Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2485 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 8000 орчим шинжилгээ хийхэд 2485 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1437 нь Улаанбаатар хотод, орон нутагт 1048 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 117963 боллоо.

Мөн 15 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

  • 41-50 насны хоёр хүн
  • 51-59 насны хоёр хүн
  • 60-70 насны дөрвөн хүн
  • 80-аас дээш насны долоон хүн нас барлаа.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусламж үзүүлэхээр болжээ

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, нутгийн сүсэгтэн олон, Дамбапэлжээлин хийдийн урилгаар Наро Банчэн гэгээнтэн Алтай нутагт очжээ.
Гэгээнтний айлдвар халдвар, хамгааллын дэглэмийн хүрээнд хийгдэх бөгөөд олон хүн нэг дор цугласан үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй юм байна. Түүнчлэн орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сүсэгтэн олонд айлдвараа хүргэх аж. Тэрбээр асрал, энэрэл, бие биенээ гэх сайхан сэтгэлийн ач тус, шүтэн барилдлага, харилцан хамаарлын жам ёсны талаар тайлбарлан айлдвар хүргэж номын авшиг хүртээх ажээ.
Мөн Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулж 15000 тун мана 4, норов 7 тан, 500 ширхэг оношлуур хандивлахаас гадна салхи шуурганд нэрвэгдсэн долоон айлын байрны засварт зориулж мөнгөн хандив өгөх зэрэг хүмүүнлэгийн сайн үйлс хийх юм байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн 33 нэршлийн эмийг нэмжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах 33 худалдааны нэршлийн эмийг нэмлээ.

Үүнд:
1. Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби
2. Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин
3. Ретровирусын /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5
4. Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг
5. Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав
6. Зүрхний бах эмчлэх эм- Нипертен
7. Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо
8. Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг
9. Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40
10. Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок
11. Дархлал дарангуйлах эм- Ципол-Н
12. Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон
Та эдгээр эмүүдийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой ба цусны даралт буруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙГ АВАХДАА:
Иргэд даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмчид үзүүлж, онош тавиулсны дараа цахим жорыг бичүүлнэ. Даатгуулагч цахим жорын бүртгэлийн хэсэгт өөрийн мэдээллээ үнэн зөв бүртгүүлж, хурууны хээг уншуулах бөгөөд таны эмчилгээнд хэрэглэгдэх эм нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд орсон бол ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
ЖИЧ: Хэвтрийн болон хүнд өвчтэй гэртээ байдаг даатгуулалчдад өрх, сум тосгоны эмч нь гэрийн эргэлт, үзлэг хийх үедээ хурууны хээг баталгаажуулж цахим жорыг бичих бөгөөд эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авахад асран хамгаалагчаар дамжуулж авна.
18 нас хүрээгүй хүүхэд, ажил мэргэжлийн онцлог болон бусад шалтгааны улмаас хурууны хээ нь уншихгүй болсон иргэд өрхийн эмнэлэгээрээ дамжуулан ЭМДЕГ-т хурууны хээ уншуулахгүйгээр хөнгөлөлттэй эм авах хүсэлт гаргана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарь

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ сарын 4-ний өдөр нээх юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор долдугаар сард хийх олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлсэн бөгөөд Монгол Улс энэ сараас агаарын хилээ нээж байна.

Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь:

Зорчигчдын анхааралд:

  • Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй зорчигчид буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.
  • Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу.
  • Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.
  • Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтой.
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарна уу.
Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 30 гомдол ирсний 14 нь хууль зөрчсөн дүгнэлт гарсан

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас

  1. Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт
  2. Хаяг шошго ба Зөгийн балны хяналт шалгалт
  3. Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт
  4. Эмийн сангийн шалгалт
  5. Шатахууны шалгалт
  6. Лифт
  7. Тендерийн гомдол
  8. Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулж байна.

