Categories
амьдралын-өнгө мэдээ

Нийт нутгийн 42.1 хувьд бэлчээрийн нөөцтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэгт үндэслэн багийн нутгаар тооцоолжээ.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл долдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд, долдугаар сарын 31-нд 70 гаруй хувьд, энэ сарын 10 гэхэд 80 орчим хувьд сайн гэж үнэлэгдсэн байна.

Улмаар энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим нутгаар сайн, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан байдалтай байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
42.1 % – 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
24.6 % – 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
25.0 % – 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
3.6 % – 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
4.7 % – 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нийт нутгийн 70 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан.

Энэ жил зуншлага оройтсон говийн зарим нутгаар болон малын тоо ихтэй аймаг, сумдын нутгаар даац хэтэрч гарсан байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Булган, Дундговийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатарын Баяндэлгэр сумд, 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан сумдад Баян-Өлгийн Цэнгэл, Увсын Сагил, Ховд, Завхан, Төвийн Баяндэлгэр сумд орж байна. Харин нийт нутгийн 25%-д даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна.

Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж ЦУОШГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилт 78.1 хувьтай байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өнөөдөр байгуулагдсан. Тус хорооноос өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүдийг танилцуулсантай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Мөн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх дахин сэргэлтийн цогц төлөвлөгөөг Сангийн яамнаас танилцуулсантай холбогдуулан Ерөнхий сайд зарим үүрэг даалгавар өгсөн.

Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын биелэлтэд тодорхой өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Тодруулбал, цахим шилжилтэд бэлдэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаагаар нь ажлын үр дүнг нь үнэлэх болсон” гэв.


Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 6,349.9 тэрбум төгрөгийн 62.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,823.6 тэрбум төгрөгийг 24,040 зээлдэгчид олгожээ.

Түүнчлэн Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хорооны ажлын явцаас танилцуулав.

Үндэсний хорооноос цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох замаар бизнесийн орчныг сайжруулах зорилго бүхий Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгааг мэдэгдлээ. Энэхүү хуулиар экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах чиглэлд тодорхой зохицуулалт хийхээр тусгажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ABBA хамтлаг ирэх долоо хоногт шинэ дуунуудаа танилцуулна

Нэгэн үе Швед улсын нэрийн хуудас болж явсан “АВВА” хамтлаг эргэн нэгдэж, шинэ бүтээлүүд гаргажээ.

Тодруулбал, ирэх долоо хоногт шинэ дуунуудаа цацахаар болсон байна. Тэд 2016 онд эргэн нэгдэхээ зарласан бөгөөд энэ хугацаанд таван шинэ уран бүтээл гаргасан байна. Шинэ уран бүтээлийн тоглолтоо 2019 онд хийхээр төлөвлөж байсан цар тахлын улмаас хоёр жил хойшилсон байна.

ABBA хамтлаг 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 375 сая хувь цомог борлуулж дээд амжилт тогтоосон юм. Гэвч 1980-аад оны дундуур хамтлаг албан ёсоор таржээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 129 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1465, хулгайтай холбоотой 23, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 129, гэмт хэргийн шинжтэй 84 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 93, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 87, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэх байранд хоносон 113, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 43 тохиолдол гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Сүхбаатар” хөлөг онгоц 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан байдалтай байгаа” гэв

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажиллаж байна.

Мөн “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах, суурь судалгаа хийх дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн инженерийн тооцоо, ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг гаргаад байгаа юм.

Дэд ажлын хэсэг өчигдөр хуралдан, судалгааны ажлын явц болон татан гаргах ажиллагааны бодлого, төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүллээ.

Аврагчид Сүхбаатар хөлөг онгоцны байрлал, онцлогыг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судлан ажиллаж байна.

Судалгаа хийх явцад аврагчид онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоосон. Мөн хөлөг онгоцноос төмрийн дээж, гүний уснаас шорооны дээж, замагны дээж авчээ.

Сүхбаатар хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа юм байна.

Уг живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.

ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг 09 дүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан.

