Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд тарсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр, хоёрдугаар сарын 28-ны өдөр 21:30 минутын үед цагдаагийн байгууллагад иргэн Т.Дэлгэрмөрөнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлага мэдээлэл гэр бүлийн хүнээс нь ирсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас дуудлагыг бүртгэн авч, шалгалт үргэлжилж байна гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энхбаяр: Шүүхэд итгэх иргэдийн итгэл унаж буйн жинхэнэ хохирогч нь шүүгчид биш, олон нийт

УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа.


-Намрын чуулганаар шүүхийн салбарт реформ болсон том хуулийг барьж авч батлууллаа. гэхдээ хуульд алдаа завхрал байж болохгүй. энэ хуулиар шЕЗ, сахилгын хорооны гишүүдийн дийлэнхийг нь уих-аас томилохоор зохицуулсантай холбоотойгоор нийгэмд хардлага, сэрдлэг байна. Тодруулбал, улстөрчид Шүүхийн сахилгын хороогоор дамжуулж шүүгч нарыг өөрийн эрхшээлдээ байлгах, Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг гэгддэг шүүх Ерөнхийлөгчөөс бус олонх болсон намаас хараат болчихож байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Үүнээс яриагаа эхлэх үү?

-Шүүхийн тухай хуулийг батлахдаа өнөөдөр парламентад суудалтай намуудын хүчний харилцаа, эсвэл Ерөнхийлөгч хэн байна, аль намаас нэр дэвшиж сонгогдсон гэдгээс үл хамаарч баталсан. Ер нь шуудхан хэлэхэд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч батлахыг хүссэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН-аас өөр нам парламентад олонх болж л байсан. Хамтарч засаг барьж байсан ч үе бий. Ерөнхийлөгчийн тухайд ч мөн адил. Бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгосон, ажиллуулж байна. Улирч ажилласан, улираагүй ч Ерөнхийлөгч байгаа. Хуулийг батлахдаа голлон баримталсан гурван зүйл бий. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн үзэл санааг шингээж суулгасан. Үндсэн хуулийн үзэл санаа юу вэ гэхээр аль нэг эрх мэдэл, үнэмлэхүй жин дарж нөгөө эрх мэдэлдээ оролцохыг нэг талаас хязгаарлаж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэнд ч хянагдахгүй, хэнд ч дийлдэхгүй бүхнийг дарангуйлагч бий болох нөхцөлийг хязгаарласан байдаг. Тиймээс төрийн эрх мэдлийн харилцан зарчим гэж бий. Энэ зарчмыг барьж баталсан Үндсэн хууль гэж байгаа.

Шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор буюу босоо удирдлагатай тогтолцоо руу оруулчихсан. Гэтэл шүүх эрх мэдэл гэдэг нь хууль тогтоох, хуулиа хэрэглэж, хэрэгжилт буюу гүйцэтгэх эрх мэдлийг илүүтэй хянадаг. Хууль зөрчсөн янз бүрийн алдаа завхрал гарвал хэнээс ч үл хамаарч ял шийтгэлийг ногдуулж байх ёстой. Ийм л засаглал шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгчийг шүүх эрх мэдлийнхээ хаан болгочихсон. Хаанаар өргөмжлөхдөө бүр хэмжээгүй эрхт хаан болгочихсон.

Яагаад ингэж хэлж байна гэхээр Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид шүүх эрх мэдэлд оролцдог хоёр эрх бий. Нэгдүгээрх нь, бүх шатны шүүгчдийг томилж чөлөөлнө. Хоёрдугаарх нь, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилно. Үндсэн хуульд заасан энэ эрх мэдлийг нь Шүүхийн тухай хуулиар хөндөөгүй шүү дээ. Хэвээрээ байгаа. Хүмүүс УИХ бүх эрх мэдлийг авчихлаа гэж хараад байгаа юм. Ерөнхийлөгчид бүх шатны шүүгч нарыг томилж, чөлөөлөх эрх мэдэл нь хэвээрээ бий. Тодорхой хэлбэл, шүүгч нарын томилгоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл буюу шүүгч нарыг сонгон шалгаруулдаг байгууллагын томилгоо, Шүүхийн ёс зүйн хороо буюу шүүгч нарт хариуцлага тооцдог байгууллагын томилгоо бүгд Ерөнхийлөгчийн мэдэлд 100 хувь байгаа. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдэд ямар хүмүүс ажилладаг вэ гэдгийг жишээлбэл би мэдэхгүй. Ямар хүмүүс ажилладаг, ямар шалгууртай, яаж сонгон шалгаруулдаг юм бэ бүү мэд. Ерөнхийлөгчийн өөрийн дур зорго, үзэмжийн асуудлаар томилдог. Иймээс л хэмжээгүй эрхт гээд байгаа юм. Ард иргэд битгий хэл хууль тогтоогчид ч мэдэхгүй, танихгүй байна. Хаалттай хаалганы цаана ханцуйн дотор юм болоод байна шүү дээ. Дэлхий нийт болоод манай сонгогчид өөрчлөгдөж байна. Хууль тогтоогчид бид ч манлайлж өөрчлөхийг хүсч байна. Дараа гэж аргалах юм байхгүй. Байгаа үедээ байсан шиг байгаад бодитойгоор өв үлдээхийг хүсч байна. Тиймээс энэ асуудалд амбицтай хандаж байгаа юм. Шүүхийн хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож гаргаагүй шүү дээ. Жишээлбэл, манай намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн ялж болно шүү дээ. Тиймээс нам харгалзаж хэнд нь ч давуу эрх өгөөгүй байгаа биз дээ. УИХ давуу эрх мэдэл авсан гээд байгаа бол ямар давуу эрх мэдэл авсан юм бэ. УИХ Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг санал болгоогүй. Нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ гэж байгаа юм. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хүн бүр оролцох эрхтэй. Иргэддээ боломж олгох гээд байна. Нээлттэй, хяналттай, ойлгомжтой, тодорхой болгох гээд байгаа юм.

Шүүгч нарын ёс зүй алдагдсан асуудал нийгэмд дуулиан болж байхад хүмүүс ёс зүйн хороонд ямар байгууллага байдаг, хэн ажилладгийг мэдэхгүй байгаа юм. Би ч мэдэхгүй байна. Сая хэлсэн. УИХ, Засгийн газар шүүхийн томилгооны асуудалд оролцдоггүй. Гэхдээ хамгийн гол нь оролцох гээд байгаадаа биш. Шүүгч нарыг сонгон шалгаруулдаг ШЕЗ, хариуцлага тооцдог Сахилгын хорооны гишүүдийн 50 хувийг томилох процессыг олон нийтийн хэлэлцүүлгээр оруулах гээд байгаа юм. Нээлттэй сонгон шалгаруулалт хийж ард иргэдэд мэдээлэл өгөх гээд байгаа юм. Ямар хүн болох гээд байна, цэвэр ариун намтартай, хүний барьцаанд орохооргүй мэдлэг туршлагатай, хар мөргүй ийм хүмүүс ажиллаг гэж л УИХ нээлттэй сонсгол хийх гээд байгаа юм. УИХ гэдэг чинь ч ганц олонх биш. Цөөнх ч байгаа. Энэ удаагийн парламент цөөнхийн бүлэгтэй. Бие даагчийн төлөөлөлтэй. Эрдэнэтээс бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг гишүүн энэ хуулийн ажлын хэсэгт маш идэвхтэй, олон санаачилга гаргаж, ажил хэрэгчээр оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр амралтын өдрүүдэд ч амраагүй. Энэ мэтээр хяналттай явдаг. Нэг дарга хэлэнгүүт “Мэдлээ гүйцэтгэе” гэсэн зүйл байдаггүй. Хүмүүс тэгж хардаад байдаг юм шиг байгаа юм. УИХ-д биеэ зассан хүмүүс орж ирдэг. Биеэ зассан хүмүүс чинь өөрийн гэсэн толгойтой хүмүүс. Бас ч гэж зүрх, тархиныхаа сонсголыг ялгадаг хүмүүс орж ирж байгаа юм.

