Categories
амьдралын-өнгө мэдээ

Улсын хилээс 7.6 км газарт Өмнөд Монгол дүрвэгчийг илрүүлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлжээ.

Үүний дагуу хилийн эрэл зохион байгуулахад улсын хилээс 7.6 км газарт хил зөрчигч нуугдаж байсныг хилчид илрүүлэн саатуулсан байна. Хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөд Монгол хүн байжээ. Тэрбээр хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийг биедээ авч явсан аж. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны үнэ өсөж, хөрөнгийн захын идэвхижил нэмэгджээ

Орон сууцны үнэ өсөж, хөрөнгийн захын идэвхижил нэмэгдэж байгааг Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдсан байна.

Хэдий тийм боловч орон сууцны үнийн сэргэлт ажиглагдаж байгаа ч үнийн хөөсрөлт үүсээгүйг тайланд онцолжээ. Орон сууцны үнэ нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал: эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалжээ.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадаас эх орондоо буцаж ирэх хөдөлгөөн нэмэгдсэн бөгөөд энэ нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлсэн гол хүчин зүйл болсон байна.

“Тэнхлэг зууч”-ийн тооцооллоор орон сууцны үнийн индекс энэ оны II улиралд 1.9 хувь болж, өмнөх улирлаас бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.

Харин Үндэсний статистикийн хорооны тооцооллоор тус индекс харьцангуй алгуур өсөлт үзүүлж, өмнөх улирлаас 0.4 хувиар нэмэгджээ. Мөн түрээсийн үнийн индекс тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна.

Түүнчлэн орон сууц худалдан авах эрэлт өндөр хэвээр байгааг Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурджээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

3000 жилийн түүхтэй Буган хөшөөн дээр сараачжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15 дугаар буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, 3,000 жилийн тэртээд холбогдох буган хөшөөний эх төрхөд халдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Хөшөөний том жижиг 7 буга, байлдааны зээтүү, унжуургатай цагирган ээмэг дүрсэлсэн нүүрэн талд цэнхэр тосон будгаар:

“Буган, хөшөө

Улаан толгойн үзүүрт

Ургасан юм шиг суулгасан хөшөө

Улс олон минь сонирхож сонжиж хардаа

Урт богино хөшөө чулуу нууд” гэж бичжээ.

Уг буган хөшөө нь он цагийн хувьд 3000 жилийн тэртээд холбогдох бөгөөд дөрвөн талдаа том жижиг 12 буга, 7 адуу, цагирган ээмэг, толь, хутга, байлдааны зээтүү, бамбай зэрэг дүрслэлүүдтэй Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөний төрөлд багтана.

Categories
мэдээ улс-төр

​2022 оны Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа


Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгаа аж. Үүний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсч, 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн шинэчлэлийг 2022 онд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээс гадна эдийн засгийг тэлэх том төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын хариу арга хэмжээний ажилд сайн дураараа идэвхтэй оролцохыг уриалж байна

Нийслэлийн Онцгой комиссоос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж болон эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээлэх үеэр хүний нөөцтэй холбоотой асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлээс хүний нөөцийг нэмэгдүүлэх талаар газруудтай хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 239 резидент эмч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилагдсан. Үүний 62.8 хувь буюу 150 хүн нь ажлын байран дээр гарсан.

Глобал сангийн санхүүжилтээр өдрийн 50 ам.долларын урамшуулалтай сайн дурынхныг ажиллуулж байгаа. 207 хүн ирэх ёстойгоос 111 хүн ажиллаж байна. Бид мэдээг өдөр өдөрт нь авч байгаа. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд сайн дурын 187 ажиллтан ажиллах ёстойгоос өнөөдөр 57.2% нь ажиллаж байна.

Манай эрүүл мэндийн салбарт ердийн үед ч стандарт хангасан хүний нөөцийн хомсдол байдаг. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, ажилтнууд та бүхнийг ковидын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд сайн дураараа идэвхтэй оролцохыг уриалж байна. Бас гуйж байна.

Мөн судалгаагаар нийслэлийн хэмжээнд эмнэлгийн бус мэргэжлийн хүн ажиллах боломжтой 910 ажлын байр бий. гэсэн. Ажиллуулахдаа богино хэмжээний сургалт явуулж, цар тахлын эсрэг арга хэмжээнд татан оролцуулах бололцоотой юм. Энэ хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас 992 хүнийг эмнэлгийн бус мэргэжлийн хүн ажиллах боломжтой ажлын байранд ажиллуулах шийдвэр гарч байгаа нь бидний ажилд дэм болж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, СХД-ийн 26 хорооны сонгогчид саналаа өгнө

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 10 буюу ирэх ням гаригт болно. Уг сонгуульд Хэнтий аймгийн 18 сум буюу тус аймгийн нийт сонгогчид оролцох юм. Харин УИХ-ын 2020 оны сонгуулийг зохион байгуулахдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг гурван тойрог хуваасан учраас энэ удаагийн нөхөн сонгуульд зөвхөн долоо, найм, ес, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож саналаа өгнө.

