Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хүүхдийн 31 асрамжийн төв, 120 гаруй ТББ байна

Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон халамж, асрамжийн төв нь 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таваас дээш насны хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төвтэй “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар нь амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулиас завсардсан, эцэг эхийн халамжаас гадуур хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.

Донбоско төв нь хагас бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүд, сургууль завсардсан, хамгаалал шаардлагатай 7-18 насны зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг төвдөө авч, асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.

“Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв НҮТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуслан сувиллын болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг бол “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын төв нь амьжиргааны түвшин доогуур өрхийн СӨБ-ын насны хүүхдүүдэд өдрийн үйлчилгээ үзүүлж, эцэг эхийг нь хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллаж байна.

Цаашид хүүхдийн халамж, асрамжийн төвүүд болон хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮТББ-уудын үйл ажиллагааг дэмжин, байнгын уялдаатай ажиллахыг зорьж байна гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

“Олимпийн үеэр дотоодын үзэгчдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай” гэв

Олимпийн наадмыг дотоодын үзэгчидтэйгээр зохион байгуулах шийдвэр гарвал үзэгчдийн коронавирусийн “PCR” шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай хэмээн Японы “Yomiuri” сонин Засгийн газрын эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.

Төлөвлөгөөнд дурдсанаар, үзэгчид спортын арга хэмжээ болохоос хамгийн ихдээ долоо хоногийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой аж. Тийнхүү уралдаан тэмцээн үзэхдээ спортын байгууламжийн үүдэнд коронавирус илрээгүй гэдгийг нотлох бичгээ үзүүлэх ёстой бол вакцин хийлгэсэн иргэдийн хувьд ингэх шаардлагагүй юм.

Наадмыг үзэгч, сонирхогчдыг шинжилгээнд үнэгүй хамруулах бөгөөд ийм зорилгоор зохион байгуулагчид өдөрт 400 мянган хүнээс шинжилгээ авна гэж тооцоолж байна. Үүнээс гадна спортын байгууламжуудад байх үеэрээ үзэгчид амны хаалт заавал зүүх журмыг дагаж мөрдөх бөгөөд тэндээ хооллож ундлахыг үзэгчдэд хориглож магадгүй байна.

Тамирчид хийгээд тэдэнтэй ойр харилцаж буй хүмүүсийг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулах шийдвэрийг Олимпийн наадмыг зохион байгуулагчид дөрөвдүгаар сард гаргасан билээ. Бусад оролцогчдын хувьд ирсэн өдрөөсөө хойш гурван хоногийн хугацаанд өдөр бүр шинжилгээ өгөх ёстой юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Өс зангидсан зарим ах нарын тэмцлийн хөлд намаа үрэгдүүлэхгүйн тулд залуус бид санаачилга гаргасан

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаж, улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болж өлсгөлөнгөө зогсоосон. Ажлын хэсэг ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ. Та бүхний зарласан өлсгөлөн үр дүнгээ өгөх эсэх талаар юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн чухал өдрүүдэд зорин ярилцлага авч буйд баярлалаа. Ажлын хэсэг удаашралтай, ахиц багатай ч ажиллаж байгаа. МАН-ын гишүүд сонгуульд хэт анхаараад бусад асуудлууд орхигдоод байгаагийн нэг нь энэ ажлын хэсэг. Үр дүнгийн тухайд уг нь их тодорхой. УБЕГ-ын байцаагчийн шинэ тамга олгосон тэргүүтэй хэд хэдэн асуудлуудад нэр бүхий байгууллага, албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд ажиллаж байсан уу? гэдэг дээр л үнэлэлт дүгнэлт өгөх гэж байгаа. Ажлын хэсэг анхаарах асуудал бол хууль журам, ном ёсоороо хэрэгжсэн эсэхийг тогтоож, олон нийтэд, УИХ-д танилцуулна гэдэгт итгэж байна.

-Монгол Улс төрийн тэргүүнээ удахгүй сонгоно. Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу. Бүлгийн дарга Д.Ганбат гишүүн очсон байсан?

-Бүлгийн гишүүдийн хувьд нэгдсэн байдлаар дэмжинэ, эс дэмжинэ гэж ярилцсан зүйлгүй байна. Гишүүд хувь, хувийн байр сууриар оролцож байгаа. Олон нийтийн дунд, намын гишүүдийн зүгээс ч зүй ёсны Ардчилсан намыг үгүйсгэж тоглоомын намаас, захиалгаар нэр дэвшиж буй ч гэгдэж байна. Угаасаа ч сонгуулийн сурталчилгаа, штабынх нь байдлыг харахад С.Эрдэнэ нэр дэвшигч ялах гэж нэрээ дэвшүүлээгүй юм шиг харагдаж байна. Орон нутгийн намын гишүүд, дэмжигчидтэйгээ тулж ажиллахгүй, ухуулагчид авахгүй байна. АН-ын дүрмээр намын дарга штабын дарга, ерөнхий менежер байдаг. Гэтэл миний сонссоноор сонгуулийн туршлагагүй, сонгуульд ч оролцож байгаагүй хүнээр штабаа ахлуулж байна. Муу ч, сайн ч Ардчилсан намын нэг хэсэг байсан, одоо энэ нэрээр сонгуульд орж буй хүний эсрэг ажиллахгүй, гишүүд дэмжигчдээ өөр сонголт хийхийг уриалахгүй гэсэн байр сууринаас энэ удаагийн сонгуульд хандаж байна. Намын хувьд чухал хариуцлагатай сонгуулийг ингэж нэг удаа баллах нь дараа дараагийн сонгуулиудад үлэмж муугаар нөлөөлөх нь л харамсалтай байна.

Ардчилсан нам шат шатны сонгуулиудаас хамгийн өндөр амжилттай оролцдог нь Ерөнхийлөгчийн сонгууль. Өмнөх долоон удаагийн сонгуулийн дөрөвт ялж, үлдэх гуравт нь тун сайн өрсөлдөөн үзүүлсэн түүхтэй. Гэтэл ийм өндөр амжилт үзүүлдэг сонгуульд ялах ямар ч зорилгогүйгээр сонгуульд орж байгааг одоог хүртэл ойлгохгүй байгаа. Ялах зорилгогүй, яагаад ийм зохион байгуулалтгүй орж байгаадаа С.Эрдэнэ, М.Тулгат, Б.Өнөрбаяр нар намын гишүүдийнхээ өмнө тайлбар хийх ёстой. Хариуцлагын асуудал яригдаж таарна.

-Нэр дэвшигч С.Эрдэнийг сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын орон нутгийн гишүүд дэмжигчид эсэргүүцэж байгаа харагдсан. УИХ дахь Ардчилсан намын гишүүд буюу таныг үүрэг өгч эсэргүүцэл гаргаж байна гэх мэдээлэл цацагдаж байна. Та үүнд тайлбар өгөөч?

-Ардчилсан нам бол Ардын нам шиг үүрэг авч, үйлдлээ заалгадаг гишүүдтэй нам огтхон ч биш шүү дээ. Дарга тэг гэж заавар өгвөл харин ч улам эсрэгээр нь хийх зоригтой, зоргоороо гишүүдтэй нам. Тийм эрх чөлөөтэй, эрэмгий зоригтой гишүүд рүүгээ ингээрэй, тэгээрэй гээд үүрэг, даалгавар өгөөд суудаг хүн гэж байхгүй шүү дээ.

Намын гишүүд маань асуудлыг анхнаас нь ажиж, өөр өөрсдийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт хийгээд явж байсан нь тодорхой. Бид тамга, гэрчилгээнийхээ асуудлыг түр хойш нь тавиад тал талаасаа нэгдээд нэг сунгаа явуулж, нэг нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлье гэсэн хүсэлт тавьсныг хүлээж авалгүй өөрөө зүтгэснийг, УБЕГ, СЕХ гээд төрийн албан хаагчид хуулиас давсан хуудуутай үйлдлүүд гаргаад нэг талд үйлчлээд байгааг харсан гишүүд, дэмжигчид өөрсдийнхөө итгэл, үнэмшлээрээ л эсэргүүцэл үзүүлсэн гэж ойлгоод байгаа.

-Улсын дээд шүүхээс АН-ын тамганы асуудлыг аль ч талд нь шийдвэрлэсэнгүй. Тэгэхээр цаашид яах вэ. Ардчилсан нам дотооддоо эвтэй түнжинтэй байх боломж бий юү. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Эхнээсээ өнөөдрийг хүртэл эвийн талд байр сууриа илэрхийлж ирсэн. Боломж гарах бүрт эвлэрч нэгдье, эргээд үндсэн нам дээрээ, гишүүд дээрээ ирээч гэж олон удаа хүсэлт, гуйлт тавьсан. АН-ын хувьд эвтэй байх, эвлэрээд явах боломж бий. Тэр бол өс зангидсан ах нарын тэмцлийн хөлд намаа үрээд хаяхгүйн тулд ах нарыг зөвлөгч, дэмжигчийн байранд аваачиж, залуус бид намаа авч, ачааны хүндийг үүрэх явдал юм. Миний хувьд ах нар дагасан аль ч талтай нь хуваах, эсвэл булаалдах ашиг сонирхол байхгүй учраас энэ тэмцлийн дундуур санаачилга гарган орж эвлэрэх орон зайг нь бүрдүүлье, намаа бүтэн авч үлдье гэж л намын даргад нэрээ дэвшүүлсэн.

-Таныг намын даргын сунгаанд ялсан үеэс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх болсон, энэ үнэн үү. Ер нь сунгаанд ялснаар хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй төвөгтэй байдал үргэлжилнэ гэдгийг та мэдэж байсан уу?

-Гишүүд, дэмжигчдийн олонх нь нэг талдаа байгаа юм байна, намын дүрэм журмын хүрээнд байгуулагдсан хүчинтэй Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо нь энэ талдаа байгаа юм байна гээд л цаасан сонгуулийн талдаа бүртгүүлээд явснаас биш зарим нэгнийх нь сэвээд байгаа шиг ардаасаа удирдуулаад, дээрээсээ заалгаад байгаа зүйл үгүй. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг тийм ч ойр харилцаатай бишийг намын түвшинд мэдэх хүмүүс нь их сайн мэднэ дээ, уг нь. Улстөрчийн хувьд хүрч болох өндөрлөгт хүрч, төрийн өндөр албанаас бууж буй хүний тухай сайн, мууг нь дүгнэн ярих нь илүүц биз.

Нам гэлтгүй аливаа байгууллага, систем ахмад, дунд, залуу үеийнхэн аль алиных нь оролцоон дээр урагш явдаг. Манай намд үзэл бодол, үнэт зүйлийнхээ талд зогсдог, чин сэтгэлтэй олон ах нар, анхдагчид, ахмадууд бий. Гэтэл цөөн хэдэн олон жил сандал, ширээтэй зууралдаж, хувийн эрх ашгаа нийтийнхээс илүүд бодсон ах нарын одоог хүртэл АН-ыг өөрийнхөө гэж өмчлөн бодсон, өс зангидсан харилцаанаас энэ бүх маргаан үүсээд байна. Ийм учраас зарим ах нарын тэмцлийн хөлд намаа үрэгдүүлчихгүй бүтэн авч үлдэхийг хүссэн залуу үеийнхэн л санаачилга гарган нэгдэж намайг урдаа гаргаж дэмжиж ирсэн.

М.Тулгат тэргүүтэй залуустай уулзахдаа ч би энэ зарчмаа тодорхой хэлж байсан. Нэгнээ цавчихад бэлэн байгаа ах наргүйгээр Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Г.Оюунгэрэл гээд амжилттай өрсөлдөх, олонхоороо нэгдээд явах боломжтой нэг нэр дэвшигчээ СЕХ-нд өгөхөд анхаараад дундаа нэг сунгаа хийе гэж санал тавьсан ч бүтэлгүйтсэн.

-Ардчилсан намын дотоод зөрчил цаашид юу болох вэ?

-Шууд л сонгуулийн маргааш эвээ олоод нэгдэнэ, сөрөг хүчнийхээ байршилд оччихно, дараагийн сонгуульдаа бэлдээд цэгцрээд явчихна гэж хэлж чадахааргүй байна. Би л биш бол хэн ч биш, надгүйгээр АН гэж байх ёсгүй гэж боддог зарим ах нар зөвлөхийн байранд очоогүй цагт эвээ олно гэж хэлэхэд амаргүй. Мөн МАН төрийн байгууллагуудаар дамжуулан асуудлыг улам ужгируулах сонирхолтой байна.

Жирийн гишүүд, дунд, залуу үеийнхэн бид нэгдэж АН-ын зөвхөн хувийн эрх ашгаа бодсон, том толгойтой ах нарын зодооноос л гарах ёстой гэж боддог. Ийм учраас залуучууд маань нэг талдаа гарч, үндсэн олонх дээрээ ирж, намын дүрэм, брэндинг, бүртгэлээс эхлүүлээд олон зүйлсээ дундаа ярилцаж, цугтаа даруй шинэчлэхгүй бол дараагийн сонгуулиуд удалгүй болно. Тэр үед ингээд эвээ олохгүй сууж байвал АН улс төрөөс, тэргүүлэгчийн байр сууринаасаа арчигдах аюулын өмнө байгааг аль аль талынханд нь анхааруулж хэлмээр байна.

Товчхондоо нөгөө талд гарчихсан байгаа залуучуудыгаа бие даасан шийдвэр гаргаж, залуучууд бидэн дээрээ эргэн ирж чадвал цугтаа асуудлаа яриад шийдээд явах боломжтой гэж хардаг.

-М.Тулгат та нарын хооронд хувийн зөрчил бий юү?

-Бидний хооронд зөрчил, тэмцэл, үл ойлголцол байхгүй. М.Тулгатыг мэднэ. Өөрийн үзэл бодолтой, үнэт зүйлтэй залуу гэж хардаг. Харин саяхнаас Ардчилсан нам ус, тосоороо ялгарлаа, баруун, зүүнээрээ саллаа гэж хэлж байгааг нь сонсоод би төдийгүй намын олон гишүүдийн хувьд эмзэглэж, эгдүүцэж хүлээж авсан. Шонхор тауэрт суугаа цөөхөн хэд нь жинхэнэ эрх чөлөөний үзэлтэй тос нь, Ардчилсан намынхаа голомтод байгаа дийлэнх олонх 90-ээс илүү хувь нь байгаа гишүүдээ, өөрсдөөсөө бусдыгаа үгширсэн социалист үзэлтэй (ус нь гээд байх шиг) гэх байр суурийг дахин дахин илэрхийлж байгаад нь бид их эгдүүцсэн.

Өөрсдийнх нь талд гарч зогсоогүй, үзэл баримтлал, үнэт зүйлээ дагаж яваа бусдыгаа, жирийн гишүүдийгээ янз бүрээр нэрлэж, хоч нэр өгч, дайрч давшилж байгааг нь хараад дотроо харамсаж л суулаа. Даргын сэтэр, намын тамга биш гишүүд, дэмжигчдийн итгэл, дэмжлэг л уг нь чухал баймаар.

-Цар тахлын энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах саналтай хүмүүс байсан. Ардчилсан намаас ч ийм санаачилга гарсан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Эрх баригчид хүч түрж, хүссэн сонголтоо ард түмнээр хийлгэхээр улайрч байгаа учраас л УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд үүнийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. АН-ын нэрээр нэр дэвших мандат авсан С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд маань ч хар машинд асуудал байна, сонгуулийг хойшлуулъя гэсэн санаачилгыг гаргасан. Өөрөөр хэлбэл, АН-ынхан дотроо асуудалтай байгаа ч аль аль талдаа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус гэж үзэж ирсэн.

Нөгөө талаас АН-ыг оролцуулаагүй буюу хэлбэрийн төдийгөөр оролцуулсан нэр зүүх нь ард олны сэтгэлд сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэж би өмнө анхааруулж байсан.

-Ардчилсан нам дотооддоо эвээ олохгүй бол Монголын улс төрийн тавцангаас арчигдах вий гэсэн эмзэглэл намын гишүүдийн дунд ч, иргэдийн дунд ч байх шиг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Тийм ээ, ийм эмзэглэл намын гишүүд, иргэдийн дунд байгааг үгүйсгэхгүй. Угаасаа Ардчилсан нам чинь ард түмнийхээ хайртай хүү нь, итгэл найдвар нь шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн үйл явдлуудыг дэнслээд харахад Ардчилсан нам засагт байсан цаг бүрт Монгол Улс хожиж, монголчууд ялсан байдаг. Үнэ чөлөөлөх, мал, орон сууцнаас эхлээд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гээд иргэддээ ээлтэй ч, тухайн цагтаа эсэргүүцэлтэй олон шийдлүүдийг Ардчиллынхан гаргаж, үр шимийг өнөө хүртэл монголчууд бид нийтээрээ хүртсээр байна шүү дээ.

Ардчилсан нам бол өнөөгийн эрх баригчид шиг аргалж ажилладаг нам биш ээ. Гэтэл эрх баригчдыг хар даа. Ковидтой тэмцэх биш түүнийг яаж ашиглаж эрх мэдлээ өсгөх вэ, амжилтаа яаж ахиулах вэ гэдэгт л төвлөрч байна. Төрийн эрх мэдлийг хэт өсгөж, төсвийн хэмжээг тултал нь тэлж, айдас, түгшүүрээр ард түмнээ айлгаж, нэг намын, нэг хүний дарангуйлал руу улам бүр ойртон алхлаа.

Ийм учраас данхайсан төрийг цомхотгох, тэлсэн төсвийг агшаах, хоригдож, хашигдсан бизнесүүддээ боломж олгох баруун чигийн бодлогын орон зай, өөрөөр хэлбэл Ардчилсан намын бодлого Монголын улс төрд дутагдсаар удлаа. Иргэд олон нийт ч ийм бодлогыг хүлээж, Ардчилсан намыг аль болох хурдан эвээ олж, эргэн сэргэн манлайлаасай гэж хүсч байгаа байх гэж ойлгож байна.

