сор болсон алдартай зохиолч, яруу найрагчидтай найзалж нөхөрлөдөг, тэдэнтэй ойр байдаг, уран бүтээлийн тал дээр ч их хамтардаг байсан нь үлдээсэн зохиол бүтээл, дуунаас нь харагдаж байна?

-Аав маань Зохиолчдын хороо ороод ирлээ гэж их ярьдаг байсан. Зохиолчдын ярьсан, бичсэн зүйлсийг их ярьдаг байсан. Аавынхаа буянаар Дашбалбар гуай, шог зохиолч Байды гуай, Тангадын Галсан гуай, дуучин Чулуунхүү, Бямбажав, нэвтрүүлэгч Цоодол гуайг хүртэл өөрийн гэртээ сууж байгаад хараад, яриаг нь сонсож байсан их хувьтай хүүхэд байлаа.

-Архангайн Авто сургуульд олон жил ажилласан гэдэг. Тэр үед зохиолч, яруу найрагчид Архангайгаар орвол танайхаар заавал бууж морддог байсан гэдэг?

-Архангайн VI баазын даргаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд зохиолч, уран бүтээлч нар Архангайд зочилбол манайд ирдэг байсан.

-Ц.Сайннямбуу зохиолч эхээс хэдүүлээ вэ. Ер нь уран зохиолд хөл тавих эхлэл нь юунаас үүдэлтэй юм бол?

-Завхан аймгийн Сантмаргаз сумд төрж өссөн хүн. Аав маань эхээс зургуулаа. Миний бодлоор энэ айлын сор болсон хүү нь байсан. Аав маань тавин нас хүрч явах үедээ зохиол бүтээл туурвих болсон. Мэдээж унаган багын авьяас байсан л байж таараа.

Залуу бага наснаасаа ном зохиол их уншдаг байсан гэсэн. Миний мэдэхийн л байнга ном уншиж, Орос хэлнээс өөрийн мэргэжлийн болон хошин шог зохиол орчуулдаг байсан. Мөн нэрт зөнч Настродамс, Вангагийн талаар анх Монголд аав орчуулж сонин хэвлэлд тавьж байсан. Бичгийн маш өндөр боловсролтой хүн байсан даа.

-Аав тань мэргэжлийн болон шог хошин зохиол, дуу, дурсамж, яруу найргийн зэрэг олон ном туурвиж үлдээжээ. Нийт хичнээн ном бичсэн юм бол?

-Миний мэдэхийн 20-иод ном туурвисан. Сонин хэвлэлд 200 гаруй өгүүлэл, 50 гаруй орчуулга нь хэвлэгдсэн байдаг. 100 гаруй шог хошин өгүүллэг нь “Тоншуул”, “Утга зохиол, урлаг” “Өдтэй бичиг”-т хэвлэгдсэн.

-Аавынхаа хэвлүүлж амжаагүй бүтээлүүдийг нь эмхэтгээд үр хүүхдүүд нь ном болгосон байна билээ. Ямар номууд вэ?

-Бид ах дүү тавуулаа. Миний дүү С.Диваасамбуу номын эхийг бэлтгэн ажиллаж байгаа. 2020 онд “Сартуул сайхан инээд” шог зохиолын ном хэвлүүлсэн байгаа. Цаашид “Монгол ид шид, нууц увидас” Монгол эрдэм мэдлэг, суу билгийн гайхамшгийн чуулган болсон ном, “Овоонд нэмсэн чулуу” Цэцэн сартуул хошууны түүх, нутаг усных нь талаар баримтат бүтээл, “Ээжийн бор аяга” дуу, шүлэг найргийн ном, “Гоёлоо өмссөн ээж” 2012 онд хэвлэн гарсан номны хоёрдугаар хэвлэлийг гаргана.

-Инженерийн мэргэжилтэй, Авто сургуульд насаараа багшилсан хүн. Энэ их ажлынхаа аль заваар нь уран бүтээлээ туурвидаг байсан бэ. Ер нь хэдүйгээр үзэг цаас нийлүүлж суудаг байв. Аав тань хувь хүн талаасаа ямар зан чанартай хүн байсан бэ?

