Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шатахуун авахаар урсгал сөрж, цуваа үүсгэвэл 50 мянган төгрөгөөр торгоно

Шатахууны хомстол үүссэнтэй холбогдуулан шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна. Улмаар жолоочид авто замын нэгдүгээр эгнээнд цуваагаар зогсох, урсгал сөрж бусдын хөдөлгөөнд саад болох зэрэг замын хөдөлгөөний зөрчил гаргаж буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайлбал нэгдүгээр эгнээнд 1-2 километрийн урт дараалал үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор жолоочид урсгал сөрж зорчих, 2-3 дугаар эгнээнээс давхар эргэж, цувааны урдуур дайрах зэргээр байрлан явах журам зөрчсөн тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Эдгээр зөрчилд цагдаагийн байгууллагаас хяналт тавьж урсгал сөрсөн, эгнээ хаасан жолоочид тайлбарлаж ойлгуулан холдуулж байгаа. Шаардлагатай тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож байна гэж ТЦА-наас мэдээллээ.

Хэдий төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч жолоочид Замын хөдөлгөөний дүрмээ баримтлах ёстойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.30:
3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Айлын хот руу баавгай дайрч мал барьжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс 20 гаруй километрийн зайд намаржиж байсан айлын хот руу баавгай дайрч мал барьсан байна. Тодруулбал өчигдөр орой 22 цагийн үед хоттой мал руу баавгай дайрч ямаа барьж идсэн байна.

Цагаан-уул сумаас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч баавгайг дуу чимээ гарган үргээж Хужиртын эх өөд туусан байна. Одоогоор айлын хот руу дахин орохоос сэргийлэн баавгайг ажиглаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д. Даваадорж мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд өчигдөр 12 дахь өдрөө үргэлжлэв. Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний “Мияагино” дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар 10 даваа, хоёр унаатай болсон ч Аки башёг ганцаар тэргүүлж буй хэвээрээ байна.

Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр озеки Шодайтай барилдаж давлаа. Улмаар зургаан даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгэширагийн 8-аас барилдаж байгаа Окиноүми юм.

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах Монгол бөхчүүд зодоглоно.

  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 6-6
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 3-7 /2 өдөр гэмтсэн/
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-5
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-9
Categories
мэдээ нийгэм

Орон сууцны зогсоолоос автомашин хулгайлсан хэрэг гарчээ

Энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах байрны гадна талын авто зогсоолоос автомашин алдагдсан байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу .

Иймд жолооч нарыг өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд хяналтын камертай газарт байрлуулах, тээврийн хэрэгслээ худалдан борлуулахдаа өөрийн хараа хяналт дор шалгуулах нь дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Ирэх сарын 1-нээс БНХАУ хилээ хаана

Ирэх сарын 1-нээс БНХАУ-д үндэсний баяр наадам болох гэж буй учир тодорхойгүй хугацаагаар хил хаах болсон тухайгаа мэдээлжээ.

Одоогоор хэд хоног хил хаалттай байх нь тодорхой болоогүй аж. Хил хаалттай байх хугацаанд дотоодын хил хяналттын байгууллагууд бэлтгэл ажлаа хангах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгт олон жил ажилласан тогооч нарыг шагналаа

Цэцэрлэг, сургуулийн сурагчдад шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчилж, салбартаа олон жил ажилласан тогооч нарыг шагналаа.

Монгол Улсад Худалдаа, нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбартаа олон жил ажилласан цэцэрлэг, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт үр бүтээлтэй ажиллан, хүүхдэд эрүүл шим тэжээллэг хоол, хүнсээр үйлчилж буй тогооч нарт Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг” -ээр шагналаа.

Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

  • БЗД-ийн Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын тогооч Чулууны Энхжаргал
  • СБД-ийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн тогооч Шуурайн Билэгмаа
  • СБД-ийн 116 дугаар сургуулийн ахлах тогооч Доржсамбуугийн Болормаа
  • ЧД-ийн 19 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Юрагийн Хишигсүрэн
  • ХУД-ийн 49 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Аюурзанын Ганцэцэг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичгээр:
  • СХД-ийн 74 дүгээр сургуулийн дотуур байрын ахлах тогооч Цэдэнгийн Пүрэвсүрэн
  • ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэгийн тогооч Мягмарын Энхтүвшин
  • БГД-ийн 242 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Цэдэнсодном Ариунаа нарыг тус тус шагнасныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

