Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар: Ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гэж билээ

Москва, Улаан талбай. 1960 он. Б.Багаажав, С.Удвал хүүхдүүдтэйгээ.

Төрийн соёрхолт зохиолч С.Удвал ахайтны 100 насны ой энэ өдрүүдэд тохиож буй. Түүний том хүү Б.Өнөбаатартай энэхүү түүхэн эмэгтэйн хувийн амьдралын талаар ярилцлаа. Монголын зохиолчдын шүтээн болсон энэ эмэгтэй Хатанбаатар Магсаржавын тухайИх хувь заяароман бичсэн. С.Удвал энэхүү бүтээлээрээ 1978 онд БНМАУын Төрийн шагнал хүртжээ. Монголын Зохиолчдын Хорооны дарга байхдаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажилласан тэрбээр мөн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга байсан түүхтэй. Энэ олон албыг хашихын зэрэгцээ тэр бас гурван хүү, нэг охин төрүүлсэн ээж билээ.


Гэртээ. Б.Өнөбаатар, Б.Өнөдэлгэр, зээ охин У.Өнөрзул, С.Удвал

С.Удвал гуайн зургийг харж байтал таныг ээжтэйгээ их адилхан юм байна гэж бодогдлоо?

-Улсууд адилхан байна гэдэг л юм. Ээжийг таньдаг хүмүүс “Ээжтэйгээ яасан адилхан юм бэ” гээд аавыг таньдаг хүмүүс “Яг аав болжээ” гэж ярьдаг. Нас ахихаар мэдээж ээж, аавтайгаа адилхан бололгүй яах вэ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 21-нд Сдвалын 100 жилийн ойн өдөр гэж мэдээлэл оруулсан байна лээ. Төрсөн өдрийг нь танай гэр бүл яаж өнгөрүүлдэг вэ?

-Зарим нэг мэдээлэл дээр 21 гээд явчихсан байгаа юм. Аль нэг дурсамж дээр тэгээд орчихож л дээ. Ээж өөрөө битүүний өдөр гэж ярьдаг байхгүй юу. Дараа нь би тодруулсан чинь 1921 оны битүүний өдөр 23-нд таарсан юм билээ. Ээж анх төрсөн газар, он сар өдрөө ч мэдэхгүй явж байсан даа. Хуучны улсууд хаврын тэргүүн сарын шинэдээр гэж л ярина шүү дээ. Дараа нь 23 гэдэг дээр тогтсон юм л даа. Одоо бол ээжийн ойг хүндэтгээд дор бүрнээ тэмдэглэнэ. Тэмдэглэнэ гэдэг нь ээжийн тухай бичих, ярилцлага өгөх, хүмүүстэй уулзах сануулах юмнууд хийнэ шүү дээ. Ээж 1991 онд өнгөрсөн юм. Зохиолын номууд, жүжгийн зохиолуудыг нь 2001 онд эмхэтгэж, “Нарны дор би мөнх оршино” гэж гаргасан. Хэдэн өгүүллэг тууж, шүлэг энэ тэрийг нь төрөл бүрээс нь оруулж, хэвлүүлсэн юм. Яагаад ийм нэр өгсөн гэхээр ээжийг өнгөрөхөд Ш.Сүрэнжав гуай надад хэлсэн юм. “Баатар аа, ээжийн зохиолууд дотор Нарны дор би мөнх оршино гэсэн өгүүлбэр байдаг шүү” гэж сануулсан юм. Би түүнийг нь санаад, гантиган дээр нь энэ өгүүлбэрийг бичиж үлдээсэн. Ээж өнгөрөхдөө “Нэг юм би дутуу үлдээчихлээ. Дурсамжийн номоо бичмээр байна. Энэ бол зөвхөн миний түүх биш Монголын эмэгтэйчүүдийн түүхтэй холбоотой” гэж ярьж байсан. Эмнэлэгт нэлээд муудсан хойноо ч (Уг нь гайгүй байснаа гэнэт муудсан, зүрх судас даралт гэж явдаг байсан, тэгсэн элэгнээсээ болоод их хурдан муудсан даа) “Эмч нарт хэлээд, ганц жилийн нас хайрлаач, би дурсамжаа дуусгах хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрийг нь бодоод дурсамжийн ном гаргах нь зүйтэй гэж шийдсэн. Өөрөө бичиж чадаагүй ч уулзаж учирч байсан мэддэг улсуудынх нь яриа хөөрөөг бүгдийг нь аваад, нэг гаргачихъя гээд Булганаас төрсөн хоёр дахь Төрийн шагналт эмэгтэй зохиолч С.Оюун эгчид хэлсэн юм. Хоёр талаасаа материал цуглуулаад, эмхэтгээд “Цагийг эзэлсэн хатагтай” гэж С.Оюун эгч нэрийг нь өгсөн юм.

С.Оюун гуайн нэг хөөрхөн дурсамж байдаг. Нэг өглөө даргаБи Өнөбаатарынх руу явж байна аа. Залагдаад байгаа юм уу, зарагдаад байгаа юм уу мэдэхгүй ээ, хүүхэд харах ажилтайгээд инээж байсан гээд. Сдвал гуай өөрөө өнчин өрөөсөн өссөн болохоор ч тэр үү эмээгийн үүргээ сайн гүйцэтгэхийг хичээдэг байсан юм болов уу даа?

-Ер нь тийм байсан л даа. Өөрөө хэлсэн үг нь байдаг. “Амьдралын хоёр тал гэж байдаг. Нэг нь нийгмийн хөдөлмөр, нөгөө нь гэр бүл. Хариуцлагатай ажил хийж яваа эмэгтэй хүнд энэ их хэцүү. Би ганцхан нийгмийн хөдөлмөрийг голлон сонгож явсан. Тийм учраас нөгөө талдаа их хохирол үзсэн” гэсэн. Үүнийгээ нөхөх гэж оролдож явсан даа. “Монгол эмэгтэйн хөрөг” гээд Ш.Сүрэнжав гуайн баримтат кино бий дээ.

