Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянгол дүүрэгт өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах суурин болон явуулын цэг

Нийслэлийн есөн дүүрэгт хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр Баянгол дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах юм.

Өргөтгөсөн шинжилгээг суурин 21 цэг, явуулын 97 цэгт авна. “COVID-19”-ийн шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатайг сануулж байна.

Хэрэв та хоёрдугаар сарын 11-13-нд шинжилгээнд хамрагдсан бол энэхүү шинжилгээнд дахин хамрагдахгүй гэдгийг Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээлэв.

Шинжилгээ авах суурин ба явуулын цэгүүд:








Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэр жилд тохиосон үйл явдлууд

Улиран одсон хулгана жил монголчууд гэлтгүй хүн төрөлхтөнд хүндхэн он болж өнгөрлөө. Харин айлчлан ирсэн үхэр жилийг монголчууд амны билгээрээ эерүүлж “Эзэндээ ээлтэй үхэр жил, зөөлөн байх болов уу” гэж таамаглаж байна. Үхэр жилүүдэд түүхэнд ямар гол гол үйл явдлууд тохиож байсныг 1901 оны Цагаагчин үхэр жилээс эхлэн тоймлон харуулбал үхэр жилийн ерөнхий ноён нуруу, ая дан, өнгө төрх гараад ирэх байх.


XV жарны Цагаагчин үхэр жил. 1901 он.

1900-гаад он бол Манж улсын суурь ганхаж, харин Монгол туургатан тусгаар тогтнолоо санаж эхэлсэн үе гэж түүхчид үздэг. Монголчууд энэ үед тусгаар тогтнолын төлөө цусаа урсган тэмцэл хийж, хаа сайгүй бослого гаргаж байлаа. 1900 онд 2000 монгол цэргийн бослого, Ард Аюушийн бослого зэрэг томоохон бослого хөдөлгөөн өрнөж, манжуудыг сандаргаж байв. Монголчуудын энэ байдлыг Манжийн тал зүгээр хараад суухыг хүссэнгүй. 1901 онд “Шинэ Засгийн бодлого” гэгчээ идэвхтэй хэрэгжүүлж эхлэв. Энэ нь монголчуудыг соёл, хүн ам, улс төр, эдийн засаг гэсэн дөрвөн чиглэлээр хараан дороо байлгах зорилготой байлаа. Уг бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн нь монголчуудыг атгах биш, харин ч эсрэгээрээ уур хилэнг нь бадраасан үйл явдал болсон юм. Энэ үеэс манжуудыг эсэргүүцсэн бослого энд тэндгүй гарах болов. 1907 онд Хятадын шунахай худалдаачдыг эсэргүүцсэн ард олны бослого, 1910 онд Хүрээн дэх лам нарын бослого зэргээр монголчууд зогсолтгүй тэмцэж, эсэргүүцсээр байв.

XV жарны харагчин үхэр жил. 1913 он.

1913 онд Монгол-Хятадын хооронд болсон “Таван замын байлдаан”-ыг Хятадууд “Үхэр жилийн үймээн” хэмээдэг. 1912-1915 онуудад болсон уг байлдаан нь Монголын тал Өмнөд Монголын нутгийг Хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан бол Хятадын тал Өмнөд Монголыг алдахгүй байх төдийгүй Богд хаант Монгол Улсыг устган түүний нутгийг булаан эзлэх зорилготой байжээ. Энэ байлдаанд Хятадын үлэмж давуу цэргийн байлдааны ажиллагаанууд нь бүтэлгүй болж ихэвчлэн ялагдаж байсан тул тэд энэ сэдвийг гүнзгийрүүлэн судалдаггүй бөгөөд эх сурвалжуудад өөрөөр тайлбарласан байдаг билээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараачаар Шинжян барга өмнөд монголчууд, дарьгангангын монголчууд Монгол төрдөө нэгдэхээ илэрхийлсэн ч Дундад иргэн улсын Засгийн газар Өмнөд Монголыг алдахгүй гэсэндээ цэргийн хүчээр шахалт үзүүлж эхэлсэн байдаг. Өмнөд Монгол Гадаад Монголоос тусламж хүссэн бөгөөд монголчууд Өмнөд Монголыг хамгаалах цэрэг гаргаж (Богд Хаант улсын арми, Өмнөд Монголын сайн дурын цэргийн ангиудын нийтдээ 10 мянган цэрэг Дундад иргэн улсын 70 мянган цэрэг, 146 их буу, 80-90 пулемётны эсрэг тулалдсан) Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдсан 10 мянган хүнтэй таван замын их цэрэг Өмнөд Монголыг чөлөөлж, 1913 оны намар гэхэд Гадаад Монголын цэрэг Цагаан хэрэмд тулсан юм. Гэвч Оросын шахалтаар Өмнөд Монголоос цэргээ татсанаар Бүх Монголоо нэгтгэх гэсэн оролдлого тасалдсан билээ.

