Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан. Малын сэг зэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг байжээ. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эхэлсэн юм. Түүнчлэн нэгдсэн хогийн цэгийг шийдэх, хог хаягдлыг тогтмол ачиж, тээвэрлэх зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд малын гаралтай ил задгай хур хог хаягдлыг бүрэн устгаад байна.


Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, хувийн хэвшлийн компаниудтай хамтран мал нядалгааны газруудаас гарч буй хаягдал болон малын өтөг бууцыг ашиглан бордоо хийж байна. Тодруулбал, MCPT, “Эко Тайхи”, “Усан болор хангай” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, малын гаралтай хог хаягдлаар компост бордоо үйлдвэрлэж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус компаниудад малын гаралтай хог хаягдлыг хүлээн авах, бордоо боловсруулах газрын асуудлыг шийдэж өгсөн юм. Харин бордоо үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг дээрх компаниуд өөрсдөө бүрэн хариуцаж байна.

Компост бордоо гэдэг нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлыг ашиглан, тэдгээрийн задралын үр дүнд гаргаж авсан органик бордоог хэлдэг аж. Бусад бордооноос ялзмаг буюу өндөр молекулт органик нэгдлийн агууламж өндөртэй, шим тэжээлээ ургамалд удаан хугацаанд жигд өгдөг онцлогтой. Түүнчлэн хөрсний бүтэц, үржил шимд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг давуу талтай юм.

Төсөлд хамтран ажиллаж буй MCPT компани нь жилд 12 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд компост бордоо нь 5-6 сарын хугацаанд бэлэн болж, эцсийн бүтээгдэхүүн болдог тухай тус компанийн ерөнхий менежер Ч.Пүрэв хэлж байв.

Харин “Эко тайхи” ХХК гаргаж авсан бордоогоороо арав гаруй төрлийн ургамал, ногоо тарьж, туршилт хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Тус үйлдвэрлэлээс гарах бордоог хотын ногоон байгууламж, хот орчмын газар тариалан, хөрсний бохирдол, доройтолтой газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой. Компостлох аргаар дахин боловсруулснаар маш сайн чанарын ялзмаг бүхий бордоо гарч буйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Цаашид бордооны чанарыг улам сайжруулахаар компаниуд судалгаа, шинжилгээ хийх болно” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Сэтгэцийн эрүүл мэнд ба Хүний эрх” агуулгын хүрээнд салбарын шинжээч, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна

Нээлттэй нийгэм форумаас Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт ээлжит уулзалт эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар “Сэтгэцийн эрүүл мэнд ба Хүний эрх” агуулгын хүрээнд салбарын шинжээч, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Тухайлбал сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг экспертүүд Монгол Улсад тулгамдаж буй асуудал болон ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар харилцан санал солилцон зөвлөлдөж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул:

-Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эмгэг судлалын клиникт үргэлжлүүлж байна. Энэ клиникт 30 хүнийг эмчлэх боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 41 хүн эмчлэгдэж байна. Тухайлбал 2-8 хүн нэг өрөөнд эмчилгээ хийлгэж тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа.

Албадлын арга хэмжээ авахуулсан хүмүүсийг гэмт хэрэг зөрчил үйлдсэн хэлбэрээр ялгах ёстой ч хөнгөн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нэг өрөөнд эмчлэгдэж байгаа. Түүнчлэн клиникт “Ковид-19” халдвар гарсан тохиолдолд тусгаарлан эмчлэх өрөө, тасалгаа байхгүй учраас халдвар тархах эрсдэл байгаа.

Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин:

-Хүний эрхийг хамгаалахын тулд сэтгэл буюу сэтгэцийг хамгаалах нь чухал. Гэтэл бид шинж тэмдэг, үр дүнгийн асуудлыг маш их ярьдаг. Шалтгаан эсвэл тогтолцооны асуудлыг огт ярьдаггүй.

Сэтгэцийн гэмтэл гэж нэг юм бий. Манайд сэтгэцийн гэмтлийн зэргийг тогтоох хэрэгтэй. Гэмтлийн зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж гуравхан зэргээр тогтоодог. Гэтэл сэтгэлзүйн гэмтлийг хэн ч, хэзээ ч тогтоодоггүй. Манайх цаасан дээр бичсэн хуулиа л дагадаг учраас үр дүнд хүрэхгүй, хэрэгжүүлэхгүй байна гэдэг.