-Аав маань маш энгийн хүн байсан. Аавыг маань зорьж хэн ч ирсэн нэг л зангаараа байдаг байсан. Өөрөө авто сургуулийн хичээлийн эрхлэгч, багш, Авто баазын дарга хийж байсан болохоор ч тэр үү, энэ тэр гэж огт ялгахгүй хүнтэй найрсаг сайхан яриа өрнүүлэн суудаг байсан. Аав маань тохитой ширээ сандал засаж байгаад ном зохиолоо бичиж байсныг санахгүй байна. Хаа таарсан газраа бичиж, уншиж чаддаг хүн байсан. Мөн ажлынхаа цаг заванд, өдөр оройг ялгахгүй бичмээр үедээ бичдэг байжээ. Аав маань их эрт босдог байсан тул тэр хэмжээгээр маш их зүйлийг амжуулсан болов уу.

-Шог зохиолуудыг нь эмхэтгээд “Сартуул сайхан инээд” шог хошин зохиолын чуулганыг хэвлүүлжээ. Аав тань нэлээд хөгжилтэй, хошин, юманд гэгээн ханддаг хүн байсан болов уу гэж бодлоо?

-Аав маань хошин наргианч үг хэлтэй хүн байсан. Уулзсан хүнээ үгийн дээдээр мялаагаад гаргадаг л сайхан хүн байсан. Мөн хүнд маш их урам өгч чаддаг.

-Ц.Сайннямбуугийнх гэдэг айл гэдэг хүүхэдтэй вэ. Ач зээ нар нь тоймгүй олон болж, өвөөгийнхөө үргэлжлэл болж яваа даа?

-Миний эгч Лхамсүрэн дөрвөн хүүхэдтэй, Ах Цэдэвсүрэн дөрвөн хүүхэдтэй, манайх гурав, дүү Диваасамбуу гурав, бага дүү Дамбасүрэн таван хүүхэдтэй. Аавын ач зээ нар нь ч үрийн зулай үнэрлэсэн. Нэлээд өнөр өтгөн болсон шүү.

-Шүлэг, зохиол бичихэд орчин, ар гэрийн төвшин амьдрал, хажуу дахь ханийн халамж, анхаарал их чухал байдаг л даа. Аав тань энэ олон зохиол бүтээлээ туурвихад ээжийн тань хувь нэмэр их байсан байлгүй?

-Аавын зохиол бичих орчин гэвэл, бүтэн өрөө эзлэн суух байтугай ширээ эзэгнэн сууж зохиол бичихийг нь ч харж байгаагүй. Гэхдээ манай гэр орон бурхан тахилтай, архи тамхи хэрэглэдэг хүнгүй, лам хуварга залж гэр орондоо ном уншуулан ариутгадаг айл байсан. Бага байхын л гэртээ ороход дулаан уур амьсгал мэдрэгддэг архи дарс хэрүүл шуугианаас хол,тайван орчин мэдрэгддэг байсан. Одоо ч ээж маань орон гэр, бурхан тахилаа сайхан авч яваа даа. Мөн ээж маань аавын хоол ундыг маш сайн тохируулан хийж өгдөг байсан.

-Аав тань үр хүүхдүүддээ юу гэж захидаг байв. Ер нь амьдралынхаа туршид мөрдөж ирсэн зарчим нь гэвэл?

-Өглөө эрт бос, нэг нэгнийгээ гэсэн сэтгэл зүрхтэй бай, ээжийгээ сайн хайрлаж бай гэж захидаг байсан. Аав маань амьдралынхаа туршид хүнд худлаа хэлэхгүй, элдэв зугаа цэнгэлд автаж байгаагүй гэж боддог. Их бодь хүн байж дээ гэж боддог. Дэндүү сайхан сэтгэлтэй хүн байсан даа.

“…Орчлонд хавар ирэх цагт нь хө

Оргил хангай цэцэглэнэ ээ найз минь

Хангай дэлхийг цэцэглэхийг харахаараа

Хайрын сэтгэл уярна аа анд минь

Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн

Эвийн түшигтэй анд минь дээ хө… Энэ дууг мэдэхгүй хүн байхгүй биз дээ. “Гэнэн сэтгэл” киноны дуу шүү дээ. “Далны” хэмээгддэг дуучин Т.Баттогтох энэ дууны нэрээр тоглолтоо хүртэл хийж байсан. Шүлэг нь бас танай аавынх?

Ууган охин С.Лхамсүрэнгийн хамт

-Аавын зохиосон дууны нэрээр олон дуучин тоглолтоо хийсэн. “Зуу наслаарай ээж ээ” дуугаар нь Чулуунхүү гавьяат тоглолтоо нэрлэж байлаа. Мөн“Гоёлоо өмссөн ээж”-ээр ч гэсэн Батсүх гавьяат тоглолтоо нэрлэж байсан.

