Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Хүрэн манжингийн шүүс хоолойн өвчнийг анагаадаг

Хоолойны өвчин, тэр дундаа ангины үед хүний бие тавгүйтэж, шаналдаг. Энэ нөхцөлд дараахь ардын уламжлалт аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Хүрэн манжин хоолойны өвчнийг анагаах ид шид бүхий хүнсний ногоо юм. Хүрэн манжинг үрж, эсвэл блендерээр шүүсийг нь шахаж хэрэглэж болно.

Хүрэн манжингийн ач тус:

-Үрэвсэл намдаана.

-Нянгийн эсрэг үйлчилгээтэй.

-Өвчин намдаана.

-Дархлаа сайжруулна.

-Цусны судасны уян хатан байдлыг дэмжиж, цусны эргэлтийг тэнцвэржүүлнэ.

-Хоолойны идээг арилгана.

Хэрхэн хэрэглэх вэ

200 мл хүрэн манжингийн шүүсийг 1 хоолны халбага алимны цуутай хольж, сайтар хутгана. Бэлэн болсон хүрэн манжингийн коктейлээ богино долгионы зууханд Цельсийн 30-35 хэм хүртэл халаана. Бэлэн болсон бэлдмэлээрээ хоолойгоо бүрэн эдгэтэл хоногт 6-7 удаа зайлна.

Хоолой идээлсэн тохиолдолд:

Хоолойгоо хүрэн манжин болон сонгины шүүсээр зайлаарай. Хүрэн манжингийн шүүсийг усанд 1:1-ийн харьцаатай хольж хутгана. Устай хольсон 150 мл хүрэн манжингийн шүүсэн дээр 1 хоолны халбага сонгины шүүс нэмж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээр хоолойгоо 3 цаг тутам зайлаарай.

Categories
мэдээ нийгэм

Манай улс авлигын улмаас учирсан хохирлынхоо 90 хувийг барагдуулж чадахгүй байна

Манай улс авлигын улмаас учирсан хохирлынхоо 90 хувийг барагдуулж чадахгүй байна.

Үүний шалтгааныг ялын бодлого хэт сул буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд олсон ашгаас нь давсан шийтгэл ногдуулж чадахгүй байгаатай холбон үздэг.

Ялангуяа төрийн өндөр дээд албан тушаалтныг хорих ялаар шийтгэж, тухайн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх нь авлигатай тэмцэх үр дүнтэй арга гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна.

Харин манай улсад авлигын хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг хохирол нөхөн төлүүлэх, торгох ял шийтгэх нь түгээмэл байдаг байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Зургаан төрлийн халамжид 4.3 их наяд төгрөг зарцуулжээ

Монгол Улсын Засгийн газраас 2020 онд айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг шийдвэр гаргасан. Энэхүү арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ. Үүнээс:

  • Өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөг,
  • Иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөг тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь 1.4 их наяд төгрөг,
  • Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг,
  • Аж ахуйн нэгжид чиглэсэн арга хэмжээнд 927.4 тэрбум төгрөг,
  • Аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөхөд 210 тэрбум төгрөг
  • Аж ахуйн нэгжийн эрчим хүч, хог, усны төлбөрт 545.2 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.

2022 онд иргэд дулаан, хог, цахилгааны мөнгө, ипотекийн зээл зэргийг өөрсдөө төлнө.

Харин хүүхэд бүрд сард бүрт олгодог 100 мянган төгрөгийг зогсоохгүйгээ Засгийн газар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 2022 оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Хүүхдийн мөнгийг олгохдоо 50 хувийг авах, 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг, эхчүүдэд санал болгох юм.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувьтай байна

Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 3-нд нийслэлийн хэмжээнд I тунд 120, II тунд 286, нэмэлт сэргээх тунд 8854, нийт 9260 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2972 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68068 (76.6 хувь), 16-17 насны 26.799 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 318 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 318 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 162 нь Улаанбаатар хотод, 155 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 9295 хүн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өчигдөр (2021.12.03) болсон. Энэ үеэр Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” хэмээн онцолжээ.

Тодруулбал, нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн 482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлажээ.

Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан байна. Нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1.330.829.442.2 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад төсөв зарцуулах эрх олгожээ. Нийслэлийн төсөв анх 1.5 их наяд төгрөгөөр батална гэж байсан ч өчигдрийн хуралдаанаар хоёр тэрбум төгрөг танасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 12 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн нурууны хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шүдний кабинет нээжээ

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн “Тайван инээмсэглэл” шүдний кабинет өчигдөр нээлтээ хийлээ.

Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1,6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7,6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг хэлж байв. Тийм учраас тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Монголд анх удаа шүдний кабинет ийнхүү байгуулагдаж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сэргээн засах төвд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинет нээлтээ хийж байна. Энэхүү кабинет нээлтээ хийснээр тусгай хэрэгцээт иргэдийн амны хөндийн өвчлөлийг эмчлэх боломж нээгдэж байна. Ялангуяа мэргэжлийн байгууллагынхаа дэргэд эмчлэх боломжтой кабинет нээгдэж байгаад ЭМС-ийн хувьд баяртай байна. Цаашид ХНХЯ-тай хамтраад тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийн асуудал болон журам стандартад томоохон бодлогын ажлууд хийнэ” гэж хэллээ.

Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм. Тус шүдний кабинет нь нийт 6 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж ийнхүү нээлтээ хийж байна хэмээн СЗТ-ийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг хэлэв. Тус төв нь өдөрт 20-24 хүнийг эмчлэх бүрэн чадалтай иж бүрэн ариутгал, үзлэг, яаралтай тусламж, рентген гэсэн бүтэцтэй 2 кабинеттай юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүллэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа.


-Ардын хувьсгалын 100 жилийн уралдаанд таны “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг түрүүлсэн. Гэтэл “Хуучин өгүүллэгээрээ түрүүллээ, Догмидын түрүүг хүчингүй болгож дараагийн хүнд нь тэргүүн шагналыг нь олгоё” гэсэн шүүмжлэл гарсан. Та ч хариу мэдэгдэл хийсэн байна лээ. Юу болоод байна аа?