-Сахилгын хорооны гишүүд хэн нэгний барьцаанд орохооргүй бие даасан байх нь чухал болчихоод байна л даа. Шүүгч нар нэгнийхээ но дээр нь дөрөөлөөд өөртөө ашигтайгаар ажиллуулдаг байдал газар авчихсан гэгддэг. Тиймээс Сахилгын хорооны бие даасан байдлыг хангах, хорооны гишүүд бусад шүүгчдэд нөлөөлөхгүй байх нөхцөлийг яаж хангаж байгаа вэ?

-Шүүх нь шударга ажиллаж олон улсын загвар болж байгаа тэргүүн туршлагыг нэвтрүүлэхийг эрмэлзсэн. Хуулийг батлахдаа сайнаас гадна мууг бодож байж батлах ёстой байдаг. Таны асуусан шиг шүүгч нарыг дараа нь нээнтэглээд, Сахилгын хороо гэж бас нэг “хадны мангаа” гарч ирээд нөгөөдөхөөрөө дамжуулж шүүгч, шүүх эрх мэдлийг барьцаанд авчих вий гэдэг болгоомжлол бидэнд бүгдэд нь байсан. Би лав маш их болгоомжилж байсан. Жишээлбэл, Италийн шүүхийн хууль, системийг судалж байхад шүүгч нар зөвхөн хуульд заасан үндэслэл, заалтыг зөрчвөл хариуцлага тооцно гэдгийг хуульдаа маш тодорхой бичсэн хатуу хуультай юм байна лээ. Ингэхдээ тов тодорхой хэдэн үндэслэл, заалт бичсэн байсан. Яагаад ийм зохицуулалттай юм бэ гэхээр Италийн бүлэглэлүүд үгэнд орохгүй шүүгч нарыг их устгасан. Ялангуяа 1980-аад оны сүүлээр мафийнх нь 400 гаруй гишүүнийг баривчилж шийдсэн хоёр шүүгчийг хоёуланг нь устгасан. Тиймээс шүүгч нарыг зоригтой, шударга шийдвэр гаргах үүднээс хамгаалах ёстой. Ингэхийн тулд “Таныг хуульд зааснаас өөр үндэслэлээр хариуцлага ногдуулж, нээнтэглэхгүй. Хуульд заасан 40 заалтыг ёстой яс мөрдөх ёстой шүү” гэдгийг нэн тодорхой бичсэн. Тиймээс шүүгчид тэдгээр заалтыг зөрчөөгүй л бол хэнээс ч айхгүйгээр шүүхийн шийдвэрээ гаргах боломжийг нь олгож өгсөн.

-Энэ хуулиар Сахилгын хорооны шийдвэр эцсийнх байна. Тус хорооноос гаргасан тухайн шийдвэрт гомдол гаргах ямар нэг процесс байхгүй байхаар зохицуулсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим шүүгчид шүүмжилсэн. Энэ талаар?

-Үүнийг Дээд шүүхийнхэн их ярьсан. Шүүхийн тухай хуулийн төсөл яригдаж байхад ч, хэлэлцүүлэг хийж байхад ч их яригдсан. Насны залуугийнх байсан уу, эсвэл асуудал руугаа гүн орсных уу, үнэхээр ийм том хэмжээний асуудлыг хууль эрх зүйгээр дамжуулан шийдэх боломж олон гарахгүй гэж бодсоных уу би их шатаж тэмцэлдэж, ёстой “бэлтгэл цөмөрч” гэдэг шиг янз бүрийн эмоци гаргаж хатуу хөтүү үг хэлсэн нь энэ асуудал дээр байсан. Яагаад гэхээр дээр хэлсэн Шүүхийн ёс зүйн хороо гэдэг нь байна уу, үгүй юү. Ажлын хэсгийг ахалсан хүний хувьд янз бүрийн л юм сонсож байсан. Ёс зүйн хорооны гишүүдээс шүүгч нарыг дарамталдаг “Чиний хувь заяа миний гарт байна шүү. Ингэхгүй бол чамайг тэгнэ шүү” гэж оролддог, шийдвэрт нь нөлөөлдөг гэсэн зүйл сонсож л байсан. Ер нь ёс зүйн сахилга алдаж шийтгүүлж байсан шүүгч нарын тоо хэд ч байгаа юм. Даам гарчихсан хэдэн шүүгч байгаа шүү дээ. Би бүх шүүгч гэж хэлэхгүй. Демокритын “Хэрвээ юм байх ёстой хэмжээнээсээ дээшээ, эсвэл доошоо халивал сайхан биш болдог” гэсэн үг байдаг. Үүн шиг шүүгч нартай хариуцлага тооцдог байдал маш сул. Үүний нэг шалтгаан нь шүүгчийн ёс зүй сахилга алдсан шийдвэрийг шүүх өөрөө хянадаг байсантай холбоотой. Өөрөө өөрийгөө шүүж чадахгүй байна шүү дээ. Тиймээс сайндаа ч биш аргаа бараад Шүүхийн сахилгын хороо гээд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн байгууллагыг байгуулсан. Тиймээс ерөнхийлөгч дуртай үедээ өөрчилж сольдог одоогийн нөхцөлөөс нь салгаж Үндсэн хуулийн байгууллага болгож олон нийтэд танилцуулагдаж, шүүлтүүрээр орж сайн, муугаа хэлэлцүүлж байж тодорхой эрх дарх, хамгаалалттайгаар Сахилгын хороо гэх байгууллагад Шүүхийн хуулиар эрхийг нь өглөө. Сахилгын хорооны шийдвэр эцсийн байх ёстой. Ингэж байж шүүгчид айдаг болно. Тэгэхгүй бол өөрсдийн сахилга алдсан асуудлыг өөрсдөө хянадаг байснаас болж “намайг хэн хэлж нохойг хэн саах юм бэ” гэдэг хэмжээнд очсон нь ил боллоо шүү дээ.

-Шүүхийн тухай хуулийг батлах үеэр унагаах гээд, гацаагаад байгаа лобби бүлгийг хэлнэ гэдгээ та мэдэгдсэн. Ямар бүлгүүд тэгж гацааж байсан юм бэ. Та ил хэлье гэж байсан?

-Хуулийн хэлэлцүүлгийн шатанд өөрсдийгөө зарлачихсан шүү дээ. Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг 17 цаг хуралдаж рекорд тогтоолоо. “Монголын гениссийн ном”-д орно гэдэг шиг тасралтгүй 17 цаг хуралдсан анхны тохиолдол Шүүхийн хуулийг хэлэлцэж байхад гарлаа. Хуралдаан яагаад ингэж сунжирсан бэ гэхээр манай олон гишүүн, мөн дээд шүүх, шүүхийн оролцоо нөлөөлөл байсан. Байнгын хорооны хуралдаан ил явсан болохоор өөрсдөө ил гарсан. Хэн ямар байр суурьтай байна. Хэн хэний эрх ашгийг төлөөлж хамгаалж байна гэдэг нь ил болсон.

-Саяхан гурван шүүгч биеэ үнэлэгч авсан гэдэг асуудлаар сошиалд шуугиан дэгдээгээд байна. Энд хүний эрхээс гадна шүүгчийн сахилга хариуцлагын асуудал үүсэх үү?

-Өнөөдрөөс (өчигдрөөс) Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Тиймээс энэ хуулиар хориглож байгаа заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Үүнээс өмнө ямар байсан бэ гэхээр шүүгчид ёс зүйн дүрмээ өөрсдөө баталдаг байсан. Энэ зөв үү. Мөн дээрээс нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг нь шүүгчид дундаасаа томилдог. Санал хураахад хэн нь олонх болох вэ. Шүүгчид өөрсдөө биз. шүүгчид өөрсдөдөө хир халдаадаггүйн учир нь энэ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар ажлын бус цагаар ч биеэ зүй зохистой авч явах ёстой гэсэн дүрэм байгаа. Тиймээс энэ дүрмээ барьж Шүүхийн ёс зүйн хороо ажлаа хийх ёстой шүү дээ. Мэдэхгүй гэх зэргээр хачин юм ярьж болохгүй. Хоёрдугаарт, хууль, ёс суртахуун хоёрт маш том ялгаа бий. Хууль бол албадаж буюу тухайн холбогдсон, холбогдоогүй хүмүүсийн хүсэл сонирхлоос үл хамаарч албадаж биелэгддэг онцлогтой. Ёс суртахуун бол албадуулахгүйгээр өөрийн зүрх, тархиа сонсож шийдвэр гаргадаг онцлогтой. Энэ асуудлын хохирогч нь тэр шүүгчид бус шударга ёс болчихоод байгаа юм. Шүүгчийн, шүүхийн нэр хүнд гэж яриад байгаа. Үүнтэй хамт шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж байна. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийн нэр хүнд буюу шударга ёсны нэр хүнд унаж байгаа юм. Шударга ёсонд итгэх ард иргэдийн итгэл унана гэдэг нь хамгийн том аюул, хохирол. Тиймээс хамгийн том хохирогч нь ард иргэд.

