Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Шинээр 58 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2551 боллоо

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ни талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 47110 хүнд PCR шинжилгээ хийхэд 58 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 48 нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон давтан шинижлгээгээр илэрсэн. Харин 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс буюу масс дундаас илэрлээ. Ингээд удсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2551 боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэллээ

Энэ сарын 18-наас буюу өчигдрөөс эхлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг энэ сарын 8-наас иргэдийн www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн.

Улсын хэмжээнд нийт 177 мянган иргэн тус тэтгэмжийг авдаг. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд улиралд нэг удаа 240 000 төгрөг тус тус олгоно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Түүхэн замнал, онцлогийг харуулсан самбартай боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор түүхэн замналын самбартай боллоо.

Тус самбарт байгууллагын үүсэл хөгжил, томоохон хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, онцлогийг цаг хугацааны дарааллаар байршуулснаараа онцлог юм.

150082132_3789636431120462_5229570824684160590_o.jpg

Ингэснээр иргэд олон нийтэд байгууллагын талаар тодорхой мэдээллийг хүргэхээс гадна байгууллагын түүхэн үйл явдлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх боломж бүрдлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр цаг-үе

ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 18-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.

Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Мөн Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв.

Уулзалтын эхэнд манай хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэж, харилцааны түвшингээ ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхийн төлөө бүх талаар идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал технологийн салбарт төдийгүй, харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтран хөгжүүлэхээр ярилцав. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Германы дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Берлин хотноо нээсэн “Мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, тус төвийг бэхжүүлэх, сурталчлахад хамтран ажиллахыг хүслээ.

Эрхэм Элчин сайд аливаа улс оронд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг тэмдэглээд ойрын жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шинжилгээ авч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв.

Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтлийн бодисоор бүрэн хангаж, хувцас, хэрэгслээ зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхэд үргэлжлүүлэн хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Мөнхчулуун: МАН, МАХН эргэж нэгдэх ёстой гэж боддог

МАН-ын гишүүн С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Та МАН-ын 100 жилийн ойг угтаж уугуул намынхаа гишүүнчлэлийг сэргээлээ. Буцаж орох шалтгаан тань юу вэ?

-Миний хувьд МАН-д 1998 онд гишүүнээр элсэж, Европын холбоон дахь МАСзх-ны салбар зөвлөлийг үүсгэн байгуулалцаж, тэргүүлэгч, СхД-ийн МАхН-ын дэд дарга, Нийслэлийн МАН-ын дэд дарга, НиТх дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан, намын идэвхтэн гишүүн юм. Гэвч 2019 онд намын хяналтын Ерөнхий хорооны шийдвэрээр МАН-ын гишүүнээс гарсанд тооцогдсон.

Нэг ёсондоо өөрийн хүсэлтээр биш, хүчээр гарсанд тооцогдсон гэсэн үг. энэ хугацаанд ямар нэг өөр нам, эвсэлд элссэнгүй. МАН-ын дүрэмд хяналтын хорооны шийдвэрээр намаас гарсанд тооцогдсон намын гишүүний намын гишүүнчлэлийг буцаан сэргээх тодорхой зохицуулалт байдаг. энэ зохицуулалтын хүрээнд Намын гишүүнчлэлээ сэргээсэн.

-100 жилийн ойг угтаж МАН, МАХН нэгдэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл бодитой биз дээ. Ер нь нэгдэхээр тохироогоо хийчихсэн юм биш үү?

-Миний хувьд энэ мэдээллийг та бүхэнтэй ижил сошиалаас л авсан. Миний хувьд өөрөө намаас гарсанд тооцогдож яваад намдаа эргэн орсон хүний хувьд энэ хоёр нам эргэж нэгдэх ёстой гэж боддог. Нөгөө үсэрсэн цус, тасарсан мах гэдэг шиг нэг үзэл бодолтой, нэг үзэл баримтлалтай, зүүн төвийн үзэлтэй нэг намаас салаалсан намууд шүү дээ. МАН-ын үндсэн дүрэм ч “Монгол Ардын Нам нь Монгол Ардын хувьсгалт Нам \МАхН\-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд” гэж эхэлдэг.