Түүн дээр манай хүү, эгчийн хоёр банди паркт түрүүлж гүйгээд, араас нь хөөцөлдөж байгаа хэсэг бий. Тэгж явах их дуртай. Зав чөлөө багатай байсан даа. Манай хүүхдүүдээс өмнө эгчийн гурван хүүхдэд ч их сайн байсан. Эгчийн маань бага хүү манай томтой чацуу. Миний дараагийн дүүгийн хүүхдүүдийн том нь баньд. Энэ хэдэд их сайн. Эгч залуудаа хүүхэд гаргасан. Өнөрзул гээд эгчийн том охиныг өөрийн болгоод авчихсан байхгүй юу. Бүр дасгачихаад сүүлдээ нөгөөдөх нь ээжийгээ ч тоохгүй, Удвал гэдэг овогтой явчихсан.

Таны эхнэрт их сайн байсан гэж дэргэдийн улсууд нь дурссан байна лээ. “Миний хайртай, хөөрхөн бэр миньгээд хойно сурч байхад нь захидал бичдэг байсан гэдэг?

-Анх би танилцуулахад манай хүн их таалагдсан шиг байгаа юм. Том хүү нь юм чинь бэр орж ирэхээр сонин шүү дээ. Манай эхнэрийг халамжлах гэж их бодож явсан даа. Жолооч нь байсан Б.Осоржамаа гуайн дурсамж ч байдаг. “Зохиолын мөнгө гарлаа. Өнөбаатарын эхнэрт хувцас авч өгье” гээд явж байсан тийм юмнууд байдаг. Манай эхнэрийн эцэг, эх нь бас сүрхий улсууд л даа. Хадам аав маань олон жил дунд сургуулийн захирал хийсэн. Хадам ээж багш хүн. Тэр талаасаа бас таалагдсан байлгүй дээ.

Эхнэр маань төгсөх ангийн оюутан байсан. Намар сургууль руугаа буцах болсон чинь ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гээд намайг тэднийд байлгасан. Уг нь бол эмэгтэй хүнийг гэртээ авчирдаг, намайг чинь сууж амжаагүй байхад тэр айлд аваачаад суулгачихсан байхгүй юу. (инээв) Тэгээд л эхнэр төгсөөд ирсэн. Хүү маань тэр жилийн намар гарсан юм. Эхнэр маань олон жил багшилж, Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал хийсэн, доктор, профессор, Хятад судлаач хүн. Ээжид их л таалагдсан байлгүй. Байнга л эхнэрийг маань гэдэг байлаа.

БНМАУын Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу гуай ээжийг тань арван настай байхад нь авч өсгөсөн гэдэг. Нэр хүндтэй нийгмийн зүтгэлтэн болж төлөвшихөд мэдээж тэр буурал нөлөөлсөн байх. Түүнээс гадна өөрийнх нь ген, удам судар бас нөлөөлсөн болов уу. Ж.Самбуу гуай олон хүүхэд авч өсгөсөн, цөмөөрөө таны ээж шиг мундаг болоогүй л дээ?

-Ер нь хүний ген гэж бий. Удам сударт бас их юм байсан байх аа. Ээж амьд сэрүүн байхдаа хэлдэг байсан. Би Д.Түдэв хуурч(гүн хэргэмтэй явсан)-ийн төрөл садны хүн шүү дээ гэж ярьж байсан. Гэхдээ түүнийг чи дараа нь яриарай, намайг байгаа үед яривал өнчин өрөөсөн өссөн гэчихээд удам судар сайтай гэлээ гээд яриад унана шүү гэсэн. Тэр үед бас тиймэрхүү хандлага байсан. Угшил нь тийм юм билээ. Би бас одоо байгаа нэг ахаас генийн шинжилгээ Америкт явуулж хийлгэж үзсэн. Нирун аймгийн Алунгоо хатны төрлийн гээд гарч ирж байна лээ. Гэхдээ генийн судалгаа Америкт хийсэн юмнууд бас үндэслэл муутай байж магадгүй. Яах вэ, тэр нь хол юм. Ойрын юм гэвэл төрсөн эцэг Чоймбол, ээж нь Цэдэн гээд тухайн үед бичиг үсэг сайтай улсууд байсан юм.

“Мухар хуруу” Чоймбол гээд сайн бичээч Ж.Самбуу гуайн дэргэд бас ажиллаж байж. Эмээ Цэдэн бас нийгмийн идэвхтэй, анх намд элссэн эмэгтэйчүүдийн нэг, эмэгтэйчүүдийн байгууллагын зүтгэлтэн байсан юм билээ. Ж.Самбуу дарга аймгийн дарга байхад Чоймбол өвөө захиргааны бичээч хийдэг байсан. Чоймболын охин Удвал гээд ээжийг мэддэг байж. Ээжийн хойд эцэг Соном өвөө бас Өмнөговьд Ж.Самбуу гуайн дэргэд ажиллаж байсан юм билээ. Эмээ нөхрөөсөө салаад, шүүхийн дарга байсан Соном ээжийг Цэдэн эмээтэй Өмнөговь руу аваад явжээ. Соном өвөөг Улаанбаатарт ажиллаж байхад ээж хотод сургуульд хоёр жил сурсан гэдэг. Түүнээс өмнө Чоймбол өвөөгөөс гэртээ бичиг үсэг сурсан юм билээ. Өмнөговьд очоод байтал Цэдэн эмээ нас барж, ээж хойд эцгийн гар дээр үлджээ. Соном өвөө дахин хүнтэй сууж, ээжийн хойд эх нэлээд хатуу ширүүн хүн таарсан. Соном өвөө хөдөө гадаа явдаг ажилтай, ээж тэр айлын малыг хариулдаг, үүдэндээ адасган дээр хэвтүүлж сэгсэрч босгоод, “Малдаа яв” гэдэг байж. Тэр үед Ж.Самбуу дарга Өмнөговьд хөдөөгүүр явж байхдаа тэднийхээр оржээ. Их гярхай хүн байж. “Энэ хаанахын юун хүүхэд вэ” гэхэд нь “Аан, энэ Соном авчирч орхисон юм, ээж нь өнгөрсөн охин байгаа юм” гэж хойд эх нь хэлж л дээ. Тэгээд амьдрал ахуйг нь хараад “Энэ ер нь хатуу хөтүү гараар орж яваа хүүхэд байна” гэж мэдээд аваад явсан гэдэг. Тэднийд нэг хэсэг амьдарсан. Ж.Самбуу гуай сүрхий хүн. Ээжийн тавилан юм даа, бас. Амьдрал мэддэг хүн олж таниад сургаад босгоод ирсэн. Ээж ярьдаг байсан арваннэгтэй байхад нь хажуудаа өндөр сандал дээр суулгаад, “За миний хүү, орсон гарсан хүний яриаг тэмдэглээд бичээд байгаарай” гэдэг. Ингээд аймгийн захиргаанд тал бичээчээр оржээ. Арваннэгэн наснаасаа төрийн албанд ажиллаж эхэлсэн гэдэг ийм учиртай. Ж.Самбуу гуай Нямаа гуай хоёр ингэж өсгөсөн. Нямаа гуайг ээж гэдэг. Ж.Самбуу гуай бас ийм маягаар олон хүүхэд хүмүүжүүлсэн шүү дээ. Хоёр Сүрэнжав, Сурмаажав бид нар ах дүү шиг байв. Ээжийг дагаж тэднийд очоод, ээж Ж.Самбуу гуайтай ярилцаж байхад би наана нь хүүхдүүдтэй тоглоод л суудаг байсан.

Таны аав ямар хүн байсан бэ?

-Зарим хүн аавыг ээжийн бичсэн зохиолын дүрээр төсөөлдөг. Би ээжээс асууж байсан. Улсууд ингэж яриад байх юм. Та амьдралаа бичсэн юм уу гэхэд маань “Үгүй ээ, би юу гэж өөрийн намтраа зохиол болгож бичих вэ. Аливаа юмнаас сэдэл авч байж зохиол бичдэг юм” гэсэн. Аав бас сүрхий хүн байсан шүү дээ. Бас л арвандөрөв, тавтай байхдаа сум аймгийн захиргаанд бичээч байсан. Өмнөговьд ажиллаж байгаад ээжтэй танилцахгүй юу. Аав сүүлд Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд, Москвад элчин зөвлөх, Гадаад яамны хэлтсийн дарга байсан хүн. Насаараа төрийн ажилд зүтгэсэн, нэр хүндтэй том хүн.

Балжирын Багаажав сүрхий хүн байсан гээд хуучны улсууд сайн мэднэ. Эмх цэгцтэй байхыг ааваас сурсан. Их дэгтэй байсан бид. Яагаад хоёр тийшээ болсон гэхээр ээж хэлдэг л дээ. Аав төрийн хүн засгийн ажил хийгээд хөдөө гадаа их явна. Ээж бас хөдөө гадаа явдаг. Бид хэд өөрсдөө өссөн. Хааяа цуглахаараа бөөн баяр. Манайд бас ээж, аавын хамаатан хөдөөнөөс ирсэн оюутнууд амьдардаг, ах дүү нар сургууль дугуйлан курсэд ирж суудаг. Манайх бужигнасан айл байсан. Аль нь төрсөн, аль нь гаднаас ирж суугаа нь ялгагдахгүй. Аав, ээж хоёр аль аль нь их ажилладаг, гэсэн ч гэрт уур амьсгал сайхан. Янз бүрийн асуудал үүссэнийг ч бид мэдээгүй. Сургууль төгсөөд Шүүх яаманд ороход аав төрийн албан хаагч ийм байх ёстой гээд сургаж байсан.

Хоёр их хүчтэй хүн нэг дор байхад бас амаргүй шиг байгаа юм. Нэг нь нөгөөгөө дагах, дэмжих маягтай явж байж зохицож амьдардаг юм шиг?

-Эрэгтэй хүн ээжийг дагана, дарагдаж амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Ээж ч өөрөө хэлж байсан. “Би сайн ойлгож байгаа, эрэгтэй хүн эхнэрээ байнга дэргэдээ байлгахыг бодолгүй яах вэ” гэж байсан.

С.Удвал гуайн тухай сонин яриа явдаг. Ю.Цэдэнбал дарга С.Удвалд сайн байсан гэнэ гээд. Магадгүй төрийн тэргүүнээ монгол эхнэртэй байгаасай гэсэн жирийн хүмүүсийн мөрөөдлөөс үүдэлтэй домог байх л даа. Танд энэ талын ажиг сэжиг төрсөн үү?

-Бидний дэргэд бол тийм юм мэдэгдэхгүй шүү дээ. Тэр бол манай улсуудын мөрөөдөл ч байсан юм уу. Монгол эмэгтэйтэй суусан бол С.Удвал гуай шиг хүн байна даа гэсэн юм болов уу даа. Л.Цогзолмаа гуайг бас холбож ярьдаг байсан. Ю.Цэдэнбал гуайн том хүү Владислав манай талийгаач эгчтэй нэг анги. Бие биеэ мэднэ. Дараа нь би бас төрд зүтгэсэн. Москвад таван жил ажилласан.