-Авлигын эсрэг лобби бүлэг байгуулагдсан. Яагаад ийм бүлэг байгуулав. Энэ бүлэг авлигатай яаж тэмцэх вэ. Ямар арга барил байгаа юм бэ?

-Авлигын эсрэг лобби бүлгийг манайд хамгийн анх 2008-2012 онд Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин гэсэн гурван гишүүн байгуулж байсан юм байна лээ. Тэр үед их үр дүнтэй ажиллаж байсан гэж би үздэг. Бидний яриад байдаг Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг энэ бүлгийн гишүүд санаачилж батлуулсан байдаг. Энэ хууль нь ч үр дүнгээ өгч байгаа. Хууль батлах, тогтоох явцад янз бүрийн авлига ч юм уу, эсвэл албан тушаалаа ашиглах боломж олгосон, зүй бус үйлдлийн эсрэг зогсох манлайлах, түчээлэх, дуудах нь бол улс төрийн манлайлал. Байр сууриа илэрхийлж ажиллана гэдэг нь өөрөө үлгэрлэл. Бидэнд тодорхой хууль эрх зүйн реформыг хийх нэгдсэн нэг хүсэл эрмэлзэл байгаа. Нэгдүгээрт, Шүүхийн тухай хуульд сая хэлсэнчлэн лобби бүлгийн гишүүд анхнаасаа маш хатуу зогссон. Зүгээр ч зогсоогүй манлайлсан. Ингэхдээ ажлын хэсгийг ахалж, орж ажиллахдаа түүчээлсэн. Санаачилсан, орж ажилласан хуулиа батлуулчихаад “Боллоо, ажил дууслаа” гэсэн зүйл байхгүй. Хууль батлах нь зорьсон ажлынхаа 50 хувьд ч хүрэхгүй. Тиймээс хуулийн хэрэгжилтэд анхаарна. Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг энэ долоо хоногт байгуулна гэж бодож байгаа. Үүнд Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүд орно. Мянга сайн хууль баталдаг анхнаасаа буруу зөрүү хүмүүс санаатай, санамсаргүй, зарим нь зориуд эс үйлдэл гаргаж хэрэгжүүлэхгүй байх, дуугүйд хүчгүй болгох, эрч хүчийг сааруулж унтраах зорилготой хүмүүс байгаа. Тиймээс ийм боломжийг тэр хүмүүст олгохгүй, баталсан хуулийнхаа араас нэхэл хатуу явна. Анхнаасаа бодсон санасан зүйлээ хэрэгжүүлэх үүднээс хэрэгжилтэд ч анхаарна. Угтаа хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Гэхдээ “Засгийн газар одоо ажлаа хийнэ. Засгийн газар хэрэгжүүлэх юм аа” гээд хаяхгүй. Тэнд өмнө нь зүгээр сууж, худлаа улстөржиж байсан хүмүүс байгаа. 20, 30 жил шударга ёс ярьсан, тэгж байгаад сайд болсон хүмүүс бий. Тийм хүмүүсийн амны улс төр болгохгүй, бодитой хэрэгжүүлэх үр дүнг шахаж ажиллана.

-Тэр дундаа ЗГХЭГ хэрэгжилтэд илүүтэй анхаарч ажиллана биз дээ. ЗГХЭГ-тай л түлхүү хамтарч ажиллах нь?

-Тийм. Тэр хэрэгжилтийг зохион байгуулах хүн нь тэр хүн шүү дээ.

-Х.Баттулга Ерөнхийлөгчийг 2021 оны сонгуульд дэвших боломжтой, боломжгүй хэмээн яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн гаргалгаа яригдаж байх шиг байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр яаж шийдэгдэх вэ, дэвших үү?

-Би Үндсэн хуулийг батлагдахаас нь өмнө төсөл байхад нь буюу 2019 оны долдугаар сарын 2-ны өдөр isee.mn сайтад өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоог хүртэл миний байр суурь хэвээрээ байгаа. Хуульчийнхаа хувьд “Ийм асуудал яваад байна шүү. Дараа нь үл ойлголцох зүйл гарах вий” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Чинбүрэн: Төрийн өмчлөлөөс үл хамааран төр дааж байгаа тусламж үйлчилгээгээ даатгалаар дамжуулаад ирэхээр иргэд чанартай тусламж авдаг болно

УИХын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


Манай улс дотооддоо ковидын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлээд явж байна. Нийгэмд вакцинтай холбоотой ойлголт янз бүр байна л даа. Вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ их байх шиг. Коронавирусийн эсрэг вакцины талаар та байр сууриа илэрхийлээч?

-“Ковид-19” шинэ халдвар учраас дэлхий даяар хүн төрөлхтөн дунд хамгаалах тогтолцоо бий болоогүй. Тиймээс нэг дор олон хүн өвдөж, эрүүл мэндийн салбарт асар том ачаа хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Энэ эрсдэлийг давах цорын ганц арга бол дархлаажуулалт. Дархлаажуулалт хийж чадахгүй байх юм бол ковид маш удаан үргэлжилнэ. Хэрвээ анагаахын шинжлэх ухааны ололт байхгүй байсан бол энэ хэвээрээ дор хаяж 20, 30 жил үргэлжлэх аюултай. Үүний нэг тод жишээ, “Испани ханиад” нэртэй халдвар 1914 онд эхлээд 1918 он хүртэл дөрвөн жил үргэлжилсэн. Технологи хурдацтай хөгжиж, вакцины судалгаа шинжилгээ бүтэн нэг жилийн турш өрнөж вакцин бэлэн болчихлоо. Энэ бол анагаах ухааны шинжлэх ухаан ямар хурдтай хөгжсөнийг харуулж буй том илрэл.

Вакцин хийгдсэн байдлыг харахад нано технологи ашигласан байгаа юм. Зах зээл дээр үндсэндээ гурван төрлийн вакцин байна. Нэгдүгээрт, мэдээллийн РНХ-г шууд генийн инженерчлэлээр үйлдвэрлээд өөхөн бүрхүүлээр хучаад хүн рүү хийж буй вакцин. Энэ бол нано технологи. Мэдээллийн РНХ гэдэг нь гадаргуугийн уургийг үйлдвэрлэх мэдээллийг хүний өөрийнх нь эсэд орж бэлэн мэдээлэл аваачиж өгч үүгээр нь уургийг үйлдвэрлээд дархлаа үүсч байгаа юм. Хоёр дахь нь мэдээллийн РНХ кодыг хийдэг ДНХ нь хүнд байдаг вируст суулгаад наагаад дотор нь оруулаад хүний бие рүү оруулж өгч байгаа юм. Гуравдугаарт, ориг вирусийг өөрийг нь үржих чадваргүй, хоруу чанаргүй болгоод хүний бие рүү шууд хийдэг. Хамгийн эхний мэдээллийн РНХ үйлдвэрлэдэг нь priz­er, moderna вакцин. Хоёр дахь нь хүнд байдаг вирус дотор гадаргуугийн уураг үйлдвэрлэх ДНХ хийж байгаа юм. ДНХ нь РНХ бий болгоод РНХ гаар дамжуулаад уургаа үйлдвэрлэж байгаа юм. Энэ арга бол Astrazeneca, Sputnik вакцин. Гурав дахь нь Хятад улсын хийж байгаа вакцин. Хятад улсын хийж байгаа вакцин уламжлалт аргаар вирусийг нь идэвхгүй болгоод хүний биед хийж байна. Astra­zeneca бас уламжлалт арга. Энэ бол байдаг технологи. Вакцины хөгжил маш том нарийн шалгуураар явагддаг. Эхлээд лаборатори дээр амьтанд хийж үзнэ. Амьтанд гаж нөлөө байгаа эсэхийг үзнэ. Дараа нь сайн дурын оролцогчдыг хамрагдахыг уриална. Хоёр дахь шатны судалгаагаар хүний биед хэрхэн дархлаа үүсч байгааг хардаг. Гурав дахь шатны судалгаанд 30-40 мянган хүнд хийж үзнэ. Ингэж байж зах зээлд гаргадаг. Үүнийг харж байж эмийн агентлаг, олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсний дараа асар их том хяналт дундуур явж байж вакцин гардаг юм. Вакцины дөрөв дэх шат гэж бий. Олон нийтэд хийдэг болчихлоо. Тэгвэл хүүхдүүдэд хийх эсэхийг шийддэг. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй 70 гаруй орон коронавирусийн вакцинжуулалтад хамрагдаад явж байна. Буурай хөгжилтэй 130 орон вакцинд хамрагдаагүй байна. Харин Монгол Улс вакцинжуулалтаа хийгээд явж байгаа нь сайн зүйл.

