Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо Хүний эрхийн Үндэсний комисст ханджээ

Цар тахлын нөхцөлт байдлаас үүдэн МУ-н хэмжээнд 2020 оны 1 дүгээр сарын 27- ний өдрөөс эхлэн Өндөржүүлсэн бэлэн байдал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ээлж дарааллан шилжсэн. Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж ирсэн.

Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу хүн хүч, орон тоо нэмэгдээгүйгээс улбаалж Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид олон хоногоор 24/24 буюу тулаа гарч ажиллах, нийтээр амрах баярын өдрүүд, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг нь тооцон олгоогүй байна.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11 ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Гэвч энэ үед ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол ундаар хангалгүй 8 цаг гудамж талбайд хүйтэн нөхцөлд үүрэг гүйцэтгүүлж байгаа нь “Хүн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй” гэх Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-дэх заалтыг зөрчигдөж байна гэж Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо үзжээ.

Тэд мөн ХЭҮК-д гаргасан гомдолдоо “Тус холбоо нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, байгууллага, алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагч, ажилтнуудын гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэхүү хугацаанд алба хаагчдаас ирж буй гомдол мэдээллийг шийдвэр гаргах түвшинд уламжлах, тэдний төлөөлөн дуу хоолойг хүргэх зэргээр олон асуудлыг шийдвэрлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагааг явуулж ирсэн. 2013, 2014 онуудад алба хаагчдаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж буй талаар маш олон гомдол мэдээлэл ирж байсан бөгөөд энэ бүхнийг нийгэмд түгээж, болж бүтэхгүй байгаа асуудлыг сошиал медиаг ашиглан хүргэж байсан. Энэхүү гомдол мэдээллийн мөрөөр тухайн үеийн ХЭҮКомисс анхаарал хандуулж цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хяналт, шалгалт судалгааны ажлыг зохион байгуулж ажилласан байдаг. Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийн 4-р бүлгийн 4.3-д Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тодорхой дурдсан байдаг.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисоос 14 дэх илтгэлдээ Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар доор дурдсан дөрвөн саналыг тусгаж, шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй.

1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр тушаалаар “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс, дэд хэсгийн байранд тавигдах ерөнхий шаардлага” CS11–0244:2014 стандартыг хэрэгжүүлж, илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх;

2. Засгийн газрын 2011оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах; 3. Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг оношлогоонд оруулах зардлыг төсөвт тусган баталж, нэгдсэн журмаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

4. Хөдөлгөөний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэг, зөрчил эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осолд тооцож, хуульд заасан нөхөн төлбөр олгож байх.

Дээр дурдсан саналууд нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь алба хаагчдын хөдөлмөрлөх эрх нь өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчигдөж байна гэх бүрэн үндэслэлтэй” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Шинээр 35 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 2586 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 44503 шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 35 тохиолдлын долоо нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн. Ийнхүү “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт 54 тохиолдлыг илрүүллээ. Эхний 26 тохиолдол уг шинжилгээгээр илэрч үлдсэн нь тэдгээрийн ойрын хавьтлаас илэрсэн. Одоогоор 1210 ойрын хавьтал болсон 1210 хүн эмчлэгдэж байна. Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд халдвар гарсан тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Зайлшгүй ажиллах 14 салбарын албан хаагчдыг зөвхөн ажил, гэрийн хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө

2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор хоёрдугаар сарын 8-наас хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд PCR шинжилгээнд хамрагдсан зайлшгүй ажиллах 14 салбарын ажилтан, албан хаагчдыг нийслэл хот дотор ажил, гэр хооронд шинжилгээний бичиг, ажлын тодорхойлт, ажлын үнэмлэхээ үзүүлэн зөвхөн ажил гэрийн хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа.

Харьяа орон нутгийн эмчийн хяналтад шилжүүлэх 13Б хуудас, оршуулгын ажил, хүнс, малын тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зорилгоор зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг Эрүүл мэндийн сайдын А/29 тушаалын дагуу 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээг үндэслэн хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-аас 256 иргэн эх орондоо иржээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:00 цагт газардаж уг нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 24
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
  • Жирэмсэн – 11
  • Өндөр настан – 13
  • Хөгжлийн бэрхшээлтэй – 3
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
  • Түр саатуулах байр – 20
  • 11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан – 92 иргэн ирнэ.
Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс

Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажил үргэлжилж байгаатай холбогдуулан коронавирус илрүүлэх шинжилгээ өгөхдөө юуг анхаарах талаар шаардлагатай мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

И.Томоко: Хүмүүнлэг буюу хуманизм бол нинжин сэтгэлээс тэс өөр асуудал

“Михачи” компанийн гүйцэтгэх захирал И.Томокотой ярилцлаа.


-Томоко, таны фэйсбүүкийн био дээрх “Монголын зөгийн балыг дэлхий рүү нисгэмээр байна” гэсэн үг онцгой санагдлаа. Бизнес нь ямархуу байгаа вэ, монгол зөгийн бал дэлхий рүү гарах цаг хэр ойрхон байна?

-Ковидоос болоод Сэлэнгэ рүү явж зөгийгөө асарч чадахгүй байгаагаас бусдаар бизнес маань дажгүй ээ. Эскпортыг нэг хүн хийх боломжгүй л дээ. Нэгдээд дэлхий рүү гаръя гэсэн зорилгоор хэд хэдэн зөгийн аж ахуй эрхлэгчдийг урьж уулзалт зохион байгуулж үзсэн, харамсалтай нь дараагийнх нь уулзалтад бүгдээрээ ирээгүй. Эхний уулзалтаар авсан даалгавраа биелүүлээгүй юм уу, эсвэл тусдаа бизнесээ хийгээд явъя гэж бодсон уу, бүү мэд. Би учрыг нь ойлгож чадаагүй өнгөрсөн.

-Бизнесийнхний хувьд нэгдэж нийлэхдээ тааруу нь нийтлэг зураг шиг санагддаг. Дор бүрнээ өөрсдийгөө болгоод явах аминч хандлагатай, нэг шинэ юм эхэлбэл ямар ч тооцоогүйгээр тэр орон зай руу нь бөөнөөрөө ороод биенээ дампууруулчихдаг гэх мэт сөрөг тал анзаарагдаад байдаг юм. Танд тэгж анзаарагдаагүй юу?