XV жарны Хөхөгчин үхэр жил. 1925 он.

1924 онд Богд хаан таалал төгсөв. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. 1925 оны хөхөгчин үхэр жил бол Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, банк санхүү гээд нийгэм, эдийн засаг руу чиглэсэн бүхий л салбарын суурийг тавьсан, бүтээн байгуулалтын шавыг тавьсан онцгой жил байлаа. Монголчууд энэ цаг үеэс эхэлж орчин цагийн хүн төрөлхтний шинжлэх ухааны ололтуудаас амсаж, суралцаж эхэлсэн юм. Бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох Монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна.

XVI жарны Улаагчин үхэр жил. 1937 он.

Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1922 оноос эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрсэн билээ. Хэлмэгдүүлэлт 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн юм. Тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хядлага байсан ч гол бай нь нийгмийн сэхээтнүүд байсан бөгөөд хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Хэлмэгдүүлэлтэд 45-55 мянган хүн амь насаа алдсан гэдэг ч зарим судлаачид “Энэ бол дарсан тоо. Ихдээ 100 мянган хүн хэлмэгдсэн” гэдэг. Монгол Улсын нийт хүн амын 8-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөснөөс 18-20 мянга нь лам нар байсан. Монголын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж, тэр үеийн Монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонх нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан. Иргэдэд Бодоогийн хэрэг, Данзангийн хэрэг, Лхүмбийн хэрэг, Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү нарын хэрэг, Буриадуудын хувьсгалын эсэргүү хэрэг гэсэн зохиомол хэрэг тулгаж хэлмэгдүүлсэн юм. 1937 оны их яргалал, үндэстнийг хоморголон устгасан харгислал Улаагчин үхэр жил болж байжээ.

XVI жарны Шарагчин үхэр жил. 1949 он.

Дайны дараах хүнд он жилүүд үргэлжилж байлаа. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны аравдугаар сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.

XVI жарны Цагаагчин үхэр жил. 1961 он.

Олон удаагийн хөөцөлдөлгөө, уйгагүй оролдлого, Монголын дипломатуудын өндөр ур чадвар, холыг харсан тууштай бодлогын үр дүнд БНМАУ 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон нь өнгөрсөн зууны түүхийн онцлох гол үйл явдлуудын нэг билээ. Цагаагчин үхэр жил ивээлээ хайрлаж монголчууд дэлхийн дахинаа ийнхүү хүлээн зөвшөөрөгдөв. БНМАУ Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 1962 оны зургадугаар сарын 7-ны өдөр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүнээр элссэн юм. Гадаад харилцааны салбарт гарсан энэ том өөрчлөлт нь Монгол орны хөгжил цэцэглэлтийг түргэтгэх том хүчин зүйл болсон билээ. Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны гол хэлбэр болох ЭЗХТЗ-д элсэн орсноор манай орны геологийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж эхэлсэн юм.

1961 онд Соёлын довтолгооны хоёрдугаар шат эхэлж “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”, “Эрүүл энх аж төрөхийн төлөө ”гэсэн гурван уриа лоозонгийн дор олон талт үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Мөн нэгдэлжих хөдөлгөөн, атрын аян ч энэ он жилүүдэд Монгол оронд ид хүчээ авч байв.

XVI жарны Харагчин үхэр жил. 1973 он.