Иргэдийн дунд вакциныг маш шуурхай хугацаанд гаргасан учраас алсын үр дүн ямар байхыг мэдэхгүй байна гэх зовнил байна лээ.

-Энэ бүх вакцин бүгд аюулгүй. Генийн өөрчлөлт оруулах зүйлгүй. Генийн инженерчлэлийн гаж нөлөөгүй. Дэлхий даяар вакцин хийлгэж байгаа. Олдсоныг нь хийлгэе гэдэг тактик бид барих ёстой. Вакцины үйлдвэрлэл, захиалга дэлхийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Бид нийт хүн амынхаа дархлаажуулалтыг 60 хувиас дээш хэрхэн хамрагдуулах вэ гэдэгт голлон анхаарч байна. Вакцинд хамрагдаж хийлгэх нь хамгаас чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн хэрэгжилт өнөөдрөөс эхэлж байна. Даатгалын тухай хуульд ямар шинэчлэлт, өөрчлөлт тусгагдсан талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-2020 оны наймдугаар сарын 28-нд УИХ ээлжит бус чуулганаараа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлийг хийж чадсан. Энэ бол эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хамгийн гол түлхүүр ажил боллоо. 2019 онд Сангийн яамыг тэргүүлж байсан Ч.Хүрэлбаатар гишүүн энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөд онцгой анхаарч ажилласан. Санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх тал дээр бүтэн баг ажилласан. Бүтэн жилийн судалгаагаар бид юу юуг өөрчилж байж 3.3 сая хүндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүй, төвлөрөл оочир дараалалгүй, чанартай хүргэх зорилгыг биелүүлэх гаргалгааг гаргаж ирсэн. Даатгалын хуулийг өөрчлөх саналыг Засгийн газар өргөн барьсан. Миний бие ажлын хэсгийг нь ахлаад ажиллалаа. Нэн тэргүүнд төр иргэддээ үзүүлэх эрүүл мэндийн олон тусламжийг даана гэж хэлдэг. Энэ бүхэн амьдрал дээр биелэлээ олж байна уу, бодитой дааж байна уу, яг юу юуг нь дааж байна. Тэр нь чанартай болж чадаж байна уу. Мөнгө нь хүрэлцээтэй байгаа эсэхийг цогцоор нь шийдэж байгаа нь том давуу тал. Бага насны хүүхдүүдийн өвчлөлийн эрүүл мэндийн төлбөр тооцоог төр даана гэдэг. Ингээд ЭХЭМҮТ дээр төсвөөс татаас өгчихдөг. Хэдэн хүнийг эмчилж байна, мөнгө санхүү нь хүрч байгаа эсэх нь огт хамааралгүй явж ирлээ. Одоо төр дааж байгаа тусламж үйлчилгээг даатгалын санд өгчихөж байгаа юм. Даатгалын сангаар дамжуулж худалдан авах гэж байна.

Тэгэхээр төрөөс даадаг үйлчилгээг даатгалын сангаар хэрэгжүүлнэ гэсэн үг үү?

-2021 оны төсөвт 580 тэрбум төгрөгийг даатгалын санд оруулаад төр дааж байгаа тусламж үйлчилгээг үүгээр худалдаж авч үзүүлээрэй гээд өгдөг болчихож байгаа юм. Төр дааж байгаа тусламж үйлчилгээ дотор жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж үйлчилгээ байна. Жирэмсний үед заавал дүүргийн эмнэлэг дээр хяналтад явдаг. Битүү оочертой байдгийг хүмүүс мэдэх байх. Хувийн эмнэлэгт хяналтад оръё гэхээр төлбөртэй. Энэ хуулийн өөрчлөлтөөр дурийн эмнэлэгтээ жирэмсний хяналтад ордог болно. Таныг хянасны төлбөр гэж төр даатгалын байгууллагаар дамжуулж мөнгийг нь өгөх гэж байна. Хувийн байгууллага тав тухын төлөө таван хувийг нэмж магадгүй. Үндсэн том төлбөрийг улсын эмнэлэг ч бай, хувийн эмнэлэг ч бай хамаагүй өгдөг болно. Түүнчлэн хавдар, яаралтай тусламж, түргэн тусламжуудыг төр даана гэдэг. Тэгвэл төр даана гэдгээ илүү бодитой болгоё гэж байгаа юм. 2021 онд төр дааж байгаа тусламж үйлчилгээгээ хичнээн хүнийг, хэдэн төгрөгөөр даасан гэдэг тоо гараад ирнэ. Хавдрыг төр дааж байна гээд Хавдар судлалын үндэсний төвд төсвийг нь өгчихдөг. Тэнд мөнгө нь хүрч байгаа эсэх нь хамааралгүй мэт байлаа. Одоо улсын эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүд ажиллаад эхлэхээр өрсөлдөөн бий болно. Та тэр байгууллагын санхүүжүүлэгч болж байгаа юм. Тиймээс иргэн бүрийг хайрлаж эмчилнэ. Салбар дотор өмчлөлөөс үл хамааран өрсөлдөөн бий болж байгаа юм. Үнийн өрсөлдөөн биш, үйлчилгээний чанарын төлөөх өрсөлдөөн. Энэ бол чухал том алхам шүү. Үүнийг стратегийн худалдан авалт гэж нэрлээд байгаа юм. Хуучин эмнэлэгт нь төрөөс, даатгалаас мөнгө өгчихдөг. Хоёр талаас мөнгө ороод ирдэг байсан. Одоо бол орц нь жигд болох гэж байна. Төрийн өмчлөлөөс үл хамааран төр дааж байгаа тусламж үйлчилгээгээ даатгалаар дамжуулаад ирэхээр иргэд чанартай тусламж авдаг болно. Энэ бол эрүүл мэндийн салбарт гарч байгаа томоохон өөрчлөлт.

Стратегийн худалдан авалт гэж нэрлээд байгаа шалтгаан нь юу вэ?

