Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 8-нд Улаанбаатар-Эрхүү, 12-нд Улаанбаатар-Москва чиглэлд нислэг үйлдэнэ

“МИАТ” компанийн аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгт, “Аэро Монголиа” компанийн аравдугаар сарын 8 болон 22-ны өдрийн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгт тус тус тийзийн захиалга авахын зэрэгцээ хилийн Алтанбулаг автозамын боомтоор ОХУ руу зорчих боломжтой гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ОХУ-ын Засгийн газар тус улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг КОВИД-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргасантай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:

  • Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн сургалтын виз олгох зөвшөөрлийг холбогдох яамнаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлснээр, сургалтын виз олгох боломжтой болно.
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс виз олгох зөвшөөрөл нь ирсэн оюутнуудын нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн гаргаж байна. Иймд визний зөвшөөрөл ирсэн эсэхийг 9:00-12:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд биечлэн очиж шалгах боломжтой. Түүнчлэн цахим шуудан болон утсаар лавлах боломжтой (утасны дугаар: 326037, цахим хаяг: cons_ru@mongol.net). Харин виз олгох зөвшөөрөл ирээгүй тохиолдолд өөрсдийн суралцаж буй их, дээд сургуулийн захиргаанаас тодруулна уу.
  • Виз авсан оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдэж хилээр нэвтрэх эрхтэй болно. Энэхүү жагсаалтад бүртгүүлэхийн тулд ОХУ-д зорчихоос 10 хоногийн өмнө зорчих хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэрэг мэдээллийг сургуульдаа мэдэгдсэн байна. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.
  • Насанд хүрээгүй оюутан зөвхөн нэг асран хамгаалагчийн хамт явж болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө. (Жич: Асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарна)
  • ОХУ-ыг зорих оюутнууд нийт 2 удаа КОВИД-19-ийн ПГУ шинжилгээг өгнө. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн дотор өгч, “сөрөг” гэсэн хариуг хэвлэж биедээ авч явна. Хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ.

(Жич: ОХУ-ын нисэх онгоцны буудлуудад коронавируст халдварыг илрүүлэх төрөл бүрийн түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа боловч зөвхөн ПЦР-ийн шинжилгээ өгөх ёстойг анхаарна уу)

Оюутнууд харьяалагдах сургуультайгаа холбоотой байж, ОХУ руу зорчих, сургуулийн дотуур байранд орох, танхимын сургалтад хамрагдах зэрэгтэй холбогдуулан сургуулийн захиргаанаас тавигдаж буй шаардлагыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгож байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эсрэг вакцины сэргээх тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл

  1. Дархлаа сэргээх нэмэлт /бүүстэр/ тунг хэн хийлгэх ёстой вэ?

Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунд 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна. Иргэн та коронавирусийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой.

  1. Коронавирусээр өвчилсөн бол гурав дахь тунг хийлгэх шаардлагатай юу?

Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад коронавирусийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Харин хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу.

  1. Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд хаана хандах вэ?

Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд та харьяа аймаг, дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдээр хийлгэнэ. Та Улаанбаатар хотод амьдарч байгаа бол гэрийнхээ ойролцоо вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол УОК-ын Шуурхай штаб хаягнаас, “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас авна уу. Хэрвээ орон нутагт амьдарч байгаа бол аймаг, орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандан вакциндаа хамрагдах боломжтой. Мөн 119 дугаар руу залгаж хаяг, байршлын мэдээллийг авч болно.

  1. Ямар вакцин хийлгэх вэ. Вакцин хольж хийлгэх боломжтой юу?

Нэмэлт тунг та хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети (Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж болно. Мөн вакцины цэгүүдэд байрлах эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой.

  1. Гурав дахь тунг хийлгэснээр үнэхээр үр дүнтэй юү?

Тодорхой хугацааны дараа дархлал сэргээх нэмэлт тун хийснээр та дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна. Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн бөгөөд энэ нь вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5000 ээж хүүхдийн мөнгө авдаг

Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5,000 ээж хүүхдийн мөнгө авч байгаа талаар онцоллоо. 18 нас хүрээгүй хүүхэд төрүүлсэн нийт эхчүүдийн найм орчим хувь нь хүсээгүй жирэмслэлтээс хүүхэдтэй болсон гэх судалгаа байдаг бөгөөд “Гүнж” төвийн хийсэн судалгаагаар насанд хүрээгүй эхчүүдийн 74 хувь нь өрх толгойлсон ээжүүдийн тоог нэмж байдаг аж.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргалыг зодог тайлж, дасгалжуулагч болохыг зөвшөөрчээ

Сүмогийн холбоо өнөөдөр (2021.09.30) болсон Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаараа Ёкозүна Хакухогийн зодог тайлах, Магаки нэрийн залгамжлагч болохыг зөвшөөрсөн байна. Хакухо М.Даваажаргал зодог тайлах хүсэлтэй байгаагаа энэ сарын 27 -нд зарлаж, 29-нд өргөдлөө ирүүлжээ. Ийнхүү цаашид Хакухо дэвжээн дээр барилдалгүй, залуу хойч үеэ мастерын хувиар дасгалжуулахаар болов.

Хакүхо 2019 оны есдүгээр сард Японы иргэншил авч, сүмогийн холбоонд ояката болж үлдэх болзол хангасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Мэнэнгийн талд анхны бага сургууль байгууллаа

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 40 сая, нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Матад сумын Мэнэн баг 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадалтай, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургуультай боллоо.

Шинэ сургуульд одоогоор Мэнэн багийн малчид, хилчдийн 30 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлээд байна. Мөн шинэ сургуульд 12 ажлын байр бий болж байгаа юм.

Мэнэн багийн хүүхдүүд сургуульд сурахаар сум болон аймгийн төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг. Зарим нь ээжтэйгээ сум, аймгийн төвийг барааддаг байсан нь гэр бүлийг холдуулах, санхүүд хүндрэл үүсэх шалтгаан болж байжээ.

Харин одоо тус багийн болон хилчдийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, суралцах боломж бүрдсэн хязгаар нутгийн иргэд баяртай байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Замын хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс долоо дахин нэмэгдүүлж, ирэх оны төсөвт 210 тэрбумыг тусгажээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2022 оны төсвийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар тогтсон.

Энэ дагуу Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Түүнчлэн 2022 оны төсвийн төсөлд тусгасан шинэчлэлийн бодлогыг Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцуулав.

Тэрбээр “Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлаас үүдэлтэй уналтыг сааруулах, эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэж байна. Мөн бүтээмж, өсөлт гэсэн уриатайгаар дараах найман чиглэлд шинэчлэлийн зорилт тавьж ажиллахаар төлөвлөсөн.

  • Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
  • Үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компанидад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  • Ирээдүйн өв сангаар баталгаажсан “Хуримтлалтай монгол хүүхэд”, “Баялагтай эзэн монгол” иргэдийг бий болгоно.
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай үргэлжлүүлнэ.
  • Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ.
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй үргэлжлүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Үргэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллана. Энэ хүрээнд улсын төсвөөс замын түгжрэлийг шийдэх хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ” гэлээ.

Хүүхдийн мөнгийг 2022 онд үргэлжлүүлэн олгоно

Мөн Сангийн сайд хүүхдийн мөнгөний талаар “Монгол Улс “КОВИД-19-ийн дараах шинэ хэвийн байдал”-д вакцинжуулалтын тусламжтайгаар түргэн орох, эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалах томоохон төслүүдийн нөлөөгөөр 2022 онд таван хувийн эдийн засгийн өсөлттэй байхаар тооцсон. Энэ нь бидэнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэх төсвийн орон зайг өгч байна.

Ингэхдээ 2022 оны төсвийн жилд Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлоготой уялдуулаад халамжаас-хадгаламж руу, урт хугацаандаа халамжаас-хөрөнгө оруулалт руу гэсэн концепц руу шилжихээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бэлнээр авах, хуримтлал үүсгэх хувилбар санал болгоно.

Монгол Улс 2021 онд гурван их наяд төгрөгийг халамж хэлбэрээр олгож байна. Үүний 1.4 их наяд төгрөг нь буюу 50 хувь нь сар бүр олгож байгаа хүүхдийн мөнгө, 1 их наяд төгрөг нь хөл хорионы үед иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг.

Тэгэхээр цаашдаа хүүхдийн мөнгийг 50 хувийг авах 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг эхчүүдэд санал болгоно. Учир нь хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа маш олон айл өрх бий. Тиймээс шууд олголтыг зогсоож болохгүй, аажмаар хадгаламж хэлбэр рүү шилжих, цаашлаад хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох бодлого баримтална.

Хүүхдийн хадгаламжийг ирээдүйн өв сангаар баталгаажуулна. 2022 оны сүүлийн хагас, 2023 оноос хүүхдийн мөнгийг эцэг эх нь шууд хэрэглэх хэмжээг нь багасгаад хадгалах хувийг нь нэмэгдүүлэх, хадгалж байгаа тохиолдолд төрөөс илүү урамшуулал олгох, урт хугацаанд хадгалж байгаа бол инфляц болон бусад эрсдэлээс хамгаалах зэрэг зохицуулалтыг хийж өгнө.

Ингэснээр хүүхдүүд маань эрсдэлгүй, даатгагдсан, бодит хадгаламжтай болох юм. Дээрх зохицуулалтыг хийсний үр дүнд зургаан настайгаасаа хүүхдийн мөнгөө хуримтлуулаад 18 нас хүрэхэд 18-20 сая төгрөгтэй болох боломжтой юм” гэлээ.

Төсвийн хөрөнгө оруулалтад 2.4 их наяд төгрөг хуваарилжээ

Мөн түүний танилцуулснаар 2022 онд төсвийн хөрөнгө оруулалтад 2.4 их наяд төгрөг хуваарилсан байна. Тухайлбал, өмнөх онуудад эхэлсэн шилжих төсөлд 1.1 их наяд, шинээр эхлэх 1,400 гаруй төсөлд 1.06 их наяд, концессын төсөлд 360 тэрбум төгрөгийг хуваарилжээ.

Нийт хөрөнгө оруулалтын 1.7 их наяд нь дөрвөн сайдын багцын хүрээнд дэд бүцтийн хөрөнгө оруулалтыг дэмжих юм байна. Жишээлбэл, Зам тээврийн хөгжлийн сайдын багцад 29 тэрбум төгрөгийг замын санхүүжилт тавьдаг байсан бол ирэх онд 210 тэрбум төгрөг тавьсан. Замын хөрөнгө оруулалт долоо дахин нэмэгдсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв.

Үүний зэрэгцээ “Эрчим хүчний сайдын багц дөрөв, Барилга хот байгуулалт, Боловсрол шинжлэх ухааны сайдын багц 4-5 дахин нэмэгдэж, дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Дөрвөн сайдын багцын хүрээнд дэд бүтцийн ажилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан. Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийснээр ирэх дөрвөн жилд ДНБ тогтвортой өсөх суурь тавигдана” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ш.Энхийн-Одод “Dayton” их сургуулиас урилга иржээ

Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын “Dayton” их сургуулиас урилга хүлээн авчээ.

Тэрээр энэ талаар Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд түүний эцэг, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц баталгаажууллаа.

Өдгөө 19 настай 207 см өндөр “Mike” буюу Ш.Энхийн-Од нь Олон улсын спортын академи буюу “ISA”-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор болоод байсан юм.

Dayton их сургуулийн “Dayton Flyers” баг нь NCAA (National Collegiate Athletic Association)-ын сагсан бөмбөгийн нэгдүгээр лигт тоглодог.

Categories
мэдээ нийгэм

​2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийг импортоор авчээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр “Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл болон Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.

Манай улсад 2021 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 4,233 эм бүртгэлтэй байна. Эм хангамжийн 20 хувийг дотоодын үйлдвэр, 80 хувийг импортоор авч бүрдүүлж байгаа юм.

2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийн импорт хийсний 52.5 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, 47.5 хувь нь бусад эмийн импорт байжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2021 онд эмийн үнийн талаарх судалгааг 7,500 гаруй иргэнээс авахад

  • 38.4 хувь нь худалдан авч буй эм өндөр үнэтэй,
  • 46.8 хувь нь эмийн үнээс шалтгаалж жорт бичсэн эмээ худалдан авч чаддаггүй гэж хариулсан бол
  • 78.6 хувь нь эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай гэсэн хариулт өгчээ.

Эмийн үнийн бодлого нь хэрэглэгчдэд болон эрүүл мэндийн тогтолцоонд чанарын баталгаатай эмийн бүтээгдэхүүнийг хямд, тэгш хүртээмжтэй байлгахад, мөн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх ёстой.

Бразил, Египет, Саудын Араб, Тайланд, Турк зэрэг оронд зах зээлд өрсөлдөгчгүй бүтээгдэхүүнд олон улсын жишиг үнийг тогтоодог бол олон эх үүсвэртэй эмэнд дотоодын жишиг үнийг хэрэглэдэг. Мөн дэлхийн олон оронд эмийн хангамж, түгээлтийн системийн үнийн ил тод байдлыг хангаж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход анхаардаг байна.

1990 оноос хойш олон улсад үнийг өрсөлдөөнийг нэмэгдүүлж, чанарын баталгаатай ерөнхий нэршлийн болон био төст эмийн хэрэглээг дэмжих бодлого баримталж байна. Ингэснээр эмийн үнэд шууд нөлөөлөхгүйгээр урт хугацаандаа эрүүл мэндийн тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангаж эхэлж байгааг мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, мэргэжлийн байгууллага, холбоодын саналыг тусгах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд дараагийн хэлэлцүүлгийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр хийнэ гэдгээ Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хэллээ.

Хуулийн төслийг http://forum.parliament.mn/projects/594 холбоосоор үзэж болох бөгөөд төсөлд тусгах саналаа цахимаар болон бичгээр Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлэх боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Эминем “Mom’s spaghetti” ресторанaa байгуулж, нээлтийн өдөр өөрөө үйлчилжээ

Алдарт рэппер Эминем рестораны бизнесээ эхлүүлжээ. Тэрээр төрөлх Детроит хотноо “Mom’s spaghetti” /Ээжийн шпагетти/ нэртэй түргэн хоолны газартай болсон ба нээлтийн өдрөө өөрөө үйлчилсэн байна.

Эминем

Рестораны гадна 700 гаруй хүний уртаас урт дараалал үүсжээ. Хүмүүс өглөө эрт очиж дараалалд зогссон бөгөөд Эминемийн гараас хоолоо авсны дараа гарын үсгийг нь зуруулж, тэврэлдэн зургаа авхуулсан байна. Тэрээр ресторанаа 2002 онд гарсан “8 бээр” киноны “Lose Yourself” дууны үгээр нэрлэжээ.

Зургийн эх сурвалж: Joe Maroon Photography




Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хэлэлцэнэ

БНАСАУ энэ долоо хоногийн эхээр пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ.

Пёньян мягмар гаригийн өглөө нутаг дэвсгэрээсээ зүүн зүгт пуужин харвасан юм. Хөдөлмөрийн намын харьяа “Rodong Sinmun” сонинд лхагва гаригт мэдээлснээр, БНАСАУ шинээр бүтээсэн дуунаас хурдан “Хвасон-8” пуужингийн анхны туршилтыг хийжээ.

АНУ, Их Британи, Францын эрх баригчдын хүсэлтийн дагуу хийх хуралдааныг хаалттай хэлбэрээр явуулах төлөвтэй байна. Аюулгүй Зөвлөл Пёньяныг есдүгээр сарын 15-нд пуужин туршсаны дараа мөн яаралтай хуралдаан зохион байгуулсан боловч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй юм.

БНАСАУ шинэ төрлийн пуужингуудаа удаа дараа туршиж буй явдалд Аюулгүйн Зөвлөл ямар хариу үзүүлэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.