Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Одхүү: Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг бид өөрсдөө шийднэ

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хойд хөршийн эсэргүүцэлтэй нүүр тулж, 2016 онд зогссон билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко манай улсад айлчлах үеэрээ мөн л энэ байр сууриа илэрхийлээд авав. Товчхондоо Байгал нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр усан цахилгаан станц барихыг дэмжихгүй. Харин эрчим хүчийг бид нийлүүлнэ гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Цаг үеийн асуудлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдагч асан Д.Одхүүтэй ярилцлаа.


-ОХУ-ын Шадар сайд эмэгтэй манайд айлчлахдаа шуугиантай мэдэгдэл хийгээд буцлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдах бүтээн байгуулалтад хойд хөрш яагаад хөндлөнгөөс оролцоод байдаг юм бэ. Манай улс өөрсдөө энэ төслийг шийдээд үргэлжлүүлж болдоггүй юм уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг хойд хөрш шийдэхгүй. Олон улсын гэрээ эрх зүйн хувьд бид ямар нэгэн асуудалгүй. 1995 онд Монгол, Оросын хооронд байгуулсан хилийн усны хэлэлцээр гэж бий. Уг хэлэлцээрээр хил дамнаж урсдаг голууд, түүний дотор Сэлэнгэ мөрөн дээр ямар нэгэн усны байгууламж барихаар бол хоёр улс хоорондоо мэдээллээ солилцоно гэсэн заалт л байдаг. Түүнээс бус хэн нэгэн аль нэг талаасаа зөвшөөрөл авна гэсэн зүйл заалт байхгүй.

-Хоёр улсын хилийн усны хэлэлцээрт ингэж тодорхой заачихаад ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын барих асуудалд оролцоод байдгийн гол учир нь юу вэ?

-Эгийн гол бол хил давж урсдаггүй. Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Сэлэнгэ мөрний хувьд энэ гэрээ яригдаж болно. Оросын талд бид шаардсан мэдээллийг нь ч өгдөг юм. Тэгэнгүүт манайхтай зөвшилцөж, зөвшөөрөл ав гэдэг асуудал тавьдаг. Харин манай зүгээс “Уучлаарай. Бид тэгэх шаардлагагүй” гэдэг байв. Ингээд бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлэнгүүт “ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хороонд бүртгэгдсэн Байгал нуурыг хамгаалах үүргийг Монгол Улс хүлээх ёстой” гэж ярьдаг. Дэлхийн өвийн хороогоор дамжуулж биднийг бараг арваад жил дарамталж, шантаажилж байгаа юм. Байгал нуурыг хамгаалах асуудал байгаа байх. Гэхдээ Байгал нуурыг биднээс илүү Оросын тал өөрсдөө хамгаалах асуудал нь илүү яригдана. Хаа хол Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж байгаа Эгийн голын усан цахилгаан станцаас болж Байгал нуурын экологи сүйдэж, унаган төрх нь алдагдана гэж юу байхав.

-Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар Байгал нуурт ямар нөлөөтэй болохыг Францын шинжээчид судалсан гэл үү. Ямар дүгнэлт гарсан байдаг юм бэ?

-Эгийн голын төслийн ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ хийлгэх явцад дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Францын “Трахтебель” компани бидний захиалгаар Байгал нуурын усны хэмжээнд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгааг хийсэн. Эгийн голоос Байгал нуур хүртэл гол дагуу 600 гаруй км байдаг. Яаж ч бодсон энэ усан цахилгаан станц баригдсанаар загас болон усны амьтдад нөлөөлөх нөлөөлөл байхгүй.

Харин ч голын урсац буюу усны хэмжээ ихсэх, багасах нөлөөллийг тооцож судалсан. Ус ихтэй, ус багатай, дундаж устай гэж тус бүр гурван жилээр нарийвчилсан тооцоолол хийгээд, хамгийн ихдээ 0.023 хувь буюу( үл мэдэг) нөлөөлөл үзүүлнэ гэсэн дүгнэлт гарсан байдаг. Дэлхийд нэр хүндтэй, 200 гаруй жилийн түүхтэй компанийн мэргэжлийн хүмүүс хийсэн тооцооллыг Оросын эрдэмтэд болон албаны хүмүүст албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Яг энэ судалгааны талаар болон энэхүү судалгаатай холбоотой мэтгэлцээн, эргэлзээ Оросын талаас яригддаггүй мөртлөө байгаль орчинд хортой нөлөөлнө гэсэн ерөнхий нэр томьёогоор эсэргүүцэл илэрхийлээд байдаг юм.

-Ингэхэд ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилгаан станц Байгал нуурт ийм, ийм сөрөг нөлөөтэй гэсэн судалгааг манайд танилцуулж байв уу?