-Дам хөрөнгө оруулалт. Эрчимт эмчилгээг өмнө нь төр даана гэж хэлээд нэг төгрөг ч төлдөггүй байсан. Тийм учраас томоохон эмнэлгүүд хүнд өвчтэй хүмүүсийг авах сонирхолгүй. Учир нь эрчимт эмчилгээний төлбөрт тэр эмнэлгийн хамаг төсөв санхүүг уучихдаг. Тиймээс өвчтөнүүдийг бие бие рүүгээ чихдэг. Тийшээ, ийшээ яв гэдэг. Эм дутаад санхүүжилт байхгүй болчихоор ар гэрт нь захидаг. Энэ нь эмнэлэг, иргэдийн хоорондын итгэлцлийг байхгүй болгодог. Одоо тэгвэл эрчимт эмчилгээний тасагт хэвтээд гарсан бол тэр эмнэлэгт дөрвөн сая төгрөг төлнө. Эрчимт эмчилгээг Монголд хөгжүүлэхгүй цаг аль хэдийд болсон. Цар тахлын үед эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байна гэдэг. Ковидоор 100 хүн өвдлөө гэхэд 20 хүн нь хүнд тусна. 20 хүнээс дөрөв нь эрчимт эмчилгээнд хэвтэнэ. Одоо манайд эрчимт эмчилгээний 1000 ор бэлдчихсэн байна. Даатгалаас мөнгө олгоод ирэхээр одоо эмнэлэг бүр эрчимт ороо нэмэх нь байна. Стратегийн худалдан авалтын бодлогоор хөгжөөгүй байгаа салбаруудаа хөгжүүлж гаргаж ирэх гэж байна. Яаралтай тусламж гэхэд зөвхөн дуудлаганд 20 км дотор түргэн тусламж очиход даатгалаас 40 мянган төгрөг, 20-70 км дотор 80 мянган төгрөг, 70-350 км дотор 300 мянган төгрөг, 700 км-ээс цааш бол 750 мянган төгрөг өгнө. Тэгэхээр түргэн тусламж илүү хурдан очно. Бид яаралтай түргэн тусламж очиж чадаагүйгээс болж олон иргэнээ алддаг. Өндөр хөгжилтэй оронд зүрхний шигдээсээр хүн амь насаа алдахгүй байна. Түргэн тусламж маш хурдан очиж байна гэсэн үг. Ийм байдлаар түргэн тусламж, яаралтай тусламжаа хөгжүүлье гэж байгаа юм.

Энэ жил эрүүл мэндийн даатгалд хэдий хэмжээний мөнгө төсөвлөгдсөн бэ?

-Хуучин эрүүл мэндийн даатгал 600 тэрбум төгрөгт багтаж үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2021 оны төсөвт 1.2 тэрбум болж өссөн. Эрүүл мэндийн санхүүжилт хязгаартай. Хүсэл бол их. Боломж хязгаартай. Энэ мөнгөндөө хэрхэн зөв зохицуулалт хийж, аль тусламжуудаа илүү сайн болгох вэ гэдэг зорилго тавьж байна. Засгийн газрын эрүүл мэндийн бодлогын үндсэн гурван зорилго бий. Нэгдүгээрт, монгол хүн урт наслах ёстой. Хоёрдугаарт, өвчнөөр бага нас бардаг байх ёстой. Гуравдугаарт, өвдлөө гээд ядуурч болохгүй. Ийм л гурван зорилгын төлөө явж байгаа. Энэ гурван зорилгыг биелүүлэхийн тулд энэ бүх бодлогын бичиг цаас, хууль журам гардаг. Санхүүгийн дарамтгүй болох нэг арга бол энэ хуулийн өөрчлөлт. Хүн оношилгоонд хамгийн их мөнгө зарцуулж байдаг. Компьютер томограф, MRI төлбөрийг даатгал даадаггүй байсан. Тэгвэл одоо үүний 70 хувийг төр даахаар болж байна. Хамтын төлбөртэй хэдий ч бага хэмжээг нь иргэн өөрөө гаргана. Ихэнх нь даатгалын сангаас гарна гэсэн үг. Энэ бол иргэдэд очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж байгаа хэлбэр. Хорт хавдарын эмчилгээг 100 хувь төр даадаг болчихсон. Даатгалаас санхүүжилтээ хийнэ. Ялангуяа өндөр үнэтэй тусламж үйлчилгээ буюу бай эмчилгээнд нэг удаа ороход 2-4 сая төгрөгийн зардалтай. Хөхний хорт хавдраар өвдсөн хүмүүсийн зардлыг төр даана гэдэг мөртлөө нэг иргэний халааснаас жилдээ 10 гаруй сая төгрөг гардаг. Хавдар судлалын үндэсний төв дээр төсөв өгчихөөд үүгээр бүгдийг даагаарай гэдэг. Нөгөө мөнгө нь хүрдэггүй. Ингээд эмч нар нь буруутай болдог. Даавал даасан шиг даая гэдэг зорилгоор өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас 10 тэрбум төгрөгийг зөвхөн бай эмчилгээнд төлөвлөсөн. Иргэдээс мөнгө гаргахгүй. Энэ дээр хамтын төлбөр байхгүй. Нэг ёсондоо 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас даахаар болж байна. Түүнчлэн ходоодны хавдарт 2-16 сая хүртэл төлнө. Иргэнээ дагасан санхүүжилттэй болчихсон учраас эмнэлэг бүр иргэндээ хайртай үйлчилнэ. Өнөөдрөөс эхлэн эмчилгээнд орсон бүх хүмүүсийн төлбөр тооцоо яг шинэ журмаар төлөгдөхөөр бүх бэлтгэл ажлууд нь хийгдсэн. Хуульд өөрчлөлт оруулаад тэр өдрөө сайхан болчихгүй. Болох бүх эрх зүйн хууль нь бэлэн болчихсон. Бэлтгэл ажлууд хариуцсан байгууллагууд нь ажиллаж байна. Гуравдугаар сарын 1-нээс засах залруулах зүйлс мэдээж гарах байх. Улс болон хувийн эмнэлгийн байгууллагууд Даатгалын ерөнхий газраас асар их сургалтууд хийж байна.

Хүүхдэд зориулагдсан эмчилгээний төлбөрийг төр бодитоор даана гэж байна. Хувийн эмнэлгүүдэд хэрхэн хяналт тавих вэ?

-Эрүүл мэндийн салбарт манлайлалтай, олонд танигдсан Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй” төсөл байна. Зүрхний цоорхойтой хүүхдүүдэд Сонгдо болон Гуравдугаар төв эмнэлэгт мэс засал хийдэг. Одоо энэ зардлыг даатгалын сангаас бүрэн даахаар болж байна. Энэ бол том өөрчлөлт. Эрүүл мэндийн салбарт бид хэт их төвлөрөлтэй байдаг. Жишээ нь, ХСҮТ, ЭХЭМҮТ-д оочер ихтэй. Санхүүжилт нь тэр байгууллагад өгөөд байсан учраас бусад эмнэлгүүд тэр тусламжийг авах сонирхол байхгүй. Өрсөлдөгч байхгүй учраас оочир дараа их. Гэхдээ гуравдугаар сарын 1-нээс бүх эмнэлэг энэ хагалгааг хийдэг болчихгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй өрсөлдөх гэж байгаа хувийн эмнэлэг байя гэж бодоход шинэ төрлийн эмчилгээ хийж чаддаг баг, тоног төхөөрөмж зэргийг харж байж зөвшөөрөл олгоно. Даатгалын мөнгийг нэмж болно. Сайжруулж болно. Давхар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж хяналттай байх ёстой. Үүнийг Даатгалын ерөнхий газар хянаад явна.

Улсын эмнэлэгт менежмэнтийн хувьчлал хийх гэж байна гэдэг. Энэ тал дээр та тайлбар өгөх үү?

-Хувьчлал биш. Улс, дүүргийн эмнэлгүүдийг бие даасан бүтэцтэй болгож байгаа юм. ТУЗ-тэй болно. Тэр эмнэлгүүд нь төсөв тооцоогоо өөрсдөө явуулдаг болох юм. Даатгалаас санхүүжилт өгдөг тогтолцоотой уялдаж ажиллана. Эрүүл мэндийн салбар төсвийн хуулиар захирагдаж ажиллахгүй. Нөхцөл байдалтайгаа уялдаж шаардлагынхаа дагуу төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулаад явна. Жилийн эцэст аудит ороод шалгалтаа явуулна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн дээд хязгаарыг байхгүй болгосон. Гэхдээ доошоо буухгүй. Эрүүл мэндийн төлбөрийн тогтолцоог маш зөв болгож байгаа гэж ойлгож болно. Хувь, хувьсгалын аль ч эмнэлэг тухайн иргэнийг эдгээж эмчлэхийн төлөө өрсөлддөг, санхүүгийн хямралд оруулахгүй, тосон авч үйлчилдэг шинэ тогтолцоо, шинэ хөшүүрэг ажиллаж эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Увс аймагт очжээ

Улаанбаатар хотод /Ковид-19/ эерэг гарсан иргэний ойрын хавьтагч Увс аймагт очсон тул тусгай чиг үүргийн албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж, гэр тусгаарлалтад байгаа иргэний орц, гэрийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Одоогийн байдлаар түргэвчилсэн тестээр шинжилэхэд хариу сөрөг гарсан бөгөөд Улаанбаатар хотоос ирснээс хойш гадагшаа гараагүй гэрийн ажиглалтанд байжээ. Иймд тус иргэнийг тусгаарлалтад авч ажиглалт, тандалт, шинжилгээ авч байгаа юм.

