Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийслэл рүү орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй” гэв

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд тус дугаарт иргэдээс нийт 354 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 12 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 28 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 154 буюу 43.5 хувийг машин ачилтын талаар, 67 буюу 18.9 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар, 52 буюу 14.7 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу авахаар залгасан байна.

Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 26-ны 10 дугаар хурлын тэмдэглэлээр Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/ тээвэрчдийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, халдвар бүртгэгдсэн газраас PCR шинжилгээний хариуг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг хориглоно гэж заасан.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хот хооронд зорчихтой холбоотой түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

-Буяны ажил гарсан тул яаж орон нутаг руу явах вэ?
-Буяны ажлаар орон нутаг руу явах тохиолдолд тухайн Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймаг руу буяны ажлаар 5-аас доош хүнтэй явах тохиолдолд nok@ulaanbaatar.mn хаягаар хүсэлтэй илгээж, НОК-оос зөвшөөрөл олгоно. Хүсэлтэд талийгаачийн овог, нэр, регистрийн дугаар, ажил явдалд оролцох гэж байгаа хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаар, тээврийн хэрэгслийн дугаар, аль аймгийн аль сум руу явах хүсэлтэй байгаа талаарх мэдээллийг тодорхой тусгаж, нас барсны гэрчилгээ, эсвэл эмнэлгийн хуудсыг хавсаргана.

Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоох /буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас зөвшөөрөл авна.

-Улаанбаатар хот руу ямар тохиолдолд орох вэ?
-Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй. Халдвар бүртгэгдээгүй бүс нутгаас ирэх тохиолдолд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор асуумж бөглөөд орно. Харин халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирэх тохиолдолд 72 цагийн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлнэ.

-Уул уурхайн ажилчид ээлжээ яаж солих вэ?
-Уул уурхайн ажилчдын ээлж солилцох тохиолдолд тухайн байгууллага нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нэгдсэн байдлаар хүсэлтээ гаргана. Тус яамнаас ээлж солилцох ажилчдын мэдээллийг нэгтгэн НОК-д ирүүлнэ.

Эх сурвалж: НЗДТГ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн гаргасан хатуу хөл хорио тогтоохгүй байх уриалгыг дэмжиж, Засгийн газарт санал хүргүүллээ

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна.

Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдад санал болголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

“Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Монгол Улс анх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн боомтууд болон зарим байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж эхэлсэн. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр коронавирус /КОВИД-19/-ний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл 3 удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 50 хоног хатуу хөл хорио тогтоосон. Одоо хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа 16 хоногийн хугацааг нэмж тооцвол, дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойших 5 сар буюу 150 гаруй хоногийн 66 хоногт нь хатуу хөл хорио тогтоож, эл хугацааны 44 хувьд нь бүрэн зогсоосон байх тооцоо гарч байна.

Гэвч удаан хугацааны хязгаарлалт, олон удаагийн хөл хорио нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих гэхээсээ илүүтэй ард иргэдийн орлого багасаж, хэвийн амьжиргаа доройтох, үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшил, бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэргүүтэй баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улс орны эдийн засгийн эргэлт саармагжих, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсэхэд ноцтой үр нөлөө үзүүллээ.

Өнгөрсөн жилийн эхнээс төгсгөл хүртэл дотооддоо халдвар алдаагүй байх тааламжтай хугацаанд гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт өгсөн хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ бодитойгоор дэмжих, цар тахалтай тэмцэхэд эмч, эмнэлгийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, иргэдээ бүрэн дархлаажуулах вакциныг цогцоор нь шийдвэрлэх, дотооддоо оношлуур, вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх ч бүрэн боломжтой байсныг энд дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь Засгийн газар эдгээр ажилд туйлын учир дутагдалтай хандсан төдийгүй вакцин худалдан авах төсвийг дээрх хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээс шийдээгүйгээр үл барам улсын төсөвт ч суулгалгүй орхигдуулж, ахин гадны хандив тусламжаар шийдвэрлэх талаар хүртэл ярилцаж, зөвхөн хорио цээр, хязгаарлалтад найдан, дорвитой ямар ч бэлтгэл хангалгүйгээр цар тахалтай нүүр тулсан нь дотоодод халдвар тархсан, цар тахал улс орон даяар нүүрлэсэн эдгээр өдрүүдэд олон нийтэд улам ил тод болсоор байна.

Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хүлээцтэй даган биелүүлж, урт хугацаанд үргэлжилсэн хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хориог тэвчээртэйгээр даван туулсаар ирсэн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр Засгийн газар цаашид өөрсдийн бодлого төлөвлөлт муутай, хариуцлага, хяналт, зохион байгуулалтгүй үйл ажиллагааныхаа бурууг үүрүүлэх нь туйлын зохисгүй бөгөөд эдийн засгаа эргэн сэргэхгүйгээр уруудуулан доройтуулах явцыг дэмжиж байна гэж ойлговол зохилтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг дэмжиж, хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр халдварыг хумих гарц шийдэл байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн орлого олох боломжийг хязгаарлаж; үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг хадгалж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн эдийн засгийн эргэлтийг зогсоож байгаагаас үүдэлтэй үр дагаврыг өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох замаар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхдээ миний бие өмнө нь Улсын Их Хурал, Засгийн газарт тавьсан санал ёсоор 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэнэ үү хэмээн дахин санал болгож байна.