-Ардын хувьсгалын 100 жил гэдэг бол хувь хүний амьдралд байтугай, нийгэм, улс гүрэнд түүхэн том үйл явдал. Тиймээс 100 жилийг үзнэ гэдэг хүн бүрд тохиох хувь заяа биш. Энэ утгаараа Соёлын яам, Соёл урлагийн газраас зарласан, үндсэндээ Монголын төрөөс зарласан 100 жилийн ойн зохиолын уралдаанд миний бие оролцсон. Уран бүтээлч хүн өөрийгөө сорино гэхээсээ түүхэн их ойн тоосонд орж, нэрээ хавчуулж бүтээлээ өргөе гэж бодно. Зохиолч, уран бүтээлч бидэнд нэгэн зуунд ганцхан тохиох энэ ойд оролцоно гэдэг суварга сүншигтэй ижил юм. Ийм л өндөр сэтгэлээр хандаж ойн уралдаанд бүтээлээ өгсөн. Миний “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг бол дайны жилийн хүүхнүүдийн зовлон жаргалыг эдүгээ цагт хийж буй киноны үйл явцтай харьцуулж, уран сайхны хувьд өнгөрсөн, одоо цагийг зэрэгцүүлж гаргасан маш сонин зохиомжтой бүтээл. Гэнэтхэн нэг хүн гарч ирээд “допингтой өгүүллэгэ түрүүллээ, хуучин зохиол нь” гээд бичээд унадаг юм байна. Чимэгбаатар гэнэ үү, утга зохиолын ертөнцөд би тийм хүн танихгүй, огт сонсоогүй. Ингэж хүний ор үндэсгүй худлаа гүтгэж болохгүй. Энэ бол маш аюултай, хорлонтой.

Би бол нэр төрөө бодохоос гадна өгүүллэг, уран бүтээлийн хувь заяан дээр санаа зовж байна. Мөн уншигчид буруу ойлголт авбал эвгүй. Энэ Догмид чинь бүр тартагтаа тулаад, шавхагдаад, бүр сүүлдээ цагаандаа гарч 100 жилийн өндөр ойд хуучин нойтон өгүүллэгээрээ оролцож шагналыг нь авдаг болоо юу даа гэж бодвол яана. Тийм завхарсан юм гэж юу байх вэ. Би шинэ өгүүллэгээ өгсөн. Монголын ард түмэн уншигч олон намайг мэднэ дээ. Би бол тэгж ганц хоёр өгүүллэг бичих гэж сандарч барьц алдах хүн биш. Надад одоо ном бүтээлдээ оруулаагүй, сонин хэвлэлд гаргаагүй 20 шахам шинэ өгүүллэг байж л байна. Би бол 10, 20 өгүүллэг босч суухдаа л бичих хүн. Манай утга зохиолын ертөнцөд ийм хөгийн, хэн ч мэдэхгүй, хэн ч биш юмнууд орж ирээд бусдын сэтгэл санаа, уншигчдын дунд яс хаяж байна. Энэ бол цаанаасаа бодлогоор л явж байгаа. Ер нь авьяасгүй хүмүүс чинь ийм байдаг юм. Хүн өөрийг нь тоохгүй болохоор олны анхаарлыг өөр дээрээ татаж, олны танил болохын тулд хэн нэгэн нэртэй төртэй хүнийг барьж авч, гутааж доромжилж доош нь хийх ийм ажлыг хийдэг. Хуучин нийгмийн үеийн хамгийн арчаагүй, хамгийн болхи ядарсан арга энэ.

-Таны хэлсэнчлэн уншигч олон, Монголын ард түмэн таныг мэднэ ээ. Ерээд оны дунд үед агуу Дооров, Дамбадаржаагийн Намсрай, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Жагдалын Лхагваа гээд жинхэнэ аваргууд ид бичиж байхад тэр том өрсөлдөөн дундуур дайрч “Утгын чимэг”-ийг гурван удаа хүртэж дархан аварга гэдгээ тогтоож өгснийг мэдэх юм?

-Жинхэнэ алдартай, манай алтан үеийн том зохиолчид байхад би өөрийнхөө оюуны хүч, ур чадвараа шавхаж “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд гурав түрүүлж, олон удаа айрагдсан. Тэгэхээр ард түмэн намайг мэднэ гэж хэлээд байгаа юм. Би бол олон нийтийн сүлжээнд юм бичээд, над руу чулуу шидсэн нэгэн рүү дайрч давшлаад байдаг хүн биш. Энэ удаад бүтээлээ бодлоо. Намайг уншдаг, хүндэтгэдэг мянга мянган хүмүүсийг бодлоо, тэдний итгэл сэтгэлийг бодлоо. Би бол Чимэгбаатар гэж хүний хэлснээр тэгж их ойн уралдаанд хуучин өгүүллэгээ сойж, аймгийнхаа наадамд дал мөр нь гандсан хуучин тэрлэгээрээ гоёж явах тийм ёс суртахууны доголдолд орчихсон, өчүүхэн өт хорхой биш. Хуучин өгүүллэгээ бариад Ардын хувьсгалын 100 жилдээ очиж уншигчидаа, ард түмнээ, өөрийгөө доромжлох хүн биш. Олны хүртээл болоогүй бүтээлүүдийнхээ ёстой нөгөө олон адууны захаас хурдан хурцыг нь бариад унадаг шиг ямар ч уралдаан зарласан аль ч өгүүллэгийг нь аваад очсон шагналыг нь би авна. Үүнийг харин бардам хэлэх байна. Ер нь тэгээд би дээр хэллээ. Хүний нэрийг гутаадаг, ердөө хов живээр хөөцөлддөг доктор гээчид олон болжээ. Сүүлийн үед доктор, гавьяат нэр хүндээ, үнэ цэнээ алдсан, утгагүй болсон. Нэг хүнээр юм бичүүлээд түүнийгээ уншчихдаг болсныг нуухгүй. Хэдэн хүнд хоол цай өгөөд хамгаалчихдаг. Би Чимэгбаатар гэж хүнийг ийм хүн гэж хэлж байгаа юм биш. Өөрийгөө доктор гэж хэлсэн болохоор зарим нэг докторуудын тухай хэлж байна. Хуучин цагт Содовын Баясгалан гэж тэр аварга эрдэмтнээр зургаан хүн докторын ажлаа бичүүлж байсныг би нэртэй устай нь мэднэ. Тэр хүмүүс өнөөдөр жигтэйхэн том докторууд гээд байж л байна. Эрдэмтэн мэргэдийн дундуур ийм хөгийн юмнууд гарч ирдэг. Өвс ногоон дунд шарилж ургадаг шиг ургадаг л байхгүй юу. Өөрөө олны анхаарал татсан, хүнд өгөөжтэй нийгэмд тустай, улс орны хувь заяа ирээдүйд гарц гаргалгаа болсон тийм зүйл хийгээгүй. Тухайлбал, утга зохиолд гэхэд шинэ зүйл эрэлхийлсэн, шинэчлэлийн салхи ханхлуулсан, шинэ юмны шан татах хэмжээний юм байхгүй, иймд чадахгүй болохоор хүн рүү дайрдаг, хов жив, жижиг сажиг юм хөөцөлдлдөг ийм “доктор” нэртэй хүмүүс олон болсон.