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (СЭВ)-д хуулийн зөвлөх байв. Москвад ажиллаж байхад миний дээд талын дарга Владислав байсан. Харамсалтай нь ээжийг яг муудах үед хол байлаа. 1990 онд буцаж ирээд, ээжтэйгээ жил байсан. Ю.Цэдэнбал даргатай ээж дарга, цэргийн харилцаатай байсан. Ньюансыг нь би сайн мэднэ. Яг үнэнийг хэлэхэд ээж их хэцүү байдалд байсан шүү дээ. Улсууд янз бүрээр ярина. Харилцааны жаахан асуудлууд Филотовагоос болж үүссэнийг би сүүлд мэдсэн. Ээж надад ярьсан л даа. Наян хэдэн онд би гуч гарчихсан, яамны хэлтсийн дарга байв. 1982 онд ээж Бал дарга дээр орсон гэнэ лээ. “Над шиг 60 гарсан хүн юугаа хийх вэ. Залуучуудад зайгаа тавьж өгье” гэсэн чинь дарга “Юу ярьж байгаа юм бэ, Удвал аа чи ажлаа хийж байлгүй яах вэ наад залуучууд чинь юм сураг” гэж хэлсэн юм билээ. Дараахан нь ээж нэг өдөр сонин орж ирээд юм бодоод суусан.

Яасан гэсэн чинь дарга дуудаад “Чи ажлаа өг” гэлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “Саяхан таныг ажлаа хий гэж хэлсэн гээ биз дээ” гэсэн чинь “Нэг л битүү юм болоод өнгөрчихлөө” гэсэн. Сүүлд ээж хэлсэн “Авгай л ороод загнасан байх аа. Удвал орж ирээд гаръя гэхэд нь гаргасангүй, чи юугаа хийгээд гаргадаггүй юм, гаргаач” гэсэн байлгүй гэсэн. Филотова “Наад С.Удвал чинь ерөөсөө бүтэхгүй, үндэсний үзэлтэй” гэж даргад ярьдаг гэсэн, би тоодоггүй юм аа гэж хэлж байсан. Хэдийгээр бодитой биш байсан ч улсуудын яриаг Филотова сонсоод явдаг. Тойрон хүрээлэгчид нь очоод хэлж байгаа биз дээ.

Ээжийн хэлсэн сонин үг байдаг. Аав 1980 онд өнгөрсөн. “Хоёулаа аавын чинь нутгаар явъя” гээд галт тэргэнд суугаад Дорноговь явсан. Хатанбулаг сум руу машинтай орой явсан. Аавын хамаатныд хоол идэж байхад нэг хүн ирээд “Улаанбуланд улсууд цуглаад, С.Удвал гуайтай уулзъя гэж байна” гэлээ.

Улаанбуланд нэлээд олон хүн цугласан байв. Намын хорооны дарга тэр хоёр дээшээ гараад суусан. Намайг бас намын хорооны дарга “Шүүх яамны хэлтсийн дарга бас дээшээ суу“ гэсэн чинь ээж над руу сүрхий харж байна. Ер нь ээж нэг их юм хэлдэггүй, ноцтой хардаг юм. Би дор үлдсэн чинь ээж санаа нь амарсан бололтой сууж байсан. Тэнд нэг гоё үг хэлсэн юм. “Би ажлаа өгсөөн. Хүүгээ аавынх нь нутагтай танилцуулж яваа юм. Миний албаны томилолт дууссан ч амьдралын томилолт дуусаагүй” гэсэн юм.

Д.Амбасэлмаа гуайМонгол тулгатны 100 эрхэм”-д орохдоо С.Удвал гуайн тухай дурссан. Ер нь хүн насны эцэст ганцаарддаг, үр хүүхэд байлаа ч дүүргэж чаддаггүй орон зай байдаг шиг. Цайны ханьтай болоход нь та яаж хүлээж авсан бэ?

-Тийм байдалд байсан гэдгийг одоо бодоход өрөвдмөөр санагддаг. Үр хүүхдүүд нь тараад явчихсан. Ээж, аавынхаа дэргэд асраад явж байгаа хүмүүсийг харахад сайхан санагдах юм. Ээжтэй нас ахисан хойноо цайгаа хувааж уугаад явж байгаа тэр хүнийг хүндэтгэдэг байсан.

Ингэхэд Цэдэнбалын Владислав та хоёр сайн ойлголцдог байв уу?

-Хувь заяа гэдэг сонин. Москвад намайг ирсэнд баярлаад юмаа ярьдаг. Нэг өдөр “Та орой үлдээч, хоёулаа хууч хөөрье” гэсэн. Тэгэхэд Бал дарга, Филотова хоёр тэнд бараг хэлмэгдээд оччихсон, амаргүй нөхцөлд байсан л даа. Хоёулаа амьдрал ахуй яриад, “Слав, чи яагаад авгай авдаггүй юм” гэсэн чинь “Нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хэзээд нь авгайтай болох вэ, ээж аав хоёр хүрээд ирлээ. Нэг байранд хоёр өөр давхарт байдаг ч хоёр хөгшнийг эргэж тойроод бас хэцүү юм аа” гэж байсан. Мань эрд үнэхээр монгол ч бай орос ч бай хүнтэй танилцаад амьдрах бололцоо гараагүй юм билээ. Сүүлд нэг концерт билүү арга хэмжээнд сууж байхад нэг хүн ширтээд байгаа нь мэдрэгдээд байхгүй юу. Тонгойгоод хартал яг өөдөөс Филотова гуай намайг хараад сууж байсан. СЭВ-ийн зааланд арга хэмжээ болоход Владислав ээжийгээ авчирсан юм билээ. Нэг удаа тэгж тааралдсан даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Анагаах ухааны доктор Б.Ариунзаяа: Пфайзер болон Модерна компаниуд хүүхдийн вакцины эмнэл зүйн туршилт дээр анхаарч эхэлж байна

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Б.Ариунзаяатай ярилцлаа.


