Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганзориг: Хэдхэн койны арилжаан дээр харилцагчдаа луйвардахгүй

Сүүлийн үед койн тойрсон яриа хөөрөө өрнөж байгаа. Бид өмнө нь судлаачтай ярилцсан бол энэ удаа DAX (Digital assets exchange) виртуал хөрөнгийн биржийн захирал Ч.Ганзоригийн яриаг хүргэж байна.


-Өөрийг тань Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг захирлын дүү гэж мэднэ. Ямар хүмүүс виртуал хөрөнгийн биржийг тэргүүлж байгаа нь хүмүүст сонин болов уу. Та өөрийгөө танилцуулаач?

-Би банк, санхүүгийн хүн л дээ. 2010 оноос хойш банк, санхүүгийн зах зээлд өнөөг хүртэл ажиллаж яваа. 2007-2010 оны хооронд Унгар улсын Будапешт хотын Корвинус Эдийн засгийн их сургуулийг төгссөн. Түүнээс өмнө Хас банкинд теллер, харилцагчийн мэргэжилтнээр ажиллаж байлаа.

Сургуулиа төгсөөд уламжлалт санхүүгийн байгууллагад ажилласан. 2015 оноос хойш биткойн, блокчейн технологийг сонирхон судалсан юм.

Биткойн 500 ам.доллар болоход нь хөрөнгө оруулж эхэлсэн. Ханш нь маш савлагаатай, огцом өсдөг байлаа. Технологийг нь ойлгоод, ном, сонин уншаад нэлээд явсан. Тэр үед монголчууд энэ талаар мэддэггүй, сонирхдог хүн бараг байгаагүй. Нэлээд олон биткойн цуглуулж, арилжаа хийж, алдаж онож байв. Гэхдээ оносон нь арай их байх. 2013 онд Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагыг ахтайгаа хамт байгуулсан юм. Тэндээс Ард санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулах санаа гарсан. Ард кредит банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар 2013-2019 оныг хүртэл ажилласан. Энэ үед олон ажил хийсэн.

Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргасан, дижитал банкны систем нэвтрүүлж байв. Дараа нь өөрийнхөө аялал, жуулчлалын компанид ажиллаж байхад маань ах надад хүсэлт тавьсан юм. “DAX гээд бирж нээх гэж байна. Хурдан ир” гэсэн. Хувийнхаа бизнесийг эрхэлж, амар суумаар байсан ч зүгээр хараад байж чадаагүй. Хоёрдугаар сараас хойш DAX-ын захирлаар ажиллаж байна. Манай бирж байгуулагдаад наймхан сар болж байна. Ийм л түүхтэй.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдалд хүмүүс тайлбар авах сонирхолтой байгаа болов уу. Их койн DAX-аар бас арилжаалагдсан. Гэтэл энэ койныг арилжсан зарим бирж дээр аудит оруулах талаар яригдаад эхэллээ. Гомдолтой хүмүүс ч их байх шиг?

-Таван залуу хамтраад, гурав, дөрвөн сарын турш ажиллаж, энэ сарын 25-нд Их койныг маш амжилттай гаргалаа. Энэ залуусыг би таньдаг. Нэг нь миний багын найз. Энэ нөхөд сайн ажилласан байна. Ард койн хөрсийг нь маш сайн бэлтгэж өгчээ.

Тэд олон нийтэд өөрсдийнхөө хийж байгаа ажлыг сайн таниулж чадсан. Үүний үндсэн дээр маш их эрэлт үүслээ. Койныг анх гарахад нь л авбал мөнгө хийдэг юм байна гэсэн ойлголт бий болсон байна. Манай Ард койн дээр яг ийм юм болсон. Олон хүн мөнгө төгрөгтэй болж, өрөө дарсан, байрныхаа зээлийг хаасан, машин тэрэгтэй болсон түүх бий. Койн болгон ингэж өсөх юм байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг. Миний тооцоогоор 200 000 хүн энэ дөрвөн бирж дээр койн авахаар орж ирсэн. Эдгээрээс арав хүрэхгүй мянга нь койн авч чадсан. Бусад нь авч чадаагүй. Систем секунд, дойлоор тооцдог. Дийлэнхи нь гомдолтой үлдчихсэн. Яагаад гэвэл энэ койн хязгаарлагдмал. Хэдийгээр нэг хүний авах хэмжээг 15 сая төгрөгөөр хязгаарласан боловч ийм л юм боллоо. Энэ их эрэлт системд маш их ачаалал үзүүлсэн. Манай бирж дээр гацалт үүсч, 40 минутаар хоцорч арилжаагаа нээгээд, аравхан секундэд 7,5 тэрбум төгрөгийн захиалга дууссан. Энэ тухайгаа мэдээлж, үлдсэн хүмүүсээсээ уучлалт гуйсан.

Coinhub биржийн хувьд өөрсдийн авах ёстой 7,5 тэрбум төгрөгийн захиалгыг хоёр дахин давуулж биелүүлсэн. Үүнээс болж нэлээд их бухимдал үүсч байх шиг байна. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаа шиг тэднээс шалтгаалаагүй системийн алдаа гарсан байж магадгүй. Койн авчихлаа гэж бодож байсан 2000-аад хүний мөнгийг буцааж өгч байгаа юм билээ.