-Намайг ингэж гүтгэснээрээ 100 жилийн төрөөс зарласан уралдааныг харлууллаа, дээрээс нь шүүгчдийг эвгүй байдалд орууллаа гэж та хэлсэн байсан?

-Уралдааны шүүгчдийг Соёлын яам, соёл урлагийн газраас томилсон. Мэдээж энэ цагийн нэртэй эрдэмтэн мэргэд, олны хүндэтгэл хүлээсэн, нийгмийн зүтгэлтнүүд байж таараа. Би ямар хүмүүс байсныг нь мэдэхгүй байна. Өгүүллэг, тууж, роман гээд зөвхөн үргэлжилсэн үгийн төрөлд олон бүтээл ирсэн, тэр бүгдийг ганц хоёр хүн уншаад шалгаруулчихгүй нь ойлгомжтой. Наад зах нь арваад хүн байгаа. Өгүүллэгийн төрөлд гэхэд энэ цаг үед бичиж байгаа бүх уран бүтээлчид оролцсон, 80-аад өгүүллэг ирсэн гэж байна лээ. Чимэгбаатар гэж энэ хүн надад итгэдэггүй юм аа гэхэд уралдааны шүүгчид эрдэмтэн мэргэдэд итгэмээр юм, өөрөө доктор гээ биз дээ. Хэрвээ “Миний дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг урьд өмнө нь ямар нэг ном сонинд хэвлэгдэж олны хүртээл болсон бол он сартай нь олоод ир. Би чамд уралдааны тэргүүн шагнал болох гурван сая төгрөгийг бүтнээр нь өгье гэж Чимэгбаатар гэж залууд хэлж байна. Хэрвээ тэгж чадахгүй бол надаас уучлалт гуй. Надаас уучлалт гуйхгүй бол гүжирдэж гүтгүүлснийхээ хариуд би шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ. Ер нь иймэрхүү өт хорхойнууд энд тэнд атаархлын хар хороо гоожуулаад, уран сайхны агаарыг бохирдуулаад уншигчдыг доромжлоод, шүүгчдийн доромжлоод, намайг доромжлоод байгаа нь эгдүү хүргэж байна. Хүн хүнийг хардах эрхтэй, шүүмжлэх, буруу зөвийг нь хэлэх хэрэгтэй. Гэхдээ хөдөлшгүй баримттай, үнэнтэй байх хэрэгтэй. Түүнээс илтээр гуйвуулж гутаан доромжилж нэр төр, бүтээл туурвилд нь халдана гэдэг байж боломгүй. Хэрвээ Чимэгбаатар гэж нөхрийн хэлснээр допингтой өгүүллэг түрүүлсэн бол ямар олиг байхав дээ.

-Таны уралдаанд өгсөн өгүүллэг дайны жилийн үйл явцыг одооны юмтай холбосон шинэ бүтээл байх нь, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Энэ чинь чөлөөт сэтгэлгээний модерн өгүүллэг. Дайны үеийн хүүхнүүдийн зовлон жаргал явна. Тэгснээ гэнэтхэн өнөөдрийн киноны зураг, Дандар баатрын тухай дайны үеийн киноны зураг авч байгаа хэсэг ороод ирнэ. Хуучин арга барилаар байдаг л нэг программаар биччихсэн өгүүллэг биш. Захын хүн гар хурууны үзүүрээр биччих өгүүллэг биш. Хэрвээ тийм өгүүллэг байсан бол тэр олон мэргэжлийн шүүгчдийн шүүлтийг яаж давах вэ дээ. Ороо нь гарсан бууран тайлаг шиг юмнууд өөрсдийгөө зохиолч найрагч гээд үсээ ургуулчихсан, архи үнэртүүлсэн нөхдүүд дээр үед байлаа. Тэд хэзээ ч зохиолч, найрагч болж чадаагүй. Сайн уншигч ч байж чадаагүй дууссан, тийм хүмүүсийг би мэднэ. Харин тэд бол мандаж бадарч, сайн сайхан яваа хүмүүсээ гутаах гэж, нэр төрийг нь доош нь чангаах гэж зүтгэдэг. Тэр нь хөөрхий минь газар авдаггүй. Аль ч цагт, аль ч нийгэмд тийм юмнууд байдаг, гайхах юм биш. Гэхдээ утга зохиолын ертөнцөд би нэрийг нь ч сонсоогүй хүн над руу ингэж дайрч байгаа нь миний дургүйг хүргэж. Би дахин хэлэхэд, зохиол бүтээлийнхээ ирээдүйн хувь заяанд санаа зовж байна. Намайг үхээд өгсний дараа юу ч гэж ярьж мэдэхээр байна, юм юм бодогдож байна.

-Сүүлд та Шолоховын “Дөлгөөн дон”-ыг үргэлжлүүлэн бичиж шуугиан тарьсан даа?

-“Дөлгөөн дон”-ыг 1958 онд Базарын Дэшцэрэн агуу орчуулагч хүн орчуулсан. Намайг арван хэдтэй хүүхэд байхад орчуулсан. “Дөлгөөн дон” бол хүүхэд байхаас миний ширээний ном байсан. Үндсэндээ би бол “Дөлгөөн дон”-оор өвчилсөн хүн. Яаж ийм зэрэг зиндааны зохиол бичих үү гэж бодоод олон жил бараг 50-60 жил бодож байсан. Манай гаригийн бахархал болсон агуу их Шолохын дутууг нөхөж, дундуурыг нь дүүргэж бичсэн юм биш. Зөвхөн Догмид биш, ерөөс монгол хүн монгол зохиолч дэлхийн сонгодгийн хэмжээнд хүрэхээр ур хийцтэй үзүүлж харуулах юмтай зохиол бичиж чадах нь уу гэдгээ би монгол зохиолчдын өмнөөс өөр дээрээ туршсан юм. Шолоховын “Дөлгөөн дон” гэдэг нэр нь байгаа болохоос тухайн зохиолоос санаа сэдэл авсан, хуулсан, ашигласан юм байхгүй.