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрхи сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Алтан овооны хүн чулуу

Энэ удаад XIII-XIV зууны үед хамаарах Алтан овооны хүн чулууг толилуулж байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвийн зүүн хойно дөрвөн хүн чулуун хөшөө бий. Эдгээрийг нутгийн ард олон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг тавин идээ, цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Дурдсан хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич, Монголын эрдэмтэн, судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. Харьцуулсан судалгааны дүнд эдгээр хөрөг нь ХIII-ХIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь нэгэнт тогтоогджээ.

Энэхүү дөрвөн хөргийг өөр өөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал дүрсэлж гаргасан хувцас, эд хэрэглэл нь нэгэн цаг үе, нэг соёлын хүрээнд хамаарахыг илтгэнэ. Ноён хэмээх хөргийг цайвар, бусад хөргийг шаргал саарал, улбар өнгөтэй гантиг болон галт уулын гаралтай чулуугаар урлан хийжээ.

Эдгээрийн нэгээс бусдын толгой хугаран алга болсон агаад В.А.Казакевичийг очиж үзэх үед Ноён хөргийн толгой байсан нь түүний нийтлүүлсэн гэрэл зураг, тэмдэглэлд хадгалагдан үлджээ. Эдгээрийн нэн тэргүүн нүдэнд тусах нийтлэг байдал нь бүгдийг түшлэгтэй, исэр сандалд суусан байдлаар хийсэн явдал юм. Ноён хөрөг хэмээн алдаршсан хамгийн том хөргийн ноёны заларч буй исрийг зөрүүлдэг хөлтэй, түшлэгийн арын самбарт бадам цэцгэн хээг товойлгон цоолборлож хоёр гарын түшлэгийг элдэв сийлбэр хээгээр чимэглэжээ.

Дээл нь зөв тийш дарж товчилдог, ташуу энгэр, нарийн ханцуй, урт хормойтой уужим халхгар бөгөөд нугалаасыг тун бодитой нарийн дүрсэлсэн. Тухайлбал, ноён хөргийн дээлийн заамыг хоёр эмжээртэй, хатан хөргийнхийг хоёр нарийн, нэг өргөн нийт гурван эмжээртэй хийсэн нь ХIII-ХIV зууны монгол хаад хатдын хөрөг зурагт эр, эм хүний дээлийн ялгааг тодотгон гаргасан байдагтай яг дүйдэг.

Ноён хөргийн дээлийг дал мөрөн дээгүүр нь толгойд углаж өмсөх, шашны зан үйлийн “додиг” хэмээх өмсгөлийн хэлбэрээр угалз гарган чимэглэсэн. Түүнээс гадна энэ хөргийн дээлийн хормойн өвдөгцөө голоороо усны долгион хээтэй өргөн тууз гаргажээ. Хөргүүдийн хормойн дороос гутлын хамрыг цухуйлган дүрсэлсэн, ихэнх хөргийнх мөлгөр хоншоортой, уллагаатай байх ба харин хатан хөргийн гутал яльгүй ээтгэр хоншоортой байна.

Эр хүний дүрстэй хөргүүдэд бүс, бүснээс зүүж хоёр ташаа дамнуулан унжуулсан хавтага сав, хутга, сэтгүүр мэтийн зүйл товойлгож урласан. Харин эмэгтэй хүний хөргийг бүс үгүйгээр урласнаас гадна биеийн галбир төрх ч эмэгтэй хүн гэж ялгагдахаар дүрсэлжээ. Нутгийнхан “бэр” хөрөг хэмээн нэрлэдэг.

Эдгээр хөргийг чулуу овоолон хийсэн булш мэт дүгрэг байгууламжийн голд байрлуулсан байна. Харин үүрэг зориулалтын хувьд эдгээр нь булш биш мөн адил тахил шүтээний чанартай зүйл болох нь судалгаанаас тодорхой болжээ.

НТ-ын XIII-XIV зууны Монголын дундад үед хамаарна.

гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Комедиан Д.Амартүвшин: Улстөрчдийн булхай нь илэрчих вий гэж айхдаа улсаас олгосон 1.9 тэрбумын санхүүжилтийг богино хугацаанд эргүүлэн төлсөн хэрэг л дээ

“Андлалын өргөө” цогцолборын талаар комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан “Андлалын өргөө” цогцолборыг нураалаа. Та уг цогцолборыг нураахаас өмнө очиж танилцсан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тэр газрыг цогцолбор гэж хэлэхэд үнэхээр хэцүү газар байсан л даа. Бүтээн байгуулалтын ажил нь дутуу хагас хийгдчихсэн байсан болоод ч тэр үү цогцолбор гэхээс илүүтэй балгас шиг байсан гэдгийг шуудхан хэлчихье. Миний хувьд Өрөг.mn сайтад өнгөрөгч оны буюу 2020 оны наймдугаар сарын 11-нд нийтлэгдсэн сурвалжлагыг уншсан. Тухайн үед гүйцэтгэгч компанийн зүгээс дараа жилийн өдийд уг цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусна гэсэн байсан. Тийм учраас тэдний хэлснээр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дууссан эсэхийг нь очиж үзэхээр явсан л даа. Гэтэл жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл нь шат барьж, андлалын хөшөөнийхөө доор авто зогсоол барьсан байна лээ. Ашиглалтад орох нь бүү хэл эхнээсээ барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажил нь эвдрээд, нурчихсан байсан.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх энэ төслийг санаачлахдаа 400 сая жуулчин хүлээж авах боломжтой гэж ярьж байсан л даа. Олон сая жуулчин очиж үзэх хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг шийдэж үү?

-Ер нь бол тийм боломж байхгүй шүү дээ. Дэлхийд жуулчдын тоогоороо тэргүүлэгч Франц улс гэхэд жилдээ ойролцоогоор 70 сая жуулчин хүлээж авдаг. Мөн дэлхийн долоон гайхамшгийн нэг Энэтхэгийн Таж Махалд жилдээ ойролцоогоор 1.7 сая жуулчин очдог гэсэн статистик мэдээ бий. Гэтэл манай Ерөнхий сайд тухайн үед санаандаа орсон тоогоо л хэлчихсэн юм шиг байна лээ. Жилдээ 400 сая жуулчин хүлээж авах ямар ч боломж байхгүй. Хэрэв та нар санаж байгаа бол 2016 онд манай улс нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Гэтэл нэг сая ч хүрэхгүй жуулчин ирэхэд нисэх онгоцны буудал, зочид буудал, зоогийн газрууд ачааллаа дийлэхгүйд хүрсэн шүү дээ.

Үнэндээ “Андлалын өргөө” цогцолборыг 400 сая жуулчин байтугай 40 хүн очиж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй л юм билээ. Улаанбаатар хотоос 08:00 цаг орчимд гараад 7-8 цаг засмал болон шороон замаар явсаар хүрсэн. Үүний үр дүнд тийм л балгас үзсэн. Хэнтий аймгийн Батноров сум руу олон километр засмал зам тавьж байна.

Бодвол жилд ирэх 400 сая жуулнаа аятайхан замаар зорчуулахыг хүссэн байх. Манайд нэг километр замыг дунджаар тэрбум төгрөгөөр тавьдаг. Гэтэл 100 гаруй километр зам тавьж байгаа гэж бодоход л 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна “Андлалын өргөө” цогцолбор руу олон километрийн цаанаас өндөр хүчдэлийн шугам татсан байна лээ. Ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийн шугам татсан байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгэхээр энэ бол хөшөө босгох 1.9 тэрбумаар тогтохгүй хөрөнгө оруулалт шаардсан ажил болсон.