-Гэхдээ зарим ажиглагч ийм олон хүн койн худалдаж авсан гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Өөрсдөө койноо дарчихаад зохиомол эрэлт үүсгэх гэж байна гэж хардсан хүмүүс ч бий. Үнэхээр ийм их эрэлт байгаа гэдгийг нь бодитоор тогтоох, хянах боломжтой юу?

-Их койныг гаргасан багийнхан, биржүүд уулзсан. Бид бүх биржид хөндлөнгийн аудит оруулж тайлагная гэсэн юм. Гаднаас нөлөөлөх боломжгүй, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн аудитын нэгээр нь аудит хийлгэхээр болсон. Дараагийн долоо хоногоос аудит хийгдээд, үр дүн нь гарна гэж найдаж байна. Ер нь хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Бид энэ зах зээлийг хөгжүүлэх гээд зөндөө ажил хийлээ. Багагүй хугацаа зарцууллаа. Энэ салбарт ирээдүй бий гэж итгэж, бүгд олон улсад гарахаар зорьж яваа. Хэдхэн койны арилжаан дээр харилцагчдаа луйвардахгүй. Бидний хувьд ийм ёс зүйгүй үйлдэл хийхгүй. Бусад маань ч хийхгүй гэж найдаж байна. Койн гаргаж байгаа залуусын хувьд 100 тэрбумын койн гаргасан юм. Нэгийг нь 30 мөнгөөр үнэлж, 30 тэрбум төгрөг л босгож байгаа. Гэтэл биржүүдэд 25-наас өмнө миний тооцоогоор бараг 150-160 тэрбум төгрөг цугласан. Тэр мөнгө чихэлдэж орж байна шүү дээ. Зохиомол эрэлт гэх ч хаашаа юм. Үнэнийг хэлэхэд, энэ койн есдүгээр сарын 13-нд арилжаанд ороод унаж магадгүй шүү дээ. Унавал хүмүүс мөнгөө алдана. Өснө гэж шууд сохроор итгэж болохгүй. Эрсдэл байгаа гэж бид сануулдаг. Энэ чинь зохицуулалтгүй зах зээл шүү дээ.

-Койнд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс эхнийх нь болох Ард койн ямар замналаар явсан бэ гээд судлах байлгүй. Ард койн нэг хэсэг 470 төгрөг хүрч байснаа 270 руу унасан. Одоо 180 төгрөгийн ханштай байна гэж ойлгосон, зөв үү?

-Зөв зөв. Яг одоо 192 байна уу даа. 2020 оны өмнөхөн 2 төгрөг л байсан юм. Тэгээд бид DAX виртуал хөрөнгийн биржээ байгуулсан. Тэр үед биткойн, криптовалютын зах зээл маш өссөн. 2021 он криптовалютын жил болох нь тодорхой болсон л доо. Дээр нь манай шинэ бүтээгдэхүүнүүд гарсан. Манай койн суга өссөн. Тавдугаар сард 470 хүрсэн шүү дээ. Найм, есөн сарын дотор аймаар савласан. Зохицуулалтгүй, шинэ зах зээл шүү дээ. Хүмүүс амархан мөнгө олох боломж гэж хараад байх шиг байна. Энэ савлагааны оргил үед орсон хүмүүс байгаа. 400, 300 төгрөгийн ханштай байхад орсон хүмүүсийн хувьд алдаж байгаа. 10 байхад нь орсон хүмүүс 180 төгрөг болоход 19 дахин ашиг хийсэн байна шүү дээ. Ер нь Ард койноор ороод гарсан хүмүүсийн дийлэнх нь ашиг хийсэн. Сүүлд өндөр байхад орсон цөөн хүн жаахан алдагдалтай явж байгаа. Гэхдээ буцаад өснө. Бид олон ажил төлөвлөсөн. Ард койныг бодит хэрэглээнд нэвтрүүлж, олон улсад гаргахаар ажиллаж байна.

-Ч.Ганхуяг захирал “Бид Ард койноо эргүүлж худалдаж авна” гэж зарлаад байдаг. Сард нэг тэрбумаар буцааж худалдан авах юм байна. Зах зээл нь өөрөө эрэлт үүсдэггүй юм уу. Өөрсдөө зохиомол эрэлт үүсгэх шаардлагатай юм болов уу?

-Бид 2019 онд энэ койныг нэвтрүүлэхдээ л ийм концепцитой байсан. Манай компаниуд өөрсдөө эргэж худалдаж аваад, харилцагч нартаа бага багаар тараана гэж төслийн танилцуулгад бий. Урамшууллын онооны журмаар ажиллана гэсэн үзэл баримтлал боловсруулж нэвтрүүлсэн. Үүнийхээ дагуу эргэж худалдаж авч байгаа юм. Ер нь энэ үзэл баримтлал цаашдаа өөрчлөгдөнө. Олон улсад илүү үнэ цэнтэй болгож гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Койн ирээдүйтэй юм байна гээд Ард койн худалдаж авъя гэтэл урамшууллын оноо болгож өгдөг гэхээр бас эргэлзээ төрж байгаа юм л даа. Үнэгүй тараагддаг юмыг худалдаж авах хэрэгтэй юү гэдэг асуулт гарч ирнэ?