​Төмс, хүнсний ногооны хураалт 50 орчим хувийн явцтай үргэлжилж байна


Өнөөдрийн байдлаар 33.5 мянган га талбайг ангилан хадаж, 38.8 мянган га-гаас 59.4 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс

  • 36.1 мянган га-гаас 54.9 мянган тонн улаанбуудай,
  • 9.8 мянган га-гаас 88.8 мянган тонн төмс,
  • 4.5 мянган га-гаас 52.9 мянган тонн хүнсний ногоо,
  • 7.2 мянган га-гаас 19.9 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 8 мянган га-гаас 5.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Ингэснээр үр тарианы хураалт 9.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 47.9-48.4 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгааг салбарын яамнаас мэдээллээ.

2021 онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан байна.

Орон нутагт А-80, 92 авто бензиний хомсдол үүсээд байгаа бөгөөд улаанбуудайн борлуулалт эхэлж, гурилын үйлдвэрүүд 6.0 мянган тонн буудай татан авчээ. Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1,725 цэрэг, 1,783 оюутан, 6,677 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10,185 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн хоёр хоногт нүүрс тээврийн 660 машин хил нэвтэрчээ

Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна.

2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ.

Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд хоёр сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан.

Дэлхий нийтэд нурмаг ачааг задгай тээвэрлэх нь эрс багасаж байна. Учир нь нүүрсийг задгай тээвэрлэснээс үүдэн байгаль орчин бохирдох, хоргодол үүсэх, чанар алдагдах зэрэг асуудал гардаг.

Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулагдсанаар боомтын үйл ажиллагаанд оролцох хүн хоорондын шууд харилцаа багасч, нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх давуу талтай юм гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Epoch: Хүн бол миний мэдэх хамгийн хэрцгий араатан

“Chizz420” студийн залуу артист “Epoch” нэрээр олонд танигдсан реппер Э.Гомбосүрэнтэй ярилцлаа.

Тэрээр “Араатан”, “Асуултын тэмдэг”, “Маргаашнаас” зэрэг дуунуудаа гаргаад буй.


-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Сүүлд “Trapie Donna” гэх шинэ артисттай хамтарч “Nahh” гэдэг дуу хийсэн. Түүнийгээ soundcloud-ээр цацсан.

-Одоо “Chizz420” студид харьяалагддаг уу?

-Тийм ээ. Санаа нийлсэн найзуудтайгаа энэхүү студээ байгуулсан болохоор өөр студийн санал огт хүлээж авдаггүй. Одоогоор есөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Хэзээнээс эхэлж дуулах болов?

-Анх 2016 онд дууны үг бичиж байсан. Тэгээд 2017 онд хоолой бичлэгт ороод 2018 онд “Араатан” гэх дуугаа цацаж байлаа. Харин “Араатан” дуугаа цацсанаас болж хариуцлага хүлээсэн. Тэгээд л хэсэг завсарласны дараа найзуудтайгаа ярилцаж, мөнгө хураагаад 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд студийн засварын ажлаа эхэлж байсан даа.

-“Араатан” дуу нэлээд олон хүнд хүрч, шуугиан тарьсан. Дуугаа бичихдээ нийгмийн хар бараан гэх ч юмуу. Тэр өнцгийг харж бичдэг үү?

-2018 онд цацсан “Араатан”, 2020 онд цацсан “Араатан Chapter II” нь өөр хоёр дуу юм. Ер нь ийм дуу хийх ёстой, ийм байх ёстой гэж өөрийгөө хайрцагладаггүй. Өөрийнхөө хүслээр дуугаа бүтээдэг. Ихэвчлэн өөрийн мэдэрсэн зүйлээ л дуу болгодог. Гэхдээ “Араатан” миний мэдэрсэн зүйл биш шүү/ инээв/.

-Одоогоор хичнээн дуу хийсэн бэ?

Дуугаа тоолдоггүй ээ. Гэхдээ 20 нэлээд дөхсөн байх аа.

-Ер нь дуугаа soundcloud-ээр цацдаг уу?

-Youtube, soundcloud хослуулаад дуугаа цацна. Сүүлийн үед Youtube ашиглаж байгаа.

-Ер нь хүнд сэдвээр дуу хийдэг юм шиг ээ?

-Олонд хүрсэн дуунууд нь хүнд сэдэвтэй санагддаг байх. Ер нь нялуунаас шулуун нь дээр гээд хайрын дуун дээрээ ч ширүүн ширүүн үг хэрэглэчихдэг/инээв/.