-Ихэнх монголчуудын хувьд нэг хандлага их тод анзаарагддаг. Жаахан энгийнчлээд пиццагаар төсөөлье. Нэг пиццагаа тойрчихоод аль нь илүүг авах вэ гэж өрсөлддөг. Тэр тойргоосоо гарч чаддаггүй. Шинээр пицца хийж болно шүү дээ. Намайг 2015 онд анх зөгийн бал гаргаж эхлэхэд “Номин” супермаркетад зөгийн балны лангуу гэж өргөөшөө аравхан сантиметр багахан талбай хамардаг байсан бол өнөөдөр тэр хэмжээ хэд дахин өргөсссөн. Энэ өнцгөөс нь харвал зөгийн балны зах зээл тэлж байгаа. Гэхдээ тэлж яваа энэ зах зээлийн тоглогчдын сэтгэхүй нь томрохгүй байна. Зах зээлдээ хэн нь илүү том орон зай эзлэх вэ гэсэн булаацалдаан л харагдаад байна. Биенээ өрсөлдөгч гэж хардаг гэх юм уу. Гэхдээ нэгдэж чадсан үйлдвэрлэгчид байна аа. Ноолуур, чацаргана гэх мэт гадагшаа экспортолдог цөөн бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэгчид нэгдэж чадсан. Нэгдэж чадсан учраас Монголын чацаргана, ноолуур экспортод гарч байна. Зөгийн бал тэр түвшинд очих болоогүй. Гол шалтгаан нь холбоо нийгэмлэг ажиллаж чадахгүй байна л даа. Гэнэт нэг жишээ санаанд орчихлоо. Зөгийн аж ахуйн эрхлэгчдийн фэйсбүүк групп дээр “Зөгийн бал бөөнөөр худалдаж авна” гэсэн зар тавигдахаар “Зарахгүй шүү, эд нар хямдхан авах гээд байгаа юм” гэсэн комментоор дүүрчихдэг. Дараа нь тэр зар алга болчихдог. Бодвол өнөө эсэргүүцээд байсан хүмүүсийн нэг нь л бүтээгдэхүүнээ зардаг байх (инээв).

-Монголд зөгийн аж ахуй хэр хөгжсөн бол?

-Зөгий хүн төрөлхтөнөөс түрүүлж үүссэн амьтан. Гурав, дөрвөн мянган жилийн өмнөөс л Египетэд анх гаршуулж тэжээсэн түүхтэй.

Зөгийг өсгөөд мал болгон тэжээж бал авъя гэсэн соёл гурав, дөрвөн мянган жилийн өмнө үүссэн гэсэн үг. Жинхэнэ соёл нь Европт хөгжсөн. Тэр утгаараа зөгийг амьтны талаас нь, аж ахуйнх нь хувьд хамгийн их судалсан хүмүүс бол европчууд. Онцолж хэлбэл Итали, Герман, Польш улсад зөгийн аж ахуй утгаараа хөгжсөн. Нэлээд хожим Орост нэвтэрсэн байдаг юм. Монголчууд балт зөгийг анх 1959 онд улсын бодлогоор Оросоос оруулж ирсэн. Зургаа дахь мал болгож. Би сая буруу хэлчих шиг боллоо, юу гэдэг билээ таван…?

-Таван хошуу мал уу?

-Тийм тийм, таван хошуу малтай байсан Монгол зургаа дахь хошуу малаа болгож балт зөгийг Оросоос оруулж ирсэн. Тэгэхээр зөгий тэжээх арга, судалгаагаараа Монгол Улс Европыг гүйцэхгүй. Монголоос өмнө зөгийн аж ахуйг хөгжүүлсэн Япон ч Европыг гүйцэхгүй. Монголд зөгийн аж ахуй үүсээд жаран жил боллоо, зөгийгөө нэгэн жарны турш маллаж байна гэсэн хүмүүс зөндөө бий. Гэхдээ хүн төрөлхтөн зөгийг хэдэн мянган жилийн турш малласаар ирсэн гэдэг талаас нь харахгүй хүмүүс зөндөө байна. Монгол дахь зөгийний амьдрал бол дэлхийн зөгийний өчүүхэн хэсэг. Зөгийн аж ахуйг ингэж сууриар нь харахгүй яваа зөгийчид зөвхөн Монголд гэлтгүй Азид өчнөөнөөрөө бий. Нэг хайрцганд аль болох олон зөгий байж гэмээ нь их хэмжээний бал авна. Нэг хайрцган дотор олон зөгий тэжээх ухаан хатан зөгийг хурдан хугацаанд яаж олноор нь их хэмжээгээр өндөглүүлэх вэ гэдэгтэй холбоотой. Хатан буюу эх зөгий ямар нөхцөлд яаж өндөглөх тухай нарийн судалгааг Европт бүрэн хийчихсэн. Манай зөгийчид тэр бүх судалгааг мэдэх үү үгүй юу гэдэг том асуудал болоод байна л даа.

-Таны ярианаас Японд ч зөгийн аж ахуй өндөр түвшинд хөгжөөгүй гэж ойлголоо…?

-Япон, Европын зөгийн аж ахуй маш том ялгаатай. Европын хувьд зөгийн аж ахуйн хөгжлөөрөө цойлж тасарсан. Хэрэглээний хувьд ч япончууд европчуудын хэрэглээнээс арав дахин бага зөгийн бал хэрэглэдэг.

-Монголчуудын зөгийн балны хэрэглээ ямар бол?

-Япончуудын зөгийн балны жилийн хэрэглээ нэг хүний 300 грамм. Европт гурван кг. Монголд 30 грамм гэсэн дундаж тооцоо бий.

-Зөгийчдийн дотооддоо бие биетэйгээ өрсөлдсөн аминч хандлагыг өөрчилж, монгол зөгийн балыг дэлхийд гаргахын тулд яах ёстой гэж та боддог вэ?

-Ноолуур, чацаргана дээр нэгдсэн нь ганцхан шалтгаантай. Ашигтай байсан учраас нэгдсэн хэрэг. Ер нь ямар ч хүн амьдралд нь ашиггүй ёс зүйг сурахгүй шүү дээ. Мянгантаа зөв ёс зүй байгаад ч нэмэргүй.

-Таныг зөгийний зурагтай, зөгийтэй холбоотой л бол ямар ч хувцас, эд зүйлд мөнгө хайрладаггүй гэж сонсож байсан юм байна. Хамгийн үнэтэй авсан зүйл чинь юу вэ?

-Зөгийтэй гутал. Германаас 1500 орчим еврогоор авч байсан санагдаж байна. Америкаас зөгийчин барби авч байлаа. Японд очихоороо зөгийтэй юм хайгаад давхичихна шүү дээ (инээв). Зөгийтэй хувцсанд бол мөнгө татахгүй. Гэсэн хэрнээ гоё ганган хувцсанд нүд унадаггүй. Хувцас гэснээс би чамд нэг инээдтэй хөөрхөн түүх ярьж өгмөөр санагдчихлаа. Надад яг одоо өмсөж яваатай минь адилхан өнгөтэй цамц байдаг юм. Гэхдээ энэ цамцнаас арай “ядарсан” (инээв) цамц л даа. Тэр цамцтайгаа авахуулсан хоёр гурван зургаа санамсаргүйгээр твиттертээ тавьчихаж. Гэтэл нэг дагагч маань “Томоко чи яагаад наад цамцаа л өмсөөд байдаг юм бэ” гэдэг байгаа. Тэгэнгүүт нь гоё санагдаад, өнөө цамцаа сэлфи хийх, зургаа авахуулах, youtube-д бичлэг хийхдээ өмсдөг болчихсон. Тэгсэн чинь өнөө дагагч маань бухимдаад “Би ер нь чамайг дагахаа болилоо” гэж жинхэнээсээ уурласан шүү. Зарим хүмүүст миний цамц их том асуудал бололтой (инээв). Яг үүнтэй ижил үйл явдал Японд нэг биш удаа тохиолдож байсан шүү. Намайг багаас л миний өрөө тольгүй байсан. Одоо ч манайх тольгүй. Толинд өөрийгөө харах дургүй. Өмсөх хувцсандаа ер нь л ач холбогдол өгдөггүй, бусдын ямар хувцас өмссөнийг бүр анзаардаг ч үгүй. Японд яг энд байдаг шигээ хэнэггүй байсан шиг байгаа юм. Ямар сайндаа манай найзууд тэр талыг минь шууд хэлж чадахгүй “Томоко энэ цамц надад багадаад байна, чи өмсөх үү” гэх мэт арга хэрэглэхэв дээ. Жиргээний дагагч, Японд байгаа найзуудын маань илэрхийлэл нь өөр болохоос яг ижилхэн сэтгэл үнэртээд байгаа биз (инээв).

-Ингэхэд та ямар айлд төрж өссөн бэ, монгол хүнтэй сууж, Монголын бизнес эрхлэгч болсон түүхээсээ хуваалцаач?

-Манай аав монголоор бол сумын дарга маягийн алба хашдаг хүн байсан л даа. Өвөг дээдэс маань хоёр, гурван зуун жилийн өмнө нутгийнхаа хүмүүсээс татвар авч захирагч самурайдаа тушааж, зөрүүнээс нь орлого хүртдэг алба хашиж явсан юм билээ. Ер нь миний гоё ганган хувцас тоодоггүй, хэнэггүй болсон минь тэндээс эхтэй. Өвөг дээдэс маань тэртэй тэргүй хөрөнгө байна заавал гайхуулаад байх хэрэгггүй, даруухан байвал иргэд татвараа дуртайяа төлнө гэдэг байж л дээ. Тэгэхээр миний энэ хэнэггүй байдал чинь заль байхгүй юу (инээв). Япондоо дээд сургуульд Монголын түүх судалж байгаад, тэр чиглэлээрээ Монголд ирсэн юм. Монголд нэг жил болчихоод нутаг буцаж байлаа. Дараа нь одоогийнхоо нөхөртэй танилцаж Монголд суурьшихаар шийдсэн.

-Жиргээнд таны дагагч 25400 давчихсан харагдсан. Үзэл бодлоороо шулуухан мэтгэлцчихдэг, халуун маргаан дэгдээдэг жиргээчдийн нэг байна лээ шүү…?

-Өнөөдөр бас маргасан (инээв). Хоёр тэрбумын үнэлгээтэй байрны обой нь ийм байх юм уу гэж шоолонгуй хараад жиргэчихгүй юу. Тэгсэн чинь нэг хүн “Монгол барилгачныг доромжиллоо” гээд ороод ирсэн. Уг нь би тэнд монгол хүн гэж бичээгүй. Бас хэнийг ч доромжлоогүй. Байраа хоёр тэрбумаар үнэлсэн эзний мэдрэмжийг л шоолсон. Би чинь жиргээчидтэйгээ нэг их маргаад байдаггүй хүн шүү дээ. Ихэнхтэй нь ойлголцож чаддаг. Гадаад хүн, монгол хүн гэсэн зааг ялгаагаар хорвоо ертөнцийг хардаг хүмүүс л шүүмжилж дайраад байдаг юм.

-Монголоос байсхийгээд очих дуртай газар бий юу?

-Байлгүй яахав. Дорноговийн Айраг сумаас Хэнтийн Бор-Өндөрийн хооронд нэг гоё газар байдаг юм. Дов толгодтой, говь тал л даа. Шөнө тэнгэрийн одод газарт “унаад” ирнэ шүү дээ. Яг хөлийн хавьцаа одод гэрэлтэхийг харж, газраар нэг ургасан жоншны талст сарны гэрэлд гялалзахыг ажин баясах шиг жаргал хаана байхав. Гэхдээ одоо тэндэхийн жонш байхгүй болсон. Ойрдоо тэр сайхан нутаг руу очиж завдахгүй л байна.

-Манай улсад анх ирчихээд монголчуудын ямар занг гайхаж байсан бэ?

-Японд “Бэлэн байхад зовлон үгүй” гэдэг хэлц бий. Маргааш хэн нэгний бие өвдвөл оронд нь хэн ажиллах нь тодорхой, гэр бүлийнх нь хэн нэгэн нас барчихвал дараа нь яах ийх нь ойлгомжтой байдаг л даа. Хэрвээ би маргааш нас барвал тэгээрэй, ингээрэй гэж ирээд ярьцгаана. Монголчуудын хувьд ингэх нь муу ёр. Жишээ нь, намайг твиттер дээр “Би дараа жил амьд байх юм бол тэгнэ ингэнэ, нас барчихвал тэгэх ёстой, ингэх учиртай” гэх мэтээр бичихээр “Муу юм битгий ярь” гэцгээдэг. Энэ хандлагыг одоо ч гайхдаг.

-Манайх Үндсэн хуулиндаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооно гээд заачихсан улс. Гэсэн хэрнээ сэргэн мандалтын үеийн европоос эхтэй хуманизм гэх ойлголтыг шинжлэх ухаанчаар биш зүгээр л энэрэнгүй сэтгэл гээд ойлгочихсон, энэ хандлагаасаа болоод хөгжихгүй яваа гэсэн шүүмжлэлийг учир мэдэх хүмүүс хэлдэг л дээ. Япончууд хуманизмыг яг яаж ойлгож, хүлээж авч хөгжүүлсэн байдаг юм бол?

-Японы 10 мянган йенийн дэвсгэрт дээр байдаг Мэйжигийн үеийн агуу эрдэмтний “Хүнээс доор хүн гэж байхгүй, бас хүнээс дээр хүн гэж үгүй” гэсэн алдартай үг бий. Товчхондоо хүн бол амьтан ч биш, бурхан ч биш гэсэн санаа л даа. Хуманизм гэх ойлголтыг анх удаа Японы нийгэмд энэ хүн оруулж ирсэн юм. Түүнээс өмнө хүнээс дээгүүр хүн гэж байсан. Өөрөөр хэлбэл Мэйжигээс өмнө хүн бурхан ч, амьтан ч байсан. Энэ эрдэмтэн анхны англи хэлтэй япончуудын нэг, барууны соёлтой ойрхон байсан учраас Японд хүмүүнлэг нийгэм бүтээхийг зорьсон байдаг юм. Одоо ч тэр хүний байгуулсан их сургууль Японд бий. Боловсролд маш их анхаарсан.