Давтан шинжилгээний хариу гарах үеэр шуурхай мэдээлэл хийнэ гэж Увс аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сайн ах” ажиллагаануудын төстэй ба ялгаатай тал

Цагдаагийнхан “Сайн ах” ажиллагаа явуулдаг. Саяхан хэдэн шүүгч дээр энэ ажиллагаагаа явууллаа л даа. Яагаад энэ ажиллагааг “Сайн ах” гэж нэрийдэх болсныг та бүхэн санаж байгаа байх. 2014 онд энэ ажиллагааг анх тухайн үед Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин дээр явуулсан юм. Түүнтэй нэр холбогдсон Г.Сарангэрэл гэх бүсгүйгээр “Би Тэмүүжинг сайн ах гэж боддог байсан” гэж зориуд хэлүүлсэн. Тэрнээс хойш цагдаагийн ийм төрлийн ажиллагааг “Сайн ах” гэцгээх болсон. Х.Тэмүүжин дээр явуулсан тэр ажиллагаагаа сая шүүгчид дээр давтлаа. Энэ ажиллагааны онцлог нь хөнгөмсөг явдалтай залуу бүсгүйчүүдийг татан оролцуулдаг. Бай болох хүнийхээ бичлэгийг нийгмийн сүлжээгээр тарааж, нүдний булай болгодог. Энэ ажиллагааны хамгийн зэвүүн, хар тал нь эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн амьдралыг тэр чигээр нь золиосолчихдог. Залуу, сайхан, гэнэн байхад хэн ч хөнгөмсөг явдал үзүүлж болно. Энэ бол хүний л зан, эм амьтны жам. Үүн дээр л тоглолт хийж охид, бүсгүйчүүдээр гараа угаадагт нь Монголын цагдаад зэвүү хүрдэг юм.

“Сайн ах” ажиллагаануудыг ажиглахад хөнгөмсөг явдалтай залуу бүсгүйчүүдийг ашиглаж бичлэг хийж, тэрийгээ цацдаг нийтлэг төстэй байдал бий. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг унагах зорилготой явагдсан “Сайн ах” ажиллагааг эргэн саная. Тэр үед Цагдаагийн Ерөнхий газрын дарга нь Б.Билэгт гэж хүн байлаа. Ерөнхий прокурор нь Д.Дорлигжав байв. Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байлаа. Ерөнхий сайдын хувьд энэ ажиллагаанд ямар ч оролцоогүй байсан юм. Ийм ажиллагаа явагдсаныг ч бараг мэдээгүй байсан байх шүү. Үүнтэй адил сая шүүгчид дээр явагдсан “Сайн ах” ажиллагааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч гадарлаагүй байж мэднэ.

Тэр үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах, ичгэвтэр байдалд оруулах, үгэнд нь ордоггүй, хонгилын талаар гон гонхийж гэрэл цохиулсан, Эрүүгийн хуулийг шинэчилж эхэлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг даруй унагах зорилгоор “Сайн ах” ажиллагааг явуулсан. Энэ ажиллагааг нийгэмд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийг нөлөө бүхий хүмүүс гардан удирдаж байлаа. Үүнийг мэдэж ядаад байх юмгүй. Г.Сарангэрэл бүсгүйг шөнө шоронгоос нь гаргаж авч ирээд нөлөө бүхий нэгний телевизийн нэвтрүүлэгт оруулахдаа нүдний булай юмнууд асууж, тэрэндээ хариулт авах гэж яаж хүчилснийг бүгд харсан. Тэгж л Х.Тэмүүжинг сайдаасаа огцорсон. Нэр холбогдсон бүсгүй цагдаагийн байгууллагад бүртгэлтэй, өмнө нь ч хар тамхины хэрэгт холбогдож байсан нь цагдаагийнханд “олзлогдох” үндэслэл болж. Тэр бүсгүйн амьдрал тэгээд л сүйрсэн гэж болно, дараа нь дахин хар тамхины хэрэгт холбогдсон тухай дуулдаад өнгөрсөн дөө. Бүсгүйг “Сайн ах” ажиллагаанд оролцуулснаараа амьдралыг нь тэр чигээр нь үрчихэж байгаа юм.

Сая шүүгчид дээр явуулсан “Сайн ах” ажиллагаанд мөн л хөнгөмсөг явдалтай бүсгүйчүүдийг татан оролцууллаа, бичлэг хийлээ, нийтэд цацлаа. Нийгмийн сүлжээгээр яг өмнөх технологиороо түгээж, шившиглүүллээ.

Энэ удаагийн “Сайн ах” ажиллагааны зорилго юу байв? Энэ бол Хууль зүйн сайд Х.Нямбаатарыгаа авч үлдэх гэсэн цагдаагийнхны ээлжит ажиллагаа. Хууль зүйн сайд Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Тэрээр УИХ-ын чуулган дээр “Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсаан. Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг тэр ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт, шаардлагыг бид биелүүлээгүй” гэж ярьсан. Үүний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, дараагийн Засгийн газар шинээр бүрэлдэхэд Х.Нямбаатар үргэлжлүүлэн ажиллахаар болж, шинэ сайдуудыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарт хандан “Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны гуравдугаар давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш” гэж хатуухан анхааруулсан. Энэ удаагийн “Сайн ах” ажиллагаа бол хэрвээ Ерөнхийлөгч шүүхэд гомдол гаргавал Хууль зүйн сайд ойчих магадлал өндөр учир сайдаа авч үлдэх гэсэн цагдаагийн дарга нарын ажиллагаа байлаа. Нөгөө талдаа хонгил байгаа шүү гэдгийг батлан харуулах гэсэн зорилго давхар агуулжээ. Өмнөх болон саяны ажиллагааны ерөнхий технологи нь яг адилхан, захиалгынх. Харин ялгаатай тал нь гэвэл, нэг нь Хууль зүйн сайдаа огцруулах, нөгөөх нь Хууль зүйн сайдаа авч үлдэх. Гэхдээ тэр бичлэг ч үнэхээр ой гутмаар харагдсан шүү. Цахилгаан шатанд оцгоноод л. Орцонд оцгонодог “бригад” үнэхээр захиалгаар ажилладаг, найраа хийдэг нь үнэн юм билээ. Яг тэгж бөөгнөрөхөд нь л бичээд авчихсан юм байна лээ шүү дээ. Гэвч энэ бичлэгийг нийтэд цацахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан байх. Нийтэд цацах ямар ч хэрэггүй, илүү зан болсон. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндийг унагах гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаа авч үлдэх гэсэн У.Хүрэлсүхийн удирдаж явуулж байгаа ажиллагаа юм. Намын дарга нь учир цагдаагийн дарга нараа дуудаж авчраад даалгавар өгөөд л бол оо. Тэд л ийм юм хийж чадна. Улс эх орны байдал хүнд, цар тахалтай, хямралтай үед эрх баригчдын зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа хамгийн чухал ажил нь ердөө ийм л юм байна. Бодохоос дургүй хүрмээр байгаа биз. Монголын цагдаа, хууль хүчнийхэн ч эрх баригчдад хуваагдаад хоорондоо “үзэлцэж” байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хоёр үнээ, тугал шиг л сайн найз байснаа барилцаж авсан л гэнэ, зодолдсон л гэнэ гэж дуулдаад байна.