-Өөрийгөө араатантай зүйрлэсэн байсан. Яагаад араатан гэж…?

-Цав цагаан цаасан дээр сараачна бид бол араатан… Ер нь бүгд л санаатай санаагүй. Зүгээр гудманд зөрөхдөө ч араатан шинжийг удамшуулж байдаг. Хүн бол миний мэдэх хамгийн хэрцгий араатан…

-“Orice” найздаа зориулж дуу хийсэн байсан. Ер нь дотно хүн дэргэдээс нь бүр мөсөн холдоход одоо ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг болов уу...?

-Мэдээж хэрэг хүнийг санана гэдэг хамгийн хүнд сэтгэцийн өвчин гэж боддог. Одоо ч дуугаа хийхдээ ч дурсдаг.

-Дууны үгээ хэр бодож бичдэг вэ. Удах уу?

-Заримдаа 10 минут болдог. Мөн 2, 3 сар ч болох үе бий. Юуг хэр гүнзгий мэдэрсэнээс л хамаараад байх шиг байдаг.

-Залуу хүний хувьд өнөөгийн энэ нийгмийг яаж харж байна?

-Надаар хэлүүлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. Нэг үеэ бодвол дан ганц хөгжим ч гэлтгүй аль аль талдаа хөгжөөд дэлхийд гарах боломж нээлттэй болсон. Залуу үеэ ойлгох, дэмжих л чухал даа.

-СУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Цаашид мэргэжлээрээ ажиллах уу. Дуугаа хийгээд явах уу

– “Chizz420” студидээ л залуу насаа зориулна гэж боддог.

-Одоо ямар дуу гаргахаар төлөвлөсөн. Сонсогчид нь дуу гаргахыг нь хүлээж л байгаа болов уу?

-Миний дууг хүлээдэг хүмүүстээ баярлалаа. Удахгүй дуунуудаа ар араас нь цацна аа.

-Таныг мэс хүргүүлсэн гэж дуулсан юм байна. Одоо гайгүй юу?

-Үл ойлголцол, маргаанаас болж мэс хүргүүлж байсан. Ер нь hip hop амьдрал хэцүү дээ/инээв/.

-Аав ээжийнхээ ачийг хариулна гээд ярьдаг. Таны хувьд ачийг нь хариулж чадаж байгаа юу?

-Ач хариулна гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Үнэнийг хэлэхэд одоохондоо чадахгүй байгаа. Ер нь амьдад нь сайн яваагаа харуулахад л болох байх гэж боддог.

-Найз охинтой юу?

-Байхгүй ээ.

-Цаашид ямар уран бүтээлчидтэй хамтрахаар болсон бэ?

-O.G Mob-ийн Esteem, Pacrap, Gemlest зэрэг хамтралууд яригдаж эхэлсэн. Удахгүй шинэ дуугаар уулзана гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ улс-төр

​Нэр дэвшигчид сурталчилгааны хугацаанд зохион байгуулсан уулзалтын маршрутыг нотолсон бүртгэл хөтөлнө


УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах явцад коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, сонгуулийн сурталчилгааны болон сонгогчийн санал авах ажиллагааны үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд дээрх түр журмыг мөрдлөг болгохыг зөвлөж, Хэнтий аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороодод хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг, чиглэл өглөө.

  • Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах,
  • Урьдчилан сэргийлэхтэй холбогдох зардлыг хариуцах,
  • Сурталчилгааны үед сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах,
  • Танхимд зохион байгуулсан тохиолдолд байр, танхимыг хоёр цаг тутамд ариутган цэвэрлэж, 30 минут тутамд танхимын агаар сэлгэх,
  • Хүн хоорондын зай /1,5 м-ээс багагүй/ барих,
  • Оролцогч бүрийн биеийн халууныг хэмжиж, амны хаалттай байлгах, нэг удаагийн бээлий өмсөх,
  • 18 нас хүрээгүй хүнийг сурталчилгааны ажилд оролцуулахгүй байх зэрэг түр журмын зохицуулалт мөрдөгдөх юм.

Түүнчлэн нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулан шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Хүний суурь эрх болох сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих нь өнөөгийн нөхцөлд нэн чухал байна.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай, Хэнтий аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Ц.Идэрбат нарт хүргүүлжээ. Түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас гадна бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо хангаж, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэв.