Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр танилцаж ажиллав.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан бөгөөд засал, гологдол засварлах ажил энэ онд хийнэ.
“Багц-3”-ыг гүйцэтгэхээр ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршуулан ажиллаж байна. Одоогоор замын эхний давхарга болох зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.
“Багц-5” ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувьтай явна.
“Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.
Уг бүтээн байгуулалтын ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК, “Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж буй.
Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна. Сайд Л.Халтар авто замын бүтээн байгуулалтыг газар дээр нь үзэж танилцах явцдаа гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо хэчнээн хэмжээний машин техник, тоног төхөөрөмж, хүн хүчтэй ажиллахаар тооцож төлөвлөж батлуулсан, одоогоор яг талбай дээр түүнээс хэчнээн нь ажил гүйцэтгэж байгаа тоог өдөр бүр мэдээлэх үүрэг өгөв.
Мөн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхжүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө. Ковид-19 цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.