-Тэгвэл та Ардчилсан намыг эвтэй хүчтэй байлгах чиглэлд юу хийх вэ?

-Ардчилсан нам хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж, хуулийн засаглалыг эрхэмлэж, иргэнийхээ эрхийг дээдлэх үзэл баримтлалын талд бат зогсоно.

Гэхдээ үүнийгээ иргэдэд ухуулан ойлгуулах арга ажиллагаандаа ахиц, өөрчлөлт гаргаж сонгогчдын ой тойнд дахин байршиж, ребрэндинг хийхээс ажлаа эхлэх ёстой гэж ойлгодог. Үүний тулд хуучны даргын гарт цугларсан эрхийг тарааж, гишүүдийгээ, намынхаа сонгуультнуудыг оролцуулдаг хамтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.

Технологийн дэвшил иргэн бүрийн дэргэд ирснээр илүү оролцох боломжийг олгож байна. Ийм учраас ирж байгаа цагийг ардчилал, хүний эрхийг дэмждэг улс төрийн намд илүү боломж олгож байгаа гэж ойлгодог. Бид л өөрсдийнхөө үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ бат зогсож чадвал түрүүн хэлсэнчлэн одоо дутагдаад байгаа барууны бодлогын хоосон орон зайг хүсэмжилж байгаа иргэдийнхээ итгэлийг олж 2024 оны парламентын сонгуульд ялалт байгуулна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Х.Баттулга: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулах амлалтаа ахиулсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНСУ-ын Сөүл хотноо нээлтээ хийсэн “Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл”-ийн Сөүлийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед энэхүү чухал ач холбогдолтой хурлыг цахимаар зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн доройтлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах талаар маш олон удаа хэлэлцэж, олон үүрэг амлалт хүлээсэн. Харамсалтай нь тэдгээрийн хэрэгжилт, бодит үр дүн тун чамлалттай байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгийн орнуудын нэг. Сүүлийн хорь гаруй жилд цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж 2 дахин ихсэж, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдсээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах хор хохирол, байгалийн аюулт үзэгдэл, гамшигаас сэргийлэхийн тулд бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах ёстой. Энэ нь эх дэлхийгээ хамгаалах хамгийн энгийн хэрэгжүүлж болох арга хэмжээ юм. “Парисын хэлэлцээр”-ийн дагуу улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулахаар амлалтаа ахиулсан.

Дэлхий даяар байгальд ээлтэй Ногоон технологийн шилжилтийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тийм ч учраас миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган дээр ногоон технологийн нэг болох сэргээгдэх эрчим хүчний “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах санаачлагыг бодит ажил хэрэг болгох тодорхой саналыг дэвшүүлсэн билээ.

Жилийн 270 хоногт нь нартай цэлмэг байдаг Монголын говь нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Тэгэхээр энэ арвин нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Өмнөд Солонгос зэрэг улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой.

Байгаль орчноо хамгаалах болон эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчний сүлжээ юм.

Цаг хугацаа, уур амьсгалын өөрчлөлт та биднийг хүлээхгүй ээ. Улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай, “ногоон” хэв загварт шилжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шийдэмгий, дорвитой, бодит ажлуудаар эхэлж, үр дүнд хүргэхийг уриалья” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Наранбадрах: Адууны аяллыг хөгжүүлж чадвал дор хаяж найман их наяд төгрөг олох боломжтой

Түүхч, эдийн засагч Б.Наранбадрахтай ярилцлаа.


-Адууны асрамжийн газрын Наранбадрах гэдгээр тань монголчууд таныг андахгүй болсон. Бойны газраас адуу худалдаж аваад асрамжийн газар байгуулахад багагүй мөнгө хэрэг болж таарна. Бизнестэй юү?

-Би уг нь түүхч, эдийн засагч хүн л дээ. Хувийн бизнес гэвэл IT-гийн компанитай. 2016 он хүртэл Монголд ажилласан. Одоо бол бизнесээ гадагш нь гаргачихсан.

-Энд явцгүй байна уу?

-Ер нь хэцүү шүү. Яривал их юм бий.

-Адууны асрамжийн газар байгуулах болсон түүхээ сонирхуулаач?

-Миний амьдралын эргэлтийн цэг IT-гийн олон улсын хурал дээр болсон юм. Ази, Ойрхи Дорнод, барууныхан цугласан том хурал 2016 онд Бээжинд болоход компаниа төлөөлөөд очив оо. Хурлын хөтөлбөр, танилцуулгатай номон дээр хуралд оролцогчдын нэрийг жагсаачихсан байхаар нь бүгдийнх нь нэрсийг каллиграфаар бичээд бэлэглэх бодол төрлөө. Тэр өдрийнхөө орой захаас муутуу цаас, бийр, бэх худалдаж аваад хуралд оролцогчдын нэрсийг шөнөжингөө каллиграфаар бичлээ дээ. Хурлын сүүлийн өдрийн хүлээн авалтын үеэр зохион байгуулагчдад нь хүсэлтээ хэлтэл дуртай зөвшөөрч байна. Монголоос ирснээ хэлж, дэлхийд юугаар ондоошдгоо ярьж, ямар орчинд төрж өссөнөө сонирхуулж худам монголоор бичсэн каллиграфаа дурсгалаа. Бүгд гайхаж шагшицгаагаад, хурлын турш хэний ч нүдэнд торохгүй даруухан сууж байсан өнөө монгол чинь түмний анхааралд орчихдог байгаа. Яг тэр үед би “За та бүхнийг хооллож байх зуур Монголынхоо уртын дууг дуулж өгье өө” гээд “Хөөрхөн халиун”-ыг дуулаатахав. Дахиад л алга ташилт, гайхсан шагшсан уур амьсгал танхимыг эзэлчихсэн. Шуудхан хэлэхэд бизнес маань яг тэр агшнаас хойш цэцэглэсэн, монгол ахуй, адуутайгаа өссөн орчин маань надад амжилт авчирсан. Тэр цагаас хойш энэ том ачийг яаж хариулах вэ гэж бодож явж байгаад адууны асрамжийн газар байгуулахаар шийдсэн юм.