-Манай улсад Энэтхэг болон БНХАУ-аас вакцины тусламж орж ирлээ. Хятадын синофармийн вакцин эмнэл зүйн гуравдугаар шатандаа шилжсэн мэдээлэл бий. Тэгвэл өмнөх шатны туршилтын үр дүнгийн талаар танилцуулбал?

-Хятадын синофарм вакцины сүүлийн шалгалтыг ДЭМБ-аас явуулж байгаа болов уу. Тиймээс одоогийн байдлаар бүрэн баталгаажаагүй хэмээн ойлгож байна. Тухайн вакциныг хоёр удаагийн тунгаар эрүүл, насанд хүрсэн хүмүүст хэрэглэхэд гаж нөлөөгүй, дархлаа тогтоосон дүн үзүүлжээ. Мөн хасах 2-8 градус тээвэрлэж хадгалах боломжтой давуу тал бий. Тиймээс Энэтхэг, Турк, Бразил, Колумб, Уругвай зэрэг олон оронд вакцины туршилт хийгдэж байна. Тодруулбал, Турк улсад яаралтай үед хэрэглэх зөвшөөрөлтэй бөгөөд эмнэлгийн ажилчдаа синофарм вакцинаар дархлаажуулсан баримт бий. Мөн Бразилд хийсэн эмнэлзүйн туршилт судалгааны үр дүн 78 хувийн хамгаалалт үүсгэсэн мэдээлэл байгаа. Гэвч 2021 оны нэгдүгээр сард тус үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, судалгааны дата, туршилтын мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор синофарм вакцин 50.4 хувийн үр дүнтэй болжээ. Бразилд хийгдэж байсан эмнэл зүйн судалгааны явцад зарим нэгэн хүндрэл, гаж нөлөө үзүүлсэн учраас туршилтыг түр хугацаанд зогсоосон байна. Энэхүү гаж нөлөө үзүүлж буй шалтгааныг судлаад үзэхэд вакцинтай холбоотой биш гэсэн үр дүн гарчээ. Бразил улсад хийгдсэн эмнэл зүйн туршилт судалгаагаар үр дүн нь 78 хувь байсан бол Турк улсад хийгдсэн судалгаагаар вакцины үр дүн 91.95 хувь, Индонез улсад хийгдсэн туршилт судалгааны үр дүн 65.3 хувь гэх мэт харилцан адилгүй байна. Энэхүү вакцины эмнэл зүйн туршилт судалгаанд сайн дураар хамрагдсан хүмүүст “Ковид-19” өвчний хүнд хэлбэрээр өвчилж эмнэлэгт хэвтсэн тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл байна.

-Хятадын вакцины гаж нөлөө хэрхэн яаж үүссэн юм бол?

-Нас баралт бүртгэгдсэн байгаа юм. Гэхдээ нас баралтыг шалгаж үзээд вакцинтай хамааралгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэдийгээр вакцины үр дүн 50.4 хувь гэж хэлж байгаа боловч халдвар авсан ч хөнгөн өвдөнө гэж ойлгох хэрэгтэй. Вакцин гэдэг маань тухайн хүнийг өвчлөлөөс сэргийлэхээс гадна амь насыг нь аврахад ашиглагддаг. Зөвхөн халдвараас сэргийлээд зогсохгүй, вирусээр өвчлөлөө гэхэд хөнгөн хэлбэрээр шинж тэмдэг илрэх үр ашигтай гэсэн үг.

-Коронавирусийн вакциныг ажиглахад ихэнх нь 70-80 хувьтай байна. Тэгвэл үлдсэн хувьд нь нас баралт байна гэсэн үг үү. Үүнийг тайлбарлавал?

-Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш эрдэмтэд вакцины судалгаанд шамдан орж эхэлсэн. Тухайлбал, Английн АстраЗенека вакцин дунджаар 70 хувийн үр дүнтэй байгаа. Гэхдээ өвчлөхгүй байхад 70 хувь, үлдсэн 30 хувь нь хөнгөн балархай өвдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нас баралтаас хамгаалж, амь насыг нь аварч чадаж байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь 100 хувийн баталгаатай халдвараас хамгаалах вакцин гэж байдаггүй. Коронавирусийн эсрэг вакцины үр дүн 70 хувь, 50 хувь гэдгийг сайтар ойлгуулахгүй бол үлдсэн хувьд нь нас баралт байна гэсэн өрөөсгөл ойлголт байх шиг. Чухамдаа вакцин нь тодорхой өвчний эсрэг бие махбодын дархлааг сайжруулдаг биологийн бэлдмэл юм. Вакцин нь хүний амь насанд аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд амжилттай хэрэглэгдэж байгаа нийгмийн эрүүл мэндийн өртөг багатай хамгаалах хэрэгсэлд тооцогддог. Коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авахдаа уламжлалт болон мэдээллийн PНХ суурилсан арга хэрэглэж байгаа. Уламжлалт аргаар гаргаж авдаг вакцины нэг жишээ бол синофарм юм. Тодруулбал, вирусийг лабораторийн нөхцөлд тусгай эсийг ашиглаад өсгөвөрлөдөг. Ингэж ургуулсан вирусээ физик, химийн аргаар цэвэршүүлж, идэвхгүйжүүлнэ. Ингээд вирус нь бие махбодод халдвар үүсгэхгүй болж, улмаар идэвхгүйжүүсэн вирусийг вакцин бүтээхэд ашигладаг гэсэн үг. Уламжлалт аргаар томуу өвчнөөс сэргийлэх вакцинуудыг хийж байсан туршлага ч бий. Тиймээс технологи нь харьцангуй удаан хугацаанд ашиглагдаж байгаа. Бид бүхэн вакцины тусламжтайгаар улаанбурхан, цагаан цэцэг, гахайн хавдар гэх мэтчилэн олон өвчнийг хяналтдаа авч, заримыг нь устгаж чадсан.