Хөөрхөн зүрх” ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг:

Манай байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй ажилладаг. Үйлчилгээ үзүүлж байгаа гээд гэмтээгээд байна уу, үзүүлнэ гээд зүтгээд байна уу гэдгийг мэдрэх чухал. Мөн бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхдийн асуудалд маш хайнга хангддаг. Бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхэд маш урт хугацаагаар сэтгэл санааны дарамттай явдаг. Үүнд гол нөлөөлж буй нэг зүйл нь тухайн хэргийг шийдэж буй хуулийн байгууллагаас шалтгаалж байна. Яадаг вэ гэхээр хэрэг хянан шийдэж байна гээд урт хугацаагаар нөгөө хүчирхийлэлд автсан хүүхдийг байн байна цагдаагийн байгууллага дээр дууддаг. Энэ нь нөгөө хүүхдэд болсон хэрэг явдлыг эргэн сануулж байдаг. Энэ асуудал дээр бас төрөөс анхаар ч хүчирхийлэлд өртсөн хүүхдийг харж үзээч гэж хэлмээр байна.

Хүүхэд хамгааллын ажилтан Б.Жавзанхүү:

Хүүхдүүдийн сэтгэцийн эмгэг хамгийн байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байнга яригдаж байна. Монголд энэ сэтгэцийн эмгэг, өвчинг оншлох шаардлагатай байна. Оншлох эмнэлэг, эмчлэх эмч мэргэжилтэн дутмаг байна. Нэн тэргүүнд энэ оншилгооны асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Тэгж байж тохирсон эмчилгээги нь хийнэшүүдээ.

Сэтгэл зүйч С.Баасанбат:

Миний хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр 20 гаруй жил ажиллаа. Гэтэл одоо болтор сэтгэцийн асуудлыг хэмжиж оншилдоггүй хохирогчийн сэтгэл зүйн байдал ямар байгааг анхаардаггүй хэвээр байна. Мөн хүчирхийлэгчийн зан үйл засах сургалт буруу явагдаад байдаг. Ингээд ямар ч үр дүнгүй сургалт баривчилгаа хийгдсэний дараа нөгөө уур хорсолтой хүчирхийлэгч гэртээ очоод ахиад хүчирхийлэл үйлддэг. Хохирогчийн сэтгэл зүйн эрүүл байдлыг анхаардаг хамгаалалтад авдаг болмоор байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зөв явахад цөвүүн цаг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Энэ хуулиар
зөвшөөрөл олгох
процесс нь ил тод,
хугацаа, хариуцах эзэн
нь тодорхой болно” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн
А.Түвшинбаяр “Одоогоор хүнээс малд,
малаас хүнд коронавирус халдварласан
тохиолдол байхгүй” хэмээн III нүүрт өгүүлэв.

Өдрийн сонинд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зөв явахад цөвүүн цаг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Сангийн
сайд Б.Жавхлан “Хүүхдийн мөнгийг шууд өгөх
бус хадгаламж, хуримтлал хэлбэр рүү
шилжүүлэх боломжийг судалж байна” гэв.

УИХ-ын гишүүн,
Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны
дарга Б.Баттөмөр “Хөгжлийн загвараа
бид өөрсдөө л бүтээнэ” хэмээн IV нүүрт ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хуульч Б.Мэргэн “Хялбаршуулсан
журмаар хэрэг нь шийдэгдсэн ч шүүх
шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж
олсон орлогыг хураах эрхтэй” гэлээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Надад сүүлийн боломж олгооч.
Дэлхийн аварга болоод ирье” хэмээн өгүүлснийг “Цаг үе” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Минт клуб түр хугацаанд ажиллахгүйгээ мэдэгджээ

Коронавируст цар тахлын улмаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй болсон. Жил гаруйн хугацаанд хориотой байсан хоолны газар, ресторануудад ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ хийж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон. Мөн хоёр жил орчим хаалттай байсан караоке болон шөнийн цэнгээний газруудтай ч дээрх ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ-г хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх “ЭРХ” олгосон.

Гэвч энэ шийдвэр нь бодит амьдралаас тасарсан гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа юм. Тодруулбал, шөнийн цэнгээний газар хөгжмийн хэрэгсэл ажиллуулахгүй, караоке баар дууны төхөөрөмжөө ашиглахгүй зэрэг заалтыг тусгасан байгаа юм. Тиймээс “Минт Улаанбаатар” клубын зүгээс дээрх шийдвэр нь бодит амьдралаас тасарсан, хөрсөнд буухааргүй байна гэж үзэн түр хугацаагаар ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Өнөөдөр Улаанбаатар хотод 5352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.









Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХын хоёр тойрогт явагдах нөхөн сонгууль аравдугаар сард болно. Хэнтийн тойрогт гурван нэр дэвшигч, Сонгинохайрханд арван нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХнд бүртгүүлсэн байгаа. Энэ удаагийн УИХын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг тоймлон хүргэж байна.

Эрх баригчдын хувьд залуу боловсон хүчнээ сойжээ. Харин сөрөг хүчин болох АН улс төрд чанагдсан туршлагатай, хашир улстөрчдөө санал нэгтэйгээр зүтгүүлжээ.

Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд гурван нам, нэг бие даагч нэр дэвших эрхээ авсан. АНаас Б.Гарамгайбаатар, МАНаас Ц.Идэрбат, Ард Түмний Олонхын Засаглал намаас А.Батдорж, бие дааж М.Чингисхаан нар өрсөлдөнө.

Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

АН-ын лидерүүдийн нэг, тулхтай, буурьтай, улс төрийн тогоонд чанагдсан жинхэнэ төрийн “хар хүн”. Тэрбээр намдаа МҮДН-ын фракцид багтдаг. АН-аас парламентад сонгогдон сууж байхдаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв. Ардчилсан намын ҮБХ-оор түүнийг энэ удаагийн нөхөн сонгуульд дуу нэгтэйгээр дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар тавьж байгаа. Учир нь Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт хийж бүтээсэн үйлс арвинтай нэгэн. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа орон нутагтаа хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж чадсанд хэнтийчүүд ам сайтай байдаг юм билээ.

Цагаанхүүгийн ИДЭРБАТ

МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Улс төрд бэлтгэгдэж яваа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна. Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.

Нөгөөтэйгүүр улс төрийн туршлагагүй залуу хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоод гэнэдэж, алдсан “бандааш” Д.Гантулгын хэрэг одоо ч хэнтийчүүдийн санамжид байгаа. Иймд залуу нэр дэвшигч Ц.Идэрбатад нут-гийн зон олон тийм ч их итгэл хүлээлгэхгүй байгаа сурагтай.

Алтан БАТДОРЖ

Ард түмний олонхын засаглал намын дарга тэрбээр нөхөн сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж байгаа. Хууль хяналтын байгууллагад чамгүй ажиллаж байсан туршлагатай хүн аж. Мөн оффшорын эсрэг “АТОЗ” ТББ-д хуулийн талыг нь хариуцаж байсан удаатай. Хожим нам байгуулж, найз Ц.Нарангэрэлтэйгээ хагаралдаж байгаа тухай хэвлэлээр хэдэнтээ бичигдэж байв. “АТОЗ”-ийг хөдөлгөөн хэвээр нь хадгалах хүсэлтэй байсан үүсгэн байгуулагчдынхаа үгийг дагалгүй эрх баригч талд үйлчилсэн гэх хардлага ч явдаг юм билээ. Тиймээс А.Батдоржийг Хэнтийн тойрогт нэр дэвшиж байгааг нь гайхах хүн олон байв. Тодруулбал, Б.Гарамгайбаатарын саналыг хуваах гэж зориуд захиалгаар орж ирлээ гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байсан юм.