-Та түрүүн ондоошил гэж ярилаа. Хуучин руугаа ухрах хэрэггүй, дэлхийтэй хөл нийлүүлье гэсэн хандлага хүчтэй байгаа энэ үед ондоошил гэж ярих хэрэгцээ байна уу?

-Бид ондоошил гэдгээ буруу ойлгоод байна л даа. Хэрэглэхээ больсон, түүх гэдэг жагсаалтад орсон юмыг ондоошил гэж хараад байх шиг. Бидний одоо амьдарч байгаа хэв маяг дэлхийн улс түмнээс юугаараа өөр юм бэ гэдэг л ондоошил. Нүүдэлчин байхаас эхлээд бүх л цаг үеийн турш бидний ондоошил адуу байсан. Дэлхийн улс орнууд Монгол гэхээр мориор дэлхийг эзэлсэн л гэж хардаг. Адуу аврах бол миний хувьд сэтгэлээ дэвтээх маягийн л зүйл байсан. “Ийгл”-ээр адууны асрамжийн газрын маань тухай нэвтрүүлэг гарснаас хойш маш олон малчин холбогдож байна. Бүр мянган дуудлага ирсэн өдөр хүртэл бий. Дараахан нь “Малчин” телевизээр адууны махны эрэлт нийлүүлэлт гэсэн хэлбэрээ болиод номхон морийг эрэлтэд оруулъя, тэгж чадвал төсөвт их хэмжээний мөнгө орж ирэх боломжтой гэсэн санаа хэлтэл малын хулгайн хуулийг санаачилж батлуулсан Гомбо-Очир гэдэг хүн утасдсан юм. “Би чиний цэрэг болъё. Бид малын хулгайн хуулийг батлуулахад 10 мянган малчны гарын үсэг цуглуулж чадсан. Чиний санааг ажил болгох хэрэгтэй” гэхээр нь урам орсон шүү.

-Номхон морийг эргэлтэд оруулж мөнгө олно, бүр төсөвт нөлөөлөх хэмжээний том орлогын эх үүсвэр болгоно гэхээр санаанд багтахгүй байна л даа. Адууны махаа боловсруулж экспортолно гэвэл илүү бодитой сонсогдох биш үү?

-Адууны махны бизнес гээд харвал жилд 280-300 мянган адууг бойлж, 10, 20 хувийг нь экспортолдог. Махны ченжүүд малчдаас нэг сарвааг 50 мянга, нэг бүдүүн морийг 300-400 мянгад авдаг. Гэтэл бид бойноос амьтан аваръя гээд очихоор нас гүйцсэн морийг нэг сая 900 мянгад өгнө гэдэг. Малчдаас тийм хямд авчихаад бидэнд ийм үнээр өгөхөөр зөрүү ашиг нь хэнд очих вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Махны том ченжүүд, бүр тодруулж хэлбэл мөнгө ихтэй цөөн хятад иргэний халаасанд сая хэлсэн зөрүү ашиг орж байгаа. Харамсалтай нь тэд Монголд хөрөнгө оруулалт хийхгүй, олсон мөнгөө аваад л гарна.

-Адуугаа зарсны ашиг гэж малчдын гар дээр жилд хэчнээн төгрөг очдог бол?

-Адууны хулгайг эс тооцвол жилд дунджаар 85 тэрбум төгрөг малчдын гарт очдог. Хулгай байхгүйгээр бүгдийг нь, нэг адууг дунджаар 300 мянгаар үнэлж авахад л 85 тэрбум гэсэн тооцоо гардаг юм. Гэтэл үүний цаана малын хулгайгаас болоод малаа хямдхан өгч байгаа хүмүүс өчнөөн. Хөдөө адууны хулгай хавтгайрсан гэж олон малчин хэлж байна. Надтай холбогдсон нэг өвөө хоёр жилийн өмнө хоёр азарга адуугаа хядуулснаа ярилаа. Үнэхээр зүрх шимшрэм. Бүх адууных нь толгойг тасдаж, тамгатай арьсыг нь хуулаад ачаад явчихаж. Өнөө өвөө араас нь мотоцикльтой хөөж гүйцэж очиход өөдөөс нь буудсан байгаа юм. Тэр явдлаас хойш сар гаруйн дараа махны ченж хятадууд өвөөгийн нутаглаж байсан газарт очиж, мах бөөндөж авах зар тараасан юм билээ. Айхавтар хулгай гараад удаагүй байсан үе учраас лав хоёр, гурван айл бүх малаа зараад хот бараадсан гэсэн. Хотод орж ирсэн малчид яах нь тодорхой, “приус” машин худалдаж аваад таксинд явж амьжиргаагаа залгуулагсдын л нэг болно.

-Адууны махны бизнес байхгүй бол малчид яаж мөнгө олох вэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Номхон морийг эргэлтэд оруулна гэхээр яана гэсэн үг вэ?