-Тэгэхээр дэлхий даяар хоёр өөр технологиор боловсруулсан вакцинжуулалт явагдаж байна хэмээн ойлголоо. Гэхдээ вакциныг жил гаруй хугацаанд хийх боломжтой юу гэсэн түгээмэл асуулт байна?

-Бионтек/Пфайзерын хамтарсан мэдээллийн PНХ суурилсан вакцин нь эрдэмтдийн нөр их хөдөлмөр шингэсэн технологи юм. Тус технологийг 30 гаруй жилийн өмнөөс судалж, суурин дээр Файзер вакцин хурдан гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр үүнийг цоо шинэ зүйл хэмээн ойлгох нь өрөөсгөл болно. Энэ төрлийн вакцин хүний дархлааг хүчтэй хамгаалдаг, хурдан хугацаанд гаргаж авах боломжтой гэх мэтчилэн олон давуу талтай. Өмнө нь уламжлалт аргаар гаргадаг вакцин нь тодорхой хэмжээний ажиллагаатай, удаан хугацаа шаардагддаг байсан учраас эрдэмтэд үүнийг сайжруулахын тулд эрэл хайгуул хийж байсан гэсэн үг.

-Энэ цаг үед боловсролын салбар хүндхэн сорилттой тулгарч байна. Боловсролын салбарыг хэвийн ажиллагаанд оруулахын тулд хүүхдүүдэд аюул эрсдэлгүй орчинг бүрдүүлэх нь чухал болов уу. Тэгвэл вакцины хөгжүүлэлтийн явцад хүүхдэд хэрхэн анхаарсан юм бол?

-Коронавирус ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст илүү хүнд тусаж байгаа учраас вакцинжуулалтын нэгдүгээр ээлжинд хүүхдүүд орохгүй байна л даа. Гэхдээ хүүхдийг жижгэрүүлсэн том хүн гэж ойлгож болохгүй. Тэд дархлаа тогтолцооны хувьд ялгаатай шүү дээ. Хүүхдүүдэд вакцины эмнэл зүйн туршилт өмнө нь хийгдээгүй байсан. Харин одоо Пфайзер болон Модерна зэрэгкомпаниуд маань энэ тал дээр анхаарч эхэлжээ. Жишээлбэл, Пфайзерын вакцинд 12-15 насны ойролцоогоор 2.259 хүүхэд хамруулсан эмнэл зүйн туршилт судалгааг хийж байгаа. Эхний ээлжийн үр дүн энэ зунаас гарч эхлэх болов уу. Модернагийн хувьд 12-17 насны 3.000 гаруй хүүхдийг хамруулсан эмнэл зүйн судалгаа явагдаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр судалгаа нотолгоонд суурилсан үр дүнг харж вакцинжуулалтыг хийх ёстой. Тиймээс эдгээр эмнэл зүйн туршилт судалгааны үр дүн гарсны дараа хүүхдүүдэд вакцин хийх боломжтой болох байх.

-Томуугийн вакциныг тариулсны дараа хүйтэн усанд гар хүрэхээс болгоомжил, даарч болохгүй гэх мэтчилэн зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэгвэл коронавирусийн вакцинжуулалтад хамрагдсаны дараа бид юунд анхаарах вэ?

-Вакцин хийлгэх үйл явц нь сайн дурын үндсэн дээр явагдана. Мэдээж вакцин хийлгэхээсээ өмнө эмчид үзүүлж, үзлэгт орно. Мөн эмчийн асуумжийг үнэн зөв бөглөх нь чухал. Вакцинтай холбоотой гаж нөлөөллүүд тодорхой хэмжээнд гарахыг үгүйсгэхгүй. Гаж нөлөө нь ихэвчлэн хөнгөн хэлбэртэй 2-3 хоногт үргэлжилнэ. Мөн вакцин тариулсан хэсэгт өвчлөл мэдрэгдэх, эсвэл хавдах шинж тэмдэг илэрч болно. Ерөнхий биеийн урвалын хувьд ядрах, толгой, булчин, үе мөч өвдөх, дотор муухайрах, халуурах зэрэг өөрчлөлт илэрч болох юм. Коронавирусийн эсрэг вакцин хийлгэх гэж байгаа бол сайтар унтаж амарсан байх, 72 цагийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглээгүй байх хэрэгтэй. Ер нь вакцин хийлгэхгүй байх тохиолдол маш ховор. Тодруулбал, хүнд хэлбэрийн харшилтай бол хийлгэж болохгүй гэж байгаа. Гэхдээ ургамал, тоос гэх мэтчилэн харшил үүнд багтахгүй. Чухамдаа вакцин, тарилга, эмийн бодисоос ямар нэгэн харшилгүй хүмүүс л хийлгэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусад төрлийн харшилтай байлаа гэхэд эмчтэйгээ зөвлөлдөнө. Түүнээс гадна эм, эмийн бодис хэрэглэсний улмаас өмнө нь шалтгааныг нь мэдэхгүй хүнд хэлбэрийн харшил үүсч байсан бол эмчдээ хэлэх хэрэгтэй. Түүнээс биш айхавтар хийлгэж болохгүй гэсэн заалтгүй. Гэхдээ хүнд хэлбэрийн харшлын урвал сая тарилт хийхэд 11 буюу маш цөөн тохиолдож байгаа. Мэдээж вакцин хийлгэсний үр ашиг, вакцины эрсдэлийг эмч маань харьцуулж үзнэ. Зарим хүмүүс хүнд өвчтэй гэдэг шалтгаанаар коронавирусийн эсрэг вакциныг хийлгэхгүй гэж эндүү ойлгоод байх шиг. Харин ч эсрэгээр эмч, эмнэлгийн ажилчдаас гадна, суурь өвчтэй хүмүүс маань тэргүүн эгнээнд вакцин хийлгэх ёстой. Үүнийг бид салгаж, ялгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс хэтэрхий айдаст автаж болохгүй, шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй.