-2016 оны тавдугаар сард Улаанбаатар хотод Монгол Улс ОХУ-ын эрдэмтэн судлаачид болон албаны хүмүүс оролцсон уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байсан. Гурав хоног үргэлжилсэн энэ уулзалтын үеэр Байгал нуурт нөлөөлөх сөрөг нөлөөллийн талаар Оросын талын тавьсан бүх асуултад хариулт өгч, нөлөөллийн судалгааг хийсэн Францын мэргэжилтнүүд өөрсдийн судалгааны үр дүнг албан ёсоор танилцуулсан. Тэр уулзалтын дараа нэг хэсэгтээ оросууд энэ талаар ярихаа байсан. Харин оросын буриадууд Эгийн голын усан цахилгаан станцын далан эвдэрвэл Улаан-Үд хот усанд живнэ гэдэг шинэ домог хүртэл гарган ярьж эхэлсэн. Хэрвээ үнэхээр баригдсан станцын далан нурлаа гэж бодоход Улаан-Үдээс өмнө Монголын тал хэсэг живнэ биз дээ. Гэхдээ ийм зүйл болохгүй. Энэ бүгд уран зөгнөлт зохиолын нэг хэсэг гэдгийг хүн болгон ойлгож байгаа. Дэлхийн ихэнх улс орон төрөл бүрийн далан бариад сурчихсан. Усан цахилгаан станцаа байгаль экологид хоргүйгээр ашигладаг туршлагатай болсон гэдгийг хүн бүр мэддэг болсон.

Та нар дэлхийн улс оронд байдаг бүх усан цахилгаан станцуудын байршлын зургийг гаргаад харвал хаана хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй улс байна, тэнд усан цахилгаан станц нь олон байгааг харж болно. Зөвхөн Байгал нуураас гарч байгаа Ангар мөрөн дээр дөрвөн том усан цахилгаан станц барьж ашиглаж байгаа. Усан цахилгаан станц тийм л их байгаль орчинд хортой юм бол өндөр хөгжилтэй европын улс орнууд АНУ, Канад, Азийн хүчирхэг гүрнүүд яагаад жил бүр шахуу шинээр усан цахилгаан санц бариад байгаа юм бэ. Энэ бүгдээс харахад манай хойд хөрш дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр бидний барих гэж төлөвлөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцэж байгаа арга нь л тэр.

-ОХУ-ын Шадар сайд хатагтай В.Абрамченко сая ирэхдээ цахилгаанаа манайхаас ав гэх маягийн шахан тулгалт үзүүлэх шиг болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Тодорхой хэмжээгээр ашиг сонирхол байдаг л байлгүй дээ. Намайг Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хийж байх үед манай улс жилдээ 20 гаруй сая ам.долларын эрчим хүч хойд хөршөөс импортоор худалдан авдаг байсан. Одоо энэ тоо 64 тэрбум болсон гээд ярьцгаах болж. Өвөл эрчим хүчний оргил ачааллын үед яалт ч үгүй тохируулгын эрчим хүчийг авдаг. Тэгэхгүй бол Монгол Улс чинь хөлдөнө шүү дээ. Энэ эрчим хүчээ Гусиноозёрскийгоос ирж байгаа ганц шугамаар авч байгаа. Гэвч аль 1970-аад оны үед барьсан шугам болохоор хуучирсан, шаардлага хангахааргүй болсон. Дамжуулах чадварынхаа дээд түвшинд аль эрт хүрсэн. Жил ирэх тусам манай улсын эрчим хүчний хэрэглээ өсч байгаа болохоор импортын цахилгааны хэмжээ нь дагаад өснө. Ийм л аюулын байдалд орчихсон байгаа. Тэр утгаараа манайх эрчим хүчний хувьд Оросоос хараат байдалд байна. Импортоор авч байгаа эрчим хүч дотоодын үйлдвэрлэж байгаа эрчим хүчнээс өндөр үнэтэй. Төлөвлөгөөт бус байдлаар авбал торгууль төлдөг системтэй. Монголын тэр дундаа төвийн эрчим хүчний систем Оросоос хамааралтай нь үнэн.

-Эгийн голын усан цахилгаан станц баригдчихвал энэ хамаарал багасах уу?