-Авьяас чадварыг нь хөгжүүлж чадвал хүн өөрөө бурхан, боловсрол мэдлэгээр хүнийг хөгжүүлбэл хүмүүнлэг, сайхан нийгэм үүснэ гэж хараад зорьжээ дээ?

-Тэгж хэлж болох юм байна шүү.

-Сайн хүн гэхээс илүү сайн систем хэрэгтэй, сайн систем онол дээр суурилдаг гэж учир мэдэх улс хэлдэг. Гэтэл манай улсын хувьд яг ямар системээр яваад байгаа нь тодорхой биш байна л даа. Социализм, капитализм, юу ч юм бүү мэд, бөөн холион бантан болчихсон нь анзаарагддаг. УИХ-д хүмүүнлэг нийгмийг яг онолоор нь харж чаддаг хүмүүс олноороо сонгогдож байж хөгжил ирнэ гэдэгтэй та санал нийлэх үү?

-Улс төр их эмзэг сэдэв. Би энэ сэдвээр ярих дургүй. Та түрүүн хэлсэн дээ монголчууд хуманизмыг нинжин сэтгэл хэмээн ойлгодог гэж. Монголчуудын хувьд нинжин сэтгэлийг зөөлөн сэтгэл, зөөлөн чанартай холбодог бол япончууд тийм биш. Нинжин сэтгэлийн хэмжээний хувьд япон, монгол аль нь ч бай хүн л учраас нэг их ялгаагүй. Гэхдээ япончууд зөөлөн байхыг сул доройд тооцдог. Найзууд маань зовлон, асуудал яриад мөнгө асууж ирдэг. Би үгүй л гэдэг. Миний хувьд өрөвдөхгүй байгаадаа биш. Эцсийн эцэст зарчмаараа явж байсан нь надад амар. Хуманизм бол нинжин сэтгэлээс тэс өөр асуудал. Японд хуманизмыг хүн ямар байх ёстой вэ гэсэн зарчмын асуудал гэж хардаг. Жишээ нь, би зарчмыг хүнлэг байхын үндэс гэж үздэг учраас бусдад мөнгө зээлдэггүй. Манай нөхөр хүнд зөөлөн хандахыг хуманизм гэж боддог учраас зориод ирсэн хүмүүсийг өрөвдөж мөнгө зээлээд байдаг. Өнөөдөр нэг хорт хавдартай охин фэйсбүүкт пост бичлэг оруулж хандив гуйсан байсан. Би мөнгө өгөөгүй. Тэр охины цаана цахим орчинд бичлэг ч оруулах чадалгүй өвчиндөө шаналаад нас барж байгаа олон хүүхэд бий шүү дээ. Ийм зовлонтой бүх хүүхдийн асуудлыг шийдэж чадахгүй ганц хоёрт нь халааснаасаа мөнгө гаргаж өгөх нь хуманизм биш. Ийм асуудалд яаж хандах ёстой вэ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдэх вэ гэдэг зарчмыг гаргаж ирэх системтэй байх нь л хуманизм. Энэ чинь л хүмүүнлэг нийгэм. Та надаас түрүүн улстөрчдийн талаар асуусан. Улстөрчид нийт хүмүүсийн төлөөлөл шүү дээ.

-Ямар иргэд байна, тийм төр оршдог гэдэг утгаар уу?

-Ерөөсөө л тэр. Японд хөшигний цаана өрнөдөг намын дотоодын асуудлыг Монголд болохоор улс төр гэж яриад байнга л шар мэдээ шиг зүйл цацдаг. Тэр тэрэнтэй муудалцжээ, тэр тэрэнд мөнгө өгчээ, тэд тэгж тохирчээ гэсэн мэдээ л сонсогддог. Магадгүй Японд ч ийм мэдээлэл мэр сэр цацагддаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тийм чухал асуудал биш. Хэн ямар шийдвэр гаргав, гаргасан шийдвэрийнх нь үр дүнд ДНБ өсч байх нь л япончуудад чухал.

-Улс төрийн үйл ажиллагааг Японд хийсэн ажлаар нь дүгнэдэг бол Монголд хувийн харилцаа, хувь хүний мөн чанараар нь дүгнээд байна гэж үү?

-Би танд нэг жишээ хэлье. Сая манай хоёр улсад ижил гэмээр үйл явдал боллоо. Абэ ковидын үед Ерөнхий сайдын ажлаа өгсөн. У.Хүрэлсүх ч тийм алхам хийсэн. Тэд яагаад ажлаа өгсөн цаад шалтгаан удахгүй тодорхой болох байх. Тэр үед Япон, Монголын улс төрийн ялгаа илүү тод харагдах болов уу. Шинэ Ерөнхий сайдууд томилогдсоны дараа ажиглагдсан нэг хандлагыг бас хэлмээр санагдчихлаа. Абэгийн орыг залгаж байгаа Ерөнхий сайд энгийн айлаас гаралтай, хувь чанараараа Абэгээс дутуу гэж хэлэгдэхээр хүн. Абэгийн хувьд Японы тэрбумтны хүү, гав шавхийсэн лидер улстөрч гээд яривал шинэ Ерөнхий сайдаас ялгарах давуу тал олонтой. Монголын шинэ Ерөнхий сайдыг томилогдонгуут “Залуу хүн юм хийх байх аа” гээд шуугиж байгаа юм. Гэтэл Японд шинэ Ерөнхий сайдаа хувь хүний чанар, өгөгдлөөр нь өөлсөн ямар ч юм яригдаагүй. Япончуудын хувьд тэр хүн юу хийж, улсынхаа эдийн засгийг яаж хөгжүүлэх нь л чухал. Залуу хүн юм чинь их зүйл хийх байх гэсэн найдлагыг би хувьдаа гайхаж байгаа. Нас, хүйс, байгалийн өгөгдөлд нь найдсан хандлага л анзаарагдаад байна. Японд ямар ч дарга ирсэн шинэ хачин хууль гаргачихгүй л бол амьдрал өрнөдгөөрөө өрнөж, ажил явагддагаараа явна. Ажил явагдаж байвал сайд нар шүүмжлэлд өртөхгүй.

-Ковидын үед Япон, Монголын төр засгийн барьж буй бодлогоос илт ялгаатай өнцөг мэдээж маш олон бий. Нэгийг нь онцлооч…?