-Бид анхнаасаа энэ койныг гаргахдаа мөнгө босгоогүй. Харилцагчдадаа зүгээр л тарааж эхэлсэн. Маш их хэмжээгээр тараасан. Анхны үзэл баримтлал нь тийм байсан. Одоо энэ койныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Жишээ нь, манай Ardshop.mn-ээр ороод, нэг койныг 200 төгрөгөөр тооцуулаад, дуртай бараагаа худалдаж ав гэж байгаа юм. Ингэж бодит хэрэглээнд нэвтрүүлж байна. Энэ зөвхөн эхлэл. Та тэтгэврийн сандаа Ард койноо хийвэл бас 200 төгрөгөөр тооцогдоод орчихно. Ийм байдлаар та тэтгэврийн хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой. Энэ бодит ханшийн эдийн засаг мөн биз дээ. Бид өөрсдөө эрсдэлээ даагаад, койноо худалдаж авч байгаа. Эргээд тараахдаа маш олон хүн байгаа учраас бага багаар тарааж байгаа. Одоо бол үнэгүй койн ихийг цуглуулах боломжгүй болсон. Худалдаж авахаас өөр гарцгүй.

-Зохицуулалтгүй гэж та хэлээд байна. Энэ нь саад хориг байхгүй гэдэг утгаараа шинэ бизнест сайн нөлөөтэй байж болох ч нөгөө талаар эрсдэлтэй гэсэн дохиог хэрэглэгчид өгч байдаг. Монголд дөрвөн виртуал хөрөнгийн бирж ажиллаж байна. Тэднийг байгуулагдахад ямар нэг шаардлага, болзол тавьсан болов уу?

-Яг одоогийн байдлаар тийм юм байхгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Намрын чуулганаар УИХ-ын чуулганд орж батлагдах товтой яваа. Энэ хууль гарсан ч хянах, зохицуулах гэхээсээ хэн ямар арилжаа хийж байгааг бүртгэлжүүлье, ФАТФ-ын зөвлөмжийн дагуу авах ёстой арга хэмжээнүүдээ авья гэдэг байдлаар яваа. Бидний хувьд Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэд Монголын финтек, блокчэйны зөвлөл байгуулсан. Энэ чиглэлийн компаниуд бүгд багтсан. Хэдийгээр зохицуулалт байхгүй ч энэ зөвлөлөөрөө хяналт тавьдаг болъё. Өөрсдийгөө зохицуулж эхэлье гэж ярьж байгаа.

-Хууль гэснээс манайхан хар, саарал жагсаалтад орчихгүй шиг байя гээд ФАТФ-ын амыг хаах үүднээс хууль батлах гээд байна уу. Эсвэл Монголд ашиг авчрах ирээдүйтэй шинэ зах зээл бий болгох талыг нь бодолцсон уу. Хөрөнгө оруулагчийн нүдээр харахад ямар дүгнэлт хийх вэ?

-Хамгийн нэгдүгээр шаардлага ФАТФ-ын зөвлөмжийг бид биелүүлэх ёстой. Хоёрдугаар шаардлага нэгэнт бид хууль гаргаж байгаа юм бол Монгол Улсад ямар ашиг байна вэ гэдгийг заавал харах ёстой. Түүнийг ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд сайн олж харж байгаа гэж найдаж байна. Заавал газар шороогоо ухахгүйгээр хөрөнгө оруулалт татах бодит боломж Монголд бий. Аль аль нь тусгагдаж байгаа гэж бодож байна.

-“Bittrex биржийн шаардлагыг хангасан койныг арилжаалдаг “гэж Compleх биржийн захирал М.Хатанбүүвэй ярьсан. Энэ шаардлагыг Ард койн хангасан гэсэн л дээ. Койны ханш унавал ямар арга хэмжээ авах гэх мэт асуудлыг урьдчилж төлөвлөдөг юм байна гэж ойлгосон ?

-Bittrex бол АНУ-д байгуулагдсан анхны биржүүдийн нэг. Дэлхийд эхний аравт ордог. Америк болон Европын холбооны улсуудын хууль, эрх зүйн орчинд ажилладаг, маш өндөр шалгууртай бирж л дээ. Ард койн энэ биржийн бүх шаардлагыг хангаж, Монголоос хамгийн анх олон улсын том биржид гарсан койн. Койн гаргасан багийг, компанийг харна. Ард санхүүгийн нэгдэл Ард койны арыг дааж байгаа учраас ямар нэг эргэлзээ байхгүй. Хөрөнгийн зах зээлд арилжаалагддаг хувьцаат компаниудтай. Ард санхүүгийн нэгдэл 300 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани. Энэ бол Ард койны хувьд маш том давуу тал, баталгаа.

-Ч.Ганхуяг захирал “Ард койн аваад дар” гээд байгаа. Үүнийг нь олон хүн шүүмжилдэг. Бизнес эрхлэгчийн хувьд бусдын мөнгийг эргэлдүүлээд ашигтай биз, иргэдийн хувьд мөнгөө нэг газар оруулаад мартана гэж юу байсан юм бэ гэдэг?

-Ав дар гэж зүгээр нэг уриалаагүй. Хүмүүс богино хугацаанд ашиг хийх гээд орж ирдэг. 100-тай байхад нь орж ирээд, өсөөд эхлэхээр нь баярлаад, 50 болохоор нь айж сандраад зарчихдаг. 50 хувийн алдагдал хийж байгаа биз дээ, тэр хүн. Зарсан хойно нь буцаад өсдөг, 100 гараад явчихдаг. Ийм савлагаатай байхгүй юу. Савлагаан дээр битгий айж сандарч зараарай л гэсэн юм. Бид ажиллаж байгаа. Цаашдаа үнэд хүрнэ. Өдөр болгон орж хараад, хямрах хэрэггүй гэсэн үг. Тэрний оронд зүгээр аваад мартчих. Бид арыг нь даана л гэсэн утгатай.

-Coinhub биржийн захирал О.Баттулга алтаар баталгаажсан койн арилжаална гэсэн байна лээ. Ер нь алт, зэсээр баталгаажсан койн гаргах боломж хэр байгаа вэ. Судлаачид бол койн алтаар баталгааждаггүй, үнэ цэн байхгүй, хэрэглээнд ордоггүй гэж сануулдаг шүү дээ?

-Олон улсын зах зээл дээр баталгаа болгож алт хадгаламжинд тавиад, тэрэнтэй дүйцүүлж койны үнэ цэнийг “уядаг”. Нэг унци алт нэг койны үнэтэй гэх мэтээр гаргах нь байдаг. Төгрөг, долларын ханш унадаг. Алт хязгаарлагдмал нөөцтэй учраас хөрөнгө оруулагч нар алтанд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Ингэснээрээ үнэ цэнийг хадгалах боломж нээж байгаа юм. Coinhub-ын хувьд үүнийг нэвтрүүлнэ гэж зарласан байна лээ. Энэ нь гадны бирж дээр арилжаалагдаж байгаа койныг өөрийнхөө бирж дээр бүртгэж байна гэсэн үг л дээ. Манай биржийн хувьд дотоодын томоохон аж ахуйн нэгжтэй алтны койн гаргахаар ярилцаж байгаа. Удахгүй гаргана гэж найдаж байна. Монголын алтыг экспорт хийж гадагшаа гаргах шаардлагагүй. Койн болгоод зарна гэдэг сайхан санаа.

-Дэлхийд эхний 20-д багтдаг Японы крипто биржид хакерууд халдаж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн. Манай жижиг биржийг одоохондоо хакерууд тоохгүй байх гэж зарим нь хэлдэг. Манай биржүүдийн хамгаалалт хэр байдаг вэ?

-Бирж бүр өөрсдийн дэд бүтэц, систем онцлогтой. Манай биржийн хувьд аюулгүй байдалдаа хөрөнгө оруулах ёстой гэж үзэж бага багаар ахиулаад явж байгаа. Том биржүүд ч хакердуулж мөнгөө алдах тохиолдол байдаг. Гадны томоохон байгууллагад эрсдлээс хамгаалсан даатгал хийлгэхээр төлөвлөсөн. Аюулгүй байдлын аудит оруулах гэж байгаа. Монголын биржийг жижиг гээд орхино гэсэн ойлголт байх ёсгүй.

-Хятад анхдагч зах зээлд койн гаргахыг хориглосон нь сайн, муу талтай юм болов уу. Ийм том улс хориг тавьж байгаа нь бодит эрсдэл бий гэсэн үг. Нэгэнт энэ том зах зээл хаалттай байгаа нь Монголын жижиг биржүүдийн харилцагч нэмэгдэхэд нөлөөлж магадгүй?

-2017 оноос эхлээд Хятад манайх шиг бирж, платформуудыг, биткойн олборлогчдыг хориглож, хааж эхэлсэн. Одоо хүртэл хаалттай хэвээр байгаа. Хааснаас хойш юу болсон гэхээр Хятадын компаниуд нь мөнгөө, харилцагчдаа аваад криптовалютын таатай хууль эрх зүйн орчинтой улсууд руу гараад явсан. Гэсэн ч бүгдийг хааж чадахгүй л байгаа. Хятадад хүмүүс биткойн арилжаалж л байгаа. Бие биедээ шилжүүлж л байгаа. Үүнийг зохицуулах боломжгүй шүү дээ. Хятад шиг том зах зээл хаахаар манайх жиг жижиг зах зээлд хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдээд л байгаа юм. Хууль эрх зүйн орчинтой болчихвол гадны хөрөнгө оруулагчид маш их сонирхоно гэж бодож байна.

-Нэг судалгааны мэдээ харсан. Манай биржүүдийн харилцагчдын 1 орчим хувь нь гадаадын 10 гаруй улсаас бүртгүүлж арилжаанд оролцдог гэсэн байсан?

-Магадлалтай шүү. Гадаадад оршин суудаг монгол иргэд ч зөндөө бий.

-Зарим хүн байраа зараад, койнд хөрөнгө оруулаад “шатсан” гэсэн мэдээлэл явдаг нь хэр ортой вэ?

-Би сайн санаж байна. 2017 онд манай дээр тийм хүмүүс их ирдэг байсан. “Эгч нь байраа барьцаанд тавиад 50 сая төгрөг авчихлаа. Энийг аваад эгчдээ хэдэн биткойн зарчих” гэсэн тохиолдол бий. Бид тийм хүмүүст биткойн зардаггүй байсан. Зээл авч, эд хөрөнгөө зарж, хөрөнгө оруулалт хийх нь буруу. Тухайн үед тэр эгч хөрөнгө оруулалт хийсэн бол энэ зах зээл хоёр, гурван жил унасан шүү дээ. Энэ хоорондох эрсдэлийг дааж чадахгүй байсан л даа. Тийм учраас энэ салбар руу орохдоо дор хаяж гурваас таван жил март. Савлагааг дааж гарч байж урт хугацааны дараа ашиг хүртэнэ гэдгийг бодолцох нь зөв.