-Бүрэн утгаараа хамаарлаас гарч чадахгүй. Манай оргил ачааллын зөрүү 300 мВт-аас илүү гараад явчихсан учраас асуудал хүнд. Эгийн голоос гадна ядаж дахиад хэд хэдэн усан цахилгаан станц барьж байж тохируулгын хараат байдлаас гарч чадна. Ер нь Монгол Улсад эрчим хүчний хөгжил түрүүлж явах ёстой байтал энэ байдал алдагдаад удаж байна. Хэрэглээнийхээ хойно үйлдвэрлэл нь яваад байгаа. Цаашид Тавдугаар цахилгаан станц гээд бусад эрчим хүчний эх үүсвэрүүдээ яаралтай барихгүй бол тун удахгүй эрчим хүчний хямрал руу орох нь ойлгомжтой болжээ.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийх айлчлалын тов гарсан. Үүний өмнө Эгийн голын асуудал хөндөгдсөн нь улс төрийн агуулгатай гэж харах хүмүүс байгаа. Засгийн газрын хувьд энэ төслийг явуулах тал дээр дорвитой хөдлөхгүй байх шиг…

-Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Оросын Шадар сайд ирж шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийх нь өөрсдөд нь хэр ашигтай байдаг юм бол доо. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд оросуудтай уулзахдаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг сайн ярьдаг байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд ч ялгаагүй энэ станцыг барихгүй гээд оросуудад буугаад өгчихсөн юм ярьж байгаагүй. Бага ч гэсэн асуудлыг тавьж, ярьж л байсан. Усан цахилгаан станцыг барих тухай асуудлыг зөвхөн Орос ч биш, өөр бусад орнуудтай ярьж хэлэлцэж байсан юм билээ. Ер нь Эгийн голын усан цахилгаан станцын ажилд Ерөнхийлөгчид санаачилга муу гаргаж байна гэж үзэхгүй байна. Харин бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцдагийнхаа хувьд Засгийн газрын ажил хангалтгүй байна гэж боддог. 2016 онд төслийг зогсоосноос хойш таван жил өнгөрчихөөд байхад энэ ажлыг хэрэгжүүлэх талаар тууштай, зоримог, ухаалаг алхмууд хийгдэлгүй өдий хүрлээ. Одоо бүр амаа асуулгаад сууж байгаа нь харамсалтай.

-Бүтээн байгуулалт ямар шатандаа явж байсан билээ?

-Бид Хятадын ЭКЗИМ банкны нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг амжилттай явуулж, хоёр улсын засгийн газраар гарын үсэг зуруулж, УИХ-аар соёрхон батлуулсан юм. Энэ зээлээр Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр бүх түвшинд гарсан байдаг. Ингээд хятадын компани төслийн дэд бүтцийн ажил буюу Сэлэнгэ мөрөн дээгүүр барих том гүүрийг барьж эхэлж байгаад гэнэт зогссон юм. Үүнээс хойш ажил явсангүй. Хятадын талын ажлыг зогсоох нөлөөллийг Оросын тал хийснийг бид олж тогтоосон.

Categories
гадаад мэдээ

“Ковид-19”-ийн “Омикрон” хувилбарын эргэн тойронд

Их Британийн судлаачид Ботсвана улсад анх илэрсэн гэж үзэж буй “Ковид-19”-ийн шинэ хувилбарын талаар дэлхий нийтэд анхааруулав. Энэ нь одоогоор илэрсэн хамгийн олон мутацитай хувилбар юм байна. “Омикрон” хэмээн нэрлэгдсэн шинжлэх ухаанд “B.1.1.529” хэмээн тэмдэглэгдээд буй энэ хувилбар өөрийн гэсэн 32 мутацитай байгаа нь тогтоогдсон тул халдварлах чадвар өндөр, мөн вакцинд тэсвэртэй байж болзошгүй юм. Лондонгийн их сургуулийн генетикч, профессор Франсуа Баллу уг хувилбар нь архаг, хууч өвчний улмаас дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл ДОХ-той гэдэг нь хараахан оношлогдоогүй, дархлаа нь суларсан хүмүүсийг дамжин мутацилагдсан байж магадгүй гэжээ. Мөн титэм вирусийн сэртэнг бүрдүүлдэг уурагны бүтэц өөрчлөгдсөн нь одоогийн зарим вакцинуудын үйлчлэлд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Учир нь зарим вакцинууд вирусийн эх бие биш, зөвхөн энэхүү сэртэнгийн уургийн бүтцээр таньж устгадаг эсрэг биет хүний биед үүсгэн дархлаа тогтоодог онцлогтой юм.