-Японд засгийн газар, нийслэлийн захиргаа нь аж ахуйн нэгжүүддээ “Уучлаарай, та бүхэнд хэцүү байгааг ойлгож байна, гэхдээ цар тахлын үе учраас үйлчилгээгээ оройн найман цагаас хаагаарай” гэсэн утгатай хүсэлт явуулдаг. Тэр хугацаанд нь хаагаагүй ганц нэг газар байвал иргэд нь “Хотын захирагч тэгж хэлээд байхад та нар яагаад хаахгүй байна вэ” гэж шахаж шаардаж хаалгадаг. Тийм нийгмийг япончууд бүтээчихсэн.

-Гэтэл манайд хүч хэрэглэж байж ийм асуудлыг шийдэж байна. Нууц нь яг юундаа байна?

-Хуульд хандах хандлагад байх шигээ. Уг нь хууль иргэнд ашигтай харилцааг зохицуулсан байх учиртай. Япончуудын хувьд хуулийг ингэж хардаг учраас хуулиа ягштал дагадаг. Аргагүй байдлаар хуульд захирагдаж байна уу, хууль журам өөрсдийнх нь амьдралд ашигтай учраас дагаад байна уу гэдэг тэс өөр ойлголт гэж хэлэх гээд байна л даа. Монголчуудын тухайд хуулийг амьдралд нь ашигтай гэж үзэхээс илүү дарамталдаг, гомдоодог, хуулийн дээгүүр амьдардаг эрх мэдэлтэй цөөн хүмүүс бий гэдэг утгаар хардаг болов уу.

-Болов уу ч биш ерөөсөө тийм л дээ. Хуулийн хувьд иргэдийг дарамтлах нэг хэрэгсэл болчихсон, хуулийн дээгүүр амьдардаг хэсэг бүлэг бий гэдэг гашуун ч гэлээ бодитой үнэн. Наад зах нь л иргэдээ төдөөр торгоно гээд төсөвтөө суулгадаг улс ховор байх…?

-Торгуулийн мөнгө төсөвт туссан тухай сонсоогүй юм байна. Ер нь хууль гэдэг нийгэмшлийн нэг том суурь. Нийгмийг бүрдүүлэх суурийг л бичигт буулгасан хэлбэр шүү дээ. Тийм зүйлийг иргэд нь өөртөө хэрэгтэй гэж бодож чадахгүй бол улсаараа урагшлахад хэцүү. Миний хувьд Монголд иргэд нь хуулиа мөрдөхдөө баяртай биш байна уу даа гэж харсан. Японд бол хууль амьдралыг сайжруулахад дөхөм болох агуулгатай учраас иргэд нь хуулиа баримтлах дуртай. Би саяхан өөртөө тохиолдсон явдлаа танд яримаар санагдчихлаа. Компанийн дүрэм ёсоор тамгатай цаасан дээр би гарын үсэг зурах ёстой л доо. Гэтэл манай ажилтан “Байцаагч гадаад хүний гарын үсэг байхаар гадаадын хөрөнгө оруулалттай юу энэ тэр гээд бичилт дээр бөөн асуудал болдог юм, хөрөнгө оруулагчийнхаа гарын үсгийг зуруулчих гэсэн” гэж зөрөөд. Төрийн ажилтан, дарга нарын үгийг хууль мэт санадаг ийм хандлагыг гайхад байдаг юм. Ажилтан маань тэгж зөрөөд байсан болохоор би өөрөө өнөө байцаагч руу ярьж байж хууль номынхоо дагуу гарын үсгээ зурахаар болсон.

-Ер нь төр бүхний дээр гэсэн хандлага хаа сайгүй анзаарагддаг шүү…?

-Би саяхан нэг зүйлд гайхаж, сэтгэлээр их уналаа. Комедиан Идэр-Одыг улсын байгууллагаас уучлал гуйсанд. Улсын онцгой комисст би уурлаж байгаа хэрэг биш шүү дээ. Хошин урлагийн жүжигчид бүтээлдээ тусгаж элэглэсэн. Ингэснийхээ төлөө уучлал гуйна гэдэг гутамшиг. АНУ, Япон ер хаана ч хошин урлаг гэдэг зүйл эрх мэдлийн эсрэг байдаг. Хошин шогийн гол үндэс бол эрх мэдэлтэй тэмцэх. Эрх мэдэлтэй тэмцэх тэмцэл нь инээж шоолж тэмцэхэд оршдог. Тийм элэглэл үгүй бол инээдтэй зүйл хаана байгаа юм. Хэрвээ тэгж элэглэхгүй бол Идэр-Одын амьдрал нь инээдтэй болчихно биз дээ.

-Ингэхэд та Монголд бизнес эрхлэхдээ хахууль өгч үзсэн үү?

-Компаниа анх байгуулахдаа л авлига өгөхгүй гэсэн зорилго тавиад явж байгаа. Тэгэхгүйн тулд компанидаа болсон явдлыг өдөр бүр твиттертээ бичээд явдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН гишүүдээ Хятадад сургаж байгаа бол АН-ын гишүүдийг Америкт сургая

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцах хүмүүст нэгэн шинэ шалгуур тавигдсан нь хүмүүсийн гайхшийг барав. Инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг. Учир нь Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүмүүст “МАН-ын гишүүн байх” гэсэн шалгуур нэмэгджээ. МАН-ын гишүүн байхаас гадна МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг бол давуу тал болно. МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр намын ажлын талаар мэдлэг туршлагатай, намыг гадаад улс орнуудад төлөөлөх чадвартай байх гэсэн нэмэлт зүүлт тайлбар дагалдуулсныг яана. Хүмүүс шүүмжлээд эхлэхээр тус намын генсек нь“Ардын нам дэлхийн арван улсын намтай гэрээ байгуулсан, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т намуудын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гишүүдийн хооронд харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, тэтгэлэгт хөтөлбөрт гишүүдээ хамруулах талаар тохиролцсон” тухайгаа тайлбарлалаа. Ингээд МАН-ынхан хөгшин залуу, эр эмгүй бүгд Хятадад сурах болов шив. Нам бодлогоороо ингэж зохицуулж байгаа гэж харагдаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн конгрессоор нь Хятадын коммунист намын бүх гишүүд, тэдний гэр бүлд хориг тавих тухай яригдаж, мэдээлэгдэж байсан. Коммунист намын 90 сая гишүүн, гэр бүлтэйгээ гэхээр овоо их тоо гарна. Сонгууль гээд энэ асуудал түр намжчихаад байгаа. Мөн Европын холбоо хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан улс орнуудын удирдлагууд, шийдвэр гаргадаг хүмүүст хилийн хориг тавихаа мэдэгдээд байна.