-Андлалын хөшөөг нураачихлаа. Төрөөс олгосон 1.9 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч байгууллага нь эргүүлэн төлчихлөө. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би наад асуудлыг чинь бүр гайхаад байгаа юм. 1.9 тэрбум төгрөг гэдэг бол их хэмжээний мөнгө шүү дээ. Манай улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг томоохон компаниуд ч ийм хэмжээний мөнгийг зүгээр л гаргаад өгчихгүй. Гэтэл “Андлалын өргөө” цогцолборыг барьсан “Хос санаа” гэгч компанийн удирдлагууд өөрсдийнхөө мөнгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн гэсэн үг шүү дээ. Тэд улсаас санхүүжсэн 1.9 тэрбум төгрөгөөрөө хэдий нь барилгаа барьчихсан байсан. Гэтэл 1.9 тэрбум төгрөг нь хог шороо болж байхад ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагад гомдол гаргахгүйгээр шууд л төлчихнө гэдэг бол гайхамшиг. Ийм тохиолдол дэлхийд ч байхгүй байх. Бид 190 мянган төгрөг 1.900.000, тэр бүү хэл 19 сая төгрөгний асуудал яриагүй шүү дээ. Гэтэл ямар ч маргаан мэтгэлцээн байхгүйгээр шууд 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэр тусмаа БОАЖ-ын сайдыг хэвлэлийн бага хурал хийхээс 30 минутын өмнө шилжүүлсэн нь тавилттай жүжиг шиг санагдаад байгаа юм. Ямар ч чадалтай бизнес эрхлэгч, эрүүл ухаантай хүн 1.9 тэрбум төгрөгөөр шатахыг хүсэхгүй. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хос санаа” компани татвар төлөгчдийн мөнгийг эргүүлэн төлж,иргэдийг хохиролгүй болголоо гэж мэдээллээд байгаа. Иргэд ч бид хохиролгүй болчихсон юм чинь гэсэн байдлаар энэ асуудал ингэсгээд намжих гэж байх шиг байна. Миний бодлоор асуудал одоо л эхэлж байна. Яагаад энэ компани ийм хурдан эргэн төлөлт хийв, шууд 1.9 тэрбум төгрөг гаргаад өгчих хэмжээний санхүүгийн чадамжтай компани юм уу, дүрмийн сан нь хэдэн төгрөг юм, жинхэнэ эзэд нь хэн бэ гэдгийг үргэлжлүүлэн шалгаасай гэж бодож байна. Би иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Энэ компанийн цаана нөлөө бүхий улстөрчид байхыг үгүйсгэхгүй.

-Уг цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэсэн Хос санаа компанийг тендер зарлаад сонгон шалгаруулсан байх л даа. Тэгэхээр сонгон шалгаруулалтаа сайн хийгээгүй эрх бүхий албан тушаалтнуудад ч хариуцлага тооцдог систем уг нь ажиллах ёстой байх л даа?

-Тийм шүү дээ. Хэрэв үнэхээр таны хэлж байгаа шиг хариуцлага алдаж төсвийн мөнгийг үнэгүйдүүлж, хариуцлагагүй компани сонгон шалгаруулсан албан тушаалтнуудад шат шатандаа хариуцлага тооцдог систем үйлчилдэг бол хичнээн сайхан бэ. Ер нь ажиглаад байхад улстөрчид бүтээн байгуулалтын ажил хийх гэж их “тэчъяаддаг” юм байна. Улс орны ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад нэг их мөнгө, хөрөнгө зарахгүйгээр менежмэнтийн аргаар хийж болох зүйлд анхаарал хандуулж, ажил хэрэг болгож, хууль эрх зүйн орчноо сайжруулъя гэхээс илүүтэй зам, гүүр тавих, байшин барилга, хөшөө барих ажилд Ерөнхий сайдаасаа авахуулаад УИХ-ын гишүүд, дүүргийн дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд хошуураад байна л даа. Бүтээн байгуулалтын цаана юу байна гэхээр мөнгө л байгаа.

Мөнгө байна гэдэг түүний цаана ашиг сонирхол байна гэсэн үг. Тиймээс улстөрчид өөрсдийн танил тал, найз нөхөд, хамаарал бүхий компаниудаа бүтээн байгуулалтын ажилд томилох замаар төсвийн мөнгөнөөс идэж уудаг асуудал хавтгайрчихсан. Түүний нэг бодит жишээ “Андлалын өргөө” цогцолборын асуудал шүү дээ. Улстөрчдийн булхай нь илэрчих вий гэж айхдаа улсаас олгосон 1.9 тэрбумын санхүүжилтийг богино хугацаанд эргүүлэн төлсөн хэрэг л дээ. Энэ зүгээр нэг хөшөө бариад нураасан асуудал огтоос биш. Тэр цогцолборын эргэн тойронд хийсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хоёр тэрбумаар тогтохгүй. “Хос санаа” гэх компани өмнө нь барилга барьж байсан ямар ч туршлагагүй, түүхгүй компани юм билээ. Тэгвэл яаж тендерт шалгарсан байх вэ. Бодох л асуудал шүү дээ.