-Урт хугацааны дараа ашиг хүртэх нь үнэхээр боломжтой юу. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн саяхан мэдэгдэл гаргасан. “Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэй шүү” гэж сануулсан. Зарим нь понзи систем ч гэдэг.

-Эрсдэл үргэлж бий. Үүнийг бид сануулдаг. Монголбанк ч УИХ-ын гишүүд ч сануулж байгаа. Бид харилцагчдадаа санхүүгийн боловсрол түгээх гэж хичээдэг. Шинэ зах зээл учраас өдөр ирэх тусам томорч байна. Илүү олон хүн орж байна. АНУ-ын том компаниуд, гигантууд энэ зах зээлд хөрөнгө оруулалт хийж, төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрч эхэллээ л дээ. Элон Маск, Теслаг энд нэрлэж болж байна. Энэ зах зээл цаашдаа улам томрох нь тодорхой болж байна. Энэ зах зээл өснө гэсэн итгэл үнэмшил надад 100 хувь байдаг. Гэхдээ бүх койн өснө гэсэн үг биш шүү. Сайн нь шалгарч үлдэж, муу нь дампуурч хасагдаж явна. Понзи өөр л дөө. Энэ зах зээл арав гаруй жил болж байна. Сүүлд орсон ч ашиг хүртээд явж байгаа олон хүн бий.

Categories
мэдээ спорт

Сагсчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

Египет улсын Кайр хотноо болсон FIBA 3×3 U23 Nations League Asia/Africa конференцид Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 насны эрэгтэй, эмэгтэй баг дасгалжуулагч С.Төгсжаргал, О.Буянтогтох нарын удирдлага дор амжилттай өрсөлдлөө.

Нийт зургаан “Stop” цуврал тэмцээн явагдсанаас Монголын сагсан бөмбөгчид зургаан өдөр дараалан өрсөлдөж эмэгтэй баг гурван алт, гурван мөнгө, эрэгтэй баг нэг алт, таван хүрэл медаль авлаа.

.

Categories
гадаад мэдээ

Хятадын Засгийн газар 6 болон 7 настай хүүхдүүдээс шалгалт авахыг хоригложээ

Хятад улсын Засгийн газар зургаа, долоон настнуудаас бичгээр шалгалт авахыг хориглосон шийдвэр өчигдөр зарлажээ.

Өмнө нь тус улсын дунд сургуулийн сурагчид нэгдүгээр ангиасаа эхлээд төгсөх хүртлээ олон удаагийн шалгалт шүүлэг өгдөг байсан юм.

Хүүхдүүдийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийг хэт олон шалгалтаар дарамталж, зовоохоос сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч байгааг Хятадын боловсролын яам мэдэгджээ. Үүнээс гадна шинэ журмаар нэг хичээлийн жилд авах шалтгалтын тоог хязгаарласан байна.

“Нэг болон хоёрдугаар ангийн сурагчдаас бичгээр шалгалт авах шаардлагагүй боллоо. Бусад ангийн сурагчдын хувьд сургуулиуд улирал бүрийн эцэст шалгалт авч болно. Явцын шалгалтыг зөвхөн ахлах ангийнханд зөвшөөрнө. Сургуулиуд бүс нутгийн хүрээнд нэмэлт шалгалт шүүлэг зохион байгуулахыг хориглож байна. Төсгөх бус ахлах ангийнхнаас долоо хоног, сар бүр шалгалт авахыг хориглоно. Академик судалгаа зэрэг нэрийн дор сурагчдаас шалгалт шүүлэг авах явдлыг мөн хориглож байна” гэж тус улсын Боловсролын яамны мэдэгдэлд тайлбарлажээ.

Хятадын засгийн газар сүүлийн үед сурагчид, эцэг эхчүүдэд ирдэг боловсролын байгууллагын дарамтыг сулруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа.

Энэ оны долдугаар сард Бээжингийн эрх баригчид онлайн сургалтын компаниудад зохицуулалт хийж, гол хичээлүүдээр ашиг орлого олохыг нь хориглосон юм. Мөн 120 тэрбум долларынн эргэлттэй салбар болох хувийн сургууль, сургалтын байгууллагуудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах арга хэмжээг авч байв.

Хүүхэд өсгөх, хүмүүжүүлэхэд гардаг санхүүгийн ачааллыг бууруулах замаар эмэгтэйчүүдийн төрөлтийг нэмэгдүүлэх, хүн амаа залуужуулах бодлого хэрэгжиж байгаа нь энэ юм. Хятадын боловсролын систем маш өндөр өрсөлдөөнтэй тул хүүхдээ сайн сургуульд сургаж, сайн боловсрол эзэмшүүлэх нь гэр бүлүүдийн хувьд хүнд дарамт болдог.

Үүнээс гадна боловсролын өрсөлдөөнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгддэг байна. Тухайлбал чинээлэг гэр бүлүүд сургуульд ойрхон байрлалтай орон сууцнуудын үнийг хөөрөгддөг ажээ. Шалгалтын тоог хязгаарласнаас гадна Хятадын боловсролын яам энэ хичээлийн жилээс эхлэн нэгдүгээр ангийнханд гэрийн даалгавар өгөхийг хориглож, ахлах ангийнхний гэрийн даалгаварт зарцуулах хугацааг өдөрт 1.5 цагаар хязгаарлах арга хэмжээг авсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 2740 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2740 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 527 нь Улаанбаатарт,
  • 2213 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр ЗУРГААН хүн нас барлаа. Нийт нас баралт 937 боллоо.