Таван толгойн коксждог нүүрс, Хөвсгөлийн фосфорит, Цагаан суваргын зэс молибдены орд газрыг зөвлөлийн гишүүн сонирхогч орнуудтай хамтран ашиглах асуудлыг боловсруулжээ. Эл хугацаанд Монгол Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” аж ахуйн газрыг 1973 онд нээн ажиллуулснаас гадна, манай орны нийгэм эдийн засгийн амьдралд өнөө хүртэл үр шимээ өгч буй “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон юм. ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд болох БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСРУ, БНУАУ, БНСЧСУ-ын тусламжтайгаар мах комбинат, нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, шилэн дарлага бүхий хүнсний ногооны газар, жимс, ногооны цогцолбор, биокомбинат, оёдлын үйлдвэр, гүн хэвлэл, хивсний үйлдвэр, мод боловсруулах комбинат, хөнгөн бетоны завод, царууц тоосго, шохойн үйлдвэр, автомашины засварын газар, мебель картон үйлдвэрлэх фабрик, гутал, арьс ширний үйлдвэр, цементийн завод, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг нийгэм соёлын олон газруудыг барьж байгуулсан билээ.

XVI жарны Хөхөгчин үхэр жил. 1985 он.

ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд түүнийг “Эмчилгээ хийлгэ” гэдэг нэрийдлээр Москвад аваачсан билээ. Энэ үед Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгчдийн гараар хийлгэсэн байна. Ерөнхий сайд Жамбын Батмөнхийг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар томилсон юм. Энэ бол 1985 оны үе юм.

XVII жарны Улаагчин үхэр жил. 1997 он.

1996 оны зургадугаар сарын 30. УИХ-ын ээлжит сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. УИХ-ын олонхын бүлгийн даргаар Ц.Элбэгдорж сонгогдов. 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөв. 1997 он бол Монголын улс төрийн хямралын суурь тавигдсан өмнөх жил нь байсан юм. 1998 оны дөрөвдүгээр сарын 23. Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газар унаж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов. 1998 оны долдугаар сарын 21. Ерөнхий сайдаар гурван сар ажилласан Ц.Элбэгдорж огцров. 1998 оны аравдугаар сарын 2. Дэд бүтцийн сайд, Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг хэрцгийгээр алагдав. Ерөнхий сайдад нэр дэвшигчид төрийн тэргүүний шалгуурт тэнцэлгүй бүр долоон удаа бүдэрч байлаа. Эрх баригч Ардчилсан холбоо эвслийн дарга нар “Манай фракциудын дээд цэгтээ тулсан дотоод зөрчил дээр сөрөг хүчин тоглож,төрийг хямрааж байна” гэж ээлж дараалан мэдэгдэж байлаа. Төрийн хямрал Үндсэн хуулийн хямрал болон үргэлжилсэн юм.

XVII жарны Шарагчин үхэр жил. 2009 он.

2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын маргааш Улаанбаатарт үймээн дэгдэж, “Долдугаар сарын 1” гэх бараан өдөр шинэ цагийн түүхэнд бичигдсэн билээ. Нийгмийн уур амьсгал бүхэлдээ унаж, түгшүүртэй байсан ч 2008 оны наймдугаар сарын 8-нд Бээжин хотноо хөшгөө нээсэн зуны олимпоос Монголын баг тамирчид анхны алтан медалиудаа зүүсэн нь дээрх уур амьсгалыг жаахан ч атугай зөөллөж, үл ойлголцлоор дүүрсэн улс төрд өчүүхэн ч болов эвлэрэл авчирсан юм.

Дэлхийн эдийн засаг 2008 оны сүүл, 2009 он бүхэлдээ хүнд байлаа. Ашигт малтмалын үнэ шалдаа бууж, 1993 оноос хойш Монголын эдийн засгийн өсөлт анх удаа хасах гарлаа. 2009 онд С.Баяр Ерөнхий сайдын албыг өөрийн хүсэлтээр С.Батболдод шилжүүлсэн билээ.

XVII жарны Цагаагчин үхэр жил. 2021 он. Юу тохиох бол?

Энэ жилийн Цагаагчин үхэр жил хүртэлх өмнөх 10 үхэр жилд хувьсгал, тэмцэл, бослого, тусгаар тогтнолын төлөөх хэлцэл, байлдаан, их хэлмэгдүүлэлт, бүтээн байгуулалт, соёлын довтолгоо, уул уурхайн хөгжил, улс төрийн хямрал зөрчил голдуу болж байсан гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байна. Алим модноосоо нэг их хол унахгүй гэдэг шиг өмнөх үхэр жилүүдийн ерөнхий өнгө аясаар л явчих байх даа гэж таамаг дэвшүүлж болох ч бэлгэдлээ бодоод мөн л “Эзэндээ ээлтэй үхэр жил. Эм жил, зөөлөн жил учир аятай өнгөрөөсэй” гэцгээе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх саруудад 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангана

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өчигдөр орой боллоо.

