Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 25, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13, Үнэг одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 7:41 цагт мандан, 18:30 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 1-3 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Эдийн засаг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Ард санхүүгийн нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Өнгөрсөн 30 жилд луйварчид урдуур орж хувьцааг нь үнэгүйдүүлж, олон нийтийн итгэлийг алдсан байдлыг би эцэслэж байна” хэмээнI, VII нүүрт өгүүллээ.

Эдийн засагч Ө.Ганзориг “Ах нарын 30 жилийн туршид бүтээсэн зэрлэг капитализмыг засах боломж нь бидний үед байна” хэмээснийг I, XVII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол 11 үгээр” номын “Эдийн засаг” хэмээх нэгэн бүлэг хэвлэгдлээ.

Өмгөөлөгч Б.Баасанцогт “Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна” гэв.

Эдийн засагч Г.Ганзориг “Хамгийн чанартай банкууд нь IPO хийж буй учраас эрсдэл бага байх болов уу” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Эдийн засгийг сэргээх хугацааг илүү ойртуулахын тулд бодлогын дараагийн алхамдаа шилжиж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн Амгалан амаржих газрын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн явагдана

Нийслэлийн онцгой комисс, ХӨСҮТ болон удирдах
байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг
авснаар Амгалан амаржих газрын үйл ажиллагаа үргэлжлэхээр боллоо. Энэ дагуу
2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 12:00 цагаас эхлэн тус амаржих газрын
тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн
байна.

Categories
гадаад мэдээ

“Катар-2022”-ын бүтээн байгуулалт 6500 гаруй цагаачдын аминд хүрээд байна

Ирэх жил Катар улсад зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ийн бүтээн байгуулалтад оролцож буй буурай улсуудын ажиллах хүчний эрсдэлийн талаар The Guardian мэдээлж байна. Ихэвчлэн хүнд хүчир, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа бүрэн хангагдаагүй талбарт хүчин зүтгэж буй Энэтхэг, Пакистан, Балба, Бангладеш, Шри-Ланкаас ирсэн ажиллах хүчин их хэмжээгээр амь эрсдэж буй талаар тухайн улсуудын элчин сайдын яамдаас гаргасан мэдээлэл дээр үндэслэн The Guardianдээрх тоог бичжээ. Тухайлбал 2011-2020 оны хоорондЭнэтхэг, Бангладеш, Балба, Шри-Ланкаас ирсэн 5927 ажилчин ажлын талбартаа нас барсан бол Пакистаны 824 ажилчин бас зүй бусаар амиа алдсан гэв. Энэ тоонд Филиппин, Кени мэтийн бусад улсуудын ажилчдийн талаарх мэдээлэл ороогүй гээд бодохоор бас л эвгүй өндөр тоо гарах магадлалтай.

Үхлийн шалтгааны дийлэнх хувийг хэт халуунд олон цагаар ажиллаж буйтай холбож байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл маргаашаас эхэлнэ

ЭЕШ болон монгол хэл бичгийн шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 9:00 цагт эхэлж, 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
  2. Өнгөт цээж зураг файлаар (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
  3. Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг (энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна)
  5. И-мэйл хаяг (шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ).
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сумъяабазар: Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.

2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгааг хэлэв.

Засаг дарга Д.Сумъяабазар уг төвийн удирдлагууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан “Цаашид бид бүгдээрээ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө байр суурь, дуу хоолойгоо нэгтгэж явахгүй бол зохисгүй үйлдлийг нь дэмжээд байгаа юм шиг явмааргүй байна. Нийгэм эмзэг байна. Мөн энэ газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай, хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн харж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Тийм болохоор бид л эдгээр хүүхдийнхээ сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй. Тэгж байж ирээдүйд зөв иргэн, зөв аав, зөв ээж болоход нь тусална. Энэ байгууллагын гол зорилго ийм байх ёстой” гэлээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан асуудалд тус төвийн удирдлагуудаас тайлбар нэхэж, хариуцсан газарт нь ийм асуудал гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээв.

Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших “Өнөөдөр манайх дээр янз бүрийн нөхцөл байдалтай орчноос ирсэн, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд байна. Тиймээс аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газар өнөөдөр засан хүмүүжүүлэх дээр байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” гэлээ.