-Зургадугаар сард болох Сонгинохайрхан дүүргийн уиХ-ын нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших үү?

-Нөхөн сонгууль болох тойрог нь миний 2020 онд нэр дэвшиж өрсөлдсөн тойрог юм. Гэвч Уих-д нэр дэвших нэр дэвшигчийн намын бага хурлаар тодруулдаг тул дэвшинэ, дэвшихгүй гэж өнөөдөр хэлэх боломжгүй. Миний намдаа эргэн орсон зорилго маань Уих-ын нөхөн сонгуульд нэр дэвших, эсхүл ямар нэгэн албан тушаалд горилох биш, харин өөрийн итгэл үнэмшлээр нэгдэж 20 жил зүтгэсэн намынхаа эв нэгдэл, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс орны болон намын дотоод асуудлаар санал бодлоо гаднаас нь биш, дотроос нь хэлж ярих юм.

-Мөн МАН 100 жилийн ойгоороо нэлээн хэдэн хүнд өршөөл үзүүлнэ гэсэн шуум тархаад байгаа шүү дээ. Энэ үнэн үү?

-Намайг намдаа буцаж орсонтой холбоотойгоор Сайтууд янз бүрийн гарчигтай, өөр өөрийн өнцөгтэй мэдээнүүд оруулсан байна билээ. Түүний нэгийг асууж байх шиг байна. Түрүү би хэлсэн намын дүрмийн дагуу намаас гарсанд тооцогдсон гишүүнийг намд дахин элсүүлэх заалт бий. Тодорхой хэлбэл, Намын дүрмийн 6.8 -д “иргэн өөрийн гаргасан дутагдлаа арилсан гэж үзвэл Монгол Ардын Намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ НАШБ-аар уламжлуулан хяналтын Ерөнхий хороонд гаргаж болно” гэж заасан байдаг. энэ заалтын дагуу хяналтын Ерөнхий хороо дахин хянаж үзээд дүгнэлт гаргаж шийдвэрлэх бүрэн боломжтой.

-Сөрөг хүчний зүгээс танай намыг “Социалист нам, энэ үзэл баримтлал нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн” хэмээн шүүмжилдэг. Ер нь цаашид намдаа шинэчлэлт хийх хэрэгтэй гэж боддог уу. Намынхаа үзэл баримтлалыг өөрчлөх ёстой гэж боддог уу?

-Монгол Ардын нам нь нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай, Ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэх эрхэм зорилготой гэж дүрэмдээ зааж, Дээд шүүхээр батлуулсан, улс төрийн үзэл баримтлалын хувьд бол Социал Демократ нам шүү дээ.

Дэлхий дахинд ер нь дан либерал үзлээр хол явахгүй нь тодорхой болж, чиг хандлага нийтээрээ социал демократ үзэл баримтлал руу шилжиж, нийгмийн хамгааллын бодлогууд, орлого багатай иргэдээ дэмжих, татварын шаталсан тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын системийг сайжруулах бодлого нэн тэргүүнд тавигдаж эхэлж байгаа. иймд миний бие намынхаа үзэл баримтлал, зорилго зорилтыг дэмждэг. харин намын дотоод ардчиллыг илүү бэхжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх, боловсон хүчний бодлогыг сайжруулах, улс төрийн ууган хүчний хувьд төрийн эрх барих явцдаа ч аливаа асуудалд намынхаа үзэл баримтлал, зорилго, суурь зарчмуудыг чанд баримталж байх ёстой л гэж боддог доо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чингэлтэй дүүрэгт шинжилгээ авах цэгүүдийн байршил

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүрэгт үргэлжилнэ.