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Одоогоор үүнээс өөр мөнгө олох арга байхгүй. Гэхдээ номхон морийг эргэлтэд оруулах боломжтой нэг том салбар байна. Бүр тодруулж хэлбэл, аялал жуулчлалын салбар. Түмэн морины парад хийж болно.Би гарц шийдэл хайж Дэлхийн хамгийн том амьтан хамгаалах байгууллага болох PETA руу и-мэйл бичсэн юм. Тэд хариу репорт ирүүлсэн байгаа. “Чи санаачилгаа бодит ажил болгоод Засгийн газраа хөдөлгөж чадвал бидний зүгээс туслахад бэлэн байна” гээд мэдээлэл ирүүлсэн л дээ. Америкт гэхэд л адууг хайрладаг, үрчилж аваад гэрийн тэжээмэл амьтан шиг өсгөдөг хүн 13 сая 800 мянга байдаг юм байна. Тэд зөвхөн энэ чиглэлээрээ аялдаг гэнэ. Америкаас гадна Европ гэж том тив байна. Тэнд бас ийм сонирхолтой хүн хэдэн саяараа бий. Германд гээд ярихад амьтанд ээлтэй ногоон байгаль гэдэг чиглэлийн бодлого баримталж хүнснийхээ 40 хувийг ногоон хоол болгочихсон байх жишээний. Товчхондоо амьтан хайрлах нь дэлхийн чиг хандлага болчихсон. Сүүлийн гучаад жилд л жинхэнэ шинж чанараа алдчихсан болохоос монголчууд дэлхийд хайрыг заасаар ирсэн үндэстэн. Амьтныг, байгалийг хайрлаж зэрэгцээд оршвол дэлхийдээ урт хугацаанд амьдрах боломжтойг зааж байсан хүмүүс тэр мөн чанараа гээчихсэн. Наад захын жишээ гэхэд өнөөдөр адуугаа мах гэж л хардаг болсон. Хайр байхгүй учраас юу ч байхгүй болчихож байгаа юм. Ингэчихээр гэмт хэргийн гаралт өндөр байх нь наад захын асуудал шүү дээ. Б.Ринчен гуайн “Монголын за андгай буй за” гэсэн алдартай үг бий. Гэтэл одоо за гэдэг үгийг захын хүн л хэлдэг болчихсон. Нэг жишээ нэмж хэлэхэд Америкт адууг гэрийн тэжээмэл амьтны хуулиар хамгаалдаг юм билээ. Би танд нэг харьцуулалт хэлье. Дэлхийд жилдээ 144 мянган адуу бойлдог гэсэн статистик бий. Гэтэл манай улсад жилдээ 300 мянган адуу бойлдог гэж би танд түрүүн хэлсэн дээ.

-Их өндөр тоо байна шүү. Гэхдээ адуугаа бойлохоо болиод түмэн адууны парад хийлээ гэж бодъё. Бразилийн карнавал шиг дэлхийд хүргэнэ гэдэг нүсэр ажил болох байх даа?

-Дэлхийн амьтан хамгаалах байгууллага “Хэрвээ та нар адуугаа бойлохоо больж аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх шийдэл болгоно гэвэл үнэгүй сурталчилж өгөх боломж бий. Танайхыг Леонардо Ди Каприо сурталчилж болох юм” гэсэн утгатай хариу ирүүлсэн байгаа.

-Яагаад заавал Леонардо Ди Каприог онцолж хэлсэн юм бол?

-Леонардо Ди Каприо Зүүн Өмнөд Азийг хариуцсан хүн нь юм билээ. Энэ бол Монголыг хэдэн тэрбумаар сурталчлах үнэгүй боломж. Дэлхийн амьтан хамгаалах байгууллагын Италийн салбарын эмэгтэй адуугаа хайрладаг болчихвол яг тэр чиглэлээр аялдаг жуулчдаа аваад очъё гэсэн утгатай захидал ирүүлсэн, бүр видео хүртэл хийгээд явуулсан байсан. Та түрүүн Бразилийн карнавал гэж асуусан даа. Жилдээ дөрвөн сая 900 мянган жуулчин зөвхөн тэр карнавалыг үзэх гэж Бразилийг зорьдог.Манай улс жил бүр морин цэргийн түмэн адууны парад хийнэ гэж зарлачихад л дэлхий сонирхоно. Түмэн цэрэгтэй морин парад зохион байгуулахдаа тэр арга хэмжээгээ “Сүбээдэй жанжны түмт” гээд нэрлэчих хэрэгтэй. Дэлхийн батлан хамгаалахын түүхэнд Сүбээдэй жанжны тактик онцгой судлагдахуун болдог. Суворовынхон хүртэл судалж байгаа тактик. Сүбээдэй жанжны тулааны үеэр хэрэглэсэн тактикийг бодитоор нь үзүүлнэ гэчихэд дор хаяж гурван сая жуулчин зэрэг авах бүрэн боломжтой. Дэлхийн улсуудын Батлан хамгаалахын сайд нарыг урихад ч болохгүй юмгүй. Тэгээд эхний хэдэн жилдээ дэлхийн мэдээллийн хоёр, гурван том агентлагийг мөнгийг нь төлөөд урих хэрэгтэй, сүүлдээ өнөөдүүл чинь дамжуулалтаа хийхийн тулд манайд мөнгө төлдөг болно. Түмэн адууны баяр арав хоног үргэлжиллээ гэж бодоход нэг жуулчин багадаа 1000 ам.доллар манай эдийн засагт шингээгээд буцна. Гурван сая жуулчин ирлээ гэхэд дор хаяж найман их наяд төгрөгийн нөлөөг макро эдийн засагт үзүүлнэ. Миний түрүүн танд хэлсэн 85 тэрбум төгрөг найман их наяд төгрөг болж хувирна гэсэн үг. Мэдээж түмэн адууны баяр дан ганц парадаар хэмжигдэхгүй. Дотоодын морь сонирхогчид, адуучид, малчид хурдан хурц, жороо адуунуудаа наймаалцаж, айраг цагаа, адууны хэрэглэл, морин соёлын үзэсгэлэн зохион байгуулагдаж таарна. За тэгээд төрөөс уяачид малчдаа шагнах ёслол хийх гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой.

-Та гурван сая жуулчин ирэх боломжтой гэдэг тооцоог ямар үндэслэлээр яаж гаргасан бэ?

-Дэлхийн амьтан хамгаалах байгууллагаас надад ирүүлсэн тооцоон дээр суурилж хэлсэн тоо л доо. Түмэн адууны парад үнэхээр шийдэл болж чадвал адуу хамгаалдаг дор хаяж гурван сая жуулчин танай улсад очих боломжтой гэсэн утгатай хариу ирүүлсэн юм.

-Тийм олон тооны номхон морийг хаанаас яаж, ямар арга, шийдлээр бэлдэх вэ?