Засаг дарга мөн тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номондоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг хэлэв. Тэрбээр “…Та нарт маш их ирээдүй байгаа. Хичээлээ сайн хийж, бие биенээ хайрлаарай…” хэмээн захисан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сандагсүрэн: Нэгдүгээр ангийн сурагчдын хоцрогдлыг нөхөх тусгай хөтөлбөр гаргана

Коронавируст цар тахлын үеэрх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээлийн явцын талаар Нийслэлийн боловсролын газраас НЗДТГ-тай хамтарсан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нэгдүгээр ангид орсон хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангид ороод хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ. Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусдаа хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байна” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд өөрийн биеэр очиж тайлбар өглөө

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэцэд очиж тайлбар өглөө.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 үгтэй, 2 таслалтай, 1 өгүүлбэрээс “…зөвхөн нэг удаа…” гэх 3 үгийг таслан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ.

“Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй гэж үзэж байна.

Үндсэн хууль нийтэд үйлчлэх ёстой байтал зөвхөн нэг хүнд зориулагдсан байж болохгүй. Өөрт таалагддаггүй хүний эрхийг боомилох, иргэдийн сонгох эрхийг хясах явцуу зорилгоор хуульт ёс, эрхзүйн онолд огт нийцэхгүй байдлаар Үндсэн хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхийг шаардаж болохгүй. Нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хууль үйлчлүүлэхийг тулгах нь өөгшүүлэн дэмжих явдал биш.

Үндсэн хуулийн Цэц нь гагцхүү УИХ-ын баталсан хуулийн үг, өгүүлбэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах эрхтэй бөгөөд батлагдсан хуульд ямар үг, өгүүлбэр байх ёстойг тогтоох, мөн хянах, ийм үг, өгүүлбэртэй хууль гарга хэмээн УИХ-д даалгах эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй болов уу.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд дээрх маргааны талаарх байр сууриа өөрийн биеэр илэрхийлэхдээ хэлсэн үгэндээ,

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол агуулга нь монгол хүн эх орныхоо баялгийг шууд хүртэх, эзэн нь байх боломж олгосон заалтууд юм. Би энэ заалтын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг ахалж оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгч орж зөвшилцөхгүй бол иргэд болон улс төрийн хүчнүүдийн хооронд ойлголт, ойлголцол тун муутай байсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг гэж бодсон учраас би оролцсон юм.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний шахалт шаардлагаар төрд дэвшилттэй тодорхой бодлогыг бий болгосон боловч сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төдийгүй, Үндсэн хуулийг бүхэлд нь гажуудуулах хэмжээний бодлого, үйл ажиллагаанууд УИХ дахь олонхийн бүлэг илтээр явуулах боллоо.

Гуравдугаарт, Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон. Энэ бүхнийг үгүйсгэж, Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй.

Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна.

Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртдэг, улс орны хөгжилд нэмэрлэдэг болох чиглэлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц гарсан гэдгийг тодорхой баримтуудаар дурдаж болно. Үүнийг салбар хуулиудаар гажуудуулмааргүй байна” гэлээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс ирсэн. Үүний дагуу маргааныг хүлээн авч, хянаж байгаа. Энэ хүрээнд тухайн маргаанд холбоотой субьектуудээс тайлбар авах, байр суурийг нь албажуулан хүлээж авах хууль зүйн боломж байдаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийн хариуд бичиг хэргийн журмаар тайлбар ирүүлээд, өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж байгааг ойлгож, төрийн тэргүүний Үндсэн хуулиа дээдэлсэн үйл ажиллагаа гэж хүлээж авч байна. Бид одоо дараа, дараагийн алхмыг хийж, хариу өгнө. Мөн таны 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн гурван хуультай холбоотой хүсэлтийг гишүүдэд хуваарилж, процессын дагуу явж байна. Энэ асуудлаар тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах зэрэг ажлууд явж байна” гэв.

Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн бичигтэй танилцана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СХД: Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд цахимаар хуралдлаа

Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс цахим хурал зарлаж, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, нийгмийн салбарын төслүүдийг удирдагч, Засаг даргын орлогч Н.Ниндэв, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон холбогдох албаны удирдлагууд оролцсон юм.

Хурлын үеэр ерөнхий боловсролын сургууль болон сургуулын өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд танхимаар хичээллэх боломжгүй байгаа энэ үед сурагчдын хичээлийн идэвх, явц, хоцрогдолд анхаарахын тулд шаардлагатай дэмжлэг, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө зорилтуудыг дэлгэрэнгүй мэдээлэхийг албаныханд уламжлав.

Энэ хурлаар “Covid-19”-ийн эрсдэл буураагүй байгаа энэ үед теле хичээлийн хүртээмж, сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байхад анхаарах, хичээлийн хоцрогдлыг цаашид хэрхэн арилгах, багш, сурагч, эцэг, эхийн гурвалсан холбооны уялдаа холбоо, төгсөх ангийн сурагчдын элсэлтийн Ерөнхий шалгалтын бэлтгэл, нэмэлт даалгавар, давтлагыг хэрхэн боловсруулах талаар хэлэлцлээ.