Тендерийн гомдлын талаар:

2021 оны эхний хагас жилийн байдлаар 170 орчим тендерийн гомдлыг хүлээн авч шалгасны 45 хувь нь хууль дүрэм зөрчсөн байна. АХБ-ны санхүүжилтээр яамд дээр хэрэгжиж байгаа худалдан авах ажиллагааны талаар гомдлууд ирсэн. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 30 гомдол ирсний 14 нь хууль зөрчсөн дүгнэлт гарсан.

Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагааны талаар:

Дөрөвдүгээр сарын 7-ноос Хятад руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалтын талаар:

Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбараар дамжуулан ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа иргэдийн ашиг хүртэхтэй холбоотой бичиг баримтыг шалгасан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2021 оны байдлаар 29061 иргэний мөнгө байршиж байна.

Эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийхэд:

Тухайн вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн үнийн хязгаарыг эм эмнэлгийн хэрэгслийн хянах газраас тогтоож ажиллаж байгаа ба ЭМД-аар худалдаалах талаар судалж байна. Тухайн эмүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Шатахууны талаар:

Механик хольц илэрсэн, стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн. Петростар компанийн ШТС-аас механик хольц илэрсэн нь цэвэрлэгээ үйлчилгээ дутуугаас болсон.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /07.01/ 10:00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.


Дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын усан спортын тамирчид тодорчээ

“Токио-2020” олимпийн наадмын усан спортын төрөлд оролцох Монголын баг, тамирчдын нэрс албан ёсоор баталгаажлаа.

Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийн тус төрөл, зайд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар тодров.

Дашрамд дурдахад энэ удаагийн зуны олимпийн наадамд Монголын баг, тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 10 спортын төрөлд оролцоно.

5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 85.410 тун “Pfizer” болон 81 хайрцаг “AstraZeneca” вакцин авчирчээ

Өчигдөр орой МИАТ ТӨХК-ийн JU-1021 бүртгэлийн дугаартай Boeing-767 агаарын хөлгөөр ачаа тээврийн тусгай нислэг үйлдэж, 15 хайрцаг 455 кг 85.410 тун “Pfizer” вакцин, 81 хайрцаг 1640 кг БНЭУ-ын Серум институтын Covishield/AstraZeneca/ вакцин болон ЭМЯ-ны захиалгат 3000 кг оношлуур, эм эмнэлэгийн хэрэгслийг тус тус тээвэрлэн авчирсан байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээлснээр “Pfizer” /Comirnaty/ вакцины эхний ээлжийн 84.240 тун вакциныг зургадугаар сарын 16-нд, хоёр дахь ээлжийн 85.410 тунг зургадугаар сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины гурван удаагийн татан авалтаар эхний 255.060 тунг ийнхүү хүлээн авлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байгаа билээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

“​Ковид-19”-ийн вакциныг тавт вакцинтай андуурч 5 хүүхдэд тарьжээ

“Ковид-19”-ийн вакциныг тавт вакцинтай андуурч 5 хүүхэд 1 том хүнд хийжээ.


Тодруулбал, 2021 зургадугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд тус сумын ЕБС-ын нэр бүхий 5 хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийж байна гээд “Тавт” вакциныг андуурч тарьжээ.

Эмнэлэгийн эмч ажилчид хүүхдүүдэд буруу вакцин тарьсан гэдгээ мэдмэгц яарч сандарч 29-ний өдөр хүүхдүүдийг буцаан ирүүлж “ковид-19”-ийн эсрэг вакциныг дахин хийсэн байна. Ингээд үндсэндээ нэг өдрийн дотор эдгээр хүүдүүдэд хоёр өөр вакцин хийсэн гэсэн үг.
Хүүхдүүдийн хувьд 10-11-р ангийн сурагчид гэдэг мэдээлэл байгаа юм. Одоогийн байдлаар 2 хүүхдийн гар хөндүүрлэн өвдөж, хавдаад зовиуртай байгаа гэнэ. Тавт вакциныг нярай үе буюу 1, 2, 3 сартай хүүхдэд хийх ёстой вакцин юм байна. Хүүхдүүдийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа мэдэгдэж сургуулийн захиргаанд өргөдөл гаргажээ гэж Ховд.мн-ээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амартүвшин: Талбай дээр халдвар хамгааллын дэглэмээ бариад зогссон үйлдлийг хууль зөрчсөн гэж үзээд торгоно, эсвэл 7-30 хоног баривчилна гэнэ


“Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн тангараг өргөдөг өдөр таныг цагдаа нар саатуулж байгаа зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Тэр өдөр юу болсон юм бэ?