-Монголд номхон морины эрэлт нь их ч нийлүүлэлт нь байдаггүй. Гэхдээ үүнийг маш хялбархнаар шийдэх боломжтой. Дүүргийн Засаг дарга нар хот суурин газрын эргэн тойронд сургууль, аав, ээжүүдтэй хамтарч адууны жүчээнүүд байгуулахад л болчих юм. Хан-Уул дүүргийн нэг сургууль 600 хөвгүүнтэй байлаа гэж бодъё.100 хүү нь моринд дуртай байг. Өнөө хөвгүүдийн аав ээж нь өвөлдөө адууны мах авдаг мөнгөөрөө хүүдээ морь зүслээд өгчихөд л болоод явчихна. Засаг даргатайгаа нийлж барьсан жүчээнд өнөө морьдыг нь тусгай хүмүүс тэжээнэ. Аав, ээжүүдийн хувьд хөвгүүдээ амралтын өдрүүдээр нь морин дээр нь аваачаад байхад л номхон морины тоо нэмэгдээд ирнэ. Малчид морио унаж эдэлж номхон болгоод бойнд биш, тэр жүчээнүүдэд авчирч өгөхдөө илүү дуртай байна. Номхон морины тоо өсөөд ирэхээр Засгийн газар жинхэнэ зохион байгуулалтаа хийх боломжтой болно. Тэр хүртэл тодорхой хугацаа зарна л даа. Гэхдээ цаад зах нь дөрвөн жилийн дараа түмэн морин цэргийн парад хийх боломж бүрдэнэ.

-Монголчуудын талаас хол илүү хувь нь хот суурин газрын амьдралд шилжчихсэн. Адуугаар хүүхэд хүмүүжүүлнэ гэхээр гайхах хүн олон болсон байх. Адуутай ойр өсвөл хүүхдийн хүмүүжилд ингэж тэгж нөлөөлдөг гэсэн бодит түүхүүдээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Тийм түүх олон шүү. Адууны асрамжийн газрыг маань сурвалжилсан сурвалжлагын дараа хүүхдийг адуугаар хүмүүжүүлсэн туршлагатай нэг хүн манайхыг зорьж ирээд надтай уулзсан юм. Монголын каскадёрын буюу орлон тоглогчдын холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатарыг монголчууд андахгүй байх. Яармагт морин харваа хийдэг залуу. Тэр залуу “Чиний ярьж байгаа юм яг миний мэддэг зүйл байна. Хоёулаа нэгдье” гэсэн л дээ. 50 гаруй хүүхэд өргөж авсан, өргөж авсан хүүхдүүдээс нь дэлхийн хэмжээний кинонд орлон тоглогчоор ажилласан хэд хэдэн залуу бий. Нэг нь “Мулан” кинонд орлон тоглогчоор оролцсон. “Марвел” киноны зураг авалт Австралид болсон доо. Тэнд хэдэн залуу орлон тоглогчоор оролцсон. Том Хэнкстэй хамт карантилагдлаа энэ тэр гээд шуугьсан даа, тэр залуус Б.Болдбаатарын бэлдсэн хүүхдүүд. Болдоо надад нэг түүх ярьсан юм. Найз нь PC, коланд донтсон дунд чөмөг нь тахийчихсан хүүгээ дагуулаад ирж л дээ. “Хажуудаа байлгаж хүн шиг хүн болгоод өг” гээд зориод ирж. Болдоо өнөө хүүд “Мойлхон” гэдэг морио зүсэлж өгөөд “За чи энэ морийг унахгүй шүү. Тэжээгээд, ярилцаад, хамтдаа алхаад бай” л гэж. Тэр хүү одоо Каскадёрын холбооных нь орлон тоглогч, том залуу болсон гэсэн. Морин харваа сонирхож ирсэн хүүхдүүдээс хайр халамж дутуу, ээж, аавгүй нь Болдоогоос салдаггүй юм билээ. Тийм хүүхдүүдээ өргөж аваад, адуутай ойрхон өсгөж хүмүүжүүлж сайхан амьдралд хүргэж яваа буянтай залуу. “Мулан” киноны гол дүрийн орлон тоглогч дэлхийн алдартай эмэгтэйтэй ойр харилцаатай ажилладаг, өнөө бүсгүйгээр дамжуулж хүүхдүүдээ гадагшаа тэтгэлэгтэй сургуульд явуулдаг гэсэн.

-Танай адууны асрамжийн газарт хүүхдүүд хэр очиж байна вэ?

-Манайхыг сурвалжилснаас хойш аав, ээжүүд их хандаж байгаа. Хүүхдүүд ч их залгаж байна. Зорьж ирэх хүүхдүүд өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа. Би нэг зүйл анзаарсан. Хүүхдийн анхаарал адуутай байх үедээ 100 хувь төвлөрдөг шиг санагддаг. Манай адууны асрамжийн газарт нэг хүү хаваржингаа өнжиж IELTS-т бэлдсэн юм. Морио унаад шугуй руу ороод таг чиг болчихдог байлаа. Тэнд яг яадгийг нь сонирхоход “Морио чөдөрлөчихөөд идүүлэх зуураа үгээ цээжилдэг. Морины идэж байгаа чимээнд үг цээжлэхээр мартдаггүй юм” гэж хэлсэн шүү. Б.Болдбаатарын хэлсэн нэг явдал санаанд орчихлоо. Болдоо нэг хүүд морь зүслээд өгч л дээ. Морин дээрээ байнга ирдэг хүү аавдаа “Би энэ жил төрсөн өдрөө тэмдэглэхгүй байхаар шийдлээ, та миний төрсөн өдөрт зарцуулах мөнгөөрөө моринд маань тэжээл авч өгөөрэй” гэсэн байгаа юм. Хайр дагаж хариуцлага ирдгийг хүү хэнээр ч хэлүүлэхгүй сурчихсан байгаа биз. Хүүхдийг мориор дамжуулж хүмүүжүүлэх хуучны монгол арга нь хөдөө бэлээхэн байна, тэр ахуйг суурин газрын хүүхдүүдтэй түрүүн та бид хоёрын ярьсан жишиг загвараар уяж чадвал эдийн засаг, нийгэмд маш том эерэг нөлөө үзүүлж чадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 927 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 927 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 829 нь Улаанбаатар хотод, 98 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 58439 боллоо.

Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 276 болж байна.

  • 79 настай эмэгтэй
  • 44 настай эмэгтэй
  • 76 настай эмэгтэй
  • 57 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 682 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 50436 болов.

Одоогоор 4475 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн- 2393
  • Хүндэвтэр- 1534
  • Хүнд- 436
  • Маш хүнд -112 хүн байгаа юм.

Халдвартай иргэдийн ойрын хавьтлуудаас гадна иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч байгаа нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна.

Иймд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, илүү сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

​Монгол Улс элэгний Д вирусийн эсрэг эмийг бүртгэж, “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгохоор болжээ


Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн Пүрэв гаригт болж, элэгний Д вирусийн эсрэг “Bulevirtide (Hepcludex)” эмийг өнчин эмийн жагсаалтад оруулах асуудлыг дэмжив.

Ингэснээр манай улсад уг эмийг бүртгэхгүйгээр яаралтай оруулж ирж, эмчилгээнд хэрэглэх боломж бүрдсэн байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай байгаа ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм болон яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмэнд импортын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн импортын болон үндэсний үйлдвэрийн эмийн бүртгэл, бүртгэлийн сунгалт, өөрчлөлтийн нийт 100 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ОХУ-ын SARS-CoV-2 вирусийн эсрэг “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгохоор болсон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт тогтоосон хөл хориог дахин сунгалаа

“КОВИД-19”-ын цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор 2021 оны зургадугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо гэж Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ

Categories
мэдээ цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ. Түүнийг тавдугаар сарын 30-ны өдөр Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын БН Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв.

Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр-гэр музей”-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.

ОХУ-ын БН Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн Улаан-Үд хотноо хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад улсад байгаа 7394 сонгогчийн 44.6 хувь нь саналаа өгөөд байна

Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна.

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон тухай өмнө мэдээлсэн билээ. Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 44 Салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 44.6 хувь буюу 3299 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

Анкара хот дахь Салбар комисс

10 сонгогч – 28.6 хувь

Бангкок хот дахь Салбар комисс

29 сонгогч – 80.6 хувь

Берлин хот дахь Салбар комисс

225 сонгогч – 54.6 хувь

Брюссель хот дахь Салбар комисс

90 сонгогч – 54.2 хувь

Бишкек хот дахь Салбар комисс

17 сонгогч – 77.3 хувь

Будапешт хот дахь Салбар комисс

95 сонгогч – 30.3 хувь

Бээжин хот дахь Салбар комисс

70 сонгогч – 83.3 хувь

Варшав хот дахь Салбар комисс

76 сонгогч – 47.8 хувь

Вашингтон хот дахь Салбар комисс

30 сонгогч – 4.9 хувь

Вена хот дахь Салбар комисс

69 сонгогч – 42.3 хувь

Вьентьян хот дахь Салбар комисс

30 сонгогч – 100 хувь

Гавана хот дахь Салбар комисс

16 сонгогч – 66.7 хувь

Дели хот дахь Салбар комисс

9 сонгогч – 56.3 хувь

Каир хот дахь Салбар комисс

13 сонгогч – 72.2 хувь

Канберра хот дахь Салбар комисс

505 сонгогч – 65.8 хувь

Кувейт хот дахь Салбар комисс

7 сонгогч – 100 хувь

Лондон хот дахь Салбар комисс

54 сонгогч – 28.9 хувь

Москва хот дахь Салбар комисс

69 сонгогч – 60 хувь

Минск хот дахь Салбар комисс

18 сонгогч – 90 хувь

Нурсултан хот дахь Салбар комисс

15 сонгогч – 75 хувь

Оттава хот дахь Салбар комисс

14 сонгогч – 20.6 хувь

Парис хот дахь Салбар комисс

37 сонгогч – 44 хувь

Пхеньян хот дахь Салбар комисс

0 сонгогч – 0 хувь

Прага хот дахь Салбар комисс

59 сонгогч – 28 хувь

Ром хот дахь Салбар комисс

9 сонгогч – 39.1 хувь

Софи хот дахь Салбар комисс

15 сонгогч – 62.5 хувь

Сөүл хот дахь Салбар комисс

521 сонгогч – 48.4 хувь

Стокгольм хот дахь Салбар комисс

108 сонгогч – 46.4 хувь

Сингапур

40 сонгогч – 61.5 хувь

Токио хот дахь Салбар комисс

533 сонгогч – 64.3 хувь

Ханой хот дахь Салбар комисс

25 сонгогч – 92.6 хувь

Женев хот дахь Салбар комисс

81 сонгогч – 50.9 хувь

Нью-Йорк хот дахь Салбар комисс

12 сонгогч – 11.9 хувь

Истанбул хот дахь Салбар комисс

37 сонгогч – 21.9 хувь

Сан-Франциско хот дахь Салбар комисс

6 сонгогч – 1.3 хувь

Осака хот дахь Салбар комисс

81 сонгогч – 66.9 хувь

Кызыл хот дахь Салбар комисс

21 сонгогч – 100 хувь

Улаан-Үд хот дахь Салбар комисс

47 сонгогч – 48 хувь

Эрхүү хот дахь Салбар комисс

33 сонгогч – 73.3 хувь

Хөх хот хот дахь Салбар комисс

20 сонгогч – 33.3 хувь

Хонгконг хот дахь Салбар комисс

16 сонгогч – 69.6 хувь

Шанхай хот дахь Салбар комисс

18 сонгогч – 54.5 хувь

Эрээн хот дахь Салбар комисс

34 сонгогч – 41.5 хувь

Пусан хот дахь Салбар комисс

79 сонгогч – 51.3 хувь

Манжуур хот дахь Салбар комисс

6 сонгогч – 100 хувь

Нийт саналаа өгсөн

3299 сонгогч

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