Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” -гээр есөн хүнээс халдвар илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд өчигдөр 26058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 9 хүний шинжилгээнд халдвар илэрч, уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүлээд байна.

Сүүлийн 24 цагт 64 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,755 бүртгэгдсэнээс 2,070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн” гэлээ.

Одоогоор 670 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 7,
  • хүндэвтэр 69,
  • хөнгөн 593 хүн байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 32 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 2755 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд “Нэг хаалга-нэг шинжилгээ” хөтөлбөрийн үйл явцын талаар Засгийн газрын ордноос холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн 24 цагт 32 хүнээс коронавирус илэрлээ. Уг хүмүүсийн 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн байна. Ингэснээр уг ажлын хүрээнд олон нийтийн дундаас нийт 131 тохиолдлыг илрүүллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч, гэрийн тандалт, ажиглалтад шилжлээ. Ингэснээр Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1914, улсын хэмжээнд 2755 боллоо. Үүнээс 2070 хүн эдгэрсэн байна. Одоогоор 670 хүн эмчлэгдэж байна” гэлээ

Categories
гадаад мэдээ

Израиль улс илүүдэл вакцинаа зарим улсад хандивлажээ

Израиль улсын засгийн газар коронавирусийн эсрэг вакцины нөөцөөсөө багахан хэсгийг дэлхийн зарим улс орнуудад хандивлаж байгаагаа өчигдөр зарлажээ.

Вакцин хүлээж авах орнуудын нэрсийг албан ёсоор зарлаагүй байна. Гэхдээ бусад эх сурвалжуудын мэдээлснээр Төв Америкийн Гватемал, Хондурас улсууд, Европ тивийн Чех улс хүлээн авах орнуудын тоонд багтжээ.

Эдгээр улсууд нь Израиль улстай найрсаг дипломат харилцаатайнхаа төлөө ийм давуу эрх эдэлсэн бололтой. Тухайлбал өнгөрсөн онд элчин сайдын яамаа Йерусалемд нээсэн Гватемал улс энэ долоо хоногт Израилаас 5,000 тун вакцин хүлээж авахаар болсон байна.Мөн өнгөрсөн онд элчин сайдын яамаа Тель Авиваас Йерусалем руу нүүлгэх төлөвлөгөөг зарласан Хондурас улс 5,000 тун вакцин хүлээж авахаар болжээ.Элчин сайдын яамаа Йерусалемд шилжүүлээгүй ч дипломат төлөөлөгчийн газраа нээхээр болсныг арванхоёрдугаар сард зарлаж байсан Чех улс Израйлаас цөөн тун вакцин хүлээж авснаа өчигдөр мэдээлсэн байна.

Израйль улс нь Pfizer/BioNTech болон Moderna компаниудын бүтээсэн вакциныг худалдаж авсан юм. Өнөөдөр тус улс Pfizer-ийн вакцинаар хүн амынхаа бараг 50 хувийг дархлаажуулаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна Израйл улс өөрийн захиргаанд байдаг зүүн Йерусалемын палестинчуудад Moderna үйлдвэрийн вакциныг тусламж болгон илгээсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар танхимын хичээлийг эхлүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хурал үргэлжилж байна. “Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” засгийн газрын тогтоолын төслийг БШУ-ны сайд оруулж байгаа аж.

Өөрөөр хэлбэл танхимын хичээлийг орон нутагт гуравдугаар сарын 1, нийслэлд гуравдугаар сарын 10 гэсэн хувилбар яригдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын Үндэсний музей өнөөдрөөс нээгдэнэ

Монголын Үндэсний музей өвлийн цагийн хуваарийн дагуу өнөөдөр (2021.02.24)-өөс эхлэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ.

Нэг үзэгчид ногдох талбай нь 4 м.кв байх бөгөөд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна. Мөн 0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй юм.