-Вакцинд хамрагдсан хүн өөрөө өвдөхгүй ч вирус тээгч, дамжуулагч, тараагч болох эрсдэлтэй юү?

-Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллынхаа дэглэмийг үргэлжлүүлэн барих нь зүйтэй. Вакцин хийлгэсний дараа дархлааны тогтолцоо тодорхой хугацаа шаардана шүү дээ. Тиймээс амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих гэм мэтчилэн хамгаалалтаа үргэлжлүүлэх шаардлагатай. Түүнчлэн ойрын хугацаанд өөр төрлийн вакцин товлохгүй байх нь чухал. Мөн давтан тунгаа төлөвлөсөн хугацаанд нь хийлгэх хэрэгтэй. Ковидын вакцин хийлгэхээс өмнө 14 хоног, эсвэл хийлгэсний дараа 28 хоног дор хаяж хүлээх хэрэгтэй. Хэрэв өөр төрлийн вакцин хийлгэх гэж байгаа бол үүнд анхаарахыг зөвлөе.

-Коронавирус мутацид орж, цаашлаад хэд хэдэн давлагаа үүсэх магадлалтай байх. Тэгвэл эрдэмтэд энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа бол?

-Вирус мутацид орно гэдэг бол жам ёсны асуудал юм. Нэг эзэн биеэс нөгөө эзэн биед ороход өсөж үржиж, задраад гарах явцдаа тухайн эсийг үхүүлээд, дараагийн эсэд орохдоо тодорхой хэмжээнд өөрчлөлт гардаг байх нь. Одоогийн байдлаар, энэ вакцинууд маань мутацид орж байгаа вируст үйлчилнэ, халдвараас сэргийлнэ гэх мэдээлэл байна. Ер нь вирусийн мутацийг зогсооно гэж ойлгоход хэцүү. Гэхдээ аль болох хүн амыг хурдан хугацаанд дархлаажуулж чадвал мутаци үүссэн халдваруудаас сэргийлэх боломжтой.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-аас Дархан-Уул аймагт ирсэн нэг иргэнээс сэжигтэй тохиолдол илэрчээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрсэн иргэдээс шинжилгээ авахад сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү өнөө өглөө шилжүүлсэн байна. Тодруулбал, ОХУ-аас 43 иргэн энэ сарын 25-нд хилээр нэвтэрч, Дархан-Уул аймагт тусгаарлагджээ. Иргэдээс өчигдөр covid-19 халдвар илрүүлэх шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариу 22:00 цагийн үед гарч сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлэхээс өмнө аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлсэн байна.

Тухайн иргэн Монгол Улсын иргэн гэдгийг аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Тус штабын мэдэгдэлд дурдснаар ОХУ-аас ирсэн 43 иргэний 15 нь тус улсын харъяат иргэн 9 том хүн, зургаан хүүхэд байгаа юм. Харин үлдсэн 27 нь Монгол Улсын иргэн бөгөөд нэг хүүхэд байжээ. Тухайн иргэдээс явуулын шинжилгээний баг тусгаарлалтад байсан “Гранд Яак” зочид буудалд очиж шинжилгээ авсан тул иргэдийг санаа зовох зүйлгүй хэмээн анхааруулжээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин хонь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 28, Адъяа гариг. Билгийн тооллын 16, Харцага одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7:35 цагт мандан, 18:34 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ОХУ-аас ​“Спутник-V” вакцины эхний ээлжийн 10 мянган тунг хүлээн авлаа

ОХУ-аас “Ковид-19” халдварт цар тахлын эсрэг “Спутник-V” вакцины эхний ээлжийн 10 мянган тунг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс хүлээж авлаа.
ОХУ-аас нийт 200 гаруй мянган тун вакцин авахаар төлөвлөж байгаа бөгөөд дараагийн ээлжийн тунг ирэх сарын эхний долоо хоногт хүлээж авах юм.
ДЭМБ-аас “СпутникV” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж.
“СпутникV” вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоосон байна.

May be an image of 3 people, people standing, suit and indoor

No photo description available.

May be an image of text that says 'RUSSIAN DIRECT INVESTMENT FUND THEA CENTER GAMALEYA OFEFIDEHIOLOGY S.putnik V THE FIRST REGISTERED COVID- 19 VACCINE PROVEN HUMAN ADENOVIRAL VECTORTECHNOLOGY'

Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” Өвлийн XXIV oлимпын наадмын урилга иржээ

“Бээжин-2022” Өвлийн XXIV oлимпын наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотноо мөсний төрлүүд, Жанчхүү/Жан-зя-коу/-д цасны төрлийн спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд тус олимпын албан ёсны урилга Монгол үндэсний олимпын хороонд ирсэн байна.

Ийнхүү хөрш БНХАУ-ын нийслэл хотноо Зун /2008 он/ болон Өвлийн олимпын наадмыг хүлээн авсан дэлхийн цорын ганц хот болж байна. Монголын баг тамирчид түүхэндээ анх удаа Иннсбрук-1964 өвлийн олимпод цана, биатлон, тэшүүрийн төрлөөр оролцож байсан билээ. Түүнээс хойш 14 удаагийн цагаан олимпод /1976 оноос бусад/ Монгол Улсын төрийн далбаа намирсан юм.