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт нь тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бус эсрэгээрээ Засгийн газар ачаагаа үүрэх хэрэгтэй

“СТУДИ ИЙМ ТАВАГ ЗАСЧИХАЖ, БИ МЭНДЧИЛГЭЭ Л ДЭВШҮҮЛСЭН ЮМ” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ, ӨРӨӨЛ БУСАД РУУ НЯЛЗААГААД БАЙМААРГҮЙ БАЙНА-

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Та сайхан шинэлэв үү. Өнгөрөгч төмөр хулгана жил хэр өнгөтэй байв?

-ХҮН-ын хувьд УИХ, Нийслэл, дүүргийн ИТХ-д суудалтай, шат шатанд өөрсдийн төлөөллөө оруулсан амжилттай жил байлаа.

-Сар шинийн баяр бол монголчуудын хувьд онцгой чухал баяр. Та Цагаан сарын ёс жаягийн талаар хэр мэддэг вэ?

-Уламжлалаа хүндэтгэлгүй л яах вэ. Гэхдээ ёс жаягийг маш нарийн сайн мэдэх үү гэвэл үгүй ээ. Үнэнээ л хэлье дээ.

-Таны Сар шинийн баяраар хүргэсэн мэндчилгээ сошиалаар нэлээн л явах шиг боллоо. Монгол гэр биш тусгайлан бэлдсэн газар байх шиг байсан. Мэндчилгээн дээрх тавгийн идээг хэн бэлдсэн бэ?

-Шулуухан л хэлье дээ. Уг нь оффис дээрээ нэг мэндчилгээ хийсэн л дээ. Тэр нь манай намынханд гологдсон. Аргагүй биз, бэлдсэн юмгүй байгаагаараа л мэндчилгээ дэвшүүлчихсэн. Гэтэл “Монголын уламжлалт баяр болж байна. Тиймээс тусгайлан бэлдсэн студид мэндчилгээгээ хийлгэвэл дээргүй юу” гэсэн. Ингээд нэг студид очиж хийлгэсэн. Студи дотор гэр засаад, тавгийн идээ, эмээл гээд уламжлалыг хадгалсан бүхий л зүйл байсан. Их л уламжлалаа боддог малчдад зориулсан телевизийн студи байсан л даа. Ороод мэндчилгээгээ дэвшүүлсэн. Их таалагдсан. Үнэндээ хаана, юу байгааг нь анзаараагүй. Анзаарах нь битгий хэл амьхандаа их л хүндэтгэлтэй хандсан. Их гоё газар хийж байна гэж бодсон.(инээв) Мэндчилгээгээ цацсаны дараа дөрвөн үе тавгийн асуудал гараад ирчихсэн. Телевизийнхээ хүмүүсээс энэ ямар учиртай вэ гээд асуусан чинь “Таван үеэр зассан боловч дээрх жижиг ааруулууддаа дарагдчихсан байна” гэхээр нь “Аан тийм үү” гээд л өнгөрсөн”. Цагаан сар болж байхад “Студи ийм таваг засчихаж, би мэндчилгээ л дэвшүүлсэн юм” гэдэг ч юмуу өөрийгөө өмөөрөх, өрөөл бусад руу нялзаагаад баймааргүй байна. Ийм үйлдэл чинь бэлгэгүй шүү дээ. Уламжлалт Цагаан сарын баяраа бэлгэдэж, хүндэтгэж бэлгэтэй ерөөл дэвшүүлье гэж очсоноос орчныг нь анзаарсангүй ээ. Хэн нэгнийг буруутгах бодол алга. Гэхдээ цаашид анхаарна аа л гэж бодож байна.

-Үхэр жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн өнгийг та хэрхэн харж байна?

-Энэ жил амаргүй жил болох нь дээ л гэж харж байна.