Бүгдийг өөрийнхөө ертөнцөөс шинээр бичсэн. Уг роман дуусахад бүх баатруудын үхэх нь үхээд үрэгдэх нь үрэгдээд, сураггүй болох нь болоод, нэг үе нөгөө үеэр солигдоод баатрууд нь байхгүй болоод дуусч байгаа. Өөрийнхөө ир чадлыг сорьж үзэх, мөн монгол хүн сэдвээ олоод зохиомж олсон үед бичгийн талаасаа ур ухаан, сэтгэлгээний талаасаа дэлхийн хэмжээнд ямархан байна гэдгийг би өөр дээрээ туршиж үзсэн л байхгүй юу. Түүнээс биш “Дөлгөөн дон”-ыг үргэлжлүүлээд би биччихлээ, цаана нь гарчихлаа, алаад хаячихлаа гэж хэлэхгүй.Түүнийг нь уншигч олон ард түмэн хэлнэ. Үнэлж цэгнэж дүнг нь тавина.

-Сүүлд хоёр роман гаргасан. Нэг нь “Дөлгөөн дон”, нөгөө нь…?

-“Бүргэд тэнгэрт хальдаг” гэж Галдан Бошигтын тухай роман. Орос, халимаг, тува, буриад дээр Хасбаатарын Мэргэн орчуулж гаргасан. Оростой нь хамт би нэг хавтсанд хийгээд сая роман болгож гаргалаа. Хальдаг гэдгийг нисдэг, үхдэг гэж хоёр утгаар ойлгож болно. Дөнгөж сая хоёр сарын өмнө хоёр роман гаргачихаад сууж байна. Зүүн гарын үндэсний баатар Галдан Бошигтын тухай түүхэн бөгөөд уран сайхны роман. Жижиг өгүүллэгээр тэгж би оролдохгүй. Миний хэдэн өгүүллэг бол имтэй тамгатай, ард түмэн уншигч олон хотонд байгаа мал шигээ мэддэг. Догмидын ганц өгүүлбэрийг мэднэ. Даруу бусаар хэлэхэд, надад дургүй хүн хүртэл миний өгүүллэг зохиолуудыг эрж хайж унштал нь бичдэг. Би чамд дургүй, гэхдээ зохиолыг нь уншихгүй байж чадахгүй гэж хэлдэг. Би ямар хүн бүгдэд таалагдсан ариусч гэгээрсэн бурхан биш дээ.

Уншигчдынхаа урмыг хугалахгүйн тулд, тэдний намайг гэсэн бахархлыг мөхөөчихгүйн тулд, үндсэндээ намайг уншдаг, хүндэтгэдэг хайрладаг бүхнийг өөрөөсөө холдуулчихгүйн тулд өөрийгөө шавхаж хэрэглэж, өөрийгөө үрж барж, үзэгнийхээ үзүүр шиг өөрийгөө элээж байж ганц хоёр өгүүлбэр бичдэг. Түүнээс биш би орос авгай оймс нэхэж байгаа юм шиг өдөр бүр юм бичээд алдаршаад байдаг хүн биш ээ. Өөрийгөө тарчлааж зовоож байж бичдэг. Зарим хүн надад хэлдэг юм, чи миний аавын тухай, эсвэл авгайгийн тухай ч юм уу уран сайхны өгүүллэг бичээд өгөөч. Чамд бол юухан байхав гэдэг. Чи өөрөө зохиол найрагч хүн мэднэ дээ. Зохиол бичих тийм амархан юмуу, гар хөлийн үзүүрээр, санаан зоргоороо юмнаас юм хуулж байгаа юм шиг хийчихдэг ажил юмуу. Зовлонгүй, амархан бичигдсэн зохиол бол үнэндээ зохиол биш л байхгүй юу. Тууж романы уралдаан байгаа. Түүн дотор миний тууж явж байгаа байхгүй юу. Түүнийг сааруулах гэсэн, агаарыг нь бохирдуулах гэсэн цаанаас нь магадгүй зориудаар хийж байгаа ажил гэж би харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Монголын эрх ашигтай холбоотой олон асуудлын хажууд намын хагарал жижиг асуудал

– “ЯС ГОРЬДСОН НОХОЙ ШИГ” ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛЬ НЭГ ТАЛД НЬ ГАРСНААР АСУУДАЛ ШИЙДЭГДЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ-

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байгаа вэ. Цаашдын гарц гаргалгаа нь шүүхийн бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой асуудалд байна уу, том зургаараа өөр асуудалд байгаа юм уу?

-Монголд ардчилал бий болоод 30 жил боллоо. 1992 онд Үндсэн хуулиа батлаад ирэх онд 30 жилийн ойтойгоо золгох гэж байна. Энэ хугацааг хүний амьдралтай зүйрлээд үзвэл 30 нас хүрсэн хүний амьдарлд алдсан, оносон, бүдэрсэн олон асуудал байдаг шүү дээ. Үүнтэй нэгэн адил Монголын ардчилалд тулгарч байгаа нэг сорилт, бэрхшээл гэж би харж байгаа. Үүнийг давж чадах уу, үгүй юү гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. Энэ асуудал явж явж нам дотроо хамгийн их ардчилалтай Ардчилсан намд илрээд байгаа юм. Хэрэв МАН шиг хагас комминуст, хатуу зохион байгуулалттай, даргынхаа үгээр ая тоглодог, жинхэнэ лидер, манлайлагч бус ямар ч сул дорой нэгэн дарга болоход ч даргаа дагадаг нам. Гэтэл Ардчилсан нам тийм биш л дээ. Жинхэнэ ард түмэн дотроос төрсөн лидерийг дагадаг болохоос даргаа дагаж далдганадаг нам

биш. Тийм учраас өнгөрсөн 30 жил Монголын ардчилалд тулгарсан сорилт бэрхшээлийн шинж тэмдэг нь Ардчилсан намд одоо илэрчихээд байна. Өөр зүйл байхгүй.

-Тулгараад байгаа асуудлыг давж гарах эсэхэд асуудлын гол нь бий гэж хэллээ. Давж гарч чадах итгэл, урам зориг байна уу?