Дээрх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

​Салаан захирагчдаа зодуулсан цэргийн алба хаагч нас баржээ

Салааны захирагчдаа зодуулж, хүнд бэртэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ.

“Талийгаач гуравдугаар сарын 29-ний 01:39 цагт ухаангүй, биеийн байдал хүнд, комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, Эрчимт эмчилгээний тасагт хүлээн авсан. Ингээд тархины хатуу хальсан доорх цус харвалт, амьсгал зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор эмчилгээ хийж байсан бөгөөд 30-ны өдрийн 23:15 цагт нас барсан” гэсэн мэдээллийг ТТАХНЭ-ийн эх сурвалж хэллээ.

Хэргийн талаар эргэн сануулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа талаар албаныхан мэдээлж байв.

“Дэслэгч Г-тэй холбогдох хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд тухайн анги байгууллагын удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн Хуурай замын цэргийн командлалын удирдлага, ЗХЖШ-аас ч хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр хэлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Коронавирусийн 377 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 10652 хүнд PCR шинжилгээ хийхэд 377 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 328 нь Улаанбаатар хотод, орон нутагт 49 байна. Тодруулбал, Сэлэнгэ 4, Дархан 16, Архангай 7, Төв 5, Хөвсгөл 45 Увс 1, Өвөрхангай 6, Булган 4, Ховд 1 тохиолдол байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо.

Халдвар авсан 69 болон 84 настай иргэн нас барсан байна.

Сүүлийн 24 цагт 95 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4920 болов.

Өнөөдрийн байдлаар1902 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн: 1637

Хүндэвтэр: 219

Хүнд: 34

Маш хүнд: 12 хүн байна” гэв.

Categories
гадаад мэдээ

“Sputnik V” вакциныг Хятадад үйлдвэрлэнэ

ОХУ-д анх бүтээсэн “Спутник V” вакциныг ирэх тавдугаар сараас Хятадад үйлдвэрлэхээр болжээ. Уг асуудлаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Хятадын “Shenzhen Yuanx­ing Gene-tech” компанитай хэлэлцээ хийж, 60 сая гаруй тунг үйлдвэрлэхээр тохиролцсон байна. Ковидын эсрэг 91.6 хувийн үр дүнтэй уг вакциныг Хятадаас гадна Энэтхэг улсад үйлдвэрлэж байна. “Спутник V” вакцин нь 57 улсад бүртгэгдээд байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 37 километрын зайд өнөөдөр /2021.03.31/ 08:01 цагийн орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэхүү газар хөдлөлт нь нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт болсон магнитуд 6.5-тай газар хөдлөлтийн давталт хөдлөлт гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж​ Дээд шүүхэд шаардлага хүргүүлэв

“Нэхүүл” хөдөлгөөний залуус С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай нэгдэн Дээд шүүхэд шаардлага хүргүүллээ.

“Нэхүүл” хөдөлгөөн “Бид С.Содномдаржаа болон Т.Чимгээг суллахыг шаардаж Дээд шүүхэд шаардлага хүргүүлж байна. Өглөө 09:00 цагт Талбай дээрээс Дээд шүүхийн гадаа ирсэн байна. Бид зургаан өдөр Сүхбаатарын талбай дээр жагсаж байна. Манай хөдөлгөөний зүгээс Т.Хүрэлбатыг батлан дааж гарын үсэг зурсан” гэв.

Т.Хүрэлсүх ” Өнөөдөр миний хийж буй энэ зүйл дүүгээ гаргаад авчих юмсан гэсэн сэтгэлээр л ингэж явж байна. Тэнд манай ээж бие сэтгэлээрээ дарамтанд орж байна. 20-иод хүний амьдралыг үрэн таран хийлээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 101 тохиолдол гарчээ

Энэ сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1363 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1165, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 98, гэмт хэргийн шинжтэй 50 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 58, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 101, хүний биед халдсан 53, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 83, эрүүлжүүлэгдсэн 180, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 74 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ

“Жо Байден Ким Жөн Унтай уулзах бодолгүй байгаа” гэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзах бодолгүй байгаа талаар Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакига уламжилжээ. Тэрбээр АНУ-ын төрийн тэргүүн БНАСАУ-тай дипломат гэрээ байгуулах тухай хэлэлцсэн. Гэвч өөрийн биеэр Ким Жөн Унтай уулзах бодолгүй байгаагаа илэрхийлсэн гэжээ. Умард Солонгосын тал өнгөрсөн долоо хоногт нэг бус удаа пуужингийн туршилт явуулсан. Япон тэнгисийг чиглүүлэн харвасан пуужин тодорхой хугацааны дараа далайд унасан. Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ “Энэ нь зөвхөн манай улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд аюул заналхийлсэн хэрэг боллоо” гэж мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 40 цэг ажиллана

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд дархлаажуулалтын 40 цэгт 93 багийн 654 эмч, ажилтан ажиллана. 10 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

No description available.