Магнайбаярын ЧИНГИСХААН

Тэрбээр сошиалд “Чингисхаан” нээрээр олны танил болсон. Уг нь эцэг, эхээс өгсөн нэрийг нь М.Баасанжаргал гэдэг аж. Харин мань эр энэ нэрээ албан ёсоор Чингисхаан болгон солиулжээ. Түүний хувьд 1989 онд Архангай аймагт төрсөн бөгөөд Кино урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Ажлын туршлага гэвэл ETV, Star tv, UBS телевизэд 2013 он хүртэлх хугацаанд ажиллаж байжээ. М.Чингисхаан нь “Уухай” гэж нэгдэл байгуулж, газар усныхаа төлөө тэмцэж явсан нэгэн. Тэрбээр нөхөн сонгуульд өрсөлдөх эрхээ авахын тулд “Хэнтийчүүд минь та бүхэн Чингис хаан болох зорилго тэмүүлэл өвөрлөсөн бие даагч намайг дэмжиж гарын үсэг цуглуулах ажилд минь тус дэм болоорой” гэж сошиалаар хүсч байсан. Бие дааж нэр дэвшихийн тулд 801 хүнээс илүү гарын үсэг цуглуулах шаардлагыг амжилттай биелүүлж, СЕХ-нд бүртгүүлсэн юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АРВАН НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨНӨ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд есөн нам эвсэл, нэг бие даагч өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлээд байгаа. АН-аас Э.Бат-Үүл, МАН-аас Э.Батшугар, Иргэний Зориг-Ногоон намаас Ш.Гантулга, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх, “Зөв хүн-Электорат” эвслээс Б.Найдалаа, “Үнэн ба Зөв” намаас А.Отгонбаатар, Дэлхийн Монголчууд намаас Л.Цог, Ард Түмний Олонхын Засаглал намаас Д.Чулуунбат, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Ц.Гантулга, Бие даан нэрээ дэвшүүлэгч Х.Бат-Ялалт нар саналын хуудсанд бичигдэх нь ээ.

Иргэдийн хувьд сонголт арвин байна. Харин ширүүхэн өрсөлдөөн улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН-ын хооронд өрнөх нь ойлгомжтой. Энд өөрсдийгөө гуравдагч улс төрийн хүчин хэмээн амбицалдаг ХҮН хүнээ сойсон байхад эрх баригчдын халаасанд орсон гэгддэг жижиг намууд ч санал хуваахаар орж ирцгээжээ.

Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хийж, бүтээсэн үйлсийг дурдвал олон. Монголд ардчиллыг авчирсан алтан хараацайнуудын нэг төдийгүй лидер улстөрч юм. Мөн ардчиллын үнэт зүйлсийг хамгийн сайн хамгаалагч. Түүнийг хотын захирагчаар ажиллаж байх хугацаанд нийслэл маань хичнээн сайхан өнгө зүс орлоо доо. Тэрбээр УИХ-д сонгогдвол сөрөг хүчний нэлээд чанга дуу хоолой болох нь мэдээж. Энэ удаагийн нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт түүнтэй эн зэрэгцэх өрсөлдөгч хараахан харагдахгүй байгаа юм. Улс төрийн болоод амьдралын туршлагаараа хэнийг ч дагуулахгүй нэгэн. Тиймдээ ч нийслэлд, ялангуяа сонгинохайрханчуудад Э.Бат-Үүл шиг улстөрч хамгийн хэрэгтэй.

Энхбаярын БАТШУГАР

Аавын эрх жаал хэмээн ард түмэндээ өхөөрдүүлж буй Э.Батшугар МАН-аас УИХ-д нэр дэвших гэж байна. 1987 онд төрсөн бөгөөд санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. АНУ -ын Калифорни мужийн ахлах сургуулийг дүүргээд Массачусетс мужийн Уолтхэм дэх Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан амжилттай төгссөн. Ажлын гараагаа АНУ-аас эхлүүлж, “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд гурван жил ажилласан гэдэг. Дараа нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа явдал аавынх нь хүч нөмөр гэж шууд харагдаж байгаа.

МАН Н.Энхбаяртай нэгдсэнийхээ төлөөсөнд хүүг нь нөхөн сонгуульд оролцуулж байна гэх олны яриа оргүй биш юм. Э.Батшугар бол Монголын ард түмэнд Н.Энхбаяр гэж харагддаг. Эцэг Н.Энхбаярынх нь хувьд Монголын хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүн. Хэдий тийм боловч экс Ерөнхийлөгч маань өөрийнхөө залгамж халааг хүүдээ өвлүүлж, улс төрд шургуулж байна. Аав нь байгаа цагт Э.Батшугар хэзээ ч өөрийнхөө толгойгоор асуудалд хандах нь юу л бол гэсэн эргэлзээг нийгэмд суулгасан хүн юм.

Логийн ЦОГ

Дэлхийн Монголчууд намаас Л.Цогийг нэр дэвшүүлжээ. Тэрбээр ЗХУ-д дэд боловсрол эзэмшсэн, хуульч мэргэжилтэй. Социализмын үед Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хуучин цагт МАХН буюу одоогийн МАН-ын төв хорооны дэргэдэх намын хянан шалгах хороонд байцаагч, Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг хашиж байв. Мөн 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байв. Гэхдээ мань эрийг нам нам дамжсан, улс төрийн тогтворгүй нэгэн гэж экс намынх нь нөхөд ярих юм билээ.

Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА

“Төрийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг авах ёстой” гэж хэлж байсан олон улсын тоймч Ш.Гантулгыг Иргэний зориг-Ногоон нам Сонгинохайрханы нөхөн сонгуульд сойжээ. Тэрбээр Эрхүү хотын Полтехникийн их сургуулийг геологич, геохимич мэргэжлээр дүүргэсэн нэгэн юм байна. Ажлын туршлагын хувьд “Ийгл” болон “ТВ-9” телевизэд олон улсын тоймчоор ажиллаж байв. УИХ-ын 2020 оны сонгуульд мөн л Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихдээ чамгүй санал авч байсан.

Тухайн үед түүнтэй нэг тойрогт адилхан Гантулга гэдэг нэртэй хүн нэр дэвшиж байсанд ихэд бухимдаж, захиалгаар саналыг нь хуваах гэж орж ирлээ хэмээж байв. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд мөн л түүнтэй ижил нэртэй Ц.Гантулга гэдэг хүн Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас хүч үзэх юм билээ.

Шоовдорын ТӨМӨРСҮХ

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намын дарга тэрбээр 2008 оны сонгуульд найзынхаа хамт нэр дэвшиж байсан удаатай. Тухайн үед 100 хүрэхгүй санал авсан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан ч улс төрийн амьдралаа орхилгүй сүүдрийн парламент байгуулан ажиллаж байсан. Улмаар УИХ-ын 2012 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч олигтой санал аваагүй гэдэг. Тэрбээр 2012 оноос хойш бизнес хийж, үйлдвэр байгуулахаар найман жил зүтгэсэн боловч бүтээгүй тухайгаа саяхан хэвлэлд ярьжээ. Иймд бодлогын өөрчлөлт хийхийн тулд нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа аж. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч хэмээн үзэж буй тэрбээр авлигачдыг цээрлүүлж, шударга ёсыг тогтоох уриатай сонгуульд оролцож байгаа гэнэ. Тэрбээр сонгууль болгоноор олонд танигдсан эрхмүүдийг намаасаа нэр дэвшүүлэх саналыг тавьдаг тухай улстөрчид хоорондоо ярьцгаах юм билээ.

Бадрахын НАЙДАЛАА

Сүүлийн үед улс төрд хүчтэй орж ирсэн эрхмийн нэг бол яах аргагүй Б.Найдалаа. ХҮН-ын даргаар томилогдсоноос хойш улс төрийн карьер нь нэлээд өссөн гэхэд болно. Тэрбээр 2020 онд УИХ болон НИТХ-д хүчээ үзсэн боловч амжилт олоогүй. Энэ удаад УИХ-ын нөхөн сонгуульд Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшиж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуульд онолын багшаар ажиллаж байгаад Японд магистр хамгаалсан тэрбээр бизнесийн салбарт нэлээд туршлага хуримтлуулсан нэгэн юм.

Өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин болно гэсэн итгэл үнэмшилтэй тус нам бол зүүний үзэл баримтлалтай. Гэхдээ эрх баригчидтай үгсэн тохиролцож, өөрт ашигтай хувилбараар хөдөлдөг хэмээн бусад улс төрийн хүчнүүд харддаг юм билээ. Тухайлбал, 60 тэрбумын схемийг санаачилж, улс төрд хөл тавьсан улс төрийн хүчин ч гэдэг.

Аюурзанын ОТГОНБААТАР

“Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар Сонгинохайрханы нөхөн сонгуульд хүч үзэхээр орж иржээ. Социал демократ үзэл баримтлалтай уг намыг УИХ-ын гишүүн асан Нарантуул захаар овоглодог Ш.Сайхансамбуу байгуулсан гэх яриа ч байдаг. Гэхдээ мань эр тус намын залууст зөвлөдөг тухайгаа нуудаггүй. А.Отгонбаатарын хувьд нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй нэгэн. Эрх баригчид, улстөрчдийг илүүтэй шүүмжилдгээр нь ч ард түмэн таньдаг болсон.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд дээрх эрхмүүдээс гадна Ард түмний олонхын засаглал намаас Д.Чулуунбат, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Ц.Гантулга болон Бие даагчаар Х.Бат-Ялалт нар нэрээ дэвшүүлсэн. Х.Бат-Ялалтын хувьд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн. Иргэдийн дуу хоолой болж нийгэмд дуугардаг хүн.