Монголын Үндэсний музей Даваа гаригаас бусад өдөр 09.00-18.00 цагт ажиллана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдад намын даргыг нь өгөх хэрэгтэй

МАН-ын их хурал хуралдаж намын даргаа шинэ Ерөнхий сайдад өгөх гэснээ хойшлуулж, сонгууль хүргэх болов. ЕС нь эрх барьж байгаа намын дарга байдаг нь дэлхийд байдаг л жишиг. Заримаас нь нэрлэхэд, Ангела Меркель Германы канцлерыг намын даргын ажилтайгаа хавсардаг, Их Британид ялсан намын дарга нь Ерөнхий сайдаар Хатан хаан томилдог. Япон ч тийм байдаг, Шинэ Зеландынх бас л ялсан намын дарга Ерөнхий сайдын ажлаа хавсран гүйцэтгэдэг. Манай улс төрийн намуудын дүрэмд ч ийм л байдаг.

МАН-ын дүрмийн 24.3-т ч намын дарга нь Ерөнхий сайд байхаар заачихсан. Гэтэл шинэ Ерөнхий сайдад намын даргыг өгөхийг хойшлуулаад байна. Ерөнхий сайдад намыг нь өгөхгүй зуныг хүргэх нь улс орны хувьд хол хугацаа байна. Ковидын үеийн нөхцөл байдлаас улбаалж, эдийн засгийн нөхцөл хүндхэн байна. Хөл хорионд удсан иргэдийн амьжиргаа хэцүүдлээ. Өчүүхэн жижиг зүйл дээр ч дүрсхийхээр омогтой болцгоож. Ийм нөхцөл байдалд шүдтэй арслан хэрэгтэй. Юу юугүй Ерөнхийлөгчийн сонгууль ч дөхлөө. Эрх барьж байгаа намаа ч зангидаж, намынхаа бодлогын хэрэгжилтийг голлон хариуцаж байж улс орны асуудлаа шийдэхэд нэмэр болохоос гадна Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ахалж орох хэрэгтэй байдаг.

Энэ гуравдугаар сарын нэгэн,хоёронд МАНXXX их хурлаа хийхээр төлөвлөж байлаа. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан Удирдах зөвлөлийнхөө хурлаар намын их хурлаа сонгууль болтол хойшлуулчихаж. Үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх намаа юу юугүй өгчихөөр “шалдан ноён” болчих гээд бэрх байх шиг байна. Ил бол ковидын нөхцөлтэй холбож тайлбарлаж байгаа. Харин гуравдугаар сарын нэгэнд намынхаа 100 жилийн ойн арга хэмжээг бол эв аятай хийчих санаатай юм байна. Тэр арга хэмжээнд бол ковид хамаагүй юм байлгүй. Юутай чиг бололцооны хэрээр тэмдэглэх юм байна. Ковидын хөл хориог 23-наас эхэлж тавьж байгаа нь ч намын баяраа тэмдэглэхтэй нь холбоотой биз. Хөл хориотой үед намын баяраа хийвэл хүсэн хүлээж, бэлдсэн 100 жилийн ой нь үзэгч, оролцогчгүй, даржин, амтгүй болно шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ажил ярьж байна. Томилогдмогцоо чуулганы индэр дээрээс тов хийтэл үг хэлээдэхлээ. Хэлснээрээ хийвэл болж л байна.Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах, импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлнэ гэлээ. Мөн Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгой-Гашуун сухайт, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг дуусгаж, тавдугаар цахилгаан станцыг эхлүүлнэ гэж хэлсэн. Авто замын төслүүдийг ч явуулж эхлэх юм байна. Иргэдээ бүрэн вакцинжуулна. Дундаж давхаргыг дэмжихээ зарлаж, орон сууцны хороолол барих юм гэсэн. Ямартаа ч эхний ээлжинд иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулна гэсэн. Эхнээсээ ч вакцин нь ирчихлээ. Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсныхаа маргааш хүн амьтан унтуулахаа байсан. Эртэч Монгол болцгооё л гэнэ. Бүгдийг хийе, бүтээе л гээд ханцуй шамлав. Залуу хүн зоригтой байвал юмыг яаж мэдэхэв, зорьсноо биелүүлж болох л юм. Амласан, ярьснаа ажил хэрэг болгох эсэхийг цаг хугацаа аандаа харуулна.