-Асуудлыг давж гарна гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ асуудал анх удаа тулгарч байгаа юм биш. Ардчилсан намд салж,нийлж байсан түүх бий. Эцсийн бүлэгтээ эв зүйгээ олоод явж байсан. Ер нь Ардчилсан намыг хүчгүйдүүлнэ, сулруулна гэдэг эрх баригчдад ч халтай. Та нар ууртай, өлссөн, бизнесээ булаалгасан, эрх чөлөөгөө хумиулсан иргэдтэй нүүр тулна гэсэн үг. Энэ бол том зургаараа тийм сайн зүйл биш. Ер нь улс төрийн намууд гудамжнаас асуудал ярьдаг биш парламентын тогоонд ороод асуудлаа ярьдаг жишиг рүү орох ёстой.

-Одоо хоёр хуваагдчихаад байгаа талууд гэрээ хэлэлцээрийн ширээнд суугаад эв зүйгээ олчихож болдоггүй юм уу?

-Талууд аль аль нь эвлэж нийлэхгүй гээд байгаа зүйл байхгүй. Бүгд л Ардчилсан нам эвлэж нэгдэж, хүчирхэг сөрөг хүчин байх ёстой гэдэг дээр санал нэг байгаа.

Ганцхан Ардчилсан нам нийлж нэгдэх бус ардчилал, хүний эрх, Монголын ирээдүйн төлөө санаа зовнидог улс төрийн хүчнүүд нэг талдаа гарах ёстой гэсэн зарчмын байр суурь бидэнд бий. Энэ асуудал гарт орсон өргөс авахтай адил амархан асуудал биш. Тодорхой хэмжээний цаг хугацаа орно. Улс төрийн асуудал учраас яриа хэлэлцээр хийнэ, хаа хаанаа үл ойголцоод байгаа асуудлаа уулзаж ярилцаад шийдэлд хүрэх, зөвшилцөх алхамууд хийгдэх ёстой. Энэ алхмуудын эхлэл тавигдчихсан боловч бүрэн ойлголцолд хүрэх хараахан болоогүй байна гэж харж байна.

-Ардчилсан намынхан хамтдаа Онц их хурлаа зарлахдаа ойлголцолд хүрчихсэн байсан. Гэтэл яагаад дундаас нь дахиад салчихсан юм бол?

-Үгүй яах вэ. Энд олон шалтгаан бий. Нэг шалтгаантай, хоёр шалтгаантай асуудал байдаггүй. Гэхдээ миний хувьд Ардчилсан нам дотооддоо учраа олчихно гэж бодож байгаа. Энэ асуудалд цэг тавихын тулд цаанаасаа тодорхой хэмжээний цаг хугацаа орох учиртай юм байлгүй дээ. Яарвал даарна, Бушуу туулай борвиндоо баастай ч гэдэг. Яаран, сандарч асуудалд хандвал заримдаа тооцоолоогүй үр дүнгүүд гарах гээд байдаг. Энэ утгаараа бид дахиад асуудлаа шийдээд, ойлголцолд хүрэх цаг хугацаа, орон зайн хувьд боломж байгаа гэж харж байна. Миний хувьд болоод манай баг хамт олны хувьд намаа эвлүүлээд авчих юмсан гэсэн байр суурьтай байгаа. О.Цогтгэрэл, Л.Гантөмөр ч бас л ийм байр суурьтай байгаа. Ардчилсан намын хувь заяанд санаа зовж байгаа бүх хүний хувьд бушуухан эвлэж нийлээд хүчтэй сөрөг хүчин болж, ирэх сонгуулиа амжилттай явуулж, Монголын хувь заяаг шийдэлцэх асуудалдаа анхаарах юмсан. Эрх баригчид арай хэтэрлээ гэдэг уур амьсгал үүсчихсэн байгаа.

-Иргэдийн үзэж байгаагаар хоёр хуваагдчихсан байгаа, өөрсдийнх нь хэлж байгаагаар нэг Ардчилсан нам гэж яриад байгаа бүлгүүдийн аль алиных нь төлөөлөлтэй ярилцлаа. Эвлэлдэн нэгдэж, хүчтэй сөрөг хүчин болно гэдэгтэй итгэлтэй байгаа гэх юм.Хамгийн гол нь юун дээр ойлголцохгүй байна вэ гэдэг асуудлаа нэг тийш болгох алхам хэн хэн нь хийхгүй байх шиг санагдаж байна. Та бүхэн ямар нэг алхам хийсэн үү?

– Миний хувьд ингэж харж байна л даа. Хоёр талаасаа тэнцүү тооны төлөөлөлтэй ажлын хэсэг гаргаад асуудлуудаа ярих ёстой. Юун дээр бид ойлголцож байна,юун дээр ойлголцохгүй байна гэдгээ жагсаачих ёстой юм. Ингээд үл ойлголцоод байгаа асуудлуудаа жагсааж байгаа хоёр ажлын хэсэг ярилцаад асуудлаа шийдээд явбал хамгийн зөв шийдэл,алхам юм болов уу гэж бодож байна.

-Саяхан болсон Онц их хурлаар 21 аймаг, 330 сумын 1300 орчим төлөөлөгчид цугларч О.Цогтгэрэлийг АН-ын албан ёсны даргаар батламжилж байгаагаа зарласан. Танай талаас арванхоёрдугаар сарын 6-нд мөн чуулган зохион байгуулахаа зарласан. Уг чуулган ямар учиртай юм бол?