Тэр дундаа эхний хоёр улирал. Учир нь коронавирусийн хүндрэл үргэлжилсэн хэвээрээ байна. Үүнтэй зэрэгцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Маш их улстөржиж, талцсан уур амьсгал үүсэх нь гэж харж байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас буюу гуравдугаар улирлаас Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлага байна. Дэлхий нийтээр вакцинд хамрагдаж эхэлсний дараа буцаад хэвийн байдалдаа шилжих байх гэсэн прогноз байна. Тэгэхээр оны сүүлийн улиралд иргэдийн амьдрал дээшилж, эдийн засаг ч сэргэнэ гэж итгэж байна.

-Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Уг хөтөлбөрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ цаг үед эдийн засгаа сэргээх, тэр дундаа ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүний хувьд ХҮН-ын эдийн засагч, судлаачидтай хамтарч УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өргөн барьсан. Төслийн гол агуулга нь хувийн сектор бизнесийг идэвхжүүлж, 200-400 мянган ажлын байраа хамгаалах хөтөлбөр. Яагаад ийм хөтөлбөр хэрэгтэй байгаа талаар ярихаасаа өмнө хоёр зүйлийг дурдъя. Хэрвээ санаж байгаа бол эрх баригчид Засгийн газраас иргэдийн орлогыг баталгаажуулж хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үр дүн нь сайн байгаа. Хоёр, оны өмнө айл өрхийн цахилгаан, дулаан усны хэрэглээний зардлыг Засгийн газар нуруун дээрээ авсан. Энэ бол байгаа оносон арга хэмжээ. Гурав, одоо юу хэрэгтэй байна гэхээр хамгийн гол нь ажлын байраа хамгаалах. Олон улсын дунджаар бодоход нэг ажлын байрыг шинээр үүсгэхэд 10 мянган ам.доллар, харин байгаа ажлын байрыг хамгаалахад таван мянган ам.доллар зарцуулдаг. Тиймээс байгаа ажлын байраа хамгаалах нь чухал учраас энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Засгийн газраас гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжинэ гэж ойлгосон. Ингэхдээ Монголбанкин дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх байдлаар, зах зээлийн зарчмаар бус, төсвөөс гадуурх эх үүсвэрээр хэрэгжүүлбэл эрсдэл үүснэ гэж харж байна. Өмнө нь 2012-2016 онд төсвөөс гадуур олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бүгдийг нь Монголбанк санхүүжүүлсэн. Ингэхдээ заримыг нь мөнгө хэвлээд санхүүжүүлсэн шүү дээ. Иймэрхүү схемээр явна гэвэл маш буруу, бид хүчтэй эсэргүүцэх болно. Учир нь мөнгөний нийлүүлэлтийг зах зээлийн зарчмаар бус огцом өсгөвөл үр дүнд нь долларын ханш өснө. Ингэхээр дотоодын мөнгөний нийлүүлэлтээ нэмсэн бус төлбөрийн баланс дээр ачаалал аваад импортоо дэмжинэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагаа идэвхжлээ гээд мөнгө нийлүүлбэл тэр мөнгийг чинь доллар ч юмуу юань болгож гаднаас импортын хэрэглээгээ дэмжинэ. Үр дүнд нь долларын эрэлт өснө. Ингэхээр мөн инфляци өсөх магадлалтай. Тэгэхээр нэг талдаа бизнесээ идэвхжүүлсэн ч нөгөө талдаа нийтээрээ дарамт хүлээж авдаг буцаад төсөв, төлбөрийн баланс нь алдагдалтай, мөнгөний ханшаа алдчихсан ийм нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