Сүүлийн цагт 2287 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролдцог

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа.

Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Нэг үгээр хэлбэл, шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) ийн тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэсэн байна.

Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байгаа эсэх, орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох, дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу, төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал хэр үр дүнтэй вэ зэрэг 20 орчим асуудлыг судлахыг чиглэл болгосон билээ. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог 50 хувиар нэмэгдүүлбэл автозамын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж үзэж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд автобусны парк шинэчлэлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл LRT нэвтрүүлэх нь чухал гэж үзжээ.

Одоо сургуулийн автобусаар 11 мянган сурагч зорчиж байгааг 20 мянга болговол автозамын түгжрэл 2.5-2.7 хувиар буурах боломжтой юм байна. Нэгдсэн зохион байгуулалтаар явуулж байгаа сургуулийн автобусыг 53, төрийн болон хувийн сургуулийн өөрийнх нь автобусыг 227 болгосноор өдөрт 10000-12000 сурагч буюу машины хөдөлгөөнийг бууруулна гэж тооцжээ. Ажлын нэг өдрийг цахимаар ажилладаг болговол дэмжихээ судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 91 хувь хэлжээ. Хэрэв төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллабал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурах тооцоо гарчээ.

Орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролдцог байна. Ихэвчлэн хувийн ажлаа амжуулах, автомашины татваар төлөх, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн туслам авах, бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор ирдэг. Ялангуяа жил бүрийн нэг, наймдугаар сард орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг байна.

Ерөнхий сайдаас буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, хэзээнээс боломжтой эсэхийг судлах чиглэл болгосон. Уг асуудлыг судлаад 2028 оноос Улаанбаатар хот 100 хувь зүүн жолооны хүрдтэй автомашинд шилжих, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх, мөн ирэх жилээс шинэ автомашин худалдан авах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлжээ.

Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим автозамыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай автозамын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ажлын хэсгийнхний богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

– Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)

– Ерөнхий боловсролын сургуулийг 5/9 шилжүүлэх

– Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,

– Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,

– Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,

– Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

– Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,

– Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,

– E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,

– Автомашингүй гудамж бий болгох,

– Зогсоолгүй бүс бий болгох,

– Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,

– Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,

– Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,

– Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: З.Ганбаатар өнөөдөр цэц сорино

Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд Зандраагийн Ганбаатар өнөөдөр 11:00 цагт өрсөлдөнө.

Тэрээр өчигдөр 15:15 цагт тэмцээний өмнөх бэлтгэлдээ хамрагдсан. Өнөөдөр тив дэлхийн шилдэг 26 тамирчинтай цэц сорино.

Тус төрөлд дэлхийн дээд амжилтыг 581 оноогоор эзэмшигч Шиаолон Луи өрсөлдөх учиртай.

Тамирчид зургаан үеийн турш нийт 60 сум тавих ба хамгийн өндөр оноотой найман тамирчин финалд шалгарна. Финалын тэмцээн 13:30 цагт эхэлнэ.

З.Ганбаатар нь 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд тус төрлөөрөө 15, 2018 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж байв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлллээ. Өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай ажил, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж байна.

Мөн Спортын наадам хойшлуулах тухай, Янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 асуудлыг хэлэлцэх аж.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг 14:00 цагт эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Шүичи Масэ дасгалжуулагч Монголд анхны бэлтгэлээ хийлээ

Монголын Үндэсний Шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн хамтаар ОУХБХ-ны албан ёсны өдрүүдээр (FIFA days) эхний бэлтгэлээ өчигдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын Хөлбөмбөгийн Холбооны бэлтгэлийн төвд хийлээ.
Япон мэргэжилтэн Шүичи Масэ дасгалжуулагчийн Монгол улсад хийж буй түүний анхны бэлтгэл нь байлаа. Түүний хувьд дасгалжуулагчдын багийн хамтаар “Hisense Үндэсний Дээд Лиг”-ийн эхний хагасын тоглолтуудыг үзсэний дараагаар шигшээ багт нийт 36 тамирчин дуудагдсанаас 8 тамирчнаас бусад нь 23 наснаас доош насны тамирчид байгаа нь аравдугаар сард Улаанбаатар хотноо явагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөх тамирчид байгаа билээ.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

зүлэг гэх мэтийн зураг байж болно

12 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн, хөл бөмбөг тоглож буй болон зүлэг гэх мэтийн зураг байж болно

1 хүн, хөл бөмбөг тоглож буй, зогсож байгаа, бөмбөг болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хорхой асаасан койны цаадах хачиргүй үнэн

Дөрвөн монгол залуу 30 тэрбум төгрөгийн койныг тэр дор нь босгож орхив, монголчуудаасаа. Койны ирээдүй, цахим мөнгөний маргаашийг дэлхийн цараанд харвал, жижиг хөрөнгө оруулагчдад боломж олгосон шийдэл гэх мэт өнцгөөс нь тандвал олзуурхмаар шалтгаанууд байна л даа. Гэхдээ яг өнөөдөр хийх алхам мөн үү, монгол залуугийн нэрээр нэрлэгдсэн койныг худалдаж авсан хүмүүс ашиг өгөөж хүртэж чадах уу, ер нь дэлхийд ямар нэгэн орны хэн нэг иргэн улс дотроо койн гаргасан жишээ бий юү гэсэн асуулт тавихаар эргэлзээтэй зүйлс өчнөөн байна.