-“Гоёлоо өмссөн ээж” дууг хүмүүс дуулахаараа, сонсохоороо аньсага чийгтдэг. Дуунд өгүүлж буй ээжийн дүр бол монгол ээжийн нийтлэг дүр болов уу гэж боддог. Хүмүүст ээжийг нь санагдуулдаг, уйлуулдаг ийм дууг бүтээсэн сайхан яруу найрагчдын охидод, гэр бүлд, ханьд нь энэ дуунд дуртай хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье?

-Гялайлаа, энэ дууны үг бүр чин сэтгэлийн угаас гарсан байдаг тул зарим хүн сонсож чадахгүй, хэцүү байдаг байх. Гэхдээ хорвоо үнэн байхдаа л гоё шүү дээ. Энэ дууг Япон хүн нүдээ аниад дуундаа орчихсон дуулж байгааг хараад хүн бүр л ээжтэй дээ. Ээж болгон л дээл ч байна уу, плаж ч байна уу, кимоно ч байна уу нэг байхад болно, хоёрыг авч байхаар энэ хүүхдэдээ ийм ч юм авъя, тийм ч юм авъя гэж боддог байх даа гэж бодогдож билээ:

-Хэдийгээр өөрөө бурханы оронд одсон ч уран бүтээл, дуу нь өнөөдөр ч дуулагдсаар байгаа нь ховор завшаан шүү. Аавынхаа зохиосон дууг зураг, радио, фэйсбүүкээр үе үе сонсох нь та бүхэнд сайхан байдаг байх. Бас хөнгөн гуниг төрүүлдэг ч байх?

-Тэгэлгүй яахав, зарим үед нулимс гардаг. Хорвоо тэр чигээрээ зовлон боловч ухаантайгаар урвуулан авч чадвал тэр чигээрээ жаргал болон хувирдаг гэж үнэн шүү. Аавынхаа барааг хараа ч үгүй хүн байж л байдаг. Хэдийгээр аав маань бурхан болсон ч гэсэн аавынхаа талаар ийм их зүйл мэддэг, Монголд хосгүй уран бүтээлч аавын охин нь болж төрсөндөө маш их баяртай явдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг шинэчиллээ

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг шинэчиллээ. Уг журмыг 2012 оноос хойш шинэчилээгүй байсан юм. Журамд

  • Иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн цахимаар гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх, олгох, хяналт тавих;
  • Төрд байгаа иргэний мэдээллийг үндэслэн үйлчилгээг үзүүлэх, арилжааны банк дахь дансаар дамжуулан шууд гүйлгээ хийх;
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэний тэтгэмжийн хугацааг тогтооход эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг баримтлан асаргааны хугацааг тогтоох;
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асаргаа сувилгааг сайжруулах, эрүүл мэнд, бусад эрх ашгийг хамгаалах зорилгоор асарч байгаа иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх;
  • Хуульд заасны дагуу захиргааны мэдээлэл болон асуулгын арга хослуулсан аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшний үнэлгээнд үндэслэн тэтгэвэр, тэтгэмж олгох зохицуулалтыг тусгажээ.

Мөн “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг шинэчилсэн тухай ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдэллээ. Жишиг үнийн жагсаалтад Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэл засал, харилцаа, мэдрэхүйг хөгжүүлэх туслах хэрэглэгдэхүүн болон стресс тайлах хэрэгслүүд, бүрэн хараагүй, сонсголгүй хүний хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцаа холбооны туслах хэрэгсэл ухаалаг гар утас, бионик эрхтний сэлбэг, засвар үйлчилгээ гэсэн төрлүүдийг шинээр оруулжээ. Түүнчлэн зөвхөн дотоодын протезийн үйлдвэрлэл гэх хязгаарлалтыг ч цуцалжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Нийт нутгийн 47 хувь нь цастай байна

Хиймэл дагуулаас авсан мэдээллээр арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 46,7 хувь нь цастай, 58,2 хувь нь цасгүй байна.

Мөн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр нутгийн хойд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүний хамгийн их нь Увсын Малчинд 24 см, Хяргас 10 см, Баян-Өлгийн Даянд 15 см, Баянхонгорт 12 см, Хөвсгөлийн Чандагатад 9 см, бусад хэсгээр 1-8 см зузаан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.