Юутай ч ид эрчтэй байгаа энэ үед нам нь дэмжихгүй бол хэцүү харагдаж байна. Одоо Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авахгүй бол энэ Засгийн газар МАН-ын нэг хэлтэс аятай л ажиллах болно. Ерөнхий сайд нь нэг хэлтсийн дарга аятай ажиллаж таарах нь.Ийм байхад Ерөнхий сайдын яриад байгаа ажил явахгүй, урагшлахгүй. С.Баяр “Ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь бас эдэлье” гээд намын дарга, Ерөнхий сайдын ажлаа хамтатган авч байлаа. Түүн шиг Л.Оюун-Эрдэнэд ял, ямбыг нь хамтад нь өгч байж л ажлаа хийнэ биз дээ. Дараа нь хариуцлага ярихад ч амар.

Харин Ерөнхий сайдын ажлаа гэнэт л өгчихсөн У.Хүрэлсүх хаана явна вэ. Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрт сонгуулийн бэлтгэл ажлаа хангаад завгүй дуулдах ч ажлаа өгснөөсөө хойш олон нийтийн өмнө ил гарсангүй. Юу ч хийхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй ингэж сул яваад байгаа энэ хүний сураг ойрд дуулдсангүй. Галын шугаман дээр ажиллаж байгаа хоёр сайдаа огцруулснаас танхимаараа огцорсон нь дээр гэж хэлчихээд өвчин тахлын үед улс орноо хаяж явсан энэ нөхрөөс намын даргын ажлыг нь аваад зогсохгүй шийтгэл хүлээлгэмээр байгаа юм. Цагтаа өөрөө М.Энхболдыг ажлаа өг гэж шахаж шаардаж байгаад л буулгаж байсан шүү дээ. Тэр туршлагаа ч бодсон, намын дүрмээ ч бодсон намын даргын ажлаа өгөх хэрэгтэй. МАН-ын үе үеийн дарга нар ийм жишгээр л явж ирсэн. Асар том хариуцлага үүрчихээд нэг л өдөр “Би явлаа” гээд амиа бодоод яваад өгчихөж болдог юм уу. Дураа хүрэхээр Ерөнхий сайд хийгээд дургүйгээ хүрэхээр хаяад явчихсан түүнтэй хариуцлагын асуудал ярих л болох байх. Тэгээд ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ намаа сугавчлаад орно л гэхгүй юм бол ингэтэл тас атгаад намын дүрэм журмаа зөрчин, хойшлуулахын учир юунд байна.

Нөхцөл байдал улам хүндэрч, улсаасаа өндөр байсан рейтинг нь уначих вий гэж болгоомжилж, дараагийн улс төрийн нүүдэл буюу Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэхээр л явчих шиг боллоо. Нэгэнт сонгуулийн ажилдаа шуударч байгаа бол намын даргынхаа ажлыг өгч ноосоо тушаачихаад явсан нь өөрт ч, өрөөлд ч, энэ улсад ч хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

7777 УАР улсын дугаар 45 сая төгрөгөөр зарагджээ

Улсын дугаарын нэг сери задарснаар 10 мянган дугаараас 300 орчим нь азын гэгддэг хос дугаар гардаг байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор анх удаа цахим дуудлага худалдаа зохион байгуулж буй юм.

Цахим дуудлага худалдааг хоёрдугаар сарын 15-наас эхлэн гуравдугаар сарын 26-ныг хүртэл зохион байгуулах бөгөөд нэг өдөрт дуудлага худалдаагаар 20 улсын дугаар зарлагддаг байна.

Дуудлага худалдааны эхний өдөр УАР, 0011 УАР, 0041 УАР, 1441 УАР, 7171 УАР, 1001 УАР гэсэн азын 20 дугаарыг худалдаалж, улсын төсөвт 682.700.000 төгрөг хуримтлуулжээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь 0001 УАР серийн дугаар ба 427 саяар зарагдсан. Гэвч тухайн иргэн худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөөгүй учраас дахин дахин дуудлага худалдаагаар оруулсан тус дугаар зарагджээ.