-Тэгвэл үүнийг яаж засч, яаж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Энэ тохиолдолд Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бус эсрэгээрээ Засгийн газар ачаагаа үүрэх хэрэгтэй. Монголбанкинд байгаа 8-9 их наяд төгрөгийг Засгийн газар бонд гаргаж татаж авах нь зөв. Бидний өргөн барьсан тогтоолын төслөөр бол дор хаяж гурван их наяд төгрөгийг дотоодын зах зээлээс босгох боломж байгаа юм. Учир нь 2021 оны өрийн хязгаар нь ДНБ-ний 70 хувь гэсэн хязгаар байгаа. Үүнийг төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тодорхой заасан. Засгийн газрын одоогийн өр 62-63 хувьтай байгаа. Тэгэхээр Засгийн газраас 3-4 их наяд төгрөгийн бонд гаргаж татан төвлөрүүлэх боломж нь байна. Тиймээс үүнийг ашиглаж Засгийн газраас бонд арилжих хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүү өнөөдөр зургаан хувь байна. Банкуудын найм орчим их наяд төгрөг Монголбанкинд байршчихсан байгаа шүү дээ. Энэ мөнгөний (найман их наяд төгрөгийн) өгөөж нь 4.5 хувь. Учир нь Төв банкны үнэт цаасны хүүгийн орлогын татвар нь 25 хувь байдаг. Хэдийгээр зургаан хувьтай мөнгө паркалж байгаа ч гэсэн татвараа хасчихвал 4.5 хувиар банкууд төв банкинд мөнгөө байршуулж байгаа юм. Засгийн газраас таван хувийн хүүтэй бонд гаргаж банкуудад арилжвал банкууд илүү хүүтэй рүү нь мөнгөө байршуулна. Тэгэхээр Засгийн газар бондоо арилжих замаар Төв банкинд байгаа мөнгийг татан авч болж байгаа юм. Энэ нь дор хаяж гурван их наяд төгрөг болно. Энэ мөнгөө банкуудаар дамжуулан зээлүүлбэл үйл ажиллагааны зардал, ашиг гээд хүү нэмэгдчихнэ шүү дээ. Хүү нэмэхгүйгээр яаж тарааж болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл Засгийн газрын өөрийн Хөгжлийн банк, Төрийн банк гэх хоёр институцийг ашиглах хэрэгтэй. Төрийн банк бүх орон нутагт салбартай учраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд жилийн таван хувийн хүүтэйгээр өгч болно. Харин Хөгжлийн банкаар дамжуулж дундаас дээш аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуураар зээлэх хэрэгтэй. Ингэхэд нэгдүгээрт, хүүнээс гадна хамгийн гол нь хугацаа байгаа юм. Богино хугацааны зээл аваад түүнийхээ эрсдэлийг дааж мөнгөө төлөөд явна гэдэг бол өнөөгийн нөхцөлд амаргүй. Ер нь банкуудын эх үүсвэр хадгаламжтайгаа уяатай байдаг болохоор үүндээ үндэслэж ихэвчлэн нэг жилийн хугацаатай зээл өгдөг. Тэгвэл Засгийн газраас 3-5 жилийн хугацаатай зээл өгөх. Үүнээс гадна эхний нэг жилдээ үндсэн өрөөс чөлөөлөх хэрэгтэй. Үндсэн өрийн төлбөрийг төлөхгүй хүүгийн өрийг төлөөд явахаар зохицуулчихвал коронавирусийн хүндрэлийг энэ жилдээ даваад гарчихна гэсэн хүлээлт байна. Мөн дээрээс нь коронавирусийн эсрэг вакциныг энэ жилд хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Тиймээс бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд ийм нөхцөлтэй зээл авсан тохиолдолд ажлын байраа хадгалж чадна. Мөн бизнесийн идэвхжил, эрэлтийг хангаж чадна. Бас нэг чухал зүйл нь санхүүгийн систем, төлбөрийн балансад хүндрэл учруулахгүй, долларын ханшийг өсгөхгүйгээр зах зээлийн зарчмаар энэ арга хэлбэрийг ашиглаж бүгдээрээ хожих хувилбар байна.

-Дараагийн нэг чухал асуудал бол Оюу толгойн гэрээ. Зарим хэсэг нь Оюу толгойн гэрээг цуцлах ёстой гэж үзэж байхад зарим нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюу толгойн асуудлаар манай мэргэжилтнүүд санхүүгийн модел боловсруулах чиглэлээр ажиллаж байна.Манай Засгийн газар өөрсдийн модел дээр суурилж санхүүгийн нөхцөлүүдээ ярихгүй бол хөрөнгө оруулагч талын тоон дээр ажиллаж, тэр нь улстөржих сэдэв болоод байгаа. Гэрээг монголчуудад ашигтай байхаар сайжруулах нь зөв шүү дээ. Ингэхдээ улстөрчид биш, харин сайн мэргэжилтнүүдийн баг хэлэлцээрт суух нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 6, Шийдэм одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 7:55 цагт мандан, 18:17 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, Дархадын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 23-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Завхан голын эх, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Шаампар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт эдийн засагч Н.Энхбаяр “Засгийн газар төсөвт тусгагдаагүй шинэ асуудлуудыг хөндсөн тул 2021 оны батлагдсан төсөвт тодотгол хийх хэрэгтэй” хэмээн I-V нүүрт өгүүллээ.

