Categories
мэдээ улс-төр

НББХ: Өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.05.04/ 11 цаг 36 минутад 57,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7 дахь хэсэгт заасны дагуу тус Байнгын хорооноос Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг боловсруулж, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:

“7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.”

2 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.”

4 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “эцэг, эсхүл” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэнтэй холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Тав дахь шинэ Үндсэн хуулийг батлах цаг болсон

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурсан. Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ хоёр том зарчмын асуудлыг урьдчилан тохирсон.

Нэгдүгээрт жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Намын гишүүд энэ уриалгыг дэмжсэн. Тус уриалгад үндэслэн гэрээ байгуулсан. Гэрээнд нэгдэн нийлэх үйл явцад ямар том асуудлуудыг оруулахыг хэлэлцсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна. Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий.

Хоёрын намын нэгдлийн хамгийн гол шалтгаан нь үндсэн хуулийн өөрчлөлт. Шинэ Үндсэн хууль буюу тав дахь Үндсэн хуультай больё гэж байна. Шинэ Үндсэн хуулийг батлах цаг нь болсон. Дэлхий нийтэд 25 жил тутамд нэг удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталдаг.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: МАХН-ын 11 дэх Бага чуулган өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчийг дэмжих тухай тогтоол гарсан. Мөн МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг тогтоож, төлөөлөгчдийн журмыг баталсан. МАН болон МАХН нэгдэн нийлж том зорилгын төлөө цаашид явахаар болсон. Бага чуулганаар мөн нэгдэн нийлэх хамтын ажиллагааг баталгаажуулсан

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймагт 3.5 магнитудаас дээш 200 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Мөн тус газарт 12 минутын дараа 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, давтан хөдлөлт 2 удаа бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 200 удаагийн хөдлөлт болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хулгайтай холбоотой 12 дуудлага бүртгэгдэж, 122 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 842, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 38 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 45, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 84, хүний биед халдсан 28, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 56, эрүүлжүүлэгдсэн 122, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэтхэг улсаас ирсэн 16 хүнээс халдвар илэрлээ

Улсын хэмжээн коронавирусийн халдварын 1015 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 40396 боллоо.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Энэтхэг- Улаанбаатарын онгоцоор ирсэн Энэтхэг улсын 16 иргэн коронавирусийн халдвар авсныг хоёр дахь шинжилгээгээ тогтоожээ. Энэ хүмүүс Дорноговь аймагт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт энэ онгоцоор ирсэн 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөл нэг нь Улаанбаатарт эмчлүүлж буй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1015 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1015 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 895 нь Улаанбаатар хотод, орон нутагт 103, зөөвөрлөгдсөн 16, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна.

Зөөвөрлөгдсөн тохиолдлыг авч үзвэл дөрөвдүгээр сарын 16-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдээс илэрсэн.

Харин орон нутагт: Дархан 14, Орхон 21, Хөвсгөл 1, Завхан 23, Ховд 3, Төв 10, Сэлэнгэ 4, Говьсүмбэр 4, Сүхбаатар 2, Говь-Алтайд 13 тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 40396 боллоо.

Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 126 болж байна.

  • 83 настай эмэгтэй
  • 80 настай эрэгтэй
  • 69 настай эмэгтэй
  • 57 настай эрэгтэй
  • 66 настай эрэгтэй
  • 80 настай эмэгтэй
  • 71 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Мөн коронавирусийн шалтгаан бусаар 70 настай эрэгтэй бөөрний архаг дутагдлаар нас барсан байна.

Сүүлийн 24 цагт 1401 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 24333 болов.

Биеийн байдал маш хүн 121 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгын хийцэд таван хүн дарагджээ

Өчигдөр Ховд аймагт барилгын хийцэд таван хүн даруулсан ноцтой осол гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.

ОБЕГ-ын мэдээлснээр тус аймгийн Буянт сумын нутаг Хөхбулан гэх газарт шинээр дээр баригдаж буй цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нуржээ.

Ослын дуудлага өчигдөр орой 20.43 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу 21.43 цагийн үед аврах багийнхан очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан барилгын хийцэд 22-51 насны таван эрэгтэй дарагдаж, бэртсэн байсныг эсэн мэнд гаргажээ.

Ослын газарт өнөөдөр аймгийн Ажлын хэсгийнхэн ажиллах юм байна. Одоогоор тус газрын үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ. Гэмтсэн дөрвөн иргэний биеийн байдал хэвийн байгаа бол нэг хүний бие хүндэвтэр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 148.800 тун Синофармын Веросел вакцин ирнэ

Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Веросел вакциныг татан авах ажил үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.

Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд 334.400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316.800 тун вакцин хүлээн авчээ.