Тэд бидний төлөө ийм л юм хийж, төрийн толгойд байцгааж байна. Тахал, өвчин эмгэг, вакцин гээд амь наана, там цаана, ард иргэд нь цалин, мөнгө төгрөг гээд түмэн зовлон бэрхшээл туулж байхад энэ хэдэн эрх баригчид нь өөрсдийнхөө албан тушаалд үлдэхийн тулд нэг нэгнийхээ эсрэг, цагдаа нарыг ашиглаж элдэв ажиллагаа явуулахаас өөр хийж байгаа юм алга.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Ханх суманд хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т орших Хороо багийн “Адуун” гэдэг газар гуравдугаар сарын 1-ний 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчээр газар хөдөлснөөс хойш түүний давтан хөдлөлтүүд болсоор байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд 34,133 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 176 бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ цаг-үе

Увс аймгаас Улаанбаатарт ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.03.01/ 23:00 цаг хүртэл хуралдаж, Улаангом суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь, хоёрдугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Малчин сумаас Улаангом суманд ирж, тэндээс Улаанбаатар хот руу явсан нэг иргэнээс хоёрдугаар сарын 28-нд Сovid-19 илэрсэн байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд мэдээлэхдээ “Тухайн иргэн хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очиж, тэндээ 25, 26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон. Тэгээд энэ сарын 27-нд PCR шинжилгээ өгч, Улаангом суманд ирэхээр төлөвлөсөн боловч шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тиймээс Улаанбаатараас аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дагуу бид хариу арга хэмжээ авч, сэрэмжлүүлэх үүднээс тухайн иргэний хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах шаардлага гарч байна.

Үүний дагуу Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдад хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгсэл, иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, шинжилгээ авах үйл ажиллагааг авна. Шинжилгээний хариуг баталгаажуулахад тодорхой цаг хугацаа орох учраас 2021 оны гуравдугаар сарын 1-ны 23:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 23:00 цаг хүртэлх 48 цагийн хугацаанд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд эдгээр сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож байна” гэлээ.

Халдвар авсан иргэнийг Улаанбаатарт тусгай чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч, гэрийн тусгаарлалтанд авсан. Одоо ажиглалтанд авч тандалт судалгааны арга хэмжээг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуучин нийгмийн үеийн цэргийн яргалалт өнөө хэр нь арилаагүй байна

Цэрэгт алба хаах хугацаандаа учир шалтгаангүйгээр зодуулж, сэтгэл санаа, бие махбодын хохирол амсдаг жишиг өнөө хэр нь арилаагүй байна. Армийн удирдлагуудын зүгээс цэргийн ангид дэг байхгүй гэж ам бардам хэлдэг ч байлдагч нар хүний ёсноос гажууд үйлдлийн золиос болж сэтгэл санааны гүн хямралд орж амиа егүүтгэдэг тохиолдол ардчилсан Монгол Улсын армид тасрахгүй л байна. Саяхан л гэхэд Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангид алба хааж буй цэргүүд бие биетэйгээ ёс бусаар харьцаж, нэгнээ ялгаварлан гадуурхаж, яргалж буй бичлэг цахим сүлжээнд түгсэн нь олны зэвүүцлийг хүргэлээ.

Хүндэт харуулын тусгай рот 032 дугаар анги нь манайд гадны орны төрийн тэргүүн болон Элчин сайдууд айлчлах үед ёслол хүндэтгэлийн үүргийг гүйцэтгэх тусгай байнгын салбартай болох зорилгоор анх байгуулагдаж байжээ. Тус анги дөрвөн салаатай бөгөөд салаа бүр нь 30 цэрэгтэй.

Цахим сүлжээнд цацагдсан бичлэгт хал цэргүүд хоёр цэргийг дуудаж нэгнийх нь толгой дээр зайдалж суух аж. Нөгөө цэргийнх нь дух руу хуруугаараа чичилж дарамталж дуулуулж байлаа. Нэгнийх нь толгойн тус газар цохиод авч байгаа үйлдэл ч зурвас харагдаад өнгөрөв.


032 дугаар ангийн цэргүүд нэгэнтэйгээ ёс бусаар харьцаж, дэглэж, ялгаварлан гадуурхсан явдал өнгөрсөн оны аравдугаар сард болжээ. Хал цэргүүд намар халагдахынхаа өмнөхөн шинэ цэргүүдийг яргалах явцдаа бичлэг хийсэн нь сая ил болж. Харин хүчирхийлэлд өртсөн цэргүүд өнгөрсөн оны тавдугаар сард 032 дугаар ангид татагдсан гэнэ.

Бид тус бичлэгт гарч буй 032 дугаар ангийн байлдагч Б.Шинэбаярын багын найз С-ээс зарим зүйлийг тодрууллаа.


-Таны найз Б.Шинэбаяр өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагджээ. Хаанаас татагдсан юм бэ?


-Миний найз өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдсан. Өөрөө Хүндэт харуулын ангид алба хаана гэж зорьж байгаад 032 дугаар ангир уу очсон юм. Хүндэтгэлийн жагсаал болоход л очиж хардаг, хүндэтгэлийн харуулын цэргүүдийн сүр жавхааг биширдэг эх оронч сэтгэхүйтэй хүн л дээ, миний найз. Сурч боловсрохоо хойш тавьж чөлөө авч байж зорьж очсон ангидаа ийм байдлаар ялгаварлан гадуурхагдаж, дарамтлуулж байгааг нь хараад нүд халтирлаа. Сая ар гэрийнхэн рүү залгаж мэдэгдсэн. Миний найз фитнессээр хичээллэдэг, бие бялдрын хөгжил сайтай, гүйгээд хүнд гүйцэгдэхгүй залуу. Ганц нэг хүнд бол дээрэлхүүлэхгүй том биетэй. Хал цэргүүд нь олуулаа зодож, эрхшээлдээ оруулж дарамталсан болов уу гэж бодож байна. Энэ чинь шорон биш биз дээ. Адилхан аавын хүүхдийг олуулаа нийлж доромжилж гадуурхаж байгаа нь яавч зүгээр өнгөрөөх асуудал биш.

-Цэрэгт татагдсанаас нь хойш та эргэлтээр очиж уулзсан уу?

-Хөл хорио тогтоосон үед тэр бүр уулзаад байх боломжгүй юм билээ. Цэргийн албанд гаргаж өгснөөс хойш өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр очиж уулзахад сэтгэл зүйн дарамтад байгаа нь анзаарагдаж байсан. Тухайн үед юу тохиолдсоныг нь асуухад “Зүгээр” л гэсэн. Уулзалтаар гарч ирэхэд нь нэгээс хоёр хүн дагадаг юм билээ. Тэдний хажууд дуу ч гарч чадахгүй харж сууж байгаад буцаад орсон.

-Тантай утсаар ярихдаа ч юмуу дарамтанд байгаа талаараа өмнө хэлж байв уу?

-Найз маань хэд хэдэн хүн рүү мөнгө гуйж залгасан байна лээ. Над руу ч “10-20 мянган төгрөг яаралтай шилжүүлээч” гэж хэд хэд залгасан. Цэрэгт алба хааж байгаа хүнд мөнгөний ямар хэрэгцээ гардаг юм бол гэж гайхаад очиж уулзсан юм. Найзад маань ийм зүйл тохиолдоод байсныг мэдсэнгүй” гэсэн юм.

032 дугаар ангид алба хааж буй цэргүүдийн ар гэрийн төлөөллийн ярьж буйгаар бол тус ангид алба хааж буй цэргүүд ар гэр лүүгээ тогтмол мөнгө захидаг гэнэ. Учир нь хал цэргүүд шинэ цэргүүдийг дарамталж тогтмол орлоготой байлгахыг шаарддаг ажээ. Дарамтад орсон цэргүүд яргалуулахгүйн тулд эхний ээлжинд найзууд руугаа, дараагийн удаа ар гэрийнхэн рүүгээ залгаж хүний данс руу мөнгө шилжүүлэхийг гуйдаг байна. Шинэ цэргүүдээс татаас авч гаршсан зарим нь “Өнөөдрийн дотор 50 мянган төгрөг олж өгөхгүй бол халагдахдаа чамайг ална шүү” гэж дарамталсан тохиолдол ч өмнө нь олон удаа гарч байжээ.

Ядруухан нэгнийгээ толгой дээр зайдлан доромжилж ёс бусаар бах таваа хангадаг, боломжийн амьдралтай заримыг нь заналхийлж мөнгө нэхдэг, сэтгэл зүйн гүн дарамтад оруулах зэрэг нь наад захын дэглэлт гэдгийг тус ангид алба хаасан хүмүүс хэлж байна. Алба хаагчид энэ мэт ёс бусын хүчирхийлэлд тогтмол өртдөгийг ч онцолж байгаа юм.