“Бээжин-2022” Өвлийн олимпод 7 төрлөөр 109 багц медалийн төлөө дэлхийн 90 шахам улсын тамирчид өрсөлдөх илэрхийлээд байгаа аж. “Пёнчан-2018” Өвлийн олимпод 92 орны 2922 тамирчин оролцсон.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсаас 57 жилийн өмнө эх орноо төлөөлөн тэшүүрийн Л.Цэнд (Тугч), Л.Дашням, Ц.Лхамжав, гүйлтийн цаначин Д.Баадай, С.Нацагдорж, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Пүрэвлоов, Ж.Жавзандулам, биатлончин Ц.Данзан, Т.Лхамсүрэн, Б.Дашгай, Б.Дамдинжав нар “Инсбрук-1964” олимпын наадамд оролцож, олимпын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг анх удаа мандуулсан түүхтэй.

Бээжингийн дараагийн буюу XXV цагаан олимпын наадам 2026 онд Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад болох юм.

Categories
мэдээ нийгэм

Найтаахад ”Бурхан өршөөг” гэж хэлдгийн учир

Хүнийг найтаахад ”Бурхан өршөөг” гэж хэлдгийн учир дараах домгоос үүсэлтэй аж.

Эрт цагт гэнэ. Нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Учир явдлыг мэдсэн хувилгаан өнөөх айл руу чөтгөртэй хамт явахаар шийдэж газар хороох зуураа өнөөх 2 нэлээдгүй зүйлийг ярилцан явтал чөтгөр хувилгаанаас “Чи юунаас айдаг вэ” гэхэд хувилгаан хэсэг дуугүй явснаа “би аагтай цай, тарган хонины махнаас л айдаг даа. Харин чи юунаас айдаг вэ” хэмээн чөтгөрөөс асуухад чөтгөр “би алтан харганаас үнхэлцгээ хагартал айдаг” гэж хариулав. Ийнхүү ярилцан явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр “Хувилгаанаа чамайг энэ айлд суухад хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл чөтгөр өршөөг гээд хэлчхээрэй” гэхэд сэжиг авсан хувилгаан дотроо “хэлж, ярьж буй зүйлдээ анхаарахгүй бол болохгүй нь бололтой” гэж бодоод өнөөх айл руу чөтгөрийг дагуулан орлоо. Ингээд хувилгаан, чөтгөр 2 өнөөх айлд хоол, цай эргүүлэн суух зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр суусан хүүгийн царай нь барайж ирснээ найтааж орхив.

Хувилгаан хурдхан “бурхан өршөөг” гэхэд хажууд нь суусан чөтгөр бага зэрэг уцаарлангуй төрх гарган суутал хүү дахин нэг найтаах нь тэр. Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож “чөтгөр өршөөг” хэмээн хэлж орхив. Үүнтэй зэрэгцэн аавынхаа өвөр дээр суусан хүү ч ухаан алдан унаж сүнс нь чөтгөрийн мэдэлд очих нь тэр. Чөтгөр ч өнөөх айлаас ухасхын гарахад хувилгаан ч мөн түүнийг даган гараад “сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр “авах нь авлаа чи харин түрүүн яагаад бурхан өршөөг гээд хэлчихвээ. Түүнээс чинь болж баахан бурхан хүүг тойрч суучихаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэхэд хувилгаан чимээгүй гэгчийн зогссоноо “алив хүүгийн сүнсийг хараадахъя” гэхэд чөтгөр ч түүнд харуулав.

Яг энэ үед хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дунд ороод суучхав. Чөтгөр хэзээний л өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шидийн аргаар өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхэцнэ зогссоноо уурласан уурандаа бутыг тарган хонины мах, аагтай цайны идээгээр булж орхиод хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суув.

Энэ зуурт хувилгаан гал асааж тарган хонины махыг нь шараад, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны идээтэй холин буцалгаад цай чанаад ар, өвөр хангайгаа нэлээдгүй зайтай болгож аваад унтаад өгөв.Чөтгөр ч хүлээж тэсэлгүй яваад өгөв.

Ингээд цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнх нь сүнсийг биед нь буцааж оруулаад хүүгийн сүнс биенээс нь яагаад гарч чөтгөрийн мэдэлд очсоныг аав ээжид нь тайлбарлаж өгөөд нэгэн айлд буян болсон бөгөөд үүнээс хойш хүнийг найтаахад “бурхан өршөөг” хэмээн дуу нэгтэй хэлдэг болсон гэдэг.

Эх сурвалж: Undesten.mn

Categories
мэдээ нийгэм

Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Жил бүрийн гуравдугаар сарын 01-нд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Үндэсний эдийн засгийг хадгалахад иргэний хүчтэй хамгаалал” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон юм.

Дашрамд дурдахад Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон”-гоо хүртээдэг. Энэхүү одонгоор Онцгой байдлын байгууллагаас нийт 30 гаруй алба хаагч шагнагдаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д 18500 орчим хүн коронавирусийн вакцин хийлгэжээ

БНСУ-д “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн эхний өдөрт 18500 орчим хүн вакцин хийлгэлээ гэж тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд Жён Хэ Чоль өнөөдөр мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, Улсын хэмжээнд баасан гаригт 18489 эмнэлгийн ажилтан, асрамжийн газрын өвчтөн “AstraZeneca” компанийн хоёр тунт вакцины эхний тунг тариулжээ. Вакцин хийлгэсэн хүмүүст толгой өвдөх, халуурах зэрэг хөнгөн шинж тэмдгээс өөр ноцтой гаж нөлөө илрээгүй байна.

Мөн БНСУ-д өнөөдрөөс “Pfizer” компанийн вакцины эхний хэсэг болох 58500 тунг эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлсэн бөгөөд дараагийн 500 мянган тун вакциныг ирэх гуравдугаар сарын гурав дахь долоо хоногоос хүлээн авч эхлэх төлөвтэй байгаа ажээ.