“ОМИКРОН” хувилбараас аврах арга

Бүх вирус уургаас бүтдэг ч өөрсдөө хэрэгцээт уургаа бий болгох чадваргүй. Иймээс вирус амьд биед орсны дараа хүний эсийн бэлэн уургийг ашиглан хурдан хугацаанд үржиж олшрон өвчин эмгэг үүсгэж, улмаар үхэлд хүргэнэ. Энэ хугацаанд олшруулж амжсан үр удмаа гадна орчинд аль болох олноор нь тарааж бусдыг халдварлуулна. Гэхдээ вирус болгоны уурагны бүтэц өөр. Энгийнээр бид 35 үсгээр хэдэн үг үүсгэж чаддаг билээ, яг үүнтэй адил зүйл. Тэгэхээр вакцин хийнэ гэдэг нь тухайн вирус ямар ямар уургаар “үг” илэрхийлж байгааг нь тогтоож, тэр үгийг аюулгүй болгон хүний биед оруулж уг үгийг таньж устгадаг эсрэг биет цусанд шинээр бий болгодог гэсэн үг. Гэхдээ ямар уураг буюу ямар үсэг байгаа нь маш чухал байхаас гадна үсэг яаж дараалсан байгаа нь ч бас чухал. Жишээ нь, дөрвөн үсэгнээс бүтэх таван үсэгтэй “титэм” гэсэн вирус энэ үгний вакцин тариулсан биед ороход “титэм” гэсэн үгийг отон хүлээж байсан эсрэг биетүүд энэхүү үгийг шууд устгаад эхэлдэг гэсэн үг. Гэхдээ вакцин хийдэг арга хоорондоо ялгаатай.

Эхлээд тахианы өндгөнд ч юмуу бусад аргаар вакцин хийх гэж буй вирусээ үржүүлж олшруулна. Дараа нь өсгөж олшруулсан вирусээ үхүүлж, эсвэл үржих чадваргүй, хагас үхмэл байдалд оруулан бүрэн аюулгүй болгосны дараа вакцин болгон хүнд тарьж энэхүү вирусийг устгах эсрэг биет бий болгохыг вакцин хийх уламжлалт арга гэдэг. Вакцин хийдэг энэхүү аргын сул тал нь их цаг, хөрөнгө бас мэргэшсэн хүн, хүч зарах шаардлага үүсдэг. Мөн хүн болгоны биеийн онцлог харилцан адилгүй учир халдвар авах магадлал нөгөө вакцинуудаас арай өндөр. Ашигтай тал нь үүссэн эсрэг биет вирусийн биед буй бүх уургийг таних чадвартай болдог учир ийм вакцин тариулсан хүмүүс мутацилагдсан хувилбаруудад илүү тэсвэртэй болдог. Дараагийн арга нь хүний цусанд бэлэн үхмэл, эсвэл үржих чадваргүй хагас үхмэл вирус бус энэхүү уургийн “РНК” гэх нуклейн хүчлийн генетик кодыг оруулж вакцин хийдэг явдал юм. Энэ аргын ашигтай тал нь хурдан хугацаанд хийдэг, мөн илүү үр дүнтэй. Муу тал нь өнөөдөр коронавирусийн бүх уургийн генетик кодыг бус энэ вирус хүний эсэнд бэхлэгддэг титэм буюу зөвхөн сөртөнгийнх нь генетик кодоор вакцин хийж байгаа явдал. Ийм вакциныг “mRNA” буюу “мРНК вакцин” гэж нэрлэдэг. Мөн маш өргөн тархалттай адено овгийн вирусийн “ДНК” гэх нуклейн хүчлийн генетик кодыг хуулбарлаж хийдэг Аденовирусийн векторын вакцин гэж бас бий. Энэ вакцин мөн л коронавирусийг зөвхөн сөртөнгийнх нь нэгэн төрөл уургаар таньж устгадаг вакцин гэсэн үг. Чухам энэхүү сөртөнгийнх нь уурганд өөрчлөлт орж шинжлэх ухаанд “B.1.1.529” гэж бүртгэгдэн грек цагаан толгойн 15 дахь “O,o” үсэгний “Омикрон” хэмээх нэрээр нэрлэгдсэн шинэ хувилбар тархаж эхэлсэн учраас л “мРНК вакцин” болон “Аденовирусийн вакцин” иргэддээ хийлгэсэн улсууд өнөөдөр сандралдаад байгаа хэрэг. Аль болох олон аргаар хийсэн вакцин тариулсан хүн хожно гэсэн үг. Иймд ямар вакциныг аль аргаар хийснийг нь мэдэж авъя. Энэ нь аль болох олон аргаар хийсэн вакцинд хамрагдаж гэмээнэ та эрүүл мэндээ илүүтэй хамгаалж чадна гэсэн үг билээ. Учир нь ямар ч вакцин нэмэлтээр хийлгэсэн урьд нь бий болчихсон эсрэг биетүүдийн тоо олширдог, байгаагүй нь шинээр бий болдог юм байна.