Авто тээврийн үндэсний төвийн https://auction.transdep.mn/ цахим хуудсын мэдээллүүдийг шүүж үзвэл, хоёрдугаар сарын 15-наас өчигдөр (2021.02.23)-ийг хүртэл нийт 122 улсын дугаар зарагдсан бол 83 улсын дугаар дуудлага худалдааны дугаарт хуваарьт бүртгэгдээгүй хүлээгдэж байна.

Оролцогч нь ялаагүй тохиолдолд дэнчингийн 50 мянган төгрөгөө буцаан авах бөгөөд банкны болон гүйлгээний шимтгэл нь дэнчингийн мөнгөнөөс суутгагдана. Мөн дуудлага худалдаанд ялсан оролцогчтой АТҮТ ”Улсын бүртгэлийн дугаар олгох” гэрээ байгуулах аж.

Хоёрдугаар сарын 15-нд хамгийн өндөр үнэ хүрсэн таван дугаар:

  • 0001 УАР 427.450.000
  • 1111 УАР 76.150.000
  • 0011 УАР 70.900.000
  • 0101 УАР 64.100.000
  • 1001 УАР 7.650.000

7777 УАР 45 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАВ

Өчигдөр хамгийн өндөр үнэ хүрсэн таван дугаар:

  • 7777 УАР 45.200.000
  • 6677 УАР 3.500.000
  • 0017 УАР 3.300.000
  • 1717 УАР 2.750.000
  • 9797 УАР 2.450.000
  • 1717 УАР 2.750.000
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНЭУ-ын элчин сайд М.П.Сингх: Энэтхэгийг “Дэлхийн эмийн сан” гэж нэрлэж эхэлсэн

-ЭНЭТХЭГ УЛС НЬ 21 ХОНОГИЙН ДОТОР 5 САЯ ХҮНЭЭ ВАКЦИНЖУУЛСАН АНХНЫ УЛС БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА-


Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа.


-Монгол Улс ковидын анхны вакцинаа БНЭУ-аас хүлээж авлаа. Хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгасанд монголчууд нийтээрээ баярлаж байна. Энэ үйл явдал хоёр орны найрамдалт харилцаанд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэх үйл явдал боллоо…

-Энэ сарын 22-ны өглөө Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэгдсэн “КОВИД-19”-ийн эсрэг вакцин Монгол Улсад хүрэлцэн ирсэнд миний бие маш их талархалтай байна. 150 000 вакциныг Монгол Улын шадар сайдад гардуулан өгч шаардлагатай эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон “КОВИД-19” халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг олон салбараас дайчлагдан ажиллаж байгаа зорилтот бүлгийн ажилчдын аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Уг вакцины үзүүлэлтийг сонирхож болох уу. Дэлхийн хэдэн орон энэ вакциныг сонгоод байгаа вэ. Мөн дархлаа хэдэн хувь тогтдог тухайд?

-Энэхүү вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Европын холбоо, Их Британи, Канад, Австрали, Мексик, Саудын Араб, Бразил зэрэг улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэтхэг улсын хувьд 25 оронд вакцин нийлүүлэхийн зэрэгцээ 25 оронд өөр түвшний нийлүүлэлтүүдийг хийдэг баг 130 орныг эгнээндээ нэгтгэсэн COVAX хөтөлбөрт хамрагдаж байгаа нь энэхүү вакцины нэгэн давуу тал болов уу. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гаргасан мэдээллийн дагуу 63.09 хувийн үр дүнтэй вакцин.

-Энэтхэг улс ард иргэдээ хэрхэн дархлаажуулж байгаа талаарх мэдээллийг хуваалцаж болох уу. Astra­Zeneca вакцинаас гадна өөр төрлийн вакцин хийлгэж байгаа юу?

-БНЭУ-д “Ковид-19”-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаа 2021 оны нэгдүгээр сарын 16-наас эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 22-ны байдлаар 10-н сая хүнд эмнэлгийн байгууллагуудаар зөвшөөрөгдсөн вакциныг хийгээд байна.

Одоогийн байдлаар Энэтхэг улс нь хоёр төрлийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа ба “Serum Institute“-ийн үйлдвэрлэсэн Covishield-Astra Zeneca вакцин болон Bharat Biotech-ийн үйлдвэрлэсэн Covaxin вакцинууд юм.

Энэтхэг улс нь 21 хоногийн дотор 5 сая хүнээ вакцинжуулсан анхны улс (АНУ, Их Британи, Израиль улс 5 сая хүнд вакцин хийлгэхэд 24, 43, 45 хоног зарцуулжээ) болсонд баяртай байна. 2021 оны зургадугаар сарын сүүл гэхэд Энэтхэг улс нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон “КОВИД-19” халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, зэрэг зорилтот бүлгийн 300 сая орчим иргэнээ вакцинжуулах зорилготойгоор ажиллаж байна. Энэхүү үйл хэрэгт дэвшилтэт технологи, тусгай аппликэйшнүүд, мэдээллийн технологиудыг COWIN нэрийн дор ашиглаж байгаа болно.

-2018 онд БНЭУ манай улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосноор газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл эхэлж байв. Мөн хоёр улсын оюутан солилцоо жилээс жилд өргөжин нэмэгдэж байна. Энэ мэтээр манай хоёр улсын хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд явж байгаа бусад ажлуудын тухайд хураангуйлан мэдээлэл өгөхгүй юү?

-Энэтхэг, Монгол бол оюун санааны хөршүүд, стратегийн түншүүд гэдгийг та мэднэ. 2015 оны тавдугаар сард Энэтхэгийн ерөнхий сайд Шри Нарендра Модигийн түүхэн айлчлалын үеэр батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, гамшгийн менежмэнт, шинэ болон сэргээгдэх эрчим хүч, эм зүй, дээд боловсрол, англи хэл, сансар, уул уурхай, ашигт малтмал, мэдээллийн технологийн чиглэлээр Засгийн газрын 13 санамж бичиг, дөрвөн бизнесийн хэлэлцээр хийх үеэр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ алсын харааны хүрээг тохиролцсон.

2019 оны Есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр Засгийн газрын дөрөв, бизнесийн хоёр санамж бичгийг мөн харилцан тохиролцсон. Энэхүү төсөөллийн хүрээнд хэрэгжиж буй 8 орчим төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би та бүхэнтэй өмнө нь хуваалцсан. Ковидын улмаас тодорхойлсон зарим төслийн явц удааширсан боловч нөхцөл байдал хэвийн болсны дараахан эдгээрийг дахин эхлүүлэх болно гэдэгт найдаж байна.

-Дэлхий дахинд одоогоор коронавирусийн эсрэг вакцины хүртээмж, олдоц ховор байна. Мөн БНЭУ олон сая хүн амтай хэр нь манай улсад ийнхүү тусламжийн гараа сунгаж буйд талархаж байна. БНЭУ-ын Эрүүл мэндийн салбарын хөгжил болон манай хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны тухайд асуумаар байна. Өмнө нь танай улсаас манай улсын эрүүл мэндийн салбарт томоохон тусламж дэмжлэг үзүүлж байсан шүү дээ?

-Энэтхэг Улс бол эрүүл мэнд, эмийн салбартаа дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг гэдгийг та зөв хэлсэн. Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын 2019 оны статистикаар 3000 эм зүйн компани, 10,500 үйлдвэрлэлийн нэгж, АНУ-ын FDA-ийн зөвшөөрөгдсөн 2 дугаар байгууламж, Азидаа 4 дүгээр байранд ордог эмнэлгийн төхөөрөмжийн зах зээл, дэлхийн нийт экспортын 20 хувь, эмчилгээний 60 категорийн 60,000 ерөнхий брэнд байдаг. Энэтхэг нь эм эмийн бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд хангадаг бөгөөд Энэтхэгт үйлдвэрлэсэн 500 төрлийн эмийн идэвхтэй орц найрлага (API) байдаг бөгөөд 150 улс руу Энэтхэгээс вакцин импортолдог бөгөөд дэлхийн хоёр дахь том эм, биотехникийн боловсон хүчин юм.

Бид бүгд ковидын цар тахлын өвчинтэй тулгараад байгаа сүүлийн хэдэн сарын хугацаанд Энэтхэг улс эм, вакцинаар хангаж, дэлхийн 100 орчим оронд эрүүл мэндийн туршлагаа хуваалцаж чадсанаар Энэтхэгийг ‘Дэлхийн эмийн сан’ гэж нэрлэж эхэлсэн. Энэтхэг, Монгол Улсын хоорондох хүн амын тоо эрс ялгаатай байгаа ч Монгол Улсыг төв болгон ашиглах, өндөр өртөгтэй, өрсөлдөх чадвар сайтай ерөнхий эм, бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийг экспортлох зорилгоор хөгжүүлэх боломжтой. Монголд эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд нь туслахын зэрэгцээ Эрүүл мэнд, Эмийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд байна.

-БНЭУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжил сүүлийн жилүүдэд хэрхэн өргөжин хөгжиж, хүчирхэгжиж байгааг энэ дашрамд манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Тийм шүү. Энэтхэг улс нь өнгөрсөн 20-н жилд дэлхийд хамгийн хурдан өсч буй эдийн засгаараа танигдаад байгаа бөгөөд сүүлийн зургаан жилд хийгдсэн бодлогын өөрчлөлтүүд, бий болгосон дэд бүтэц, эрчимтэй үйлдвэржилт, татварын шинэтгэл, “Энэтхэгт үйлдвэрлэв болон ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд”, шууд тэтгэмжүүд, эрүүл мэндийн хувьсгалт тогтолцоо болон сайжруулалт, санхүүгийн оролцооны тогтолцоогоор зэргээр дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн үр ашиг нь Энэтхэгийн нийгмийн хэсэг бүрт хүрч чадсан.

Манай Ерөнхий сайдын 2024 он гэхэд одоогийн 2.7-н их наяд доллар буюу дэлхийн 5 дахь том эдийн засгаас Энэтхэг улсыг 5 их наяд долларын эдийн засагтай болгох төлөвлөгөө нь хүрч болох зорилт юм. Ковидын нөлөөн байнгын мэдрэгдэж буй одоогийн эдийн засгийн орчныг удирдахын тулд өнгөрсөн онд манай Засгийн газар 266 тэрбум ам.долларын урамшууллын багцыг “Өөртөө итгэх итгэл” буюу (Atamnirbhar Mission) хөтөлбөрт зориулан төсөвлөсөн.

-Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын хамтын ажиллагаа ямар салбарт түлхүү хөгжиж ирсэн бэ. Цаашдаа ямар салбарт хамтын ажиллагаа өргөжин хөгжих боломжтой гэж бодож байна вэ?

-БНЭУ нь Монгол Улстай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Дорноговьд 1.5 сая ам.доллар буюу дотоодын хэрэглээний 3/4-ийг үйлдвэрлэх хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд 1.236 тэрбум ам.долларыг баталсан. Нэмж дурдахад бид 2021 оны зун 20 сая долларын өртөг бүхий 5000 орчим мэдээллийн технологийн монгол мэргэжилтэнг бэлтгэх хүчин чадал бүхий Мэргэшсэн технологийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

Дараагийн хоёр жилд бид Зайсан толгойд Энэтхэг-Монголын найрамдлын сургууль болох Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулахаар төлөвлөж байгаа бол ойрын хугацаанд сүүн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эм, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, Монголоос Энэтхэг рүү шууд нислэг хийх зэрэг ажлуудын талаар ярилцаж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 25, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13, Үнэг одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 7:41 цагт мандан, 18:30 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 21-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгороор 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.