-Үнэндээ манайх, танайх гэж яримааргүй байна. Өнгөрсөн жил Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиосон. Цар тахлаас улбаалаад 30 жилийн ойгоо тэмдэглэж чадаагүй. Тиймээс энэ жил 30 жилийн ойгоо нөхөн тэмдэглээд Үндэсний хэмжээний чуулганаа хийхээр зорьж байна. Энэ бол намын их хурал биш. Уг чуулганы үеэр ямар нэг дарга, албан тушаалын томилгоо хийгдэхгүй. Ер нь өнгөрсөн 30 жилийнхээ ололт амжилтыг дүгнэж, цаашид Монголын ардчилал байх юм уу, үгүй юм уу гэдгээ ярилцъя гэж байгаа юм. Монгол Улс өөрөө өөрийнхөө асуудлыг бие даан шийдвэрлэдэг улс байх уу, үгүй юү. Нэг нам сонгууль хийсэн дүр үзүүлээд үнэмлэхүй ялж байдаг, бусад намууд сонгуульд оролцсон нэр зүүгээд концерт дуусдаг сонгуулийн системтэй байх юм уу. Улс төрийн намын тухай хуульд зааснаар хэмээн Дээд шүүх нь орж ирээд бүртгэлийн ажил хийгээд үймүүлээд байх юм уу, улс төрийн намууд нь цаашаа арай өөр замаар хөгжих юм уу. Биднийг хүссэн ч, эс хүссэн ч хаалга тогшоод байгаа технологийн дэвшилтэй улс төрийн намууд хэрхэн яаж хөл нийлүүлэх юм бэ гэх мэт асуудлаа ярья гэж байгаа юм. Мөн арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн Үндэсний чуулган хийхээр төлөвлөсөн. Энэ жил хамгийн ихээр хүний эрх зөрчигдсөн жил боллоо. Шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчүүллээ, олон иргэн үзэл санааны хоригдол болсон. Үүнийг засах ёстой. Иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, засаг төрийг шүүмжилсний төлөө хоригдсон нь үнэн шүү дээ. Энэ асуудлыг ярих ёстой.Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэх үг бий. Харин ч шүүмжлэх иргэд байгаад засаг төр, сайд дарга нар баярлах ёстой. Ингэж байж дарга нарын ажил сайжирна, Засгийн газрын ажил чамбайрна. Өмнөөс дуугарсан болгоныг шорон гяндангаар айлгаж, барьж хорьж болдоггүй юм. Ардчилсан чөлөөт нийгмийг ардчилсан маягаар засагладаг болохоос дарангуйлагчийн сэтгэлгээгээр засаглаж болдоггүй юм. Энэ мэтчилэн бидэнд ярих асуудал олон байна. Намын хагарал хажууд нь жижигхэн асуудал. Түүнийг бүр хойш тавья л даа. Ардчилсан нам хүний эрх,эрх чөлөө, иргэдийхээ эрх ашгийн талд зогсдог, шударгаар бизнес эрхэлж байгаа иргэдийнхээ талд зогсдог. Одоо үүнийгээ батлан харуулах цаг болсон. Энэ бодлого руугаа явах ёстой. Түүнээс биш гарч ирээд энэ манайх, танайх, чинийх, минийх, буруу, зөв, энэ жинхэнэ Дамбийжаа, энэ хуурамч Дамбийжаа гэх нь эцсийн эцэст юу юм. Монголын эрх ашигтай холбоотой асуудлын хажууд жижиг асуудал. Үнэнийг хэлэхэд, энэ талаар дахиж дуугармааргүй байна. Монгол Улс буруу зам руу яваад байгааг та нар харж байгаа биз дээ.

-Танай нам доторх шинэчлэлийн асуудал хурцдаж өнөөдрийн асуудлыг бий болгосон гэж хардах ч хүмүүс байна?

-Нам шинэчлэгдэж байгаа үйл явцын нэг илрэл нь мөн шүү дээ. Ардчилсан намын дараагийн манайлагч залуус намаа аваад явахыг эрмэлзэж байгаа нь юу нь буруу байгаа юм. Гэнэтхэн тоосоо гөвж байгаа юм шиг, хувцсаа сольж байгаа юм шиг шинэчлэгдээд явдаг юм уу. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Энэ чинь гучин жилийн түүхтэй нам. Энд чинь нэг амьд процесс явагдаад байна шүү дээ.Хүн ч бас бага багаар л шинэчлэгдэж, өөрчлөгддөг, ахиж, дэвшдэг биз дээ. Хүн унаж босоод хөлд ордогтой яг ижил шүү дээ. Хөгжих, шинэчлэгдэх процесс гэдэг нүүрээ угаах шиг, унаж босоод хувцсаа гөвөх шиг амархан зүйл биш. Одоо өрнөж байгаа үйл явц Ардчилсан намын шинэчлэлтийн процесс мөн шүү дээ. Яагаад шинэчлэл гэхээр дарга нарыг нь солиод дөрвөн хүн шинээр томилогдчихвол шинэчлэл гэж харах ёстой гэж. Энэ дотор амьд организм, үзэл санааны зөрчил тэмцэл, үнэт зүйлийн зөрчил, аль байр суурин дээр байх вэ гэдэг тэмцэл эрүүл саруул өрнөж байна гэж харж байна. Энэ юу нь буруу байгаа юм. Эсрэгээрээ МАН-д ийм эрүүл үзэгдэл байхгүй байна. Хэн ч МАН-ын дарга болсон, хүчээр лидер болгодог нам. МАН дарга дагаж лидер төрүүлдэг бол, АН үзэл санаа, үнэт зүйл, зарчим, тэмцэл дундаас лидерээ төрүүлдэг нам. Тийм учраас дараагийн шинэ үеийн лидерээ төрүүлэхийн тулд процесс өрнөж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ АН нэг, хоёр лидертэй байж болохгүй.Хамтын зарчмаар багийн лидерүүдийг олноор нь төрүүлж, тэд хамтдаа үзэл санааны тээгч болж болохгүй гэж. Би ингэж л харж байгаа. Заавал ёолкны мод шиг нэг дарга дээрээ залаад түүнийгээ энд тэндээс нь очиж чимдэг нам байгаад яах юм. Энэ бидний зарчим биш.

-Эсвэл сөрөг хүчнээ хүчгүйдүүлж,үгийг нь үнэгүйдүүлэх сонирхол эрх барьж байгаа намынханд байгаад байна уу?

-Ардчилсан намыг байхгүй болгосноороо МАН-д сайн зүйл болохгүй. Эрүүл саруул өрсөлдөөн, бодлогын уралдааан байж байж аливаа намууд оршин тогтнодог. Нэг тал нь хүч түрээд байхаар “Бүүвэйлж байгаад маанийг нь уншина” гэдэг шиг төр хариуцлагагүй, цалгар назгай байдал бий болж төр эзэнгүйддэг. Баталсан төсвийг нь л харчих. Үнэхээр улсын төсөв уйлдаг бол уйлахаар л төсөв баталлаа. Хүчтэй сөрөг хүчин байхгүй болохоор эрх барьж байгаа намд өөрийн мэдэлгүй хариуцлагагүй байдал бий болж төрийн нэр хүнд унаад байдаг. Парламентад улс төрийн намуудын тэнцвэр хадгалагдаж байж Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдэл хуваарилагдсан, харилцан хяналт тэнцвэртэй байж монгол иргэний эрх, эрх чөлөө хамгаалагддаг зарчмууд сая амилдаг болохоос биш зүгээр цагаан цаасан дээр хараар бичих төдийд биелчихдэг зүйл биш. Ингэж том зургаар нь хараасай гэж хүсээд байгаа юм.