-Улс орнуудын аялал жуулчлалын хөгжилд хөшөө дурсгал ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?

-Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудыг харахад хамгийн гол нь үйлчилгээний салбар байдаг. Хэдэн зуун километр газрыг автомашинаар туулаад очиход боловсон нойл, аятайхан хоолны газар, интертайнмент үзүүлбэр байхгүйгээр зүгээр нэг хөшөө үзээд яах юм бэ. Би хэдэн зуун мянганы түүхтэй түүхийн дурсгалт барилгуудын талаар яриагүй шүү. Орчин үед бүх үйлчилгээг цогцлоож чадсан газар л аялал жуулчлал хөгжиж байна. Ингэхдээ төр хэзээ ч түүнийг нь хийдэггүй. Төр нь аялал жуулчлалын цогцолбор, хөшөө барьдаг улс орон дэлхийд ховор. Үргэлж хувиараа бизнес эрхлэгч, ААН-үүд энэ салбараа авч явдаг юм байна. Манай улсын аялал жуулчлалын салбарт хувиараа бизнес эрхлэгчид маш том хувь нэмэр оруулж байгаа.

Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн стандартад нийцэхүйц зочид буудлууд, амралтын баазууд бий болж сүүлдээ бүр аялалууд нь төрөлжөөд эхэллээ. Төр оролцсон оролцоогүй энэ салбар хөгжиж байна. Гэтэл төр нэмэр болохоосоо нэрмээс болж “Андлалын хөшөө” ч гэх шиг хэн ч очиж үзэхгүй хөгийн юм барихаа л больчих. Зах зээлийн ямар ч мэдрэмж алга. Тиймээс аялал жуучлалын салбарыг дэмжих гэж байна гэж холион бантанг нь хутгахаас илүү зүгээр л зөнд нь орхичих. Бүтээн байгуулалт нэрийн дор төсвийн мөнгөнөөс хумсалдгаа л больчих улстөрчид өө. Энэ тэнд нохой, тэмээ, хөшөө, хаалга барьдаг хөгийн үйлдлээ зогсоогооч ээ гэж хэлье.

П.БАТЗАЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тогтоол усанд 12 настай хүүхэд энджээ

Сэлэнгэ аймагт 12 настай хүү тогтоол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2021.08.30/ гарчээ. Аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Жалга гэх газарт осол болсон байна.

Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт 13:30 цагийн үед бүртгэгджээ. Аврах багийнхан хүүгийн цогцосыг эргээс 13 метр зайтай, 3.2 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Хонио хариулж явсан хоёр хүүгийн нэг нь халууцахдаа тогтоол усанд сэлэхээр орсон. Усны эргээр нь тоглож байсан ч сураггүй болж осолдсон” гэлээ. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр ослын дуудлага Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 14:50 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Аймгийн цагдаагийн газар 12 настай эрэгтэй усанд осолдож амь насаа алдсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: З.Ганбаатар 16 дугаар байрт шалгарлаа

Паралимпийн наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна. Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16 дугаар байрт шалгарав.
Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ.
Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Финалын буудлага 13:30-д эхлэх юм.

дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ургац хураалтад 13 аймгаас 7308 ажлын байрны захиалга иржээ

Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй. Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлсэн байна.

Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй иргэн та Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, захиалга ирүүлсэн 13 аймгийн агрономичтой холбогдон ажлын байрны тухай мэдээллээ авах боломжтой.

Орон нутгийн агрономичийн холбоо барих мэдээлэл

1. Архангай аймаг 99885003
2. Төв аймаг 99884433
3. Булган аймаг 99368331, 93018865
4. Говьсүмбэр аймаг 88991135
5. Дархан-Уул аймаг 99376734 93030034
6. Дорнод аймаг 88074188
7. Орхон аймаг 99350968, 99339969
8. Өвөрхангай аймаг 99158707, 88713388
9. Сүхбаатар аймаг 99167594
10. Сэлэнгэ аймаг 99903868
11. Увс аймаг 88451201 99451404
12. Хөвсгөл аймаг 99387522

13. Хэнтий аймаг 98111759