Дэлхийн хүмүүсийн амьдрал маш их өөрчлөгдөж байгаа. Энэ хэрээр улстөржилт ч их болсон. Хуучин бол Хятадын коммунист намын гишүүн Америкт очих нь байдаг л зүйлд тооцогддог байв. Харин ч коммунистуудад либерал эдийн засгийн давуу талыг сурталчлах, түүнд юм бодуулах сайхан далим гэж үздэг байлаа. Харин одоо бол тэгж үзэхээ болиод удаж байна. Коммунистууд ч чөлөөт эдийн засгийг амжилттай хөгжүүлээд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэгэн болсон. Харин эдийн засаг нь хөгжих тусам хүний эрхийг маш хатуугаар хясан боох, дарангуйлах дэглэм нь улам хүчирхэг болж байна.

Ингэж улстөрждөгийн цаад зорилго нь дэлхийн нэгээхэн буланд хэн нэгэн эрхээ хязгаарлуулж үнэ цэнэгүй амьдарч байх вий, хэсэг бүлгээрээ хүчирхэгжиж дарангуйллын дэглэм тогтоох вий гэсэн болгоомжлол юм. Өнгөрсөн түүхэнд ийм гашуун дурсамж үй түмээрээ бий. Одоо ч үргэлжилсээр. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээрээ төдийгүй эдийн засгаараа хүчирхэгжин баяжиж буй манай хойд, урд хөрш бол одоогийн сонгодог жишээ юм. Өмнө нь энэ хоёр том улсад нэг нам эрх барьдаг байсан юм. Одоо нэг хүний хаанчлал тогтоод удаж буй. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпиний өмнөөс үг хэлдэг зоригтой хүн энэ улсуудад бий юү. Ганц жишээ хэлэхэд, Путины эсрэг жагсаалд оролцогчид Оросын шоронг дүүргэж байгаа мэдээлэл цацагдсан. Дэлхийд нэртэй тэрбумтан Жек Ма-гаа хятадууд барьж хорьсон уу, сураггүй болов. Ямартаа ч тэрбумтны “Алибаба”, “Ант групп”-ийг нь улсын өмч болгох шийдвэр гарчээ. Тэрбумтан гуай Хятадын төрийн банк, эдийн засгийг зохицуулдаг газруудыг сүрхий шүүмжилсэн нь шоронд хоригдож, хөрөнгөө хураалгах шалтгаан болсон бололтой. Энэ мэт хүний эрхийг зөрчиж, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэн дарангуйллын нийгмийг тогтоож байгаа нь дэлхийн улс орнууд, хүн ардад маш халтай юм. Ардчилал, хүний эрхийн үнэ цэнийг дээдэлдэг өндөр хөгжилтэй улс орнууд нийтээрээ ийм үйлдлийг эсэргүүцэж, хориг тавиад эхэлсэн. Манай МАН ийм намыг дагаж, далдганаж байж элдэв хоригт орчих вий. Тэгвэл энэ намтай холбоотой, бүр давуу эрх эдэлж намын системд ажиллаж байсан бүх хүмүүс Европ, Америкийг зорих эрхгүй болно. Сэрэмжлүүлэг юм шүү.

МАН Хятадын коммунист намыг дагадгаараа дагаж бүх боловсон хүчнээ урд бэлтгэж эхэлсэн бол АН боловсон хүчнээ Америкт бэлтгэх хэрэгтэй. АН-ын гишүүд, аппаратад нь ажиллаж байгаа бол бүр давуу эрх эдлүүлж бүгдийг нь хуйгаар нь Америк руу явуулж сурга. МАН-ын дангаараа эрх барих хугацаа өдөр өдрөөр богиноссоор байгаа. АН ялалт байгуулж, эрх барих тэр үед барууны боловсролтой боловсон хүчнээр дүүрэн байх хэрэгтэй. Ингэж зохицуулж, тэнцвэр хангахгүй бол эрх баригчдын үзэл бодол хэт нэг тийшээ хазайж, тэр үйл лайг нь ард олон үүрэх болно.

Монголчуудын өнгөрсөн 100 жилийн түүхэнд цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал маш үнэ цэнэтэйгээр бичигддэг. Ардын хувьсгал ялснаас хойш Монголын Ерөнхий сайдууд хойшоо дуудагдан буудуулж, 1937 оны их хядлагаар нийгмийн дээд давхаргын хамгийн оюунлаг, хөрөнгөлөг 100 мянган хүнээ хядуулснаар, үг дуугарах, үзэл бодлоо илэрхийлэх сачийтай хүн ховордсон. Ганц нэг гарч ирвэл хөдөө цөлж, хэн ч биш болгон бусдыг нь айлгаж нам дарж байлаа. Бүгд адилхан бодолтой, тэгш цалинтай, ижилхэн амьдралтай нэг нэгнээсээ ялгарах зүйлгүй бор хоногуудыг Монголын сэргэг сортоотой залуус “Хонхны дуу”-гаар сэрээж, өнөөдрийн өдрийг авчирсан юм. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрсөн ч бид насан туршдаа, бүхий л түүхэндээ ийм байсан мэт аяглаж байна. Хэрэв коммунист үзэл бодол, энэ талын хандлага нэмэгдээд байвал сөрөг хүчин болох АН ардчиллын үнэт зүйлс, суурь зарчмуудаа хадгалж үлдэхийн тулд боловсон хүчнээ Америкт бэлтгэхээс өөр аргагүй. Бодлогоор залуусаа тийш нь олноор нь илгээх хэрэгтэй. Энэ зөвхөн нэг хоёр намын асуудал биш, нийт монголчуудын хувь заяаны тухайд юм. Хэрэв энэ дэлхийд тусгаар улс байхыг хүсч байгаа л юм бол бүх монголчууд ардчиллыг дээдлэн хамгаалж байх нь тэдний үр хойчийнхоо өмнө хүлээсэн ариун үүрэг юм. Хоёр хөршийн сонгогддоггүй дарга нарыг хараад шүлс нь гоожсон улстөрчид олон байна, хойшид ч улам олшрох төлөвтөй. Иймээс монголчууд сэрэмжтэй, бодлоготой байх хэрэгтэй юм.