Наад захын жишээ гэхэд л дэлхийд улс дотроо буюу local түвшинд койн гаргасан кейс алга. Шалтгаан нь их энгийн. Улс орнуудад “Хэрвээ койн гаргавал ингэнэ, тэгнэ” гэсэн хязгаар, хориг бүхий журам, хууль үйлчилдэг учраас тэр. Тухайн улсуудын төв банк, холбогдох байгууллагуудаас нь элдэв босго, шаардлага тавьдаг болохоор тэр улсын тийм компани улс дотроо койн гаргалаа гэсэн мэдээлэл цацагддаггүй гээд ойлгочихож болно. Тийм учраас улс орнууд глобал түвшинд койн гаргадаг гэж эдийн засагчид онцолдог. Шалтгаан нь мөн л энгийн. Олон улсад яг таг нарийн зохицуулалт байхгүй учраас. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага л цахим мөнгөний талаар журам гаргаж байв, 2016 онд. Олон улсад үүнээс өөр ямар ч зохицуулалт байхгүй учраас улс орнууд глобал түвшинд койн гаргадаг юм билээ. Сүүлийн жишээ гэхэд Энэтхэг, Хятад улс 2018, 2019 онд нийтдээ 7000 төрлийн койн гаргаад дууссаныг цахим мөнгөний зах зээлийн мэдээг сонирхож хардаг хэн бүхэн мэдэж байгаа.

Тэдний койн гаргах гэсэн оролдлогуудыг анзаарах нь ээ тэг доллараас эхлээд 10, 100 доллар руу цойлж, буцаж буусаар эргээд тэг рүүгээ уруудсан түүхүүд өчнөөнөөрөө. Тийм учраас л цахим орчинд монгол залуусын босгосон 30 тэрбумын койн тойрсон элдэв шүүмж халуун сэдэв хэвээр байна. Дэлхийд амжилттай яваа цахим мөнгөнүүд өндийж босох гэж багагүй хугацаа зарцуулсныг интернэтээс олоод харчих боломжтой. Түүхийг нь сонирхоод харахаар дэлхийн инфлүнзерүүдийн тусламжтайгаар босч ирсэн гэх нийтлэг өнгө анзаарагддагийг дурдахад илүүдэхгүй байх.

Манайд босоод буй 30 тэрбумын койн тойрсон олон асуултаас “Үнэхээр өсгөж чадах уу, яг яаж өсгөх вэ” гэсэн асуулт олны анхаарлыг татаж байгаа. Койн босгосон залуус “Олон улсын зах зээл дээр тоглоно” гэсэн утгатай ерөнхий хариу өгөөд буй. Мандал санхүүгийн нэгдэл-ийн ерөнхий эдийн засагч Г.Батзориг “Койн бол нэг төрлийн компьютерийн код. Энэ кодны цаана ямар нэгэн бизнес, бодит зүйл байхгүй. Тэр утгаараа бид койныг хөрөнгө оруулалтын түвшинд харахгүй байгаа. Блокчейн дээр суурилсан цахим мөнгөнүүд гарч байна. Гэхдээ үүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөхгүй байна л даа. Нэгдүгээрт бэлэн мөнгө төлбөрийн хэрэгсэл болох чадвартай байдаг. Ийм савлагаа өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй. Өнөөдөр 150 койноор талх худалдаад авлаа гэж бодъё. Маргааш 1500 койноор худалдаж авах уу? Товчхондоо үнийн хэлбэлзэл өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй. 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгоход тийм амар биш. Хугацаа их шаарддаг. Наад зах нь СЗХ, Хөрөнгийн бирж, бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллахад долоо, найман сарын бэлтгэл ажил хийгддэг. 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татлаа гэхэд тухайн мөнгө хаана байрших, юунд зарцуулагдах гээд нэлээд нарийн хяналтын доор бүх процесс явагддаг. Энэ өнцгөөс харвал саяны босгосон 30 тэрбум төгрөг цаашаа юунд зарцуулагдах вэ гэсэн хөрөнгө оруулалтын бодлого нь тодорхой байх ёстой. Гэтэл яг юунд зарцуулагдах нь тодорхой биш. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, койнд мөнгөө хийсэн хүмүүсийн гол зорилго бол богино хугацаанд ашиг хийж, үнэ өсөхөд нь мөнгөө өсгөөд гарах. Тэр утгаараа койн тахалтай адилхан. Тахал яадаг билээ, эхний хүн өвчлөөд дараагийн хүндээ, өнөөх нь дараа дараагийнхаа хүнд гэх маягаар хүрээгээ тэлдэг. Койн яг үүнтэй адилхан. Хүмүүс нэмж худалдаж аваад байхаар үнэ нь өсдөг, үнийн өсөлтийг барьж байх процесс нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дагагчидтай хүмүүс байдаг. Койн гаргаж байгаа хүн нь тэдэнд урамшуулал, хөлс өгч, өнөө алдартай нөлөөтэй хүмүүс нь койных нь үнийг тодорхой хугацаанд өсөлттэй барьдаг. Ингээд харахаар койн бизнес бол биш, иймэрхүү л понзи урамшууллын систем маягийн юм. Монголд цахим мөнгө хэрэглэх хэмжээний боломж бий юү, койны хэрэглээ ямар билээ гэсэн өнцгөөс ч харах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Дэлхийд койнууд моодонд орж, хүн төрөлхтөн койнд мөнгөө хийсээр байгаагийн уг учрыг том зургаар нь харвал мөн л тун энгийн шалтгаан тодордог. Өнгөрсөн зууны дал, наяад оноос хойш корпорациудын хийх ашиг гэрлийн хурдаар өсч, корпорациудад ажиллаж хүчээ шавхсан жирийн иргэдийн цалин тэгтлээ өсч гавилгүй өнөөг хүрсэн нь булзах аргагүй үнэн. Ийм шалтгаанаар элдэв сүлжээ, понзи систем гэх мэт зэрлэг өвс санхүүгийн орчинд ургаж эхэлснийг учир мэдэх улс хэлсээр, бичсээр яваа нь бас бодит үнэн. Ашиг нь жилээс жилд өссөөр байгаа корпорациудад насаараа ажиллачихаад хангалуун амьдрах хэмжээний хөрөнгө хурааж чадахгүй яваа хүмүүст богино хугацаанд их мөнгө хийх санал таатай сонсогдох нь ойлгомжтой. Товчхондоо яг ийм хөрсөн дээр понзи систем цэцэглэж байгаа нь хэтрүүлэггүй үнэн л дээ.