-Ер нь парламентын засаглалтай байснаас үүдэн улс орон доройтлоо. Сөрөг хүчний байр суурь ч гэх юм алга. Нэртэйгээр нь Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол яадаг юм бол гэх хүмүүс ч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Монгол Улс парламентын засаглалаа цаашид хадгалж үлдэх ёстой. Учир нь томоохон хоёр гүрний дунд оршиж байгаа манай улсын хувьд праламент дээрээ олонхоороо асуудлаа ярьдаг, шийддэг байх нь Монгол Улсын хувь заяатай шууд холбоотой. Хөрш гүрнүүдээс бусад улсуудтай манай улс хамтын ажиллагаагаа хөгжүүлж Чингисийн Монгол Хятад юм уу, Оросын “Монгол” болчихоогүй, бие даасан улс хэвээр байгаа гэдгээ дэлхийн улс орнуудад батлан харуулах нь чухал. Үүнийг батлан харуулах гол зүйл нь парламентын засаглалтай байх явдал. Парламентын засаглалын талаар ҮАБ-ын үзэл баримтлалд нэлээд тусгаж өгсөн. Гэхдээ энэ асуудлыг Үндсэн хуульдаа тусгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичихээр биеллээ олчихдог зүйл биш л дээ. Бодитоор амьдруулдаг, хэрэгжүүлдэг зүйл нь парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн тэнцвэр байдаг. Нэг нам руу хэт их савлаж, хазайгаад ирэхээр хагас ардчилалтай улс орнуудын дунд байгаа Монгол Улсын хувьд нэлээд түвэгтэй байдлыг бий болгодог. Ямар нэгэн байдлаар гадна, дотны шахалтад ордог. Монгол Улс бие даасан бодлого явуулахад хүчгүйддэг хандлага руу ордог.

-Тэгвэл парламентын засаглалаа бэхжүүлэх нь хөрш орнуудын нөлөөнөөс ангид байхад чухал нөлөөтэй байж таарлаа.Тийм үү?

-Парламентын засаглалаа бэхжүүлэх нь манай улсын Тусгаар тогтнол, Монгол хэмээх үндэстэн цаашид оршин тогтнох эсэх баталгаа мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол бид юун түрүүнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх намын бүртгэлийн асуудлыг шийддэг болтлоо доройтчихсон байна.

Шүүх эрх мэдлийн байгууллага Улсын бүртгэлийн байгууллагын ажлыг хийдэг байж болохгүй л дээ. Ийм тогтолцоо дэлхийн аль ч улс оронд байдаггүй. Дийлэнх орнуудад Сонгуулийн ерөнхий хороо ч юмуу өөр эрх бүхий байгууллага нь намын бүртгэлийн асуудлыг хариуцдаг. Түүнээс биш шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, хэрэг маргаан шийдвэрлэдэг шүүх байгууллага бүртгэгчийн ажил хийдэг тогтолцоо манайд л байна. Энэ бол маш буруу тогтолцоо. Тиймээс Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх улс төрийн намуудыг бүртгэдэг тогтолцоог нэн түрүүнд халах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан Дээд шүүхийн бүрэн эрх дотор Улс төрийн намыг бүртгэх талаар заасан нэг үсэг ч байхгүй. Энэ мэтчилэн зарчмын өөрчлөлтөөсөө бид эхлэх ёстой.

-Улс төрийн намуудын нэр хүнд гэж авах юм алга. Аль нам төрийн эрх барьсан ч ялгарах зүйл алга гэх иргэд олон боллоо. Энэ сайны дохио биш шиг л санагдах юм?