Ингэснээр Веросел вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2.151.200 болжээ.

Өнөөдөр 148.800 тун вакцин ирэх юм байна.

Нийслэлийн хэмжээнд 1.037.675 хүн буюу 50.2 хувь I тунд, 494,847 нь буюу 23.9 хувь нь II тун вакциндаа хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгоно

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан.

Уг зээл нь хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгох юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна.

Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

НООЛУУР БЭЛТГЭЛИЙН ЗЭЭЛ

Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.

Зээл олгох хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал

Ноолуур бэлтгэлийн зээлд дараах шаардлагыг хангасан байна.

Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгж байх;

Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗЭЭЛ

Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;

Зээл олгох хугацаа: 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал

Хаврын тариалалтын зээл авахад дараах шаардлагыг хангасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

Өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх (гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх);

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-с дээш байх;

Өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх;

Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш байх;

2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ;

Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.

МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ

Зориулалт: Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох;

Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл

Зээл олгох хугацаа: 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сараас хэтрэхгүй

Малчдыг дэмжих зээлд хамрагдах малчин, мал бүхий этгээд дараах шаардлагыг хангасан байна.

Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;

Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: Энэ сарын 3-наас 6-нд, 15-ны үеэр салхи ширүүсч, хүйтрэх төлөвтэй байна


Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байгаа талаар “Ус цаг агаар орчны судалгаа мэдээллийн хүрээлэн”-гийн урт хугацааны инженер Д.Доржпүрэвээс тодрууллаа.


-Монголын бүс нутгуудаар тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвтэй ямар байна вэ?

-Энэ тавдугаар сард Монгол орны зүүн хагас талдаа тодруулбал зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод говийн бүсийн Дундговь, Дорноговь, мөн төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган аймгийн нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд зүүн бүс Дорнод аймгийн хувьд олон жилийн дунджаас бага, Өмнөговь аймгийн нийт нутаг, Дорноговь аймгийн урд хэсэг замын үүдээр олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй. Харин баруун бүс Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага орно. Төвийн бүс нутаг Баянхонгор аймгийн хойд хэсэг, Архангай аймгийн баруун хэсэг, Хөвсгөл аймгийн нийт нутгуудаар олон жилийн дунджаас их хур тунадас орох төлөвтэй байна. Дүгнээд хэлбэл тавдугаар сарын хур тунадасны хэмжээ Их нуруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас их, Дорнод Монголын талын хойд хэсэг буюу Дорнод аймгийн нийт нутаг Өмнөговь, Дорноговийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орно гэсэн үг.

-Энэ сард цаг агаарын ноцтой үзэгдэл болохоор байна уу?

-Энэ сард Монголын нийт нутгаар цаг агаарын хоёр том Модуль орж ирнэ. Тавдугаар сарын 3-наас 6-ны хооронд мөн тавдугаар сарын 15-ны үеэр салхи ширүүсч хүйтрэх төлөвтэй байна. Агаарын температур ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2–4 хэм хүрч ширүүснэ, говийн нутгаар 3–8 хэм хүрч ширүүсч хүйтэрнэ. Салхины хурд ихэнх нутгаар 14-16 м/с Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20–24 м/с хүртэл ширүүс ч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

-Тавдугаар сард тариалангийн гол ажил явагддаг. Салхи ширүүсч хүйтэрнэ гэж байна. Хөрсөн дээр цочир хүйтэрлийн хугацаа хэдийгээр байх вэ?

-Газар тариалангийн бүс нутаг Орхон, Сэлэнгийн нутгаар тавдугаар сард орох хур тунадасны хэмжээ жил бүрийн тавдугаар сард их байдаг. 20–30мм хур тунадас ордог. Тавдугаар сард агаарын температур хамгийн хэлбэлзэлтэй байдаг үе. Тийм учраас гэнэт хүйтэрч хөрсөн дээр шөнөдөө хүйтэн хонох үе байна. Хаврын тариалалт тархалтын зургаас харахад тавдугаар сарын 05-наас 30-ны хооронд сүүлчийн цочир хүйтрэлт ажиглагдсан. Энэ жилийн газар тариалангийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан мөн олон жилийн дундаж хавьцаа хур тунадастай байх төлөвтэй байгаа.

-Олон жилийн дунджаас ямар байх төлөв ажиглагдаж байна?

-Энэ жил тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч зүүн болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байгаа. Мөн үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүй байна. Хиймэл дагуулын мэдээгээр дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар 3 аймгийн 4 суманд 6 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Иймд та бүхнийг хаврын хуурайшилтын үеэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голын эхээр битүү мөсөн бүрхүүлтэй хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний үлдэгдэл мөс хайлж, мөсний нягт багасан мөс өргөгдөн хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.