-Ямар шалтгаанаар намайг саатуулсан гэдгээ хэлээгүй.

-Тухайн үед та цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн үү?

-Тэгсэн. Надаас мэдүүлэг аваад л өнгөрсөн. Гол шалтгаан нь “Коронавируст халдвар, цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” гээд урт нэртэй хуультай холбоо асуудал яригдаад байна. Энэ хуулиар жирийн иргэд жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьж байна. Гэхдээ цар тахал гараагүй байхад ч гэсэн үг хэл, үзэл бодлоо илэрхийлэхэд түвэгтэй л байсан шүү дээ.

-Зургадугаар сарын 28-нд “Гашуудал, гацалт” нэртэй плашмоб болсон. Тэнд хичнээн ААН, иргэд ирсэн бэ?

-Тийм. Тэнд жижиг дунд бизнес эрхлэгчид, эмнэлгийн эмч ажилчид, төмөр замын ажилчид, хувцас импортолдог, бүх төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллага, хуульчид гээд маш олон төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс ирсэн. Гэхдээ бид халдвар хамгааллын дэглэмээ бариад гурван минут л чимээгүй зогсолт хийсэн. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь нэг жил зургаан сар хаагдаж, хорионд орсон. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг өөрсдийг нь нэг жил зургаан сар ямар ч ажилгүй байлгаж үзэх юмсан гэж бодогдоод байгаа юм. Ямар хэцүү байгааг биеэрээ мэдрэх хэрэгтэй шүү дээ.

Хоёрдугаарт, эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрүүд илт ялгаварлан гадуурхсан шинжтэй байна. Яагаад интернэт тоглоом, ресторан, жижиг дунд ААН-үүдийг хаагаад байгаа нь ойлгомжгүй. Тэдгээр газрууд бүгд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиад ажлаа хийе гэж байгаа шүү дээ. Гэтэл 1024 бөх барилдуулна гэхээр халдвар хамгааллын дэглэм ямар ч хамааралгүй болчихдог. Тэнд 1000 хүн хоорондоо харилцана, их эрсдэл дагуулна. Гэтэл жирийн амьдралаа авч явж байгаа хүмүүст төр төмөр нударгаа үзүүлээд байдаг. Энэ байдал үнэхээр шударга бус санагдаж байна. Хүмүүс үүнээс цааш тэвчихээргүй болчихлоо. Машинаа барьцаанд тавьж, бүр хоолны мөнгөгүй болсон байна.

-Таныг Гамшгийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагчаар татаж байгаа гэсэн үү?

-Тухайн өдөр плашмоб хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр хүнийг торгоно гэж байсан. Нэг нь би, нөгөөх нь Тамир гээд залуу бий. Плашмоб тарсны дараа “Хууль бус үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн бичиг ирсэн. Бичиг ирэх үед бид аль хэдийнэ тарчихсан байсан. Ингээд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст очиж мэдүүлэг өгөх ёстой гэхээр нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл Зөрчлийн хуулийн 5.13.2 гэдэг заалт буюу Гамшгийн тухай хууль зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн. Шүүх хурал нь дараагийн долоо хоногт болно. Үнэндээ надад торгуульд төлөх мөнгө ч байхүй, одоо яахаа мэдэхгүй л байна. Гэхдээ үнэндээ энэ Гамшгийн тухай хуулийг хэн зөрчөөд байгаа билээ. Маш тодорхой байгаа шүү дээ. Төрийн байгууллагынхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд олон мянгаар нь хүн цуглуулж наадам хийж байхад Гамшгийн тухай хууль зөрчлөө гэж сануулдаг ч үгүй юм байна. Харин иргэддээ ингэж хатуурхдаг. Уг нь бид талбай дээр зогсохдоо дөрвөн метрийн зайтай зогссон буюу халдвар хамгааллын дэглэмээ давуулан биелүүлсэн.