Манай улс цахим мөнгөний чиглэлд элдэв журам, хуулийн зохицуулалтгүй яваа ч 30 тэрбум төгрөгийн койн босгосны дараа холбогдох байгууллагууд дуугүй суугаагүйг онцолъё. СЗХ “Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бидэнд хамаагүй” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн бол Монголбанкны ерөнхийлөгч цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг өгснийг уншигчид анзаарсан байх. Дэлхийн улс орнууд цахим мөнгөнд яаж хандаж байна вэ гээд харахаар Европын орон, АНУ-д лав понзи схем гэж үзээд янз бүрийн хориг арга хэмжээнүүдийг аваад эхэлчихсэн. Белгид бүр хориглоод байгаа. Япон, Хятад зэрэг улс криптовалют, тэр дундаа цахим валютын журам гэж гаргаад буй. Дахиад онцлоход, өнөөхөндөө манай улсад ямар ч зохицуулалт байхгүй. Койноос болж хохирлоо гэхэд хариуцлага хүлээх хэн ч байхгүй, буух эзэн буцах хаяггүй гэсэн үг.

“Блокчейнд суурилсан учраас цахим мөнгө аюулгүй, найдвартай” гэсэн тайлбар бий. Мандал санхүүгийн нэгдэл-ийн ерөнхий эдийн засагч Г.Батзоригийн “Блокчейн дээр суурилсан гэвэл маш цөөхөн койн бий. Одоо гаргаж буй койн бол блокчейн дээр суурилаагүй. Блокчейн гэдэг технологийг энгийнээр тайлбарлавал тодорхой мэдээлэл оруулахаар тэр мэдээллийг хадгалдаг, аль ч талаас орсон тухайн мэдээллийг өөрчлөх боломжгүй, тийм л технологи. Ирээдүйд банк IT-тай холбогдоход мэдээллийн аюулгүй байдал талаасаа блокчейн технологийг ашиглаж болно. Төрийн байгууллагууд мэдээллээ хакердуулж байна гэдэг. Төрийн мэдээллийг энэ технологи дээр хадгалчихвал ямар ч асуудал гарахгүй. Тэр утгаараа блокчейний технологийн хэрэглээ ирээдүйд нэмэгдээд явах нь тодорхой” гэсэн үг энэ тайлбарын бодитой хариу болчихмоор санагдаж байна.

Биткойн бол хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч ирсэн гайхамшиг, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өсөлт үзүүлсэн бүтээгдэхүүн, 11 жилийн хугацаанд нэг тэрбум хувийн өсөлт үзүүлсэн, томоохон улсуудын банк санхүүгийн байгууллагууд криптовалютыг хүлээн зөвшөөрөх, хэрэглэгчдэд нэвтрүүлэх үйл явц нь эрчимтэй явагдаж байгаа, цахим мөнгөний ирээдүй гэрэлтэж байна гэх мэт үгүйсгэх аргагүй олон эерэг өнцөг бий. Гэхдээ хорхой асаасан койныг яг одоогийн хөрсөн дээрээ буулгаад харвал өнөөхөндөө ийм л бодит үнэн харагдаж байна. Нэг үеэ бодвол хуримтлуулсан мөнгөө өсгөх боломж Монголын хөрөнгийн зах зээлд бүрдчихээд байгаа. Энгийн жишээ хэлэхэд л “АПУ”-гийн ч юм уу, “Мандал” –ын хувьцааг 2015, 2016 онд 100 сая төгрөгөөр худалдаад авчихсан хүмүүс өнөөдөр хувьцаа худалдаж авсан мөнгөө 300 сая төгрөг болгочихсон сууж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 31-нд ажиллах Шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлыг танилцуулж байна.

Цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана