Categories
мэдээ нийгэм

Аж, ахуйн нэгжүүдийн 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ

Улсын Онцгой комисс хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, коронавируст халдварт цар тахлын тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж, ахуйн нэгжийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна.

Нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 23-ны өдрийн байдлаар нийт 411 мянган өрхийг хамруулахаар зорилт тавьж, 20-ны өдрийн 09:00 цагийн байдлаар 340-өөд мянган өрхийг хамруулсан бөгөөд 54 тохиолдол, шинээр 13 голомт илрүүлснээс идэвхтэй нь 8 голомт байв. Тус голомтуудыг бүрэн хяналтад аваад байна. Энэхүү нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, коронавируст халдварын түвшинг өндөр эрсдэлтэй УЛААН өнгийн дөрөвдүгээр түвшнээс бууруулж хоёрдугаар зэрэглэл буюу “ШАР”өнгийн түвшин рүү, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах түр журмыг гаргалаа.

Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллана.

Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудын хувьд эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ямар үед нээж болох эсэхийг тухай бүрт шийдвэрлэх юм.

Аж, ахуйн нэгж байгууллага, иргэд, хуулийн этгээдүүд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах үүрэгтэй байх юм. Нийтлэг түр журмыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлнэ.

Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг 2021оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлнэ. Харин Улаанбаатар хотод эрсдэлийн үнэлгээг дахин хийсний үндсэн дээр танхимын хичээлийг нээх хугацааг нарийвчлан тогтоохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Хуралдаанаар УОК-оос Засгийн газрын хуралдаанд оруулсан нийт долоон хэсэг 80 гаруй заалт бүхий, халдвар хамгааллын дэглэм сахих түр журмын эцсийн найруулгыг хийж, батлах асуудлыг хэлэлцэж байна.

Хоёрдугаар сарын 23-наас хөл хориог цуцлахад ААН-үүдийн үйл ажиллагаандаа мөрдөх Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсны дараа олон нийтэд танилцуулна гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр 24 хүнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 78 боллоо

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний талаар мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр 44018 хүнд PCR шинжилгээг хийхэд 52 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ. 24 хүний 15 нь анхны шинжилгээгээр, ес нь хавьтлын шинжилгээгээр илэрлээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 22436 өрхөөс шинжилгээ авч дууслаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 45800 өрхийн шинжилгээг авч, 2-р сарын 23-ны 06.00 цагт энэ ажил өндөрлөнө.

“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс энэ сарын 21-ний өдрийн байдлаар халдвар авсан 78 хүнийг илрүүлээд байна.

Categories
мэдээ спорт

Наоми Осака Австралийн Их дуулгад хоёр дахь удаагаа түрүүллээ

Талбайн теннисийн дөрвөн том тэмцээний нэг болох Австралийн их дуулгын эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалын тоглолт боллоо.

Хагас шигшээд Америкийн алдарт теннисчин, 23 удаагийн их дуулгын аварга Серена Уильямсыг хожоод байсан Японы залуу од Наоми Осака финалд Серенагийн нутаг нэгт Женнифер Брэдиг 6-4, 6-3 харьцаагаар хожиж түрүүллээ.

2018 болон 2020 оны АНУ-ын их дуулга, 2019 оны Австралийн их дуулгад түрүүлж байсан 23 настай, Наоми ийнхүү дөрөв дэх их дуулгынхаа цомыг өргөж байна. Мельбурн хотын “Rod Laver Arena” талбайд болсон тоглолтыг 7500 хүн үзсэн бөгөөд Наоми “Өмнөх их дуулгад үзэгчгүй талбайд тоглож үзсэн. Харин энэ удаад тэд байгаа нь үнэхээр гайхалтай байлаа” хэмээжээ.

2020 оны хоёрдугаар сараас хойш нэг ч хожигдоогүй байгаа Наоми ийнхүү анхны дөрвөн финалдаа бүгдэд нь ялсан бөгөөд өмнө нь ийм амжилтыг 9 их дуулгад түрүүлж байсан Моника Селес 1991 онд үзүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ: Шинээр 52 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2638 боллоо

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаарх мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 44018 хүнд PCR шинжилгээ хийхэд 52 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Үүний 15 нь анхны шинжилгээгээр, 9 тохиолдол нь хавтлуудаас илэрлээ.

Энэ 10 хоногийн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 78 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 41 нь батлагдсан, 37 нь ойрын хавьтлаас илэрсэн.

Ингээд Улсын хэмжээнд тохиолдлын батлагдсан тохиолдол 2638 боллоо.

Өнөөдөр 18 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингээд 70.8 хувь нь эдгэрээд байна.

Хүндэвтэр-83

хөнгөн- 647

маш хүнд- 2

хүнд- 5

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр Баянзүрх дүүрэгт явагдана

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт явуулын 193, суурин 4 цэг ажиллана. Энэ өдрүүдэд хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээнд хамрагдаагүй 45800 өрхийн иргэнээс шинжилгээ авна.

Та бүхэн доорх мэдэээлэлтэй танилцаж, шаардлагатай тохиолдолд баг хариуцсан дарга нартай утсаар холбогдож мэдээлэл авна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС





Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

Аймгийн харцага Баяраагийн Төрмагнай: Сар шинийн барилдааны үеэр аавынхаа дээлийн захыг гараа цуцтал мушгидаг байж билээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат удамт бөх аймгийн харцага Баяраагийн Төрмагнайтай ярилцлаа. Түүний хувьд улсын наадамд завсаргүй тав түрүүлсэн дархан аварга Дамдины ач хүү юм.


-Сар шинэдээ сайхан шинэлэв үү та. Баярын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна?

-Сайхан шинэлж байна уу. Баярын өдрүүдэд халуун ам бүлээрээ бужигнаад, дулаан уур амьсгал дунд л өнгөрүүлж байна. Өмнө нь бэлтгэл сургуулилт гэж яваад гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулж амждаггүй байж дээ. Хөл хорио тогтоосон өдрүүдэд өөрийгөө чөлөөлөөд хүүхдүүдтэйгээ шуугилдаад сайхан байна.

Хүүхэд байхад битүүний өдөр өглөө эртлэн босоод аавынхаа зодог шуудгийг арцаар ариулж сайхан эвхэж цүнхлээд ээжийнхээ хийсэн хоол цайг идчихээд аавтайгаа хамт Спортын төв ордон руу цүнхийг нь үүрээд гардаг байлаа. Аавын минь цүнх хүнд гэж жигтэйхэн. Өдөржин л бөхийн барилдаан дээр аавыгаа үзээд л тэрүүгээр тоглож гүйдэг байж. Аавыгаа барилдахаар гарахад дээлнийх нь захыг гараа цуцтал зангидаж эргүүлдэг байлаа. Бөх тараад л хоёулаа Спортын төв ордноос хойшоо гэр лүүгээ явна. Явах замдаа өнөөдрийн бөхийн талаар ярьж хөөрөлдсөөр гэртээ ирэхэд ээж, эгч нар минь идээ будаагаа засчихсан нэг л дулаахан сайхан гэр минь угтдаг байж билээ. Би ч ороод аавынхаа зодог шуудгийг гаргаж хатаагаад байны мөнгөө бурхан дээрээ өөрөө даваад мөнгө авчихсан хүн аятай л тавьдагсан. Өдөржин халуун зааланд ядарсан намайг унтаж байхад аав маань сэрээгээд гэрийн хоёр эр хүн гарч мөрөө гаргана гээд дууддагсан. Хоёулаа гарч мөр зүгээ гаргачихаад гэртээ ээж, эгч нартайгаа шинэлээд бүгдээрээ нар мандахтай зэрэгцээд өвөөгийндөө очно.

-Сар шинийн барилдаан зохион байгуулах тухай яриа хүчтэй гараад намжлаа. Барилдаан болох нь гэсэн хүлээлт байв уу, танд?

-Сар шинийн баярт зориулсан барилдааныг зохион байгуулагдах сургаар өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ базаагаад догдолж л суусан. Харамсалтай нь, цуцлагдчихлаа. Жаахан эрт барилдах цөөхөн бөхөө шинжилгээнд хамруулж тусгаарлаад зохион байгуулчихсан бол гэж санах юм. Хатуу өвлийг өнтэй давснаа тэмдэглэдэг уламжлалт баяраар бөхөө барилдуулж цэнгэдэг энэ сайхан уламжлалыг тасалдуулалгүй зохион байгуулаад явчихсан бол хэрэгтэй байсан юм болов уу.

-Та аавынхаа улсын заан болдог өглөө нь мэндэлсэн гэдэг бил үү?

-Би Улаанбаатарт төрж өссөн. Манайх Бага тойрууд Монгол гуравдугаар сургуулийн хойно амьдардаг байлаа. Тэр хавьд л хүүхэд нас минь өнгөрсөн. Миний аав 1957 оны долдугаар сарын 13-нд төрсөн. Тэр жил нь дархан аварга Д.Дамдин миний өвөө улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлж байсан юм билээ. Улсын баяр наадмаар төрсөн учраас аавд минь Баяраа гэх нэр хайрласан гэдэг. Миний тухайд 1988 оны долдугаар сарын 12-ны өглөө үүрээр 05:00 цагийн алдад төрж байсан гэдэг. Тэр өдөр нь миний аав улсын заан цол хүртэж байсан юм билээ. Аав минь улсын наадамдаа хоёр давчихаад гэртээ ирэхэд нь л ээж минь өвдөж эхэлсэн гэдэг. Маргааш өглөө нь нар мандаж байхад хүүтэй болсон баярт мэдээг дуулаад л аав минь Төв цэнгэлдэх рүү гарч байсан тухайгаа сүүлд хэлж байсан. Сонин түүх шүү.

-Сар шинийн баяраар өвөөгийнд тань дүүрэн хүн цуглана биз. Өвөөгийн өвөр дээрээс буудаггүй хүүхэд байв уу?

-Баяр жаргал бялхсан өдрүүд болдог байж. Шинийн нэгний өглөө бид аав, ээжтэйгээ золгоод л өвөөгийнх рүү очно. Өвөөгийнх Сансарын колонкийн урд талд 25 дугаар байранд амьдардаг байлаа. Тэнд л жинхэнэ Цагаан сар болно шүү дээ. Өвөөтэй золгохоор ирэх ах дүү нар нь олуулаа. Нутгийнхан нь, бөхчүүдийн төлөөлөл гээд л орцонд багтахгүй л шахцалдаж байдаг сан. Өвөө минь намайг дуудаад л өвөр дээрээ суулгана. Надаас өөр хүн тэнд суухгүй. Хүмүүс ч зай завсаргүй золгоно. Өвөөгийн өвөр дээр суувал л мөнгөтэй болно гэсэн ойлголттой хүүхэд байж билээ (инээв). Хүүхэд насны Сар шинийн өдрүүд иймэрхүү өнгөрдөг байсан даа.

-Аавыгаа дагаж наадмын бэлтгэлд гардаг байсан биз. Аварга Батсуурь та хоёр хамт явдаг байсан байх?

-Мэдээ орсон цагаасаа л аавыгаа дагаад наадмын бэлтгэлд гардаг байлаа. Бөхийн гал дээр мөн ч гоё өдрүүд үлдэж дээ. Бөхийн бэлтгэлд гарахыг их хүлээнэ. Аав минь намайг дагуулж бэлтгэлд гарах их дуртай. Нэг зун аав наадмын бэлтгэлд гарахаар шигшээ багийн цугларалтаас ирсэн юм. Би унтаж байж таарч л дээ. “Хүүгээ сэрээгээд яах вэ, энэ удаа үлдэг” гээд гарахад нь би сонсчихсон. Хувцсаа ч гүйцэд өмсөлгүй харайгаад аавынхаа машинд сууж байсан тухай манай гэрийнхэн хэлдэг юм. Аав минь монгол бөх гэх энэ их өв соёлын тухай ойлголт өгөх гэсэндээ л намайг дагуулж бэлтгэлд гардаг байсан юм болов уу даа.

Тэр үед улсын харцага Г.Намсрайжавын хүү аварга Батсуурь, Ч.Бямбадорж зааны хүү улсын начин Заяамандах, Ганболд зааны хүү аймгийн хурц арслан Ганням бид бөхийн гал дээр таарна. Өдөржингөө л хөөцөлдөж тоглодог байж дээ. Бага байхаас нь мэдэх найзуудыгаа сайн сайхан явааг нь хараад баярладаг юм. Батсуурийгаа аварга болоход нь жигтэйхэн их баярласан даа. Ямар хэцүү бэрхийг туулсныг нь эрт үеэс л мэдэх хүний хувьд огшоод л ирсэн. Бусдын сайн сайханд баярлах чанарыг аав минь надад сургасан юм болов уу гэж боддог юм. Өөрөө аливаа зүйлд тууштай, ноён нуруутай яваарай гэж хэлдэг байсан.

-Таны өвөө Дарийн Дамдин аварга Уйлган голын хүн. Гурван дархан аварга төрсөн монгол бөхийн голомт нутаг шүү дээ. Өвөө, аавынхаа нутгийн талаар ярихгүй юу. Зун болгон л очдог байв уу?

-Жил бүрийн наадмын дараа л гэр бүлээрээ Уйлган голдоо очдог байлаа. Хөвсгөлийн Цагаан-Үүр сум битүү модоор хүрээлсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг. Тэр дундаа Уйлган голын хөндий онцгой сайхан газар. Тэнд одоо ч гэр бүлээрээ очдог. Аав, өвөөгийнхөө өссөн газраас амар амгаланг мэдэрдэг дээ. Аавын минь талын ах дүү нар Уйлган голын хөндийдөө л мал аж ахуйгаа эрхлээд аж төрдөг юм. Нутгийн зон олон минь намайг аваргын ач хүү гэж их хүндэлдэг нь үнэхээр сайхан.

-Та Хөвсгөл аймгийнхаа наадмаар харцага цол хүртсэн байх аа. Цол хүртсэн наадмынхаа талаар дурсвал…

-Хөвсгөл аймгийнхаа 80 жилийн ойн их баяр наадмаар зургаа давж аймгийн харцага цол хүртэж байлаа. Тэр баяр наадмын зургаагийн даваанд улсын начин цол хүртээд удаагүй байсан М.Эрдэнэбат ах маань намайг амлаж барилдаад элэг бүсээ тайлж билээ. Их аваргын удмыг дуурсгаж сайн барилдаасай гэсэндээ намайг дэмжсэн юм билээ. Тухайн барилдааны өмнө надад юу ч хэлээгүй байж байгаад амлаж барилдаад даваа өгсөн. Их л сайхан санагдаж байсан даа.

-Наадмын өглөө аавыгаа болон өвөөгөө дурсана биз?

-Аймгийн харцага цол хүртсэнээс хойш 10 орчим жил өнгөрчээ. Наадмаар миний төрсөн өдөр тохионо. Аймгийн наадмуудад л зодоглож таарна. Наадмын нээлтээр баярын жагсаал болж байхад өвөө минь, аав минь нүдэнд харагдаад л үнэхээр сайхан санагддаг. Хүүхэд байхад гараас нь хөтлөөд л Төв цэнгэлдэх рүү орж байсан үе санаанд буудаг юм. Одоогоор би цолоо ахиулж хараахан амжаагүй л явна. Гол төлөв дөрвийн даваанд л тахим буулгана. Сэтгэл дундуур үлдсэн наадмаас буцаж явахдаа “Өвөө минь, аав минь байсан бол хариуцлагатай давааны өмнө надад юу зөвлөх байсан бол” гэж их эргэцүүлдэг юм. Их л нөмөр нөөлөг болох байж дээ. Гэлээ гээд мөнх бусын хорвоог яалтай билээ. Тэр бүрийг бодоод биеэ бариад байвал өөрийгөө дайчилж барилдаж чадахгүй. Анхандаа ч аваргын ач хүү гээд л хүмүүс их анзаарна. Тэр нь сайхан ч барилдааны үеийн сэтгэл зүйд их нөлөөлдөг байлаа. Одоо ч сэтгэл зүйгээ бэлтгээд сурсан байна. Гэхдээ л наадмын дэнж рүү зүглэхэд аавыгаа, өвөөгөө дурсаж өөрийн мэдэлгүй л огшдог юм.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний эхнэр Эрдэнэчимэг Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Бид хүү, охин хоёртой. Миний хадам аав түрүүлж байсан Галхүү гэж бөх хүн. Хүүгээ дагуулаад наадмын бэлтгэлд гарах юм сан гэж хүсдэг. Хүү минь гурван ой гарантай. Ирэх зун дагуулаад гарах бодолтой л байна. Өөрөө бөхийн орчны гоё сайхныг дэндүү сайн мэдэх болохоор хүү минь барилдаасай гэж хүсэх л юм. Гэхдээ хүү минь юу сонирхох нь уу, анзаарч л байна.

-Та барилдахын хажуугаар ямар ажил эрхэлж байна вэ?

-Спорт залуу насны л ажил. Бөхийн замнал өндөрлөхөд дахиад олон жилийн амьдрал ард нь бий. Миний тухайд их сургуулиа аялал жуулчлалын мэргэжлээр дүүргэсэн. Би 032 дугаар ангийн тамирчин хүн. Бэлтгэлийнхээ зай завсраар өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил үүргээ гүйцэтгээд л явж байна.

-Дамдин аваргын удмын өөр ямар бөх барилдаж байна вэ?

-Өвөөгийн төрсөн ах Жамсран гэж хүн бий. Түүний охиных нь хүүхэд Нармандахын Жаргалбат гэж аймгийн арслан цолтой залуу бий, цэргийн ангид ажилладаг. Бид хамтдаа бэлтгэл сургуулилтаа базаадаг юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малын их эмч Х.Бодьсайхан: Улсын хэмжээнд малын гоц халдварт өвчин 49.2 хувиар буурсан үзүүлэлт байна

МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхантай ярилцлаа.


-Ковидоос өмнө манай улсад малын элдэв халдварт өвчний тархалт эрчимтэй байсан. Цар тахлаас үүдэлтэйгээр хөл хорио тогтоож, хил гааль хаагдсанаас хойш жил гаруй хугацаанд өвчлөл гарсангүй. Энэ нь юутай холбоотой вэ. Магадгүй малын халдварт өвчин тарааж, улмаар халдварын эсрэг вакцинаар хөлждөг бүлэглэл илчлэгдээд байх шиг?

-Сүүлийн хоёр жилд буюу 2019-2020 онд хил даван тархдаг, гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээгүй. Энэ нь олон хүчин зүйлээс хамааралтай. Манай улсад хамгийн сүүлд 1974 онд уг өвчин гарч байсан. Үүнээс хойш 2000 онд дахин сэргэж, улмаар 2020 оныг хүртэл нийт 7-8 жилд уг өвчин гараагүй тайван байжээ. Хонины цэцэг өвчний хувьд улирал харгалзахгүйгээр 2015-2017 онд хамгийн өргөн тархалттай байсан бол шүлхий өвчин 2017-2018 онд хамгийн ихээр тархсан түүх байна. Өвчлөлийн улирал буюу 1-3 дугаар сард эрчимжиж байлаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан 2019 оны II хагасаас хойш улсын хэмжээнд дархлаажуулалтын хугацааг нэгэн жигд болгож аравдугаар сард тарьсан нь өвлийн саруудад жигд дархлаатай байлгасан. Улмаар дараагийн ээлжит дархлаажуулалтыг 2020 оны тавдугаар сард жигд зохион байгуулсан нь тодорхой үр дүнгээ өгсөн гэж дүгнэж байгаа. Мөн МЭЕГ-аас өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор шүлхий өвчнөөс сэргийлэх 500,0 мянгаас 1,0 сая тун вакцины нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн малын шилжилт хөдөлгөөн, гарал үүслийг Мал эмнэлгийн нэгдсэн системээр хянадаг болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болсон.

-Малын халдварт өвчин бүртгэгдээгүй нь олон хүчин зүйлээс хамаарна хэмээн түрүүн дурдлаа. Энэ талаар тодруулбал?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд УИХ-аар соёрхон баталж, 2018 оны зургадугаар сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж /МЭЕГ/ мал эмнэлгийн салбар бие даасан нэгдсэн удирдлагатай, босоо тогтолцоотой болсон юм. Улмаар өвчин гарахаас өмнө сэргийлэх вакцины нөөцийг урьдчилан бүрдүүлэх боломжтой болсон. Тодруулбал, хуулиар вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулан авах боломж бүрдсэн гэсэн үг. Мөн шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг 2019 оны II хагасаас хойш нэгэн жигд хугацаатай болгож чадсан. Урьд нь өвчний гаралт, вакцины хүрэлцээ зэргээс хамаараад янз бүрийн хугацаанд тарилга хийсэн байдаг. Энэ нь вакцины дархлаа дуусах хугацааг хянахад хүндрэл үүсгэж байсан. Харин одоо өвчний хэвшилд тохируулан вакцины омгийг үйлдвэрлэгчид шууд захиалан үйлдвэрлэх боломжтой. Тодруулбал, Үйлдвэрлэгчээс гэрээгээр вакциныг авдаг болж нэгж өртгийн хэмжээ буурснаар авах вакцины тоо хэмжээ нэмэгдсэн. Ингээд эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг малын төрлөөр ялгахгүйгээр толгой дараалан дархлаажуулсан. Мөн мал эмнэлгийн арга хэмжээнд хийгддэг үйл ажиллагааны хяналтыг Мал эмнэлгийн салбар өөртөө авсан (Монгол Улсын бүх сумын МЭТ-т мал эмнэлгийн улсын байцаагч ажиллаж байна). Түүнчлэн мал, малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд Мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгох, гэрчилгээний хяналтыг цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэснээр замбараагүй шилжилт хөдөлгөөн багассан. Ингээд зогсохгүй, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар малчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон зааж өгсөн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан сүүлийн хоёр жил гарангийн хугацаанд малын гоц халдварт өвчний гаралт эрс буурсан. Бид бүхэн аливаа малын өвчлөлийг гарсан үед биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь төлөвлөгөөтэй хийдэг болсон. Жишээ нь, Малын эрүүл мэндийн үзлэг, мал угаалга, туулга, боловсруулалтыг бүх шатандаа амжилттай хэрэгжүүлсэн юм.

-Өвчин дэгдэхээр манай махны экспортыг хаадаг хор хөнөөлтэй шүү дээ. Үүнийг бодохгүйгээр хэсэг бүлэг этгээд хувийн ашиг боддог наймаа байсан уу, эсвэл малчид энэ цаг үед мал аж ахуйд ихээхэн анхаарч байна уу?

-Хил даван тархдаг, гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг 2018 оноос өмнө дотооддоо нээлттэй тендерээр худалдан авч байсан. Энэ нь хугацаа их шаарддаг учраас өвчин гарсны дараа вакцинаа авч өвчнийхөө хойноос нь хөөж дархлаажуулдаг хүндрэлтэй байдлыг үүсгэсэн байж болох талтай. Миний хувьд мал эмнэлгийн салбарын үе үеийн мэргэжилтнүүд нь малын өвчлөлийг бууруулах, зогсоох, мал аж ахуйг зах зээлийн эргэлтэд оруулахын төлөө л ажиллаж ирсэн гэж боддог. Зөвхөн мал эмнэлгийн байгууллага төдийгүй сүүлийн жилүүдэд малчид, иргэд, холбогдох салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан гэж үзэж байгаа. МАЭМХууль болон холбогдох журам, заавраар малчдыг хүлээх үүрэг, хариуцлагыг нэлээд тодорхой болгож өгсөн нь малын гоц халдварт өвчний гаралт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

-Өмнөх онуудад малын халдварт өвчний тархалт орон нутагт ямар байсан статистик мэдээллийг дурдвал?

-Монгол Улсын хэмжээнд жил бүр 18-21 нэр төрлийн халдварт өвчин гарч, мал, амьтныг өвчлүүлж байдаг. Сүүлийн таван жилийн байдлаар мал, амьтны халдварт өвчнүүдээс зонхилон тохиолддог дотрын халдварт хордлого, цусан халдварт, колибактериоз зэрэг өвчнүүд бүртгэгдэж байгаа бол малаас хүнд дамжин халдварладаг боом, галзуу зэрэг өвчнүүд хангай, хээрийн бүсэд голлон тохиолдож байна. Сүүлийн таван жилийн халдварт өвчний гаралтыг судлан үзэхэд жилд дунджаар 21 аймагт давхардсан тоогоор 660 суманд халдварт өвчний гаралт бүртгэгдэж, 1314 удаагийн гаралтаар 12,0 мянган мал өвчилж, ойролцоогоор 3,0 мянган мал хорогдсон судалгаа байна.

Улсын хэмжээнд 2020 онд 21 аймаг, нийслэлийн 776 сум, дүүрэгт 1105 удаагийн гаралт бүртгэгдэж нийт 21 төрлийн халдварт өвчнөөр 8950 толгой мал, амьтан өвчилсний 28.4 хувь буюу 2548 толгой мал, амьтан хорогдсон. Халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг тогтмол гүйцэтгэснээр өнгөрсөн 2019 онтой харьцуулахад өвчилсөн мал, амьтны тоо 49.2 хувиар, хорогдсон мал, амьтны тоо 39.3 хувиар тус тус буурсан байна. Мал, амьтны аливаа халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой зохион байгуулж байгаа учраас жил бүр халдварт өвчний гаралт буурч байгаа. Мөн тухайн жилийн цаг агаар, хур тунадасны хэмжээнээс хамааран байгаль орчноос шалтгаалах өвчний гаралт харилцан адилгүй байна.

-Шүлхий, галзуу зэрэг өвчин нь олон улсын худалдааны хорио цээртэй учраас эдийн засагт сөргөөр нөлөөлж байсан шүү дээ. Тиймээс одоо өвчлөлгүй болсонтой холбогдуулан хөдөө аж ахуйгаа сайжруулах боломж харагдаж байна?

-Өвчлөлгүй болно гэдгийг зүгээр суугаад ийм үр дүнд хүрсэн гэж ойлгох нь өрөөсгөл. Малчид, мал бүхий иргэд, хамтран ажилладаг бусад салбарын байгууллагуудын оролцоо ч их байсныг дурдах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо аливаа нэг халдварт, гоц халдварт өвчнөөс эрүүлийг баталгаажуулах хууль эрх зүйн үндэс бүрдэн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ цаашид мал аж ахуйн зах зээлд сайнаар нөлөөлөх боломжтой болно. Тухайлбал, Өмнөговь аймаг малын бруцеллёз өвчингүй, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг үхрийн сүрьеэ өвчингүй болохыг дотооддоо баталгаажуулсан. Монгол Улс дотооддоо төдийгүй олон улсад өвчингүй байдлаа баталгаажуулах ажил хийгдэж байна. Баруун бүсийн долоон аймгийг шүлхийгүй, вакциныг тарьдаггүй, Монгол Улс үхрийн цээж, ямааны годон өвчингүй болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-аар хүлээн зөвшөөрүүлэх ажил хийгдэж байна. Энэ нь мал, малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдаанд сайнаар нөлөөлөх чухал ач холбогдолтой.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг ирэх сар хүртэл нээхгүй

Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна.

Нийслэлд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусч, дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно. Мөн батлагдсан тохиолдлуудын хавьталыг олж тогтоон тусгаарлан тандах ажлууд хийх юм. Иймд халдварын голомттой нийслэлээс ногоон бүсийн аймаг орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээхийг түр хойшлуулахаар шийдвэрлээд байна.

Бүх нийтийг хамарсан дээрх тандалтын нэгдсэн шинжилгээний ажил дууссанаар сорьц шинжлэх лабораторийн ачаалал буурна. Ингэснээр орон нутаг зорих иргэдийн ПСР-ын шинжилгээний хариуг 8-12 цагт багтаан гарах боломж бүрдэхтэй холбоотойгоор гуравдугаар сарын 01-ны өдрөөс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр тооцсон болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан хулгана өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Апъяа гариг. Билгийн тооллын 9, Гөрөөсөн толгой одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7:48 цагт мандан, 18:24 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйл нас уртасна.