Чингэлтэй дүүргийн оршин суугчид 09:00-18:00 цагт дараах цэгүүдэд хамрагдах боломжтой. Өнөөдөр 1-19 дүгээр хорооны 23 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ба суурин 10 цэг, явуулын 60 баг ажиллана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Зэсийн үнэ огцом өсөхөд нөлөөлсөн шалтгаануудын нэг нь Хятадын эдийн засгийн хурдтай сэргэлт

-ЗЭСИЙН ҮНЭ ЭНЭ ЖИЛ 7000-8000 АМ.ДОЛЛАР ОРЧИМД ХАДГАЛАГДАНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТ БИЙ-


“Голомт” банкны ахлах эдийн засагч Г.Батзоригтой зэсийн зах зээлийн талаар ярилцлаа.


-Зэсийн үнэ 8400 ам.доллар давчихлаа. Ханш өссөн шалтгааныг сонирхуулаач?

-Зэсийн үнийн өсөлтөд нөлөөлсөн гурван шалтгаан бий. эхний шалтгаан нь Хятадын эдийн засагтай холбоотой. Урд хөршийн эдийн засаг хурдтай сэргэж яваа. Энэ өсөлтийг дагаад гангийн үйлдвэрлэл нэлээд нэмэгдэж байна л даа. дараагийн шалтгаан нь нийлүүлэлттэй хамаатай. Зэсийн гол нийлүүлэгч Чилид цар тахал гарсан, цар тахлын тархалт нэлээд өндөр идэвхжилтэй байгаа. ийм шалтгаанаар нийлүүлэлт талдаа доголдол үүсчихлээ. Өөрөөр хэлбэл, нэг талдаа эрэлт өсөөд, нөгөө талдаа нийлүүлэлт буурсан зураг харагдаж байна. Зэсийн үнэ өсөөд байгаа нь цаанаа ийм учиртай. үнэ өссөн гурав дахь шалтгаан нь вакцинтай холбоотой. хөгжингүй орнуудад вакцинжуулалт хийгдчихлээ. Вакцинжуулалт тойрсон энэ мэт эерэг мэдээ эдийн засагт эерэг хүлээлтийг хаа сайгүй бий болгож байна. Гадны томоохон банкуудын хүлээлт нэлээд өндөр байна.

-Зэсийн үнийн өсөлтөд Хятадын зах зээлийн сэргэлт, Чилийн нийлүүлэлтийн доголдол, ковидын вакцинжуулалт эерэгээр нөлөөлсөн юм байна. Ер нь зэсийн үнэ ханш өнөө жилийн хувьд хэр байх бол, ямархуу таамаг голлож байна вэ?

-Зэсийг эдийн засгийн доктор гэж тодотгодог. Эдийн засаг унавал зэсийн ханш урьдчилж унадаг, эдийн засаг сэргэх нөхцөл бүрдвэл урьдчилж өсдөг онцлогтой учраас ингэж тодотгодгийг та мэднэ. дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын таамгаар бол зэсийн үнэ тогтвортой байх зураг харагдаж байна. Бүр тодруулж хэлбэл, 7000-8000 ам.доллар орчимд хадгалагдчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Өнөө жил зэсийн ханш өндөр байна гэдэг манай эдийн засагт эерэг мэдээ л дээ. Төсөвт зэсийн ханшийг хамаагүй багаар төсөөлсөн байгаа. Тэгэхээр манай улс зэсийн баяжмалын экспортоосоо төсөөлснөөс их хэмжээний орлого олох нь ээ?

-Төсөвт зэсийн үнийг 6500 ам.доллараар тооцсон гэхээр манай улс зэсийн баяжмалын экспортоос төлөвлөснөөсөө их хэмжээний орлого олох нь тодорхой харагдаж байна.

-Цахилгаан машины үйлдвэрлэлийн огцом өсөлт гэх мэт цөөнгүй шалтгаан урт хугацаанд зэсийн хэрэглээг өсгөнө, тэр хэрээр ханш нь өснө гэсэн таамаг голлож байна л даа. Зэсийн эрэлт нь нийлүүлэлтээ давах тэр үед Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох багцаа бий. Ингээд харахаар зэс урт хугацаандаа Монголын эдийн засагт аврагч хэвээр байх нь ээ?

-Таны хэлж байгаачлан цахилгаан машин болон цахилгаан бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл огцом өснө, тэр хэрээр зэсийн эрэлт өндөр өсөлттэй байна гэсэн таамаглал бий. Үүнээс гадна өөр нэг том шалтгаан байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Парисын хэлэлцээрт дахиж нэгдэхээ зарлаж, дулаарлын эсрэг том бодлогууд хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ бүх бодлого зэсийн хэрэглээг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа. Товчхондоо ойрын гурав, дөрвөн жил, цаашдаа арав, хорин жилийн хугацаанд зэсийн хэрэглээ өсөхөөр харагдаж байна. Оюу толгой төслийн тухайд өнөө жил зэсийн баяжмал дахь алтны агууламж хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ жилийн орлого нь өндөр байх болов уу.

-Хятадын эдийн засгийн сэргэлт нүүрсний үнэд ч эерэгээр нөлөөлөх нь тодорхой болчихлоо. Гэхдээ нүүрсний хувьд цаг алдахгүй ашиглахгүй бол урд хөршийн, ер нь дэлхийн том гүрнүүдийн ногоон бодлого эрчимжих хэрээр үнэ цэнээ алдаж магадгүй гэсэн болгоомжлол сонсогддог…?

-Тийм л дээ. Дотоод эдийн засгийн хувьд зэс нүүрс хоёрыг сөргүүлж тавих нь зүйтэй болов уу. Нэг талд нүүрсээ даруйхан ашиглахгүй бол хэрэглээ нь хумигдах нь цаг хугацааны асуудал болчихсон. Гэтэл нөгөө талд зэсийн эрэлт урт хугацаандаа улам өсөх зураг харагдаж байгаа.

-Зэсийн зах зээл урт хугацаандаа улам гялалзана гэснээс Оюу толгойн хувьд томоохон гэрээ хэлцэл тойрсон хэлэлцээрүүд улс төрийн түвшинд ид өрнөж яваа. Мега төсөл тойрсон хэлэлцээртээ ухаалаг хандвал урт хугацаандаа эдийн засаг огцом тэлэх боломжтой гэж хэлэх эдийн засагч цөөнгүй байна…?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Зэсийн зах зээлийн ирээдүйг шинжээчид өөдрөгөөр таамаглаж байгаа. Бидний хувьд ийм нөхцөлд өмнөө тулгарсан асуудлаа шийдээд явчихвал эдийн засаг тэлэх том боломж бий.

-Зэс, нүүрс энэ жил эдийн засгийн гол аврал байх нь гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Хямралын үед сөрөг хөдөлдөг бүтээгдэхүүнийг бүрдүүлчихсэн байна л даа, манай улс. Санаатай ч биш санаандгүйгээр. Зэс нүүрс хоёр нэг чиглэлд хөдөлдөг. Алт эсрэг чиглэлд хөдөлдөг. Түрүү жил буюу өнгөрсөн хугацаанд биднийг аварч гарсан зүйл бол алт. Хямралын үед алт аврал болдог. Харин одоо алтны ээлж дуусч зэс, нүүрсний аврах цаг эхэлж байна.

-Алтны ханш өнгөрсөн жил хэдэн зуун хувиар өссөн. Яг хэчнээн хувийн өсөлт үзүүлсэн бол?

-Алтны үнэ ханшийн хувьд түрүү жил нийт дүнгээрээ 324 хувиар өссөн . Харин зэсийнх хасах нэг хувь, нүүрснийх хасах 15-20 орчим хувийн бууралттай байсан. Дахиад хэлэхэд зэс, нүүрсний аврах цаг одооноос эхэлж байх шиг байна.

-Тэгэхээр алтны ханш унана гэсэн үг үү?

-Алтны ханш мөддөө унахгүй байх. Төв банкууд бодлогын хүүгээ бууруулчихсан учраас валютаас авч буй өгөөж бага байгаа. Ийм учраас хөрөнгө оруулагчид алтаа барьчихсан хэвээр байна л даа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар нохой өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 19, Сугар гариг. Билгийн тооллын давхарласан 7, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 7:52 цагт мандан, 18:20 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 1-3 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын сав газраар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.