Дарамтад орсон цэргүүдэд эргэлт ирэхэд халуудаас нэг нь заавал дагаж очдог юм байна. Шинэ цэрэг ч халынхаа хажууд гэрийнхэнтэйгээ чөлөөтэй ярьж чадахгүй сууж байгаад л ордог аж. Ар гэрийнхэнтэйгээ ч харгалзагчтайгаар уулздаг шорон шиг жишиг 032 дугаар ангид тогтоод удаж байгаа гэнэ. Зөвхөн 032 дугаар анги ч биш бусад ангиудад ч ийм жишиг тогтоод буйг цэргүүдийн ар гэрийн төлөөлөл онцолж байлаа.

Хагас жилийг ийм байдлаар дарамтад өнгөрүүлсэн цэргүүд ч шинээр ирж буй дүү нарын толгой дээр зайдалж ёс бусаар бах таваа хангадаг жишиг энэ ангид тогтоод байгаа нь дээрх бичлэгээс харагдаж байна.

Бид 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяраас тус ангийн цэргүүдийн харилцааны талаар тодруулга авахаар хандсан ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч хурандаа Б.Отгонбаяраас тодруулга авлаа.


-032 дугаар ангийн цэргүүд нэгнийгээ ялгаварлаж гадуурхдаг, эрхийг нь ноцтой зөрчиж байгаа бичлэг цахим орчинд тархаад байна. Тус ангид юу болоод байна вэ?

-2020 оны нэгдүгээр ээлжинд ирсэн дайчидтай зүй бусаар харьцсан зөрчил гарсан. Манай албан тушаалтнаас тавигдах хяналт буурсны улмаас энэ хэрэг гарчээ. Бид ийм хэрэг бусад цэргийн ангиудад гаргахгүй байх талаас анхаарч ажиллаж байна. Ёс зүйн алдаа гаргасан дайчид халагдаад явсан, дарамтлуулсан хоёр дайчин үргэлжлүүлэн албаа хааж байгаа.

-Хүнлэг бус үйлдэл гаргаж бусдыгаа дарамталсан цэргүүдийг олж илрүүлэх, хариуцлага хүлээлгэх тал дээр ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Халагдсан дайчдын гаргасан ёс зүйн алдааг цагдаа болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж илрүүлэх арга хэмжээг авах байдлыг зохион байгуулах болно. Бид хэрхэн шийдэж байгаа талаар цаг тухайд нь ард иргэддээ мэдээлэл өгнө гэлээ.

Цэргийн ангид дэг байхгүй гэж үе үеийн сайдууд хэлдэг ч ачир дээрээ байлдагч нар ахлах албан тушаалтнууд болон хал цэргүүдэд яргалуулж сэтгэл санааны дарамтад орж зарим нь амиа хорлож байна.

Цэргийн албанд амиа алдсан хамгийн ойрын жишээ дурдъя. 2021 оны хоёрдугаар сарын 7-нд Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэрэг нас барсан хэрэг гарсан. Уг цэрэг хашааны шургааг модноос мяндсан уяагаар боомилж нас барсан бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар “Ээж, аав аа уучлаарай би түрүүлээд явлаа” гэх утга бүхий гэрээслэл үлдээсэн гэх. Талийгаачийн нас барахаасаа өмнө гэрийнхэн рүүгээ залгаж “Намайг эндээс аваач ээ” хэмээн ярьсан талаар ар гэрийнхэн нь мэдэгдээд байгаа. Уг хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

Мөн 2019 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 0336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Шалтгаан нь тухайн цэрэгт ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид нь гар хүрч, жагсаалд гүйгээд бахардаад унахад нь дэвсэлж зодсон байдаг. “Цэргийн албанд дэглэлт гэж байхгүй” хэмээн салбарынхан нь мэдээлж байв.

2019 оны хоёрдугаар сард Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг харуулын байраа орхин зэвсэгтэй оргосон ч нас барсан байдалтай олдсон.

2019 оны тавдугаар сард Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд яваад сураггүй болсон ч моринд чирэгдэн амиа алдсан.

2019 оны зургадугаар сар Тэмээ хайхаар явсан цэрэг бутнаас өөрийгөө боомилсон.

2020 оны гуравдугаар сар Дорнод аймгийн Халх гол суман дахь Хилийн 0198 дугаар ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон. Иргэний үүргээ биелүүлэхээр эр цэргийн албанд мордоод амиа алдсан харамсалтай тохиолдлуудын сүүлийн цөөхөн жишээг дурдахад л ийм байна.

ХЭҮК: Дарамтлуулсан цэргүүдэд нөхөн олговор олгохоор нөхцөл байдал тогтоогдсон

Бид цэргүүдийн амьдрах орчин нөхцөлд ямар хяналт тавьж ажилладаг талаар Хүний эрхийн үндэсний комиссоос тодрууллаа.


-Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 10 орчим цэрэг өөрийгөө боомилж нас баржээ. Зарим нь ч гэрээслэл үлдээгээд амиа егүүтгэсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хугацаат цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өмнө нь гарсан тохиолдлууд тус бүр дээр л хариуцлага тооцож явж ирсэн. Цэргийн ангиудад төлөвлөсөн хуваарийн дагуу шалгалтын ажиллагаа явуулдаг. Ингэхдээ хугацаат цэргийн албан хаагчдаас нууцаар судалгаа авдаг юм. Ер нь цэргийн ангид байгаа ёс бус харилцаа, дэгийг ил гаргахад амар биш. Цэргийн алба хаагчид удирдах албан тушаалтнуудаас айгаад тэр бүр бодит байдлыг хэлээд байдаггүй. Зарим тохиолдолд цэргийн албан хаагчидтай ганцаарчилсан уулзалт хийдэг юм. Харин ирсэн гомдлын мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж ангийн удирдлагуудад санамж бичиг хүргүүлж ажилладаг.

-Сүүлд зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид нэгэнтэйгээ ёс бусаар харьцаж ялгаварлан гадуурхаж буй бичлэг олонд ил боллоо. Дарамтлуулсан цэргийн ойр орчмоос тодруулахад ийм жишиг тогтоод удаж байгааг хэлж байна. Тус ангид сүүлд хэзээ шалгалт оруулсан бэ?

-Сүүлд 2019 оны аравдугаар сард тус ангид манайхаас шалгалтын ажиллагаа явуулсан. Ноцтой зөрчил илрээгүй. 032 дугаар ангийн тухайд хотын төвд байрладаг цэргийн анги. Ийм ёс бус харилцаа гарсанд харамсаж байна.

-Олонд ил болсон бичлэгт гадуурхагдаж буй албан хаагч сэтгэл санааны гүн дарамтад орж уйлж байгаа нь анзаарагдаж байна лээ. Тус хүүхдүүдийн сэтгэл санааны хохиролд нөхөн олговор олгох хууль эрх зүйн орчин манайх бий юү?

-Бичлэгээс харахад сэтгэл санааны гүн дарамтад орсон нь анзаарагдаж байна лээ. Эхний байдлаар дүгнэхэд хохирсон байлдагч нарт сэтгэл санааны нөхөн олговор олгохоор хэд хэдэнд нөхцөл байдал тогтоогдсон. Манайхаас баг гарч шалгалтын ажиллагааг явуулж байна гэв.

Зэвсэгт хүчний хүндэт харуулын 032 дугаар анги бол үндсэндээ хотын төвд байрладаг цэргийн анги. Бие бялдар сайтай шилэгдсэн хөвгүүд тус ангид очдог. Ийм ангид л дарамт дарангуйлал хэрээс хэтрээд байгаа нь бичлэгээр нотлогдлоо. Хаа холын баруун хязгаар Увс, Ховдын цэргийн ангиудад алба хааж буй хөвгүүд хэрхэн хүчирхийлэлд өртөж эрх нь зөрчигдөж, зайдлуулж байхыг хэн ч таашгүй. Зэвсэгт хүчинд шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин тахиа өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 2. Ангараг гариг. Билгийн тооллын 18, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:31 цагт мандан 18:37 цагт жаргана. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0 хэм байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 20-25 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.