УИХ гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага. Энд айлын эрх жаал, ард түмний од, ашиг хонжоо хайгч, попчид суугаад байдаг ч юм биш. Улс орны ирээдүй, хөгжлийн бодлогыг тодорхойлохын тулд өндөр боловсролтой, улс төрийн арвин туршлагатай, тулхтай, лидер хүн байх ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хариуцлагын гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээг цуцална

Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм. Харин “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, Хариуцлагын гэрээ дэх заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авах юм.

Энэ сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна.

Үйлчилгээний байгууллагууд суудлын хүчин чадлыг хэтрүүлэх, агааржуулалт хангалтгүй, халдваргүйтгэл хийгээгүй, гар халдваргүйжүүлэх бодис болон халуун хэмжигч байхгүй зэрэг зөрчлүүд илэрч байна.

Энэхүү шалгалтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд суудлын хүчин чадлыг хэтрүүлэх, агааржуулалт хангалтгүй, халдваргүйтгэл хийгээгүй, гар халдваргүйжүүлэх бодис болон халуун хэмжигч байхгүй зэрэг зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Element’s” баар тусгай зөвшөөрөлгүй атлаа согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн, /халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй/ цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчилтэй байсан учир тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

БШУЯ-аас “Есдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ковидын нийт өвчлөлийн 19.5 хувийг 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Хичээл эхлэхээс өмнө энэ үзүүлэлт 19.8 хувьтай байсан. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн нь халдварын тархалтад нөлөө үзүүлээгүй, өвчилж байгаа хүүхдүүдийн 77.4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ гэсэн дүгнэлт хийсэн”-ээ мэдээлсэн. Иймд иргэн та хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ууганбаатар: “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн гомдол, мэдээлэл нэмэгдсэн

ХЭҮКын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатартай ярилцлаа.


Манай улсын хүн амын дунд коронавирусийн халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд анх бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш цар тахалтай холбоотойгоор хүний эрхийн талаарх гомдол мэдээлэл ХЭҮКт хэр их ирсэн бэ. Энэ талаарх тоон мэдээллийг танилцуулбал?

-Хүний эрхийн үндэсний комисст өнөөдрийн байдлаар “Ковид-19” цар тахалтай холбоотой 340 гомдол, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүний 122 нь 2020 онд, 218 нь 2021 онд ирсэн. Комисс өнгөрсөн жилүүдэд дунджаар 700 орчим гомдол, мэдээлэл хүлээж авч шийдвэрлэдэг байсан.

Харин энэ жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гомдол, мэдээллийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар 800 гаруй гомдол мэдээлэл хүлээж авсан. Үүний дөрөвний нэг орчим хувийг нь цар тахалтай холбоотой гомдол мэдээлэл эзэлж байна.

Иргэдийн дунд халдвар авсан нэгнийгээ ялгаварлан гадуурхаж, эрхийг нь зөрчсөн үйлдэл цөөнгүй гарсан шүү дээ. Энэ талаар тодруулбал?

-Цар тахлын эхний үед Монгол Улс хилээ хаасантай холбоотойгоор иргэдийн чөлөөтэй зорчих эрхийн талаар гомдол мэдээлэл түлхүү ирдэг байсан. Улмаар дотоодод халдвар анх илэрсэн үетэй зэрэгцэн ковидоор өвчилсөн иргэд ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа тухай гомдлууд ирэх болсон.

Тухайлбал, нэр бүхий аймаг, сумдын удирдлагын зүгээс халдвар авсан иргэний мэдээллийг нийтэд ил байршуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөх, нас барсан иргэдтэй салах ёс хийлгэхгүй оршуулах, вакцинд хамрагдсан эсэхээс хамаарч төрийн болон хувийн хэвшлээс үйлчилгээ авч чадахгүй ялгаварлан гадуурхагдаж байна гэх зэрэг гомдлууд ирсэн л дээ. Комисс эдгээр гомдлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж ажилласан. Түүнчлэн эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс, төрийн тусгай албан хаагчдын нэмэгдэл цалин хөлс, даатгалд хамруулах ажил хангалтгүй, шинжилгээний цэгийн хүртээмжийн асуудал, өвчлөөд эдгэрсэн иргэдэд өгөх зөвлөгөө мэдээлэл хангалтгүй байна гэж Комисс үзэж байгаа.