-Коронавируст цар тахал гарснаас хойш хүний эрхийн асуудал ихээр яригдах боллоо. Та үүнд юу гэх вэ?

-УОК, ЗГ-ын тэнэг үйлдлүүд хэрээс хэтэрсэн, ямар ч хяналтгүй мөнгө зарлагадсан, хүний үндсэн эрх, тэр дундаа үг хэлэх эрх чөлөөг хүртэл хааж боосон. Эргээд Засгийн газар, УОК-т хэн ч хариуцлага тооцоогүй. Зөвхөн дайны болон онц байдал зарласан үед зөрчиж болдог эрхийг коронавируст халдварын тухай гэж урт нэртэй хуулиар зөрчиж байна. Өнөөдөр ч намайг энэ хуулиараа дарамтлаад байж байна. Намайг торгоно, хорино гээд байгаа энэ явдал хэн нь хууль мөрдөөд, хэн нь мөрдөхгүй байгааг тод харуулж байгаа үйл явдал боллоо гэж бодож байна. Дарга нарт үйлчилдэггүй, иргэдэд үйлчилдэг хуультай болчихож гэдэг нь энэ жишээнээс маш тод харагдлаа.

Нөгөөтэйгүүр вакцины хоёр тундаа итгэхгүй байгаа бол бид буруу алдаатай зүйл хийчихэж гэдгээ зарла, хэрэв итгэж байгаа бол хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсийг зүгээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Иргэд ч гэсэн ийм бусармаг зүйлийн хажуугаар битгий дуугүй өнгөрөөрэй. Бусармаг зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрнө гэдэг түүний хамтрагч нь болж байгаатай яг адил байдаг.

-Цахим наадам хийнэ гэдэгт та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нөхцөл байдлыг “Титаник” кинотой харьцуулж яриад байгаа. Гэтэл тэр онгоцыг ард иргэд биш төр засгийнхан өөрсдөө хөмрүүлчихсэн шүү дээ. Өөрсдөө сонгууль хийж хүмүүсийг бөөгнөрүүлсэн, парад хийсэн, халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн. Бид дарамтлуулаад айж ичнэ гэж байхгүй. Би яагаад үнэн зүйл ярьсныхаа төлөө айж ичих ёстой юм. Харин ч хурцлагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд бүх аймаг, сум, хот хороодоор битүү коронавирусийн халдвар тараасан. Түүнээс нь болоод хоёрхон сартай хүүхэд нас барлаа, хоёрын хоёр ээж урагтайгаа амь алдлаа. Үүний төлөө хэн ч дуугарсангүй. Бид санаж байгаа, дөнгөж төрсөн эх углааштайгаа гарахад Засгийн газар огцорч байсан. Гэтэл өнөөдөр 500 гаруй хүн нас бараад байхад хэн ч юу ч ярихгүй байна. Үнэнийг хэлсэн хүнийг хорьж цагддаг, шүүхээр оруулж ял шийтгэл өгүүлэх гэдэг бусармаг байж боломгүй. Эцэст нь нөгөө урт нэртэй коронавируст халдварын тухай хуулиа сунгачих юм бол цаашдаа энэ дарангуйлал үргэлжлэх гээд байна. Энэ хууль нь хүний үндсэн эрхүүдийг зөрччихсөн заалттай юм. Энэ хуулиа ядаж цааш нь битгий сунгаасай, өөр хүсэх зүйл алга.

С.ЛХАМСҮРЭН