“Apprentice Mongolia” шоуны ялагч Ц.Бархас “Энэ шоу миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан” хэмээснийг I-VIII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Зөвлөлтийн зохиолч Василий Шукшиний “Шаампар” өгүүллэг хэвлэгдлээ.

“Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Нэг өдөр хөл хорио тогтоож 60 тэрбумыг алдахын оронд тэр мөнгөөрөө 420 мянган өрхийг давтан шинжилгээнд хамруулсан нь илүү үр дүнтэй” хэмээв.

“Хэлмэгдсэн Буддизм буюу алдагдсан өв соёл” нийтлэлийг I-VI нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны 02 дугаар сарын 16-ны 20 цагаас 02 дугаар сарын 17-ны 20 цаг үртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бүх нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, Дархадын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 23-28 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 7-12 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2021 оны 02 дугаар сарын 18-наас 02 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-21-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчидтай цахимаар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Цэргийн алба хаагч Та бүхэн цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цэргийн алба хаагчид Та бүхэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон тулгуурт гадаад бодлогын салшгүй нэг хэсэг юм шүү. Та бүхний үүргээ амжилттай биелүүлж байгаа өдөр бүрээр эх орны чинь аюулгүй байдал баталгаажиж байна” гэлээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн илтгэснээр:

  • Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхлэн Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Судан Улсын Дарфур муж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан Улсын Абей муж, БНИемен зэрэг 12 улс орон, бүс нутагт үүрэг гүйцэтгэж байна.
  • 2021 оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар нийтдээ 19,300 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.
  • 2006 оноос хойш манай 700 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн ажиглагч болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна.
Categories
гадаад мэдээ

Кино театрууд орлогогүй болсны улмаас өргөн дэлгэцүүдээ видео тоглоомчдод түрээслэх болжээ

АНУ болон Өмнөд Солонгосын сүлжээ кино театрууд видео тоглоомчдод өөрсдийн кино танхимын өргөн дэлгэцүүдээ түрээсээр ашиглуулах болжээ. Хэдийгээр кино театруудад танхим дүүргэлтийг 50 хувьтай байлгах зөвшөөрлийг олгоод байгаа ч, Өмнөд Солонгосын кино театрууд видео тоглоом тоглох зориулалтаар дэлгэцээ түрээслүүлэх орлогын шинэ урсгалыг бий болгосон байна. Дөрөв хүртэлх хүн танхимын өргөн дэлгэцийг хоёр цагийн турш 90 доллараар түрээслэх бөгөөд 18:00 цагаас хойш энэ төлбөр 135 доллар болж нэмэгдэх гэнэ. Танхимын өргөн дэлгэцийг түрээслэх сонирхолтой видео тоглоомчид өөрсдөө тоглоом, консол болон удирдлагаа авчрах ёстой аж. BBC-ийн мэдээлж буйгаар видео тоглоомчид өргөн дэлгэцээр дуртай тоглоомоо тоглох боломжийг олгож байгаад сэтгэл хангалуун байгаа гэнэ.


Энэ жилийн эхээр уг шинэ үйлчилгээ нэвтэрснээс хойш кино театрын танхимууд одоогоор 130-аас олон удаа захиалга авчээ. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 30 эсвэл 40 орчим насныхан байгаа бол, мөн хосууд болон гэр бүлээрээ танхимын өргөн дэлгэцийг түрээслэх тохиолдол мөн байгаа аж.Өмнөд Солонгосын CGV кино театр дан ганц уг үйлчилгээг нэвтрүүлээгүй бөгөөд АНУ-ын Malco кино театр өнгөрсөн оны 11-р сараас үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлжээ. Мемфис хотод байрлалтай Malco кино театр нэг өргөн дэлгэцийг хамгийн дээд тал нь 20 хүнд түрээслэж байгаа юм байна. Энэ кино театр Арканзас, Кентаки, Луйзиана, Миссиссиппи болон Теннессид салбаруудтай. Үнийн хувьд 2 цаг түрээслэхэд 100 доллар бол, 3 цаг нь 150 долларын үнэтэй.