Нөхөн сонгуульд оролцох боломжгүй буюу дээрх хороодоос өөр хороонд амьдардаг иргэд саналаа өгч болно гэсэн ойлголтыг иргэдэд өгч төөрөгдүүлэх тохиолдол гарчээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгогчдыг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг тарааж, иргэд сонгогчдын хуулиар хамгаалагдсан эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн хууль бус үйлдэл гарч байгаа талаар Сонгуулийн ерөнхий хороонд хандан иргэдээс гомдол гаргасан. Олон нийтэд худал мэдээлэл тарааж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан иргэдийн үндсэн эрхийг зөрчиж байгаа нь хууль бус үйлдэл тул энэ талаарх гомдол, мэдээллийг баримт нотолгооны хамт цагдаагийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​”Хаан” банк 3х3 сагсан бөмбөгийн талбайг 9 аймагт хүлээлгэн өглөө

“Хаан” банк үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 30 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж буй бөгөөд энэ сарын эхээр эхний талбайгаа Төв аймагт ашиглалтад оруулсан билээ.

Хүүхэд залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжин, ирээдүйн сайн сайхны төлөө байгуулж буй эдгээр талбайн удаахыг Дархан-Уул аймгийн 10-р багт, “Оюуны ирээдүй” цогцолборын дэргэд нээн, аймгийн удирдлагад өчигдөр хүлээлгэн өглөө. Мөн Багахангай, Багануур дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр, Дорноговь зэрэг нийт 9 газарт бүтээн байгуулалтын ажил өндөрлөж, талбайг аймгуудын ЗДТГ-т хүлээлгэн өгөөд буй.

Энэхүү сагсан бөмбөгийн талбайнууд олон улсын стандартад нийцсэн резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийгдсэн бөгөөд тэнд тоглох хүүхэд, залуусын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажилласан билээ. Мөн аймгуудын ЗДТГ, биеийн тамир спортын хороо, ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг талбайг хүлээн авсан холбогдох газрууд цаашдын ашиглалт, арчилгаанд хяналт тавин ажиллах аж.

“Хаан” банкнаас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хүүхэд залууст олгон, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын мөрөөдөл, тэмүүлэлд хүч нэмэх орон зай болно гэдэгт итгэж байна.


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Дотоодын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 50 хувиар өсчээ

2021 оны эхний найман сарын байдлаар дотоодын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 209.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 50.5 хувиар өсчээ. Мөн 35.3 сая литр шингэн сүү боловсруулсан нь өмнөх оны мөн үеэс 20.0 хувиар өссөн дүн юм.

Түүнчлэн тайлант хугацаанд 16 мянган тонн мах бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар өсжээ. Мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт 216.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 59.4 хувиар өссөн байна.



Categories
мэдээ нийгэм

Ставрополийн хязгаараас Монгол Улсад анх удаа сайн үүлдрийн адуу экспортолжээ

ОХУ-ын Ставрополийн хязгаараас Монгол Улсад анх удаа 21 толгой цэвэр үүлдрийн адуу экспортолжээ.

Цэвэр үүлдрийн адууг Минераловодск дүүргийн “Терский үүлдрийн адуу үржүүлгийн 169 дүгээр ферм” нийлүүллээ гэж Ставрополийн хязгаарын Хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна.

Монгол Улсад нийлүүлснээс гадна, тус бүс нутгийн сайн үүлдрийн адуу үржүүлэгчид есөн сарын хугацаанд 150 элит адуу, түүний дотор Арабын шилмэл үүлдрийн 19 толгой адуу экспортод гаргаж борлуулсан бөгөөд Арабын шилмэл үүлдрийн адуу Австри, Бельги, Чех, Румын зэрэг улсуудад, Ахал-Теке үүлдрийн адуу Польшид эрэлттэй байжээ.

Одоогийн байдлаар Ставрополийн хязгаарт 1093 толгой сайн үүлдрийн адуу байгаа бөгөөд үржлийн гол нөөц нь Минераловодск, Александровский, Новоселицки, Шпаковский, Предгорный дүүргүүдэд төвлөрч байна.

Эдгээр дүүрэгт голдуу Араб, Ахал-Теке, Англи адуу, Карачай үүлдрийн адуу үржүүлдэг ажээ. “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх” бүс нутгийн хөтөлбөрөөс адуу өсгөх фермүүдийг дэмждэг байна.

Categories
гадаад мэдээ

Галт уулын халуун хайлмаг Атлантын далайд хүрэв

Пальма арлын Кумбре-Вьеха галт уул дэлбэрч халуун лавын урсгал Атландын далайн давстай устай нийлэн хорт хий ялгаруулж эхэлжээ. Галт уулын лав далайд нийлтлээ таван өдөр урссан юм. Кумбре-Вьеха галт уул есдүгээр сарын 19-нд дэлбэрч эхэлсэн бөгөөд арлын орчим 21 мянга орчим азар хөдлөлт бүртгэгдээд байна. Галт уулын идэвхжилтээр 450 орчим барилга байгууламж сүйрч 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Канарын бүлэг арлуудад орших Кумбре-Вьеха галт уул дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Хэрэв галт уул бүрэн хэмжээгээр сэргэвэл 900 м өндөртэй, 800 км/цагийн хурдтай асар том цунами үүсгэж магадгүй аж. Энэ тохиолдолд Баруун Африкийг 100 м, Америкийг 50 м, Их Британийг 12 м өндөр давлагаа арчих юм.