Цар тахлын жилүүдэд дэлхийн улс орнууд хүний эрх, эрх чөлөөний асуудалд хэрхэн анхаарч байгаа бол. Мэдээж НҮБаас тодорхой зөвлөмжийг олон улсад хүргэсэн байх?

-Нэгдсэн Үндэсний байгууллагаас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр оролцогч улсуудад зөвлөмж, удирдамж ирүүлж байна. Одоогийн байдлаар Хүний эрхийн дээд Комиссарын газраас 20 орчим зөвлөмж гаргаж гишүүн орнуудад ирүүлсэн. Түүнчлэн НҮБ-ын салбар байгууллагуудаас ч олон тооны зөвлөмжийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр гаргаж байна. Комиссын зүгээс эдгээр зөвлөмж, улирдамжийг нийтэд түгээх, сурталчлах ажлыг явуулж байгаа.

Монгол Улс дотооддоо ковидын үеийн хүний эрхийн асуудалд хэрхэн анхаарч, энэ чиглэлд ямар бодлого төлөвлөгөөтэй явж байгаа вэ?

-Цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн харилцааг коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар зохицуулж байна. Энэхүү хуулийн хэрэгжилтэд Комисс хяналт тавихаар хуульчилсан. Гэвч бодит байдал дээр хяналт тавих нөхцөл боломжоор бүрэн хангагдахгүй байна.

Ковидын хуулиар далимдуулж хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, зөрчиж байгаа тохиолдол гарч байна уу?

-2021 он гарсаар цар тахалтай холбоотой комиссын гишүүний долоон шаардлага гарсан. Энэ шаардлага болгоны цаана хүний эрхийн зөрчил үүссэн гэж ойлгож болно. Коронавирусийн халдварын улмаас гэрийн ажиглалтад байгаа иргэдийн нэр төрд халдаж, сэтгэл зүйн дарамтад оруулж, эрүүл мэндийн нууцыг нь задруулахгүй байх талаар 21 аймгийн болоод нийслэлийн Засаг даргад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор 14 аймгаас зөвлөмжийн хариу ирүүлсэн байгаа. Харин хариу илгээхгүй байгаа аймгуудын удирдлагуудад зохих арга хэмжээ авах талаар албан бичиг ЗГХЭГ-т хүргүүлэхээр төлөвлөж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын үед тогтмол яригдаж байгаа нэг зүйл нь, БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэдийн асуудал байгаа. Эдгээр хүмүүс үндсэндээ хоёр жил гэр бүл рүүгээ буцаж чадахгүйн улмаас санхүүгийн дарамт болон сэтгэл санаагаар хохирч байгаа юм. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн болоод холбогдох ажилтнууд Гадаад харилцааны сайдтай уулзаж асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.

Энэ хичээлийн жилээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар орох болсон. Гэхдээ вирусийн халдвартай холбоотойгоор хүүхдүүдийн эрх чөлөө хязгаарлагдсан асуудал үүсч байгаа гэсэн үү?

-Дархан-Уул аймагт хүүхдүүдийг ковидын вакцинд хамрагдсан эсэхээр нь ялгаварлан гадуурхаж сургалтын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарласан талаарх мэдээлэл ХЭҮК-т ирсний дагуу холбогдох ажиллагааг явуулж Комиссын гишүүний шаардлагыг тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Ерөнхийдөө сурагчдын дунд коронавирусээр өвчилсөн нэгнийгээ ялгаварлан гадуурхах үзэгдэл үүсэх эрсдэл бий. Тиймээс энэ чиглэлд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ, сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн үү?

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлсэнтэй холбоотойгоор Комиссоос Боловсрол, шинжлэх ухааны сайдад 12 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид цар тахлын нөхцөл байдлын үед сурагчдын сурч боловсрох эрхийг хэрхэн хангах, сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм чанд мөрдөх, сурагчдыг халдварын эрсдэлд оруулахгүй байх, вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх, сурагчид бие биенээ цар тахлаар өвчилсөн эсэхээр ялгаварлан гадуурхах явдал гаргуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тусгасан байгаа.

П.САЙНЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин туулай өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 16, Бархасбадь гариг. Билгийн тооллын 10, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6:31 цагт мандан, 19:03 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 19-21 градус дулаан байна.