Орчуулсан: Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, ердийн цагийн хуваариар буюу 06:40-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл иргэдийн зорчих урсгалын судалгаанд үндэслэн уртасгасан цагийн автобусыг Улаанбаатар хотын хөндлөн болон босоо тэнхлэгийн дөрвөн чиглэлд явуулж заншжээ. Тодруулбал, Ч:69 Зунжин 7 буудал-Ард кино театр-ТЭЦ-3 чиглэлд, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кино театр чиглэлд, Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник чиглэлд, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв чиглэлд автобус уртасгасан цагаар нийтэд үйлчилж байна. Эдгээр чиглэлд 05:00-00:30 цаг хүртэл зорчигч тээвэрлэдэг. Үүнээс гадна сургуулийн 28 автобусаар сурагчдыг сургууль болон гэрт нь хүргэж байна.

Түгжрэл ихтэй, оргил ачааллын үед авто замын нэг урсгал түгжирсэн ч нөгөө урсгал нь сул байх нь бий. Ийм тохиолдолд зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, түгжрэлгүй урсгалаар зорчигчдыг зорьсон газарт нь хүргэх зорилгоор богино эргэлтийн автобусыг санаачилсан байна.

Богино эргэлтийн автобусны хуваарийг өдөр өдөрт нь гарган зохицуулж байна. Өнөө өглөөний хувьд 21 чиглэлд 30 автобусыг богино эргэлтэд гаргаж нийтэд үйлчилсэн бол оройн цагаар 15 чиглэлд 20 автобусыг нэмэлтээр гаргах аж. Богино эргэлтийн автобус гаргаж буйтай холбоотойгоор авто тээврийн хяналтын байцаагч нар хяналт тавьж, ачааллын мэдээллийг солилцон тухай бүрд зохицуулалт хийж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол гарчээ

Өчигдөр 17 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн нэгдүгээр хороо орчимд ээжтэйгээ явган хүний замаар явж байсан таван настай хүүхдийг “Bongo” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож байсан Г мөргөж амь насыг нь хохироожээ.

Урьдчилсан байдлаар жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 393 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 393 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 268 нь Улаанбаатар хотод, 125 нь орон нутагт батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 8 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 10.853 хүн байна.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг авч үзвэл,

  • Хөнгөн: 2193
  • Хүндэвтэр: 2636
  • Хүнд: 707
  • Нэн хүнд: 109 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж буйтай холбогдуулан уулзалт хийв

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд Эрээн боомтын ачаа тээврийн хөдөлгөөн хязгаарлаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Ерөнхий сайдын ажлын алба, Шадар сайдын ажлын алба, Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Боомтын үндэсний зөвлөл, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн хот дахь Консулын газрын дипломат ажилтнууд болон хилийн хяналт шалгалтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудын цахим уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын нөхцөл байдал, Монгол-Хятадын хилийн боомтод халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хатуу арга хэмжээ авах талаар хятадын талаас мэдэгдсэн асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замын талаар санал солилцов. Хоёр улсын хилийн дундын бүсэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтод байгуулсан чингэлэг ачих-буулгах сайжруулсан талбайн менежментийг хариуцах “Монголын төмөр зам” ХХК болон энэхүү талбайгаас Замын-Үүд авто замын боомт, гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулах “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын мэдээллийг сонсож, Хятадын талтай тохиролцсон хугацаанд тус боомтын туршилтын тээвэрлэлт эхлүүлэхэд шаардлагатай ажлыг яаралтай гүйцэтгэж, бэлтгэл хангаж ажиллахаар болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурах бичигт дүн шинжилгээ хийсэн тайланг БШУЯ-нд хүлээлгэж өгөв

45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.

Сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгээс сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг зөвлөлөө. Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.

Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байлаа гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын хороод хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.11.30/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН /2021.11.30/

14.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэх

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Галсангийн ЖАМЪЯН

(1936-2021)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, нэрт сэтгүүлч Г.Жамъян 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Зохиолч, сэтгүүлч Г.Жамъян 1936 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд төржээ. 1961 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний анги, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1984 онд Олон улсын сэтгүүлчдийн дээд курсийг тус тус төгсжээ. 1960 оноос Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, 1962 оноос Улаанбаатарын мэдээ сонинд сурвалжлагч, 1979 оноос Мод боловсруулах комбинатад ажилчин, 1990 оноос Улаанбаатар сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр гавьяаныхаа амралтад гарсан ч Монголын өдөр тутмын Өдрийн сонин, Зууны мэдээ, Монголын мэдээ зэрэг сонинд нийтлэл, ярилцлагаа нийтэлж, хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө идэвхитэй бичиж, тэмцэж ирсэн билээ. Г.Жамъян “Гавьяа” найруулал бичсэнээсээ болж хэлмэгдэж байсныг Монголын ард түмэн мэдэх билээ. Тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдийг хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө тууштай зориулж, олон нийтлэл, ярилцлагаа түмэнд хүргэсэн юм.