О.ТУЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Коронавирусийн эсрэг энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Юуны өмнө танд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Дэлхий дахинд цар тахал тархсан энэ хүнд цаг үед Эрүүл мэндийн салбар хамгийн ачаалалтай, хариуцлагатай хүнд цаг үетэй нүүр тулж байна. Тэгэхээр таны хувьд ажлаа хүлээж аваад юунаас эхлээд явж байна вэ. Ямар ажилд төвлөрч ажиллаж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Мэдээж эрүүл мэндийн салбарт төдийгүй Монгол Улсад цар тахлыг хумьж авах ажил хамгийн тулгамдсан чухал асуудал юм. Цар тахлыг хумьж авах зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяныг зохион байгуулж дуусах шатандаа орж байна. Шинжилгээ, сорьц авах, лабораторийн дүгнэлт гаргах зэрэгт төвлөрөн ажиллаж байна. Энэ аяныг зохион байгуулснаар далд нууц үед байгаа, шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр вирус тээгч өвчтөнүүдийг илрүүлэх зорилготой. Энэ нь үр дүнгээ өгч олон тохиолдол нэмж илэрч байна. Мөн вакцинжуулалтын бэлтгэл ажил болгож энэ ажлыг хийж байна. “Ковид -19” вирусийн хувьд мэдээж огт алга болохгүй, оршсоор байна гэж эрдэмтэд ярьж буй. Дэлхий нийтэд халдварын тархалтыг хумьж авах, дарах хамгийн сайн шийдэл нь вакцинжуулах. Тиймээс ард иргэдээ бүрэн вакцинжуулах нь чухал юм.

-Коронавирусийн эсрэг вакцины талаарх нэгдсэн мэдээлэл иргэдийн дунд өндөр хүлээлттэй байна. Тэгэхээр, та вакцины тухай сүүлийн үеийн мэдээллийг багцлаад ярихгүй юу?

-Манай улс энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүлээр ДЭМБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулах тунг татан авна. Бэлтгэл ажил хангагдсан.

-Вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Та энэ тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Мөн вакцин хийлгэхгүй гэсэн иргэд нэлээд байх шиг байна. Энэ хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Учир нь вакцин хийлгэснээр таныг “Ковид-19”-өөр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах ач холбогдолтой. Мөн вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлж чадна.

Коронавирусийн вакцин аюулгүй юу гэдэгт, вакцины судалгааг олон улсад олон төвт эрдэм шинжилгээ судалгааны төвүүд хийж байгаа бөгөөд аюулгүй байдлын олон стандарт шаардлагыг хангасан вакциныг л хүнд хийхийг зөвшөөрдөг. Иймд Монгол Улсад орж ирж байгаа коранавирусийн эсрэг вакцинууд бүгд баталгаажсан, ДЭМБ-ын стандарт шаардлагуудыг хангасан. Бид зөвхөн ДЭМБ-аас эмнэл зүйн туршилт судалгаагаар аюулгүй болох нь батлагдан, зөвшөөрөл олгогдсон вакцин л хэрэглэнэ. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр халдвар авахгүй. Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу гэж хүмүүс асуугаад байгаа. Вакцин хийлгэснээс хойш дархлаа 14 хоногийн дараагаас үүсч тогтоно гэж үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнөхөн, эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой. Иймд ард иргэд маань вакцины эхний тунг тариулснаас хойш ч гэсэн дархлаа бүрэн тогтох хугацаа хүртэл халдвар, хамгааллын дэглэмээ чанд сахин өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж байх нь чухал юм.

-Хэрэв Халдвар аваад эдгэрсэн бол заавал вакцин хийлгэх ёстой юу?

-Тийм. Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв. Халдвар аваад эдгэрсний дараахь дархлаа хэр удаан хугацаанд хамгаалдаг тухай одоогоор мэдээлэл байхгүй, судлагдаагүй байна. Мөн хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хийх үү гэх мэт түгээмэл асуулт олон нийтийн дунд байна. Хүүхдүүд вакцин хийлгэхгүй. ДЭМБ-аас баталгаажсан “Ковид-19”-ийн эсрэг вакцин нь зөвхөн насанд хүрсэн хүнд туршигдсан тул насанд хүрээгүй иргэдэд вакцин хийгдэхгүй. Одоогоор хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэл зүйн туршилт судалгаанууд хийгдэж эхэлж байна.

Мөн вакцин хийлгэж дархлаа тогтоосноос халдвар аваад дархлаа тогтоосон нь илүү сайн биш үү гэсэн яриа байна. Халдвар аваад эдгэрсний дараа хүний биед тодорхой хэмжээний эсрэг бие үүсэх бөгөөд энэ дархлаа хэр удаан хугацаанд тогтвортой хамгаалах нь тодорхой биш байна. Харин вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй. Мөн халдвар аваад хүмүүс хүндээр өвдөх, өвчин тусаад эдгэрсний дараа зарим шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилдэг зэрэг хор уршигтай.

Мөн вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд болох гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт өөрөө аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдварыг авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй гэх мэт зөвлөмжүүд байгаа. Мөн шинэ вакцин учраас одоогоор урт хугацаанд илрэх гаж нөлөөний талаар бүртгэгдсэн мэдээлэл алга байна. Маш ховор тохиолдолд урвал хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй.

-“Ковид-19”-ийн халдвар аваад эдгэрсний дараахь дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?

-Өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг бөгөөд мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байна.

Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдэг одоогоор бас хэлэх боломжгүй байна.

-Мөн иргэд хамгийн их асууж байгаа зүйл нь вакцин хийлгэснээр таны ДНХ буюу генд ямар нэг өөрчлөлт орох уу хэмээж байгаа?

-мРНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. “Ковид-19”-ийн вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.

-ХХБ харилцагчдаа вакцинд хамруулах талаар мэдэгдсэн. Хувийн аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд вакцин оруулж ирэх нь нээлттэй байна уу?

-Вакцин оруулж ирэх асуудлыг хаа хаанаа л хөөцөлдөж байна. Монгол Улсын Засгийн газраас гадна хувийн хэвшлүүд ч мөн вакцин оруулж ирэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Хувийн хэвшилийн ахуйн нэгж, эмнэлгүүд вакцин оруулж ирэх боломж нь нээлттэй. Коронавирусийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам бүртгэчихсэн. Нэгэнт манай улсад хэрэглэж болно гээд бүртгэсэн вакциныг эмийн компаниуд эм оруулж ирдэг шигээ л оруулж ирэх нь нээлттэй. Дэлхий даяар вакцины эрэлт хэрэгцээ их, вакцин үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл маань ачаалал ихтэй байгаа учраас олдоц тааруу байгаа байх. Тийм учраас хувийн хэвшлүүд маань одоогоор хараахан оруулж ирээгүй байна. Монгол Улсын Засгийн газар аль болох вакциныг түрүүлж оруулж ирэхийн төлөө, иргэдээ сайн дурын дархлаажуулалтад хамруулахын төлөө ажиллаж байна. Төлөвлөгөө ёсоор хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхлэхээр бэлтгэл ажил эхэлж байна. Вакцин энэ долоо хоногийн сүүлээр ирнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, бусад олны танил хүмүүс вакцинжуулалтыг уриалж аюулгүй, эрсдэлгүй гэдгийг баталж хамгийн эхний тунг хийлгэхээр зарлаад байна.

-Монгол Улс хүн амаа коронавирусийн эсрэг вакцинд хамруулж, дархлаажуулсны дараа ямар үр дүнг Эрүүл мэндийн яам хүлээж байгаа вэ. Вакцин хийсний дараа бүрэн хамгаалагдчихсан гэсэн үг үү. Сургууль, цэцэрлэгүүд ажиллаж, хэвийн амьдралдаа орно гэж ойлгож болох уу?

-Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” боловсруулсан байгаа. Энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд иргэдээ дархлаажуулах ажил орж байна. Вакцинжуулалт дуусаад эдийн засгаа сэргээх үүднээс бүх аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулж, эдийн засгаа хөгжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ хоёрдугаар сарын 23-нд вакцин хийлгээд шууд дархлаа үүснэ гэж ойлгож болохгүй. Энэ вакциныг хоёр удаагийн тунгаар хийнэ. Эхний тунг хийсний дараа ойролцоогоор 21-28 хоногийн дараа давтан тунг хийнэ. Давтан тунг хийсний дараа дунджаар 14 хоногийн дараа тогтвортой байнгын дархлаа үүсэх ёстой. Тэгэхээр ойролцоогоор 4-5 долоо хоногийн дараа тархлаа үүсэх учраас ард иргэд маань вакцин тариулаад бүх юм нээгдэнэ гэж шууд ойлгож болохгүй. Энэ хугацаанд халдвар хамгаалал, ариун цэврийн сахилга дэглэмээ үргэлжлүүлэх ёстой. Үндсэндээ хаваржингаа, зунжингаа өнөөдрийн энэ ариун цэврийн сахилга дэглэм үргэлжлэх юм. Тэрний дараа үр дүн ирнэ гэж итгэж байна.

-Вакцин худалдан авах хөрөнгө санхүүгийн байдалд мөн мэдээлэл өгөхгүй юү. Вакцин авах ажилд Монгол Улс санхүүжилтээ оройтуулж хийснээс болоод ДЭМБ-ын COVAX вакцинаас өөр вакцин олдсонгүй гэх шүүмжлэл гарч байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Дэлхий дахинд COVAX гэдэг хөтөлбөр явж байна. Энэ хөтөлбөрийн гол бодлого нь, өндөр хөгжилтэй орнууд нь вакцинаа өөрсдөө худалдаад ав. Харин санхүүгийн бэрхшээлтэй байгаа улсуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд үнэгүй вакцинаар хангаж байна. COVAX хөтөлбөр нь үнэ төлбөргүй вакцинжуулах хөтөлбөр юм. ДЭМБ-ын шалгуурыг манай улс хангасан учраас нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах үнэ төлбөргүй вакцин орж ирнэ. Дараагийн ээлжинд орж ирэх вакцины төсөв хөрөнгийг Сангийн яамнаас авах нь зүйтэй байх. Вакцин худалдаж авах ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулсан баг ажиллаж байгаа учраас тухайн хариуцсан хүмүүс нь илүү тодорхой мэдээлэл өгөх байх.

– Эрүүл мэндийн салбарт цаашдаа ямар бодлого баримталж ажиллах вэ. Сайд болгон өөрийн өөрийн өнгө аяс, арга барилаар ажилладаг. Таны хувьд энэ салбарт засч сайжруулах зүйлүүд юу байна, ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд хэд хэдэн ажил хийнэ. Эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь үндсэндээ гуравдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжиж эхэлнэ. Хуучин Эрүүл мэндийн байгууллагууд улсын төсвөөс санхүүжилт аваад дараа нь эрүүл мэндийн даатгалаас бас санхүүжилт авч үйл ажиллагаандаа зарцуулдаг байсан. Одоо энэ тогтолцоо өөрчлөгдөж, эрүүл мэндийн даатгалын санд бүгдийг нь төвлөрүүлээд улсын төсөв гэж батлахгүйгээр, нэг худалдан авалтын тогтолцоонд шилжиж байна. Зөвхөн эрүүл мэндийн даатгалаас гүйцэтгэлээр нь санхүүжилтийг Эрүүл мэндийн байгууллагуудад олгодог болно. Үүнийгээ Нэг худалдан авалтын тогтолцоо буюу “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо” гэж нэрлээд байна. Энэ ажлыг нэвтрүүлнэ. Одоо хууль нь батлагдсан, гуравдугаар сарын 1-нээс бүх эрүүл мэндийн байгууллага энэ тогтолцоогоор явах гэж байна. Мөн цаашлаад Эрсдэлийн сан байгуулах, мөн Олон улсын эмнэл зүйн цахим санг нэвтрүүлэх гээд олон ажил бий. Нэг чухал ажил бол Эрүүл мэндийн салбар бүрэн цахим болно. Үүний тулд эхлээд Эрүүл мэндийн үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын аль ч сум, аймаг алслагдсан бүсэд байгаа эмнэлгүүд бүгд нэгдсэн мэдээллийн санд холбогдоно. Сарын өмнө нэг иргэн шинжилгээ өгөөд дараагийн өөр шатны эмнэлэгт очиход цахимаар тэр өвчний бүх түүхийг тухайн эмч мэддэг, ийм л болно. Мөн эмнэл зүйн хувьд сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилгоор халдварт болон халдарт бус эмнэлгийн үндэсний төвүүдийг өргөжүүлнэ. Хавдар судлалын үндэсний төв 2, ХӨСҮТ -2, Зүрх судасны төв, Түлэнхийн төвүүдийн хоёр дахь төвүүдийг нээж ажиллагаанд оруулна. Мөн эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Жишээлбэл, энэ хүрээнд 2021 онд 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болгоно. Хүн амын суурьшил ихтэй аймгуудын эмнэлгүүдийг томографи зэрэг тоног төхөөрөмж, аппаратаар хангана гэх мэт олон ажил хийгдэнэ.

-Эмнэлгүүдийг цахим болгоход тоног төхөөрөмж хангалттай юу. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Бүх эмнэлгүүдийг компьютерээр бүрэн хангана. Бүрэн цахим системд нэвтрэхийн тулд ойролцоогоор нэмж 3000 орчим компьютер нийлүүлж, бүх эмнэлгүүд нэгдсэн сүлжээнд холбогдох юм. Үзлэг авах цаг авахдаа хүртэл цахимаар авна. Нэг эмнэлэгт үзүүлсэн цээжний зураг, рентген зураг, нөгөө эмнэлэгт очиход хүчин төгөлдөр байж, дахиж нэмж хийлгэхгүй юм. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд ирэх ачаалал, хүнд суртал буурна гэж ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар дүүргийн 22 мянган иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдана.

Сүхбаатар дүүрэг 22,861 иргэнийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах бөгөөд явуулын 75, түр 11 цэгээр шинжилгээг авахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин гахай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 20, Санчир гариг. Билгийн тооллын 8, Чөлөөт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 7:50 цагт мандан, 18:22 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.