-Улс төрийн намын тухай хуулийг нэн даруй өөрчлөхгүй бол улс төрийн намуудын нэр хүнд “Шалан дээр унасан”. Тэр дундаа парламентад суудалтай улс төрийн намуудыг иргэдийн олонх нь таалахаа болилоо. Аль ч нам төрийн эрх барьсан ямар ч нэмэр, ялгаа алга гэдэг ухагдахуун руу явж байна. Энэ үйл явц том зургаараа маш буруу зүй тогтол. Европт ХХ зууны эхэн үед яг ийм үйл явц өрнөсөн. Парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд байж болох хамгийн доод хэмжээндээ хүрсэн. Нийтээрээ улс төрийн намуудаа нулимдаг, туригдаг болсон. Нам ямар ч хэрэгггүй гэсэн үзэл суртал бий болсон. Яг энэ орон зайн дээр популист улс төр амилдаг. Энэ орон зайн дээр нэг дүр амилсан нь Герман улсын хувьд Адольф Гитлер байсан. Тэрээр Үндэсний ажилчдын нам гэх социалист нам байгуулж, ардчилал, хүний эрхийг устгаж, дэлхийн дайныг өдүүлж, улс үндэстнээ шившигт байдалд оруулсан. Үнэндээ өнгөрсөнд өрнөсөн үйл явц, түүх бидэнд маш олон сургамж үлдээсэн. Гэтэл бид энэ түүхийн бас нэг өөр хэлбэр рүү л яваад байгаа юм. Та нар бод доо. Парламентын нэр хүнд унаад, төрдөө итгэх иргэдийн итгэл багасч, УИХ-ыг бүрдүүлдэг намуудын нэр хүнд унасаар байвал иргэд юу хүсэмжилдэг вэ гэхээр “Хэн нэгэн чанга гар гарч ирээсэй” гэж боддог. Гэтэл тэр чанга гарын дүрд тоглохыг хүссэн нэг солиотой нөхөр “Би Монгол Улсаа аварна. Өөр хэн ч биш”хэмээн гарч ирнэ. Энэ галзуурал, солиорол Үндсэн хууль, ардчилал, парламентын засаглалыг үгүй хийдэг. Ямар ч шилдэг удирдагч байсан хоёр том хөршөө дангаараа сөрж, босч чаддаггүй юм. Бидний өнгөрсөнд туулсан гашуун түүхээс ч үүнийг харж болно. Бид улсынхаа зургаан Ерөнхий сайдыг Москвад аваачиж буудуулсан биз дээ. ЗХУ-ын бодлогын дагуу явахгүй байсан учраас тэднийг ямар нэгэн аргаар зайлуулж байсан. Яг л ийм бодлого руу явж байна. Одоо улайм цайм буудчихгүй л байх л даа. Гэхдээ л улс төрийн дарамт шахалтад орсон хэвээр л байна.Тэгэхээр монгол төр өөрөө өөрийгөө мэддэг. Монголын ард түмэн төрөө сонгодог энэ зарчмаа 1992 оны Үндсэн хуулиар бий болгочихсон юм бол цаашаа хадгалж үлдэх ёстой. Өнөөдөр хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхаас, аль нам УИХ-д олон суудалтай байхаас үл хамаарч Монгол төрийн алтан аргамжааны бодлого гэж байх ёстой. Үүний гол тулгуур нь парламентын засаглал. Гэтэл парламентын засаглал улс төрийн намуудгүйгээр утга учиргүй. Багана байхгүйгээр монгол гэрийг босгох арга байдаггүйтэй л ижил. Тиймээс улс төрийн намын хуулийг сууриар нь өөрчлөх ёстой. Улс төрийн намууд бодлогын нам болох ёстой. Хоосон гишүүнчлэлээр уралддагаа зогсоо.Манай нам 200 мянган гишүүнтэй, нөгөө нам 150 мянган гишүүнтэй гэх мэт бодит бус тоогоор өрсөлддөг хоосон сүржигнэлийг болих ёстой. Намын гишүүн элсүүүлж байгаа нэрээр улаан, цэнхэр,ногоон батлах өгдөг энэ арга барил үеэ өнгөрөөсөн. Одоо арай өөр арга барилаар улс төрийн намууд ажиллах ёстой гэж харж байгаа. Гэтэл Улс төрийн намуудын тухай хууль шинэчлэгдэхгүй байгаа нь намуудыг хүчээр буруу бодлого, хэлбэр рүү аяндаа түлхээд байгаа юм. Энэ асуудалд парламент хариуцлагатай хандах ёстой. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувьд нам бус. Тэрээр намаасаа түдгэлздэг албан тушаалтан. Тиймээс энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулна хэмээн найдаж байгаа. Парламентад суудалтай болон парламентын гадна байгаа бүхий л улс төрийн намуудын оролцоог хангасны үндсэн дээр уг хуулийг цогцоор нь шинэчлэх юм бол улс төрийн намыг дагасан завхрал, хэл ам, бүртгэлийн асуудал, хагарал тэмцэл гэх мэт бүхий л асуудал шийдэгдэнэ. Бид өвчнөө зөв оношлохгүй бол зөвхөн гадна талаас ил харагдаж байгаа шарханд лент наагаад эдгэхгүй шүү дээ. Тиймээс уг сууриар нь эмчлэх ёстой. Ардчилсан намд үүссэн асуудал тамга тэмдгээ булаацалдаад М.Тулгат, О.Цогтгэрэл дарга уу гэдэгт асуудлын гол нь байхгүй. Энэ бол Монголын Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхгүй л бол болохоо больчихсоныг, уг хууль цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй байгаа нь Монголын ардчилалд ямар их гай тарьж байгаагийн нэг илрэл. Ардчилсан нам дээр уг асуудал илэрсэн болохоос биш.

-Үндсэн хуульд зааснаар Дээд шүүх улс төрийн намыг бүртгэх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх улс төрийн намыг бүртгэхээр тусгаснаас нь асуудал үүссэн. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та үзээд байгаа юм байна. Тийм үү?

– Үндсэн хуульд Дээд шүүх ямар бүрэн эрх, үүрэгтэй талаар заасан байдаг. Дээд шүүхийн бүрэн эрхийн хүрээнд намуудын бүртгэлийг хариуцах талаар нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй. Харин одоо мөрдөгдөж байгаа Улс төрийн намуудын тухай хуульд намын бүртгэлийг дээд шүүх хийхээр заасан. Уг заалтыг өөрчилж ядаад байх асуудалгүй. Ямар Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа биш. Улс төрийн намын тухай хуулиа сууриар нь өөрчлөөд, намыг дээд шүүх бүртгэнэ гэдэг асуудлаа л больчих л доо. Ардчилсан улсын шүүх гэдэг хүний эрх, эрх чөлөөний баталгаа байдаг. Шүүх улстөрчдийн дур зоргоороо авирлах явдлыг таслан зогсоодог. Шүүх төр засгийн буруутай шийдвэрийг хүчингүй болгодог ийм л чиг үүрэгтэй байгууллага болохоос биш нам бүртгээд суудаг газар биш шүү дээ. Энэ бол зөвхөн бүртгэлтэй холбоотой асуудал. Өөрөөр намын санхүүжилт, гишүүнчлэлтэй холбоотой олон асуудал бий. Асуудлыг том зургаар нь харж байж манай улс хөгжлийн зөв замдаа орно. Түүнээс биш “Яс горьдсон нохой шиг” Дээд шүүхийн шийдвэр аль нэг талд нь гарснаар асуудал шийдэгдчих гээд байгаа юм биш. Эрх баригчид Ардчилсан намд үүсээд байгаа одоогийн асуудлыг хараад бах таваа хангаад сууж байж магадгүй. Баясах хэрэггүй. Энэ зовлонг удахгүй та нар ч үүрнэ. Учир Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлтэй холбоотой асуудал сууриараа буруу байна. Тийм учраас энэ асуудал дараагийн улс төрийн хүчинд ч тулгарна. Монголчууд нэгнийгээ, Монголын улс төрийн намууд биенээ чадаад яах вэ. Хоёр том гүрний дунд яаж бие даасан бодлого баримталж, улс орноо хөгжүүлэх талаар л бодмоор байна. Үүнийгээ том зургаар нь харж хоорондоо тэмцэлдсэн байсан ч модон сэлмээр зодолдмоор байна. Төмөр сэлмээр тулалдаж, нэгнийгээ хөнөөчих гээд байгаа аятай загнамааргүй байна. Улс төрийн намууд биенээ нугачин дардаг,тоглоом хийдэг, УИХ-ын гишүүд нь хариуцлагагүй ийм тогтолцоо руу бид орох ёсгүй шүү дээ.Бодлогын маргаан өрнүүлдэг, төрийн явуулж байгаа бодлогыг шүүмжилдэг эрүүл үзэгдэл байх ёстой. Гэхдээ үүнээс цааш зодолдохоо больё гэсэн хэмжээ хязгаар тогтоох ёстой. Тийм учраас модон сэлмээр зодолддог байх ёстой талаар зүйрлэж хэлээд байгаа юм.

П.БАТЗАЯА