2001 онд “Хүний эрхийн төлөө тэмцэгч сэтгүүлч”, 2009 онд “Шударга үнэний элч”, 2014 онд Монголын Эмнести интернэшнлийн “Хүний эрхийн төлөө тэмцэгч” шагналыг тус тус хүртсэн. Хүний эрхийн төлөө зоригтой дуугарч чаддаг түүнийг Монголын уншигчид “Хамгийн шударга сэтгүүлч” хэмээн хүндэтгэдэг билээ.

СГЗ, зохиолч Г.Жамъян 1960-аад оноос уран зохиол бичиж олон ном зохиол бүтээж үлдээжээ. “Миний Улаанбаатар”, “Чингис”, “Гал атгасан гар”, “Амьдралын намтраасаа”, “Хорьтын цагаан мөнгө”, “Сүнстэй нөгцсөн хүн”, “Угтал”, “Гавлай”, “Цасангаа” зэрэг шүлэг, найруулал, өгүүлэл, адал явдалт зохиолын номууд болон жүжгүүдээ олон түмэнд хүргэжээ. Мөн сэтгүүлзүйн бүтээлүүдээ эмхэтгэн олон арван ном бүтээж, уншигчдын гарт хүргэж байсан билээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Г.Жамъян гуай гэр бүлдээ сайн хань, үр хүүхдүүдийнхээ ачлалт аав, ач зээ нарынхаа хайртай өвөө, хамт олон, найз нөхдийнхөө дотно анд нөхөр, сэтгүүлчдийн хүндэт багш байсан төдийгүй Монголын Ардчиллыг бататжихад сэтгүүлчийнхээ хурц үзэгний үзүүрээр, уран цэцэн үгээрээ зоригжуулж, томоохон хувь нэмэр оруулсан ардчилсан үзэлтэй, шударга сэтгүүлч, бичгийн их хүмүүн байсан юм. Социализмын үед бичсэн найрууллаасаа болж хэлмэгдэж, амьдралынхаа арваад жилийг нийгмээс тусгаарлагдаж өнгөрүүлсэн тэрээр Ардчилалтай золгож, эрхээ эдэлсэн явдлаа цаг ямагт дурсаж, сэтгүүлчид үнэнийг бичиж, дэлгэснээсээ болж эрхээ бүү хасуулаасай хэмээн нийгэмд дуу хоолойгоо өргөсөөр байсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1997 онд “Хөдөлмөрийн гавьяаны одон”-гоор, 2005 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнажээ.

Нэр сэтгүүлч Г.Жамъян гуай тусч энэрэнгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй, хүний төлөө тэмцдэг, алиа хошин зантай, туйлын хөдөлмөрч, бүтээлч, нягт нямбай чанарыг шингээсэн үлгэр жишээч, нөмөр нөөлөгтэй сайхан хүн байсан билээ. Зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид түүнийг ихэд хүндэтгэж, Монголын ард түмэн “Шударга” сэтгүүлч хэмээн түүнийг өргөмжилдөг байлаа.

Г.Жамъян гуайн гэгээн сайхан дүр, ажилч хичээнгүй, чигч шударга зан чанар, хүний төлөө өөрийгөө зольж чаддаг ховор чанар, хийж бүтээсэн их үйл хэрэг нь хань ижил, үр хүүхэд, ах дүү, хамт олон, олон мянган уншигч, Монголын сэтгүүлч, зохиолчдын зүрх сэтгэлд үүр хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

“Өдрийн сонин”

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Налгар улирал ирэхээр Налайхын замд гарц хийнэ гэсээр байтал чинь иргэд үхэж л байг уу, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир гишүүд ээ!!!

Автомашинаар зорчиход саадгүй давхих Налайхын зам. Хоёр тусдаа зорчих хэсэг бүхий дөрвөн эгнээ, зорчих хэсэг дундаа хязгаарлагчтай, гэрэл үзэгдэх орчин гээд жолооч нарын хувьд давуу тал ихтэй авто зам юм. Харин явган зорчигчдод энэ зам бол жинхэнэ там. Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэлх 20.9 км энэхүү авто замын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж, өнгөрсөн жил ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан байдаг. Нээлтээ сүр бараатай хийж байсан энэхүү замд одоогийн байдлаар нийтдээ арав гаруй зам тээврийн ноцтой осол гарсан байна. Энэхүү осол аваарын дуудлагын ихэнхийг явган зорчигчид эзэлж байгаа юм. Учир нь уг замын эхлэл цэг буюу Баянзүрхийн товчооноос Налайхын тойрог хүртэл явган хүний нэг ширхэг ч гарц байхгүй. Гарцгүй ийм зам манайд хоёр бий. Нөгөөх нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу явсан хурдны зам. Энэ замд гарц байх шаардлагагүй. Дэд бүтцийнхээ төрөлд хурдны зориулалтаар баригдсан замд явган хүний гарц шаардлагагүй. Харин Налайхын шинэ зам бол хурдны зам биш.

Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл тасралтгүй хот, суурин бий. Өөрөөр хэлбэл, энэхүү зам нь хот хоорондын зорчих зам ч биш, суурин доторх авто зам. Тиймээс дэд бүтцийнхээ хувьд суурин доторх энгийн зорчих зориулалтаар баригдах авто зам юм. Гэвч зориулалт, стандартаасаа хол хөндий баригдсан энэхүү зам иргэдийн аюулгүй тайван амьдрах эрхийг зөрчсөөр байна. Тэр дундаа Хонхор, Ургах наран, Баянзүрхийн товчоо орчим амьдардаг оршин суугчдын эрхийг ноцтой зөрчөөд буй. Тус зам дагуу 150000 хүн оршин суудаг. Ерөнхий боловсролын хоёр сургууль, хоёр цэцэрлэг, холбогдох төрийн анхан шатны байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил хичээлийн шинэ жил 100 хувийн дүүргэлттэйгээр танхимаар орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг замаар зорчих явган зорчигч, тэр дундаа Ерөнхий боловсролын сурагчид замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдсэн. Налайхын энэхүү гарцгүй замаар сурагч, хүүхдүүд өөрөөсөө өндөр бетонон хашлага, саадыг даван гарч байгаа нь амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохироход хүрээд байна.

Э.ДАВААЖАВ: МАНАЙ СУРГУУЛИЙН ХОЁР СУРАГЧ, НЭГ НЬ БҮР ЭМЭЭТЭЙГЭЭ ЯВЖ БАЙГААД ОСОЛД ОРСОН

Энэ талаар тус зам дагуух суурин газрын оршин суугчид ийн ярьж байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Бүрэнтөгс: -Би хоёр дүүгээ өдөр бүр сургуулиас нь очиж авдаг. Уг нь манайх сургуультайгаа ойрхон. Гэвч сургууль, гэр хоёрын дунд энэ шинэ зам тавигдсанаас болоод тав, хоёрдугаар ангийн дүү нараа очиж авахаас өөр аргагүй болсон. Учир нь энэ замд явган хүний ямар ч гарц байдаггүй. Бүр сургуулийн харалдаа ч гарцгүй. Тиймээс замын гол байрласан гэрлэн шонгийн завсрын зайгаар хоёр дүүгээ өргөж зам хөндлөн гардаг. Хоёр талаар машинууд хурдтай явдгаас бид айдаг. Өдөр бүр энэ замыг яаж гарна даа гэсэн айдастай хоёр жил боллоо. Энэ замд явган хүний гарц гаргах өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн өндөр настан Л.Гүррагчаа: -Өвөө нь долоо хоногт хоёр удаа өрхийн эмнэлэг орж үзүүлдэг. Дээрээс нь замын цаанаас түлш, усаа авдаг. Яах вэ эмнэлэг орж үзүүлээд ирэхэд аргыг нь олоод гараад байдаг. Харин түлш, усаа авах гэж их мунгинадаг даа. Дөчийн бидон устай тэргээ замын голд байх тэр хашлагыг давж гарах гэж хүн хараад л замын голд суучихдаг. Яг түүгээр явган хүн гарвал туслаад өгөөч гэж гуйдаг. Гэхдээ явган хүн гарах нь гарахгүйгээсээ их. Заримдаа жолооч нар бууж өвөөд нь тусалдаг. Энэ мэт хүндрэл их байна. Энэ төр засгийн удирдлагууд сайхан замтай болгосон нь сайшаалтай ч иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг бас хангаж өгмөөр санагдана. Зам хөндлөн гарч яваа жаахан хүүхдүүдийг хараад сэтгэл түгшиж л суудаг. Саяхан манай энд нэг сурагч бололтой жаахан охин дайруулсан. Их аюултай юм болсон. Хурдхан шиг явган хүний гарц, гэрлэн дохиотой болгож өгөхгүй бол энэ орчмын иргэд чинь энэ зам дээрээ хядуулсаар дуусах нь байна.

Жолооч С.Сарангэрэл: -Манай аавынх Хонхорт амьдардаг. Амралтын өдөр аавындаа очих гэж явна. Энэ зам уг нь их сайхан болсон. Гэхдээ явган зорчигчид гэнэт хашлага даваад гарч гүйх нь барагтай бол харагддаггүй. Зам нь сайхан ч сэтгэл амар давхих боломжгүй санагддаг. Явган хүний гарц байхгүй нь жолооч нарт ч гэсэн маш анхаарал болгоомжтой явахыг сануулдаг гэлээ.

Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн багш Э.Даваажав: -Манай сургуулийн хоёр сурагч, нэг нь бүр эмээтэйгээ явж байгаад осолд орсон. Нэг нь их хүнд бэртэлтэй байгаа. Бид холбогдох газарт нь сургууль орчмын бүсэд явган зорчигч нэвтрэх гарц хийж өгөхийг хүссэн боловч энэ жилдээ ажил хийгдэхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс сургуулийн зүгээс эцэг, эх багш, сайн дурын эргүүлийн хяналтын тоог нэмэгдүүлж ажиллахаар болж байгаа.

Налайх дүүргийн 8 хорооны оршин суугч Д.Пүрэвсүрэн “Налайхын зам хоёр жилийн өмнөөс зам ашиглалтад орсон. Миний мэдэхийн нэг урсгалаар зорчдог. Бетонон чулуугаар хоёр зорчих хэсгийг хязгаарлаж хаасан нь осол аваар гарах нөхцөлийг багассан байж магадгүй. Гэхдээ замын доогуурх тунелиэр мал гарч болдог. Харин зам дээгүүр явган хүн гарах гарц байдаггүй. Өөрөөр хэлбэл, малд зориулсан гэж хэлж болохуйц гарцтай хэрнээ хүнд зориулсан ширхэг ч гарц байхгүй. Иргэд гарц хайж гарна гэвэл ер нь бүтэхгүй асуудал. Өдөр өнжин явж, бүр хотоос гарч байж л сая нэг юм гарц олох байх даа. Тиймээс давж гарахаас өөр аргагүй. Машинд л явж байвал болно гэж бодсон юм шиг байгаа юм. Хүн зорчино гэж огт бодоогүй барьсан юм болов уу. Гарцгүйгээс болж машинд мөргүүлэх эрсдэл их байдаг. Хүнээ бодоогүй шулуун зам л байх ёстой гэж ханддаг нь ямар учиртай юм бэ. Тендер зарлахдаа зураг төслийг нь харалгүй өгчихдөг юм байх даа гэж гайхдаг.

Б.БУМ-ЭРДЭНЭ: ГҮҮРЭН ГАРЦЫН АЖИЛ ИРЭХ 2022 ОНД ХИЙГДЭНЭ

Налайх, Баянзүрх хүртэлх шинэ авто замын явган хүний гарцтай холбоотой асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодрууллаа.


Тэрбээр “Явган хүний гарцын асуудалтай холбоотой гомдол санал их ирж байгаа. Бид Баянзүрхийн товчоо, Ургах наран хорооллын наад талд хоёр гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа. Энэхүү гүүрэн гарцын ажил ирэх 2022 онд хийгдэнэ. Энэ оны хувьд гүүрэн гарц барих ажил хүндрэлтэй байгаа. Ирэх жил барилгын улирал эхлэх үед барих төлөвлөгөөтэй байна. Барилгын ажил эхэлчихвэл хоёр сар гаруй хугацаанд барьчих болов уу гэсэн тооцоололтой байна. Явган хүний цагаан шугамтай гарц хийе гэхээр энэхүү замын ангилал өөр” гэсэн тайлбарыг өгч байна.

Налайх дүүргээс УИХ-ын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Ц.Сандаг-Очир нар сонгогдсон. Нэг нь Улсын онцгой комиссын дарга. Саяхан Монгол Улсын ирэх оны төсөв батлагдсан. Дээрх хоёр гишүүн тойрог дээрээ тодорхой хэмжээний төсөв тусгуулсан нь ирэх онд баригдах хоёр гүүрэн гарц. Барих гэж байгаа нь сайн ч тэр болтол Налайхын там шиг зам дээр хэчнээн иргэн, хэчнээн сурагч хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох вэ.

Энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы ажлын албанаас тодруулахад “Гишүүдийг ийм асуудалд чирч оруулах нь уг нь буруу. Нийслэлийн авто тээврийн газраас тодруулсан нь дээр” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Дарга нарынхаа нэр хүндийг бодсон иймэрхүү тайлбарыг тавьж байхаар энэхүү зам дээр явган хүний гарц барих боломжийг судалж, тэр чигийнхээ ажлыг дарга нартаа зөвлөх сэтгэлтэй, хандлагатай болмоор. Юутай ч албаныхан нь уг зам дээр явган хүний гарц барих боломжгүй, улирал нь биш, нартай налгар өдрүүд ирэхээр гарц, гүүр барьчихна гэсэн тайлбарыг өгч байна. Налгар улирал ирэхээр Налайхын замд гарц хийнэ гэсээр байтал чинь иргэд үхэж л байг уу, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир гишүүд ээ!!!